Институт
8-р хичээлд бэлтгэх материал: Ижил хүйстэндээ сэтгэл татагдах байдлыг ойлгохыг эрэлхийлж, ЛГБТ ах, эгч, дүүсээ хайрлах


“8-р хичээлийн багшийн материал: Ижил хүйстэндээ сэтгэл татагдах байдлыг ойлгохыг эрэлхийлж, ЛГБТ ах, эгч, дүүсээ хайрлах,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)

“8-р хичээлд бэлтгэх материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал

Зураг
Далайн эргээр алхаж буй хэсэг залуу

8-р хичээлд бэлтгэх материал

Ижил хүйстэндээ сэтгэл татагдах байдлыг ойлгохыг эрэлхийлж, ЛГБТ ах, эгч, дүүсээ хайрлах

Бид бүгд Тэнгэрлэг Эцэг Эхийн хайртай хүүхдүүд. Бид бас өвөрмөц авьяас, чадвар, туршлагатай хувь хүмүүс юм. Бурханы хүүхдүүдийн заримыг ижил хүйстэндээ сэтгэл татагддаг буюу лесби, гомо, бисексуал, трансжендер гэж тодорхойлдог ба үүнийг ихэвчлэн ЛГБТ гэж товчилдог. (Трансжендер гэсэн сэдвийг 7-р хичээл дээр ярилцсан.) Ижил хүйстэндээ сэтгэл татагддаг буюу ЛГБТ гэж нэрлэгддэг хүмүүст та хэрхэн хандаж байсан бэ? Хэрэв та ижил хүйстэндээ сэтгэл татагддаг бол таны гэр бүл, найз нөхөд, Сүмийн гишүүд танд хэрхэн хандсан бэ? Энэ материалыг судлах үедээ, Аврагчтай илүү адил байхын тулд юу хийж болохоо тунгааж, Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдийг хайрлаж, хамруулж, тэдэнд хүндэтгэлтэй хандаарай.

1-р хэсэг

Ижил хүйстэндээ сэтгэл татагддаг хүмүүсийг хайрлаж, хүндлэхэд Аврагч надад хэрхэн тусалж чадах вэ?

Ерөнхийлөгч Томас С.Монсон “чухамдаа хайр нь сайн мэдээний хамгийн чухал хэсэг бөгөөд Есүс Христ бидний төгс үлгэр жишээ юм” гэж заасан (“Хайр бол сайн мэдээний үндсэн зарчим,2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 109). Аврагч мөнх бус амьдралынхаа үйлчлэлийг дуусгах үедээ шавь нартаа “шинэ зарлиг” өгснөөр бүх хүнийг жинхэнээсээ хайрлахын чухлыг онцолсон.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Иохан 13:34–35-ыг уншаад, Есүс Христийн дагалдагчийн хувьд энэ зарлиг таныг хэрхэн чиглүүлж болохыг тунгаан бод.

Ижил хүйстэндээ сэтгэл татагддаг хүмүүс Сүмийн бусад гишүүний л нэгэн адил найз нөхөд, гэр бүл, итгэл найдвар, мөрөөдөл, давуу болон сул талуудтай байдаг бөгөөд амьдралын сорилтуудыг чадах чинээгээрээ даван туулахыг хичээдэг. Харамсалтай нь, ижил хүйстэндээ сэтгэл татагддаг буюу ЛГБТ гэж нэрлэгдсэн зарим хүн Их Эзэний Сүмд өөрийгөө багтах орон зайгүй гэж боддог. Олон хүн хайрлуулж, дэмжүүлэхийн оронд үгүйсгэгдэж, тусгаарлагдан, төөрөлдөхийн зэрэгцээ айдас мэдэрдэг.

Зураг
Цонхоор гуниглан харж буй залуу

Кэрол Ф.Макконки эгч Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлд зөвлөхөөр үйлчилж байхдаа ийн хэлсэн.

Зураг
Кэрол Ф.Макконки эгч

Хэрэв бид энэ [гэрээний] замаар явахдаа бусдад тусалдаггүй бол Христийн шавь байж эсвэл ийн нэрлэгдэж ч чадахгүй. Есүс Христийн сайн мэдээ хүмүүсийг гадуурхдаггүй. Хүмүүс хүмүүсээ гадуурхдаг. …

Хэрэв бид дэлхий дээр Бурханы хаант улсыг байгуулах гэж байгаа бол, ирээд өөрсдийнхөө хийх зүйлийг хийх хүн бүр бидэнд хэрэгтэй байна. (“Бусдыг дэмжих нь” [2:49], ChurchofJesusChrist.org)

Зураг
Есүс Мариа, Марта хоёрыг тайтгаруулав

Аврагчийн амьдралын талаар нэг хором бод. Бусдаар хүлээн зөвшөөрүүлэх гэж тэмцэж байгаа хүмүүсийг хайрладаг гэдгээ Тэр хэзээ харуулсан бэ? Дараах зөвлөмжийг хэрэгжүүлэх нь ижил хүйстэндээ сэтгэл татагддаг хүмүүстэй ярилцаж, харилцахдаа Аврагчийн хайрын үлгэр жишээг илүү сайн дагахад хэрхэн тусалж болохыг бодож үз.

  1. Жинхэнэ халамж, анхаарал, өрөвч сэтгэлээр ярьж, үйлд. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л.Күк “Сүмийн хувьд бид илүү хайр дүүрэн, энэрэнгүй байх хэрэгтэй. … Бүгдээрээ хайр, энэрлээ илэрхийлэх, ядууст хүрч ажиллах зэрэгт тэргүүн эгнээнд явцгаая” хэмээн заасан. (Илүү ихийг мэдэхийн тулд “Let Us Be at the Forefront” [0:59] видеог ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.)

  2. Шүүхгүйгээр, сонсох замаар ойлголц. Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн ерөнхийлөгч Жийн Б.Бингам “Сайн харилцаа үүсгэх хамгийн сайн арга замуудын нэг бол таамаглал дэвшүүлэхгүй, урьдчилан төсөөлөхгүй, нээлттэй оюун, зүрх сэтгэлтэй байх явдал юм” гэж хуваалцжээ. (Илүү ихийг мэдэхийн тулд “Focus on the One” [2:32] видеог ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.)

  3. Ижил хүйстнээ сонирхох, түүнд татагдах мэдрэмж бодит гэдгийг хүлээн зөвшөөр. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон “Аливаа хүний мэдрэмжийг таньж мэдэх, үүнийг бодитой гэдгийг хүлээн зөвшөөрөх нь үргэлж чухал байдаг. Тэдгээр нь жинхэнэ юм. Бид хэн нэгнийг ямар нэгэн мэдрэмж мэдэрч байгааг үгүйсгэдэггүй” хэмээн зөвлөсөн. (Илүү ихийг мэдэхийн тулд “Feelings Are Real and Authentic” [0:47] видеог ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.)

  4. Мөнхийн мөн чанар дээр төвлөр. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн хэлсэн: “Таних тэмдэг бүрийн үнэ цэн адилгүй. Ямар нэг таних тэмдэг та нарын хамгийн чухал ялгарах шинж тэмдгийн байр суурийг эзлэх юм бол үр дүнд нь та нарын сүнслэг байдал алдагдаж мэднэ. … Би зөвхөн өөр ямар ч шинж тэмдэг ‘Бурханы хүүхэд,’ ‘гэрээний хүүхэд,’ ‘Есүс Христийн шавь’ гэх энэ гурван өөрчлөгдөшгүй загварын өмнө орох, орлох, үгүй болгох ёсгүй гэж хэлж байгаа юм” (“Мөнхийн ач холбогдолтой сонголтууд” [залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2022 оны 5-р сарын 15], ChurchofJesusChrist.org).

  5. Бурханы зарлиг, гэрээнүүдийг эрхэмлэн дээдэл Аврагч биднийг хэрхэн хайрладаг шиг бид бусдыг хайрлана гэдэг нь бид Бурханы зарлигуудад харшлах зан үйлтэй санал нийлж, зөвшөөрч эсвэл дэмжинэ гэсэн үг биш юм. Есүс Христ мөн “Та нар Намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахь” (Иохан 14:15) хэмээн заасан. Ахлагч Д.Тодд Кристоффэрсон Бурханыг хайрла гэх эхний зарлиг ямар учраас хамгийн эхний зарлиг болох шалтгааныг ийн тайлбарласан: “Эхний зарлигийг эхэнд тавих нь [хөршөө хайрлах] удаах зарлигийг дагах бидний чадварыг үгүйсгэдэггүй мөн хязгаарладаггүй. Харин ч эсрэгээрээ энэ нь үүнийг өсгөн нэмэгдүүлж, бэхжүүлдэг. Үнэндээ бид Бурханы хамтрагчийн хувьд Түүнтэй хамт Түүний хүүхдүүдийг харж халамжилдаг учраас Бурханыг гэх бидний хайр бусдыг илүү бүрэн дүүрэн, төгс хайрлах чадварыг маань өсгөн нэмэгдүүлдэг юм” (“The First Commandment First” [Brigham Young University devotional, Mar. 22, 2022], 2, speeches.byu.edu).

Бид Бурханы сургаал, зарлигуудыг нарийн мэдрэмжтэй байдлаар тодорхой ярих үедээ бусдыг болон Бурханыг хайрлах хайраа харуулдаг. Ижил хүйстэндээ сэтгэл татагдах талаар Сүмийн нийтэлсэн эх сурвалжуудад дурдсанчлан,

Сүмийн ёс суртахууны хувьд зөв гэж үздэг байр суурь өөрчлөгдөөгүй. Гэхдээ өөрчлөгдөж байгаа болон өөрчлөх шаардлагатай зүйл бол өөрсдийн гэр бүлд болон Сүмийн бусад гишүүний дунд эсвэл өөр газарт ижил хүйстэндээ татагдах явдалтай тулгарах үедээ анхаарал, мэдрэмжтэй хандахад нь Сүмийн гишүүдэд туслах явдал юм. (Ижил хүйстэндээ татагдах: Сүмийн удирдагчид, “Сургаалыг хайраар тунхагла,” ChurchofJesusChrist.org; мөн Даллин Х.Өүкс, “What Needs to Change” [видеог] ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.)

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Ижил хүйстэндээ сэтгэл татагддаг буюу ЛГБТ гэсэн тодорхойлолттой хүмүүст хандах хандлага, үйлдлийнхээ талаар бодоход хэдэн хором зарцуул. Та нарын бодол санаа, үг, үйлдэл Их Эзэний “Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун” гэсэн тушаалтай нийцэж байна уу? (Иохан 13:34). Хэрэв та ижил хүйстэндээ сэтгэл татагддаг бол таны амьдралыг ойлгодоггүй, нигүүлсэнгүй ханддаггүй хүмүүст хайраа хэрхэн харуулах талаар бодож үз.

2-р хэсэг

Ижил хүйстэндээ татагдах талаар би юу мэдэх ёстой вэ?

Гомо (зарим тохиолдолд ижил хүйсийнхээ хүнд татагддаг хүнийг ерөнхийд нь хэлэхдээ хэрэглэдэг ба бусад тохиолдолд эрэгтэйчүүдэд татагддаг эрэгтэй хүний тухай ярихдаа тусгайлан ашигладаг), лесби (эмэгтэйчүүдэд татагддаг эмэгтэй), бисексуал (эрэгтэй эсвэл эмэгтэй аль аль хүйсийн хүнд татагддаг) гэх мэт нэр томьёо нь мэдрэмж, хувийн шинж чанар, амьдралын хэв маягийг илэрхийлэхэд ашиглагдаж болно. Дээрх нэр томьёо, тухайн хүний бэлгийн амьдралын мэдрэмж, чиг хандлагыг тодорхойлохын тулд ашигладаг нэр томьёо зэргээс үл хамааран бидний хамгийн чухал шинж чанар бол “Тэнгэрлэг Эцэг Эхийн хайртай сүнслэг охин, хүү” гэх нэр томьёо гэдгийг санаарай (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org).

Зураг
Инээмсэглэж буй эмэгтэй

Бидний бэлгийн бойжилт нарийн төвөгтэй бөгөөд үүнд олон хүчин зүйл нөлөөлдөг. Ижил хүйстэндээ татагдах мэдрэмж нь янз бүрийн эрчтэй, цаг хугацааны явцад өөрчлөгдөж болохуйц, бас хүн бүрд харилцан адилгүй байдаг. Ижил хүйстэндээ татагдах шалтгааны талаар Сүм ямар нэг байр суурь баримталдаггүй. (See “Same-Sex Attraction: Individuals,” ChurchofJesusChrist.org.)

Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдээ гүн гүнзгий хайрладаг учраас бидэнд ариун явдлын хуулийг өгч, бэлгийн харьцааг зөвхөн “хууль ёсоор гэрлэсэн эхнэр нөхөр болох эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд” байна гэж зарлиглажээ (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”). Энэ хууль нь Бурханы төлөвлөгөөн дэх бэлгийн харьцааны ариун зорилгуудыг хамгаалдаг бөгөөд Бурханы бүх хүүхдэд хамаатай. Тэнгэрлэг Эцэг бэлгийн харьцааг “хүүхэд төрүүлэх, хайраа илэрхийлэх” зорилгын тул гэрлэлтийн гэрээг байгуулсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байхаар томилсон (Сайн мэдээний сэдэв, “Ариун явдал,” topics.ChurchofJesusChrist.org).

Ариун явдлын хуультай холбоотой сургаалыг өөрчлөх нийгмийн дарамт шахалтын хариуд ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн хэлжээ.

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Ариун явдлын хууль эхлэлээс өгөгдсөн. … Зөвхөн албан ёсоор, хуулийн дагуу гэрлэсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын бэлгийн харьцаа нь Их Эзэний мэлмийд зохистой бөгөөд хууль ёсны байдаг гэдэг бидний сургаал зөвхөн итгэл төдий бус, өөрчлөгдөөгүй бөгөөд хэзээ ч өөрчлөгдөхгүй сургаал юм. (Sarah Jane Weaver, “Church’s Doctrine on Chastity Will Never Change, Says Elder Christofferson,” Church News, Feb. 5, 2015, ChurchofJesusChrist.org)

Мэдрэмж, үйлдэл хоёрыг ялгах нь чухал. Ижил хүйстэндээ татагдах, гомо, лесби, бисексуал байх нь хүнийг нүгэлтэй, муу, зөрчилтэй болгодоггүй; харин эдгээр мэдрэмжийнхээ дагуу үйлдэж, ариун явдлын хуулийг зөрчих нь Тэнгэрлэг Эцэгийн зарлигуудыг зөрчсөн хэрэг юм.

Зураг
Үдийн хоолны үеэр ярилцаж буй залуучууд

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард ижил хүйстэндээ татагдах байдлын тухай Сүмийн байр суурийн талаар ийн ярьсан.

Зураг
Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм “ижил хүйстэндээ татагдах байдал олон хүний хувьд ээдрээтэй бодит зүйл гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Сэтгэл татагдах нь нүгэл биш, харин хүслийнхээ дагуу үйлдэх нь нүгэл мөн. Хэдийгээр хүмүүс өөрсдийн дур сонирхлыг сонгодоггүй ч түүнд хэрхэн хариулахаа сонгодог” [Ижил хүйстэндээ сэтгэл татагдах: Хувь хүмүүс, “Ижил хүйстэндээ татагдах нь нүгэл үү?” хэсгийг үзнэ үү, ChurchofJesusChrist.org]. (“The Lord Needs You Now!,” Ensign, Sept. 2015, 29)

Ариун явдлын хуулийг зөрчсөн хүмүүс Их Эзэний өршөөлийг хүртэх боломжтой. Хэрэв тэд Түүнд ирж, наманчлахаар шийдвэл Тэр тэднийг уучлах болно.

Хэрэв Сүмийн ижил хүйстэндээ татагддаг, ЛГБТ гэж тодорхойлогдсон гишүүд гэрээгээ сахидаг бол Сүмд хамрагдаж, дуудлага авч, ариун сүмд шүтэн биширч болно (Д.Тодд Кристоффэрсон, “Бурханы хуулиудаар амьдардаг ЛГБТ хүмүүс Сүмд бүрэн оролцох боломжтой” [0:48]-г ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү мөн Сургаал ба Гэрээ 97:8-ыг үзнэ үү).

Хэрэв та ижил хүйсийн хүнд сэтгэл татагддаг бол “Илүү ихийг мэдмээр байна уу?” хэсэгт эш татсан эх сурвалжууд таны амьдралыг хэрхэн адисалж болохыг бодож үзээрэй. Хэрэв асуудалгүй, хэвийн бол өөрийн туршлагыг гэр бүлийнхээ итгэл хүлээсэн гишүүн, найз эсвэл Сүмийн удирдагчтай хуваалцах талаар бодож үз. Мөнхийн зорилгод тань саад болохуйц байдлаар өөрийгөө олон нийтэд зарлахаас болгоомжил.

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Ижил хүйстэндээ татагдах байдлын талаар Сүмийн удирдагчдын юу зааж байгааг илүү сайн ойлгосноор та хэрхэн адислагдах вэ?

3-р хэсэг

Ижил хүйстэндээ татагдах талаарх олон янзын санаа бодлыг би хэрхэн ойлгох вэ?

Өнөөдөр гэрлэлт, гэр бүл, ижил хүйстэндээ татагдах, ЛГБТ зэрэг сэдвээр олон янзын үзэл бодол байдаг. Эдгээр сэдвийн талаар суралцах явцдаа Тэнгэрлэг Эцэгийн мөнхийн төлөвлөгөөг илүү сайн ойлгохыг эрэлхийлэх нь чухал юм.

Ерөнхийлөгч Бингам дараах зүйлийг заасан.

Зураг
Ерөнхийлөгч Жийн Б.Бингам

Бүх зүйлийг тодорхой болгодог үзэл нь мөнхийн хэтийн төлөв буюу бидний Тэнгэрлэг Эцэгийн төгс, бүхнийг хамарсан хэтийн төлөв юм. …

Бурхан биднийг болон бидний эргэн тойронд байгаа бүх зүйлийг “үнэхээр байгаагаар нь, мөн … байхаар нь” [Иаков 4:13] хардаг. Түүний санаа бодол энд, одоо цагт хязгаарлагдахаас илүү урт хугацааных бөгөөд одоогийн болон өнгөрсөн нөхцөл байдлаас маань илүү бидний бурханлаг чадавхыг харах боломжийг Түүнд олгодог. Мөн Тэр Өөрийн бүх бүтээлийг хайрын нүдээр хардаг. (“How to Be Happy Now—and Forever” [Brigham Young University devotional, Dec. 10, 2019], 2, speeches.byu.edu)

Та бошиглогч, төлөөлөгчдийн хэлсэн дараах үнэнийг хийгээд дэмжсэн мэдэгдлүүдийг уншихдаа, ижил хүйстэндээ татагдах байдлыг мөнхийн талаас нь ойлгох ойлголтыг хөгжүүлэхэд эдгээр нь хэрхэн тусалж болохыг бодож үзээрэй.

  1. Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдэдээ хайртай (1 Нифай 11:17; 1 Иохан 4:9–10, 16-г үзнэ үү).

    Ерөнхийлөгч Монсон ийн заасан.

    Зураг
    Ерөнхийлөгч Томас С.Монсон

    Тэнгэрлэг Эцэг та нарын хүн нэг бүрд хайртай! Тэр хайр нь хэзээ ч өөрчлөгддөггүй. … Гунигтай эсвэл баяртай, цөхөрсөн эсвэл итгэл найдвартай байх бүхий л үед Тэрээр та нарыг хайрлаж байдаг. Хайрлуулах эрхтэй байгаа эсэхээс үл хамааран Бурхан та бүхнийг хайрладаг. (“Бид хэзээ ч ганцаараа алхдаггүй,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 144)

  2. Аврагч бидний туршлагыг төгс ойлгодог бөгөөд бидний хүн нэг бүрд хэрхэн тусалж, хүчирхэгжүүлэхээ мэддэг (Алма 7:11–12-ыг үзнэ үү).

    Ерөнхийлөгч Өүкс ийн хэлсэн.

    Зураг
    Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

    Бидний Аврагч мөнх бус байдлын сорилт бэрхшээлийг бүрэн байдлаар … мэдэрч, даван туулсан. Тиймээс Тэрээр бидний тэмцэж байгаа асуудал, зүрх сэтгэлийн маань шаналал, биднийг уруу татах зүйлс, өвдөлт, зовлон бүгдийг мэддэг. Учир нь Тэрээр Өөрийн хүслээр Цагаатгалын чухал хэсэг болгон энэ бүгдийг мэдэрч туулсан билээ. Үүний улмаас, Түүний Цагаатгал Түүнд биднийг халамжлах мөн энэ бүгдийг даван туулах хүчийг бидэнд өгөх боломжийг олгодог. (“Есүс Христийн Цагаатгалаар хүчирхэгжсэн,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 50–51)

  3. Бид бүгд Аврагчийн Сүмд болон Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын мөнхийн төлөвлөгөөнд өөр өөрийн байр суурьтай (Дуулал 84:11–12; 1 Коринт 12:12–26; Мозая 2:41-ийг үзнэ үү).

    Ерөнхийлөгч Баллард ийн тайлбарласан.

    Зураг
    Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард

    Би, Сүмийн гишүүн хүн гомо эсвэл лесби хэн ч бай та нарт Бурханы хаант улсад тодорхой байр бий гэдэгт итгэдэг бөгөөд заримдаа танд Их Эзэний Сүмд хаана тохирохоо олж харахад хэцүү байж магадгүй ч танд тэнд байр бий гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна. (“Questions and Answers” [Brigham Young University devotional, Nov. 14, 2017], 3, speeches.byu.edu)

    Ижил хүйстэндээ сэтгэл татагдах мэдрэмжтэй зарим хүн энэ амьдралынхаа дараа Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөнд хэрхэн нийцэх талаар гайхдаг. Бидний хайрт Тэнгэрлэг Эцэг өөрт нь хандаж, үнэнч хэвээр үлдсэн бүх хүнийг адислах болно гэдгийг бошиглогчид бидэнд баталсан. Ахлагч Үлиссэс Соарэс ийн зөвлөжээ.

    Зураг
    Ахлагч Үлиссэс Соарэс

    Дээрх зарчмууд ижил хүйстэндээ татагдан, урам зориг, итгэл найдвараа алдсан гэж бодож байгаа хүмүүст ч хамаатай. Ийм шалтгаанаар та нарын зарим нь Есүс Христийн сайн мэдээ надад тохирохоо больж дээ гэж боддог байж магадгүй. Хэрэв тийм бол Бурхан Эцэг, Түүний аз жаргалын төлөвлөгөөнд мөн Есүс Христэд болон Түүний цагаатгагч золиост, түүнчлэн Тэдний зарлигуудын дагуу амьдрах үед итгэл найдвар үргэлж байдаг гэдгийг би та нарт хэлмээр байна. Хэрэв бид зарлигуудыг дагахдаа хөдөлшгүй мөн гуйвшгүй байж [Алма 1:25-ыг үзнэ үү], сайн үйлсээр үргэлж бялхаж [Мозая 5:15-ыг үзнэ үү] байвал Их Эзэн төгс мэргэн ухаан, хүч чадал, шударга байдал, нигүүлслээрээ биднийг Өөрийнх байлгахаар лацдаж, оршихуйдаа авчран, үүрдийн авралыг өгөх болно. (“Загалмайгаа үүрэгтүн,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 129)

  4. Бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр дээр анхаарлаа төвлөрүүлж, гэрээгээ сахиснаар итгэл найдвараараа дэмжлэг авч чадна (2 Нифай 31:20-ийг үзнэ үү).

    Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф ийнхүү гэрчилсэн.

    Зураг
    Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

    Бид Есүс Христэд, Бурханы нинжин сэтгэлд, Ариун Сүнсний илэрхийлэлтүүдэд, залбирлыг сонсож, хариулдагт найддаг. … … Ийм найдвар нь хүнд сорилт бэрхшээлийн үед биднийг зоригжуулж, айдас, эргэлзээ, цөхрөлийн аюул заналхийллийг мэдэрсэн хүмүүст хүч чадлыг өгдөг билээ. (“Найдварын хязгааргүй хүч,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 27)

Зураг
Христийн дүр төрх, Хэйнрих Хофманн
Зураг
шигтгээ зураг, ярилц

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Энэ материалыг уншиж байхдаа юу сурч мэдэж, мэдэрсэн талаараа гэр бүлийнхээ гишүүн эсвэл итгэлтэй найзтайгаа ярилц. Ярилцлагаас ойлгож мэдсэн зүйлээ ангид хуваалцахаар бэлдэж ир.