Судрууд
Алма 43


Бүлэг 43

Алма болон түүний хөвгүүд үгийг номлов—Зорамчууд болон нифайчуудаас тэрслэгч бусад нь леменчүүд болцгоов—Нифайчуудын эсрэг дайтахаар леменчүүд ирэв—Моронай хамгаалалтын хуягаар нифайчуудыг хуяглав—Их Эзэн леменчүүдийн байлдааны бодлогыг Алмад илчлэв—Нифайчууд өөрсдийн гэр орон, эрх чөлөө, гэр бүл мөн шашнаа хамгаалав—Моронай, Лихай хоёрын их цэрэг леменчүүдийг бүслэв. Ойролцоогоор МЭӨ 74 он.

1 Мөн эдүгээ улиран тохиох дор Алмагийн хөвгүүд хүмүүсийн дунд Бурханы үгийг тунхаглахаар явцгаав. Мөн Алма бас, өөрөө амарч үл чадан, түүнчлэн явав.

2 Эдүгээ тэд бошиглолын мөн илчлэлийн суу билгийн дагуу үгийг мөн үнэнийг номлож байсан гэдгээс өөрийг бид тэдний номлолын талаар дахин ярихгүй; мөн тэд өөрсдийн дуудагдсан Бурханы ариун жаягийн дагуу номлоцгоосон болой.

3 Мөн эдүгээ би шүүгчдийн засаглалын арван найм дахь онд леменчүүд мөн нифайчуудын хооронд болсон дайнуудын шастирт эргэн оръё.

4 Учир нь болгоогтун, улиран тохиох дор зорамчууд леменчүүд болов; тиймийн тул, арван найм дахь оны эхэнд леменчүүд тэдний дээр ирж буйг Нифайн хүмүүс харав; тиймийн тул тэд дайны бэлтгэл хийв; тийм ээ, тэд өөрсдийн их цэргийг Жершоны нутагт нэгтгэн цуглуулав.

5 Мөнхүү улиран тохиох дор леменчүүд мянга мянгаараа ирэв; мөн тэд зорамчуудын газар нутаг болох Антионум нутагт орж ирэв; мөн Зерахемна гэдэг нэртэй хүн тэдний удирдагч байв.

6 Мөн эдүгээ амалекайчууд өөрсдөө леменчүүдийг бодвол ёс бус мөн аллагад илүү дур сонирхолтой байв, тиймийн тул Зерахемна леменчүүдийн дээрх ерөнхий ахмадуудыг томилов, мөн тэд бүгдээрээ амалекайчууд мөн зорамчууд байв.

7 Эдүгээ тэр нифайчуудыг үзэн ядах үзлийг нь хадгалж болохын тулд, мөн өөрийнхөө санааг гүйцэлдүүлэн тэднийг эрхшээлдээ оруулж болохын тулд үүнийг хийсэн ажгуу.

8 Учир нь болгоогтун тэрээр леменчүүдийг нифайчуудын эсрэг уурлуулахаар өдөөн хатгах санаатай байв; мөн ингэснээр тэр тэднийг агуу хүчээр эзэлж болохын тулд, мөн нифайчуудыг боолчлолд оруулснаар тэдний дээр хүчийг олж болохын тулд үүнийг хийжээ.

9 Мөн эдүгээ дайснуудынхаа гарт орохоос хамгаалж болохын тулд нифайчууд өөрсдийн газар нутаг, гэр орон, өөрсдийн эхнэр болоод хүүхдүүдийг дэмжих нь тэдний санаа байв; мөн түүнчлэн тэд хүслийнхээ дагуу Бурханыг шүтэн биширч болохын тулд өөрсдийн эрх болон өөрсдийн боломжууд, тийм ээ, мөн түүнчлэн өөрсдийн эрх чөлөөг хадгалан үлдэж болохын тулд болой.

10 Учир нь хэрвээ тэд леменчүүдийн гарт орох юм бол, сүнсээр болон үнэнээр Бурханыг, үнэн болон амьд Бурханыг бишрэн шүтэх хэнийг ч гэсэн леменчүүд устгах болно гэдгийг тэд мэдэж байсан бөлгөө.

11 Тийм ээ, мөн тэд түүнчлэн леменчүүд Аммоны хүмүүс гэж нэрлэгдсэн Антай-нифай-лихайн хүмүүс болох ах дүүсийнхээ эсрэг үлэмжийн үзэн ядалтаар ханддагийг—мөн Аммоны хүмүүс зэр зэвсгээ агсахгүй, тийм ээ, тэд гэрээнд орсон мөн тэд үүнийгээ зөрчихгүй гэдгийг нифайчууд мэдэж байсан буюу—тиймийн тул, хэрэв тэд леменчүүдийн гарт орвол тэд устгагдах байлаа.

12 Мөн тэд устгагдахыг нифайчууд зөвшөөрөхгүй байв; тиймийн тул тэдэнд өвийн нутгуудыг тэд өгсөн бөлгөө.

13 Мөн Аммоны хүмүүс өөрсдийнхөө хөрөнгийн их хэсгийг их цэргийг нь дэмжихээр нифайчуудад өгсөн байв; мөн тийн Лемен мөн Лемүел, бас Ишмэилийн хөвгүүдээс, нифайчуудаас тэрсэлсэн амалекайчууд мөн зорамчуудаас болон Ноагийн пристүүдийн үр удам болох тэд бүгдээс бүрдсэн леменчүүдийн эсрэг нифайчууд дангаараа сөрөн зогсохоос өөр аргагүй болов.

14 Эдүгээ тэдний үр удам нифайчуудын адил бараг тийм олон байв; мөн тийн нифайчууд ах дүүстэйгээ цус асгарах хүртэл тулалдах шаардлагатай болсон ажгуу.

15 Мөнхүү улиран тохиох дор леменчүүдийн их цэрэг Антионумын газар нутаг дээр цугларсан учир, болгоогтун, нифайчуудын их цэрэг тэдэнтэй Жершоны газар нутаг дээр тулалдахаар бэлтгэсэн байв.

16 Эдүгээ нифайчуудын удирдагч өөрөөр хэлбэл нифайчуудын дээр ерөнхий ахмадаар томилогдсон хүнийг—эдүгээ ерөнхий ахмад нь нифайчуудын бүх их цэргийн удирдлагыг авчээ—мөн түүний нэрийг Моронай гэдэг байв;

17 Мөн Моронай тэдний дайнуудыг ерөнхийд нь удирдаж мөн толгойлдог байв. Мөн тэр нифайчуудын бүх их цэргийн ерөнхий ахмадаар томилогдохдоо дөнгөж хорин таван настай байв.

18 Мөнхүү улиран тохиох дор тэр Жершоны хил дээр леменчүүдтэй тулгарав, мөн түүний хүмүүс сэлэм, илд, мөн дайны бүх төрлийн зэвсгээр зэвсэглэсэн байв.

19 Мөн леменчүүдийн их цэрэг Нифайн хүмүүсийг, өөрөөр хэлбэл Моронай өөрийн хүмүүст цээжний хуяг мөн гарын хаалт, тийм ээ, мөн түүнчлэн толгойгоо хамгаалах дуулга өмсгөж, мөн түүнчлэн тэднийг зузаан хувцсаар хувцаслаж бэлтгэснийг хараад—

20 Эдүгээ Зерахемнагийн их цэрэг тийм ямар ч зүйлээр бэлтгэгдээгүй байв; тэдэнд зөвхөн сэлэм, илд, мөн нум, сум, чулуу мөн дүүгүүрүүд нь байв; мөн тэд ташаан тус газраасаа уясан арьснаас бусдаар нүцгэн байв; тийм ээ, зорамчууд мөн амалекайчуудаас бусад нь бүгд нүцгэн байв;

21 Гэвч тэд цээжний хуяг бас бамбайгаар хуягласангүй—тиймийн тул, тэд нифайчуудын хуяг дуулгынх нь учир, тэдний тоо нифайчуудынхаас хавьгүй илүү олон байсан ч тэдний их цэргээс үлэмж айв.

22 Болгоогтун, эдүгээ улиран тохиох дор тэд Жершоны хил дээр нифайчуудын эсрэг довтолж зүрхэлсэнгүй; тиймийн тул тэд Мантай нутагт ирж мөн уг нутгийг эзэмшилдээ авч болохын тулд тэд Антионумын нутгаас гарч аглаг буйд тийш одоод, мөн аглаг буйдыг тойрон явж, Сидон голын эх рүү очив; учир нь тэд Моронайн их цэрэг өөрсдийг нь хааш одсоныг мэднэ хэмээн бодсонгүй ажээ.

23 Гэвч улиран тохиох дор, тэднийг аглаг буйдад одмогц тэдний буудлыг тандуулахаар Моронай туршуулууд илгээсэн байжээ; мөн Моронай түүнчлэн, Алмагийн бошиглолуудын тухай мэддэг байсан учир, хэдэн эрсийг түүнд илгээж, леменчүүдээс өөрсдийгөө хамгаалахын тулд нифайчуудын их цэрэг хааш явахыг Их Эзэнээс лавлахыг түүнээс хүсэв.

24 Мөнхүү улиран тохиох дор Их Эзэний үг Алмад ирж, мөн леменчүүдийн их цэрэг Мантай нутагт дайран орж болохын тулд, тэд уг хүмүүсийн арай дорой хэсэг рүү дайралтыг эхэлж болохын тулд аглаг буйдад тойрон явж байгааг Моронайн элч нарт Алма мэдээлэв. Мөн мөнөөх элч нар одож мөн Моронайд мэдээг хүргэв.

25 Эдүгээ Моронай, леменчүүдийн хэсэг уг нутагт ирж мөн хотыг эзэмшилдээ авах вий хэмээн их цэргийнхээ нэг хэсгийг Жершоны нутагт орхиод, цэргийнхээ үлдсэн хэсгийг авч мөн Мантай нутагт жагсан очив.

26 Мөн тэрээр уг нутгийн тэр хэсгийн бүх хүнийг, газар нутгаа мөн улс орноо, эрх чөлөө бас эрхээ хамгаалахаар леменчүүдийн эсрэг тулалдахаар цугларцгаах болгов; тиймийн тул тэд леменчүүдийн ирэх цагт бэлтгэгдсэн байв.

27 Мөнхүү улиран тохиох дор Моронай их цэргээ Сидон голын эргийн ойролцоох аглаг буйд дахь Сидон голын баруун эрэг дээрх тэр хөндийд нуугдах болгов.

28 Мөн Моронай леменчүүдийн буудал хэзээ ирэхийг мэдэж болохын тулд эргэн тойрондоо туршуулуудыг байрлуулав.

29 Мөн эдүгээ, леменчүүд бүх нутаг даяар өөрсдөдөө хаант улсыг байгуулж болохын тулд ах дүүсээ харьяатаа болгон мөн тэднийг боолчлолд оруулах нь эсвээс тэднийг устгах нь тэдний зорилго болохыг Моронай мэдэж байсан учир;

30 Мөн түүнчлэн тэрээр өөрсдийн нутаг, өөрсдийн эрх чөлөө, мөн өөрсдийн сүмийг хамгаалах нь нифайчуудын цорын ганц хүсэл байсныг мэдэж байсан учир, тиймийн тул тэрээр овсгоо самбаагаар өөрсдийгөө хамгаалах нь нүгэл биш хэмээн бодож; тиймийн тул тэр туршуулуудаасаа леменчүүд аль замаар явах гэж буйг олж мэдсэн бөлгөө.

31 Тиймийн тул тэрээр цэргээ хуваан мөн нэг хэсгийг нь уг хөндийд авчирч, мөн тэднийг Рипла гүвээний дорнодод, мөн урд талд нь нуужээ;

32 Мөн үлдсэнийг нь тэрээр өрнөдөд байх хөндийд, Сидон голын баруун талд, мөн Мантай нутгийн хязгаарыг хүртэл тийн нуужээ.

33 Мөн тэрээр хүссэнийхээ дагуу их цэргээ тийн байрлуулсны дараа, тэр тэдэнтэй тулахад бэлэн болсон байв.

34 Мөнхүү улиран тохиох дор леменчүүд Моронайн цэргийн нэг хэсэг нь нуугдсан нөгөөх гүвээний хойд талд ирэв.

35 Мөн леменчүүд Рипла гүвээг өнгөрч мөн уг хөндийд орж мөн Сидон голыг гаталж эхлэхэд, гүвээний урд талд нуугдаж байсан, Лихай гэгч нэгнээр удирдуулсан их цэрэг, мөн тэрээр өөрийн их цэргийг урагш удирдаж мөн леменчүүдийг дорнодоос, араар нь ороон бүслэв.

36 Мөнхүү улиран тохиох дор нифайчуудыг тэдний зүг араас нь ирж буйг леменчүүд хармагцаа, тэд эргэж мөн Лихайн их цэрэгтэй тулалдаж эхлэв.

37 Мөн хоёр тал аль аль нь аллагын ажлыг эхлэв, гэвч энэ нь леменчүүдийн хувьд илүү айдас төрүүлэм байв, учир нь нифайчуудын сэлэм мөн илднүүдэд, бараг цохилт болгон нь үхлийг авчрах хүнд цавчилтуудад тэдний нүцгэн биес хамгаалалтгүй байсан болой.

38 Харин нөгөө талд нь, нифайчуудын дунд тэдний илдэнд өртөж мөн цус алдсанаас хааяа нэг хүн унаж байв, тэд биеийнхээ амин газруудыг халхалсан учир, өөрөөр хэлбэл илүү амин газрууд нь леменчүүдийн цохилтоос цээжний хуягаар мөн гарын хаалтаар, мөн дуулгаар халхлагдсан байсны учир буюу; мөн нифайчууд тийн леменчүүдийн дунд аллагын ажлыг үргэлжлүүлэв.

39 Мөнхүү улиран тохиох дор леменчүүд, өөрсдийн дундах агуу устгалын учир айж, бүр тэд Сидон голын зүг зугтаж эхлэв.

40 Мөн тэд Лихай болон түүний эрчүүдээр мөшгөгдөж байв; мөн тэд Лихайгаар Сидоны ус руу туугдаж, мөн тэд Сидоны усыг гатлав. Мөн Лихай их цэргээ гатлуулахгүйгээр тэднийг Сидон голын эрэг дээр авч үлдэв.

41 Мөнхүү улиран тохиох дор Моронай мөн түүний их цэрэг уг хөндийд, Сидон голын нөгөө эрэг дээр леменчүүдтэй тулж мөн тэдний дээрээс дайран орж мөн тэднийг алж эхлэв.

42 Мөн леменчүүд тэдний өмнө Мантай нутгийг чиглэн дахин зугтав; мөн тэд Моронайн их цэрэгтэй дахин тулгарав.

43 Эдүгээ энэ удаад леменчүүд үлэмж улайран тулалджээ; тийм ээ, леменчүүд ийм агуу хүч бөгөөд зоригтойгоор тулалдсан нь сонсогдож байгаагүй, үгүй ээ, бүр эхлэлээс авахуулаад болой.

44 Мөн тэд өөрсдийн ерөнхий ахмадууд болон удирдагчид асан зорамчууд мөн амалекайчуудаар мөн тэдний ерөнхий ахмад буюу ерөнхий удирдагч мөн захирагч асан Зерахемнагаар зоригжуулагдав; тийм ээ, тэд луу адил тулалдаж, мөн нифайчуудаас олон нь тэдний гарт алагдав; тийм ээ, учир нь толгойн дуулгуудаас нь олныг хоёр хуваан цохиж, мөн тэд цээжний хуягуудаас нь олныг нэвт цоолж, мөн тэдний олных нь гарыг тас цавчжээ; мөн леменчүүд хэрцгий догшин уурандаа тийн довтлов.

45 Гэсэн хэдий ч нифайчууд илүү сайн шалтгааны улмаас зоригжуулагдсан байв, учир нь тэд эзэрхийллийн болон эрх мэдлийн төлөө тулалдаагүй, харин гэр орон мөн эрх чөлөөнийхөө, эхнэр болон хүүхдүүдийнхээ төлөө мөн байгаа бүгдийнхээ төлөө, тийм ээ, шүтэн бишрэх ёс заншлууд мөн сүмийнхээ төлөө тулалдаж байсан юм.

46 Мөн тэд Бурхандаа өгөх ёстой үүрэг хэмээн бодсон түүнийгээ хийж байв; учир нь Их Эзэн тэдэнд, мөн түүнчлэн тэдний эцэг өвгөдөд: Та нар эхний болон хоёр дахь дайралтад буруугүй учир, та нар дайснуудынхаа гарт эрсдэхийг зөвшөөрөх ёсгүй хэмээн хэлсэн ажгуу.

47 Мөн түүнчлэн Их Эзэн хэлсэн нь: Та нар цус урсгасан ч гэсэн гэр бүлээ хамгаалах болно хэмээжээ. Тиймийн тул энэ байр суурийн үүднээс нифайчууд өөрсдийгөө, гэр бүлээ мөн газар нутгаа, эх орноо, эрхээ, мөн шашнаа хамгаалахаар леменчүүдтэй тулалдаж байв.

48 Мөнхүү улиран тохиох дор Моронайн эрс леменчүүдийн хэрцгий догшныг мөн уур хилэнг хараад, тэд ухран мөн тэднээс зугтах гэж байв. Мөн Моронай тэдний хүслийг ойлгосон учир, үгээ илгээж мөн тэдний зүрх сэтгэлийг эдгээр бодлоор—тийм ээ, газар нутаг, эрх чөлөөнийх нь, тийм ээ, боолчлолоос тусгаар байдлын тухай бодлуудаар зоригжуулав.

49 Мөнхүү улиран тохиох дор тэд леменчүүд рүү эргэн довтолж, мөн тэд эрх чөлөө мөн боолчлолоос тусгаар байдлынхаа төлөө Их Эзэн Бурхандаа нэгэн дуугаар залбиран гуйв.

50 Мөн тэд леменчүүдийн эсрэг хүчтэйгээр зогсож эхлэв; мөн тэд Их Эзэнд тусгаар байдлынхаа төлөө залбиран гуйсан чухам тэр цагт, леменчүүд тэдний өмнө зугтаж эхлэв; мөн тэд бүр Сидоны усанд хүртэл зугтав.

51 Эдүгээ, леменчүүд тоогоор илүү олон, тийм ээ, нифайчуудын тоог хоёр нугалснаас илүү байв; гэсэн хэдий ч тэд туугдаж, үүнийхээ хэрээр тэд уг хөндийд Сидон голын эрэг дээр нэг хэсэгт нэгдэн цуглуулагдав.

52 Тиймийн тул Моронайн их цэрэг тэднийг, тийм ээ, бүр голын хоёр эргээр бүслэв, учир нь болгоогтун зүүн эрэгт нь Лихайн эрчүүд байв.

53 Тиймийн тул Зерахемна Сидон голын зүүн эрэг дээрх Лихайн эрчүүдийг мөн Сидон голын баруун эрэг дээрх Моронайн их цэргийг, тэд нифайчуудаар бүслэгдсэнээ хараад, тэд айн цочирдов.

54 Эдүгээ Моронай, тэдний айдсыг хараад, өөрийн эрчүүдэд тэдний цусыг урсгахаа зогсоохыг тушаав.