Ерөнхийлөгчдийн сургаал
Бүлэг 23: ‘Эв нэгдэлтэй хамтдаа амьдрах нь … хэчнээн сайхан, хэчнээн баяр баясалтай билээ …’


Бүлэг 23

“Эв нэгдэлтэй хамтдаа амьдрах нь … хэчнээн сайхан, хэчнээн баяр баясалтай билээ …”

“Бүгд хамтран эрч хүч, тэсвэр тэвчээртэйгээр ажиллацгаая.”

Иосеф Смитийн амьдралаас

Гэгээнтнүүд Көртландад ариун сүм барьж эхлэх тухай зарлигийг Бошиглогч Иосеф Смит 1832 оны арванхоёрдугаар сарын 27-нд Их Эзэнээс хүлээн авчээ (С ба Г 88:119-ийг үз). 1833 оны зургадугаар сарын 1-нд Их Эзэн Бошиглогчид дараах зааврыг өгсөн байна: “Эдүгээ энэ нь мэргэн ухаан мөн Их Эзэний оюун буюу - өргөө дэлхийн маягаар биш баригдаг … ; та нарын гуравт нь миний үзүүлэх маягаар энэ нь баригдаг” (С ба Г 95:13-14).

Их Эзэн хэд хоногийн дараа Өөрийн амлалтыг биелүүлж, Иосеф Смит болон Тэргүүн Зөвлөл дэх түүний зөвлөхүүдэд нэгэн гайхамшигт үзэгдлийг өгчээ. Тэд эл үзэгдэлд ариун сүмийн нарийн тодорхой төлөвлөгөөг харсан байна. Тэргүүн Зөвлөлийн Хоёрдугаар зөвлөх Фредерик Г.Виллямс хожим нь дурссан нь: “Иосеф [Смит] хоёр зөвлөх [Фредерик Г.] Виллямс, [Сидней] Ригдон нарт хүргэх үгийг Их Эзэнээс хүлээн аваад, Их Эзэний өмнө очиход Тэрбээр баригдах өргөөний төлөвлөгөө буюу загварыг тэдэнд үзүүлсэн юм. Биднийг өвдөг сөгдөж, Их Эзэнийг дуудтал сайхь барилга харагдах зайнд гарч ирэв. Барилгыг би хамгийн түрүүнд олж харсан. Дараа нь бид бүгдээрээ түүнийг харлаа. Бид гадна талыг нь сайтар харсны дараа барилга бидний чанх орой дээр харагдаж байлаа.”1

Иосеф Смит Тэргүүн Зөвлөлд илчлэгдсэн тэрхүү жавхлан төгс төлөвлөгөөг дээд санваартнуудын зөвлөлд тайлбарлахад ах нар баярлаж, Смит ах дүүсийн урьд намар нь тариалсан улаан буудайн талбай дахь хэсэг газрыг сонгож авахаар тэр даруй гарлаа. Хайрум Смит тэр даруйд барилгын газрыг цэвэрлэх гар хадуур авчрахаар гүйж гарахдаа, “бид Их Эзэний өргөө барихаар бэлтгэж байна. Би уг ажлыг эхлэх хамгийн түрүүчийн хүн болохоор шийдлээ”2 гэв.

Урам зоригийн энэхүү мэдрэмж нь энэ эрин үеийн анхны ариун сүмийг барихаар ажиллаж, золиослол хийхэд Гэгээнтнүүдийг нэгтгэж, сэтгэл санааг нь өргөсөн ажээ. Эмэгтэйчүүд Эмма Смитийн удирдлагаар ариун сүмийн барилга дээр ажиллагсдад зориулан оймс, өмд, хүрэм хийж байв. Бас ариун сүмд зориулан хөшиг, хивс урлаж, Бригам Янгийн удирдлагаар ариун сүмийн дотоод засал чимэглэлийн ажлыг хийжээ. Жон Таннер ах Нью-Йорк дахь 890.31 га газартай фермээ зарж, барьцаалуулагч нь бараг мэдэлдээ авчихаад байсан ариун сүмийн газрыг барьцаанаас чөлөөлүүлэхийн тулд Бошиглогчид 2,000 доллар зээлүүлэхээр Көртландад яг цагтаа хүрч иржээ. Заналхийлэгч танхайрагчдаас ариун сүмийг хамгаалахын тулд эрчүүд өдөр нь барилга дээр ажиллахдаа өмсдөг байсан хувцастайгаа унтаж, ариун сүмийг хамгаалдаг байв.

“Их Эзэний өргөөг барихын тулд их хэмжээний бэлтгэл ажил хийгдэж байна. Сүм ядуу байгаа ч гэсэн, бидний эв нэгдэл, гар, сэтгэл нийлсэн ажиллагаа, энэрэл хайр Бурханы зарлигуудыг хэрэгжүүлэхэд бидэнд үлэмж хүч нэмсэн юм”3 хэмээн Бошиглогч мэдэгджээ.

Ариун сүм онцгойлон адислагдахаас нэг жилийн өмнө Арванхоёрын Чуулгын гишүүн болсон Хебер К.Кимбалл тэрхүү агуу ажлыг дүрслэхдээ: “Энэхүү үйл хэрэгт бүхэл сүм нэгдэж, хүн бүр энэ ажилд тусалж байлаа. Морин болон үхэр тэрэггүй хүмүүс ариун сүмийн барилгад хэрэглэх чулууны ил уурхайд ажиллаж, чулууг барилга уруу зөөхөд бэлтгэж байлаа”4 гэжээ. Ахлагч Кимбалл цааш нь дурссан нь: “ ‘Ах нар аа, чулуу бэлтгэх газар уруу очиж, Их Эзэний төлөө ажиллацгаая’ гэж Иосеф хэлэв. Тэгээд Бошиглогч өөрөө ажлын халаат, ёрог даавуун хантааз [маалингаар хийсэн ажлын хувцас], өмдтэйгөө бидний адил чулуу бэлтгэх газарт ажилладаг байлаа. Бид бямба гараг бүр бэлтгэсэн чулууг тэргэнд хөллөсөн морь, шар авчирч Ариун сүм уруу зөөнө. Ийм байдлаар өргөөг дуустал ажилласан юм. Эхнэрүүд маань цаг үргэлж нэхэж, сүлжиж, оёж … ер нь л бүх төрлийн ажлыг хийдэг байлаа.”5

Көртландын Гэгээнтнүүдийн нөр их хөдөлмөр нь эв нэгдэл, золиослол, бие сэтгэлээ бүрэн зориулахын үлгэр жишээ болж байсан нь ирэх жилүүдэд Их Эзэний зорилгыг биелэгдэх боломжтой болгосон. Энэ бол “Бүгдээрээ хамтран эрч хүч, тэсвэр тэвчээртэйгээр ажиллацгаая”6 гэсэн Бошиглогч Иосеф Смитийн уриалгад анхаарлаа төвлөрүүлэн хамтарч ажилласан олон тохиолдлын нэг юм.

Иосеф Смитийн сургаалаас

Бид эв нэгдлээр хамтран ажилласан тохиолдолд Бурханы зорилгыг амжилттай хэрэгжүүлж чадна.

[Бид] Гэгээнтнүүдтэй дахиад нэгэн Ерөнхий чуулган [1840 оны аравдугаар сарын] дээр уулзаж байгаадаа баяртай байна.… Гэгээнтнүүд эцсийн өдрүүдийн аугаа ажилд оргилуун хүсэл эрмэлзлээр, цуцашгүй эрч хүчтэйгээр оролцож байна. Бидний ажилд байх ёстой хүндрэл бэрхшээл тохиолдож байгаа ч, [энэ нь] баяр баясгалан, тайтгарал, агуу урам зоригийг хайрлаж байна.

Ах нар цаг ямагт ийм сүнсийг харуулж, биднийг дэмжиж байх болтугай. Ингэсэн тохиолдолд бид урагш давших ёстой, ингэх ч болно. Их Эзэний ажил урагш ахин, Их Эзэний ариун сүм сүндэрлэн босч, Израилын ахлагчид урам зоригоор жигүүрлэн, Сион баригдаж, бүх дэлхийд магтаал, баяр баясгалан, алдар суугаа дуурсгах болно. Хаан сэнтийд залрагч Түүнд мөн үүрд мөнхийн Хурганд өргөсөн магтаал, алдар суу, хүндэтгэл, цог жавхлангийн дуун толгодоос толгодод, уулсаас уулсад, арлаас аралд, тивээс тивд цуурайтаж, энэ дэлхийн хаант улсууд бидний Бурханы болон Түүний Христийн хаант улсууд болно [Илчлэлт 11:15-ийг үз].

“Сүм даяар, хол ойр, энэ тив дээр, түүнчлэн далайн арлууд дээр ийм сүнс оршиж байгааг мэдээд бид үнэхээр баяртай байна. Учир нь бид энэхүү зарчмаар, ажил хэрэгт хамаг анхаарлаа төвлөрүүлснээр Бурханыхаа зорилгыг ажил хэрэг болгох чадвартай байх болно.”7

[Наувугийн Ариун сүм] агуу хурдтайгаар урагшилж байна. Ариун сүмийн барилгын ажлыг урагш ахиулахын тулд хүн бүр бүх чадлаараа ажиллаж, төрөл бүрийн материал бэлтгэх ажилд их хэмжээний ахиц дэвшил гарч байна. Ийнхүү дараагийн намар гэхэд барилга дуусах төлөвтэй байна.… Чулуу бэлтгэх газарт өвөлжингөө тавин хүн ажиллах болно. Үүний хамт олон хүн чулуу зөөх болон бусад ажлыг хийжээ.

Тийнхүү олон хүн өдөр бүр хэд хэдэн төрлийн ажил гүйцэтгэн, зав зайгүй ажиллаж, цагийнхаа аравны нэгийг зориулж байсан бол бусад нь мөнхүү агуу зорилгын төлөө аравны нэг болон өргөлөө авчрахад багагүй ахиц дэвшил гаргалаа. Сүмийн суурь тавигдсанаас хойш Иеховагийн [шаардлагуудыг] хэрэгжүүлэх ийм агуу хүсэл санаачлага, Бурханы хүслийг биелүүлэх ийм агуу хичээл зүтгэлийг бид хараагүй, ‘Ариун сүм миний хүмүүсийн аравны нэгээр баригдаг’ [С ба Г 97:10-11-ийг үз] хэмээн Их Эзэн айлдсанаас хойш ийм агуу золиослол хийгдээгүй билээ. Овсгоо самбаа, нигүүлсэнгүй сэтгэл, дуулгавартай байдлын сүнс настангууд болон залуучууд, ах нар, эгч нар, хөвгүүд болоод охид, тэр ч байтугай Сүмийн биш гадны хүмүүсийн хувьд энэхүү агуу ажлыг хэрэгжүүлэхийн төлөө урьд хожид байгаагүй өгөөмөр сэтгэлээр нэгдэн нийлсэн нь харагдаж байна. Олон тохиолдолд, хоёр жижиг зэс зоосоо өргөсөн ядуу бэлэвсэн эмэгтэй шиг, байгаа хэд гурваа ч харамгүй өгч байлаа.

“Эдүгээ энэ хэрэгт цагаа олж тэдний харуулсан, урьд өмнө байгаагүй өгөөмөр, нинжин сэтгэл, хичээл зүтгэл, дуулгавартай байдлын төлөө бид хөгшин болон залуу, Сүмийнх болон Сүмийнх биш бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Бид энэ тохиолдолд хувьдаа мөнгө олж ашиг тусыг нь хүртсэн юм биш, харин ах нар маань зорилго, хүсэл бодлоороо нэгдэж, хамтарч ажилласнаар бидний ажил хөдөлмөр, анхаарч санаа тавих зүйлс, хүндрэл бэрхшээл үлэмж багасч, бидний буулга амархан, ачаа хөнгөн болсон юм [Матай 11:30-ийг үз].”8

“Эрт цагийн Дууллыг зохиогчийн адилаар, ‘Ах дүүсийн хувьд хамтдаа нэгдмэлээр амьдрах нь хэчнээн сайхан, хэчнээн тааламжтай вэ’ хэмээн бүх хүмүүст хандаж хэлэхийг надад зөвшөөрнө үү. ‘Энэ нь сахал дээгүүр, Аароны сахал дээгүүр доошоо урсаж буй толгой дээрх үнэ цэнэтэй тостой адил юм. Энэ нь Сионы уулс дээр буудаг Хермоны шүүдэртэй адил юм’ гэдэг шиг эв нэгдэл яг ийм юм. ‘Учир нь тэнд ЭЗЭН ерөөлийг тушаасан бөгөөд тэр нь мөнхийн амь билээ!’ Эв нэгдэл бол хүч мөн. [Дуулал 133:1-3-ыг үз.]”9

Бид Бурханы хуулиудад дуулгавартай байж,өөрсдийн аминч үзэч, атгаг санааг даван туулахыг хичээвэл эв нэгдлээрээ өсч хөгждөг.

1840 оны арванхоёрдугаар сард Бошиглогч Их Британид номлолд үйлчилж байсан Арөанхоёрын Чуулгын гишүүд болон санваартны бусад удирдагчдад бичсэн нъ: “Та нарын дунд сайн ойлголцол бий болж …Гэгээнтнүүд зөвлөгөөг ихэд урамтайгаар сонсон, хайрын энэхүү хөдөлмөрт тус бүрдээ [агуу зүтгэл гаргаж], үнэн ба шударга ёсыг хөхүүлэн дэмжиж байгаад миний сэтгэл нэн тааламжтай байна. Эв нэгдэл бол хүч чадал мөн гэдэг нь Есүс Христийн Сүмд харагдаж байх ёстой. ‘Ах дүүсийн хувьд хамтдаа нэгдмэлээр амьдрах нь хэчнээн тааламжтай вэ!’ [Дуулал 133:1-ийг үз.] Бүхнээс Дээдийн Гэгээнтнүүд энэ зарчмыг эгнэгт төлөвшүүлэх болтугай. Үүний үр дүнд тэдэнд нэг бүрчлэн төдийгүй, харин нийт Сүмд дээдийн дээд адислалууд ирж, хаант улсын жаяг мөрдөгдөж, удирдагчдыг нь хүндлэн, шаардлагуудыг нь хүсэл эрмэлзэл баяр баясалтайгаар сахин дагах болно.…

Агуу зүйлс өөрсдийнх нь хичээл зүтгэлээс хамаарна гэдгийг, тэд бидэнтэй хамтран ажиллахаар дуудагдсаныг мөн Ариун Сүнс эцсийн өдрүүдэд агуу ажил хийнэ гэдгийг Гэгээнтнүүд санаг. Мөн эцсийн өдрүүд дэх агуу ажлын адислал болон алдар суу үлэмж их байх болно. Аливаа аминч санаа бодол зөвхөн оршуулагдах төдийгүй бүрмөсөн устана. Бурханыг болон хүнийг хайрлах хайр хүн бүрийн оюун ухаанд ялгууснаар давамгайлан, зүрх сэтгэл нь эртний Енохынх шиг болж, одоо, өнгөрсөн, ирээдүйн юмсыг ойлгон, ямар ч бэлгээр дутахгүйгээр Их Эзэн Есүс Христийн ирэлтийг хүлээх болтугай [1 Коринт 1:7-г үз].

Бидний эв нэгдэлтэйгээр оролцож байгаа ажил бол ердийн ажил юм. Бидний эсрэг тэмцэж байгаа дайснууд аргаа өөрчлөхдөө уран, чадварлаг байна. Бид хүч чармайлтаа төвлөрүүлэн зангидахад анхаарвал зохино. Иймээс бидний дунд хамгийн сайн санаа бодол байх ёстой. Тэгвэл бид Бүхнийг Чадагчийн тусламжтайгаар амжилтаас амжилтанд, ялалтаас ялалтанд хүрэх болно. Бидний хилэнцэт хүсэл дарагдаж, атгаг санаа арилж үгүй болно. Үзэн ядалт бидний зүрх сэтгэлд байргүй болж, гэм буруугийн согог харагдахаа болино. Тийнхүү бид тэнгэрийн мэлмийд сайшаагдаж, Бурханы хөвгүүд хэмээн хүлээн зөвшөөрөгдөнө.

“Бид өөрсдийнхөө төлөө бус, Бурханы төлөө амьдардгаа ухаарцгаая. Ингэснээр энэ амьдралд болон үүрд мөнхөд аль алинд нь бидэнд олон агуу адислал ирэх болно.”10

“Энд [Наувуд] ирцгээ хэмээн бид Гэгээнтнүүдэд хэлнэ. Бид энэ нутагт Бурханы хүмүүсийн цугларалтын үндэс суурийг тавиад Гэгээнтнүүдийг ирэхийг хүсэн хүлээж байна. Тэднийг Бурханы өгсөн зөвлөгөөний дагуу суурьшуулах болно.… Бид энд хормойгоо шууж, алдсыг үйлдэгчдийг өөрсдийнхөө дундаас цэвэрлэхийг хичээж байна. Бидний ахан дүүс хол газраас энд ирвэл энэхүү сайхан ажлыг урагш ахиулахад тусалж, ‘Сион зөв шударга байдалд байгуулагдана; мөн бүх үндэстнүүд түүний туган дор нэгдэнэ’ гэсэн энэхүү агуу төлөвлөгөөг Бурханы хүмүүс, Түүний удирдлага дор Түүний хуулийн дагуу гүйцэлдүүлснээр бид зөв шударга байдал болон үнэнд өсч хөгжих болно. Түүний зорилго гүйцэлдсэн үед бид ариуссан хүмүүсийн дунд өвийг хүлээн авч чадна.”11

“Бидэнд найз нөхөд, хэлхээ холбоо, гэр бүл, танил тал байдаг. Найз нөхдийн холбоо … ах дүүгийн барилдлага нь биднийг хайрын шижмээр холбогдсон олон мянган хүнтэй хамт олон болгон бат бөхөөр нэгтгэж байна. Бид нэг нийтлэг итгэлийг бүр ‘ариун хүмүүст нэгэнт бүрмөсөн тушаагдсан’ [Иуда 1:3] итгэлийг баяртайгаар хүлээн авсан билээ. Бошиглолын сүнсээр, тэнгэрийн нээгдэлтээр, ариун Сүнсний бэлгээр, тэнгэр элчүүдийн тохинууллаар, түүнчлэн Бурханы хүчээр бидэнд өгөгдсөн үүрдийн сайн мэдээг сонсох онцгой боломж бидэнд тохиосон билээ.… Удам угсаагаа мэдэж талархан дэмжих сэтгэл бүх биенд, бүр Христийн биенд шингэсэн байдаг. Паулын хэлснээр Христийн бие нь түүний сүм мөн. Ийнхүү биеийн нэг эрхтэн бэртвэл бусад эрхтэн өвчнийг мэдрэхгүй байж эс чадна. Учир нь хэрэв нэг эрхтэн зовбол түүнтэй хамт бүх эрхтэн зовно. Хзрэв нэг эрхтэн баясвал үлдсэн бүх зрхтзн түүнтзй хамт баясна хзмззн Паул хзлсзн билзз [1 Коринт 12:12-27-г үз].”12

Материаллаг болон сүнсний адислалууд нэгдмэлхүч чармайлтын үр дүн болж ирдэг.

1841 оны нэгдүгээр сард Бошиглогч Иосеф Смит болон Тэргүүн, Зөвлөл дэх түүний зөвлөхүүд дэлхийн янз бүрийн хэсгээс Наувуд ирж байсан Гэгээнтнүүдэд чиглэл өгчээ: Бид үйл ажиллагаа, хүч чармайлтаа нэгтгэснээр л гагцхүү эцсийн өдрүүдийн агуу ажлыг амжилттай гүйцэлдүүлж чадна … Ингэсэн тохиолдолд бидний материаллаг болоод сүнсний ашиг сонирхол үлэмж ихээр өргөсч, тэнгэрийн адислалууд тасралтгүй цутган ирэх болно. Бид энэ тухайд эргэлзэх хэрэггүй юм.

Итгэл бишрэл, нэгдмэл хүч чармайлтаас ирсэн материаллаг болон сүнсний хамгийн агуу адислалууд нь хувийн хичээл зүтгэл, овсгоо самбааны үр дүн байгаагүй юм. Өнгөрсөн бүх эрин зууны түүх нь энэхүү баримтыг олон талаар гэрчилж байгаа билээ.…

Гэгээнтнүүд энд ирэхдээ төгс сайн сайхан байдлыг хүлээх хэрэггүй гэдгийг ойлгохыг бид хүсч байна. Тэд гагцхүү эв нийц, амар амгалан, хайрыг л биеэрээ үзэх болно. Хэрэв тэд дээрх санааг хэт шүтвэл, хууртагдах нь эргэлзээгүй. Учир нь энд зөвхөн янз бүрийн муж улсаас ирсэн төдийгүй, бас янз бүрийн үндэстэн ястны хүмүүс байдаг. Тэд үнэний зорилгодоо тууштай үнэнч хэдий ч, мухар сүсгээр хүмүүжсэн улс. Үүний улмаас эдгээр зүйлсийг зарим үед даван туулах шаардлагатай болдог. Дахин хэлье, сэм шургалан орж ирэгсэд олон буй нь бидний дунд хагарал, зөрчил, дайсагналын үр тарихыг хичээж, ингэснээрээ Гэгээнтнүүд дээр хилэнцийг авчирч байна.… Тиймээс, энэ нутагт ирэх хүмүүс бидний өгүүлсэн зүйлст урам хугарах биш, харин Бурханы зарлигуудыг сахихад шийдвэр төгс байг. Тэгвэл тэд цэцэглэн хөгжиж, тэнгэрийн оюун билэг тэдэнтэй харилцан, зөв шударга хүмүүст хадгалагдсан алдар суугийн бүрэн биелэлтийг эцэстээ өөрсдийн нүдээр үзэж, баясах болно.

“Бүхнийг Чадагч хүлээн авахуйц өргөө барихын тулд, уг өргөөн дотор Түүний сүр хүч, алдар суу үзүүлэгдэх тийм байдлаар Их Эзэний Ариун сүмийг барихын тулд Гэгээнтнүүдээс үлэмж их хүч чармайлт шаардагдана. Тиймээс хаант улсын цэцэглэл хөгжилтийн төлөө, үнэний зорилгыг эрхэмлэх өөрсдөд нь байгаа хайрын төлөө цаг зав, авьяас чадвар, өмч хөрөнгөө үнэ хөлсгүйгээр золиосолж чадах хүмүүс … эцсийн өдрүүдийн аугаа ажилд бидэнтэй нэгдэж, гай зовлонгоос хуваалцаг. Тэгвэл тэд эцэст нь алдар суу, агуу ялалтыг хуваалцах болно.”13

Судлах болон заах зөвлөмж

Энэ бүлгийг судалж, заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламжийг хуудас vii-xii-оос үз.

  • “Бүгд хамтран эрч хүч, тэсвэр тэвчээртэйгээр ажиллацгаая” гэсэн Бошиглогч Иосеф Смитийн үгсийн тухай бод (хуудас 310). Зүтгэл чармайлт богинохон хугацаатай, хүчтэй биш байвал юу тохиолддог вэ? Хүмүүс тал тал тийш чангааж байвал юу болох вэ? Бид Бошиглогчийн үгсийг гэр орондоо, Сүмийн дуудлагадаа хэрхэн хэрэглэж болох вэ?

  • Хуудас 312 дээрх эхний догол мөрийг бүтнээр нь унш. Бид хамтран ажилласан үед бидний ачаа яагаад хөнгөн байдаг вэ? (Зарим жишээг хуудас 307-аас үз.) Бусад хүмүүстэй нягт эв нэгдэлтэй ажиллахад ямар зарчим та нарт тусалсан бэ?

  • Хуудас 313 дээрх эхний догол мөрийг бүтнээр нь нэгтгэн дүгнэ. Аминч үзэл ямар аюултай вэ? Би өөрсдийнхөө доторх аминч үзлийн мэдрэмжийг үгүй болгохын тулд юу хийж болох вэ? Зүрх сэтгэлд чинь “Бурханыг болон хүнийг хайрлах хайр давамгайлсан” үед чамд ямар санагддаг вэ?

  • Хуудас 314-ын доод талаас эхэлсэн догол мөрийг нэгтгэн дүгнэ. Та нар өөрийнхөө тойрог буюу салбар дахь “найз нөхдийн холбоо,” “хайрын шижмийн холбоо”-ноос ямар замаар ашиг тусыг олдог вэ? “Удам угсаагаа мэдэж талархан дэмжих сэтгэл бүх биенд шингэсэн” үед тойрог, салбарууд хэрхэн ашиг тусыг олж болох вэ?

  • Хуудас 315-ын доороос эхэлсэн догол мөрийг судал. Тойрог, салбарынхаа гишүүдээс төгс сайн сайхан байдлыг хүсэн хүлээх нь яагаад ухаалаг биш гэж та нар боддог вэ? Төгс биш бүлэг хүмүүс олон төрлийн авьяас чадвараа нийтийн зорилгын төлөө ашиглаж байхыг та хэзээ харсан бэ? Ийм нэгдмэл хүч чармайлтын үр дүн юу байдаг вэ?

Холбогдох судрууд: Матай 18:19-20; Иохан 17:6-26; Мозая 18:21; 3 Нифай 11:29-30; С ба Г 38:24-27; Мосе 7:18

Эшлэл

  1. Фредерик Г.Виллямс, Truman O. Angell, Truman Osborn Angell, Autobiography 1884, x. 14-15-д эш татжээ, Сүмийн Архив, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лейк хот, Юта.

  2. Хайрум Смит, Lucy Mack Smith, “The History of Lucy Smith, Mother of the Prophet”-д эш татжээ, 1844-1845 оны гар бичмэл, book 14, х. 1-2, Сүмийн Архив.

  3. History of the Church, 1:349; “History of the Church” (гар бичмэл)-ээс, book A-1, x. 296-297, Сүмийн Архив.

  4. Heber C. Kimball, “Extracts from H. C. Kimball’s Journal,” Times and Seasons, 1845 оны 4-р сарын 15, x. 867-68.

  5. Heber C. Kimball, Deseret News, 1863 оны 5-р сарын 27, x. 377; цэг тэмдэг, том үсгээр бичих дүрэм шинэчлэгдсэн.

  6. Brigham Young, Deseret News: Semi-Weekly-д эш татжээ, 1867 оны 4-р сарын 20, х. 2; цэг тэмдэг шинэчлэгдсэн.

  7. History of the Church, 4:212-213; цэг тэмдэг шинэчлэгдсэн; догол мөр өөрчлөгдсөн; Иосеф Смит болон Тэргүүн Зөвлөл дэх түүний зөвлөхүүдийн илтгэлээс, 1840 оны 10-р сарын 4, Иллинойн Науву, Times and Seasons-д нийтлэгджээ, 1840 оны 10-р сар, х. 187.

  8. History of the Church, 4:608-609; цэг тэмдэг, хэлзүйн дүрэм шинэчлэгдсэн; Times and Seasons-д нийтлэгдсэн “The Temple” редакцийн өгүүллээс, 1842 оны 5-р сарын 2, х. 775-776; Иосеф Смит энэ тогтмол хэвлэлийн эрхлэгч байжээ.

  9. History of the Church, 6:70; Иосеф Смитээс Гэгээнтнүүдэд бичсэн захидлаас, 1843 оны 11-р сарын 1, Науву, Иллиной, Times and Seasons-д нийтлэгджээ, 1843 оны 11-р сарын 1, х. 376-377; History of the Church-д энэ захидлын огноог 1843 оны 11-р сарын 8 гэж буруу бичжээ.

  10. History of the Church, 4:227, 230231; зөв бичгийн дүрэм шинэчлэгдсэн; Иосеф Смитээс Арванхоёрт бичсэн захидлаас, 1840 оны 12-р сарын 15, Науву, Иллиной, Times and Seasons-д нийтлэгджээ, Jan. 1, 1841 оны 1-р сарын 1, х. 258, 260261; History of the Church-д энэ захидлын огноог 1840 оны 10-р сарын 19 гэж буруу бичжээ.

  11. History of the Church, 5:65-66; “The Government of God,” Times and Seasons-д нийтлэгдсэн редакцийн өгүүллээс, 1842 оны долдугаар сарын 15, х. 858; Иосеф Смит энэ тогтмол хэвлэлийн эрхлэгч байжээ.

  12. “To the Saints of God,” Times and Seasons-д нийтлэгдсэн редакцийн өгүүлэл, 1842 оны 10-р сарын 15, х. 951; зөв бичгийн дүрэм, цэг тэмдэг, том үсгийн дүрэм шинэчлэгдсэн; Иосеф Смит энэ тогтмол хэвлэлийн эрхлэгч байжээ.

  13. History of the Church, 4:272-273; Иосеф Смит болон Тэргүүн Зөвлөл дэх түүний зөвлөхүүдээс Гэгээнтнүүдэд бичсэн захидлаас, 1841 оны 1-р сарын 15, Иллинойн Науву, Times and Seasons-д нийтлэгджээ, 1841 оны 1-р сарын 15, х. 276-277.

Зураг
Hyrum Smith

“Их Эзэний илчилсэн КөртланЪын Ариун сүмийн төлөвлөгөөг Иосеф Смит тайлбарласны дараа Хайрум Смит хадуур авчрахаар гүйж гарахдаа,”бид Их Эзэний өргөө Өарихаар бэлтгэж байна. Би уг ажлыг эхлэх хамгийн түрүучийн хүн болохоор шийдлээ“ гэжээ.

Зураг
men

“Эв нэгдэл бол хүч чадал мөн. ‘Ах дүүсийн хувьд хамтдаа нэгдмэлээр амьдрах нь хэчнээн тааламжтай вэ!’ Бухнээс ДээЪийн Гэгээнтнүүд энэ зарчмыг эгнэгт төлөвшүулэх болтугай.”