Ерөнхийлөгчдийн сургаал
Бүлэг 13: Дуулгавартай байдал: ‘Их Эзэн зарлигласан л бол биелүүл’


Бүлэг 13

Дуулгавартай байдал: “Их Эзэн зарлигласан л бол биелүүл”

“Бурханы зарлигуудад чанд дуулгавартай байдлаар амьдарч Түүний өмнө даруухан алхал.”

Иосеф Смитийн амьдралаас

1827 оны арванхоёрдугаар сараас 1830 оны наймдугаар сарыг дуустал Иосеф Смит, Эмма Смит хоёрыг Пеннсильваний Хармонид амьдарч байх үед Бошиглогч Сүмийн ажилд оролцохын тулд Нью-Йорк уруу үе үе явдаг байв. 1830 оны есдүгээр сард Иосеф, Эмма хоёр баруун Нью-Йоркод амьдарч байсан Гэгээнтнүүдтэй нийлэхийн тулд Нью-Йоркийн Фейетте уруу шилжсэн байна. Дараагийн арванхоёрдугаар сард, Бошиглогч Нью-Йорк дахь Сүмийн гишүүдээс их золиослол хийхийг шаардсан илчлэлт хүлээн авчээ. Тэд гэр орон, ферм, ажил төрлөө орхин, Огайогийн Көртландад цугларах ёстой байлаа (С ба Г 37-р хэсгийг үз). Тэд тэр бүс нутагт аж төрдөг хөрвөгчидтэй нэгдэж, “тэнгэрийн хүчээр хишиг хүртэх” (С ба Г 38:32) тухай Их Эзэн амласны дагуу Сүмийг байгуулах хэрэгтэй байлаа. Иосеф Смит, Эмма Смит хоёр Их Эзэний зарлигийг хамгийн түрүүнд дагагчдын дунд орж 1831 оны нэгдүгээр сарын сүүлчээр Нью-Йоркийг орхин явжээ. Тэд Көртланд хүртэл хахир хүйтэн өвөл моринд хөллөсөн чаргаар 400 км замыг туулсан гэдэг.

Көртланд дахь Ньюел К.Витнейн гэр бол Бошиглогчийг баяртайгаар угтсан анхны газар байсан бөгөөд түүний ач хүү Оорсон Ф.Витней ийн дүрсэлжээ: “1831 оны хоёрдугаар сарын 1-ний орчим, дөрвөн хүн суулгасан морин чарга Көртландын гудамжуудаар өнгөрч, Гилберт, Витней нарын дэлгүүрийн үүдэнд ирж зогссон юм. … Тэр хүмүүсийн нэг хүдэр чийрэг, залуу эр бууж ирэн, шатаар түргэн өгсөж, бизнесийн түншийнхээ хүлээж байсан дэлгүүрт орж ирэв.

‘Ньюел К.Витней! Чи мөн биз дээ!’ гэж тэрээр дуу алдаад хуучны танилтайгаа уулзсан юм шиг чин сэтгэлээсээ түүнд гараа өгөв.

‘Та намайг таньдаг хүн юм аа даа’ гэж [дэлгүүрийн эзэн] хариулаад, сунгасан гарыг нь атгахад нэг бодлын биширсэн, нөгөө бодлын тааж ядсан харц нүүрэнд нь илэрч, та намайг нэрээр минь дуудсаны адил би таныг нэрээр тань дуудаж чадашгүй нь ээ гэв.’

‘Би Бошиглогч Иосеф байна’ гэж ирсэн хүн хэлээд инээмсэглэв. ‘Залбирлын чинь улмаас л би хүрээд ирлээ шүү дээ. Одоо надаас юу хүсэхсэн бол?’

“Ноён Витней гайхан бас түүнээс дутуугүй баярлаж, тэр дорхноо байшингийнх нь эсрэг талд буланд зогсож байсан эхнэртээ [Элизабет Анн] ирсэн хүмүүсийг … танилцуулав. Эхнэр нь ч бас гайхаж, сэтгэл ихэд догдолсон аж. Иосеф энэ үйл явдлын тухай өгүүлсэн нь: ‘Биднийг Н.К.Витней ахынх туйлын элэгсэг дотноор хүлээж авлаа. Эхнэр бид хоёр Витней ахынд хэдэн долоо хоног байлаа. Тэд бидэнд зүйл бүрээр уриалгахан анхаарал халамж тавьдаг байв.’ [History of the Church, 1:145-146-г үз.]”1

Оорсон Ф.Витней өгүүлсэн нь: “Гайхамшигтай энэ хүн, Иосеф Смит өмнө нь огт хараагүй намайг ямар хүчээр шууд таньсан юм бол? Ньюел К.Витней яагаад түүнийг таниагүй юм бол? Энэ бол Иосеф Смит үзмэрч, шилдэг үзмэрч байсных. Тэрээр өөрийг нь Көртландад хүрч ирэхийн төлөө Ньюел К.Витней өвдөг сөгдөн залбирсныг хэдэн зуун бээрийн цаанаас үнэхээр харсан нь, гайхалтай атлаа үнэн юм!”2

Тавдугаар сар гэхэд дахиад бараг 200 гаруй Гэгээнтэн НьюЙоркоос Көртландад, зарим нь морин чарга, морин тэргээр, ихэнх нь Эри сувгаар ачааны эсвэл зорчигч тээврийн чиргүүлт онгоцоор, дараа нь голын дарвуулт онгоцоор Эри нуурыг гатлан хүрч ирсэн ажээ. Көртланд уруу нүүсэн энэхүү нүүдэл болон амьдралынхаа бусад олон хүнд үед тулгарсан зорилт хэчнээн ч хэцүү байсан, Иосеф Смит Бурханы зарлигуудыг даган Гэгээнтнүүдийг удирдсан билээ.

Дөрвөн жилийн дараа Көртландад улам өсөн томорч байсан Сүмийг олон шахалт хавчлагын дунд удирдаж байхдаа Бошиглогч өөрийн амьдралыг дараах байдлаар тодорхойлжээ: “Арваннэгдүгээр сар шиг ийм их ажилтай байсан сар надад өмнө нь огт байсангүй. Амьдрал минь үйл ажиллагаа, эцэс төгсгөлгүй ажил хөдөлмөрөөс бүтдэг болсон цагаас хойш: Их Эзэн зарлигласан л бол биелуүл гэдэг дүрмийг би өөртөө бий болгосон юм.”3

Иосеф Смитийн сургаалаас

Бид Бурханы хүслийг мэдэхийг эрэлхийлж, Түүний зарлиг болгосон бүхнийг хийсэн үед тэнгэрийн адислалууд бидэнд ирнэ.

“Бид авралд хүрэхийн тулд зөвхөн зарим юмсыг биш, харин Бурханы зарлиг болгосон бүхнийг хийх ёстой. Бурхан бидэнд зарлиг болгосноос өөр юмсыг хүмүүс номлож, хийвэл төгсгөлд яллагдана. Бид гаа, сүлүү, төрөл бүрийн ногооныхоо аравны нэгийг өргөдөг атлаа Бурханы зарлигуудыг дагахгүй байна [Лук 11:42-ыг үз]. Миний зорилго бол Бурхан юу хий гэж бидэнд хэлсэн байна, түүнийг дуулгавартай дагаж, Түүнийг дагахыг бусад хүмүүст заах явдал мөн. Зарчим нь нийтэд дэлгэрсэн байна уу, үгүй юү гэдэг нь хамаагүй, би үнэн зарчмыг үргэлж зааж, өндөрт өргөж явах болно. Би энэ зарчмыг баримтална, бүр ганцаараа байсан ч тэр шүү.”4

Бид Сүмийн хувьд ч, хүмүүсийн хувьд ч ухаалаг байж, Бурханы хүслийг мэдэхийн төлөө эрэлхийлж, үүнийг хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байх нь нэн чухал юм. Ерөөсөө ийм байвал зохино. Учир нь Бурханы үгийг сонсоод сахигчид нь илүү ерөөлтэй еэ’ хэмээн Судрууд өгүүлдэг. ‘Харин хүний Хүүгийн өмнө зогсох, мөн болох гэж буй энэ бүхнээс зайлсхийх хүч чадалтай байхын тулд залбирч, ямагт сэргэг байгтун’ [Лук 11:28; 21:36-г үз] гэж бидний Аврагч хэлсэн билээ. Енох, Абрахам, Мосе болон Израилын хүүхдүүд түүнчлэн Бурханы бүх ард түмэн Бурханы зарлигуудыг сахиснаар аврагдсан байхад, бид ч гэсэн эцсийн эцэст энэ л зарчмаар аврагдана. Бурхан Абрахам, Исаак, Иаков нарыг гэр бүлээр нь, харин Израилын хүүхдүүдийг үндэстнийх нь хувьд удирдсан. Ийм болохоор бид Сүмийн хувьд цэцэглэн хөгжиж, хамгаалагдан, дэмжигдэхийн тулд Түүний удирдамжин дор байх ёстой. Бидний цорын ганц итгэл Бурханд байх ёстой. Бид цорын ганц мэргэн ухаанаа Түүнээс олж авах ёстой. Мөн Тэрбээр ганцаараа бидний зуурдын байдлын ч, сүнслэг байдлын ч хамгаалагч, өмгөөлөн ивээгч байх ёстой. Эс бөгөөс бид унах болно.

“Өнгөрсөн үед бид хүмүүний аливаа хуулийг эсвээс үзэл баримтлалыг огтоос зөрчөөгүй атлаа Түүний зарлигуудыг сахиагүйн улмаас Бурханы мутраар шүүмжлүүлж байгаа билээ. Түүний айлдваруудад хөнгөмсөг хандаж, ёслолуудаас нь нүүр буруулсан учир Их Эзэн биднийг хурцаар шүүмжилж, бид Түүний хүчийг мэдэрч, шүүмжлэлийг нь номхон хүлцэнгүйгээр хүлээн аваад байгаа юм. Ирэх цагт ухаалаг байцгаая, ‘дуулгавартай дагах нь өргөл өргөхөөс илүү, сонсож дагах нь худын өөхнөөс илүү’ [1 Самуел 15:22] гэдгийг ямагт санацгаая.”5

“Тэнгэрийн адислалууд бидэнд ирэхийн тулд бид заавар хүлээн авсан үедээ тэрхүү дуу хоолойг сахиж, Бурханы хаант улсын хуулиудыг дагах ёстой. Бүх хүмүүс хамтдаа эв нэгдэлтэйгээр ажиллах ёстой. Тэгвэл бүх хүмүүс эртний санваарын дагуу үйлдэхээс өөр юу ч тохиохгүй. Иймээс Гэгээнтнүүд шилэгдмэл, дэлхийн бүх нүгэл хилэнцээс ангид-охь манлай болсон, ариун журамтай, цэвэр ариун хүмүүс байх болно. Их Эзэн Есүс Христийн Сүмээс Енохын үеийнх шиг, Сүмд хандсан Паулын захидлуудад дүрсэлсэн бүх бэлэгтэй, түүний үеийн сүмд заагддаг байсан шиг сургаалуудтай Санваартнуудын хаант улсыг, ариун хүмүүсийг, сонгогдсон үеийнхнийг өсгөн өндийлгөх гэж [байна] [Египетээс Гарсан нь 19:6; 1 Петр 2:9-ийг үз].”6

“Ямар ч хүн Есүс Христ бол Бурханы Хүү гэдэгт итгэж, энэхүү итгэлдээ баяртай байж болно. Харин түүний зарлигуудыг сахидаггүй бол, Их Эзэний шударга ёсны шаардлагуудад дуулгаваргүй байсныхаа төлөө төгсгөлд зүхэгдэнэ.”7

“Ариун журамтай бай, цэвэр ариун бай. Өндөр ёс суртахуунтай, үнэнийг эрхэмлэдэг хүмүүс бай. Бурханы зарлигуудыг сахь. Тэгвэл та нар зөв буруугийн хоорондох, Бурханы зүйлс болон хүмүүний юмсын хоорондох ялгааг илүү төгс ойлгох чадвартай болно. Тэгвэл та нарын зам зөвт хүмүүсийнхтэй адил болж, төгс өдрийг хүртэл улам тод гэрэлтсээр байх болно [Сургаалт Үгс 4:18-ыг үз].”8

Вилфорд Вудрафф, Арванхоёрын Чуулгын гишүүнээр үйлчилж байхдаа өгүүлсэн нь: “Ерөнхийлөгч Иосеф … усан үзмийн мод болон түүний мөчрүүдийн тухай сургаалт зүйрлэлийг уншаад [Иохан 15:1-8], үүнийг тайлбарлаж, ‘Бид Бурханы зарлигийг дагавал жимсийг авчран, Бурханы найз нар болж, Их Эзэн юу хийснийг мэднэ хэмээн хэлж билээ.’ ”9

Бид Бурханы өгсөн хуулиудыг дагавал тэдгээр нь селестиел амралтанд биднийг бэлтгэнэ.

“Бурхан аливаа хүнд зарлиг өгөхдөө, тэр хүн хаана ч, ямар ч улс оронд байсан ялгаагүй, нөхцөл байдалд нь тохироогүй, ахадсан зарлиг өгдөггүй.”10

“Тэнгэрийн хууль хүмүүнд толилуулагдахад бүх хүн үүнийг дуулгавартай дагасан үед дэлхийн аливаа шагналаас хавьгүй агуу шагналыг баталгаатай болгодог ч, эрин зуун бүхэнд итгэгч нь дэлхий дээрх ёс бус хүмүүсийн үйлдлийн янз бүрийн эх сурвалжийн үр дагавраас үүдэлтэй зовлон зүдгүүр, гай барцадаас ангид байх ёстой хэмээн амладаггүй билээ. Гэсэн ч, эдгээр зовлон зүдгүүр, гай барцадын дунд, мөнх амьдрал зуурдын амьдралаас хэт дээгүүр байдаг лугаа адил, хүмүүний хуулиас дээгүүр хууль болох тэнгэрийн хуулин дээр тулгуурласан амлалт байдаг. Үүн лүгээ адил Бурханы өгч болох адислалууд нь хүний өгч чадахаас илүү аугаа юм. Тэгвэл, хүний хуулийг хүнд хүчээр тулган өгдөг бол, тэнгэрийн хууль хүнд хэчнээн аугаа ихийг өгөх ёстой нь тодорхой юм! Мөн тэнгэрийн хууль хүний хуулиас илүү төгсийн хэрээр үүнийг дуулгавартай дагаснаас ирдэг шагнал нь төдийчинээ их юм. … Мөнх амьдрал, бүр Бурханы баруун гар дахь өв нь муу нэгний бүх хүчнээс хамгаална гэдгийг Бурханы хууль амладаг билээ. …

“… Бурхан Өөрийнх нь дуу хоолойг дуулгавартай дагаж, зарлигуудыг нь сахисан бүх харьяатаа Өөрийн селестиел амралтад авчрах цагийг цээжиндээ товлон нөөцөлсөн байгаа. Энэхүү амралт бол тэр хаант улсын хуулиудын дагуу хүн үүнд орж, адислалуудыг нь хүртэхийн өмнө бэлтгэх хэрэгтэй төгөлдөржилт болон алдар суу юм. Энэ бол нөхцөл нь учраас Бурхан хүн төрөлхтөнд тодорхой хуулиудыг өгсөн билээ. Хүмүүс эдгээр хуулиудыг дагавал, тэрхүү амралтыг өвлөхөд хангалттай бэлтгэгдэж чадна. Тэгвэл энэ нь, Бурхан Өөрийн хуулиудыг бидэнд өгсний зорилго байжээ хэмээн дүгнэлт хийж болно. … Их Эзэний хуулинд агуулагддаг зарлигийг дуулгавартай дагасан хүмүүст шагнал дагалдах баттай амлалт байдаг бөгөөд энэ нь үхэж үл чадах Бурхан Өөрийн үгийг нэгбүрчлэн бүгдийг бүрэн дүүрэн биелүүлэх Нэгэний амлалт үнэхээр мөн гэдэг дээр тулгуурлах болно.”11

1843 оны дөрөвдүгээр сард Иосеф Смитийн заасан дараах зүйл хожим нь Сургаал ба Гэрээ 130:20-21-д цэдэглэгджээ: “Энэ дэлхийн сууринаас өмнө дээр нь бүх адислал тулгуурлагдсан хууль тэнгэрт эргэлт будалтгүйгээр тогтоогдсон болой -Мөн бид ямар ч адислалыг Бурханаас авлаа гэхэд, энэ нь тулгуурлагдсан тэрхүү хуульд дуулгавартай байснаар буюу.”12

“Тэнгэрийн Зөвлөлөөр хүнд томилогдсон бүх адислал нь тэнгэрийн хуулинд дуулгавартай байснаар ирдэг бөлгөө.”13

Эцсийг хүртэл итгэлтэй байсан хүмүүс зөв шударгын титмийг хүлээн авна.

“Бурханы зарлигуудад чанд дуулгавартайгаар амьдар, Түүний өмнө даруухнаар алхал. Тэгвэл Тэрээр чамайг Өөрийнхөө цагт өргөмжилнө.”14

“Хүмүүс эцсийн өдрүүдэд өөрсдийн хийдэг юмст хэчнээн их анхааралтай байвал зохих билээ. Эс тэгвээс тэдний найдвар талаар өнгөрч, Бурханы ач ивээл өөрсдөд нь байгаа гэж боддог хүмүүст уг байдал нь үгүй болно. Учир нь тэд Их Эзэний зарлигийг сахидаггүй. Харин та нар Их Эзэний хүсэл болон зарлигуудыг биелүүлж, өгүүлшгүй баясалтай байх хэрэгтэй. Учир нь та нар шиг ийм хүмүүс дээд тэнгэрт өргөмжлөгдөж, энэ дэлхийн бүх хаант улсаас үлэмж дээгүүр ялгууснаар өргөгдөнө.”15

[Матайн] 22 дугаар бүлэг дэх Мессиагийн тухай шастирт тэнгэрийн хаант улсыг хүүгээ гэрлүүлэх гэж байгаа хаантай зүйрлүүлснийг бид мэднэ [Матай 22:2-14-ийг үз]. Энэ хүү бол Мессиа гэдэгт мөн уг сургаалт зүйрлэл дэх хаант улс бол тэнгэрийн хаант улс, Гэгээнтнүүд эсвээс Их Эзэнд итгэлтэй хүмүүс бол хуримын зоогт суудалтай байх зохистой хүмүүс юм гэдэг нь Илчлэлт дэх Иоханы айлдваруудаар нотлогдож байгаа билээ. Тэнгэрт түүний сонссон дуу чимээ ‘хурсан олон түмний’ дуу хоолой шиг, ‘хүчит аянгын нүргээн шиг’ байсныг өгүүлж, Төгс Хүчит Их Эзэн [бидний] Бурхан тэнд хаанчилдгийг хэлжээ. Баярлаж, баясан цэнгэж, Түүнд алдрыг нь өргөцгөөе. Учир нь Хурганы хурим болж, Түүний сүйт бүсгүй өөрийгөө бэлдэв. Тэрээр гялалзсан, цэвэрхэн нарийн маалингаар хувцаслах болжээ. Учир нь тэрхүү нарийн маалинга бол ариун хүмүүсийн зөвт үйлс юм’ [Илчлэлт 19:6-8].

Их Эзэний зарлигуудыг сахиж, төгсгөлийг хүртэл Түүний дүрмүүдээр амьдарсан хүмүүс л гагцхүү сүр жавхлант хуриманд суудалтай байх нь Тимотод бичсэн Паулын сүүлчийн захидал дахь дараах зүйлсээр нотлогдож байна. Нас барахынхаа өмнөхөн бичсэн энэ захидалд тэрээр: Би сайн тэмцлээр тэмцсэн. Би замаа дуусгасан, итгэлээ сахисан. Ирээдүйд зөвт байдлын титэм нь надад зориулагдан зэхэгдсэн ажээ. Зөв шударга Шүүгч болох Эзэн намайг, зөвхөн намайг ч биш, Түүний үзэгдэхийг хүсэн хүлээгч бүх хүнийг бас түүгээр шагнах болно’ гэжээ [2 Тимот 4:7-8.] Эл шастирт итгэдэг хэн ч гэсэн Паул энэ дэлхийг орхин одохынхоо өмнөхөн, бас ийнхүү амьд явах цаг нь дуусч байсныг өөрөө мэдсэн үед энэ үгсийг хэлсэнд хормын төдий ч эргэлзэх хэрэггүй. Өөрийнх нь үгээр бол тэрээр нэгэн цагг Бурханы Сүмийг мөшгөн хавчсан ч, итгэлтэй болсных нь дараа, алдар суут мэдээг дэлгэрүүлэхийн төлөө зогсолтгүй хөдөлмөрлөсөн билээ. Тэрбээр баяртайгаар хүлээн авч, дэмжиж байсан зорилгынхоо төлөө амь насаа өргөхөөр дуудагдсан үед, өөрийнхөө хэлсэнчлэн, үүрд мөнхийн титэмд бат итгэсээр, итгэлтэй дайчин эрийн ёсоор амиа өгсөн юм.

Энэ Төлөөлөгчийн хөдөлмөрийг хөрвөсөн цагаас нь эхлэн нас барсан үеийг нь хүртэл даган ажигла. Тэгвэл Христийн Сайн мэдээг олон түмэнд дэлгэрүүлэх үйлст шаргуу хичээнгүй чанар, тэвчээрийн сайн үлгэр жишээг та нар харах болно. Түүнийг элэг доог болгож, ташуурдаж занчин, чулуугаар шидэж байсан үед тэрээр мөрдөн мөшгөгчдийнхөө гараас мултарч, Аврагчийн сургаалыг ер бусын эрч хүчтэйгээр тунхаглаж байсан билээ. Тэрээр энэ амьдралд алдар хүндэтгэл хүлээх эсвэл дэлхийн эд баялагтай болохын төлөө итгэлийг баяртайгаар хүлээн аваагүйг хүн бүхэн мэднэ шүү дээ. Тэгвэл тэр яах гэж энэхүү юутай ч зүйрлэшгүй хүнд хүчир хөдөлмөрт зүтгэсэн юм бол? Өөрийнх нь хэлснээр, тэрээр Бурханы мутраас зөв шударгын титмийг олж авахын төлөө ингэсэн ажээ. Паул эцсийг хүртэл итгэлтэй байсанд хэн ч эргэлзэхгүй гэж бид боддог. Тэр итгэлээ сахиагүй, сайн тэмцлээр тэмцээгүй, амьдралынхаа эцсийг хүртэл хүмүүст номлож, заагаагүй гэж хэн ч хэлэхгүй. Харин тэр юу олж авах ёстой байсан бэ? Зөв шударгын титмийг. …

Ах нар аа, та нар итгэлтэй байснаар Паул болон түүнтэй адил бусад хүмүүстэй хамт хуримын баярт суудалтай байхаар өөрсдийгөө зохистой гэж үздэг үү хэмээн асууж, хормын төдийд тунгаан бодоод үз дээ? Та нар сайн тэмцлээр тэмцээгүй, итгэлийг сахиагүй бол Паулынх шиг адислалыг хүлээн авч чадна гэж үү? Их Эзэний мутраас зөв шударгын титмийг Ууган Хүүгийн Сүмтэй хамт хүлээн авах амлалт та нарт байгаа юу? Тэгвэл Паул итгэлээ сахиж, Түүний ирэлтийг болон мутраас нь зөв шударгын титмийг хүлээн авах амлалтыг нь хайрладаг байсан учраас Христэд найдвараа тавьдаг байсныг бид эндээс ойлгодог… .

… Эрт үеийнхэн хүмүүнээр хавчигдан, гай зовлонд унаж байсан ч Бурханы амлалтуудаас чухал бөгөөд алдар суут олон зүйлийг олж авч байсанд бидний зүрх сэтгэл талархлаар олонтаа дүүрч, Тэрээр нүүр тал хардаггүйг, мөн Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч аливаа үндэстний хүн Түүнд таалагддагийг тунгаан бодсоноор бүр тийм хүмүүсийг үлгэр жишээ болгон харах боломж бидэнд олдоно [Үйлс 10:34-35-ыг үз]. …

Бүх хүмүүс ажил үйлсийнхээ дагуу шүүгдэж, мөн үүнийхээ дагуу шагнагдах өдөр ирнэ, итгэлээ сахисан хүмүүс зөв шударгын титмээр титэмлэгдэн, цагаан хувцас өмсөж, хуримын найранд орох боломжтой болж, аливаа гай зовлонгоос ангид байж, Христтэй хамт дэлхий дээр хаанчилна гэсэн дүгнэлтийг бид хийж болно. Тэнд тэд эртний амлалтын дагуу алдар суут хаант улсад Түүнтэй хамт усан үзмийн шинэ модны жимснээс хүртэнэ. Наад тал нь л ийм амлалтууд эртний Гэгээнтнүүдэд хийгдсэн. Бид эртний хүмүүст хийгдсэн эдгээр амлалтуудыг шаардаж чадахгүй л дээ. Учир нь эдгээр нь зөвхөн бидний өмч биш. Эдгээр нь эртний Гэгээнтнүүдэд хийгдсэн юм. Гэвч бид Бүхнээс Дээдийн хүүхдүүд юм бол, тэдний дуудагдсан тэрхүү дуудлагаар дуудагдсан юм бол, мөн тэдний баяртайгаар хүлээн авсан тэрхүү гэрээг хүлээн авсан юм бол, мөн тэдний нэгэн адил Их Эзэнийхээ тухай гэрчлэлд итгэлтэй байх юм бол, тэд Түүнд Христийн нэрээр хандаж байсан лугаа адил бид Эцэгт хандан, мөнхүү адислалуудыг олж авч чадна шүү дээ.

“Петр, Иохан болон бусад Төлөөлөгчид … Бурханаас эмээдэг байсан бөгөөд эдгээр адислалыг олж авах хүч, итгэлтэй байсан учраас бид эдгээрийг олж авах юм биш, харин өөрсдөө итгэлтэй байж, бүр тэдний нэгэн адил Түүний Хүү Есүс Христийн нэрээр Бурханд хандсанаар эдгээр адислал бидэнд ирэх болно. Ийм адислалуудыг олж авснаар эдгээр нь шууд биднийх байна. Эс бөгөөс тэдгээр нь бидэнд ашиг тусаа өгөхгүй. Эдгээр амлалтууд бидний ашиг тусын төлөө үйлчилж, Түүний зарлигуудыг дагаж, Түүний өмнө зөв шударгаар алхахад өөрсдийн хичээл зүтгэлээр олж авсан (Бурханы бэлгээр дамжин ирсэн) бидний өмч байх болно.”16

Их Эзэний жимсний талбайд илүү их хичээл зүтгэл гарган хөдөлмөрлөх эрмэлзлийг та нарт төрүүлэхийг нэн чухал гэж үзэх аваас эсвэл энэ нь үүнд тустай гэж бодох аваас, Христийн шашны онцгой мөн чанар, ёс жудгийг хүмүүст итгүүлэх цорын ганц зорилгын төлөө эртний ариун хүмүүсийн туулж өнгөрүүлсэн хүнд хүчир хөдөлмөр, бэрхшээл сорилтуудтай тулгарч, тохь тух, амьдралын эн тэргүүний хэрэгцээт зүйлсээр дутагдаж, гадуурхагдан хавчигдаж байсныг бид та бүгдэд сануулъя, ах нар минь. Гэвч бидэнд итгэх шалтгаан бий (та нар ариун Судруудыг судалж мэдэх зүйлсийнхээ хангалттай хэсэг болговол). Тэдний нөр шаргуу хөдөлмөрийг та бүгд мэднэ. Тэд бас бидний Их Эзэний мутраас аз жаргалтай амьдралын баталгааг олж авахын тулд энэ дэлхийн өнөөгийн сайн үйлс, баяр баясгалангийн төлөө золиослол хийх хүсэлтэй байсан юм. Тэд баяртайгаар хүлээж авсан зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө нөр хичээнгүй, бахархууштай хөдөлмөрлөдөг байсан тэдний үлгэр дуурайлыг та бүгд өөрсдөдөө загвар болгохын төлөө хичээн чармайж байгаа билээ. Зөвхөн Гэгээнтнүүдийн эдгээр үлгэр дуурайл төдийгүй, бас Их Эзэний зарлигууд бидний зүрх сэтгэлд байнга хадгалагдан, Түүний сайн мэдээг тунхаглахад зөвхөн Түүний хүслийг төдийгүй, мөн номхон дөлгөөн зан, бузар болон завхай үеийнхэн Түүн дээр овоолсон хүнд хэцүү мөрдлөг хавчлага, зүй бус харьцааны үед бүхний өмнө биеэ төгс авч явсныг заана гэдэгт бид найддаг.

“Тэрбээр та нарыг цэвэр ариун байхад уриалан дууддагийг санагтун, ах нар минь. Ингэхлээр цэвэр ариун байдлаараа Түүнтэй адилхан бай хэмээн бид хэлэх хэрэгтэй биз дээ? Тэгвэл та бүгд Түүний мэлмийд ухаалаг, цэвэр ариун, төгс байж, өөрсдийгөө зохих ёсоор авч явж чадахсан. Бас Түүний мэлмий үргэлж бидэн дээр байдгийг санагтун. Та нар эдгээр үнэн бодит байдлыг зохих ёсоор ойлговол, хайхрамжгүй, хатуу сэтгэлтэй байж чадахгүй. Түүний бүхий л бурханлаг шаардлагуудыг чанд мөрдөхгүй бол эцсийн эцэст та нарт зөвт байдал үгүйлэгдэнэ. Ингэвэл та нарын хувь тавилан ашиггүй зарц нарын хувь тавилантай адилхан байх болно. Тиймээс, та бүгд шагналаа алдахгүйн тулд өөрсдийн хийдэг бүхнийг сайжруулахыг бид хүсч байна.”17

Судлах болон заах зөвлөмж

Энэ бүлгийг судалж, заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламжийг хуудас vii-xii-оос үз.

  • Хуудас 183 дээрх сүүлчийн догол мөрийг уншихдаа, Иосеф Смитийн амьдралдаа мөрдлөг болгодог байсан дүрэм дээр анхаарал төвлөрүүл. Амьд бошиглогчийн үгсээр эсвэл Ариун Сүнсний өдөөлтөөр дамжуулан саяхан хүлээж авсан тушаалуудынхаа талаар бод. Та нар эдгээр тушаалуудыг эргэлзэлгүйгээр дуулгавартай дагаснаараа хэрхэн адислагдсан бэ?

  • Хуудас 184 дээрх эхний догол мөрийг нэгтгэн дүгнэ. Зарим үед бид “үнэн зарчмыг хамгаалахын” тулд яагаад “ганцаараа тэмцэх” шаардлагатай болдог вэ? Ийм үед бид ямар арга замаар ганцаараа биш байдаг вэ? (Зарим жишээг хуудас 184-186.) Сайн мэдээний зарчмуудад үнэнч байх нь нийтлэг биш байгаа тохиолдолд бид ийм байхад нь хүүхэд залуучуудад хэрхэн тусалж чадах вэ?

  • Хуудас 186-өөс эхэлсэн хэсгийг судал. Бурхан ямар шалтгаанаар бидэнд зарлиг өгдөг вэ? Бид яагаад Түүний зарлигуудыг дуулгавартай дагах ёстой вэ?

  • Матай 22:2-14, 2 Тимот 4:7-8 (хуудас 187-189)-ын тухай Иосеф Смитийн сургаалыг нэгтгэн дүгнэ. Хуримын найранд оролцох боллоо гэхэд өөрт чинь ямар санагдахыг тунгаан бод. Хуримын найранд оролцохоор зохистой байхын тулд бид ямар хүмүүс байх ёстой вэ? Сайн тэмцлээр тэмцэж, итгэлээ сахь гэдэг нь юу гэсэн утгатай гэж бодож байна вэ? Сайн тэмцлээр тэмцэж, итгэлээ сахисан таньдаг нэг хүнийхээ тухай бод. Чи энэ хүнээс юу сурч болох вэ?

  • Их Эзэн “[биднийг] цэвэр ариун байхад дуудсаныг” (хуудас 191) санахыг Бошиглогч Иосеф бидэнд уриалжээ. Цэвэр ариун байхад дуудагдсан нь чиний хувьд ямар учир холбогдолтой вэ? Энэхүү “дуудлагыг” санах нь бидний амьдралд, бидний гэр бүлийн гишүүд, найз нарын амьдралд ямар өөрчлөлт гаргаж болох вэ?

Холбогдох судрууд: Египетээс Гарсан нь 20:1-17; Иохан 7:17; 1 Нифай 3:7; С ба Г 58:26-29; Абрахам 3:25

Эшлэл

  1. Orson F. Whitney, “Ньюел К.Вигней,” Contributor, 1885 оны 1-р cap, х. 125; цэг тэмдэг, хэлзүйн дүрэм шинэчлэгдсэн.

  2. Orson F. Whitney, Conference Report, 1912 оны 4-p cap, x. 50.

  3. History of the Church, 2:170; “History of the Church” (rap бичмэл)-ээс, book B-1, x. 558, Сүмийн Архив, Есүс Хрисгийн Хожмын Үеийн Гэгээнгнүүдийн Сүм, Солг Лейк хог, Юга.

  4. History of the Church, 6:223; 1844 оны 2-p сарын 21-нд Иллинойн Наувуд Иосеф Смигийн уншсан тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф, Виллард Ричардс.

  5. History of the Church, 5:65; from an editorial in Times and Seasons-д нийглэгдсэн “The Government of God” редакцийн өгүүллээс, 1842 оны долдугаар сарын 15, х. 857; Иосеф Смиг энэ тоггмол хэвлэлийн эрхлэгч байжээ.

  6. History of the Church, 4:570; 1842 оны 3-p сарын 30-нд Иллинойн Наувуд Иосеф Смигийн уншсан тэмдэглэлийг хийсэн Элиза Р.Снөү; мөн хавсралг, хуудас 562, зүйл 3-ыг үз.

  7. History of the Church, 5:426; 1843 оны зургадугаар сарын 11-нд Иллинойн Наувуд Иосеф Смигийн уншсан тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф, Виллард Ричардс нар; мөн хавсралг, хуудас 562, зүйл 3-ыг үз.

  8. History of the Church, 5:31; Times and Seasons-д нийглэгдсэн “Gift of the Holy Ghost” редакцийн өгүүллээс, 1842 оны зургадугаар сарын 15, х. 825; Иосеф Смиг энэ тоггмол хэвлэлийн эрхлэгч байжээ.

  9. History of the Church, 4:478; гом үсгийн дүрэм шинэчлэгдсэн; 1841 оны 12-р сарын 19-нд Иллинойн Наувуд Иосеф Смигийн уншсан тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф.

  10. Иосеф Смигээс Айзик Галландад бичсэн захидал, Mar. 22, 1839 оны 3-р сарын 22, Либерги шорон, Либерги, Миссури, Times and Seasons-д нийглэгджээ, 1840 оны 2-р сар, х. 54.

  11. History of the Church, 2:7-8, 12; “The Elders of the Church in Kirtland, to Their Brethren Abroad”-аас, 1834 оны 1-p сарын 22, Evening and Morning Star-д нийглэгджээ, 1834 оны 2-p сар, x. 135-136.

  12. Сургаал ба Гэрээ 130:20-21; Иллинойн Рамусг 1843 оны 4-р сарын 2-нд Иосеф Смигийн өгсөн заавар.

  13. 1843 оны долдугаар сарын 16-нд Иллинойн Наувуд Иосеф Смигийн уншсан лекц; тэмдэглэлийг хийсэн Франклин Д.Ричардс, in Franklin Dewey Richards, Scriptural Items, ойролцоогоор 1841-1844 он, Сүмийн Архив.

  14. History of the Church, 1:408; Иосеф Смигээс Виенна Жаквиест бичсэн захидлаас, 1833 оны 9-р сарын 4, Огайогийн Көртланд; Жаквиес эгчийн сүүлчийн нэрийг History of the Church-д “Jaques” хэмээн зарим үед тэмдэглэсэн байдаг.

  15. History of the Church, 1:299; Иосеф Смитээс Виллям В.Фелпст бичсэн захидлаас, 1832 оны 11-р сарын 27, Огайогийн Көртланд.

  16. History of the Church, 2:19-22; цэг тэмдэг шинэчлэгдсэн; догол мөр өөрчлөгдсөн; “The Elders of the Church in Kirtland, to Their Brethren Abroad”-aac, 1834 оны 1-р сарын 22, Evening and Morning Star-д нийтлэгджээ, 1834 оны 3-р сар, х. 144.

  17. History of the Church, 2:13; догол мөр өөрчлөгдсөн; “The Elders of the Church in Kirtland, to Their Brethren Abroad”- aac, 1834 оны 1-p сарын 22, Evening and Morning Star-д нийтлэгджээ, 1834 оны 2-p сар, x. 142.

Зураг
Joseph and Newel K. Whitney

1831 оны хоёрдугаар сард Иосеф Смит Огайогийн Көртландад ирж, Ньюел К.Витнейн дэлгуурт ороод, “Би Бошиглогн Иосеф байна. … Залбирлын чинь улмаас л би хурээд ирлээ шүү дээ. Одоо надаас юу хусэхсэн бол?’ ” гэжээ.

Зураг
child paying tithing

“Их Эзэн зарлигласан л бол биелүүл” гэж Иосеф Смит хэлжээ. Аравны нэгийн хууль нь Их Эзэний өгсөн бүх зарлигийн адил үүнийг дуулгавартай дагасан хүмүүст агуу адислалууд авчирдаг.

Зураг
Paul testifying

Паул Агрийп хааны өмнө гэрчилж, байгаа нь. “Паул эцсийг хүртэл итгэлтэй байсанд хэн ч эргэлзэхгүй байх болно. … Харин тэр юу олж авах ёстой байсан юм бол? Зөв шударгын титмийг. …”