Ерөнхийлөгчдийн сургаал
Бүлэг 33: Эдгээлтийн, хэлний, бошиглолын болон ялган таних сүнсний бүлэг


Бүлэг 33

Эдгээлтийн, хэлний, бошиглолын болон ялган таних сүнсний бүлэг

“Хүнд Есүсийн тухай гэрчлэл байхгүй бол тэрээр Есүс Христийн үйлчлэгч байж чадахгүй. Энэ бол бошиглолын бэлэг юм.”

Иосеф Смитийн амьдралаас

Гэгээнтнүүд 1839 оны эхний саруудад Иллинойн Квинсид түр хугацаагаар толгой хоргодсоны дараа Иллинойн Коммерс суурингаас хойш 80 орчим км хол газар нүүж эхэлжээ. Бошиглогч Миссурийн шоронгоос гарсны дараа Миссуригээс зугтан ирсэн мянга мянган хүн цугларч, амьдралаа төвхнүүлэхэд нь хэрэгтэй байсан газрыг Коммерс болон түүний эргэн тойронд худалдан авч эхэлсэн байна. 1839 оны долдугаар сар гэхэд олон зуун Гэгээнтэн Миссиппи мөрний зүүн талд Коммерст майхан, мухлаг тэрэгнүүдэд амьдарч байсан бол, бусад нь мөрний нөгөө талд Айовагийн Монтрөүзд хаягдсан цэргийн хуаранд толгой хоргодож байлаа. Гэгээнтнүүд энэ шинэ нутагт мөрний ойролцоох намгархаг газрын хөрсийг хуулан, хатаахаар ажиллаж эхэлжээ. Сүмийн гишүүд шумууланд хазуулж, хумхаа болон бусад өвчнөөр ноцтой хүндээр өвчилж байв. Зарим Гэгээнтнүүд нас барж, зарим нь үхдэгийн даваан дээр байлаа. Иосеф Смит, Эмма Смит хоёр хүмүүсийг асарч халамжлахын тулд дүнзэн байшиндаа оруулж, Бошиглогч унтахын тулд ороо майхны гадаа гаргаж тавьсан ажээ.

Долдугаар 22-нд олон хүнийг хамарсан өвчин эмгэгт нэрвэгдэн шаналсан энэ үеийг Ахлагч Вилфорд Вудрафф “Бурханы хүчний өдөр”1 хэмээн нэрлэснийг Гэгээнтнүүд гэрчилсэн ажээ. Тэр өглөө Бошиглогч босч, Их Эзэнийг залбирлаар дуудан, Их Эзэний Сүнсээр дүүрч, өвчтэй хүмүүсийг гэртээ, гадаа хашаан дотор, бас мөрний дэргэд адисалжээ. Тэрээр мөрнийг гатлан, Монтрөүз дэх Бригам Янгийн гэрт очиж, түүнд эдгэрэлтийн адислал өгчээ. Тэгээд тэрээр Сидней Ригдон, Бригам Янг болон Арванхоёрын бусад гишүүдийн хамт, Айовагийн бусад Гэгээнтнүүдийн дунд нигүүлслийн үйлдлээ үргэлжлүүлсэн ажээ. Ахлагч Вудрафф тэр өдрийн хамгийн дурсгалтай нэг эдгээлтийн тухай ийн дурсчээ:

“Бид нийтийн талбай дундуур өнгөрч Фордхам ахын [Элайжа] гэрт орлоо. Фордхам ах бүтэн цагийн турш үхлүүт хэвтэж байлаа. Ер нь хэзээ хэзээгүй нүд аньж мэдэхээр байв. Бурханы хүч түүний бошиглогчид бялхан байгааг би мэдэрч байлаа. Биднийг байшинд ороход Иосеф ах Фордхам ах уруу хүрч очоод, баруун гараас нь барилаа.… Фордхам ахын нүд нь гөлийн, үг хэлж чадахгүй, ухаан алдсаныг тэр харлаа.

[Бошиглогч] гарыг нь өргөж, амьсгалаа хурааж байгаа тэр хүн уруу тонгойн хараад: ‘Фордхам ах аа, та намайг таньж байна уу?’ гэв. Эхлээд тэр хариулсангүй. Гэвч Бурханы Сүнс түүн дээр байгааг бид бүгд үр нөлөөгөөр нь харсан юм.

[Иосеф] дахин хэлсэн нь: ‘Элайжа, чи намайг таньж байна уу?’ Фордхам ах бүдэгхэн шивнэж, ‘Тийм ээ!’ гэхэд нь Бошиглогч, ‘Эдгэрнэ гэдэгт итгэж байна уу?’ гэв.

Өмнөх хариулт бүдэгхэн байсан бол энэ удаа: ‘Оройтсон болов уу гэж айж байна. Хэрэв та тэр даруй ирсэн бол би эдгэрэх байсан гэж бодож байна’ гэж тэр хариуллаа. Тэр нойрсоод сэрж байгаа хүнтэй адил байв. Энэ бол үхлийн нойрсолт байлаа. Тэгэхэд нь Иосеф: ‘Есүс бол Христ гэдэгт та итгэдэггүй гэж үү?’гэхэд Би итгэдэг шүү дээ, Иосеф ах аа’ гэж хариулав.

Тэгэхэд нь Бурханы бошиглогч: ‘Элайжа, би чамд эдгэрч, босохыг Назарын Есүсийн нэрээр зарлиг болгож байна!’ хэмээн Бурхан тэргүүтний сүр хүчээр айлдах лугаа адил чанга дуугаар хэллээ.

“Бошиглогчийн үгс хүний үгтэй биш харин Бурханы үгтэй адилхан байлаа. Байшин сууринаасаа доргих шиг надад санагдав. Элайжа Фордхам үхээд босч ирж байгаа хүн шиг орноосоо өндийв. Нүүр нь гэрэлтэж, хөдөлгөөн бүхэн нь амьдын баяслыг харуулж байв. Хөл дээр нь [эрдэнэшишийн гурилаар] халуун жин тавьсан байв. Тэрээр халуун жингээ хөлнөөсөө сугалж хаяхад хэдэн хэсэг болон салж унав. Тэгээд хувцсаа авчир гээд, хувцсыг нь авчрахад өмслөө. Тэр аяга сүү, талх авчрахыг хүсээд, тэдгээрийг идэж уучихаад, малгайгаа өмсөж, өвчтэй байсан бусад хүмүүс дээр очихоор биднийг даган гадагшаа гарав.”2

Тулгамдсан үед Бошиглогчийн гараас эдгээлтийн бэлэг юүлэгдэхийг Гэгээнтнүүд биеэрээ мэдэрч, нүдээрээ харсан юм.

Иосеф Смитийн сургаалаас

Өвчтэй хүн итгэл, санваарын хүчээр дамжуулан Их Эзэний хүслийн дагуу эдгэрч болно.

“Өвчтөнийг эдгээхийн тэмдэг нь юу вэ? Гар тавилт бол Иаковын тэмдэглэсэн тэмдэг буюу арга зам мөн. Эртний Гэгээнтнүүдэд Их Эзэний зарлиг болгосноор эсвэл, Их Эзэний онцгойлон заасан замаар биш болбоос бид өөр ямар ч замаар уг адислалыг олж авч чадахгүй [Иаков 5:14-15-ыг үз].”3

1839 оны долдугаар сард Гэгээнтнүүдийг Иллинойн Коммерст шилжиж ирээд удаагүй байхад тэдний дунд их хэмжээний өвчлөлт гарсан тухай Иосеф Смит тэмдэглэсэн нъ: “Ах дүүсийн дунд бас нутгийн оршин суугчдын дунд өвчин газар авсан болохоор энэ долоо хоног бас дараагийн долоо хоногийг ерөнхийдөө өвчтэй хүмүүс дээр очиж, тэднийг адисалсаар өнгөрүүлэв. Итгэлтэй зарим хүмүүс эдгэрлээ. Харин бусдад нь эдгэрэх итгэл байсангүй.…

“28-ны ням гараг.-Цуглаан ердийнхөөрөө болов.… Би үг хэлж, Сүмийн гишүүн бүр гэр орон, амьдрал ахуйдаа эмх цэгц, дэг журам бий болгохыг, аяга тавагныхаа дотор талыг цэвэрхэн байлгахыг, бас дараагийн Хүндэтгэлийн өдөр Ариун ёслолын цуглаанаас хүртэхээр цуглахыг зөвлөв. Бид ёслолуудад дуулгавартай байснаар Бурхантай хамт устгагчийг ялах боломжтой болж, улмаар өвчтөнүүд эдгэрч болно. Би энэ долоо хоногийг бүхэлд нь ерөнхийдөө эдгэрч, тамир тэнхээ нь сэргэж, эрүүл болж байгаа өвчтөнүүдийн дунд өнгөрүүлэв.”4

“Зөв шударга хүмүүсээс олон нь бие махбод сул доройн шалтгаанаар өвчин тахалд нэрвэгдэх хэдий ч, Бурханы хаант улсад аврагдах болно. Энэ хүн эсвэл тэр хүн зөрчил гаргасны улмаас өвчин, үхлийн бай болдог гэж хэлэх нь ариун биш зарчим юм. Учир нь бүх маханбод үхлийн эрхшээлд байдаг. ‘Шүүгдэхгүйн тулд чи бүү шүү’ [Матай 7:1-ийг үз.]”5 хэмээн Аврагч хэлсэн билээ.

Олон янзын хэлээр ярих бэлгийн зорилго нь Сайн мэдээг бусдад заах явдал мөн.

Ахлагч нарын 1834 оны чуулган дээр Бошиглогч хэлсэн нъ: “Иосеф Смит дараа нь олон янзын хэлээр ярих бэлгийг тайлбарлав. Энэхүү бэлгийг ялангуяа бусад үндэстэн, хэлтнүүдэд Сайн мэдээг номлохын төлөө бий болгосон ч, Сүмийн удирдлагад өгөөгүй ажээ.”6

“Олон янзын хэлээр ярих бэлгийн тухайд, бид бүхэн үүнийг эртний хүмүүсийн адилаар хүлээн авдаг хэмээн хэлж болно. Гэвч энэ асуудлаар мэхлэгдэхгүй байхыг бид та нараас хүсч байна.… Та нар анхааралтай байхгүй бол Сатан олон янзын хэлээр ярих бэлгийн талаар та нарыг төөрөлдүүлэх нь эргэлзээгүй. Та нар түүнийг нэн ойроос анхааралтай харж, олонтаа залбирч байх ёстой. Их Эзэн бүх зүйлд та нарт мзргэн ухааныг соёрхох болтугай.”7

“Би 1Коринтын 13 дугаар бүлгийг [1841 оны арванхоёрдугаар сарын 26-нд болсон цуглаан дээр], бас 14 дүгээр бүлгийн зарим хэсгийг уншиж, олон янзын хэлээр ярих бэлэг Сүмд зайлшгүй хэрэгтэйг,… Ариун Сүнсний хүчээр Сүмд ирдэг олон янзын хэлээр ярих бэлэг нь үл итгэгчдэд номлоход Бурханы үйлчлэгчдэд Пентекостын өдөр ирсэн шиг ашиг тустайг ажиглалаа.”8

“Хэлийг нь ойлгох боломжгүй хүмүүст Пентекостын өдөр тохиосонтой адилаар номлох зорилгын төлөө олон янзын хэл өгөгдсөн юм. Харин Сүмд олон янзын хэлийг тусгайлан заах нь шаардлагатай бус. Учир нь Ариун Сүнстэй хэн ч гэсэн Бурханы юмсыг төрөлх хэлээрээ бас өөр хэлээр ч ярьж чадна. Учир нь итгэл тэмдгүүдээр бус харин Бурханы үгийг сонсохоос ирдэг билээ.”9

“Олон янзын хэлээр ярих бэлгийг бүү хэт шохоорх. Хөрвүүлэгч байхгүй бол олон янзын хэлээр бүү ярь. Олон янзын хэлээр ярих туйлын зорилго нь гадаадын хүмүүстэй хэл нэвтрэлцэх явдал мөн. Хүмүүс ухаантайгаа харуулахыг хүсч байгаа бол төрөлх хэлээрээ тэдэнтэй яриг. Бурханы бэлгүүд байх ёстой газартаа л ашиг тустай байдаг. Харин тэдгээрийг Бурханы бодож төлөвлөөгүй зүйлд ашиглавал, адислалын оронд гай барцад, урхи занга, зүхэл болно.”10

“Олон янзын хэлээр ярих хуурамч бэлэгтэй ах эгч нар бас байдаг. Тэд аман дотроо бувтнан, хачин дуугаар, бие нь таталдан ярьдаг… . Тийм болохоор, Бурханы Сүнстэй адил юм юу ч байдаггүй.”11

“Уг хэлийг ойлгодоггүй бол эсвэл орчуулгагүй бол олон янзын хэлээр бүү ярь. Чөтгөр олон янзын хэлээр ярьж чадна. Дайсан ажлаа гүйцэлдүүлнэ. Тэрээр бүх зиндааны хүмүүсийг уруу татаж, англиар эсвэл нидерландаар ярьж чадна. Орчуулагч байхгүй эсвэл тэргүүлэхээр тавигдсан хүний зөвшөөрөлгүй бол хэн ч олон янзын хэлээр бүү яриг. Тэрээр эсвэл өөр хэн нэг нь үүнийг ялган таних буюу орчуулж болно.”12

“Хэрэв танд илчлэх ёстой асуудал байгаа бол үүнийг төрөлх хэлээрээ илэрхийл. Олон янзын хэлээр ярих бэлгийг хэрэглэхийг хэт бүү шохоорх. Тэгвэл чөтгөр гэнэн цайлган, сэрэмжгүй хүмүүс дээр давуу талыг олох болно. Та өөрийгөө тайтгаруулахын тулд олон янзын хэлээр ярьж болно. Гэвч олон янзын хэлээр ярих бэлгээр заагддаг аливаа зүйлийг сургаал болгон хүлээж авах ёсгүйг би дүрэм болгон өгч байна.”13

Сүмийн бошиглогчийн хувьд зөвхөн ганц хүн ярьдаг бол бошиглолын сүнс нь Есүс Христийн тухай гэрчлэх боломжийг хүн бүхэнд олгодог.

“Бошиглогч биш бол хэн ч Есүс Христийн үйлчлэгч биш. Есүсийн тухай гэрчлэлгүй бол хэн ч Есүс Христийн үйлчлэгч байж чадахгүй. Учир нь Есүс Христийн гэрчлэл бол эш үзүүлэгчийн сүнс мөн [Илчлэлт 19:10-ыг үз].”14

“Есүсийн гэрчлэл бол эш үзүүлэгчийн сүнс мөн хэмээн Илчлэгч Иохан хэлсэн байдаг [Илчлэлт 19:10-ыг үз]. Ингэхлээр Есүсийн тухай гэрчлэлгүй хүнд эш үзүүлэгчийн сүнс байдаггүй гэсэн үг үү? Хүнд эш үзүүлэгчийн сүнс байхгүй бол тэр бошиглогч биш үү хэмээн би асууя? Хэрэв бошиглогч юм бол, тэрээр илчлэлт хүлээн авахгүй гэж үү? Өөртөө зориулан илчлэлт хүлээж авдаггүй хэн ч гэсэн хараагдах ёстой. Учир нь Есүсийн тухай гэрчлэл бол эш үзүүлэгчийн сүнс юм. Учир нь, асуу, тэгвэл та нар хүлээн авна хэмээн Христ хэлсэн билээ. Хэрэв тэрээр ямар нэг юм хүлээж авсан бол энэ чинь илчлэлт биш үү? хэмээн би асууя. Хэрэв хүнд Есүсийн тухай гэрчлэл буюу Бурханы Сүнс байхгүй бол, тэр хэнийх ч биш, нэрлэвэл Христийнх биш. Түүнийх биш юм бол тэрээр хараагдах ёстой.”15

Наувуд ирсэн нэгэн зочин өөртэй нь ярилцах үед Иосеф Смит дараах зүйлийг заасан тухай тэмдэглэжээ: “Бошиглогч Иосеф [хэлрүүн]… Есүсийн үйлчлэгч байхын тулд хүн Есүсийн тухай гэрчлэх ёстой. Есүсийн тухай гэрчлэхийн тулд хүн эш үзүүлэгчийн сүнстэй байх ёстой. Учир нь Иоханы хэлснээр, Есүсийн тухай гэрчлэл бол эш үзүүлэгчийн сүнс юм.

“Хүн Есүсийн үйлчлэгч хэмээн дүр эсгэдэг атлаа эш үзүүлэгчийн сүнсгүй бол, тэр хүн хуурамч гэрч байх ёстой. Учир нь уг албан тушаалд түүнийг тэнцэхээр болгодог бэлгийг тэр эзэмшээгүй байдаг. [Иосеф Смит] болон энэ үеийн шашны хуврагуудын ялгаа нь Есүс болон авралын Сайн мэдээг гэрчлэхэд түүнийг тэнцэхээр болгодог бошиглолын (эш үзүүлэгчийн) сүнсийг эзэмшсэнээ харуулдаг бол, шашны хуврагууд нь уг сүнсийг, бүр дангаараа тэднийг Их Эзэн Есүсийн үнэн гэрчүүд буюу гэрчлэгчид болгож чадах бошиглолын сүнсийг үгүйсгэдэг атлаа өөрсдийгөө авралын үнэн үйлчлэгчид хэмээн зарладагт оршино.”16

“Итгэл нь Бурханы үгийг сонссоноор, Бурханы үйлчлэгчдийн гэрчлэлээр дамжин ирдэг билээ. Тэрхүү гэрчлэл ямагт бошиглолын болон илчлэлтийн Сүнстэй байснаар ирдэг.”17

Сүнснүүдийг ялган таних бэлэг нь сайн ба муу ёрын сүнсний нөлөөг ялган таних боломжийг итгэлтнүүдэд олгодог.

СэргээгЪсэн Сүмийн эхний үед Сүмийн гишүүд тэрчлэн шашны бусад бүлгийн гишүүд Ариун Сүнсний нөлөө өөрсдөд нь ирсэн гэж итгэн зарим үед хилэнцэт буюу хуурамч сүнсний нөлөөнд автан үйлддэг байжээ. Бошиглогч Иосеф Смит сургасан нъ: “Бидний дунд саяхан болж өнгөрсөн үйл явдлууд, хүмүүсийг үйлдэлд өдөөдөг сүнснүүдийн талаар ямар нэг зүйлийг хэлэх нь миний зайлшгүй үүрэг болоод байгааг харууллаа.

Төлөөлөгчдийн үед олон хуурамч сүнс оршиж, ‘дэлхийд урагш одож байсан нь’ тэдний бичээсүүдээс [Шинэ Гэрээн дэх] нотлогддог бөгөөд зөвхөн Бурханд байдаг оюун билэг л эдгээр хуурамч сүнснүүдийг илрүүлж, бас ямар сүнснүүд Бурханаас ирдгийг нотолж чаддаг билээ [1 Иохан 4:1-4-ийг үз]. Дэлхий энэ зүйлийн талаар ерөнхийдөө улам харанхуй бүдүүлэг болж байна. Ер нь ч үүнээс өөр байх аргагүй юм. ‘Учир нь Бурханы юмсыг Бурханы Сүнснээс өөр хэн ч мэддэггүй.’ [1 Коринт 2:11-ийг үз.]…

“Эрин зуун бүхэнд энэ сэдэвт хамаарах оюун билэг үргэлж үгүйлэгдсээр ирсэн бололтой. Эрин зуун бүхэнд бараг бүх ард түмнүүдийн дунд зүсэн бүрийн сүнс үзүүлэгдсээр иржээ.… Бүх хүмүүс өөр өөрсдийнхөө ямар нэг сүнсэнд итгэдэг байсан бөгөөд тэдний сүнс ер бусын их хүчтэй гэдэгт итгэхийн хамт тэдний сүнс Бурханаас ирдэг хэмээн зүтгэдэг байлаа. Эл нууцыг хэн шийдэх юм бэ? ‘Сүнснүүдийг шалга’ хэмээн Иохан хэлжээ [1 Иохан 4:1]. Гэвч хэн шалгах юм бэ? Эрдэмтэд, уран цэцэн үгтнүүд, гүн ухаантнууд, ухаан цэцэн мэргэд, лам хуврагууд-бүгдээрээ юу ч мэдэхгүй байна.… Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн дунд байнга харагдаж байгаа хуурамч сүнснүүдийн нууцыг хэн илчилж, үнэн мөнөөр нь таньж чадах юм бэ? Санвааргүй бөгөөд сүнснүүдийн удирдагддаг хуулийн мэдлэггүй хүн үүнийг хийж чадахгүй хэмээн бид хариулж байна. Учир нь ‘Бурханы юмсыг Бурханы Сүнсгүй хэн ч мэддэггүй’ шиг, хүнийхээс илүү оюун билгийг эзэмшиж, Санваарын арга хэрэгслээр дамжуулан чөтгөрийн нууц төлөвлөгөөг илчлэхээс өөрөөр хэн ч чөтгөрийн сүнс, түүний хүч болон нөлөөг мэдэж чадахгүй.…

Чөтгөрийн энэхүү нөлөөг, бодгалийг сүйрүүлэгч, муу ёрын, аймшигтай муухай бүхий л талаас нь дэлхийд мэдүүлэхээсээ өмнө хүн ялган таних сүнстэй байх ёстой. Учир нь хүмүүний үрс хуурамч сүнсний нөлөөн дор байгаагаа Бурханы Сүнстэй байгаа гэж эндүүрэхээс илүү аюултай хорлол гэж үгүй. Мянга мянган хүмүүс үүний аймшигт хүч, хор уршигтай нөлөөн дор байсаар байна.…

Өмнө бидний тэмдэглэсэнчлэн, сүнснүүдийн мөн чанар хийгээд тэдгээрийг удирддаг хуулиудыг, тэрчлэн илэрдэг тэмдгүүдийг мэдэхгүй байгаад хамаг хүндрэл бэрхшээл оршиж байна. Бурханы юмсыг мэдэхэд Бурханы Сүнс шаардагддаг бол чөтгөрийн сүнсийг гагцхүү дээрх арга хэрэгслээр дамжуулан илчилж болно. Ингээд дараа нь хэн нэгэн буюу хэсэг хүмүүс Бурхантай харилцан, түүнээс илчлэлт хүлээн авч, сүнсний үйлдлийг илчлэхгүй байхын жам ёсны үр дагавар нь хүмүүс эдгээр зарчмуудыг мэдэхгүй хэвээр үүрд үлддэг явдал мөн. Нэг хүн эдгээр зарчмуудыг Бурханы Сүнсээр ойлгож чадахгүй бол арван мянган хүн ч чадахгүйг би нотолж байна. Энэ нь бас эрдэмтдийн мэргэн ухаан, уран илтгэгчдийн хэл, эрх мэдэлтнүүдийн хүчинд ч хамаагүй юм. Эцэст нь, илчлэлтийн тухай бид юу ч гэж бодлоо гэсэн илчлэлтгүйгээр Бурханы, эсвээс чөтгөрийн тухай юуг ч мэдэх буюу ойлгож чадахгүй гэсэн дүгнэлтэд хүрэх болно. Дэлхий энэ зарчмыг хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байж болох ч, энэ асуудлын талаарх үй олон сүсэг бишрэл, үзэл бодлын баримт нотолгооноос харвал хүмүүс эл зарчмыг огт ойлгодоггүй ажээ. Бурханлаг харилцаагүй бол хүмүүс харанхуй байдалдаа үлдэх ёстой нь алган дээр байгаа юм шиг тов тодорхой юм.…

Өмнө бидний дурдсанчлан хүн эдгээр зүйлсийг ойлгохын тулд ялган таних сүнстэй байх ёстой. Харин түүнд Сүнсний бэлгүүд байхгүй бол тэрээр энэхүү бэлгийг хэрхэн олж авах вэ? Эдгээр бэлгүүдийг илчлэлтгүйгээр хэрхэн олж авч болох вэ? ‘Христ тэнгэрт дээш гараад, хүмүүст бэлгүүдийг өгсөн юм. Тэр заримыг нь элч, заримыг нь эш үзүүлэгч, заримыг нь сайн мэдээг тунхаглагч, заримыг нь хоньчин ба багш болгожээ’ [Ефес 4:8, 11-ийг үз]. Харин Төлөөлөгчид, бошиглогчид, пасторууд, багш нар болон сайн мэдээг тунхаглагчид хэрхэн сонгогдсон бэ? Бошиглолоор (илчлэлт) мөн гар тавилтаар:-бурханлаг харилцаагаар, мөн бурханлагаар томилогдсон ёслол болох Бурханы жаягийн дагуу бурханлаг томилолтын арга хэрэгслээр зохион байгуулагдсан санваараар дамжин сонгогдсон юм. Эрт үеийн Төлөөлөгчид Бурханы хаант улсын нууцын түлхүүрүүд болох энэхүү санваарыг эзэмшдэг байсны улмаас Сүмийн удирдлага, нийгмийн сайн сайхан байдал, хүмүүний ирээдүйн хувь тавилан, сүнснүүдийн сонгох эрх, хүч нөлөөтэй холбоотой бүх зүйлсийг нээж, учрыг нь олох боломжтой болсон юм. Учир нь тэд өөрсдийнхөө хүссэнээр сүнснүүдийг хянаж, хуурамч сүсэг бишрэлийн дүрээр Сүмийг мэхлэх гэж оролдон, Сүмийн ашиг сонирхлын эсрэг, үнэнийг дэлгэрүүлэхийн эсрэг тэмцсэн үед нь хор хөнөөлтэй, нууц үйл ажиллагааг нь илчилж, Есүсийн нэрээр тэднийг зайлуулж чаддаг байсан юм.…

“… Бидний Аврагч, Төлөөлөгчид, бүр Сүмийн гишүүдэд энэхүү бэлэг өгөгдсөн байдаг. Учир нь, ‘Өөр нэгэнд нь гайхамшгуудыг үйлдэх, нөгөөд нь эш үзүүлэх, бас нэгэнд нь сүнснүүдийг ялгах чадвар, нөгөөд нь олон янзын хэлээр ярих чадвар, нэгэнд нь хэлүүдийг тайлбарлах чадварыг өгсөн байна’ [1 Коринт 12:10-ыг үз.] хэмээн Паул хэлсэн байдаг. Энэ бүхэн Бурханы Сүнснээс ирдэг бөгөөд Бурханы бэлгүүд юм.… Нэг хүн эсвэл бүлэг хүмүүс байнга бий болгосон эрх мэдэл, Санваар болон ялган таних сүнсгүйгээр үнэн сүнсийг хуурамч сүнснүүдээс ялгаж чадахгүй.”18

“Худалч сүнснүүд дэлхийгээр тэнүүчилж байна. Хуурмаг болон үнэн сүнс аль аль нь агуу ихээр үзэгдэх болно.… Сүнс болгон, эсвээс үзэгдэл хийгээд дуулж байгаа бүхэн нь Бурханаас биш юм.… Тэргүүлэх Ахлагчид сүнснүүдийг ялган таних бэлэг өгөгдөх болно. Түүнд энэ бэлэг байхын төлөө залбирагтун.”19

Судлах болон заах зөвлөмж

Энэ бүлгийг судлах буюу заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламжийг хуудас vii-xii-ыг үз.

  • Хуудас 431-433 дээрх шастирыг нэгтгэн дүгнэ. Энэ шастир өвчтэй хүмүүсийг адислахад бэлтгэхэд нь Мелкизедек Санваартнуудад хэрхэн тусалж болох вэ? Санваарын адислал хэрэгтэй болоход энэ нь бидэнд хэрхэн тусалж чадах вэ? Тэр үед Есүс Христэд итгэх итгэлээ илэрхийлэх нь Фордхам ахад яагаад чухал байсан гэж та нар бодож байна вэ?

  • Хуудас 433 дээрх Бошиглогч Иосефын сургаалуудыг нэгтгэн дүгнэ. Өвчтэй хүмүүсийг эдгээх санваарын хүчийг ойлгоход ямар туршлага та нарт тусалсан бэ? Өвчтэй хүмүүсийг эдгээх талаар туршлагаа хуваалцахад ямар зарчмууд биднийг удирдах ёстой вэ? Зарим хүмүүс итгэлтэй байж, санваарын адислал авсан ч яагаад эдгэрдэггүй вэ?

  • Олон янзын хэлээр ярих бэлгийг “ялангуяа бусад үндэстэн болон хэлтнүүдэд Сайн мэдээг номлохын төлөө бий болгосон юм” (хуудас 434-436) гэж Иосеф Смит хэлжээ. Энэ бэлэг Сайн мэдээг дэлхий даяар дэлгэрүүлэхэд хэрхэн тусалсан бэ? Та болон таны таньдаг хэн нэгэн Сайн мэдээг номлоход туслах олон янзын хэлээр ярих бэлгийг хэрхэн хүлээн авсан бэ?

  • Бошиглолын (эш үзүүлэгчийн) сүнсний тухай Бошиглогчийн сургаалыг нэгтгэн дүгнэ (хуудас 436-437). Сүмийн гишүүн бүр бошиглолын сүнстэй байж болохыг мэдэх нь өөрт чинь ямар учир холбогдолтой вэ?

  • Сүнснүүдийг ялган таних бэлгийн тухай Бошиглогчийн сургаалыг нэгтгэн дүгнэ (хуудас 437-440). Сүнснүүдийг ялган таних бэлэг гэж юу вэ? Бид хортой муу нөлөөгөөр мэхлэгдэхээс хэрхэн зайлсхийж болох вэ? Манай өнөөгийн бошиглогч болон Сүмийн бусад удирдагчид хортой муу нөлөөг танихад бидэнд хэрхэн тусалдаг вэ?

Холбогдох судрууд: 1 Коринт 12:1-31; 14:1-6, 22-28; Иаков 5:14-15; Моронай 10:8-17; С ба Г 46:1-33; 50:1-36, 40-44; 52:14-19

Эшлэл

  1. Вилфорд Вудрафф, Journals, 1833-98, 1839 оны 7-р сарын 22-ны өдрийн тэмдэглэл, Сүмийн Архив, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лейк хот, Юта.

  2. Wilford Woodruff, “Leaves from My Journal,” Millennial Star, 1881 оны 10-р сарын 17, x. 670; том үсгийн дүрэм шинэчлэгдсэн; догол мөр өөрчлөгдсөн.

  3. History of the Church, 4:555; 1842 оны 3-р сарын 20-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф.

  4. History of the Church, 4:3-5; догол мөр өөрчлөгдсөн; налуу бичлэгийг арилгасан; from Иосеф Смитийн хувийн тэмдэглэлээс, 1839 оны 7-р сарын 8-10, 28, Коммерс, Иллиной.

  5. History of the Church, 4:11; 1839 оны 9-р сарын 29-нд, Иллинойн Коммерст Иосеф Смитийн өгсөн заавраас; тэмдэглэлийг хийсэн Жеймс Малхолланд.

  6. History of the Church, 2:162; 1834 оны 9-р сарын 8-нд Огайогийн Нью Портейжид болсон Ахлагч нарын чуулганы хурлын тэмдэглэлээс; тэмдэглэлийг хийсэн Оливер Каудери.

  7. History of the Church, 1:369; Иосеф Смит болон Тэргүүн Зөвлөл дэх түүний зөвлөхүүдээс Миссури дэх ах нарт бичсэн захидлаас, 1833 оны 7-р сарын 2, Көртланд, Огайо.

  8. History of the Church, 4:485; 1841 оны 12-р сарын 26-нд, Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Виллард Ричардс.

  9. History of the Church, 3:379; 1839 оны 7-р сарын 27-нд Иллинойн Коммерст Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Виллард Ричардс.

  10. History of the Church, 5:31-32; Times and Seasons-д нийтлэгдсэн редакцийн өгүүлэл “Gift of the Holy ghost”-оос, 1842 оны 6-р сарын 15, x. 825-26; Иосеф Смит энэ тогтмол хэвлэлийн эрхлэгч байв.

  11. History of the Church, 4:580; цэг тэмдэг шинэчлэгдсэн; Times and Seasons-д нийтлэгдсэн “Try the Spirits” редакцийн өгүүллээс, 1842 оны 4-р сарын 1, х. 747; Иосеф Смит энэ тогтмол хэвлэлийн эрхлэгч байв.

  12. History of the Church, 3:392; 1839 оны 7-р сарын орчимд Иллинойн Коммерст Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Виллард Ричардс.

  13. History of the Church, 4:607; 1842 оны 4-р сарын 28-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Элиза Р.Снөү.

  14. History of the Church, 3:389; 1839 оны 7-р сарын орчимд Иллинойн Коммерст Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Виллард Ричардс.

  15. Жеймс Бургесс Иосеф Смитийн лекцүүдийн түүвэрт эш татжээ; James Burgess, Journals, 1841-1848 он, боть 2, Сүмийн Архив.

  16. History of the Church, 5:407-408; цэг тэмдэг шинэчлэгдсэн; догол мөр өөрчлөгдсөн; 1843 оны 1-р сар орчимд, Иллинойн Наувуд Иосеф Смитийн өгсөн заавраас; Boston Bee сонины нэр нь үл мэдэгдэх сурвалжлагчийн захидалд тэмдэглэгджээ, 1843 оны 3-р сарын 24, Науву, Иллиной, Times and Seasons-д нийтлэгдсэн байна, 1843 оны 5-р сарын 15, х. 200.

  17. History of the Church, 3:379; 1839 оны 6-р сарын 27-нд Иллиной Коммерст Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Виллард Ричардс.

  18. History of the Church, 4:571-575, 580; цэг тэмдэг, хэлзүйн дүрэм шинэчлэгдсэн; догол мөр өөрчлөгдсөн; Times and Seasons-д нийтлэгдсэн “Try the Spirits” редакцийн өгүүллээс, 1842 оны 4-р сарын 1, х. 743-745, 747; Иосеф Смит энэ тогтмол хэвлэлийн эрхлэгч байв.

  19. History of the Church, 3:391-92; догол мөр өөрчлөгдсөн; 1839 оны 7-р сарын орчимд Иллинойн Коммерст Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Виллард Ричардс.

Зураг
Joseph healing Elijah Fordham

1839 оны 7-р сарын 22-нд Иосеф Смит Элайжа Фордхамын гэрт орж, “Элайжа, би чамд эдгэрч, босохыг Назарын Есүсийн нэрээр зарлиг болгож, байна!” гэж хэлсний дараа тэрээр “үхлийн нойрсолтоос” босч иржээ.

Зураг
missionaries teaching

“Ариун Сүнсний хүчээр Сүмд ирдэг олон янзын хэлээр ярих бэлэг нь үл итгэгчдэд номлоход Бурханы үйлчлэгчдэд ашиг тустай юм.”