Ерөнхийлөгчдийн сургаал
Бүлэг 2: Мөнхийн Эцэг Бурхан


Бүлэг 2

Мөнхийн Эцэг Бурхан

“Бидний Бурханы зорилго аугаа юм. Түүний хайр хэмжээлшгүй, Түүний мэргэн ухаан хязгааргүй, Түүний хүч өгүүлшгүй их юм. Тийм учраас аз жаргалтай, баяр баясгалантай байх шалтгаан Гэгээнтнүүдэд бий.”

Иосеф Смитийн амьдралаас

Иосеф Смитийн өвөг дээдсийн дотор өөр өөрсдийнхөө үед үнэн Бурханыг мэдэхийн төлөө эрэлхийлж байсан олон хүн байсан гэдэг. Иосефийн өөрийнх нь эцэг эх хоёр гүнзгий сүнслэг хүмүүс байжээ. Тэд тухайн үеийнхээ сүмүүд дотроос Бурханы тухай бүрэн үнэнийг олоогүй ч, Библийг Бурханы үг хэмээн хүндэтгэж, залбирлыг өдөр тутмын амьдралынхаа хэсэг болгосон ажээ. “Аав минь гүнзгий шүтлэг бишрэлтэй, чанд ёс суртахуунтай хүн байлаа. … Орой өглөө аль алинд нь намайг залбирал сонс гэж дууддаг байж билээ. … Аав ээж хоёр маань хүүхдүүдээ асарч хүмүүжүүлэх, тэднийг нүглээс, бүхий л хилэнцэт үйлдлээс хамгаалахын тулд адислал, ивээл бүхнийг соёрхогч Бурханд зүрх сэтгэлээ уудлан илчилдэг байлаа. Энэ бол аав, ээж хоёрын минь хатуу тогтсон сүсэг бишрэл байв”1 гэж Бошиглогчийн дүү Виллям дурсчээ. Тэрээр бас: “Намайг мэдээ орсон цагаас хойш бид үргэлж гэр бүлийн залбирал хийдэг байсан. Аав нүдний шилээ хантаазныхаа халаасанд авч явдаг байсныг би сайн санаж байна … Аав нүдний шилээ тэмтрэхийг хөвгүүд хараад энэ бол бид залбиралдаа бэлтгэх цаг болсны дохио гэж мэддэг байлаа. Хэрэв бид үүнийг ажиглаагүй өнгөрчихсөн бол ээж, ‘Виллям!’ гэх юм уу эсвэл хайхрамжгүй байгаа өөр хэн нэгнийг нэрээр нь дуудаад, ‘залбирахад бэлтгэ’ гэдэгсэн. Бид залбирлын дараа нэг дуу дуулна. Энэ дуунд ‘Өөр нэг өдөр ингээд өнгөрөхөд, Өдөр бүр өмсдөг хувцсаа бид сольдог’ ”2 гэж гардаг байсныг би өдий хүртэл санадаг гэж Виллям дурсчээ.

Хүүхэд ахуй үеийнх нь энэхүү сүнслэг хэвшил залуу Иосеф Смитийн сэтгэл санаанд гүнзгий шингэсэн байлаа. Тэрээр үүрд мөнхийн сайн сайхныхаа талаар санаа нь зовниж, аль сүмд нэгдэх хэрэгтэйг мэдэх гэж хичээж явахдаа хариу авахын тулд Бурханд хандаж болно гэдгийг мэдэж байсан юм:

“Бурхан бол өчигдөр, өнөөдөр, мөн үүрд мөнхөд нэг л адил бөгөөд хүмүүсийн нүүр тал хардаггүйг би судруудаас мэдсэн билээ. Учир нь тэр бол Бурхан байлаа. Учир нь би дэлхийн сүр жавхлант гэрэл болсон нарыг, тэнгэрийн дундуур сүр хүчээрээ холхин нүүгч сарыг бас тойрог замаараа гялалзан сүүмэлзэгч оддыг харсан. Мөн би өөрөө дээр нь зогсож буй дэлхийг, хээрийн зэрлэг амьтдыг, тэнгэрийн жигүүртнүүдийг, усан дахь загасыг, цог жавхлан, эрхэмсэг хүч чадлаараа дэлхийн гадаргуу дээгүүр алхлагч, өөрсдийг нь бүтээсэн түүнтэй адил төстэй, үлэмжийн агуу хийгээд гайхамшигт зүйлсийг хүч болоод оюун билгээр удирддаг хүнийг бас харсан.

“Эдгээр зүйлсийг тунгаан бодоход, Мунхаг хүн зүрхэндээ ‘Бурхан байхгүй’ гэв [Дуулал 53:1-ийг үз] хэмээн нэгэн мэргэн ухаантан хэлсэн шүү дээ гэж зүрх сэтгэл минь дуу алддаг байлаа. Эд бүгд бүхнийг чадагч, газар сайгүй нэг зэрэг байж чаддаг хүч, хуулиудыг бий болгогч бөгөөд тогтоогч, бүх зүйлийг уялдаа холбоонд нь хуульчлан холбогч, үүрд мөнхийг дүүргэгч, мөн үүрд мөнхөөс үүрд мөнхөд байсан, байгаа, мөн байх тэрхүү Хүмүүн биеийг гэрчлэн мөн нотлон харуулдаг хэмээн зүрх сэтгэл минь дуу алдаж билээ. Би эдгээр зүйлсийг, бас тэрхүү Хүмүүн бие өөрийг нь сүнсээрээ, үнэнээр Түүнд мөргөгчдийг эрж буйг эргэцүүлэн бодонгоо [Иохан 4:23-ыг үз], нигүүлслийг гуйн Их Эзэнд хандан залбирсан юм. Учир нь бибээр түүнд хандан, нигүүлслийг олж авах өөр хэн ч байсангүй.”3

Нигүүлсэл хийгээд мэргэн ухааны төлөө Иосефын итгэлтэй залбирал Анхны Үзэгдлээр хариулагдсан билээ. Тэрхүү үзэгдэл тэр үеийн сүмүүдээс аль нь ч эзэмшээгүй тийм агуу мэдлэгийг, олон зууны туршид дэлхийгээс алга болсон тэрхүү мэдлэгийг Бошиглогчид өгсөн юм. Иосеф Анхны Үзэгдлээр Эцэг Хүү хоёр бол тусдаа хувь хүмүүс гэдгийг, Тэдний хүч хилэнцийн хүчнээс илүү агуу гэдгийг, хүн үнэхээр Бурханы дүр төрхөөр бүтээгдсэнийг өөрийн биеэр мэдсэн юм. Тэнгэр дэх Эцэгтэйгээ харилцах бидний жинхэнэ харилцааг ойлгоход минь амин чухал хэрэгтэй тэдгээр үнэнүүдийг тэр мэдсэн билээ.

Үүний дараа Бурханы мөн чанарын талаарх бусад илчлэлтүүд, түүний дотор одоо бидний судруудад байгаа олон илчлэлт мэдэгдсэн юм. Сайн мэдээг дэлхийд сэргээхэд Бурханы мутарт зэмсэг болсон Бошиглогч үйлчлэлийнхээ бүх үеийн туршид Бурханыг гэрчилсэн билээ. “Би Бурханаас асуухаар явах болно. Учир нь би та бүгдийг Түүнийг мэдээсэй, Түүнийг таниасай хэмээн хүснэ. … Тэгвэл та нар намайг Түүний үйлчлэгч гэдгийг мэдэх болно. Учир нь би эрх мэдэлтэй хүний хувьд ийн ярьж байна.”4

Иосеф Смитийн сургаалаас

Бурхан бол бүх хүн төрөлхтний энэрэлт эцэг, сайн сайхан бүхний эх булаг мөн.

“Хүн төрөлхтний нэг хэсэг нь нөгөөгөө нигүүлсэлгүйгээр шүүж, зэмлэн буруутгаж байхад ертөнцийн Аугаа Эцэг хүн төрөлхтний бүх гэр бүлийг эцэг ёсны анхаарал, хайр халамжаар санаа тавин харж байдаг билээ. Тэрбээр бүх хүн төрөлхтний гэр бүлийг Өөрийнхөө үр хүүхэд хэмээн үзэж, хүмүүний үрст үзүүлдэг аливаа нөлөөгөө хязгаарлалгүйгээр ‘Өөрийнхөө нарыг хорон муу болоод сайн хүмүүс дээр мандуулж, зөвт болоод зөвт бус хүмүүс дээр бороо оруулдаг юм.’ [Матай 5:45.]”5

“Бурхан бол бүх сайн сайхан зүйл ундран оргилдог агуу эх булаг мөн гэдгийг, Тэр бол төгс оюун билэг гэдгийг, бас бидний тэргүүн дээр гайхамшгийг илтгэн, сүр жавхлангаараа гялалзан гийгч хүчирхэг бүтээл болон ертөнцүүдийг хурууныхаа үзүүрээр удирдаж, Бүхнийг Чадагч үгээрээ нөлөөлөхөд Түүний мэргэн ухаан дангаараа хангалтай гэдгийг бид хүлээн зөвшөөрдөг билээ. … Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, Огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхагладаг [Дуулал 19:1-ийг үз]. Эдгээр бүх юмс зүгээр л тохиолдлоор бий болчихсон юм биш, бас эднийг Бүхнийг Чадагчийн мутраас доогуур ямар ч хүч дэмжин тулж чадахгүйг оюун билэгт хүн бүрд заахад агшин зуурын тунгаан бодолт хангалттай юм.”6

“Бурхан хүмүүний үйлдлийн нууц эх сурвалжийг хардаг, хүн бүрийн зүрх сэтгэлийг мэддэг юм.”7

“Бидний Бурханы зорилго аугаа юм. Түүний хайр хзмжээлшгүй, Түүний мэргэн ухаан хязгааргүй, Түүний хүч өгүүлшгүй их юм. Тийм учраас ‘энэ Бурхан бол мөнхийн мөнхөд бидний Бурхан билээ. Тэр биднийг үхэн үхтэл хөтлөх болно’ ” [Дуулал 48:14] гэдгийг мэддэг болохоор аз жаргалтай, баяр баясгалантай байх шалтгаан Гэгээнтнүүдэд бий.”8

Бид Бурханы зан чанарыг ойлгох юм бол өөрсдийгөө ойлгож, Түүнд хэрхэн хандвал зохихыг мэдэж чадна.

“Гэвч Бурханы зан чанарыг зөвөөр ойлгодог хүмүүс дэлхийд туйлын цөөхөн байдаг. Хүн төрөлхтний дийлэнх олонх нь өнгөрсөн юмыг ч, ирэх юмыг ч, бас энэ нь Бурхантай харилцах тэдний харилцаанаас хамааралтайг ч ойлгодоггүй. Тэд энэхүү харилцан хамаарлын мөн чанарыг мэддэггүй бас ойлгодоггүй. Үүний улмаас тэд зэрлэг амьтдаас арай дээр, эсвээс идэх уух, унтахаас арай илүү зүйлийг мэддэг. Хэрэв энэ мэдлэг Бүхнийг Чадагчийн сүнсний нөлөөгөөр өгөгдөөгүй л бол, энэ бол Бурханы тухай, Түүний оршихуйн тухай хүмүүний мэддэг бүх зүйл.

Хэрэв хүн зөвхөн идэх, уух, унтахаас өөр юу ч сурч мэдэхгүй, Бурханы бүтээлүүдээс алиныг нь ч ойлгодоггүй бол, хүн амьтнаас ялгагдахгүй болно шүү дээ. Амьтад идэж, ууж, унтдаг ч Бурханы тухай юу ч мэддэггүй. Хэрэв бид Бүхнийг Чадагч Бурханы сүнсний нөлөөгөөр ухан ойлгох чадваргүй байх юм бол, амьтдаас ялгагдахгүй болох бус уу? Хэрэв хүмүүс Бурханы зан чанарыг ойлгодоггүй бол, тэд өөрсдийгөө ойлгож чадахгүй. Би эхлэлд эргэн очиж, та бүхний оюун бодлыг илүү өргөмжлөгдсөн ертөнц уруу, хүмүүний оюун ухаан эзэмшихийг эрмэлздэг тэр зүйлийг ойлгох илүү өндөр ойлголтод хандуулахыг хүснэ.

… ‘Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн’ [Иохан 17:3] гэдгийг судрууд бидэнд сануулдаг билээ.

“Хэрэв хүн Бурханыг мэддэггүй бол, Тэрбээр ямархуу хүн бэ гэдгийг, Есүс болон төлөөлөгчдийн үгс үнэн үү гэдгийг чин сэтгэлээсээ хичээнгүйлэн асууж, зрж хайдаггүй бол, мөнх амьдрал өөрт нь ирэхгүйг ухаарч ойлгох болно. Учир нь мөнх амьдрал Бурханыг мэдэхээс өөр ямар нэг зарчим дээр үндэслэгддэггүй.

Миний анхдагч зорилго бол цорын ганц мэргэн, үнэн Бурханы зан чанарыг, мөн Тэрбээр ямархуу хүн бэ гэдгийг танин мэдэх явдал мөн.…

Бурхан Өөрөө нэгэнтээ одоогийн бидэн шиг байсан бөгөөд эдүгээ өргөмжлөгдсөн хүмүүн Тэрбээр тэнгэрт хаан ширээндээ заларч байгаа билээ! Энэ бол агуу нууц юм. Хэрэв хөшиг өнөөдөр нээгддэг юм аа гэхэд энэ дэлхийг тойрог замд нь барьж байдаг, бүх ертөнц болон бүх юмсыг Өөрийн хүчээр өргөн барьж байдаг аугаа Бурхан Өөрийгөө харуулах юм бол, хэрэв та нар Түүнийг өнөөдөр харж чаддаг юм аа гэхэд, Тэрбээр дүр төрх, хэлбэр дүрсээрээ, яг л хүн шиг, өөрсөдтэй чинь адилхныг та нар харах болно хэмээн би хэлнэ. Учир нь Адам Бурханы хэв загвар, дүр төрх, адил төстэй байдлаар бүтээгдсэн бөгөөд түүнээс заавар хүлээн авч, нэг хүн нөгөөтэйгөө ярьж байгаа лугаа адил Түүнтэй ярилцан, хамт алхалж явсан билээ.…

“… Бид Бурханы тухай мэдлэгтэй болсноор түүнд хэрхэн хандвал зохихыг, хариу авахын тулд хэрхэн асуувал зохихыг мэддэг. Бид Бурханы зан чанарыг ойлгодог болсноор Түүнд хэрхэн ирэхийг мэддэг болж, Тэрбээр бидэнд тэнгэрийг нээж эхэлдэг, мөн тэнгэрийн тухай бүхнийг бидэнд хэлдэг. Бид Түүн уруу ирэхэд бэлэн байх юм бол Тэрээр бидэн уруу ирэхэд бэлэн байдаг.”9

Бурхан тэргүүтэн бол тус бүрдээ ялгаатай, гурван өөр хүн юи.

Итгэлийн Тунхаг 1:1: “Бурхан Мөнхийн Эцэг, мөн Түүний Хүү Есүс Христ, мөн Ариун Сүнсэнд бид битгэдэг.”10

Хожим нь Сургаал 6а Гэрээ 130:22-т цэдэглэгдсэн дараах зүйлийг Иосеф Смит 1843 оны дөрөвдүгээр сард заажээ: “Эцэг хүмүүнийхтэй адил мэдрэгдэх мах хийгээд ясан биетэй болой. Хүү ч бас адил бөлгөө. Харин Ариун Сүнс бол мах хийгээд ясан биегүй Сүнсэн хүн буюу. Ийм бус байх аваас Ариун Сүнс бидэн дотор оршиж чадах нь үгүй бөлгөө.”11

“Бурхан бол тусдаа хүн, Есүс Христ бол Бурхан Эцэгээс ялгаатай тусдаа хүн, мөн Ариун Сүнс бол тусдаа Сүнсэн хүн гэдгийг би үргэлж тунхагласаар ирсэн билээ. Энэ гурав бол тусдаа гурван хүн, бас гурван Бурхан юм.”12

“Биегүй эсвэл биеийн эрхтнүүдгүй юм бол юу ч биш. Max ясан биетэй Бурханаас өөр Бурхан тэнгэрт үгүй.”13

Бурхан тэргүүтэн төгс эв ыэгдэлтэй бөгөөд Бурхан Эцэг тэргүүлдэг.

“Бурхан болон Бурхан тэргүүтний тухай өгүүлсэн зүйл их байдаг. … Эдүгээгийн багш нар Эцэг бол Бурхан, Хүү бол Бурхан, Ариун Сүнс бол Бурхан, тэд бүгдээрээ нэг биетэй, нэг Бурхан хэмээн ярьдаг. Эцэг Хүү хоёр нэгийн адилаар Эцэг дэлхийгээс өөрт нь өгсөн хүмүүс нэг байхын төлөө Есүс залбирдаг байсан юм [Иохан 17:11-23-ыг үз].…

“Петр, Стефан хоёр Бурханы баруун гар талд зогсож байсан Хүний Хүүг харсан тухайгаа гэрчилсэн байдаг. Тэнгэр нээгдэхийг харсан хүн бүгд хүч, эрх мэдлийн түлхүүрүүдийг атгасан гурван хүн тэнгэрт байдаг бөгөөд нэг нь бүгдийн дээр тэргүүлдгийг мэддэг билээ.”14

“Үүрдийн гэрээ нь энэ дэлхийг зохион байгуулахаас өмнө дээрх гурван хүний хооронд хийгдсэн бөгөөд дэлхий дээрх хүмүүс, юмст холбогдох тэдний эрин үеүдэд хамааралтай юм. Энэ гурван хүний … нэгдэхийг Бүтээгч, Бурхан; хоёр дахийг Гэтэлгэгч, Бурхан; гурав дахийг Бурхан, Гэрч буюу Гэрээслэгч (Тайтгаруулагч) хэмээн нэрлэдэг.”15

“Тэргүүн буюу Ерөнхийлөгчийн хувьд тэргүүлэх нь Эцэгийн эрх мэдэл, Зууч байх нь Есүсийн, Тайтгаруулагч буюу Гэрч байх нь Ариун Сүнсний үүрэг буюу эрх мэдэл юм. Ийнхүү Хүүд бие байдаг Эцэгт ч мөн адил, харин Ариун Сүнс бол биегүй сүнсэн хүн юм.”16

“ ‘Би болон Эцэг нэг юм’ [Иохан 10:30] гэж сударт өгүүлдэг. Мөн дахин Эцэг, Хүү, Ариун Сүнс гурав нэг юм. Энэ гурав үүнийгээ зөвшөөрдөг [1 Иохан 5:7-8-ыг үз]. Иймээс Аврагч Эцэгийн төлөө, ‘Би ертөнцийн төлөө бус, харин Таны надад өгсөн хүмүүсийн төлөө, тэднийг нэг байлгахын төлөө,’ өөрөөр хэлбэл, тэд итгэлээрээ нэг оюун ухаантай байхын төлөө гуйж байна [Иохан 17:9, 11-ийг үз]. Гэвч хүн бүр өөр өөр, ялгаатай байдаг учраас Бурхан, Есүс Христ, Ариун Сүнс гурав ч бас өөр өөр хүмүүс. Харин тэд мөн чанараараа бүгд адил юм.”17

Судлах болон заах зөвлөмж

Энэ бүлгийг судлахдаа эсвэл заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламж хэрэгтэй бол хуудас vii-xii-ыг үз.

  • Хуудас 46-47-ийг нэгтгэн дүгнэхдээ, залуу Иосеф Смит “хэмжээлшгүй болон хязгааргүй хүчний” нотолгоог амьдарч байгаа дэлхийгээсээ хэрхэн олж харсныг ажигла. Та нар амьдарч байгаа дэлхийгээ ажиглаад Бурханы тухай гэрчилдэг юуг олж хардаг вэ?

  • Энэ бүлгийн (хуудас 47) эхний хэсгийг нэгтгэн дүгнэхдээ, Бурханы зан чанарыг илэрхийлсэн сургаалуудыг эрж ол. Эдгээр сургаалууд “аз жаргалтай, баяр баясгалантай байхад” бидэнд хэрхэн тусалж чадах вэ?

  • “Ертөнцийн Аугаа Эцэг хүн төрөлхтний бүх гэр бүлийг эцэг ёсны анхаарал, хайр халамжаар санаа тавин харж байдаг” (хуудас 46) гэж Иосеф Смит сургажээ. Эдгээр үгсийг тунгаан бодоход та нарт ямар бодол санаа, мэдрэмж төрдөг вэ?

  • Хуудас 46-ийн доод талаас эхэлж байгаа догол мөрийг бас дараагийн догол мөрийг унш. Хэрэв бид Бурханы зан чанарыг ойлгохгүй бол өөрсдийгөө ойлгох нь яагаад боломжгүй байдаг вэ?

  • Бурхан Эцэг, Есүс Христ, Ариун Сүнс гурав бол “гурван өөр хүн” гэдгийг Бошиглогч Иосеф Смит гэрчилсэн юм. Энэ гурав бас нэг юм гэж тэр заажээ (хуудас 49). Бурхан тэргүүтний гишүүд ямар арга замаар нэг байдаг вэ? (Зарим жишээг хуудас 50-оос үз.)

  • Тэнгэрлэг Эцэгээ хайрлах хайрыг эцэг эхчүүд хүүхдүүддээ ямар арга замаар төлөвшүүлж чадах вэ? (Зарим жишээг хуудас 46-гоос үз.)

Холбогдох судрууд: Иохан 8:17-19; Еврей 1:1-3; 12:9; Мосе 1:3-6, 39

Эшлэл

  1. Виллям Смит, Notes on Chambers’ life of Joseph Smith, 1875 оны Орчим, Сүмийн Архив, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лейк хот, Юта.

  2. Виллям Смит, Э.К.Бригсс, Ж.В.Петрсон нартай хийсэн ярилцлага, 1893 оны 10, 11-р сар. Анх Zion’s Ensign (Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Өөрчлөгдөн зохион байгуулагдсан Сүмээс хэвлэн гаргаж байсан тогтмол сэтгүүл, эдүгээ Community of Christ гэж нэрлэгддэг)-нд нийтлэгджээ. Deseret Evening News-д дахин хэвлэгдсэн байна, 1894 оны 1-р сарын 20, х. 2; цэг таслалыг шинэчилжээ.

  3. Иосеф Смит, History 1832, х. 2-3; Letter Book 1, 1829-1835, Иосеф Смит, Collection, Сүмийн Архив.

  4. History of the Church, 6:305; Иллинойн Наувуд 1844 оны 4-р сарын 7-нд Иосеф Смитийн уншсан лекцээс Вилфорд Вудрафф, Виллард Ричардс, Томас Бюллок, Виллям Клейтон нар тэмдэглэжээ.

  5. History of the Church, 4:595; Times and Seasons-д нийтлэгдсэн редакцийн өгүүлэл “Baptism for the Dead’’-ээс, 1842 оны 4-р сарын 15, х. 759; Энэ тогтмол хэвлэлийн редактор нь Иосеф Смит байв.

  6. History of the Church, 2:12, 14; догол мөрүүд өөрчлөгдсөн; “The Elders of the Church in Kirtland, to Their Brethren Abroad’’-аас, 1834 оны 1-р сарын 22, Evening and Morning Star-д нийтлэгджээ, 1834 оны 2-р сар, х. 136; 1834 оны 3-р сар, х. 142.

  7. History of the Church, 1:317; from Иосеф Смитээс Виллям В.Фелпст бичсэн захидлаас, 1833 оны 1-р сарын 11, Көртланд, Огайо; History of the Church-д энэ захидлын он сар өдрийг 1833 оны 1-р сарын 14 гэж буруу тэмдэглэжээ.

  8. History of the Church, 4:185; Иосеф Смит болон Тэргүүн Зөвлөл дэх түүний зөвлөхүүдээс Гэгээнтнүүдэд бичсэн захидлаас, 1840 оны 9-р сар, Науву, Иллиной, Times and Seasons-д 1840 оны 10-р сард нийтлэгдсэн аж, х. 178.

  9. History of the Church, 6:303-305, 308; том үсгээр бичсэнийг шинэчилж, догол мөрүүдийг өөрчилсөн; Иллинойн Наувуд 1844 оны 4-р сарын 7-нд Иосеф Смитийн уншсан лекцээс; Вилфорд Вудрафф, Виллард Ричардс, Томас Бюллок, Виллям Клейтон нар тэмдэглэжээ. Мөн энэ номын хавсралтыг үз, хуудас (562), зүйл 3.

  10. Итгэлийн Тунхаг 1:1.

  11. Сургаал ба Гэрээ 130:22; Иллинойн Рамуст Иосеф Смитийн өгсөн заавар, 1843 оны 4-р сарын 2.

  12. History of the Church, 6:474; Иллинойн Наувуд 1844 оны зургадугаар сарын 16-нд Иосеф Смитийн уншсан лекцээс Томас Бюллок тэмдэглэжээ.

  13. Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан он саргүй лекцийг тэмдэглэсэн Виллям Клейтон эш татжээ; Л.Жон Натталл, “Extracts from Виллям Клейтон’s Private Book” номноос, х. 7, Л.Жон Натталлын хувийн тэмдэглэл, 1857-1904 он, Л.Том Перрийн Тусгай эмхтгэл, Бригам Янгийн Их Сургууль, Прово, Юта; хуулбар нь Сүмийн Архивт байгаа.

  14. History of the Church, 5:426; Иллинойн Наувуд 1843 оны зургадугаар сарын 11-нд Иосеф Смитийн уншсан лекцээс Вилфорд Вудрафф, Виллард Ричардс нар тэмдэглэжээ.

  15. Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан он саргүй лекцийг тэмдэглэсэн Виллям Клейтон эш татжээ; Л.Жон Натталл, “Extracts from Виллям Клейтон’s Private Book” номноос, х. 10-11, Л.Жон Натталлын хувийн тэмдэглэл, 1857-1904 он, Л.Том Перрийн Тусгай эмхтгэл, Бригам Янгийн Их Сургууль, Прово, Юта; хуулбар нь Сүмийн Архивт байгаа.

  16. Иллиной Наувуд 1841 оны эхээр Иосеф Смитийн лекцийг тэмдэглэсэн Виллям МкИнтайре эш татжээ; Виллям Patterson McIntire, Notebook 1840-1845 он, Сүмийн Архив. 1841 оны эхээр Наувуд Иосеф Смитийн уншсан нэлээд хэдэн лекцийн товч тэмдэглэлийг Виллям МкИнтайре хийжээ. Энэ номонд дээрх тэмдэглэлүүдээс дөрвийг нь эш татсан ч бүгдээрээ он сар өдөргүй ажээ.

  17. Иосеф Смитийн лекцүүдийн эмхтгэлд Жорж Лауб эш татжээ, 1845 оны орчим; George Laub, Reminiscences and Journal. 1845 оны 1-р сараас-1857 оны 4-р сар, x. 29-30, Сүмийн Архив.

Зураг
First Vision

Анхны Үзэгдлээр Иосеф Смит Эцэг, Хуү хоёр бол тусдаа хувь хумуүс мөн хун Бурханы дүр төрхөөр бутээгдсэнийг өөрийн биеэр мэдсэн юм. Эдгээр нь Тэнгэр дэх Эцэгтэй бидний харилцах үнэн бодит харилцааг ойлгоход амин чухал үнэнүүд юм.

Зураг
woman praying

“Бид Бурханы тухай мэдлэгтэй болсноор түүнд хэрхэн хандвал зохихыг, хариу авахын тулд хэрхэн асуувал зохихыг мэддэг.”