Ерөнхийлөгчдийн сургаал
Түүхэн хураангуй


Түүхэн хураангуй

Дараах он дараалал нь энэ номонд толилуулсан Бошиглогч Иосеф Смитийн сургаалын товч түүхэн хураангуйг харуулж байна.

1805 оны арванхоёрдугаар сарын 23:

Вермонтын Виндсор дүүргийн Шаронд эцэг Иосеф Смит, эх Люси Мак Смит нарын гэр бүлд арваннэгэн хүүхдийн тав дахь нь болон төржээ.

1813 оны орчимд: (7 настайдаа)

Гэдэсний халдварт хижиг өвчин хүрч, хүндэрсэн нь зүүн хөлөнд нь мэс засал хийхийг шаардсан ажээ. Энэ үед Смитийн гэр бүл Нью Хампширийн Баруун Лебанонд амьдарч байв. Энэ газар бол тэднийхэн 1808-1816 оны хооронд ажил хайж нэлээд хэдэн газарт шилжин нүүсний нэг нь байлаа.

1816 он: (10 настай байхдаа)

Гэрийнхэнтэйгээ хамт Нью Йоркийн Палмира тосгонд шилжин ирэв.

1818-1819 оны орчимд: (12 буюу 13 настайдаа)

Гэрийнхэнтэйгээ хамт Палмира тосгоноос, Нью-Йоркийн Палмира хот дахь дүнзэн байшинд нүүж ирэв.

1820 оны хаврын эхэн үеэр: (14 настай байхдаа)

Гэрийнхээ ойролцоох ойд залбирав. Бурхан Эцэг, Есүс Христ хоёр түүн дээр хүрч ирэв. Аль сүмд нэгдэхээ асуув. Бүгдээрээ буруу учир алинд нь ч элсэх хэрэггүй гэж Аврагч хэлжээ.

1823 оны есдүгээр сарын 21-22: (17 настайдаа)

Моронай хүрч ирэн, эцсийн өдрүүд дэх дэлхий дээрх Их Эзэний ажил болон, Мормоны Номын тухай түүнд ярив. Ойролцоох гүвээнд нуусан алтан ялтсуудыг харсан боловч ялтсуудыг тэр үед гаргаж авахыг нь хоригложээ.

1825 он: (19 настай байхдаа)

Гэрийнхэнтэйгээ хамт дүнзэн байшингаас Нью-Йоркийн Манчестер хот дахь ферм дээрээ шинээр барьсан, банзан хөвөөтэй зүсмэл банзан байшинд нүүж ирэв.

1827 оны нэгдүгээр сарын 18: (21 настайдаа)

Пеннсильваний Хармоний Эмма Хейлтэй гэрлэв. Тэр хоёр Нью-Йоркийн Өмнөд Бейнбрижид гэрлэжээ.

1827 оны есдүгээр сарын 22:

1823 оноос хойш тэрээр жил бүр есдүгээр сарын 22-нд Моронайтай уулзаж байсны эцэст, Моронайгаас ялтсуудыг хүлээн авав.

1827 оны арванхоёрдугаар сар: (22 нас)

Ялтсуудыг хулгайлахыг оролдсон Палмира, Манчестер дахь танхайрагч бүлгээс зугтааж, Пеннсильваний Хармонид шилжин ирэв. Түүнээс хойш удалгүй Мормоны Номыг орчуулж эхэлжээ.

1828 оны хоёрдугаар сар:

Мартин Харрис алтан ялтсуудын зарим бичвэрийг нэрт эрдэмтэд, түүний дотор Нью-Йорк хот дахь Чарльз Антон, Самуел Л.Мичилл нарт үзүүлэв.

1828 оны зургаа, долдугаар сар:

Мормоны Номын орчуулгын 116 хуудас гар бичмэл Мартин Харрисын мэдэлд байх үеэр алдагдав.

1829 оны дөрөвдүгээр сарын 5: (23 настайдаа)

Оливер Каудери Мормоны Номын бичээчээр үйлчлэхээр Хармонид ирэв. Орчуулга дөрөвдүгээр сарын 7-нд дахин эхлэв.

1829 оны 5-р сарын 15:

Оливер Каудерийн хамт Иохан Баптистаас Аароны санваар авав. Иосеф Оливер хоёр Сасквиеханна голд бие биедээ баптисм хүртээлээ.

1829 оны тав, зургадугаар cap:

Оливер Каудерийн хамт эртний Төлөөлөгч Петр, Иаков, Иохан нараас Мелкизедек санваарыг Пеннсильваний Хармони, Нью-Йоркийн Колесвиллын хоорондох Сасквиеханна голын ойролцоо хүлээн авав.

1829 оны зургадугаар cap:

Нью-Йоркийн Фейетте хот дахь эцэг Петр Витмерийн ферм дээр Мормоны Номын орчуулгыг дуусгав. Гурван гэрч ялтсуудыг болон тэнгэр элч Моронайг Фейеттед харав. Найман гэрч ялтсуудыг Палмира хотод нүдээр харж, гараар барьж үзэв.

1830 оны гуравдугаар сарын 26: (24 настайдаа)

Мормоны Номын хэвлэгдсэн анхны хувиудыг Палмира дахь Эгберт Б.Грандины номын дэлгүүрт олон нийтэд зориулан гаргав.

1830 оны 4-р сарын 6:

Фейетте дэх эцэг Петр Витмерийн гэрт Сүмийг албан ёсоор зохион байгуулав (С ба Г 20:1-ийг үз). Эхлээд Сүмийн албан ёсны нэр нь Христийн Сүм байв. 1834 оны тавдугаар сарын 3-нд уг нэрийг Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм болгон өөрчлөв. 1838 оны дөрөвдүгээр сарын 26-нд илчлэлтээр эл нэрийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм болгон өөрчилжээ (С ба Г 115:4-ийг үз).

1830 оны зургадугаар сар:

Библийн Иосеф Смитийн Орчуулга хэмээн эдүгээ нэрлэгддэг, сүнсээр нөлөөлөгдсөн Библийн засварыг Их Эзэний зарлигаар эхлэв.

1830 оны зургадугаар сарын 9:

Фейеттед Сүмийн анхны чуулганыг зохион байгуулав.

1830 оны есдүгээр cap:

Пеннсильваний Хармонигаас НьюЙоркийн Фейеттед шилжин ирэв. 1827 оны арванхоёрдугаар сараас энэ үеийг хүртэл Иосеф, Эмма хоёр Хармонид амьдарч байсан ч, Мормоны Номыг орчуулах, хэвлүүлэх, Сүмийг зохион байгуулах, Сүмийн анхны чуулганыг тэргүүлэх болон Сүмийн бусад ажил үүрэгтэй холбоотой асуудлуудаар Манчестер, Фейетте, Палмира уруу үе үе явдаг байлаа.

1830 оны есдүгээр cap:

Номлогчид сайн мэдээг номлохын тулд “леменчүүд уруу очих” ёстой гэсэн илчлэлт хүлээн авав (С ба Г 28:8; мөн 30:5-6; 32:1-3-ыг үз). Аравдугаар сард дөрвөн ахлагч Миссури мужийн баруунтаах Индианчуудын нутагт сайн мэдээг заахаар номлолд явжээ.

1830 оны арванхоёрдугаар cap: (25 настайдаа)

Гэгээнтнүүд Огайод цугларах ёстой гэсэн илчлэлт хүлээн авав (С ба Г 37-р хэсгийг үз).

1831 оны хоёрдугаар сарын эхээр:

Нью-Йоркоос 250 бээр (400 км) гаруй аялсны эцэст Огайогийн Көртландад хүрч ирэв.

1831 оны долдугаар сарын 20:

Миссурийн Жаксон дүүргийн Индепенденст, Индепенденсийг Сионы “төв газар” (С ба Г 57:1-3-ыг үз) хэмээн тогтоосон илчлэлт хүлээн авав.

1831 оны наймдугаар сарын 2:

Миссурийн Жаксон дүүргийг Сионы газар болгон Сидней Ригдон адислах үед тэргүүлэв.

1831 оны наймдугаар сарын 3:

Индепенденст ариун сүмийн газрыг онцгойлон адислав.

1832 оны нэгдүгээр сарын 25: (26 настайдаа)

Огайогийн Амхерстэд Дээд санваартнуудын Ерөнхийлөгчөөр дэмжигдэн батлагдав.

1832 оны гуравдугаар сарын 8:

Көртландад Тэргүүн Зөвлөлийг зохион байгуулж, Сидней Ригдон, Жесс Гауз нар зөвлөхүүд болов. 1833 оны гуравдугаар сарын 18-нд Жесс Гаузын оронд Фредерик Г.Виллямс зөвлөх болов.

1832 оны арванхоёрдугаар сарын 27-28: (27 настай байв)

Көртландад ариун сүм барих зарлиг хүлээж авав (С ба Г 88:119-20-ийг үз).

1833 оны нэгдүгээр сар:

Бошиглогчдын Сургууль эхлэв.

1833 оны долдугаар сарын 2:

Эдүгээ Библийн Иосеф Смитийн Орчуулга хэмээн нэрлэгддэг сүнсээр нөлөөлөгдсөн Библийн орчуулгын эхний хэсгийг дуусгав. Энэ ажлын үр дүнд эдүгээ Агуу Үнэт Сувдад агуулагддаг Мосегийн ном болон Иосеф СмитМатай гарсан ажээ.

1833 оны долдугаар сарын 20:

Танхайрагч бүлэг Зарлигуудын Ном хэвлэгдэж байсан Миссурийн Индепенденс дэх хэвлэх үйлдвэрийг хэвлэгдсэн ихэнх хуудсын хамт устгав. 1835 оны есдүгээр сард Зарлигуудын Номын болон бусад илчлэлтүүдийг Сургаал ба Гэрээний анхны хэвлэл болгон Көртландад хэвлэв.

1833 оны долдугаар сарын 23:

Көртландын Ариун сүмийн суурийн чулуу тавигдав.

1833 оны арванхоёрдугаар сарын 18:

Эцэг Иосеф Смит Сүмийн патриархаар томилогдов.

1834 оны таваас долдугаар сар: (28 настайдаа)

Миссурийн Жаксон дүүрэгт гэр орноосоо албадуулан хөөгдсөн Гэгээнтнүүдэд туслахын тулд Сионы Хуаранг Огайогийн Көртландаас Миссурийн Клей дүүрэг уруу удирдав. “Сионы гэтэлгэлийг багахан хугацаагаар хүлээх” (С ба Г 105:9) ёстой гэсэн илчлэлт хүлээн авсны дараа Көртландад буцаж иржээ.

1835 оны хоёрдугаар сарын 14: (29 настайдаа)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгыг зохион байгуулав.

1835 оны хоёрдугаар сарын 28:

Далын Чуулгыг зохион байгуулав.

1835 оны долдугаар сар:

Абрахамын бичээсүүдийг агуулсан египет хэлээр бичсэн үйсэн дээрх бичгийг олж авав.

1836 оны гуравдугаар сарын 27: (30 настайдаа)

Көртландын Ариун сүмийг онцгойлон адислав (С ба Г 109-р хэсгийг үз).

1836 оны дөрөвдүгээр сарын 3:

Есүс Христ Иосеф Смит, Оливер Каудери хоёрт Көртландын Ариун сүмд үзэгдэн ариун сүмийг хүлээн авчээ. Мосе, Елиас, Елиа нар бас хүрч ирэн Иосеф Оливер хоёрт санваарын түлхүүрүүдийг олгов. (С ба Г 110-р хэсгийг үз.)

1837 оны зургадугаар сар: (31 нас)

Хойд Америкаас гадна орших анхны номлол -Англид үйлчлэх номлогчдыг Көртланд болон Дээд Канад (одоогийн Өмнөд Онтарио)-аас явуулав.

1838 оны нэгдүгээр сарын 12: (нас 32)

Танхайрагч бүлгүүдийн хүчирхийллээс зугтаахын тулд Көртландыг орхиж, Миссурийн Фар Вестийг зорив.

1838 оны гуравдугаар сарын 14:

Фар Вестэд ирж сүмийн төв байгууллагыг үндэслэн бий болгов.

1838 оны дөрөвдүгээр сарын 27:

1842 оноос эхлэн Сүмийн тогтмол хэвлэлүүдэд цувралаар нийтлэгдэж эхэлсэн өөрийн түүх, “Иосеф Смитийн Түүх”-ийг бичиж эхэлжээ. Эл түүх хожим нь History of the Church болж дахин хэвлэгдсэн ажээ.

1838 оны аравдугаар сарын 27:

Миссурийн захирагч Лилбурн В.Боггс Гэгээнтнүүдийг “Хүйс тэмтрэн устгах шившигт тушаал” гаргажээ. Энэ тушаал болон харгис хэрцгий мөрдлөг хавчлага Гэгээнтнүүдийг 1838-1839 оны өвөл, хавар Миссурийг орхин Иллиной уруу зугтахад хүргэсэн юм.

1838 оны арванхоёрдугаар сарын 1:

Миссурийн Либертид Сүмийн бусад удирдагчидтай хамт шоронд хоригдов.

1839 оны гуравдугаар сарын 20: (нас 33)

Либерти шоронгоос Гэгээнтнүүдэд хандан захидал бичив. Уг захидлыг нэлээд хэсэг хожим нь Сургаал ба Гэрээний хэсэг 121, 122, 123-т судар хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрөгджээ.

1839 оны дөрөвдүгээр сарын дундуур:

Шүүх хурал болох газар өөрчлөгдсөний улмаас Галлатинаас Миссурийн Колумб уруу шилжүүлэх үед шоронгийн харгалзагчид түүнд оргох боломж олгожээ.

1839 оны дөрөвдүгээр сарын 22:

Иллинойн Квинсид гэр бүлтэйгээ дахин нэгдэв.

1839 оны тавдугаар сарын 10:

Иллинойн Коммерст гэр бүлтэйгээ хамт жижигхэн дүнзэн байшинд нүүж ирэв. Хожим нь энэ хотын нэрийг Науву хэмээн өөрчилжээ.

1839 оны арваннэгдүгээр сарын 29:

Миссури дэх шударга бус хэрэг явдлын төлөө нөхөн төлбөр гаргуулахыг хүсч Колумб дүүргийн Вашингтонд Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Мартин Ван Бурентэй уулзав. Вашингтонд байх үеэрээ тэр тусламж хүсч, Нэгдсэн Улсын Конгресст өргөдөл гаргажээ.

1840 оны наймдугаар сарын 15: (34 настайдаа)

Наувуд болсон нэг оршуулга дээр нас барагчдын өмнөөс хийх баптисмын тухай сургаалыг нийтэд зарлав. Нас барагчдын өмнөөс хийх баптисмыг анх Миссиппи мөрөн болон орон нутгийн гол горхиудад гүйцэтгэдэг байв.

1840 оны есдүгээр сар:

Тэргүүн Зөвлөлөөс Сүмд хандаж хэлсэн үгэнд Наувуд ариун сүмийн барилга эхлэх цаг болсныг зарлажээ.

1841 оныхоёрдугаар сарын 4: (нас35)

Шинээр зохион байгуулагдсан Наувугийн легион буюу Иллиной мужийн сайн дурын цагдаагийн нэгтгэлийн дэслэгч генералаар сонгогдов.

1841 оны дөрөвдүгээр сарын 6:

Наувугийн Ариун сүмийн суурийн чулуу тавигдав.

1841 оны арваннэгдүгээр сарын 21:

Нас барагчдын өмнөөс хийх анхны баптисмуудыг үлдсэн хэсгийг дуусгахаас өмнө барьж, онцгойлон адисалсан баптисмын модон санд Наувугийн Ариун сүм дотор гүйцэтгэж байлаа.

1842 оны хоёроос аравдугаар сар: (36 настайдаа)

Наувуд гардаг байсан Сүмийн тогтмол хэвлэл Times and Seasons-ын редактораар үйлчилж байв.

1842 оны гуравдугаар сарын 1:

Вентвөртийн захидлыг Times and Seasons-д нийтлэв. Гурав, тавдугаар сард бас Абрахамын номыг Times and Seasons-д хэвлэжээ.

1842 оны гуравдугаар сарын 17:

Эмма Смит ерөнхийлөгчөөр үйлчилж байсан Наувугийн Эмэгтэйчүүдийн Халамжийн Нийгэмлэгийг зохион байгуулав.

1842 оны тавдугаар сарын 4:

Улаан тоосгон дэлгүүрийнхээ дээд давхрын өрөөнд анхны хишиг хүртээх ёслолуудыг гүйцэтгэв.

1842 оны тавдугаар сарын 19:

Наувугийн захирагчаар сонгогдов.

1843 оны долдугаар сарын 12: (нас37)

Шинэ бөгөөд үүрдийн гэрээ, түүний дотор гэрлэлтийн гэрээний мөнхийн мөн чанарын тухай илчлэлтийг цэдэглэв (С ба Г 132-ыг үз).

1844 оны нэгдүгээр сар 29: (38 настайдаа)

Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлэхээр мэдэгдэв.

1844 оны гуравдугаар сар:

Арванхоёр Төлөөлөгч болон бусад хүмүүстэй хийсэн цуглаан дээр өөрийгөө үхсэн тохиолдолд Сүмийг удирдах үүргийг Арванхоёрт өгөв. Тэрээр Сүмийг удирдахад шаардлагатай бүх ёслол, эрх мэдэл, түлхүүрүүдийг тэдэнд олгосноо тайлбарлажээ.

1844 оны зургадугаар сарын 27:

Иллинойн Картейж шоронд ах Хайрумтайгаа алагдав.

1844 оны зургадугаар сарын 29:

Түүнийг Иллинойн Наувуд Хайрумтай хамт оршуулжээ.