Институт
1-р хичээлд бэлтгэх материал: Мөнхийн гэр бүлийн тухай сургаалыг судлах


“1-р хичээлд бэлтгэх материал: Мөнхийн гэр бүлийн тухай сургаалыг судлах,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)

“1-р хичээлд бэлтгэх материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал

Зураг
бяцхан хүүхэдтэйгээ хамт буй аз жаргалтай эхнэр, нөхөр хоёр

1-р хичээлд бэлтгэх материал

Мөнхийн гэр бүлийн тухай сургаалыг судлах

Мөнхийн гэр бүл ангид тавтай морилно уу Энэ цуврал хичээлийн туршид та сурч мэдэх үнэн, мэдрэх сүнслэг өдөөлтүүдийнхээ дагуу үйлдсэнээр өөртөө болон гэр бүлдээ Бурхантай илүү ойртож, Түүний танд өгөхийг хүсдэг бүх адислалыг хүлээн авахад тусална. Мөн та бусдад ийн үйлдэхэд нь илүү сайн туслах боломжтой болно.

Та 1-р хичээлд бэлтгэх материалыг судлах үедээ Тэнгэрлэг Эцэгийн Өөрийн хүүхдүүдийг мэдрээсэй хэмээн хүсдэг адислал, баяр баясгалангийн талаар болон тэдгээр нь гэр бүлүүдтэй хэрхэн холбогддогийг бодож үзэж болох юм.

Тайлбар: Энэхүү бэлтгэх материал нь ангид үзэх хичээлийн тань суурийг тавина. Хичээлээс өмнө хичээл тус бүрийн бэлтгэх материалыг судлах нь хичээлд оролцох үедээ илүү гүн гүнзгий, утга учиртай суралцах туршлага олж авахад тань тусална.

1-р хэсэг

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын төгс хайр, мэргэн ухаанд итгэх нь миний хувийн болон гэр бүлийн амьдралд ямар өөрчлөлтийг авчрах вэ?

Гэр бүл гэдэг сэдвийн талаар олон өөр үзэл бодол, мэдээлэл биднийг хүрээлдэг. Заримдаа гэр бүлийн талаар нийгмийн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн үзэл санаа нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний эсрэг байдаг. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг болон Тэдний зан байдлыг илүү сайн таньж мэдэн, ойлгох тусам бид Тэдний сургаал, зөвлөгөөнд, тэр дундаа гэр бүлийн асуудлын талаарх сургаал, зөвлөгөөнд илүү их итгэх болно. Ингэснээр бид аливаа зүйлийг Тэдний хардгийн адилаар буюу мөнхийн талаас нь харж чадна.

Зураг
залуу хүн судар судалж байна
Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

2 Нифай 26:24; Мозая 4:9; Исаиа 55:8–9-ийг уншаад, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт найдахад тань туслах Тэдний тухай үнэнүүдийг хайж ол. Олж мэдсэнээ тэмдэглэх талаар бодож үз.

Эдгээр судрын хэсэгт байгаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тодорхойлолт нь гэр бүлийн эмзэг асуудал, асуултуудыг харах өнцгөө сонгоход тань хэрхэн нөлөөлж болохыг бод. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт ийн заасан.

Зураг
Ахлагч Ричард Г.Скотт

Таны Эцэгийн хувьд, Түүний зорилго бол таны мөнхийн аз жаргал, тасралтгүй өсөлт хөгжил, өсөн нэмэгдэх чадамж юм. Түүний хүсэл эрмэлзэл бол Өөрт байгаа бүхнээ тантай хуваалцах билээ. (“Оbtaining Help from the Lord,” Ensign, Nov. 1991, 86)

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Дэлхийн хууран мэхлэлтээс “сэрэмжлүүлж, урьдчилан анхааруулах” үүднээс Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга 1995 онд гэр бүлийн тухай тунхаг бичиг гаргасан (Гордон Б.Хинкли, “Stand Strong against the Wiles of the World,” Ensign, Nov. 1995, 100-г үзнэ үү). “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг уншаад, (ChurchofJesusChrist.org) энэ нь Тэнгэрлэг Эцэгийн танд болон танай гэр бүлд хүсэж буй адислал, аз жаргалын талаар юу зааж байгааг бодож үз. Та Түүний хайрын болон таны аз жаргалын төлөөх Түүний хүслийн илэрхийллүүдийг тэмдэглэж авч болох юм.

Зураг
Олон үеэрээ хамт буй гэр бүл
Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Гэр бүлийн тунхагт тусгагдсан, өнөөгийн нийгэмд тулгарч буй асуудал, асуултуудын талаар бод. Эдгээр асуудалд дэлхийн мэргэн ухаан, үзэл санаанаас илүүтэй Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын мэргэн ухаан, мөнхийн талаас харах өнцөгт итгэх нь ямар үнэ цэнтэй вэ?

2-р хэсэг

Бид эмзэг асуудлын талаар ярилцах аюулгүй орчныг хэрхэн бүрдүүлж чадах вэ?

Гэр бүлийнхээ нөхцөл байдал, гэр доторх уур амьсгалын өөрчлөлт, бэрхшээлүүдийн талаар бод. Таны мэддэг бусад гэр бүлээс танай гэр бүл ямар ялгаатай вэ? Бидний мэдэрдэг зарим хүчтэй мэдрэмж гэр бүлтэй маань холбоотой байдаг. Бид гэр бүлийн талаарх сургаалыг хэлэлцэж байхдаа бусад гэр бүлийн нөхцөл байдал, туршлага биднийхээс өөр байж болно гэдгийг санах ёстой. Үүнийг санах нь бидэнд гэр бүлийн талаарх сургаалыг хэлэлцэх үедээ илүү хайраар дүүрэн, мэдрэмжтэй, хүндэтгэлтэй байхад тусална. Ингэснээр бид гэр бүл болон Тэнгэрлэг Эцэгийнхээ зорилгын талаар илүү гүнзгий заах Ариун Сүнсийг хүлээн авахад илүү сайн бэлтгэгдэнэ.

Зураг
ангийн хэлэлцүүлэг
Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Есүс Христ бол хүнийг ямар ч нөхцөл байдалд энэрч хайрлахын төгс жишээ юм. Moронай 7:45–48-ыг унш. Аврагч танд хайр энэрлээ үзүүлж байсан үеүдийн талаар мөн энэ нь танд ямар өөрчлөлт авчирсныг бодож үз.

Есүс Христийн шавь нарын хувьд бид хэлэх, үйлдэх бүрдээ Түүнтэй адил болохыг хичээдэг. Хайраар дүүрэн, мэдрэмжтэй, хүндэтгэлтэй байдлаар бусдыг сонсож, суралцаж, үнэнийг хуваалцахад дадлага шаардлагатай. Гэр бүлтэй холбоотой эмзэг сэдвүүдийн талаар ярихдаа энэрлээр дүүрэн байснаар бид Аврагчтай адил байдаг. Хэрвээ бид хүсвэл, үнэнийг мэдэж авах хайраар дүүрэн, хүндэтгэлтэй, хүмүүсийн оролцоог хангасан орчныг бүрдүүлэн, хадгалахын тулд хийх ёстой зүйлээ мэдэхэд Ариун Сүнс бидэнд тусална.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн ийн заасан.

Зураг
Ахлагч Нийл Л.Андэрсэн

Өнөөдөр би ийм сайхан, “төгс” гэр бүлд өсөөгүй олон зуун мянган хүүхэд, өсвөр үеийнхэн, залууст хандаж үг хэлэх гэсэн юм. Би үхэл хагацал тохиолдох, гэр бүл салж сарних, эцэг эхийнхээ итгэлгүй болох зэргийг харсан өсвөр үеийнхнээс гадна эцэг эх нь сүмд хамт ирдэггүй ч сайн мэдээг хүлээн авсан дэлхий даяарх хэдэн арван мянган залуу эрэгтэй, эмэгтэйн талаар ярих болно.

Энэ хожмын үеийн гэгээнтэн залуус Сүмд агуу итгэл тээн орж ирдэг. Тэд ирээдүйд өөрсдийн гэсэн төгс гэр бүлийг зохиохыг хүсдэг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэд манай номлогчдын хүчний болон зөв шударга залуучуудын мөн гэр бүлээ үүсгэн бий болгохоор тахилын ширээний өмнө өвдөглөн суух хүмүүсийн салшгүй нэгэн хэсэг болно.

Бид гэр бүлд зориулсан Их Эзэний загварыг үргэлжлүүлэн заах болно. Гэхдээ сая сая гишүүнтэй болж … байгаа өнөө үед бид илүү хянуур, мэдрэмжтэй байх хэрэгтэй.

… Бүгдээрээ тэдний тухай бодож, тэднийг хүлээн авч, тэврэн, тэдний Аврагчийг хайрлах хайрыг хүчирхэгжүүлэхийн тулд чадах бүхнээ хийцгээе. (“Хэн энэ хүүхдийг хүлээн авна, тэр нь Намайг хүлээн авдаг,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 35.

Зураг
шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Та гэр бүлийн талаарх эмзэг сэдвүүдийн тухай хайр энэрлээр дүүрэн ярих үедээ өөрийн туршлага болон бий болгох өөрчлөлтийн талаар тунгаан бод. Ийм сэдвүүдийг мөнхийн үнэний талаас нь хэлэлцэж байх үедээ хайрлаж, хүндлэгдсэн мэдрэмж авахад нь бусдад туслахын тулд юу хийж болох талаараа бич.