Институт
8-р хичээлийн багшийн материал: Ижил хүйстэндээ сэтгэл татагдах байдлыг ойлгохыг эрэлхийлж, ЛГБТ ах, эгч, дүүсээ хайрлах


“8-р хичээлийн багшийн материал: Ижил хүйстэндээ сэтгэл татагдах байдлыг ойлгохыг эрэлхийлж, ЛГБТ ах, эгч, дүүсээ хайрлах,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (Шашин судлал 200)

“8-р хичээлийн багшийн материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал

8-р хичээлийн багшийн материал

Ижил хүйстэндээ сэтгэл татагдах байдлыг ойлгохыг эрэлхийлж, ЛГБТ ах, эгч, дүүсээ хайрлах

Есүс Христийн шавь нарын хувьд та нарыг ижил хүйстэндээ татагддаг, эсвэл гомо, лесби, бисексуал гэж тодорхойлсон хүмүүст “хайр, нинжин сэтгэлээр хандаж, тэдэнд туслах тал дээр тэргүүн эгнээнд байх”-ыг уриалж байна (Квинтин Л.Күк, “Let Us Be at the Forefront” [видео], ChurchofJesusChrist.org). Энэ хичээлээр суралцагчид ижил хүйстэндээ татагддаг эсвэл ЛГБТ гэж тодорхойлсон хүмүүсийг хайрлаж, хамруулж, хүндэтгэлтэй хандахад нь туслах сайн мэдээний үнэнүүдийг олж тогтоох, ярилцах, хэрэгжүүлэх боломжтой байх болно.

Заах зөвлөмж

Заах, суралцах чадвараа сайжруулах

Ойлгох, энэрэх сэтгэлээр заа. Хичээлдээ бэлдэж байхдаа ижил хүйстэндээ сэтгэл татагдах байдлын талаарх ойлголт, гомо, лесби, бисексуал гэж тодорхойлсон хүмүүст хандах хандлагын талаар эргэцүүлэн бодох цаг гарга. Та суралцагчдад Бурханы бүх хүүхдийг хайрлах, хамруулах, хүндлэх мэдрэмжийг мэдрэхэд нь хэрхэн тусалж чадах вэ? Та ижил хүйстэндээ татагдах талаар Сүмийн удирдагчдын зааж байгаа зүйлтэй санал нийлж байна уу?  

Есүс Христ шавь нартаа би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун гэж зарлигласан.

Жийн нэртэй нэгэн эмэгтэйг институтын ангид анх удаа ирж байна гэж төсөөлөн бодоход суралцагчдыг урь. Өнөөдрийн хичээл дээр ижил хүйстэндээ сэтгэл татагдах тухай сэдвийг ярилцана гэдгийг Жийн мэдээд, тэр даруй сэтгэл нь түгшиж, лесби учраас явахыг хүсжээ. Жийний сэтгэл яагаад түгшсэн талаар мөн энэ ярилцлагыг явуулахад аюулгүй гэж мэдрэхэд нь түүнд болон бусад хүнд туслахын тулд ангийн гишүүд юу хийж болох талаар ярилц.

Суралцагчдыг Матай 22:37–39, Иохан 13:34–35-ыг уншаад, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бусдыг хайрлахад ямар ач холбогдол өгч байгааг олж мэдэхэд урь. Есүс Христ биднийг яаж хайрласны адил бие биенээ хайрлахыг бидэнд зарлигласан гэсэн үнэнийг самбар дээр бич.

  • Есүс Христийн шавь нар бусдыг Түүний хайрласны адил хайрлах нь яагаад чухал вэ?

  • Есүс Христ мөнх бус амьдралынхаа туршид ямар арга замаар төгс хайрыг харуулсан бэ? (Ярилцлагын нэг хэсэг болгон суралцагчдад бусдыг хайрлана гэдэг нь Бурханы зарлигуудад харшлах зан үйлтэй санал нийлэх эсвэл дэмжих ёстой гэсэн үг биш гэдгийг сануул. Аврагч Эцгийнхээ сургаалыг хайраар зоригтой, ойлгомжтой заасан.)

  • Аврагчийн хайрын үлгэр жишээ биднийг ижил хүйстэндээ татагдах тухай ярилцах үед хэрхэн удирдан чиглүүлэх вэ?

Ижил хүйстэндээ татагддаг хүмүүст бид эелдэг, найрсаг, хүндэтгэлтэй хандаж чадна.

Ангийнхныг жижиг бүлгүүдэд хуваа. Бүлэг бүр ижил хүйстэндээ татагддаг хэн нэгний нөхцөл байдлын тухай хэдэн хором ярилцана гэдгийг тайлбарла. Энэ нөхцөл байдал нь Сүмийн зарим гишүүний бодит амьдралтай төстэй гэдгийг онцлон хэл. Суралцагчдад ярилцлагаа сайн мэдээний зарчмууд дээр үндэслэхэд нь туслахын тулд та бүлгийн гишүүн бүрийг эхлээд бэлтгэх материалын хэсгүүдийн аль нэгийг үзэхэд урьж болно.

Суралцагчдад хэсгүүдийг унших цаг гаргаж өгснийхөө дараа хүн нэг бүрд энэ хичээлийн төгсгөлд байгаа тараах материалын хуулбарыг өг. Суралцагчдад нөхцөл байдлыг дор бүрнээ чимээгүй уншиж, холбоотой асуултуудыг бүлгээрээ ярилцахыг зааварла.

Суралцагчдад жишээ болон асуултуудыг ярилцах хангалттай цаг гаргаж өгсний дараа тэдний цөөн хэдийг ярилцлагын үеэр сурч, мэдэрсэн зүйлээ хуваалцахад урь. Суралцагчдыг үзэл бодлоо хуваалцах үед энэ сэдвийн талаарх ойлголтыг нь гүнзгийрүүлэхэд туслах нэмэлт асуултуудыг тавих талаар бодож үз. Нэмэлт асуултуудын жишээг доор оруулав.

  • Энэ ойлголт/үнэн/зарчим хэрхэн нөлөөлсөн бэ…

  • Та хэзээ мэдэрч/харж/туулсан бэ…

  • …-ний жишээ юу вэ

  • …-д та хэрхэн итгэлтэйгээр үйлдэх вэ

Ярилцлагын дараа суралцагчдаас ижил хүйстэндээ сэтгэл татагдахтай холбоотой дурдагдаагүй ямар нэг асуулт эсвэл санаа зовниж байгаа зүйл байгаа эсэхийг асуу.

Сурсан зүйлээ хэрэгжүүлэхэд нь суралцагчдад туслахын тулд дараах асуултуудыг үзүүлж, тэднийг өөрт тохирох нэг юм уу түүнээс дээш асуултыг сонгоход урих талаар бодож үз. Суралцагчдыг асуултаа (эсвэл асуултуудаа) тунгаан бодож, төрсөн сэтгэгдлээ бичиж авахад урамшуул.

  • Бүх хүнд, тэр дундаа ижил хүйстэндээ татагддаг хүмүүсийг илүү их хайрлаж, нинжин сэтгэлээр, хүндэтгэлтэй хандахын тулд би бодол, үйлдлээ хэрхэн өөрчлөх хэрэгтэй вэ? Би эдгээр өөрчлөлтийг хийхдээ Аврагчид хэрхэн найдах вэ?

  • Ижил хүйстэндээ татагддаг хүний хувьд би Аврагчид болон Түүний сайн мэдээнд анхаарлаа төвлөрүүлэх нь надад хэрхэн илүү их найдвар төрүүлж, аз жаргалтай амьдрахад тусалж чадах вэ? Хэрэв би хэн нэгэнтэй туршлагаа хуваалцаж байгаагүй бол хэнээс тусламж хүсэж болох вэ? (Тайлбар: Хэрэв та ижил хүйстэндээ татагдах мэдрэмжийнхээ талаар хуваалцахаар шийдсэн бол энэ тухайгаа хэнд хэлэх, мөнх бус туршлагынхаа энэ хэсгийг хэрхэн хуваалцах талаар залбирч байгаад бодож үзээрэй.

Жэксоны түүх

“Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал—8-р хичээл

Жэксон Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн итгэлтэй гишүүн гэр бүлд өссөн. Тэр хайраар дүүрэн эцэг эхтэй ба ялангуяа Сэлэна эгчтэйгээ дотно байдаг.

Жэксон сайн мэдээнд хайртай ба Есүс Христ болон Сэргээлтийн тухай гэрчлэлтэй. Түүний хөгжилтэй, нийтэч зан чанарт хүмүүс дуртай. Харин сүүлийн үед түүний хөгжилтэй байдал гунигаар солигдож, өөрийгөө улам бүр тусгаарлах болжээ. Түүнд нэг нууц байгаа ба тэр юу хийхээ мэдэхгүй байгаа.

Ухаан орсон цагаасаа эхлэн Жэксон эмэгтэйчүүдээс илүү эрэгтэйчүүдэд татагддаг гэдгээ мэджээ. Олон жилийн турш тэр эдгээр мэдрэмжийг үл тоомсорлож, мэдрээгүй мэт дүр эсгэхийг оролдсон. Гэрт нь энэ сэдвээр огт ярьдаггүй байсан тул тэр үүнийг хориотой яриа гэж мэдэрчээ. Заримдаа түүний найзууд ижил хүйстнүүдийн талаар доромжилсон үг хэлдэг. Сүмийн багш нар болон удирдагчдаас ижил хүйстэн байх нь ноцтой нүгэл гэдгийг сонссоноо тэр санадаг байв.

Жэксон номлолд гарахаасаа өмнө Бурханаас эрэгтэйчүүдэд татагдах байдлыг нь арилгаж өгөхийг дахин дахин гуйжээ. Тэр номлолд үйлчилбэл түүний мэдрэмж өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байсан. Номлолын дараа ч Жэксон эрэгтэй хүнд татагдсан хэвээр байв. Жэксон хэн нэгэнтэй ярихыг маш их хүсэж байгаа ч айдсынхаа улмаас чимээгүй байсаар байлаа.

Сэлэна түүнийг гэр бүлээсээ хөндийрч байгааг анзаарчээ. Сэлэна түүний нүднээс зовлон шаналал олж харж байв. Тэр Жэксоны төлөө, түүнд хэрхэн туслахаа мэдэхийн тулд залбирсаар байлаа.

Өнөө өглөө Сэлэна Жэксоноос хамтдаа алхах уу гэж асуужээ. Тэр дурамжхан гэгч зөвшөөрөв. Тэд алхаж байхдаа өдөр тутмын зүйлсийн талаар ярилцжээ. Сэлэна Жэксоныг бүр инээлгэсэн байна. Эцэст нь Сэлэна “Жэксон, би ямар нэг зүйл болохгүй байгааг чинь мэдэж байна. Би үүнийг чиний нүднээс харж байна. Надад хэлээч. Би маш их санаа зовж байна” гэж хэллээ.

Жэксон нэлээн удаан чимээгүй зогсжээ. Түүний хацрыг даган нулимс урсаж эхлэв. Эцэст нь тэр сэтгэл доторхоо уудлан, чичирсэн хоолойгоор “Сэлэна, би ижил хүйстэн, ухаан орсон цагаасаа л ийм байсан. Би юу хийхээ мэдэхгүй байна. Аав, ээж хоёр үүнийг мэдвэл юу гэх бол гэхээс айж байна. Гэр бүлийн маань бусад гишүүн надаас ичих болов уу? Найзууд маань намайг ижил хүйстэн гэдгийг мэдвэл надтай хамт байхыг хүсэх болов уу? Хэрэв би бишопт хэлбэл миний Сүмийн гишүүнчлэл яах бол? Би хэрхэн аз жаргалтай байж, гэр бүлтэй болохоо мэдэхгүй байна. Бурхан намайг орхисон юм шиг л санагдаж байна” гэв.

Жэксон толгойгоо гудайлган газар ширтжээ. Нэлээд удаан чимээгүй байсны дараа тэр “Сэлэна, урмыг чинь хугалсан бол намайг уучлаарай. Хэнд ч битгий хэлээрэй. Би маш их төөрөлдөж, юу хийхээ ч мэдэхгүй эргэлзэж байна” гэв.

Ярилцлагын асуултууд

  1. Жэксонд тохиолдсон зүйлсийн талаар бодоход танд ямар мэдрэмж төрж байна вэ? Гэр бүлийн гишүүн, дотнын найз эсвэл Сүмийн удирдагчтайгаа ижил хүйстэндээ татагдах мэдрэмжийнхээ талаар ярих нь яагаад хэцүү байж болох вэ?

  2. Хэрэв та Сэлэнагийн оронд байсан бол танд ямар байх байсан бэ? Сэлэна түүнийг ойлгож, нинжин сэтгэлээр хандахын тулд юу хийж чадах вэ?

  3. Ижил хүйстэндээ татагдах байдалтай холбоотой Их Эзэний сургаалын талаар зөв ойлголттой байх нь Сэлэна, Жэксон хоёрт хэрхэн туслах вэ? Яагаад заримдаа эдгээр сургаалыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг вэ?

  4. Жэксон, Сэлэна хоёр ижил хүйстэндээ татагдах байдлыг мөнхийн талаас нь хэрхэн харж чадах вэ?

  5. Жэксон нэмэлт удирдамж, урам зориг, тусламж авахын тулд хаана хандаж болох вэ?

Жэксоны түүх

Зураг
Багшийн тараах материал

Дараагийн хичээлээр

Суралцагчдыг 9-р хичээлд бэлтгэх материалыг судалж байхдаа FamilySearch.org эсвэл Family Tree апп дээр өвөг дээдсийнхээ талаар суралцахад цаг зарцуулахыг урь. Өвөг дээдэстээ ариун сүмийн аврах ёслолуудыг хүлээн авахад нь тусалдаг хүмүүст амлагдсан адислалуудын талаар бодоход тэднийг урамшуул.