Ерөнхийлөгчдийн сургаал
Иосеф Смитийнамьдрал ба үйлчлэл


Иосеф Смитийн амьдрал ба үйлчлэл

“Их Эзэний Бошиглогч хийгээд Үзмэрч Иосеф Смит энэ дэлхийд хүмүүний авралын тулд зөвхөн Есүс Христийг эс тооцвол үүн дээр амьдарч асан аль ч бусад хүнээс илүү ихийг хийсэн юм” (С ба Г 135:3). Энэхүү гайхалтай үгс 14 настайдаа Бурханаас дуудагдаж, дөнгөж 38 хүртлээ амьдарсан хүний тухай өгүүлж байгаа юм. Иосеф Смит 1805 оны арванхоёрдугаар сард Вермонтод төрж 1844 оны зургадугаар сард Иллинойд хорвоог эмгэнэлтэйгээр орхин одохын хооронд гайхалтай зүйлс тохиосон билээ. Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр түүн дээр хүрч ирэн, Бурханы мөн чанарын талаар олон зууны туршид мэдэгдээд байсан зүйлээс илүү ихийг заасан юм. Эртний бошиглогчид, төлөөлөгчид ариун санваарын хүчийг Иосефт хүртээснээр түүнийг энэхүү эцсийн эрин үед Бурханаас эрх мэдэл олгогдсон, шинэ гэрч болгосон юм. Бошиглогчоор, түүний дотор Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувдаар дамжуулан юутай ч зүйрлэшгүй асар их мэдлэг, олон сургаал илчлэгдсэн билээ. Түүгээр дамжуулан Их Эзэний үнэн Сүм дэлхий дээр дахин зохион байгуулагдсан юм.

Иосеф Смитийн эхэлсэн тэрхүү ажил өнөөдөр дэлхий даяар урагшлан ахисаар байна. Бошиглогч Иосеф Смитийн тухай Ерөнхийлөгч Вилфорд Вудрафф: “Тэрээр Бурханы Бошиглогч байсан бөгөөд агуу ажлын үндэс суурийг тавьж, дэлхий дээр урьд хожид байгаагүй эрин үеийг эхлүүлсэн юм”1 хэмээн гэрчилжээ.

Өвөг дээдэс ба хүүхэд ахуй нас

Иосеф Смит бол өвөг дээдэс нь 1600-гаад оны үед Англиас Америкт цагаачлан ирсэн, зургаа дахь үеийн америк хүн байв. Бошиглогчийн өвөг дээдэс эхэн үеийн америкчуудын нийтлэг зан төлөвийг өөрсдөдөө шингээсэн хүмүүс байжээ. Тэд өөрсдийг нь Бурхан удирдан чиглүүлж, санаа тавьж байдагт итгэдэг, ажил хөдөлмөрийн бат бөх ёс зүйтэй, гэр бүл, улс орондоо хичээнгүйлэн зүтгэдэг хүмүүс байлаа.

Иосеф Смитийн эцэг Иосеф Смит, эх Люси Мак Смит нар 1796 онд Вермонтын Бейнбрижид гэрлэжээ. Тэд бол ажилч хичээнгүй, Бурханаас эмээдэг, гүнзгий сүсэг бишрэлтэй хүмүүс байв. Гэр бүлийн амьдралаа санхүүгийн хувьд тааламжтай нөхцөлд эхэлсэн аж. Харамсалтай нь эцэг Иосеф Смит гэрлэснийхээ дараах жилүүдэд анхныхаа фермийн эдлэн газрыг алдаж, хэдэн удаа санхүүгийн алдагдалд оржээ. Аав нь НьюИнгландын ой модтой дов толгодод газар тариалан эрхэлж, бусад фермүүдэд хөлсний ажил хийх, гэр ахуйн эн тэргүүний хэрэгцээт зүйлсийн наймаа эрхлэх, сургуульд багшлах зэргээр амь зуулгаа залгуулах шаардлагатай болсон учир Смитийнхэн олон удаа шилжин нүүхээс аргагүйд хүрсэн ажээ.

Хүү Иосеф Смит нь1805 оны арванхоёрдугаар сарын 23-нд Вермонтын Шаронд арваннэгэн хүүхдийн тав дахь нь болж төржээ. Түүнд аавынх нь нэрийг өгөв. Смитийнхний хүүхдүүдийг насных нь дарааллаар жагсаавал: Нэр өгөөгүй нэг хүү (төрсөн даруйдаа эндсэн аж) Алвин, Хайрум, Софрони, Иосеф, Самуел, Эфрейм (хоёр долоо хоног бололгүй эндсэн аж), Виллям, Катарин, Дон Карлос, Люси нар болно.2

Бошиглогчийн ер бусын зан төлөв бүр бага насанд нь илэрсэн гэдэг. Смитийнхнийг Нью Хампширийн Баруун Лебанонд амьдарч байхад нь тэндхийн олон хүн, түүний дотор Смитийнхний бүх хүүхэд гэдэсний халдварт аюултай хижиг өвчнөөр өвчилжээ. Бусад хүүхдүүд нь хүндрэлгүйгээр эдгэрсэн бол, долоо орчим настай байсан Иосефын зүүн хөлд ноцтой халдвар орж өвчин нь хүндэрсэн гэнэ. Нью Хампширийн Хановерын ойролцоох Дартмаутын Анагаах Ухааны Сургуулийн доктор Натан Смит хөвгүүний хөлийг аврахын тулд нэгэн шинэ аргаар мэс засал хийхийг санал болгосон аж. Доктор Смит болон түүнтэй хамтран ажиллагсад мэс засал хийхээр бэлтгэж байх үед Иосеф ээжийгээ мэс заслын өрөөнөөс гарахыг хүссэн гэдэг. Хүүгийнхээ зовон шаналахыг ээж нь бүү хараасай гэсэндээ тэгжээ. Өвчнийг мэдрэхгүй болгохын тулд ликёр дарс уухаас татгалзаж, аавынхаа чанга тэврэлтэд найдсан Иосеф хөлийх нь ясанд нүх гаргаж, хэсэгхэн ясыг авч хаясан мэс заслыг шүд зуун зоригтойгоор тэсэн гарсан гэдэг. Мэс засал амжилттай болж, Иосеф хэдэн жил таягтай явдаг байсан ч амьдралынхаа үлдсэн хугацаанд үл мэдэгдэм доголж явдаг байжээ.

Нэлээд хэдэн удаа ургац алдсаны эцэст эцэг Иосеф Смит амьдрал ахуйгаа өөд нь татахын тулд 1816 онд гэр бүлээ Вермонтын Норвичээс Нью-Йоркийн Палмирад нүүлгэн авчирчээ. “Бид ядуу зүдүү байсан учраас олон хүнтэй гэр бүлээ тэжээхийн тулд борви бохисхийлгүй ажиллах шаардлагатай байлаа … Бидний бүхий л хүч чармайлт гэр бүлээ гэдэс цатгалан, мөр бүтэн байлгахад зориулагддаг байв. Тиймээс боловсрол эзэмших боломж бидэнд байсангүй. Би зөвхөн уншиж, бичихийг мөн арифметикийн энгийн үйлдлүүд яаж хийхийг л заалгасныг хэлэхэд хангалттай байх”3 гэж Бошиглогч хожим нь дурсчээ.

Анхны Үзэгдэл

Иосеф Смит хүүхэд ахуй үеийнхээ боловсрол сургалтын талаар: “Би бол … Христийн шашныг надад заахын төлөө чадах бүхнээ хийсэн ач буянт эцэг эхээс төрсөн хүн”4 гэж бичжээ. Гэвч Есүс болон Түүний Төлөөлөгчдийн заадаг байсан сайн мэдээний зарим зарчим тэр үеийн сүмүүдэд байгаагүйг Христэд итгэгч бусад олон хүний нэгэн адил Иосефын эцэг эх мэддэг байв. 1820 онд Палмирагийн бүсэд Христийн олон өөр шашин хөрвөгчдийг олж авахын төлөө хоорондоо өрсөлдөж байв. Иосефын ээж, ах, эрэгтэй дүү, бас эгч нь орон нутгийн Пресбитриен сүмд элссэн ч, Иосеф, аав, ах Алвин хоёрынхоо хамт ямар ч сүмд элссэнгүй. Гэвч зөвхөн Иосеф хөвгүүн л Бурханы өмнөх өөрийнхөө байдлын талаар, шашны янз бүрийн бүлгүүдийн дундах төөрөгдлийн талаар санаа нь ихэд зовдог байжээ.

14 настай Иосеф судар уншиж байгаад: “Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно” (Иаков 1:5) гэсэн Иаковын номын хэсэгт сэтгэл нь гүнзгий догдолжээ. Их Эзэний энэхүү амлалтаар сүнслэгээр нөлөөлөгдсөн Иосеф 1820 оны хаврын нэг өдөр залбирахаар гэрийнхээ ойролцоох ойн төгөл уруу очиж, өвдөг сөгдөн, зүрх сэтгэлийнхээ хүслийг Бурханд өргөн мэдүүлэв. Тэр даруйд бүх биеийг нь харанхуйн хүч нөмрөн авахад үхэл нөмрөх мэт айдас төржээ. Тэгтэл, гал цогтой оргилуун залбирлынх нь хариуд тэнгэр нээгдэж, тэрээр үл үзэгдэх дайснаасаа чөлөөлөгдөв. Нарнаас ч илүү хурц гялалзсан гэрлэн баганан дотор түүний дээр Хоёр Хүн агаарт зогсож байхыг тэрээр харлаа. Тэдний нэг нь хөвгүүнийг нэрээр нь дуудан, “Энэ бол Миний Хайртай Хүү. Түүнийг сонс!” (Иосеф Смит-Түүх 1:17) гэв.

Энэхүү алдар суут үзэгдлээр Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр идэр залуу Иосеф дээр өөрсдийн биеэр хүрч ирсэн билээ. Тэр үеийн аль ч сүмд элсэхгүй байхыг өөрт нь хэлсэн Аврагчтай Иосеф ийнхүү ярилцсан юм. Учир нь “тэдгээр нь бүгдээрээ буруу” бөгөөд “тэдний бүхий л итгэл үнэмшил түүний мэлмийд жигшүүрт явдал бөлгөө; … тэд хүмүүний зарлигуудыг сургаал болгон заадаг, тэд бурханлиг байдлын дүртэй боловч, түүний хүчийг үгүйсгэдэг” (Иосеф Смит-Түүх 1:19) байлаа. “Сайн мэдээний бүрэн байдлыг ирээдүйд нэгэн цагт [түүнд] мэдүүлэх болно”5 гэдгийг Иосефт бас амласан юм. Олон зууны туршид үргэлжилсэн харанхуйн дараа Бурханы үг, түүнчлэн Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрын үнэн бодит байдал энэхүү залуу зандан, цэвэр ариун зэмсгээр дамжин дэлхийд илчлэгдсэн билээ.

Моронайн айлчлал

Иосеф Смит Бурханыг харснаа мэдэгдсэнээс гурван жилийн турш тэр үеийн нийгэм дэх бусад хүмүүс түүнийг жигшин зэвүүцэж, доог тохуу хийж байлаа. 17 нас хүрсэн идэр залуу Бошиглогч ирээдүйд өөрт нь юу тохиолдох бол гэж гайхшран бодсон гэдэг. 1823 оны есдүгээр сарын 21ний орой тэрээр өөрийн бүх “нүглүүд хийгээд тэнэглэлүүдийг” (Иосеф Смит-Түүх 1:29) өршөөнө үү хэмээн залбирав. Залбирлынх нь хариуд дээврийн хонгил дахь унтлагын өрөө нь гэрлээр дүүрч, Моронай хэмээх тэнгэр элч хүрч иржээ. “[Тэр] өөрийгөө Бурханы тэнгэр элч” гээд, “Бурханаас эртний Израилтай хийсэн гэрээ биелэгдэх цаг хаяанд ирээд байгаа тухай, Мессиагийн хоёр дахь ирэлтийн бэлтгэл ажил даруйхан эхлэх болсныг; хүмүүс дэлхий дээрх Христийн Мянган жилийн хаанчлалд бэлтгэгдэхийн төлөө сайн мэдээг бүрэн байдлаар нь бүх үндэстэнд хүч, эрх мэдлээр номлох цаг ойрхон болсон тухай баярт мэдээг авчрахаар илгээгдсэнээ хэлсэн аж. Энэхүү алдар суут эрин үед Түүний зарим зорилгыг биелүүлэхэд Бурханы мутарт зэмсэг болохоор миний бие сонгогдсоныг надад мэдэгдэв”6 гэж Иосеф дурсан ярьжээ.

Эртний бошиглогчдын ялтсууд дээр сийлсэн эрт үеийн бичээсүүдийн эмхтгэл ойролцоох нэгэн гүвээнд булаастай байгааг Моронай Иосефт хэлэв. Энэхүү ариун цэдэг Есүсийг төрөхөөс 600 жилийн өмнө Иерусалимаас Дэлхийн баруун хагаст Бурханы удирдан аваачсан ард түмний тухай өгүүлдэг. Моронай бол энэ ард түмний сүүлчийн бошиглогч байсан бөгөөд хожмын өдрүүдэд гаргаж ирэхийг Бурхан амласан эл цэдгийг булсан аж. Иосеф Смит энэхүү ариун цэдгийг англи хэлэнд орчуулах ёстой байлаа.

Дараагийн дөрвөн жил дараалан есдүгээр сарын 22-нд энэ гүвээн дээр Моронай Иосефт мэдлэг, заавар өгөхийн тулд түүнтэй уулздаг байв. Тэрхүү эртний цэдгийг орчуулахын тулд бэлтгэлээ хангаж өөрийгөө төгөлдөржүүлэхэд тэр дөрвөн жил түүнд хэрэггэй байсан юм. “Өөрийгөө бүх үндэстнүүдэд үзүүлэх тэр Есүс бол Христ, Мөнхийн Бурхан хэмээн Иудей болон харийнханд итгүүлэх” (Мормоны Номын эхний хуудас) зорилготой уг ажилд тэрээр бэлтгэх хэрэгтэй байлаа.

Бурханы хаант улсыг дэлхий дээр үндэслэн байгуулсан нь

Мормоны Номын орчуулга эхлэв

Иосеф Смит алган ялгсуудыг авахаар хүлээж байхдаа гэр бүлийнхээ материаллаг хэрэгцээг хангахад тусалж байлаа. 1825 онд тэр Жосиа Стовеллд хөлсөөр ажиллахаар Пеннсильваний Хармони уруу явав. Тэр тэнд Айзик Хейл, Элизабет Хейл нарьш гэрт хөлсөөр сууж байхдаа тэдний охин өндөр нуруугай, хар үстэй, сургуулийн багш Эмматай танилцжээ. 1827 оны нэгдүгээр сарын 18-нд Иосеф Эмма хоёр Нью-Йоркийн Өмнөд Бейнбрижид гэрлэв. Хүүхдүүд нь эндсэн болон санхүүгийн гачаал тэрчлэн ажил үүргээ биелүүлэхийн төлөө Иосеф гэрээсээ олонтаа хол явдаг байсан ч, Иосеф, Эмма хоёр бие биеэ үргэлж халуун хайраар хайрладаг байжзэ.

1827 оны есдүгээр сарын 22-нд, тэрээр анх харснаас хойш дөрвөн жилийн дараа ялтсуудыг Иосефт итгэмжлэн хүлээлгэж өгөв. Гэвч ялтсуудыг түүний мэдэлд байх үед нутгийн танхайрагч бүлэг тэдгээрийг хулгайлах гэж дахин дахин, улайран оролдсоор байлаа. Энэхүү байнгын мөрдлөгөөс ангижрахын тулд Иосеф, Эмма хоёр Эммагийн эцэг эхийн амьдарч байсан Хармонид 1827 оны арванхоёрдугаар сард эргэж иржээ. Иосеф энд суурьшин ялтсуудыг орчуулж эхлэв.

Палмирагийн чинээлэг фермийн аж ахуйтан Мартин Харрис 1828 оны эхээр Их Эзэний хожмын үеийн ажлын тухай гэрчлэлтэй болж, орчуулганд нь Иосефт туслахаар Хармонид хүрч ирэв. Тэр жилийн зургадугаар сар гэхэд Иосефын орчуулгын ажил гар бичмэлээр 116 хуудас болсон байлаа. Мартин гар бичмэлийг Палмира дахь гэртээ аваачин, гэр бүлийнхээ зарим гишүүдэд үзүүлэх зөвшөөрлийг Бошиглогчоос дахин дахин хүссээр байв. Бошиглогч Их Эзэнээс асуусанд болохгүй гэж хариулсан ч, тэрээр Их Эзэнээс дахин хоёр удаа асууж, эцэст нь гар бичмэлийг авч явахыг Мартинд зөвшөөрсөн аж. Гар бичмэл Палмирад байхдаа алдагдаж, дахиад огт олдоогүй билээ. Их Эзэн түүнийг даруусган, наманчлуулахын тулд Урим ба Туммимыг, бас ялтсуудыг Бошиглогчоос түр хугацаагаар будаан авсан юм. Иосеф Их Эзэнээс хүлээн авсан нэг илчлэлтэнд, тэрээр хүмүүсээс биш харин Бурханаас үргэлж эмээх ёстойг мэдэж авчээ (С ба Г 3-р хэсгийг үз). Тэгэхэд тэр дөнгөж 22-той байсан ч, тэр цагаас хойш Их Эзэний зарлиг бүрийг дагахад түүний амьдрал төгс үлгэр жишээ болсон билээ.

1829 оны дөрөвдүгээр сарын 5-нд Иосефоос нэг дүү, сургуулийн багш Оливер Каудери Хармони дахь Иосефын гэрт хүрч ирэв. Тэр залбирлынхаа хариуд Бошиглогчийн ажил үнэн болох тухай гэрчлэл хүлээн авсан аж. Хоёр хоногийн дараа орчуулгын ажил дахин эхэлж, Иосеф хэлж өгч, Оливер бичиж байлаа.

Бурханы санваарын сэргээлт

Иосеф, Оливер хоёр Мормоны Номын орчуулга дээр ажиллаж байх үедээ Аврагч эртний нифайчууд дээр хүрч ирсэн тухай шастирыг уншжээ. Ингээд тэд баптисмын тухай удирдамжийг Их Эзэнээс хүсэхээр шийдсэн гэнэ. Тэр хоёр залбирахаар Иосефын гэрийн ойролцоох Сасквиеханна голын эрэг дээр тавдугаар сарын 15-нд очжээ. Нэн гайхалтай үйл явдал болж, өөрийгөө Иохан Баптист гэж хэлсэн нэгэн тэнгэрлэг хүмүүн тэдэн дээр хүрч ирэв. Тэрээр Аароны санваарыг тэдэнд хүртээж, бие биедээ баптисм хүртээх заавар өгчээ. Арай хожуухан Иохан Баптистын амласнаар Төлөөлөгч Петр, Иаков, Иохан нар бас Иосеф, Оливер хоёр дээр хүрч ирэн, Мелкизедек санваарыг тэдэнд хүртээж, тэр хоёрыг Төлөөлөгчөөр томилсон билээ.

Эдгээр айлчлалуудын өмнө Иосеф, Оливер хоёр мэдлэг эзэмшиж, итгэлтэй болсон байлаа. Харин тэнгэр элчүүдийг хүрч ирсний дараа Түүний Сүмийг дэлхий дээр үндэслэн байгуулах, авралын ёслолуудыг гүйцэтгэхэд шаардлагатай Бурханы санваарын хүч, эрх мэдэл тэдэнд байлаа.

Мормоны Номыг хэвлэж Сүмийг зохион байгуулсан нь

1829 оны дөрөв, тавдугаар сард Хармони дахь түүний гэрт Бошиглогчийн орчуулгын ажил мөрдлөг хавчлагаас болж тасалдах нь улам ихсэв. Үүний улмаас Иосеф, Оливер хоёр орчуулгыг эцэг Петр Витмерийн гэрт дуусгахын тулд Нью-Йоркийн Фейетте хотод түр хугацаагаар шилжин очжээ. Оливер Бошиглогчийн бичээчээр үйлчилж эхэлснээс хойш гурван сар хүрэхгүй хугацаанд буюу зургадугаар сард орчуулга дуусав. Наймдугаар сард Иосеф номыг хэвлүүлэх гэрээг Палмирагийн хэвлэгч Эгберт Б.Грандинтай хийжээ. Хэвлэлийн зардлыг баталгаатай төлөхийн тулд Мартин Харрис фермээ барьцаанд тавьсан бөгөөд хожим нь барьцааг төлөхийн тулд фермээсээ 151 (61 га) акр газрыг зарсан гэдэг. Мормоны Номыг 1830 оны гуравдугаар сарын 26-нд Грандины номын дэлгүүрт олон нийтэд зориулан худалдахаар тавьжээ.

Мормоны Номыг худалдаанд гаргасан тухай зарласнаас хойш яг арваннэг хоногийн дараа 1830 оны дөрөвдүгээр сарын 6-нд Нью-Йоркийн Фейетте дэх эцэг Петр Витмерийн дүнзэн байшинд 60 орчим хүн цуглав. Цуглаан дээр Иосеф Смит хожим нь илчлэлтээр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм гэж нэрлэсэн Сүмийг албан ёсоор зохион байгуулсан билээ (С ба Г 115:4-ийг үз). Энэ бол Сүнс өгүүлшгүй ихээр мэдрэгдсэн баяртай үйл явдал байлаа. Ариун ёслолыг гүйцэтгэж, итгэгчдэд баптисм хүртээн, Ариун Сүнсний бэлэг өгч, эрчүүдийг санваарт томилжээ. Цуглааны үеэр хүлээн авсан нэг илчлэлтэд Их Эзэн Иосеф Смитийг Сүмийн удирдагч: “үзмэрч, орчуулагч, бошиглогч, Есүс Христийн төлөөлөгч, сүмийн ахлагчаар Бурхан Эцэгийн таалал хийгээд мөн Их Эзэн Есүс Христийн ач ивээлээр” (С ба Г 21:1) томилсон билээ. Тийнхүү Есүс Христийн Сүм дэлхий дээр дахин үндэслэгдэн бий болсон юм.

Огайогийн Көртданд: Сүмийн өргөжилт

Сүмийн гишүүд өөрсдийнхөө мэдсэн үнэнийг урам зоригтойгоор хуваалцаж, шинэ Сүм түргэн өсч байлаа. Удалгүй Нью-Йоркийн Фейетте, Манчестер, Колесвилл хотод салбарууд зохион байгуулагдав. Иосеф, Эмма хоёрыг Пеннсильваний Хармонигаас Фейеттед шилжиж ирсний дараахан номлогчид Миссурийн баруун захаар оршин сууж байсан “леменчүүд уруу очих” (С ба Г 28:8) ёстойг Их Эзэн 1830 оны есдүгээр сард Бошиглогчид илчилсэн ажээ. Номлогчдын аялал Огайогийн Көртландын нутгийг дайран өнгөрөх үед үнэнийг эрж хайсан шашны нэг бүлэгтэй тэд тааралдаж, 130 орчим хүнийг, түүний дотор хожим нь Тэргүүн Зөвлөлийн гишүүн болсон Сидней Ригдонг хөрвүүлжээ. Гишүүд сайн мэдээг эргэн тойрныхоо хүмүүстэй хуваалцсанаар Көртланд дахь Гэгээнтнүүдийн тоо хэдэн зууд хүрч өсөв.

Нью-Йоркт Сүм өсч хөгжихийн хамт Сүмийг эсэргүүцэх нь ч улам өсч байв. 250 бээр (400 км) хол орших “Огайо уруу явахыг” (С ба Г 37:1) Сүмийн гишүүдэд зааварласан илчлэлтийг Бошиглогч 1830 оны арванхоёрдугаар сард хүлээн авчээ. Дараагийн хэдхэн сард Нью-Йоркийн Гэгээнтнүүдийн олонх нь Огайогийн Көртландад цуглахын тулд өмч хөрөнгөө олон тохиолдолд их хохирол хүлээн зарж, шаардлагатай золиослолыг хийж байлаа. Иосеф Смит, Эмма Смит хоёр Огайог зорин хөдөлсөн эхний хэсгийн хамт Көртландад 1831 оны хоёрдугаар сарын 1-ний орчимд ирэв.

Гэгээнтнүүдийн цугларах хоёр газар

1831 оны зургадугаар сард Көртландад Сүм өсөн хүчирхэгжиж байх үед Их Эзэн Бошиглогч болон Сүмийн бусад удирдагчдыг Миссури уруу аялахад удирдан чиглүүлжээ. Тэнд Тэрээр Гэгээнтнүүдэд “[тэдний] өвийн нуггийг” (С ба Г 52:3-5, 42-43-ыг үз) илчилсэн ажээ. 1831 оны зургаа, долдугаар сард Бошиглогч болон бусад хүмүүс Көртландаас бараг 900 бээр (1448 км) хол, Америкийн хүн ам суурьшсан нутгийн баруун зах Миссурийн Жаксон дүүрэг уруу явав. Бошиглогч энд ирснийхээ дараахан, “Миссурийн нутаг болох … энэ нутгийг Гэгээнтнүүдийн цугларалтын тулд бибээр та нарт өгсөн мөн ариулан адисалсан билээ. Иймийн тул, энэ бол амлалтын нутаг, мөн Сионы хотод зориулсан газар бөлгөө. … Эдүгээ Индепенденс хэмээн нэрлэгдэх уг газар нь төв газар болой; мөн ариун сүмд зориулсан хэсэг газар баруунтаа буй” (С ба Г 57:1-3) гэсэн илчлэлтийг Их Эзэнээс хүлээн авсан юм.

Эртний Библийн бошиглогчдын хийсэн бошиглолуудыг 25 настай Иосеф Смит гүйцэлдүүлж, Сионы хотын суурийг Америкт тавьж эхэлсэн юм. 1831 оны наймдугаар сард тэрээр уг нутгийг цугларалтын газар болгосон онцгойлон адислах ёслолыг тэргүүлж, ариун сүмийн газрыг онцгойлон адислав. Бошиглогч түүнээс хойш удалгүй Огайод эргэн ирж, Миссурид цуглахыг итгэлтэй хүмүүст уриалжээ. Олон зуун Гэгээнтэн Миссури дэх шинэ нутгаа зорин Америкийн зэлүүд хязгаар уруу арван есдүгээр зуунд хүнд бэрх аян хийсэн билээ.

1831-1838 онд Сүмийн гишүүд Огайо, Миссури хоёрт амьдарч байлаа. Бошиглогч болон Арванхоёрын Чуулгын гишүүд тэрчлэн сүмийн олон гишүүн Көртландад амьдарч байсан бол, Миссурид цугласан Сүмийн бусад гишүүдийг Бошиглогчийн чиглүүлэл дор тэдний санваартны удирдагчид удирдаж байлаа. Сүмийн удирдагчид захидлаар харилцан Көртланд, Миссурийн хооронд байнга явдаг байв.

Үргэлжилж буй илнлэлт

Бошиглогч Көртландын бүст амьдарч байхдаа хожмын үе дэх сайн мэдээний сэргээлтийн талаар Их Эзэнээс олон илчлэлт хүлээн авсан юм. Сүмийн удирдагчид эдгээр илчлэлтүүдээс олныг нь Зарлигуудын Ном хэмээн нэрлэгдэх эмхтгэл болгон хэвлэхээр 1831 оны арваннэгдүгээр сард шийдвэрлэсэн аж. Уг номыг Миссурийн Индепенденст хэвлэхээр болжээ. Гэвч танхайрагч бүлгүүд 1833 оны долдугаар сард хэвлэх үйлдвэрийг бас хэвлэсэн олон хуудсыг устгасан байна. Энэ номоос хэдхэн ширхэг нь устгагдалгүй үлдсэнийг эс тооцвол Зарлигуудын Ном Сүмийн гишүүдийн гар дээр ерөөсөө очоогүй юм. Зарлигуудын Номонд орсон олон илчлэлт түүнчлэн бусад олон илчлэлт Сургаал ба Гэрээ нэртэйгээр 1835 онд Көртландад хэвлэгджээ.

Бошиглогч Көртландын бүст амьдарч байхдаа Их Эзэний зарлиг болгосноор 1830 онд эхэлсэн Библийн Иосеф Смитийн Орчуулгаа бас үргэлжлүүлж байв. Олон зууны туршид Библиэс олон эрхэм үнэт зүйлс алга болсон байлаа. Иймээс Бошиглогч Хаан Жеймсийн Библийн хувилбарын текстэд засвар хийж, алга болсон мэдээллийг сэргээхээр Сүнсээр удирдагдсан билээ. Энэ ажил сайн мэдээний чухал үнэнүүдийг, түүний дотор эдүгээ Сургаал ба Гэрээнд орсон олон илчлэлтийг сэргээхэд хөтөлсөн юм. Бошиглогч Библид оруулсан засвараа хэвлүүлэхээр төлөвлөж байсан ч, илүү тулгамдсан олон асуудал, түүний дотор мөрдлөг хавчлага энэ засварыг хэвлүүлэхэд саад тотгор учруулж байв.

Иосеф Смит сүнсээр нөлөөлөгдсөн Библийн засварын нэг хэсэг болгон эдүгээ Мосегийн ном болон Иосеф Смит-Матай гэж нэрлэгддэг хэсгийн сүнсээр нөлөөлөгдсөн орчуулга болох илчлэлтийг хүлээн авчээ. Бошиглогч үйсэн дээр бичсэн Абрахамын номыг 1835 онд эртний египет хэлнээс орчуулж эхэлсэн аж. Энэ цэдгийг Сүм худалдаж авсан юм. Эдгээр бүх орчуулга хожим нь Агуу Үнэт Сувд судрын хэсэг болсон билээ.

Көртландад Бошиглогчийн хүлээн авсан илчлэлтүүдийн дотор Сүмийн ерөнхий удирдлагыг тодорхойлсон илчлэлтүүд байлаа. Их Эзэний удирдлага дор Иосеф Смит Тэргүүн Зөвлөлийг 1832 онд зохион байгуулсан билээ.7 Тэрээр Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга, Далын Чуулгыг 1835 онд зохион байгуулав. Көртландад 1834 онд гадас зохион байгуулагджээ. Энэ үед тэрээр орон нуггийн Сүмийн гишүүдийн хэрэгцээнд үйлчлэхийн тулд Аароны болон Мелкизедек санваартны чуулгуудыг үндэслэн байгуулав.

Энэ эрин үе дэх анхны ариун сүм

Их Эзэн Сэргээлтийн хамгийн чухал хэсгүүдийн нэг болох ариун сүмийн хэрэгцээг Иосеф Смитэд илчилсэн билээ. 1832 оны арванхоёрдугаар сард Их Эзэн Огайогийн Көртландад ариун сүмийн барилгын ажил эхлэхийг Гэгээнтнүүдэд зарлиг болгов. Сүмийн олон гишүүн шаардлага хангахуйц орон гэр, ажил алба, хоол хүнсээр дутагдаж байсан ч, тэд Их Эзэний эл зарлигт урам зориг, өндөр идэвхээр хариулж, Бошиглогч тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж байлаа.

1836 оны гуравдугаар сарын 27-нд Иосеф Смит ариун сүмийг онцгойлон адислах үеэр Сүнс Пентекостын өдөр ирсэнтэй адилаар элбэг дэлбэгээр юүлэгдсэн ажээ. Долоо хоногийн дараа 1836 оны дөрөвдүгээр сарын 3-нд шашны түүхэнд онцгой чухал зарим нэг үйл явдал болов. Их Эзэн Есүс Христ энэ ариун сүмд Иосеф Смит, Оливер Каудери хоёр дээр хүрч ирэн, “Би энэ өргөөг хүлээж авлаа, мөн миний нэр энд байх болно; мөн энэ өргөөнд өөрийн хүмүүст нигүүлсэлд бибээр өөрийгөө үзүүлэх болно” (С ба Г 110:7) гэж мэдэгдсэн билээ. Хуучин Гэрээний эрин үеүдийн төлөөлөгч Мосе, Елиас, Елиа нар бас хүрч ирэв. Тэд эрт үед дэлхийгээс татан авагдсан санваарын түлхүүрүүд болон эрх мэдлийг сэргээсэн юм. Эдүгээ Израилыг дэлхийн дөрвөн зүгээс цуглуулж, гэр бүлүүдийг энэ амьдралд болон үүрд мөнхөд лацдан холбох эрх мэдэл Бошиглогч Иосеф Смитэд байлаа. (С ба Г 110:11-16-г үз.) Ийнхүү санваарын түлхүүрүүдийг сэргээсний дараа Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдал дэлхий дээр сэргээгдэх хүртэл “Шат шатаар, дүрэм дүрмээр, энд бяцхан мөн тэнд бяцханыг” (С ба Г 128:21) гэсэн загварыг Их Эзэн Бошиглогчид өгсөн билээ.

Үүрдийн сайн мэдээг номлосон нь

Их Эзэн Бошиглогчийн үйлчлэлийн бүх үеийн туршид “сайн мэдээг хүн болгонд номлохын” (С ба Г 68:8) тулд номлогчдыг илгээхэд түүнийг удирдан чиглүүлж байв. Энэхүү үүрэг даалгавар асар их үүрэг хариудлага оногдуулж байгааг Бошиглогч өөрөө мэдэрсэн учир сайн мэдээг тунхаглахын тулд гэр орон, гэр бүлээ олон удаа орхин явдаг байлаа. Сүмийн эхэн үеийн жилүүдэд Нэгдсэн Улс болон Канадын янз бүрийн хэсэгт номлохын тулд номлогчдыг дуудсан юм.

1837 оны зун ахлагчдыг Англи уруу илгээхэд Бошиглогч сүнсээр нөлөөлөгдсөн ажээ. Энэхүү агуу үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд номлогчдын жижиг бүлгийг удирдан явах үүргийг Бошиглогч Арванхоёрын Чуулгын гишүүн Хебер К.Кимбаллд өгөв. Ахлагч Кимбалл гэр бүлээ хоол хүнс, хувцас хунар, толгой хоргодох орон гэргүй шахам орхиод, Их Эзэн өөрийг нь удирдана гэсэн итгэл өвөрлөн аян замд гарчээ. Англид нэг жилийн дотор ойролцоогоор 2,000 хүн Сүмд элсэв. Иймээс Иосеф Смит 1839-1841 онд Их Британид үйлчлүүлэхээр Арванхоёрын гишүүдийг илгээв. Энэ номлол ч бас гайхалтай амжилтанд хүрсэн юм. 1841 он гэхэд 6,000 гаруй хүн сайн мэдээг баяртай хүлээн авсан байлаа. Эдгээр хөрвөгчдөөс олон нь Нэгдсэн Улсад цагаачлан ирж, маш хүнд үед Сүмийг шинэчлэн, бэхжүүлсэн юм.

Көртландыг орхин явсан нъ

Көртландын Гэгээнтнүүд бараг энд ирсэн үеэсээ эхлэн мөрдлөг хавчлагад өртсөн юм. Гэвч 1837, 1838 онд эсэргүүцэл бүр гаарав. “Чөтгөр Бурханыг эсэргүүцсэн үедээ үргэлж өөрийн хаант улсыг бий болгодог”8 хэмээн Бошиглогч “Бурханы хаант улсад өгсөн илчлэлтэд” өгүүлжээ. Сүмийн гаднах дайснууд болон түүнийг эсэргүүцсэн урвагчдын аль алиных нь эсэргүүцэл, дайсагналын хамаг хүндийг Бошиглогч хүлээдэг байв. Түүнд шударга бусаар ял тулган, үндэсгүй олон гэмт хэрэг, иргэний хэрэг тулган үйлийг нь үзэж байлаа. Иймээс тэр амь насанд нь заналхийлж байсан хүмүүсээс нуугдахаас аргагүйд хүрсэн юм. Гэвч тэр байнгын дайсагнал, эсэргүүцлийн дунд итгэл бишрэл, эрэлхэг зоригтой хэвээр үлдсэн билээ.

Эцэстээ Көртландын бүс дэх мөрдлөг хавчлага тэсвэрлэхийн аргагүй бэрх боллоо. 1838 оны нэгдүгээр сард Бошиглогч болон түүний гэр бүл Көртландыг орхин явж Миссурийн Фар Вестэд толгой хоргодохоос аргагүйд хүрсэн ажээ. Тэр жилийн эцсээр Көртландын Гэгээнтнүүдийн ихэнх нь гэр орон, эрхэмлэн дээдэлдэг ариун сүмээ орхин түүний хойноос хөдлөв.

Гэгээнтнүүд Миссурид

Жаксон дүүргээс хөөгдсөн болон Сионы Хуарангийн хээрийн аян

Гэгээнтнүүд Көртландад Сүмийг бэхжүүлэхийн төлөө тэмцэж байсан үед Сүмийн бусад олон гишүүн Миссурийн Жаксон дүүрэгт мөн л ийн тэмцэж байлаа. Хожмын үеийн Гэгээнтнүүд тус дүүрэгт 1831 оны зунаас суурьшиж эхэлсэн аж. Хоёр жилийн дараа Гэгээнтнүүд 1,200 орчим буюу тэндхийн хүн амын гуравны нэг орчим болсон байлаа.

Гэгээнтнүүд хүрч ирсэн нь уг нутагт суурьшаад олон жил болсон хүмүүст асуудал удсан аж. Ихэвчлэн Нэгдсэн Улсын хойд хэсгээс ирсэн, өмнөдийн боол эзэмших заншлыг дэмждэггүй шинэ суурьшигчдад улс төрийн хяналт тавьж чадахгүй болохвий гэхээс миссуричүүд айж байсан юм. Түүнчлэн Мормоны Ном, шинэ илчлэлт, Сионд цугларах гэхчлэн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн итгэл, сургаалууд миссуричүүдийн хувьд хачирхалтай сонин байсан учраас тэд энэ бүхэнд сэжиглэнгүй ханддаг байв. Хожмын Үеийн Гэгээнтнүүд худалдаа арилжаа, ажил төрлөө ихэнхдээ өөрсдийнхөө дунд явуулдагт тэд бас дургүйцдэг байсан аж. Танхайрагч бүлгүүд болон орон нутгийн сайн дурын цагдаа нар удалгүй Гэгээнтнүүдийг элдвээр хяхан хавчиж, 1833 оны арваннэгдүгээр сард Жаксон дүүргээс хөөжээ. Гэгээнтнүүдийн олонх нь Миссури мөрнийг гатлан, хойд зүг Миссурийн Клей дүүрэг уруу явав.

Иосеф Смит Миссурийн Гэгээнтнүүдэд тохиолдсон зовлон зүдгүүрийн тухайд санаа нь ихэд зовж байв. 1833 оны наймдугаар сард тэрээр Миссури дэх Сүмийн удирдагчдад хандан Көртландаас бичихдээ: “Ах нар аа, хэрэв би та нартай хамт байсан бол зовлон зүдгүүрийг тань арилгахын төлөө идэвхтэй ажиллах байсан. Гай зовлон, үхэл хагацлаас зайлсхийх нь хүмүүний жам ёс хэдий ч, үхэл хагацал нүүрлэсэн үед та нарыг Бурханы тусламжгүйгээр зөнд нь орхихыг миний сүнс зөвшөөрөхгүй ээ. Ай, зоригтой байцгаа. Учир нь бидний гэтэлгэл ойртож байна. Ай Бурхан минь, Сион дахь ах дүүсийг минь авраач”9 гэжээ.

Зовлон зүдгүүр тохиолдсон Гэгээнтнүүдэд тусламж үзүүлж, Жаксон дүүрэг дэх газраа эргүүлж авахад тэдэнд туслахын тулд Көртландаас Миссури уруу явах аяны бүлгийг удирдахад түүнийг чиглүүлсэн илчлэлтийг Иосеф Смит 1834 оны хоёрдугаар сард хүлээн авчээ (С ба Г 103-р хэсгийг үз). Бошиглогч Их Эзэний зарлигт хариулан Миссури уруу аялах Сионы Хуаран хэмээн нэрлэгдсэн бүлгийг зохион байгуулав. Эцэстээ 200 гаруй гишүүнтэй болсон энэ бүлэг 1834 оны тав, зургадугаар сард Огайо, Индиана, Иллиной, Миссурийг туулан баруун зүгт аянд гарчээ. Тэдэнд олон бэрхшээл зовлон тохиолдож, булчин задрах тахал гарсан юм. 1834 оны зургадугаар сарын 22-нд уг бүлэг Жаксон дүүрэгт ойртон ирэх үед хуаранг татан буулгах илчлэлтийг Бошиглогч хүлээн авав. Харин Их Эзэний өөрийнх нь цагт Сион гэтэлгэгдэх болно гэдгийг Тэрээр амлажээ. (С ба Г 105:9-14-ийг үз.) Клей дүүрэгт гадсыг зохион байгуулж, Давид Витмерийг ерөнхийлөгчөөр нь томилоод, Бошиглогч Огайод будаж ирэв.

Сионы Хуаран Гэгээнтнүүдэд өмч хөрөнгийг нь сэргээгээгүй ч, Сүмийн ирээдүйн удирдагчдыг сурган бэлтгэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм. Учир нь хуаранд оролцогчид Бошиглогчийн үлгэр дуурайл, сургаалуудаас зөв шударга удирдлагын зарчмуудыг сурсан билээ. 1835 оны хоёрдугаар сарын 14-нд Көртландад болсон Сионы Хуарангийн болон Сүмийн бусад гишүүдийн нэг хурал дээр Бошиглогч Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгыг зохион байгуулсан юм. Тэрээр хоёр долоо хоногийн дараа Далын Чуулгыг зохион байгуулжээ. Арванхоёрын Чуулгын есөн гишүүн, Далын Чуулгын бүх гишүүн Сионы Хуаранд аялагчид байлаа.

Хойд Миссурид суурьшсан нь

Миссурийн Клей дүүргийн оршин суугчид цаашид гадныханд орогнох газар олгохоо зогсоолоо гэж 1836 онд мэдэгдэх хүртэл Сүмийн олон гишүүн тус дүүрэгт амьдарсаар байлаа. Иймд Гэгээнтнүүд хойд Миссури уруу нүүж, тэдний олонх нь, оршин сууж байсан газраасаа хөөгдсөн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийг суурьшуулахын тулд муж улсын хууль тогтоомжоор шинээр зохион байгуулагдсан Калдвелл дүүрэгт суурьшив. 1838 онд Көртландыг орхин явахад албадуулсан Гэгээнтнүүдийн том хэсэг энд ирж тэдэнтэй нийлжээ. Гуравдугаар сард Бошиглогч гэр бүлийнхээ хамт Фар Вестэд хүрч ирснээр Калдвелл дүүрэгт Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн суурин бий болж хөгжин, Сүмийн төв байгууллагуудыг үндэслэн бий болгожээ. Дөрөвдүгээр сард Их Эзэн Фар Вестэд ариун сүм барихад Иосеф Смитийг чиглүүлсэн аж (С ба Г 115:7-16-г үз).

Харамсалтай нь Гэгээнтнүүдийн амар тайван байдал хойд Миссурид удаан үргэлжилсэнгүй. 1838 оны намар танхайрагч бүлгүүд болон орон нутгийн сайн дурын цагдаа нар Хожмын Үеийн Гэгээнтнүүдийг дахин хэрцгий балмадаар дайрч довтолжээ. Сүмийн гишүүд үүнд нь хариулж, өөрсдийгөө хамгаалсанд Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагчдыг баривчилж, эх орноосоо урвасан хэмээн ял тулгав. Арваннэгдүгээр сард тэднийг Индепенденст дараа нь Миссурийн Ричмондод шоронд хорьжээ. Арванхоёрдугаар сарын 1-нд тэднийг Миссурийн Либерти дэх шоронд аваачсан аж. Бошиглогч болон түүний хамтрагчид тэр өвөл харгис хэрцгий, тэсвэрлэхийн аргагүй хүнлэг биш нөхцөлд байв. Тэднийг гяндан гэх газар доорх, харанхуй, хүйтэн, бохир заваан нүхэн зооринд хорьж, өлссөний эрхэнд арга буюу хоолойгоороо давуулахаас аргагүй муу хоол өгдөг байв. Бошиглогч өөрт нь болон тэдгээр Гэгээнтнүүдэд учирсан хүнд сорилтыг “Абрахамын сорилттой эн тэнцэх бидний итгэлийн сорилт”10 хэмээн дүрсэлжээ.

Бошиглогчийг шоронд хоригдож байх үед мянга мянган Хожмын Үеийн Гэгээнтэн, түүний дотор Бошиглогчийн өөрийнх нь гэр бүл 1838-1839 оны өвөл, хавар Миссури дэх гэр орноосоо албан шахалтаар хөөгджээ. 1839 оны гуравдугаар сарын 7-нд Эмма Иллинойн Квинсигээс Иосефт бичихдээ: “Бяцхан үрсээ эс тооцвол, гэр орон, эзэмшиж, эдэлж хэрэглэж байсан хамаг юмаа орхиж, чамайгаа тэр дүнсгэр гянданд үлдээгээд Миссури мужаас аян замд гарах үед оюун ухаанд минь юу эргэлдэж, зүрх сэтгэлийг минь юу шаналган зовоож байсныг Бурханаас өөр хэн ч мэдэхгүй”11 гэжээ. Бригам Янг болон Сүмийн бусад удирдагчдын удирдлагаар Гэгээнтнүүд баруун зүг Иллинойг зорин хөдөлсөн юм.

Наувуд өнгөрүүлсэн жилүүд

Хайрт удирдагч

1839 оны дөрөвдүгээр сард Бошиглогч болон түүний хамтрагчдыг шүүх хурал болох газар өөрчлөгдсөний улмаас Либерти шоронгоос Миссурийн Галлатин уруу шилжүүлэх болжээ. Удалгүй тэднийг Галлатинаас Миссурийн Колумб уруу дахин шилжүүлэх үед шударга бусаар хоригдож байгаа учраас оргон зайлах боломжийг харгалзагчид тэдэнд олгожээ. Миссуригээс зугтсаны дараа Сүмийн гол бие бүрэлдэхүүн цугларсан Иллинойн Квинсиг зорин тэд аяны замаа хөөлөө. Удалгүй Гэгээнтнүүдийн ихэнх нь Бошиглогчийн удирдлагаар Иллинойн Коммерсээс хойд зүгт 50 бээр (80 км) газарт Миссиппи мөрний нэгэн тохой дахь тосгонд суурьшиж эхлэв. Иосеф уг газрын нэрийг өөрчилж, Науву хот гэж нэрлэв. Ингээд дараагийн жилүүдэд Нэгдсэн Улс, Канад, Их Британиас гишүүд, шинээр хөрвөгчид Наувуд олноороо ирж, энэ хот Иллиной дахь хүн ам хамгийн олноор суурьшсан газруудын нэг болсон ажээ.

Иосеф, Эмма хоёр голын ойролцоо нэгэн жижиг дүнзэн байшинд амьдрах болов. Энэ байшин Наувуд байсан эхний үед Бошиглогчийн оффис болдог байжээ. Тэрээр амь зуулгаа залгуулахын тулд фермийн аж ахуй эрхэлж, хожим нь төрөл бүрийн барааны дэлгүүр ажиллуулж байв. Гэвч түүний цаг завын ихэнхийг Сүмийн болон иргэний үүрэгт ажлууд авдаг байсан учраас гэр бүлийнхээ материаллаг хэрэгцээг хангах нь Бошиглогчид хэцүү байлаа. 1841 оны аравдугаар сард түүний хувийн эд хөрөнгө гэвэл Көртландад байхад нь түүнд бэлэглэсэн хөгшин Чарли (морь), хоёр тэжээвэр буга, хоёр хөгшин, дөрвөн залуу цацагт хяруул, Миссурид нэг ах түүнд өгсөн хөгшин үнээ, өөрийнх нь хөгшин Мейжор (нохой),… бас гэрийн бага сага тавилга байлаа.“12

1843 оны наймдугаар сарын сүүлчээр Бошиглогч гэр бүлийнхээ хамт гудамжны нөгөө талд шинээр барьсан хоёр давхар Ордон гэрт нүүж оржээ. Иосеф, Эмма хоёр тэр үед амьд үлдсэн дөрвөн хүүхэдтэй байлаа. Тэр хоёр өнгөрсөн жилүүдэд зургаан сайхан үрээ оршуулсан ажээ. Бас нэг хүүхэд Иосефыг алагдсанаас хойш төрсөн аж. Иосеф Смит, Эмма Смит нарын гэр бүлд төрсөн арваннэгэн хүүхэд нь: 1828 онд төрснийхөө дараахан эндсэн Алвин; 1831 онд төрж, төрснийхөө дараа удалгүй эндсэн ихэр хоёр Тадеус, Люиза нар; Жон Мюрдок, Жюли Мюрдок нарын гэр бүлд төрсөн боловч, Жюли эгчийг 1831 онд хүүхэд төрүүлснийхээ дараа нас барахад Иосеф, Эмма хоёрын үрчилж авсан ихэр Жозеф, Жюли хоёр (Жозеф 11 сартайдаа 1832 онд энджээ)13; 1832 онд төрсөн Жозеф III, 1836 онд төрсөн Фредерик; 1838 онд төрсөн Александр; 1840 онд төрөөд 14 сартайдаа нас барсан Дон Карлос; 1842 онд төрөөд төрсөн өдрөө эндсэн нэг хүү; 1844 онд төрсөн Давид нар болно. Давидыг төрснөөс хойш бараг таван сарын дараа аавыг нь егүүтгэсэн юм.

Бошиглогч үйлчлэлийнхээ бүх үеийн турш Гэгээнтнүүдийн дунд байх дуртай байжээ. “Энэ бол тэнгэрийн доорх хамгийн сайхан газар, бас хүмүүс нь тэнгэрийн доорх хамгийн сайхан хүмүүс”14 хэмээн тэрээр Науву хот болон түүний оршин суугчдын тухай хэлжээ. Үүний хариуд Гэгээнтнүүд түүнийг хайрлаж, анд нөхрөө гэж үзэн “Иосеф Ах” хэмээн олонтаа нэрлэдэг байв. “Танилцсан бүх хүнийг өөртөө татах ер бусын их хүч түүнд байдаг”15 гэж нэг хөрвөгч хэлжээ. “Тэрээр алдаж энддэггүй хүний дүрийг хэзээ ч эсгэдэггүй. Түүнийг ямар ч хүн хайрлахгүй байж чаддаггүй.… бас тэр олон хүний боддог байснаар агуу ихийнхээ улмаас бардамнан сагсуурах ч хүн биш. Харин ч үүний эсрэгээр тэр бол хэнтэй ч хэл амаа амархан ололцдог, намбалаг хүн байлаа”16 гэж Наувугийн нэг оршин суугч бичсэн байдаг. “Би үнэхээр түүн шиг хүн байхыг хүсдэг шүү”17 гэж Английн нэг хөрвөгч Бошиглогчийн тухай Наувугаас гэртээ бичжээ.

Бошиглогч Наувуд олон лекц уншсан бөгөөд Сүмийн гишүүд түүнийг сонсох дуртай байлаа. Учир нь тэр сайн мэдээний илчлэгдсэн үнэнүүдийг эрх мэдэл, хүчээр заадаг байв. “Түүний үг хэлэхийг хэдийд ч сонсоход сэтгэл догдлон, бүх бие минь баяр баясгалангаар дүүрч, бүх зүрх сэтгэлээрээ Их Эзэнд алдар сууг өргөдөг байлаа”18 гэж Ангус М.Каннон дурсчээ. Бригам Янг хэлсэн нь: “Би түүний амнаас гарах үнэт үг бүрийг газарт гээлгүй тосон авч, ойлгож, хэрэг гарсан үед тэдгээрийг санаж, ажил хэрэгтээ ашиглахын тулд олон нийтэд болон хувь хүнд хандаж хэлсэн үгийг нь сонсон, Бошиглогч Иосефтой хамт байх боломжийг хэзээ ч алддаггүй байсан.… Ийм агшин нь надад дэлхийн бүх баялгаас ч илүү үнэ цэнэтэй байлаа.”19

Иосеф Смитийн удирдлагын цар хүрээ шашны үүрэг хариуцлагаас нь халин гардаг байлаа. Бошиглогч Наувуд иргэний, эрхзүйн, бизнесийн, боловсролын болон цэргийн ажил хэрэгт оролцдог байв. Науву хот соёлын болон иргэний хөгжил дэвшлийн бүхий л давуу тал, ашиг тусыг иргэддээ өгдөг байхыг тэр хүсдэг байлаа. Миссурид Гэгээнтнүүдээс булаан авсан эрх, өмч хөрөнгийг нь эргүүлж олгох талаар мужийн болон холбооны албан тушаалтнууд юу ч хийхгүй байгаад урам нь ихээхэн хугарсан учраас Иосеф Смит Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлэхээр 1844 оны нэгдүгээр сард мэдэгдсэн билээ. Ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал түүнд бага байсныг ихэнх ажиглагчид хүлээн зөвшөөрсөн ч, тэрээр нэрээ дэвшүүлсэн нь үндсэн хуулиар баталгаажсан Гэгээнтнүүдийн эрхийг ихээхэн хэмжээгээр зөрчиж байгаад олон нийтийн анхаарлыг хандуулж чадсан юм. Бүх хүн “манай үндэсний эрх чөлөөний аварга модны үр жимснээс хүртэх адил тэгш эрхтэй”20 хэмээн Бошиглогч нэгэнтээ мэдэгдсэн билээ.

Ариунаас Ариуныг Их Эзэнд: Бурханд зориулан Наувуд Ариун Сүм баръсан нь

Гэгээнтнүүд Көртландыг орхин явахаар албадуулахад, хөлс хүчээ шавхан байж барьсан ариун сүмээ орхихоос аргагүйд хүрсэн юм. Гэвч тэд дахин хэзээ нэгэн цагт энд ариун сүм барих болно. Учир нь Наувуд ариун сүм барихыг Их Эзэн тэдэнд зарлиг болгосон билээ. Энэ ажил 1840 оны намар эхэлж, 1841 оны дөрөвдүгээр сарын 6-нд суурийн чулууг нь тавих ёслолыг Бошиглогч тэргүүлсэн юм. Наувугийн Ариун сүмийн барилга бол тэр үед Нэгдсэн Улсын баруун хэсэг дэх хамгийн чухал барилгын төслүүдийн нэг байлаа. Ариун сүмийг барих нь агуу золиослол хийхийг Гэгээнтнүүдээс шаардсан юм. Эхлэн хөгжиж байсан энэ хотод олноороо цагаачлан ирсэн Сүмийн гишүүд ерөнхийдөө ядуу зүдүү байлаа.

Бошиглогч 1840 оны наймдугаар сарын 15-наас эхлэн нас барагчдын өмнөөс хийх баптисмын сургаалыг заажээ. Ариун сүмийн барилга дөнгөж эхлэлтийн шатандаа байсан учир Гэгээнтнүүд нас барагчдын өмнөөс хийх баптисмыг эхний үед нутгийн гол, горхинуудад гүйцэтгэдэг байв. Баптисмыг ариун сүмд гүйцэтгэдэг болох хүртэл л энэ туршлагыг ашиглаж болно гэдгийг Их Эзэн 1841 оны нэгдүгээр сард илчилжээ (С ба Г 124:29-31-ийг үз). 1841 оны зун, намар Гэгээнтнүүд ариун сүмийн ухсан газарт түр хугацаагаар баптисмын модон сан барьжээ. Нас барагчдын өмнөөс хийх баптисмыг анх удаа энэ санд 1841 оны арваннэгдүгээр сарын 21-нд гүйцэтгэв.

1841 онд гэр бүлийн хосуудын анхны лацдан холболт гүйцэтгэгдэж, гэрлэлтийн гэрээний мөнхийн мөн чанарыг дүрсэлсэн илчлэлтийг Бошиглогч 1843 онд хэлж бичүүлжээ (С ба Г 132-р хэсгийг үз). Энэ илчлэлтэн дэх сургаалуудыг Бошиглогч 1831 оноос хойш мэдэж байсан аж.21 Тэрээр Бурхан зарлиг болгосны дагуу олон эхнэр авах ёсны тухай сургаалыг зааж байв.

Ариун сүм ойрын үед дуусахгүй учраас хишиг хүртээх ёслолыг ариун сүмээс гадуур хийхээр Иосеф Смит шийджээ. 1842 оны 5-р сарын 4-нд Науву дахь Улаан тоосгон дэлгүүрийнхээ дээд давхрын өрөөнд Бошиглогч ах нарын цөөхөн хүнтэй бүлэгт, түүний дотор Бригам Янгд ариун сүмийн анхны хишгийг хүртээв. Наувугийн Ариун сүм баригдаж дуусахыг Бошиглогч харж чадсангүй. Гэвч 1845, 1846 онд, мянга мянган Гэгээнтэн эдгээр адислалуудыг Бошиглогчоос хүлээн авсан Бригам Янг болон бусад хүмүүсээс ариун сүмийн хишгийг хүртсэн ажээ.

Иосеф Смитийн үйлнлэл төгсгөлдөө ойртов

Гэгээнтнүүд эхний үед Наувуд харьцангуй амар тайван байсан ч, Бошиглогчийн эсрэг мөрдлөг хавчлага улам гаарсан учраас дэлхий дээр гүйцэтгэх үүрэг нь төгсгөлдөө ойртож буйг тэрээр мэдэрчээ. 1844 оны гуравдугаар сард болсон нэгэн дурсгалт цуглаан дээр Бошиглогч өөрийгөө үхсэний дараа Сүмийг удирдах үүргийг Арванхоёрт өгч, энэхүү үүргийг гүйцэтгэх бүх түлхүүр, эрх мэдэл тэдэнд байгааг тайлбарлав. Тэр үед Арванхоёрын Чуулгын гишүүн асан Вилфорд Вудрафф хожим нь: “Бошиглогч Иосеф Смит Наувуд 1844 оны хаврын эхэн үеэр Төлөөлөгчдийг хамтад нь дуудаж, сүмийн болон Бурханы хаант улсын ёслолуудыг тэдэнд шилжүүлэн өгснийг би гэрчилж байна. Бурхан өөрт нь соёрхсон бүх түлхүүр, эрх мэдлийг тэрээр бидний тэргүүн дээр лацдаж, энэхүү хүнд ачааг болон хаант улсыг мөрөн дээрээ үүрч явах ёстой, эс тэгвээс бид зүхэгдэх болно гэдгийг тэрээр бидэнд хэлсэн юм.… Түүний нүүр туяаран гэрэлтэж, махан бодод миний урьд нь огт харж байгаагүй тийм хүчээр бүхэл бие нь дүүрсэн байлаа”22 гэжээ. Бопшглогчийг егүүтгэсний дараа Сүм болон дэлхий дээрх Бурханы хаант улсын төлөөх хариуцлага Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгад оногдсон билээ.

Үймээн самуун, бослого гаргахаар завдсан гэсэн хуурамч ялыг 1844 оны зургадугаар сард Бошиглогчид тулгав. Түүний хэргийг Наувуд хэрэгсэхгүй болгосон ч, Иллинойн захирагч Томас Форд, Ханкок дүүргийн засаг захиргааны төв Иллинойн Картейж дахь шүүх хуралд Иосеф мөнхүү хэргийг танилцуулах ёстой гэж шаарджээ. Бошиглогч ах Хайрумтайгаа Картейжид ирэхэд шүүх хуралд ирнэ гэсэн баталгааг мөнгө төлүүлэн гаргуулж, тэднийг анхны ялаас чөлөөлсөн ч, Иллиной муж улсаас урван тэрсэлсэн хэргээр дахин яллаж, тэндхийн шоронд хорьжээ.

1844 оны зургадугаар сарын 27-ны бүгчим халуун үдээс хойш нүүрээ хараар будсан бүлэг танхайрагчид шорон уруу дайран орж, Иосеф Смит, Хайрум Смит хоёрын амь насыг хөнөөжээ. Аллага болох үед шоронд байсан Виллард Ричардс, Жон Тейлор нар гурван цаг орчмын дараа Науву уруу дараах эмгэнэлтэй мэдээг явуулжээ: “Картейж шорон, оройн 8:05 минут, 1844 оны зургадугаар сарын 27. Иосеф, Хайрум хоёр алагдлаа.… Аллага эгшин зуурт болж өнгөрөв.”23 Бошиглогч Иосеф Смит ийнхүү 38 настайдаа гэрчлэлээ цусаараа лацадсан билээ. Мөнх бус байдал дахь түүний ажил дуусч, Бурханы Сүм болон хаант улс дэлхий дээр сүүлчийн удаа байраа олсон үед Иосеф Смит алуурчдын суманд өртөн амь насаа алдсан юм. Бошиглогч Иосеф Смитийн тухай Их Эзэн Өөрөө ийн гэрчилсэн юм: “Бибээр өөрийн ажлыг урагш авчрахын тулд тохинуулагч үйлчлэгчид, тэнгэр элчүүдээрээ, мөн тэнгэрээс өөрийн дуу хоолойгоор Иосеф Смитийг дуудсан билээ; тэрээр тэрхүү суурийг тавьсан юм, мөн итгэлтэй байв; мөн бибээр түүнийг өөртөө авсан билээ. Түүний үхлийн улмаас олон хүн гайхсан билээ; гэвч тэрбээр алдар хүндийг хүлээж, мөн ёс бусчууд яллагдахын тулд өөрийн гэрчлэлийг цусаар лацдах ёстой нь шаардлагатай байсан ажгуу” (С ба Г 136:37-39).

Хожмын өдрүүдийн агуу бошиглогч, үзмэрч, илчлэгч Иосеф Смит бол Бүхнээс Дээдийн эрэлхэг зоригт, дуулгавартай үйлчлэгч байсан юм. Ерөнхийлөгч Бригам Янг: “Түүнийг надаас илүү сайн мэддэг хүн дэлхий дээр байдаг гэж би бодохгүй байна. Есүс Христийг эс тооцвол түүнээс илүү сайн хүн энэ дэлхий дээр амьдарч байгаагүй, одоо ч байхгүйг би зоригтойгоор хэлж байна. Би бол түүний гэрч”24 хэмээн гэрчилжээ.

Эшлэл

  1. Вилфорд Вудрафф, Deseret News: Semi-Weekly, 1873 оны 11-р сарын 25, х. 1.

  2. Эцэг Иосеф Смит, Люси Мак Смит хоёрын гэр бүлийн арваннэгэн хүүхдээс хоёр нь бага насандаа эндсэн учраас тэднийх есөн хүүхэдтэй гэдэг байжээ. Бас Иосефын эмэгтэй дүү Катариныг амьд байх үед нэрийг нь хэд хэдэн өөр байдлаар, жишээлбэл, Катерин гэхчлэн үсэглэдэг байсан гэдэг.

  3. Иосеф Смит -Түүх 1832, х. 1; Захиддын ном 1, 1829-1835, Иосеф Смит, Collection, Сүмийн Архив, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лейк хот, Юта.

  4. Иосеф Смит -Түүх 1832, х. 1; Захиддын ном 1, 1829-1835, Иосеф Смит, Collection, Сүмийн Архив.

  5. History of the Church, 4:536; Жон Вентвөрт, Жорж Барстөү нарын хүсэлтээр Иосеф Смитийн бичсэн захидлаас, Науву, Иллиной, Times and Seasons-нд 1842 оны 3-р сарын 1-нд нийтлэгджээ, х. 707.

  6. History of the Church, 4:536-537; Жон Вентвөрт, Жорж Барстөү нарын хүсэлтээр Иосеф Смитийн бичсэн захидлаас, Науву, Иллиной, Times and Seasons-нд 1842 оны 3-р сарын 1-нд нийтлэгджээ, х. 707.

  7. Анхны Тэргүүн Зөвлөлд Ерөнхийлөгч нь Иосеф Смит, зөвлөхүүд нь Сидней Ригдон, Жесс Гауз хоёр байв. Тэргүүн Зөвлөлийн гишүүн болсноос хойш хэдхэн сарын дараа Жесс Гауз Сүмээс гарчээ. 1833 оны гуравдугаар сарын 18-нд Фредерик Г.Виллямс Тэргүүн Зөвлөлд зөвлөхөөр онцгойлон адислагдав.

  8. History of the Church, 6:364. Иллинойн Наувуд 1844 оны 5-р сарын 12-нд Иосеф Смитийн уншсан лекцээс; Томас Буллок тэмдэглэжээ.

  9. Миссурийн Жаксон дүүрэг дэх Сүмийн удирдагчдад Оливер Каудерийн бичсэн захидалд Иосеф Смитийн бичсэн нэмэлт, 1833 оны 8-р сарын 10, Көртланд, Огайо, Сүмийн Архив.

  10. History of the Church, 3:294; Иосеф Смит болон бусад хүмүүсээс Эдвард Партриж болон Сүмд бичсэн захидлаас, 1839 оны 3-р сарын 20, Либерти шорон, Либерти, Миссури.

  11. Иосеф Смитэд Эмма Смитийн бичсэн захидлаас, 1839 оны 3-р сарын 7, Квинси, Иллиной; Letter Book 2, 1837-1843, х. 37, Joseph Smith, Сүмийн Архив.

  12. History of the Church, 4:437-438; цэг таслалыг шинэчилсэн; “Америк тив даяар тараагдсан ах нарт Арванхоёр Төлөөлөгчөөс бичсэн захидлаас” 1841 оны 10-р сарын 12, Науву, Иллиной, 1841 оны 10-р сарын 15-нд Times and Seasons-д нийтлэгджээ, х. 569.

  13. 1831 оны тавдугаар сард, саяхан төрсөн ихэр хүүхэд нь эндсэний дараахан Иосеф Смит, Эмма Смит хоёр Сүмийн гишүүн Жон Мюрдок, Жюли Мюрдок нарын шинээр төрсөн ихэр хүүхдийг өргөж авсан юм. Мюрдокийнхны ихрүүдэд Иосеф, Жюли гэдэг нэр өгчээ. Мюрдок эгч хүүхэд төрүүлэх үеэрээ нас барахад эхгүй таван хүүхэдтэй үлдсэн Мюрдок, ихрүүдээ асарч халамжлахыг Смитийнхнээс гуйсан ажээ.

  14. History of the Church, 6:554; 1844 оны зургадугаар сарын 24-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн хийсэн мэдэгдэл. Дан Жөүнс тэмдэглэжээ.

  15. Mary Isabella Horne, “Testimony of Sister M. Isabella Horne,” Woman’s Exponent, 1910 оны зургадугаар сар, x. 6.

  16. Жорж В.Таггартаас Нью Хампшир дахь ах нартаа бичсэн захидал, 1843 оны есдүгээр сарын 10, Науву, Иллиной; Альберт Таггарт, Correspondence, 1842-1848, 1860 он, Сүмийн Архив.

  17. Виллям Клейтоноос Английн Манчестер дахь Сүмийн гишүүдэд бичсэн захидал, 1840 оны 12-р сарын 10, Науву, Иллиной, Сүмийн Архив.

  18. Angus M. Cannon, “Joseph, the Prophet,” Salt Lake Herald Church and Farm Supplement, 1895 оны 1-р сарын 12, x. 212.

  19. Бригам Янг, Deseret News: SemiWeekly, 1868 оны 9-р сарын 15, х. 2.

  20. History of the Church, 3:304; Иосеф Смит болон бусад хүмүүсээс Эдвард Партриж болон Сүмд бичсэн захидлаас, 1839 оны 3-р сарын 20, Либерти шорон, Либерти, Миссури.

  21. Сургаал ба Гэрээ 132-р хэсгийн тоймыг үз.

  22. Ютагийн Солт Лейк хотод 1897 оны 3-р сарын 12-нд Вилфорд Вудраффын хийсэн мэдэгдэл; Journal History of the Church of Jesus Christ of Latter-day Saints, 1897 оны 3-р сарын 12, x. 2.

  23. History of the Church, 6:621-622; Виллард Ричардс, Жон Тейлор нараас өгсөн удирдамж, 1844 оны зургадугаар сарын 27, Картейж, Иллиной.

  24. Бригам Янг, Deseret News, 1862 оны 8-р сарын 27, х. 65.

Зураг
log home

Анхны Үзэгдлийн үед, Иосеф Смит гэр бүлтэйгээ Нью-Йоркийн Палмирад дүнзэн байшиндаа амьдарч байв.

Зураг
map of Palmyra

Мартин Харрисын Ферм

Алвин Смитийг Оршуулсан Газар

Э.Б. Грандины Хэвлэх Үйлдвэр

Эцэг Иосеф Смитийн Ферм

Эцэг Иосеф Смитийн Банзан Хөвөөтэй Дүнзэн Байшин

Ариун Ойн Цоорхой

Эцэг Иосеф Смитийн Дүнзэн Байшин

Кумора Гүвээ

Палмира Тосгон

Манчестер Хот

Палмира Хот

Вейн Дүүрэг

Онтарио Дүүрэг

Манчестер Хот

Фармингтон Хот

Онтарио Дүүрэг

Вейн Дүүрэг

Онтарио Дүүрэг

Үгаан Мохой

Хамавей Горхи

Канадагүа Орох Зам

Смаффордын Зам

Хойа Зүг

Бээр

0

1/2

1

Километр

0

1

2

Нью-Йоркийн Палмира нутаг. Сүмийн түүхийн эхэн үед энд олон чухал үйл явдал, түүний дотор Анхны Үзэгдэл болон Иосеф Смит дээр Моронай удаа дараа хүрч ирсэн үйл явдал тохиосон юм.

Зураг
Sacred Grove

Ариун ойн цоорхой 1907 оны орчим. 1820 оны хавар, иЪэр залуу Иосеф Смит Их Эзэнд хандан удирдамж хүсч залбирахаар гэрийнхээ ойролцоох энэ ойн цоорхойЪ очсон юм.

Зураг
Emma Smith

Эмма Смит

Зураг
Peter Whitmer Sr. home

Нью-Йоркийн Фейетте дэх эцэг Петр Витмерийн байшингийн багасгасан хувилбар. Шинэчлэн засварласан энэ байшин Бошиглогч 1830 оны дөрөвдүгээр сарын 6-нд Сүмийг албан ёсоор зохион байгуулсан газар дээр байгаа ажээ.

Зураг
Church history sites

Индепенденс

Ричмонд

Либерти

Фар Вест

Адам-ондай-Аман

Науву

Картейж

Квинси

Көртланд

Хайрам

Колумб Дүүргийн Вашингтон

Филадельфи

Нью-Йорк хот

Колесвилл

Хармони

Манчестер

Палмира

Фейетте

Шарон

30хи0н Байгуулагдаа Гүй Байсан Нутаг

Миссури

Айова

Висконсин

Иллиной

Мичиган

Индиана

Кентаки

Теннесси

Хойд Каролин

Виржини

Огайо

Пеннсильвани

Нью-Йорк

Вермонт

Нью Хамишир

Канад

Атлантын Далай

Миссииии Морон

Сүмийн эхэн үеийн түүх болон Бошиглогч Иосеф Смитийн амьдралд чухал холбогдолтой газрууд.

Зураг
Kirtland Temple

Көртландын Ариун сум 1900 оны орчим. Энэ ариун сум Гэгээнтнүудийн агуу золиослолоор баригдсан ч, мөрдлөг хавчлага тэднийг Көртландаас хөөж явуулсны дараа эзгүй хаягдсан ажээ.

Зураг
Liberty Jail

1838-1839 оны өвөл Бошиглогч Иосеф Смитийн хоригдож байсан Либерти шорон.

Зураг
Mansion House

Науву дахь Ордон гэр. 1843 оны наймдугаар сард Бошиглогч Иосеф Смит гэр бүлийнхээ хамт энэ байшинд нүүж орсон юм.

Зураг
Nauvoo Temple

Наувугийн Ариун сүм 1840-өөд оны дундуур. Гэгээнтнүүд Наувуг орхин явахаар албадуулагдсаны дараа 1848 онд ариун сүмийг шатаажээ. Хана нь хожим хар салхинЪ нурж, ором төдий үлдэн эвдэрч балгас болсон байлаа.

Зураг
Carthage Jail

1844 оны зургадугаар сарын 27-нд Бошиглогч Иосеф Смит, түүний ах Хайрум хоёрын алагдсан Картейж шорон.