Ерөнхийлөгчдийн сургаал
Бүлэг 28: Номлогчийн үйлчлэл: Ариун дуудлага, алдар суут ажил


Бүлэг 28

Номлогчийн үйлчлэл: Ариун дуудлага, алдар суут ажил

“Эцсийн эцэст, хамгийн аугаа, хамгийн чухал үүрэг бол Сайн мэдээг номлох юм.”

Иосеф Смитийн амьдралаас

Гэгээнтнүүд Көртландад амьдарч байсан сүүлчийн хэдэн жил, олон гишүүн, тэр ч байтугай Сүмийн зарим удирдагчид урвасан юм. Сүм хямралын үеийг туулж байв. “Юмс ийм болсон үед Түүний Сүмийг аврахын тулд ямар нэг шинэ зүйл хийх ёстойг Бурхан надад илчилсэн юм”1 гэж Бошиглогч бичжээ. Энэхүү “ямар нэг шинэ зүйл” гэдэг нь сайн мэдээг номлохын тулд номлогчдыг Англид илгээх явдал байв.

Арванхоёрын Чуулгын гишүүн Хебер К.Кимбалл, дурссан нь: “1837 оны зургадугаар сарын эхний өдөр Бошиглогч Иосеф намайг Көртландын Ариун сүмд сууж байтал над дээр хүрч ирээд, ‘Хебер ах аа, Их Эзэний Сүнс надад шивнэн, ”Миний үйлчлэгч Хебер Англи уруу явж, миний сайн мэдээг тунхаглан, тэр үндэстэнд авралын хаалгыг нээг“ гэж хэллээ хэмээн надад шивнэн хэлэв.’ ”2 Мөн энэхүү үүргийн талаар Ахлагч Кимбалл бодолд дарагдсан байв: “Би өөрийгөө Бурханы үйлчлэгчдээс хамгийн сул дорой нь гэж боддог байлаа. Тэнд очоод юу гэж хэлэхээ би Иосефоос асуулаа. Их Эзэн уруу оч, тэгвэл Тэр намайг удирдаж, өөрийг тань [чиглүүлдэг] тэрхүү сүнсээр, надаар дамжуулан ярих болно”3 гэв.

Бошиглогч бас Көртландад байсан Оорсон Хайд, Виллард Ричардс, Жозеф Фиелдинг, Канадад байсан Айзик Рассел, Жон Снайдер, Жон Гудсон нарт дуудлага өгөв. Эдгээр ах нар Ахлагч Кимбаллтай Англи руу номлолд явах болжээ. Тэд Нью-Йорк хотод цуглаж Garrick далайн хөлгөөр 1837 оны долдугаар сарын 1-нд Их Британийг зорин хөдөлжээ. Хойд Америкаас гадна хийсэн анхны номлолоороо Англид 2,000 орчим хөрвөгчийг эхний жилдээ номлогчид Сүмд авчирсан ажээ. Ахлагч Кимбалл Бошиглогчид: “Алдар суу Бурханд оршиг, Иосеф оо, Их Эзэн үндэстнүүдийн дунд бидэнтэй хамт байна!”4 хэмээн баяртайгаар бичжээ.

Бригам Янгийн удирдлага дор Арванхоёрын хамгийн олон гишүүнийг оролцуулсан Британи дахь төлөөлөгчдийн хоёр дахь номлолыг Бошиглогч Наувугаас удирдаж байв. 1839 оны намар явсан Арванхоёр 1840 онд Англид иржээ. Тэдний хөдөлмөрийн үр дүнд 1841 он гэхэд тэнд 6,000 гаруй хөрвөгчийг Сүмд авчирч, Өөрийн Сүмийг аврахын тулд “ямар нэг шинэ зүйл” хийнэ гэсэн Их Эзэний амлалт биелэгдсэн байлаа.

Наувугаас Иосеф Смит дэлхий даяар номлогчдыг илгээсээр байв. Ахлагч Орсон Хайд Англид 1841 онд ирсэн ч өөрт нь даалгасан номлолыг Иерусалимд үргэлжлүүлжээ. “Энэхүү бичгийг үзүүлэгч нь иудейчүүдийн санваартнууд, захирагчид, ахлагч нартай ярилцахаар… яваа, Есүс Христийн итгэлтэй, зохистой үйлчлэгч бол хилийн чанад дахь нутгууд дахь манай төлөөний хүн бөгөөд төлөөлөгч мөн”5 гэсэн итгэмжлэх захидлыг тэрээр Иосеф Смитээс авч явжээ. 1841 оны аравдугаар сарын 24-нд, Ахлагч Хайд Иерусалим дахь Чидуний Уулан дээр өвдөг сөгдөн, “Иудагийн тараагдсан үлдэгдлийг ариун бошиглогчдын угтан хэлсний дагуу хамтад нь цуглуулахын тулд”6 уг нутгийг онцгойлон адисалж, ариулахыг Тэнгэрлэг Эцэгээс гуйн залбирсан байна. Ахлагч Хайд тэгээд Герман уруу явж, Сүмийн өсөлтийн анхны суурийг тавьсан юм.

1843 оны тавдугаар сарын 11-нд Бошиглогч, Ахлагч Аддисон Пратт, Ноа Рожерс, Бенжамин Ф.Грөүэрд, Нөүлтон Ф.Ханкс нарыг Өмнөд Номхон Далайн арлуудад номлол хийлгэхээр дууджээ. Энэ бол тэрхүү өргөн уудам нутаг дахь Сүмийн анхны номлол байлаа. Ахлагч Ханкс далайд нас барсан ч Ахлагч Пратт Австралийн арлуудад очиж, Тюбюай арал дээр сайн мэдээг зааж байв. Ахлагч Рожерс, Грөүэрд нар Тахити арал дээр заахаа үргэлжлүүлж, хөдөлмөрийнхөө үр дүнд хэдэн зуун хүнд баптисм хүртээсэн байлаа.

Гэгээнтнүүд Иосеф Смитийн удирдлагаар: “Та нар бүх дэлхийгээр явагтун; мөн уг гэрчлэл та нараас бүх дэлхийн хүн болгонд очиж болохын тулд та нар хүрч үл чадах аливаа газарт гэрчлэлээ илгээх ёстой” (С ба Г 84:62) гэсэн Их Эзэний зарлигийг биелүүлэхээр урагш ахиж байлаа’.

Иосеф Смитийн сургаалаас

Номлогчийн үйлчлэл бол ариун ажил юм. Итгэл, ариун журам, хичээл зүтгэл, хайр нь энэ ажлыг хийх боломжийг бидэнд олгодог.

“Эцсийн эцэст, хамгийн аугаа, хамгийн чухал үүрэг бол Сайн мэдээг номлох юм.”7

1840 оны арванхоёрдугаар сард Иосеф Смит Их Британид номлолд үйлчилж байсан Арөанхоёрын Чуулгын гишүүд болон санваартны бусад удирдагчдад бичсэн нъ: “Хайрт ах нар минь, би бол бүх дэлхийн гадаргуу дээр өөрчлөгдөн хувирч байгаа юмсыг сонирхон ажиглагч гэдэгт итгэлтэй байцгаа. Өсч өргөжиж байгаа ерөнхий хөдөлгөөний дотор та нарын эдүгээ хийж байгаагаас илүү эрхэм чухал ажил гэж үгүй билээ. Иймээс та нарын тухайд миний санаанаас гардаггүй нэг зүйл байдаг. Энэ нь та нар өөрсдийн ариун журам, итгэл, хичээл зүтгэл, энэрлийг бие биедээ, Христийн Сүмд, нигүүлслээрээ та нарыг энэхүү ариун дуудлагад дуудаж, оногдсон өндөр хариуцлагатай, агуу үүргийг тань биелүүлэх боломжийг олгосон Тэнгэр дэх Эцэгтээ харуулах явдал мөн. Миний хүлээж авсан мэдээгээр, та бүгд үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандахгүй байгаад сэтгэл ханамжтай байгаагаа би батлан хэлж чадна. Гэвч та нарын хичээл зүтгэл, итгэл бишрэл, Бурханы болон дэлхий даяарх Гэгээнтнүүдийн сайшаалыг хүлээхээр байх ёстой. Та нар бол Бурханы үйлчлэгчид мөн.

“Сайн мэдээ Англи даяар тархаж байгаа нь мэдээж хэрэг баярлууштай зүйл. Ажлын хамаг хүндийг үүрч халуунд халж, хүйтэнд хөрч, уг ажлын бүр эхэн үед, хамгийн тааламжгүй нөхцөлд, үүнийг устгахаар тал талаас нь заналхийлж байсан үед ч, салхины өөдөөс дарвуулаа дэлгэж, зоригтойгоор сөрөн, шуургыг ажралгүй давж, шурганыхаа хүчнээс илүү ухамсрын хүчээр ахмад, залуурч болон багийн туршлага, чадвараар давалгааг номхруулан замаа ялгууснаар гаргаж яваа дарвуулт онгоц лугаа адил туйлбартай дэмжигчид, тууштай өмгөөлөгчид болж яваа хүмүүс сайн мэдээний тархалтын тухай тунгаан бодвол ердийн биш мэдрэмж дотор сэтгэлд нь төрнө. …

“Хайр бол Бурханы гол шинж чанаруудын нэг бөгөөд Бурханы хөвгүүд байхыг хүсдэг хүмүүс энэхүү шинж чанарыг харуулах ёстой. Бурханы хайраар дүүрэн хүн зөвхөн өөрийнх нь гэр бүл адислагдсанаар сэтгэл нь ханадаггүй, харин дэлхий даяар аялж хүн төрөлхтний гэр бүлийг адислахад санаа тавьдаг. Энэ бол та нарын бодол санаа бөгөөд үхэшгүй байдал ирээдүйн хувь тавилан нь боловч үнэн тэдэнд үл мэдэх зүйл болох бусад хүмүүсийг адислахын тулд энэ ажлыг гэр орныхоо ая тухаас түрүүнд тавихад та нарыг хүргэсэн тэр зүйл юм. Энэхүү ажил болон тэнгэрийн охь манлай адислалууд та нар дээр ирэхийн төлөө би залбирч байна.”8

Бид сайн мэдээний энгийн үнэнүүдийг даруу, дөлгөөн байдлаар зааж, бусад хүмүүсийн итгэлийн талаар тэдэнтэй маргахаас зайлсхийдэг.

“Ай, Израилын Ахлагч та нар миний дуу хоолойг сонсогтун. Та нар дэлхийд номлохоор илгээгдэж байна. Хэлэхээр илгээгдсэн тэр зүйлээ хэлэгтүн. ‘Гэмшицгээ, учир нь тэнгэрийн хаанчлал ойрхон байна, наманчилж, Сайн мэдээнд итгэгтүн’ хэмээн номлож, чангаар хашгирагтун. Анхдагч зарчмуудыг тунхагла. Өөрсдөө мадлуулахгүйн тулд нууцуудын тухай бүү ярь. … Их Эзэн номло хэмээн та нарт хэлсэн зүйлсийн тухай-наманчлал болон нүглээс уучлагдахын төлөөх баптисмын тухай номлогтун.”9

“Агуу шийтгэлүүдийн тухай дэлхийд номлох нь ашиггүй, харин энгийн Сайн мэдээг номлох нь хэчнээн чухал болохыг би ярьж, тайлбарлалаа.”10

“Ахлагч нар … бүхий л номхон дөлгөөн байдалд, буурь суурьтай явж, Есүс Христийн тухай, цовдлогдсон Түүний тухай номлох [ёстой]. Бусад хүмүүстэй итгэлийнх нь болон, шашны тогтолцооны тухай бүү марга, харин үйлдэл болон биеэ авч явах тууштай, тайван байдлыг баримтал. Би үүнийг зарлигийн замаар ярилаа. Үүнийг баримтлаагүй хүмүүс мөрдлөг хавчлагыг толгой дээрээ хүлээх болно. Харин үүнийг дагасан хүмүүс Ариун Сүнсээр үргэлж дүүрэн байна. Би үүнийг бошиглол гэж үзэн мэдэгдэж байна.”11

“Сайн мэдээний анхдагч зарчмуудыг номлох боломж Ахлагч нарт олдвол, үүнийг бүү чимээгүй өнгөрүүл. Шашны бүлэглэлүүдийг бүү хатуу шүүмжил; бас тэдний шүтлэг бишрэлийн эсрэг бүү ярь. Харин Христийн тухай, цовдлогдсон түүний тухай, Бурханыг хайрлах хайр, хүнийг хайрлах хайрын тухай номло. … Магадгүй үүгээр бид хүмүүсийн атгаг санааг арилгаж болно. Зүрх сэтгэлээрээ номхон дөлгөөн бай, тэгвэл өвөг дээдсийн чинь Их Эзэн Бурхан та нартай үүрд хамт байх болно.”12

“Энэ түлхүүрийг анхааралдаа ав, Христийн бас өөрийнхөө бодгалийн төлөө ухаалаг бай. Та нар заагдахаар бус харин заахаар урагш илгээгдэж байгаа билээ. Үг бүр нь нигүүлслээр тайлбарлагдаг. Сэрэмжтэй бай. Буурь суурьтай бай. Энэ бол сэрэмжлүүлгийн өдөр, бас олон үгийн өдөр биш. Бурханы өмнө бас хүний өмнө шударгаар үйлд. … Хүмүүнтэй харилцах бүх [үйл хэрэгтээ] шулуун шударга, цайлган цагаан, илэн далангүй бай. [С ба Г 43:15; 63:58-ыг үз.]”13

Жорж А.Смит 1835 онд номлолд явахаасаа өмнө өөрийн үеэл Бошиглогч Иосеф Смиттэй уулзжээ. Жорж А.Смит өгүүлсэн нъ: “Би үеэл Иосефтой очиж уулзахаар дуудагдлаа. Тэр надад нэг Мормоны Ном өгөөд миний гарыг барьж, ‘Товчхон номло, богинохон залбирал хэл, номлолоо зүрх сэтгэлийн залбирлаар хий’ ”14 гэв.

Бид Сүнсний чиглүүлснээр сайн мэдээг заадаг.

“Хүн бүр Ариун Сүнсний хүч, нөлөөгөөр Сайн мэдээг номлох ёстой. Хэн ч Ариун Сүнсгүйгээр Сайн мэдээг зааж чадахгүй.”15

“Тэрээр бүх хүнд бүх зүйл болж байсан тухайгаа Паул ярьсан байдаг. Ингэснээр тэр зарим хүмүүсийг аварсан юм [1 Коринт 9:22-ыг үз]. Эцсийн өдрүүдийн Ахлагч нар ч бас ингэх ёстой. Сайн мэдээг номлох, ирэх шүүлтийн талаар дэлхийг сэрэмжлүүлэхийн тулд гадагш илгээгдэж байгаа учраас тэд заах үедээ Есүс Христийн илчлэлтүүдийн дагуу Сүнсээр удирдагдаж, үнэн ба хөгжил цэцэглэлтийг гомдоллох шалтгаангүйгээр заах ёстойг бид анхаарах хэрэгтэй. Тийнхүү бид шинэ зарлиг өгсөнгүй, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдрахыг Ахлагч нар болон гишүүдэд зөвлөж байна [Матай 4:4] Эс бөгөөс тэд итгэлтнүүдэд нөөцөлсөн алдар сууд хүрэхгүй.”16

Бошиглогч 1839 оны 10-р сард болсон чуулган дээр үг хэл жээ: “Ерөнхийлөгч [Иосеф Смит] Сайн мэдээг номлох талаар Ахлагч нарт заавар өгөхөө үргэлжлүүлэн, тэд тэнгэрээс доош илгээгдсэн Ариун Сүнсээр номлохын тулд Сүнстэй байхын чухлыг, мөн мушгин гуйвуулалт буюу маргаан уруу хөтөлдөг, Бурханы үгэн дэх тодорхой бус сэдвүүдийн тухай ярихдаа болгоомжтой байхыг онцгойлон анхааруулжээ. ”17

1840 оны тавдугаар сарын 14-нд Иосеф Смит Ариун Нутаг дахъ номлолынхоо ажлыг зорин замдаа явж байсан Ахлагч Орсон Хайд, Жон Э.Пейж нарт Наувугаас бичихдээ: “Энэ ажлын агуугийн тухайд бүү шантар. Гагцхүү даруу, итгэлтэй бай, тэгвэл та нар, ‘Агуу уул аа, Чи юу юм бэ! Зеруббабелын өмнө чи тал болно’ [Зехариа 4:7-г үз] хэмээн хэлж чадна. Израилыг тараасан Тэрбээр тэднийг цуглуулахаа амласан юм. Тиймээс энэхүү агуу ажилд зэмсэг байхын хэрээр Тэрээр та нарт хүч, мэргэн ухаан, хүч чадал, оюун билэг, шаардлагатай чадвар бүхнээр хишиг хүртээнэ. Та нар газар, тэнгэрийг ухааран ойлгож, үүрд мөнхөд хүрэн, Иеховагийн олон талт, алдар сууг бүх хүчирхэг үйлсийг тунгаан бодох хүртэл оюун ухаан тань өргөжин тэлсээр байх болно”18 гэжээ.

Бид сайн мэдээг заах, үүний үнэнүүдийг гэрчлэх боломжуудыг хайдаг

1832 оны намар Иосеф Смит Ньюел К.Витнейтэй Огайогийн Көртландаас Нэгдсэн Улсын дорнод хэсэг уруу аялжээ. Аравдугаар сарын 13-нд Бошиглогч Нью-Йорк хотоос Эмма Смитэд бичсэн нь: “Ниневетэй адилхан энэ агуу хотын тухай би тунгаан бодоод, тэдний баруун гарыг зүүн гараас нь ялган таньсангүй, тийм ээ, хоёр зуун мянга гаруй бодгальд хандсан өрөвч сэтгэлээр зүрх сэтгэл минь дүүрэв. Ийнхүү би энэ хотод дуу хоолойгоо өргөхөөр бүх зүйлийг мутартаа атгадаг бас бидний толгойн нэг ширхэг үс ч газарт унахыг ажиглахгүй өнгөрдөггүй Бурханд үр дүнг нь үлдээхээр шийдлээ. …

“Би хэдэн хүнтэй, түүний дотор Жерсигийн, нүдэнд дулаахан нэгэн аятайхан боловсон залуу эртэй ярилцсандаа сэтгэл хангалуун байна. Тэрээр хүрч ирэн миний хажууд суугаад булчин задрах тахлын тухай надтай ярилцаж эхлэхэд, тэр залуу энэ өвчнөөр өвчилж, бараг л үхдэгийн даваан дээр очсоныг мэдлээ. Их Эзэн ямар нэгэн мэргэн зорилгоор түүний амийг аварсан хэмээн тэр ярив. Би энэ далимыг ашиглан түүнтэй удтал яриа хөөрөө өрнүүлэв. Тэрээр миний заасан зүйлийг ихэд баяртай хүлээн авч, бас надад их хүчтэй татагдав бололтой. Бид хоёр шөнө дунд өнгөртөл ярилцаж, маргааш хүртэл яриагаа хойшлуулахаар төгсгөв. Гэвч түүнд нэлээд ажил байсан болохоор усан онгоц хөдлөх хүртэл түр саатав. Бид салах ёс гүйцэтгээд, ихэд дурамжхан өөрсдийн замыг хөөцгөөв.”19

Нъюел К.Витнейн эхнэр Элизабет Анн 1832 онд нөхрийнхөө Иосеф Смиттэй хамт Нэгдсэн Улсын дорнод хэсэг рүү хийсэн аяллын тухай дурссан нъ: “Миний нөхөр Бошиглогч Иосефтой хамт гэрчлэлээ хуваалцах, Көртландад Ариун сүм барих хөрөнгө мөнгө цуглуулах, Миссурид газар худалдаж авах ажлаар дорно зүгийн олон хотоор явсан юм. … ‘Тэд биднийг эсэргүүцвэл гэрчлэлийг маань хүлээн авах болно. Учир нь бид гэрчлэлээ бичиж, тэдний босго, цонхны тавцан дээр орхино’ ”20 гэж тэр нөхөрт минь хэлдэг байжээ.

1834 онд Иосеф Мичиганы Понтиак дахъ сургуулийн байранд номлосон ажээ. Тэнд байсан Эдвард Стиөенсон уг явдлын тухай дурссан нъ: “Тэр сургуулийн газар дээр Мормоны хоёр Ахлагч сэргээгдсэн Сайн мэдээг 1833 онд танилцуулсан юм. Бас 1834 онд Бошиглогч Иосеф Смит энэхүү арван есдүгээр зуунд өмнө нь хэзээ ч байгаагүй тийм хүчтэйгээр номлож байлаа. … Бошиглогчийн энгийнээр атлаа тэнд байсан бүх хүмүүсийн хувьд няцаашгүй их хүчээр өгүүлсэн олон үгсийг би сайн санадаг. …

“Тэрээр гараа өргөж хэлсэн нь: ‘Би бол Бурхан байдгийг гэрчлэгч мөн. Учир нь би 1820 оны хавар анир чимээгүй ойн цоорхойд залбирч байхдаа Түүнийг гэгээн цагаан өдрөөр харсан.’ Бурхан, Мөнхийн Эцэг Өөртэйгөө адилхан өөр нэг хүи уруу зааж: ‘Энэ бол Миний Хайртай Хүү, чи Түүнийг сонс’ хэмээн хэлснийг тэр цааш нь гэрчилсэн ажээ. Эдгээр үгс хамаг бие, бодол санаа, зүрх сэтгэлд минь бүхэлд нь гайхалтайгаар нөлөөлж, өгүүлэхийн аргагүй баяр баясал цээжинд минь багтаж ядан байлаа. Учир нь эртний төлөөлөгч Паулын адил, Есүс Христтэй уулзсанаа зоригтойгоор гэрчилж буй хүнийг би харж байна шүү дээ! …

“… Дараагийн хэд хэдэн цуглаанд Бошиглогч, бас Мормоны Номын гурван гэрч оролцсон нь сонирхолтой байв. Бошиглогч энэ салбарт ирсэн үеэрээ Есүсийн зохион байгуулсан Сүмийн загвараар Арванхоёр Төлөөлөгч, Далууд, Ахлагчид, олон бэлэг болон адислалтай, Маркийн арванзургадугаар бүлэгт цэдэглэгдсэн шиг дагалдах тэмдгүүдтэй Сүм байгуулах заавар хүлээн авснаа гэрчилсэн юм. … ‘Та нар наманчилж, нүглээсээ уучлагдахын төлөө баптисм хүртвэл, Ариун Сүнстэй болно гэдгийг би Бурханы үйлчлэгчийн хувьд амлаж байна’ ”21 гэж Иосеф ярьж билээ.

Бошиглогчийг Миссурийн Фар Вестээс Миссурийн Ричмондын шорон уруу шилжүүлсэн үед тэрээр сайн мэдээг дахин заасан ажээ: “Бидэн дээр хэдэн хатагтай, боловсон эрчүүд хүрч ирэв. Эмэгтэйчүүдийн нэг нь хүрч ирэн, хоригдлуудын хэн нь ‘Мормончуудын’ шүтэн биширдэг Эзэн нь вэ? гэж цэргүүдээс цэрвэлгүй шулуухан асуулаа. Харгалзагчдын нэг нь над уруу зааж, яралзтал инээмсэглэн, ‘Энэ хүн шүү дээ’ гэв. Сайхь эмэгтэй над уруу эргэж, та өөрийгөө Их Эзэн, Аврагч гэдэг гэл үү? гэв. Би бол ердөө л хүнээс цаашгүй, Сайн мэдээг номлохоор Есүс Христийн илгээсэн авралын үйлчлэгч гэж хариуллаа.

Эл хариултанд нөгөөх эмэгтэй ихэд гайхаж, манай сургаалын талаар шалгааж эхлэхэд би түүнд болон хамт яваа хүмүүст нь бас амаа ангайн гайхсан цэргүүдэд үзэл бодлоо номлов. Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, нүглээс уучлагдахын төлөөх баптисмын тухай сургаалыг Төлөөлөгчдийн Үйлсийн хоёрдугаар бүлэгт цэдэглэгдсэн Ариун Сүнсний амлалтын хамт тайлбарлахад тэд амьсгаа даран анхааралтайгаар сонсож байлаа [Үйлс 2:38-39].

“Сайхь эмэггэй сэтгэл хангалуун болж, цэргүүдийг сонсож байх үеэр Бурхан биднийг хамгаалж, чөлөөлөхийн төлөө залбираад, зам мөрөө хөөн одов.”22

Бошиглогч Картейж шоронд алагдахын өмнөх үдэш доорх явдал болсныг Цан Жөүнс дурсчээ: “Иосеф Сайн мэдээний сэргээлт, тэнгэр элчүүдийн үйлчлэл, Бурханы хаант улс дэлхий дээр дахин байгуулагдсан тухай хүчтэй гэрчлэлийг хэлж, тэрээр Бурханы буюу хүний аль нэг хуулийг зөрчсөнөөс бус харин гэрчлэлээсээ болж шоронд хоригдсоныг харгалзагчдад хэлсэн юм.”23

Судлах болон заах зөвлөмж

Энэ бүлгийг судлах буюу заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламжийг хуудас vii-xii-оос үз.

  • Хуудас 371-373-ыг нэгтгэн дүгнэхдээ, Бошиглогч Иосеф Смитийн удирдлагаар зохион байгуулагдсан номлолын хүч чармайлтуудыг ажигла. Анхны эдгээр номлогчдын ажил үйлс чамд ямар нэг байдлаар нөлөөлсөн үү? Хэрэв тийм бол, яаж?

  • Хуудас 374-ын хоёр дахь догол мөрийг уншиж, хайр бидэнд яагаад Бошиглогчийн дүрсэлсэн байдлаар нөлөөлдгийг авч үз. Үр ашигтай номлогч байхын тулд бусад ямар шинж чанар бидэнд хэрэгтэй вэ? (Зарим жишээг хуудас 374-375-ээс үз.)

  • Номлогчид юуг, хэрхэн заах ёстой талаар Бошиглогч Иосеф Смитийн хэлсэн үгсийг нэгтгэн дүгнэ (хуудас 374-375). Бид яагаад сайн мэдээний “анхдагч зарчмуудыг” заах ёстой вэ? Шашны сэдвээр бусадтай маргалдахын үр дагавар юу байж болох вз? Сайн мэдээг номлохдоо “үг бүрийг нигүүлслээр тайлбарлаг” гэсэн нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ?

  • Хуудас 376 дээрх хоёр дахь догол мөрийг бүтнээр нь унш. Сайн мэдээг хуваалцах өөрийн чинь хүч чармайлтыг Ариун Сүнс ямар арга замаар удирддаг вэ? Яагаад бид Ариун Сүнсгүйгээр сайн мэдээг номлож чаддаггүй вэ?

  • Хуудас 377-380 дээр өгүүлсэн Иосеф Смитийн туршлагуудыг нэгтгэн дүгнэ. Сайн мэдээг хуваалцах талаар бид эдгээр туршлагуудаас юу сурч болох вэ?

  • Бид Сайн мэдээг бусадтай хуваалцах боломжуудыг ямар арга замаар идэвхтэй эрэлхийлж болох вэ? Бид гэр бүлээ номлолын ажилд хэрхэн оролцуулж болох вэ?

Холбогдох судрууд: Матай 28:19-20; 2 Нифай 2:8; Алма 26:26-37; С ба Г 4:1-7; 31:3-5

Эшлэл

  1. History of the Church, 2:489; “History of the Church” (гар бичмэл)-ээс, book B-1, x. 761, Сүмийн Архив, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лейк хот, Юта.

  2. Heber C. Kimball, “Synopsis of the History of Heber Chase Kimball,” Deseret News, 1858 оны дөрөвдүгээр сарын 14, x. 33; цэг тэмдэг, том үсгээр бичих дүрэм шинэчлэгдсэн.

  3. Heber C. Kimball, Deseret News, 1862 оны тавдугаар сарын 21, х. 370; том үсгээр бичих дүрэм шинэчлэгдсэн.

  4. Orson F. Whitney, Conference Report-д эш татжээ, 1920 оны аравдугаар сар, х. 33.

  5. Иосеф Смит болон бусад хүмүүсээс Оорсон Хайдад олгосон итгэмжлэх захидал, 1840 оны дөрөвдүгээр сарын 6, Науву, Иллиной, Times and Seasons-д, 1840 оны дөрөвдүгээр сард нийтлэгджээ, х. 86.

  6. Orson Hyde, A Voice from Jerusalem, or a Sketch of the Travels and Ministry of Elder Orson Hyde, (1842), x. 29.

  7. History of the Church, 2:478; 1837 оны дөрөвдүгээр сарын 6-нд Огайогийн Көртландад Иосеф Смитийн уншсан лекцээс Messenger and Advocate-д нийтлэгджээ, 1837 оны дөрөвдүгээр сар, х. 487.

  8. History of the Church, 4:226-227; цэг тэмдэг, хэлзүйн дүрэм шинэчлэгдсэн; Иосеф Смитээс Арванхоёрт бичсэн захидлаас, 1840 оны арванхоёрдугаар сарын 15, Науву, Иллиной, Times and Seasons-д нийтлэгджээ, 1841 оны нэгдүгээр сарын 1, х. 258; энэ захидлын огноог History of the Church-д 1840 оны аравдугаар сарын 19 гэж буруу тэмдэглэжээ.

  9. History of the Church, 5:344; зөв бичгийн дүрэм шинэчлэгдсэн; 1843 оны дөрөвдүгээр сарын 8-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Виллард Ричардс, Виллям Клейтон.

  10. History of the Church, 4:11; 1839 оны есдүгээр сарын 29-нд Иллинойн Коммерст Иосеф Смитийн өгсөн заавраас; тэмдаглэлийг хийсэн Жеймс Мюлхолланд.

  11. History of the Church, 2:431; 1836 оны гуравдугаар сарын 30-нд Огайогийн Көртландад Иосеф Смитийн өгсөн заавраас.

  12. Иосеф Смит болон бусдаас Хезекиа Пеккэд бичсэн захидал, 1835 оны наймдугаар сарын 31, Көртланд, Огайо; “The Book of John Whitmer,” x. 80, Community of Christ Archives, Индепенденс, Миссури; “The Book of John Whitmer”-ийн хувь нь Сүмийн Архивт байгаа.

  13. History of the Church, 3:384; 1839 оны долдугаар сарын 2-нд, Айовагийн Монтрөүзэд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф, Виллард Ричардс.

  14. George A. Smith, “History of George Albert Smith by Himself,” x. 36, George Albert Smith, Papers, 1834-1875, Сүмийн Архив.

  15. History of the Church, 2:477; 1837 оны дөрөвдүгээр сарын 6-нд, Огайогийн Көртландад Иосеф Смитийн уншсан Messenger and Advocate-д нийтлэгджээ, Apr. 1837 оны 4-р сар, х. 487.

  16. History of the Church, 5:404; Иосеф Смитээс Times and Seasons-ын эрхлэгчид бичсэн захидлаас, 1843 оны 5-р сарын 22, Науву, Иллиной, Times and Seasons-д нийтлэгджээ, 1843 оны 5-р сарын 15, х. 199; Times and Seasons-ын энэ дугаар хожуу нийтлэгджээ.

  17. History of the Church, 4:13; 1839 оны 10-р сарын 6-нд Иллинойн Коммерст Иосеф Смитийн уншсан Times and Seasons-д нийтлэгджээ, 1839 оны 12-р сар, х. 31.

  18. History of the Church, 4:128-129; Иосеф Смитээс Оорсон Хайд, Жон Э.Пейж нарт бичсэн захидлаас, 1840 оны 5-р сарын 14, Науву, Иллиной. Ахлагч Хайд Ариун Газарт хийсэн номлолоо дуусгасан бол, Ахлагч Пейж Нэгдсэн Улсад үлджээ.

  19. Иосеф Смитээс Эмма Смитэд бичсэн захидлаас, 1832 оны 10-р сарын 13, Нью-Йорк хот, Нью-Йорк; Community of Christ Archives, Индепенденс, Миссури.

  20. Elizabeth Ann Whitney, ‘A Leaf from an Autobiography,” Woman’s Exponent, 1878 оны 10-р сарын 1, x. 71; Зөв бичгийн дүрэм, цэг тэмдэг, том үсгээр бичих дүрэм шинэчлэгдсэн.

  21. Edward Stevenson, “The Home of My Boyhood,” Juvenile Instructor, 1894 оны 7-р сарын 15, x. 443-445; цэг тэмдэг, хэлзүйн дүрэм шинэчлэгдсэн; догол мөр өөрчлөгдсөн.

  22. History of the Church, 3:200-201; 1838 оны 11-р сарын 4-нд Миссури мөрний ойролцоох Фар Вестээс, Миссурийн Индепенденст шоронд шилжүүлэх үеэр Иосеф Смитийн хийсэн яриан дахь нэг шастир; тэмдэглэлийг хийсэн Парли П.Пратт.

  23. History of the Church, 6:600; 1844 оны 6-р сарын 26-нд Иллинойн Картейжийн Картейж шоронд Иосеф Смитийн өгсөн заавраас; тэмдэглэлийг хийсэн Дан Жөүнс.

Зураг
men shaking hands

Англид Хебер К.Кимбалл, Жозеф Фиелдинг нарт тэдний номлолын ажлын үр дүнд Сүмд нэгдсэн хүмүүс баяр хүргэж байгаа нь. “Алдар суу Бурханд оршиг, Иосеф оо. Их Эзэн үндэстнүүдийн дунд бидэнтэй хамт байна!” хэмээн Ахлагн Кимбалл бинжээ.

Зураг
missionaries

“Христийн тухай, уовдлогдсон түүний тухай, Бурханыг хайрлах хайр, хүнийг хайрлах хайрыгн тухай номло. … Зүрх сэтгэлээрээ номхон дөлгөөн бай, тэгвэл өвөг дээдсийн чинь Их Эзэн Бурхан танартай үүрд хамт байх болно.”

Зураг
sister missionaries teaching

Сүмийн гишүүн бүр Сайн мэдээг хуваалцах үурэгтэй. “Хүн бүр Ариун Сүнсний хүч, нөлөөгөөр Сайн мэдээг номлох ёстой” гэж Бошиглогч Иосеф Смит тунхаглажээ.