Ерөнхийлөгчдийн сургаал
Бүлэг 1: Анхны Үзэгдэл: Эцэг Хүү хоёр Иосеф Смит дээр хүрч ирсэн нь


Бүлэг 1

Анхны Үзэгдэл: Эцэг Хүү хоёр Иосеф Смит дээр хүрч ирсэн нь

“Хурц тοд гэрэл хийгээд алдар сууг нь дүрслэхийн аргагүй хоёр Хүн миний дээр агаарт зогсож байхыг би харав. Tэдний нэг нь надтай ярьж, намайг нэрээр минь дуудаж, нөгөөх уруугаа зааж-Энэ бол миний хайртай Хүү.Түүнийг сонс! гэв.”

Иосеф Смитийн амьдралаас

Есүс Христийн үхэл болон амилалтын дараа урвалт алгуураар улам гаарсан юм. Аврагчийн Төлөөлөгчдийг эсэргүүцэн алж, Түүний сургаалуудыг завхруулсан учир Бурханы санваар дэлхийгээс авагдсан байлаа. Эртний Бошиглогч Амос урвалтын болон сүнсний харанхуй үеийг угтан хэлсэн юм: “Харагтун, Би газар дээр өлсгөлөнг илгээх өдрүүд ирж байна гэж Эзэн Бурхан тунхаглаж байна. Талхаар өлсөх, усаар цангах бус, харин ЭЗЭНий үгийг сонсохын төлөө өлсгөлөн байх юм. Ард түмэн далайгаас далай уруу, умардаас бүр дорно зүг хүртэл гэлдрэх болно. Тэд ЭЗЭНий үгийг эрэн цааш, нааш явах боловч түүнийг олохгүй” (Амос 8:11-12).

Дэлхийгээс алга болсон Их Эзэний үгийг эрэлхийлэгчдийн нэг нь 1820 онд Нью-Йоркийн хөдөөгийн Палмира хотод амьдарч байсан идэр залуу Иосеф Смит байлаа. Иосеф бол цайвар царай, шаргал хүрэн үс, цэнхэр нүдтэй, эцэг Иосеф Смит, эх Люси Мак Смит хоёрын арваннэгэн хүүхдийн тав дахь нь, хүч чадалтай, идэвхтэй идэр залуу эр байлаа. Тэрээр гэр бүлийнхээ шигүү модтой, зуун акр (40.5 га) ферм дээр мод огтолж, тариа тарихад аав, ах нартаа туслан олон цаг амралтгүй ажилладаг байв. Ээжийнх нь бичсэнээр тэр бол “гайхмаар дөлгөөхөн, нүдэнд дулаахан, эелдэг уриалгахан,”1 дүү нарынхаа хэнээс нь ч илүү“ аливааг тунгаан бодох дуртай, хэрсүү ухаантай” хүүхэд байлаа.2 Идэр залуу Иосеф гэр бүлийнхээ амь зуулгыг залгуулахад туслахын тулд шаргуу ажилладаг байсан болохоор унших, бичих, арифметикийн энгийн үйлдлүүд хийх л боловсрол эзэмшсэн ажээ.

Энэ үед Смитийнхний амьдарч байсан баруун НьюЙоркийн бүс нутаг даяар шашны нөлөө ер бусын их хүчтэйгээр түргэн тархаж байлаа. Бусад олон хүний нэгэн адил Смитийнхэн тус бүсэд сэргэн өрнөж байсан шашны нөлөөг идэвхжүүлэх зорилготой Христийн олон урсгалын евангелийн үйлчлэлүүдэд оролцдог байв. Гэрийнхэн нь тэдгээр олон сүмийн аль нэгэнд нь элссэн ч Иосеф аль ч сүмд элссэнгүй. Хожим нь тэрээр тэр үеийн тухай бичсэн нь:

“Оюун бодол минь бодгалийнхаа сайн сайхны төлөө ихэд зовдог болов. Энэ нь намайг Бурханы үгийг агуулдаг судруудыг судлах, заалгасныхаа дагуу итгэл бишрэлтэй болоход хөтөлсөн юм. Ийнхүү би судруудыг судлахад өөрийгөө дайчилсан билээ. Ингэснээр би Христийн олон урсгалын судруудыг сайн мэддэг болж, эцэстээ бүр гайхахад хүрэв. Учир нь эдгээр судрууд ариун номонд миний олж үзсэн амьдралын ариун зам болоод бурханлиг эрхэм сайхан зан чанар, итгэл бишрэлээр бий болно гэдгийг харуулдаггүйг би ойлгосон юм. Иймээс бодгаль минь харуусан гашуудаж байлаа.…

“Би хүн төрөлхтний ертөнцийн олон зүйлийг -зөрчил сөргөлдөөн, хагарал хуваагдал, ёс бус байдал, жигшүүрт хэргүүдийг түүнчлэн хүн төрөлхтний оюун ухааныг бүрхсэн харанхуйг зүрх сэтгэлдээ тунгаан боддог байлаа. Оюун бодол минь үлэмж ихээр шаналан зовдог байлаа. Учир нь нүглийн улмаас гэм буруугийн мэдрэмж намайг шаналган зовоож байв. Ингээд би судруудыг судалснаар хүн төрөлхтөн Их Эзэнд ирээгүйг, хүмүүс үнэн болоод амьд шүтлэг бишрэлээс урвасныг, тэрчлэн Шинэ Гэрээнд цэдэглэгдсэний дагуу Есүс Христийн сайн мэдээн дээр баригдсан нийгэм буюу шашин шүтлэг байхгүйг мэдсэн юм. Иймээс би өөрийнхөө болон дэлхийн нүглийн улмаас гашуудан шаналсан билээ.”3

Залуу Иосеф Смитийн үнэний төлөөх эрэл өөртөө хэрэгтэй байсан мэргэн ухааныг Бурханаас гуйхаар ойн цоорхой уруу очиход хөтөлсөн ажээ. Түүний залбирлын хариуд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр түүн дээр ирэн, хожмын өдрүүдэд сайн мэдээг сэргээх үүд хаалгыг нээсэн юм. Энэхүү гайхамшигтай үйл явдлыг Иосеф Смит энгийн мөртлөө уран үгсээр дурсан санасан байдаг.

Иосеф Смитийн сургаалаас

Иосеф Смитийн үнэний төлөөх эрэл нь судар судалж, чин сэтгэлээсээ залбирвал илчлэлтийг урьдгийг заадаг.

Иосеф Смит -Түүх 1:5, 7-13: “Бидний амьдарч байсан газарт шашны сэдвээр ер бусын үймээн хэсэг хугацаанд өрнөсөн билээ. Энэ нь методистуудаас эхэлсэн хэдий ч удалгүй улс орны, шашны бүх урсгалуудын дунд нийтлэг болов. Чухамдаа улс орны бүх бүс нутаг үүнд татагдан ороод байв. Мөн олон хүмүүс өөрсдийгөө хүмүүсийн дунд багагүй үймээн хийгээд хагарлыг бий болгож байсан шашны янз бүрийн бүлгүүдэд нэгтгэн, зарим нь ‘Ийшээ харагтун, бас бусад нь ‘Тийшээ харагтун’ хэмээн хашгирч байв. Зарим нь методист итгэлийн төлөө, бас зарим нь пресбитриений төлөө, бас зарим нь баптистын төлөө мэтгэлцэж байв.…

“Энэ үед би арвантаван настай байв. Миний эцгийн гэр бүл пресбитриений итгэлд хөрвүүлэгдээд байлаа. Мөн тэднээс дөрөв нь, нэрлэвэл, миний ээж Люси, ах Хайрум болон эрэгтэй дүү Самуел Харрисон, мөн миний эгч Софрони тэр сүмд нэгдсэн байлаа.

“Энэхүү их үймээний үед миний оюун буурь суурьтай бясалгал хийгээд их хүндрэлд учраад байв. Хэдийгээр миний бодол санаа гүн гүнзгий хийгээд хурц байсан хэдий ч, хэдийгээр би тздний зарим нэг цуглаануудад их төлөв тохиолдлын байдлаар оролцдог байсан ч, би эдгээр бүх бүлгүүдээс өөрийгөө хол хөндий байлгадаг байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам миний оюун методист урсгалд ямар нэг байдлаар татагдаж, мөн тэдэнтэй нэгдэх хүсэл ямар нэг хэмжээгээр надад бий болов. Гэвч шашны янз бүрийн бүлгүүдийн дундах будлиан хийгээд сөргөлдөөн тийм их байсан нь, хүмүүс болон юмстай төдийлөн танилцаж амжаагүй миний мэт залуу хүний хувьд хэнийх нь зөв, хэнийх нь буруу байсан тухайд ямар нэг тодорхой дүгнэлт хийх боломжгүй байв.

“Миний оюун зарим үед нэн ихээр догдолж, залбирал хийгээд үймээн самуун туйлын их байлаа. Баптистууд болон методистуудын эсрэг хамгийн ихээр дайсагнаж, тэдний алдааг нотлохын тулд тэд буруу хэмээн хүмүүст бодогдуулахын тулд пресбитриенчүүд баптист ба методистуудыг маш хүчтэйгээр эсэргүүцэж, тэдний алдааг нотлохын тулд л тэд буруу хэмээн хүмүүст бодогдуулахын тулд хуурмаг дүгнэлт аль алиных нь бүх хүчийг ашигладаг байлаа. Нөгөө талаас, баптистууд болон методистууд хариуд нь өөрсдийн шашны номлолуудыг үнэн мэтээр сөргүүлэн тавьж мөн бусад бүгдийг эсэргүүцэхэд нэгэн адил махран зүтгэж байв.

“Үгийн болон санаа бодлын үймээн самуунтай энэхүү дайны дунд би: Яах билээ? Эдгээр бүлэглэлүүдээс хэн нь зөв бол? Эсвэл тэд бүгдээрээ буруу юу? Хэрэв тэднээс аль нэг нь зөв бол аль нь бол? Тэгвэл би үүнийг яаж мэдэх вэ? хэмээн өөрөөсөө олонтаа асуудаг байлаа.

“Шүтлэгтнүүдийн эдгээр бүлэглэлүүдийн тэмцлээр бий болсон туйлын хүнд байдал дор хөдөлмөрлөн байхдаа би нэг өдөр Иаковын захидлын нэгдүгээр бүлэг, тавдугаар шүлэг дэх: Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруутгалгүйгээр өгөгч Бурханаас гуйг, энэ нь түүнд өгөгдөх болно гэснийг уншив.

“Судрын ямар ч хэсэг энэ удаад надад тохиолдсоноос илүү хүчтэйгээр хүмүүний зүрх сэтгэлд ирж байсан нь хэзээ ч үгүй бөлгөө. Энэ нь миний зүрх сэтгэлийн бодол болгонд агуу хүчтэйгээр нэвтрэн орох мэт санагдаж билээ. Хэрэв хэн нэгэн хүнд Бурханаас мэргэн ухаан хэрэгтэй байгаа бол тэр нь би мөн гэдгийг мэдсэнээр энэ талаар дахин дахин тунгаан бодсон; учир нь би яахаа мэдэхгүй байлаа. Мөн хэрэв тэр үед өөртөө байснаас илүү мэргэн ухааныг би олж авч чадаагүй бол, би хэзээ ч үүнийг мэдэж чадахгүй байсан биз ээ. Учир нь өөр өөр урсгалуудын шашны багш нар судрын яг адил хэсгүүдийг өөр өөрөөр ойлгодог байсан нь Библид хандан асуудлыг шийдэхэд итгэлтэй байхыг үгүй болгодог байв.

“Нэг бол би харанхуй хийгээд төөрөгдөлд үлдэх эсвэл Иаковын чиглүүлснээр, Бурханаас асуух ёстой гэдэг дүгнэлтэд урт удаан хугацааны дараа хүрэв. Хэрэв мэргэн ухаан дутсан тэдэнд тэрбээр мэргэн ухааныг, мөн чөлөөтэйгөөр өгдөг, бас буруутгадаггүйг мэдсэнээр би ч гэсэн зориглоод, “Бурханаас асуухаар” урт удаан хугацааны дараа шийдэв.”4

Иосеф Смит бүх зөв шударгын дайсны хүчнээс чөлөөлөгдөв.

Иосеф Смит -Түүх 1:14-16: “Ийнхүү, би үүнийг Бурханаас асуухаар нэгэнтээ шийдсэний дагуу би оролдоод үзэхээр ой уруу очив. Энэ бол нэг мянга найман зуун хорин оны хаврын нэгэн сайхан, цэлмэг өдрийн өглөө байлаа. Энэ бол миний амьдралдаа хийсэн анхны оролдлого байв, учир нь өөрийн бүхий л зовнилуудын дунд бибээр хэзээ ч чангаар залбирч үзээгүй байлаа.

“Өмнө нь товлосон газартаа очсоны дараа би эргэн тойрноо хараад, ганцаараа байгаагаа мэдэж, өвдөг сөгдөн суугаад зүрх сэтгэлийнхээ хүслүүдийг Бурханд өргөж эхлэв. Тэр даруй намайг бүхэлд нь эзэмдсэн ямар нэг хүчээр би баригдан, мөн ярьж чадахгүй болтлоо хэл минь гацаж, ийм нэгэн гайхалтай нөлөөнд автагдав. Миний эргэн тойронд түнэр харанхуй болж, гэнэтийн устгалын хувь тавилан надад ирсэн мэтээр санагдаж билээ.

“Гэвч, намайг барьж авсан энэхүү дайсны хүчнээс өөрийгөө чөлөөлүүлэхийн тулд Бурханыг дуудахад бүх хүчээ шавхан дайчилж мөн цөхрөлд живж, бас устгалыг урьд өмнө нь би хүмүүн биед хэзээ ч мэдэрч байгаагүй гайхмаар хүч бүхий үл үзэгдэх ертөнцийн нэгэн бодит хүчинд өөрийгөө тавьж өгөхөд бэлэн болоод байсан яг тэр мөчид –энэхүү агуу түгшүүрийн яг тэр мөчид, өөрийнхөө чанх орой дээр нарнаас илүү хурц гэрэлтэй гэрлэн багана над уруу алгуурхан доош бууж ирэхийг би харлаа.”5

Даруухан залбирчыых нь хариуд Тэнгэрлэг Эцэг Есүс Христ хоёр Иосеф дээр хүрч ирэв.

Иосеф Смит -Түүх 1:17-20: “Намайг хүлсэн тэрхүү дайснаас миний бие чөлөөлөгдсөн нь удалгүй мэдэгдэв. Мөнөөх гэрэл над дээр тогтоход гялалзсан өнгө хийгээд алдар сууг нь дүрслэхийн аргагүй хоёр Хүн миний дээр агаарт зогсож байхыг би харав. Тэдний нэг нь надтай ярьж, намайг нэрээр минь дуудан мөн нөгөөх уруугаа зааж хэлэв-Энэ бол миний Хайртай Хүү, Түүнийг сонс!

“Их Эзэнээс асуухаар ирсэн миний зорилго бол бүх урсгалуудаас аль нь зөвийг, мөн алинд нь би нэгдэж болохыг мэдэх явдал байв. Тиймийн тул, удалгүй, би биеэ эзэмдэж, тийнхүү ярих чадалтай болоод, бүх урсгалуудаас аль нь зөв болохыг, (учир нь бүгдээрээ буруу гэдэг нь тэр үед миний зүрх сэтгэлд хэзээ ч бодогдоогүй байв) мөн алинд нь би нэгдэх ёстойг миний дээр гэрэлд зогсож байсан Хүмүүсээс асуув.

“Тэдгээрийн алинд нь ч чи нэгдэх ёсгүй хэмээн надад хариулав. Учир юун гэвэл тэдгээр нь бүгдээрээ буруу ажээ. Мөн тэдний бүхий л итгэл үнэмшил түүний мэлмийд жигшүүрт явдал бөлгөө. Сүсэг бишрэл тунхаглагч тэд бүгдээрээ ялзарсныг, мөн ‘тэд уруулаараа надтай ойр боловч, зүрх сэтгэлээрээ надаас хол байдаг. Тэд хүмүүний зарлигуудыг сургаал болгон заадаг. Тэд бурханлиг байдлын дүртэй боловч, түүний хүчийг үгүйсгэдэг’ хэмээн надад хандсан мөнөөх Хүн хэлэв.

“Тэрбээр намайг тэдний алинтай нь ч нэгдэхийг дахин хориглов. Мөн миний бие өнөө үед бичиж үл чадах бусад олон зүйлийг тэрбээр надад хэлсэн буюу. Мөн би дахин ухаан ороход бибээр тэнгэр өөд харан хэвтэж байв. Гэрэл алга болоход, би бүр тамирдсан байлаа. Гэвч удалгүй нэлээд сэргэж, гэр өөдөө явлаа. Мөн намайг пийшин налан зогсож байтал, ээж надаас юу болсныг асуув. Зүгээр ээ, бүх юм сайн -Би дажгүй ээ хэмээн хариулав. Тэгээд би ээждээ, пресбитриений сургаал үнэн биш гэдгийг би өөрөө мэдэж авлаа хэмээн хариулав. Амьдралын маань бүр эхэн үед намайг түүний хаант улсыг эсэргүүцэгч мөн өдөгч байх тавилантайг дайсан мэддэг байсан бололтой. Тийм бус аваас харанхуйн хүчнүүд яагаад миний эсрэг нэгдэх билээ? Яагаад тэрхүү сөрөг үзэл хийгээд мөрдлөг хавчлага бараг л намайг балчир байхад миний эсрэг эхэлсэн юм бэ?”6

Бидний гэрчлэч хүчтэй байвал ямар ч мөрдлөг хавчлага бидний үнэн гэсэн мэдлэгийн үгүйсгэж чадахгүй

Иосеф Смит-Түүх 1:21-26: “Би энэ үзэгдлийг харсны дараа, дээр дурдсан шашны сонирхолд нэн идэвхтэй байсан методист номлогчдын нэгэнтэй хамт байсан юм. Түүнчлэн шашны сэдвээр түүнтэй ярилцахдаа, өөрийн харсан үзэгдлийн талаарх шастирыг түүнд мэдүүлэх нэгэн далим надад олдсон билээ. Түүний ааш авирт би нэн их гайхав. Тэр миний ярьсан зүйлд зөвхөн хөнгөмсөг хандсан төдийгүй, эдүгээ үед үзэгдэл буюу илчлэлт мэтийн юмс байдаггүй, энэ мэтийн зүйлүүд төлөөлөгчдөөр дууссан, мөн тэдгээрээс аль нь ч цаашид хэзээ ч байхгүй байх болно хэмээн хэлж, харин ч бүр ихэд зэвүүцсэн байдалтай хандав.

“Гэвч миний өгүүлж буй түүх сүсэг бишрэл тунхаглагчдын дунд миний эсрэг агуу атаа хорслыг дэвэргэж, мөн улам өсөн нэмэгдэж буй харгис хатуу мөрдлөг хавчлагын шалтгаан болж байсныг би төдөлгүй ойлгов. Мөн хэдийгээр би зөвхөн арван дөрөв тавтай балчир хөвгүүн байсан ч, өндөр хэргэм зэрэгтнүүд, амьдралд байр сууриа олоогүй миний энэхүү нөхцөл байдлыг олзуурхан шүүрч, олон нийтийн санаа бодлыг миний эсрэг хандуулж байсныг би олж мэдсэн билээ. Мөн энэ нь бүх бүлэгт адилхан байсан бөгөөд бүгд миний эсрэг мөрдлөг хавчлагад нэгдсэн билээ.

“Өдөр тутмын хөдөлмөрөөрөө тарчигхан амьдралаа залгуулж яваа, нэрд гараагүй дөнгөж арван дөрөв гарч яваа хөвгүүн тэр үеийн хамгийн нэр хүнд бүхий шашны алдар нэртэй хүмүүсийн анхаарлыг татаж, хамгийн харгис мөрдлөг хавчлага хийгээд доромжлолын санааг тэдэнд төрүүлсэн нь туйлын хачирхалтай санагдан, түүнээс хойш энэ тухай илүү ихийг бодох болов. Гэвч хачирхалтай ч бай, үгүй ч бай, энэ нь ихэнхдээ миний уй гашуугийн шалтгаан болсон юм.

“Хэдий тийм ч, энэ бол үнэндээ би үзэгдэл харсан явдал байв. Үүнээс хойш би өөрийгөө гэрэл харж, дуу хоолой сонссон, үзэгдэл харсан хэмээн Агрийп хааны өмнө хэлсний улмаас хамгаалж асан Паултай адилаар бодох болов. Гэвч цөөн хэдээс бусад нь түүнд итгээгүй юм. Зарим нь түүнийг шударга бус хэмээн хэлж, бусад нь түүнийг ууртай байсан хэмээн хэлж байв. Мөн түүнийг дооглон бас доромжилж байсан билээ. Гэвч энэ бүхэн түүний үзэгдлийн үнэн бодитойг устгаж чадаагүй юм. Тэрээр үээгдэл харсан, үүнийгээ тэр мэдэж байсан бөгөөд тэнгэрийн доорх бүх мөрдлөг хавчлага үүнийг өөрчилж чадахгүй юм. Хэдийгээр тэд түүнийг үхтэл нь мөрдөн хавчсан ч тэрээр гэрэл харж мөн түүнтэй ярьсан дуу хоолой сонссоноо эцсийнхээ амьсгалыг хураах хүртэл тэрээр мэдэж байсан бөгөөд бүх дэлхий түүнийг өөрөөр бодуулж мөн өөрөөр итгүүлж чадаагүй билээ.

“Би ч мөн түүнтэй адил байв. Үнэндээ би гэрэл харсан бөгөөд тэр гэрлийн дунд хоёр Хүнийг харсан, бас тэд үнэн бодитойгоор надтай ярилцсан билээ. Энэ нь үнэн хэдий ч, намайг үзэгдэл харсан хэмээн хэлсний төлөө мөрдөн хавчиж, мөн үзэн ядаж байсан юм. Мөн тэгж хэлсний учир тэд намайг мөрдөн хавчиж, намайг доромжилж, миний эсрэг хуурамчаар янз бүрийн хилэнцтийг ярьж байсан ч би зүрх сэтгэлдээ: Үнэнийг хэлсний төлөө яагаад намайг хавчиж байгаа юм бэ? Үнэндээ би үзэгдэл харсан шүү дээ. Бурханы эсрэг зогсож чадах хэн юм бэ би? Яагаад үнэхээр харсан зүйлээ үгүйсгэхийг дэлхий надаас хүснэ вэ? Учир нь би үзэгдэл харсан. Би үүнийг мэдэх бөгөөд Бурхан ч үүнийг мэднэ гэдгийг мэднэ. Би үүнийг үгүйсгэж чадахгүй, мөн хийж зүрхлэх нь үгүй. Ингэснээр ядаж л Бурханыг гомдоох бөгөөд буруутгал дор ирнэ гэдгийг би мэдэж байсан хэмээн хэлэхэд хөтлөгдсөн билээ.

“Тэдний аль нэгэнд нэгдэх нь миний үүрэг биш. Харин цаашдын удирдамж авах хүртлээ энэ хэвээрээ үлдэх, ингэснээр шашны бүлэглэлүүдийн хүрээний санаа зовж буй зүйлд би одоо сэтгэл хангалуун байх болов. Мэргэн ухаанаар дутсан хэн ч гэсэн Бурханаас асууж мөн олж авах бөгөөд буруутгагдах нь үгүй гэсэн Иаковын гэрчлэл үнэн болохыг мэдэж авсан юм.”7

Судлах болон заах зөвлөмж

Энэ бүлгийг судлахдаа эсвэл заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламж хэрэгтэй бол хуудас vii-xii-ыг үз.

  • Хуудас 33-37-ыг нэгтгэн дүгнэ. Асуултууддаа хариу эрж хайхад Иосеф Смит бидэнд хэрхэн үлгэр дуурайл болдог тухай бод. Анхны Үзэгдлийн тухай шастирыг судалснаар судар унших, тунгаан бодох тухай, залбирлын тухай та нар юу мэдэж авсан бэ?

  • Хуудас 38-ыг нэгтгэн дүгнэ. Иосеф Смит Анхны Үзэгдлийг хүлээн авах үеэрээ Бурхан Эцэг, Есүс Христ хоёрын талаар мэдэж авсан үнэнүүдийн тухай бод. Бид бүгд яагаад Анхны Үзэгдлийн тухай гэрчлэлтэй байх ёстой вэ?

  • Иосеф Анхны Үзэгдлийн тухай бусад хүмүүст ярихад олон нь түүний эсрэг атгаг санаа өвөрлөж, улмаар түүнийг мөрдөн хавчсан билээ (хуудас 39). Яагаад хүмүүс түүнд ийм байдлаар хандсан гэж та нар бодож байна вэ? Мөрдлөг хавчлагад Иосефын үзүүлсэн хариу үйлдлийн тухай тунгаан бод (хуудас 40-41). Бид мөрдлөг хавчлага эсвэл өөр хүнд сорилттой тулгарсан үед түүний үлгэр жишээг хэрхэн дагаж болох вэ?

  • Анхны Үзэгдлийн тухай анх мэдэхэд чинь уг шастир та нарт ямар нөлөө үзүүлсэн бэ? Тэр цагаас хойш энэ нь та нарт ямар нөлөө үзүүлсээр байна вэ? Та нар энэ бүлэг дэх шастирыг дахин судалснаар ямар байдлаар бэхжиж чадсан бэ?

Холбогдох судрууд: Исаиа 29:13-14; Иоел 2:28-29; Амос 3:7; Мормон 9:7-9

Эшлэл

  1. Lucy Mack Smith, “The History of Lucy Smith, Mother of the Prophet” 1845 он, гар бичмэл, x. 72, Сүмийн Архив, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лейк хот, Юта. Бошиглогчийн ээж Люси Мак Смит өөрийнхөө түүхийг 1844 онд түүнчлэн 1845 оны эхээр Марта Жейн Нөүлтон Кореид хэлж бичүүлжээ. Уг түүхэнд Бошиглогчийн амьдралын тухай их зүйл орсон юм. Марта Кореи анхны энэхүү гар бичмэлийг “History rough manuscript” гэж нэрлэжээ. Арай хожуухан 1845 онд, Люси Мак Смит, Марта Кореи, Мартагийн нөхөр Ховард Кореи нар анхны гар бичмэлийг хянан засварлаж, нэмэлт оруулсан байна. 1845 онд гар бичмэлийг “Бошиглогчийн эх Люси Смитийн түүх” гэж нэрлэсэн аж. Энэ ном 1844-1845 оны гар бичмэлд ороогүй цөөхөн үйл явдлыг оруулсан аж. 1845 оны гар бичмэлийг эс тооцвол 1844-1845 оны гар бичмэлээс эш татжээ.

  2. Lucy Mack Smith, “The History of Lucy Smith, Mother of the Prophet” 1845 он,1844-1845 оны гар бичмэл, боть 4, х. 1, Сүмийн Архив.

  3. Иосеф Смит -Түүх 1832, х. 1-2; Захидлын ном 1, 1829-1835, Joseph Smith, Collection, Сүмийн Архив.

  4. Иосеф Смит -Түүх 1:5, 7-13. Бошиглогч Иосеф Смит нэлээд хэдэн үйл явдлаар Анхны Үзэгдлийн тухай нарийвчлан өгүүлсэн шастирыг өөрөө бичсэн буюу хэлж бичүүлсэн ажээ. Энэ бүлэг дэх эшлэлүүдийг анх 1842 онд Times and Seasons-д нийтлэгдсэн “History of Joseph Smith” Анхны Үзэгдлийн шастираас авсан байна (1842 оны 3-р сарын 15, х. 726-728; 1842 оны 4-р сарын 1, х. 748-749. Эдгээр эшлэлүүд хожим нь Агуу Үнэт Сувдад болон History of the Church-д оржээ, боть. 1, х. 1-8. Энэ бол албан ёсны судрын шастир юм. Бошиглогч Иосеф Смит бичээч нарынхаа туслалцаатайгаар 1838, 1839 онд энэ шастирыг бэлтгэжээ.

  5. Иосеф Смит-Түүх 1:14-16.

  6. Иосеф Смит-Түүх 1:17-20.

  7. Иосеф Смит-Түүх 1:21-26.

Зураг
Joseph in Sacred Grove

“Чанх орой дээр минь нарнаас илүү хурц гэрэлтэй гэрлэн багана над уруу алгуурхан доош бууж ирэхийг би харлаа.”

Зураг
Joseph reading

“Судрын ямар ч хэсэг энэ удаад надад тохиолдсоноос илүү хүчтэйгээр хүмүүний зүрх сэтгэлд ирж байсан нь хэзээ ч үгүй бөлгөө.”