2010–2019
Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна
2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна

Санваарыг урьд өмнө хэзээ ч байгаагүй агуу хүчээр ашиглахын тулд өдөр тутам наманчлахыг амьдралынхаа салшгүй нэгэн хэсэг болго.

Хайрт ах нар аа, Их Эзэний санваар атгагчдын батальоны энэ агуу том цугларалтыг хараад, сэтгэл минь хөдөлж байна. Та нар сайныг үйлдэх ямар гайхалтай хүч гээч! Бид та нарт хайртай. Бид та нарын төлөө залбирдаг. Хамгийн гол нь бид та бүхэнд талархдаг.

Саяхнаас миний анхаарал бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгсөн “Энэ үеийнхэнд наманчлалаас өөр юу ч бүү ярь” гэх Их Эзэний зааварт татагдах болсон. Энэ тунхаглал сударт ойр ойрхон давтагдсан байдаг. Энэ нь “Хүн болгон наманчлах хэрэгтэй юү?” гэсэн мэдээжийн асуултыг тавихад хүргэдэг. Хариулт нь “тийм.”

Маш олон хүн наманчлалыг шийтгэл буюу хамгийн ноцтой нөхцөлөөс бусад үед аль болох зайлсхийх ёстой зүйл гэж үздэг. Гэхдээ шийтгэгдэнэ гэсэн мэдрэмж Сатанаас ирдэг. Биднийг эдгээж, өршөөн, цэвэршүүлж бас хүчирхэгжүүлэн, ариусгахыг хүсэж, найдаж байдаг Есүс Христийн мутраа дэлгэн байгааг нь харах харааг маань халхлахыг тэр оролддог.

Грек Шинэ Гэрээнд наманчлал гэдэг үгийг metanoeo гэдэг. Үгийн угтвар meta гэдэг нь “өөрчлөх” гэсэн утгатай. Харин дагавар noeo нь “оюун санаа,” “мэдлэг,” “сүнс,” “амьсгал” гэсэн утгатай грек үгтэй холбоотой юм.

Иймээс Есүс танаас мөн надаас “наманчлахыг” хүсэхдээ биднийг оюун санаа, мэдлэг, сүнс, тэр бүү хэл амьсгалах арга замаа хүртэл өөрчлөхөд урьдаг. Тэрээр биднээс хайрлах, бодох, үйлчлэх, цаг заваа зарцуулах, эхнэртэйгээ харилцах, хүүхдүүддээ заах, тэр бүү хэл бие махбоддоо санаа тавих арга замаа өөрчлөхийг хүсэж байна гэсэн үг.

Наманчлалд өдөр тутам, тогтмол анхаарлаа төвлөрүүлэхээс өөр юу ч бидний хувийн өсөлт хөгжилд нөлөөлж чадах тийм чөлөөлөгч, үлгэр жишээ болгогч, чухал зүйл гэж үгүй. Наманчлал бол нэг удаа болоод өнгөрдөг үйл явдал биш, харин үйл явц юм. Энэ нь сэтгэл санааны хувьд аз жаргал, амар амгаланг мэдрэх гол түлхүүр билээ. Наманчлал нь итгэлтэй нийлснээр Есүс Христийн Цагаатгалын хүчийг хүлээн авах боломжийг бидэнд нээж өгдөг.

Гэрээний замаараа хичээнгүйлэн алхаж байгаа, аль эсвэл гэрээний замаасаа хазайн гарсан эсвээс одоо байгаа газраасаа замаа олж харж чадахгүй байгаа гэдгээс тань үл хамааран би таныг наманчлахад урьж байна. Өдөр бүр арай илүү сайныг үйлдэж, сайн байснаар өдөр тутмын наманчлалын хүчирхэгжүүлэгч хүчийг мэдэр.

Бид наманчлахыг сонгохдоо өөрчлөгдөхийг сонгож байна гэсэн үг! Бид өөрсдийгөө хамгийн сайн хувилбараар өөрчлөх боломжийг Аврагчид олгодог. Бид сүнслэг байдлын хувьд өсөж хөгжин, баяр баясгаланг хүлээн авах буюу Түүнд байдаг гэтэлгэлийн баяр баяслыг мэдрэх сонголтыг хийдэг. Бид наманчлахыг сонгохдоо Есүс Христтэй илүү адил болохыг сонгодог!

Ах нар аа, бид тулаанд байгаа тул илүү сайн үйлдэж, илүү сайн байх хэрэгтэй. Нүгэлтэй тулалдах тулаан бол бодит. Дайсан гэрчлэлийг үгүй хийж, Их Эзэний ажилд саад болохын тулд хичээл зүтгэлээ өсгөн нэмэгдүүлж байна. Тэр Их Эзэний баяр баясгалан, хайраас хүртэхэд бидэнд саад болохын тулд цэргүүдээ хамгийн хүчирхэг зэвсгүүдээр агсаж байна.

Дайсны урхинд орсноор ирдэг зовлонгоос зайлсхийх түлхүүр бол наманчлал юм. Их Эзэн мөнхийн өсөлт хөгжлийн энэ шатанд биднээс төгс төгөлдөр болохыг шаарддаггүй. Гэхдээ Тэр биднээс урьд урьдынхаасаа илүү цэвэр ариун байхыг шаарддаг. Өдөр тутмын наманчлал нь цэвэр ариун байдалд хүрэх зам бөгөөд цэвэр ариун байдал нь хүч чадлыг авчирдаг. Хувийн цэвэр ариун байдал биднийг Бурханы мутар дахь хүчирхэг зэмсэг болгож чадна. Бидний наманчлал, цэвэр ариун байдал Израилын цугларалтад туслах хүчийг бидэнд өгөх болно.

Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд “Санваарын эрхүүд нь тэнгэрийн хүчтэй салшгүй холбоотой байдаг, мөн тэнгэрийн тэрхүү хүч нь зөв шударга ёсны зарчмуудаас бусдаар хянагдаж ч мөн шийдвэрлэгдэж ч үл чадах бөлгөө” хэмээн заасан.

Юу бидэнд тэнгэрийн хүчнүүдтэй холбогдох илүү агуу боломжийг өгөхийг бид мэддэг. Түүнчлэн юу бидний өсөлт хөгжлийг зогсоодгийг мөн тэнгэрийн хүчнүүдтэй холбогдох боломжоо нэмэгдүүлэхийн тулд юу хийхээ боливол зохихыг бид мэддэг. Ах нар аа, юу таны наманчлалын замд саад болж байгааг залбирч эрэлхийлээрэй. Юу танд наманчлахад тань хориг тавьж байгааг олж тодорхойл. Тэгээд, өөрчил! Наманчил! Бид бүгд урьд урьдынхаасаа илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна.

Бидний өсөж хөгжин, сайжирч болох тодорхой хэдэн арга зам байдаг. Үүний нэг нь бие махбоддоо хандах хандлага юм. Би хүмүүний бие махбодын гайхамшгийг бахдан хардаг. Энэ бол агуу гайхамшигт бүтээл бөгөөд эцэст нь тэнгэрлэг чадавхдаа бага багаар хүрэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид үүнгүйгээр өсөж хөгжиж чадахгүй. Бурхан бидэнд бие махбодын бэлгийг хүртээхдээ Өөртэй нь адил болоход хэрэгтэй чухал алхмыг хийх боломжийг олгосон.

Сатан үүнийг ойлгодог. Мөнх бус байдлын өмнөх урвалт нь түүнийг энэхүү боломжийг эдлэх ямар ч эрхгүй болгосонд уурссан тэрээр үүрд атаархсан, өширхөж хорссон байдалтай байдаг. Тиймээс түүний бидний замд тавьдаг бүх биш юм аа гэхэд ихэнх уруу таталт өөрсдийнхөө болон бусдын бие махбодыг зүй бус ашиглахад хүргэдэг. Сатанд бие махбод байхгүй учраас зовлонт байдаг шиг биднийг бие махбодоосоо болж зовоосой гэж хүсдэг.

Таны бие махбод бол мөнхийн сүнсийг тань орогнуулахаар бүтээгдсэн хувийн ариун сүм юм. Энэ ариун сүмээ арчлах нь маш чухал. Ах нар аа, одоо та нар Бурханы хүсэлд нийцүүлэхийн оронд дэлхийнхний таалалд нийцүүлэхээр биеэ арчилж тордон, хувцасладаг уу? Энэ асуултад өгөх таны хариулт Түүний танд өгсөн гайхамшигт бэлгийн талаар ямар бодолтой явдгийг тань шууд илэрхийлдэг. Ах нар аа, бид ийн бие махбоддоо хүндэтгэлтэй хандах тал дээр илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна.

Илүү сайн үйлдэж мөн илүү сайн байж болох өөр нэг арга зам бол эхнэр, охид, ээж, эгч нараасаа авахуулаад, амьдралд тань байгаа эмэгтэйчүүдийг хэрхэн хүндлэх явдал юм.

Хэдэн сарын өмнө би нэгэн сайхан эгчээс зүрх шимшрүүлэм захидал хүлээн авсан. Тэрээр “[Би охидынхоо хамт] нөхөр, хөвгүүдийнхээ анхаарлыг татах гэж ширүүхэн тэмцэлтэй тулгараад байна. Тэд 24 цагаар спортын мэдээ, видео тоглоом, хөрөнгийн зах зээлийн мэдээ, [мөн] [байж болох] бүх л төрлийн спортын нэвтрүүлгийг эцэс төгсгөлгүй үзэж, дүн шинжилгээ хийхэд бүх цагаа зарцуулж байна. Бид аль хэдийн нөхөр, хөвгүүдийнхээ хувьд чухал байр суурь эзлэхээ больж, [спорт, тоглоом] бидний эзлэх байр суурийг эргэлт буцалтгүй авчихсан мэт санагдаж байна” гэж бичсэн байв.

Ах нар аа, санваар атгагчийн хувьд та бүхний хамгийн эхний мөн үндсэн үүрэг бол эхнэрээ хайрлаж, халамжлах явдал юм шүү. Эхнэртэйгээ нэг бай. Түүний хамтрагч нь бай. Таных байх хүсэлтэй байхад нь түүнд тусал. Энэ амьдрал дахь өөр ямар ч хүсэл сонирхол түүнтэй мөнхийн харилцаа холбоогоо сайжруулахад саад болох ёсгүй. Телевиз, гар утас эсвэл компьютер дээрх юу ч түүний сайн сайхнаас илүү чухал байж таарахгүй. Цагаа хэрхэн зарцуулж, хүч бололцоогоо юунд үрж байгаагаа анхаар. Энэ л таны зүрх сэтгэл хаана байгааг хэлээд өгнө. Өөрийнхөө зүрхийг түүний зүрхтэй хөглөн нийлүүл. Түүнд баяр баясгалан авчрахыг эрэлхийл. Түүний зөвлөгөөг эрэлхийлж, сонс. Түүний үг таны үйлдлийг сайжруулна.

Танд ойр дотныхоо эмэгтэйчүүдэд хандах хандлагаа өөрчлөх шаардлага байгаа бол яг одооноос эхэл. Та мөн амьдралд тань байгаа эмэгтэйчүүдэд Их Эзэний ариун явдлын хуулийн дагуу амьдарснаар ирэх адислалуудыг хүлээн авахад туслах явдал таны үүрэг хариуцлага гэдгийг санаарай. Эмэгтэй хүний ариун сүмийн адислалуудаа хүлээн авах боломжгүй байх шалтгаан нь хэзээ ч та битгий байгаарай.

Ах нар аа, бид бүгд наманчлах хэрэгтэй. Бид буйдангаасаа босож, удирдлагаа доош тавиад, сүнсний нойрмог байдлаасаа сэрэх ёстой. Дэлхий дээрх хамгийн чухал ажилд гар бие оролцохын тулд Бурханы бүрэн хуяг дуулгыг өмсөх цаг тань ирлээ. “Хадуураараа хадаж, мөн бүх хүч, оюун, мөн чадлаараа хураах” цаг боллоо. Чөтгөрийн хүч урьд өмнө хэзээ ч байгаагүй хүчтэй тархаж байна. Их Эзэний үйлчлэгчдийн хувьд бид ийм дайн ширүүсэж байхад нойрмог байж болохгүй.

Гэр бүлд тань таны удирдлага, таны хайр хэрэгтэй. Чуулга, тойрог, салбарт тань таны хүч чадал хэрэгтэй. Тантай уулзах хүн бүр Их Эзэний жинхэнэ шавь ямар харагддаг мөн хэрхэн үйлддэгийг мэдэх хэрэгтэй байна.

Хайрт ах нар аа, та нар мөнх бус байдлын өмнө гаргасан сүнслэг эр зоригийнхоо ачаар дэлхий дээр энэ чухал цаг үед ирэхээр Эцэгээр сонгогдсон. Та нар бол энэ дэлхийд ирж байсан хамгийн шилдэг, зоригт эрчүүдийн нэг хэсэг билээ. Сатан та нарын одоо ямар хүн байгааг мөн мөнх бус байдлын өмнөх амьдралд хэн байсныг мэддэг бөгөөд Аврагчийг эргэн ирэхээс өмнө гүйцэтгэх ёстой ажлуудыг тань ойлгодог. Өөрийн башир аргыг мянган жилийн турш хурцлан дадлагажсан дайсан туршлагатай бөгөөд хэзээ ч засаршгүй нэгэн болсон.

Талархах нэг зүйл бол бидний атгаж буй санваар дайсны башир арга мэхлэлтээс илүү хүчтэй. Би та бүхнээс Их Эзэний хүсдэг тэрхүү эрс, залуу эрэгтэйчүүд байгаасай хэмээн гуйж байна. Санваарыг урьд өмнө хэзээ ч байгаагүй агуу хүчээр ашиглахын тулд өдөр тутам наманчлахыг амьдралынхаа салшгүй нэгэн хэсэг болго. Энэ бол ирээдүйн хүнд хэцүү өдрүүдэд өөрийгөө болон гэр бүлээ сүнслэг байдлын хувьд аюулгүй байлгах цорын ганц зам билээ.

Их Эзэнд бусдын сайн сайхныг өөрийнхөөсөө дээгүүр тавьдаг амин хувиа хичээдэггүй эрс хэрэгтэй. Сүнсний дуу хоолойг тод сонсохын тулд үнэн сэтгэлээсээ хөдөлмөрлөдөг эрс Түүнд хэрэгтэй. Түүнд гэрээнүүдээ үнэнчээр сахидаг гэрээний эрчүүд хэрэгтэй. Түүнд бас Өөрсдийгөө бэлгийн харьцааны хувьд цэвэр ариун байлгахаар сэтгэл шулуудсан мөн ямар ч цаг үед дуудахад ариун зүрх сэтгэл, цэвэр ариун бодол, үйлчлэхэд бэлэн гараар адислал өгөхөд бэлэн зохистой эрс хэрэгтэй. Их Эзэнд наманчлах хүсэлтэй, Их Эзэний зохистой санваартнуудын батальоны нэг хэсэг байж, үйлчлэх хүсэл эрмэлзэлтэй эрчүүд хэрэгтэй байна.

Би та бүхнийг ийм эрчүүд байхаар адисалж байна. Би та бүхнийг өдөр бүр наманчлах зоригтой байж, санваарын хүчээ бүрэн ашиглаж сурахаар адисалж байна. Би та бүхнийг Аврагчийн хайрыг эхнэр, үр хүүхэд, мэддэг хүн бүрдээ дамжуулахаар адисалж байна. Би та бүхнийг илүү сайн үйлдэж, илүү сайн байхаар адисалж байна. Би та бүхнийг эдгээр хичээл зүтгэлийг гаргаснаар амьдралдаа гайхамшгуудыг хүлээн авахаар адисалж байна.

Бид Бүхнийг Чадагч Бурханы ажилд оролцдог. Есүс бол Христ. Бид Тэдний үйлчлэгчид. Би Есүс Христийн ийн нэрээр гэрчилж байна, амен.

Хэвлэх