Номын сан
Дууны цаг ба ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн хийх толилуулгын зааварчилгаа


Дууны цаг ба ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн хийх толилуулгын зааварчилгаа

Дууны цагийн зааварчилгаа

Зураг
children and teacher singing

Дууны цаг ба ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн хийх толилуулгын зааварчилгаа

Хүндэт Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн болон хөгжмийн удирдагчид аа,

Хүүхдийн хэсгийн дуунууд нь хүүхдүүдэд Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний талаар болон Есүс Христийн сайн мэдээний үндсэн үнэний тухай суралцахад нь туслах хүчирхэг хэрэгсэл юм. Хүүхдүүдийг сайн мэдээний зарчмуудын тухай дуулах үед Ариун Сүнс тэдгээрийн үнэнийг гэрчилнэ. Үгс болон аялгуу нь хүүхдүүдийн оюун санаа, зүрх сэтгэлд амьдралынх нь турш үлдэх болно.

Хөгжмөөр дамжуулан сайн мэдээг заахад бэлтгэхдээ Сүнсний тусламжийг эрэлхийл. Дуулж буй үнэнийхээ талаар гэрчлэлээ хуваалц. Хөгжим нь тэдний гэртээ болон Хүүхдийн хэсгийн ангиуддаа суралцаж, олж авч буй туршлагатай хэрхэн уялдан холбогдож байгааг олж харахад хүүхдүүдэд тусал. Таны шаргуу хичээл зүтгэлийн ачаар хүүхдүүд болон тэдний гэр бүл адислагдах болно.

Бид та нарт хайртай бөгөөд эрхэм чухал хүүхдүүдийг маань хамгаалж, хүчирхэгжүүлэхийн тулд чин сэтгэлээсээ үйлчилж байгаад тань талархаж байна.

Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл

Ариун ёслолын цуглаан дээр хийх толилуулгын удирдамж

Ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн хийх толилуулгыг ерөнхийдөө жил бүрийн дөрөвдүгээр улиралд бишопын удирдлаган доор хийдэг. Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн болон хөгжмийн удирдагч Хүүхдийн хэсгийг хариуцдаг бишопын зөвлөхтэй толилуулгын төлөвлөгөөний талаар хэлэлцэхээр жилийн эхэнд уулзалт зохион байгуулдаг. Төлөвлөгөө гаргаж дууссаныхаа дараа тэднээр батлуул.

Толилуулга нь хүүхдүүд гэр бүлийнхнийхээ хамт Мормоны Номоос гэртээ болон Хүүхдийн хэсэгт сурсан зүйлээ, түүнчлэн жилийн турш дуулсан Хүүхдийн хэсгийн дуунуудаа толилуулах боломжийг олгох ёстой. Сайн мэдээний аль зарчим болон дуу тэдний сурсан зүйлсийг дэмжиж байгааг залбирч байгаад эргэцүүлэн бод. Толилуулгад ашиглах зорилгоор жилийн туршид хүүхдүүдийн хэлсэн үг, хувийн туршлагыг тэмдэглэн авч болно. Хүүхдүүдийг толилуулгад судар, түүх, гэрчлэлээ хуваалцахад урь. Толилуулгыг төлөвлөхдөө цугларагчдын анхаарлыг Аврагчид болон Түүний сургаалд төвлөрүүлэхэд туслах арга замын талаар бод.

Цөөн хүүхэдтэй нэгжүүд гэр бүлийнхнийг нь хүүхдүүдтэй хамт оролцуулж болох арга замын талаар бодож болно. Бишопын зөвлөлийн нэг гишүүн товч үг хэлж, цуглааныг хааж болно.

Толилуулгыг бэлтгэх явцдаа дараах удирдамжийг баримтал. Үүнд:

  • Давтлага нь Хүүхдийн хэсгийн ангийн юм уу гэр бүлийн цагаас хэт их цаг авах ёсгүй.

  • Үзүүлэнгийн материал, хувцас өмсгөл, хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэргийг ариун ёслолын цуглаанд ашиглах нь зохисгүй юм.

Гарын авлага 2: Сүмийг удирдах нь, 11.5.4-ийг үзнэ үү.

Дууны цагийн зааварчилгаа

5 минут (Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл): Нээлтийн залбирал хэлэх, судар эсвэл итгэлийн тунхаг унших, нэг хүн үг хэлэх

20 минут (хөгжмийн удирдагч): Дууны цаг

Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл болон хөгжмийн удирдагч сар бүр хүүхдүүдийн ангидаа болон гэртээ суралцаж байгаа зарчмуудыг бататгах дуунуудыг сонгоно. Эдгээр зарчмыг бататгах дуунуудын жагсаалтыг энэхүү удирдамжид хавсаргав. Эдгээр дууг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын тойм хэсэгт санал болгон багтаасан.

Дууг хүүхдүүдэд заахдаа тухайн дуунуудын зааж буй сургаалын зарчим, түүхийн талаар юу сурснаа хуваалцахад тэднийг урь. Та хүүхдүүдийн ангидаа суралцаж байгаа Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлага дээрх хичээлийн тоймыг үзэж болно. Энэ нь танд тэдний суралцаж байгаа түүх, зарчмуудын талаар мэдэж авахад туслах ба тэгснээр та тэднийг суралцахад нь дуу хөгжмөөр хэрхэн дэмжих талаар бодох боломжтой.

Түүнчлэн дууны цагаар та хүүхдүүдийн өмнө сурсан болон дуулах дуртай дуунуудыг дуулуулж болно. Дууг давтан дуулахдаа, дуунуудад гарч буй үнэний талаар бодол санаа, мэдрэмжээ хуваалцахад хүүхдүүдийг урь.

Хүүхдийн дууны ном нь Хүүхдийн хэсгийн дуу хөгжмийн үндсэн эх сурвалж юм. Сүмийн дууллын ном, Найз, Лиахона дээрх дуунууд бас тохиромжтой. Хүүхдүүд зарим үед эх оронч үзэл шингэсэн эсвэл баярын сэдэвтэй, ням гарагт дуулахад болон хүүхдийн насанд тохирсон дуунуудыг дуулж болно. Хүүхдийн хэсэгт ашиглах бусад дуу хөгжимд бишопын зөвлөлийн зөвшөөрөл шаардлагатай (Гарын авлага 2: Сүмийг удирдах нь [2010], 11.2.4-ийг үзнэ үү).

Зураг
Дуулж буй хүүхдүүд

Хүүхдийн хэсгийн тойм

Хүүхдийн хэсэгт долоо хоног бүр дараах зүйлс багтах ёстой.

Дууны цаг25 минут

Ангиуд руугаа явах5 минут

Ангиуддаа хичээллэх20 минут

Олон хүүхэдтэй Хүүхдийн хэсгийн удирдагчид хүүхдүүдийг хоёр бүлэгт хуваан, нэг бүлэг нь ангидаа орж байхад нөгөө бүлгийг дууны цагт оруулж болно. Дараа нь хоёр бүлэг солигдоно. Ийм тохиолдолд Хүүхдийн хэсгийн удирдагчид дээр дурдсан цагийг нөхцөл байдалдаа тохируулан өөрчилж болно.

Дууны цагийн дуу хөгжим

1-р сар

2-р сар

3-р сар

4-р сар

5-р сар

6-р сар

7-р сар

8-р сар

9-р сар

10-р сар

11-р сар

12-р сар

Сургаалыг заахад дуу хөгжим ашиглах нь

Дууны цаг нь хүүхдүүдэд сайн мэдээний үнэнээс суралцахад туслах зорилготой. Дараах санаанууд нь дууллууд болон Хүүхдийн хэсгийн дуунууд дахь сайн мэдээний зарчмуудыг заах арга замуудыг төлөвлөхөд тань туслах болно.

Холбогдох судруудыг унш. Хүүхдийн дууны ном болон дууллын номон дахь олон дуунд холбоотой судруудын эшлэлийг жагсаасан байдаг. Эдгээр хэсгийг уншихад нь хүүхдүүдэд тусалж, уг судрууд дуунуудтай хэрхэн холбогдож байгаа тухай ярилц. Мөн та самбар дээр хэд хэдэн судрын эшлэл бичээд, хүүхдүүдээс эшлэл бүрийг дуутай юм уу дууны бадагтай тохируулахыг хүсэж болно.

Хоосон зайг нөх. Самбар дээр дууны үгийг бичихдээ хэд хэдэн гол үгийг орхин бич. Дараа нь хүүхдүүдээс уг дууг дуулахдаа хоосон зайд тохирох үгсийг анхаарч сонсохыг хүс. Тэднийг хоосон зайг бөглөхөд, дутуу байсан үгсээс сайн мэдээний ямар ямар зарчим мэдэж авсан тухай ярилц.

Сүмийн удирдагчдын хэлсэн үгс. Хүүхдийн хэсгийн дуунуудтай ижил сайн мэдээний зарчим заадаг Сүмийн удирдагчдын үгсийг сонсоход хүүхдүүдийг урь. Өөрсдийн дуулж буй үнэнийг ойлгоход туслах ямар нэгэн зүйлийг сонсох үедээ гараа өргөхийг хүүхдүүдээс хүс. Сонссон зүйлсээ хуваалцахыг тэднээс хүс.

Зураг
Дуулах цагийн удирдагч

Гэрчил. Хүүхдийн хэсгийн дуунууд дээр байдаг сайн мэдээний үнэний тухай гэрчлэлээ хүүхдүүдтэй товчхон хуваалц. Хүүхдүүдэд дуулах нь гэрчлэлээ хуваалцаж, Сүнсийг мэдрэх нэг арга зам гэдгийг ойлгоход нь тусал.

Гэрч болон зогс. Хүүхдүүдийг ээлжлэн босож, дуулж байгаа дуунаасаа юу мэдэж авсныг эсвэл уг дуун дээр гардаг үнэний талаар төрж буй мэдрэмжээ хуваалцахад урь. Уг дууг дуулж байхдаа юу мэдэрч байгааг нь хүүхдүүдээс асууж, Ариун Сүнсний нөлөөг ялган танихад тусал.

Зургуудыг ашигла. Дуунд гарч буй чухал үгс болон хэллэгүүдтэй холбоотой зургийг олох эсвэл бүтээхэд туслахыг тэднээс хүс. Тэднийг зургууд нь тухайн дуутай хэрхэн холбогдож байгаа болон уг дуу юу зааж буйг хуваалцахад урь. Тухайлбал, хэрэв та “The Iron Rod” (Hymns, no. 274) дууг зааж байгаа бол дуунд гардаг чухал үгсийг дүрсэлсэн зургуудыг өрөөнд байрлуулж болно (төмөр бариул, Бурханы үг, хөтлөх, уруу таталт, тэнгэр гэх мэт). Хүүхдүүдээс зургуудыг цуглуулаад, хамт дуугаа дуулахдаа тэдгээр зургийг зөв дарааллаар дээш өргөхийг хүс.

Үзүүлэнтэй хичээл заа. Та дууны тухай ярилцахад урамшуулахын тулд үзүүлэн ашиглаж болно. Жишээ нь, “Итгэл” (Хүүхдийн дууны ном, 50–51) гэдэг дуунд жижигхэн үрийн тухай гардаг. Та хүүхдүүдэд үр харуулаад, бид үр тарихдаа хэрхэн итгэлээ харуулдаг тухай ярилцаж болох бөгөөд энэ нь биднийг энэхүү дуунд дүрсэлсний адилаар Есүс Христэд итгэх итгэлээ харуулдаг арга замуудын тухай ярилцлага руу хөтөлж болох юм.

Хувийн туршлагаа хуваалцахад урь. Хүүхдүүдэд тухайн дуунд зааж байгаа зарчмуудыг тэдгээрийн талаарх өөрсдийн туршлагатай холбоход тусал. Жишээ нь, “Би ариун сүм харах дуртай” (Хүүхдийн дууны ном, 99) дууг дуулахын өмнө ариун сүм харсан хүүхдүүдээс гараа өргөхийг хүс. Дуулж байхдаа, ариун сүм харах үед ямар мэдрэмж төрсөн тухайгаа бодохыг тэднээс хүс.

Aсуулт тавь. Дуунуудыг дуулах үед асууж болох олон асуулт байна. Жишээлбэл, та дууны бадаг бүрээс юу ойлгож авсныг хүүхдүүдээс асууж болно. Мөн тэднээс тухайн дуунд хариулт нь байж болох асуултуудыг бодож олохыг хүсэж болно. Энэ нь дуунд зааж буй үнэний тухай ярилцахад хөтөлж болох юм.

Хариултыг сонс. Хүүхдүүдээс “хэн?” “юу”, “хаана?” “хэзээ?” “яагаад?” гэх мэт асуултын хариултыг олж сонсохыг хүс. Жишээлбэл, “Нифайн зориг” (Хүүхдийн дууны ном, 64–65) гэдэг дуунаас ялтсыг авахыг хэнээс хүссэнийг мөн тэд хаана, хэзээ, хэрхэн, яагаад Их Эзэнийг дуулгавартай дагасныг анхааран сонсож болно. Мөн та хүүхдүүдээс гол үгсийг олж сонсох эсвэл тодорхой нэг үгийг хэдэн удаа давтан дуулж байгаагаа хуруу даран тоолохыг хүсэж болно.

Хүүхдүүдэд Хүүхдийн хэсгийн дуунуудыг сурч, эргэн санахад туслах нь

Хүүхдүүд дууг дахин дахин сонсож мөн дуулснаар сурдаг. Шинээр дуу сурахдаа дууны үгийг дангаар бүү давтан хэл. Үүний оронд дуулж давтах хэрэгтэй. Энэ нь хүүхдүүдэд аяыг үгтэй нь холбогдуулан санахад тусална. Дуу заасныхаа дараа жилийн турш энэ дуугаа олон янзын хөгжилтэй аргаар давт. Дууг сурч, давтахад нь хүүхдүүдэд туслах зарим санааг дурдав.

Үзүүлэн бэлд. Бадаг бүрийн үгийг харуулсан эсвэл үгийг нь төлөөлсөн зурагтай үзүүлэнгүүдийг үзүүл. Хүүхдүүдийг дуулж байхад зарим үг эсвэл зургийг ямар нэг зүйлээр халхал. Үзүүлэнгүйгээр бүтэн бадгийг дуулдаг болтол ийнхүү давт. Түүнчлэн та хүүхдүүдийг үзүүлэн хийхдээ туслуулахаар урьж болно.

Ноотны далайцыг үзүүл. Хүүхдүүдэд дууны аяыг сурахад нь туслахын тулд гараа хэвтээ байрлалд аваад, үгсийг дуулж байх зуур дээд ноотыг дуулахдаа гараа өргөж, доод ноотыг дуулахдаа гараа буулга.

Цуурай. Хүүхдүүдээс таны дуулж байгааг давтан цуурайтуулахыг хүс. Хүүхдүүдэд богино хэсэг эсвэл нэг мөрийг дуулж үзүүлээд, дараа нь тэр хэсгийг хүүхдүүдээр дуулуул.

Өөрчлөлтийг ашиглах. Дууллыг шивнэх, аялах, цохилтыг нь алга ташиж үзүүлэх, хэмнэлийг өөрчлөх, босож, суунгаа дуулах зэрэг янз бүрийн арга замаар дуул. Түүнчлэн цаасаар шоо хийж, тал бүр дээр нь дуулах өөр өөр аргыг бичиж болно. Дууг ямархуу маягаар дуулахыг шийдэхийн тулд нэг хүүхдийг урьж гаргаад, шоог хаяул.

Бүлэг бүлгээр дуул. Анги бүрд эсвэл хүүхэд тус бүрд босоод дуулах нэг мөр оноож өгөөд, дараа нь анги бүр эсвэл хүүхэд тус бүр бүх мөрийг дуултал хоорондоо солилцон дуулахаар зохицуул.

Гарын хөдөлгөөн ашигла. Дууны үгс болон захиасыг санахад туслах энгийн гарын хөдөлгөөн бодож олохыг хүүхдүүдээс хүс. Жишээ нь, “Тэнгэрлэг Эцэг минь надад хайртай” (Хүүхдийн дууны ном, 16–17) дууны хоёрдугаар бадгийг дуулахдаа хүүхдүүдийг нүд рүүгээ зааж, эрвээхэй шиг хөдөлж, гараа аяга хэлбэртэй болгон чихнийхээ ард барихыг хүс. Тэднээс “Бурхан надад хайртайг би мэднэ” гэж дуулахдаа зүрхэн дээрээ гараа тавихыг хүс.

Охид, хөвгүүд ээлжилж дуулна. Эрэгтэй, эмэгтэй хүүхдийн зураг зураад, тус тусад нь савхан дээр наа. Дуугаа давтаж байхдаа дууны аль хэсгийг нь хэн дуулахыг үзүүлж, зургаа өргө.

Сагс руу шид. Тодорхой нэг дууны бадгийн тоогоор дугаартай сагс эсвэл савнуудыг өрөөний урд хэсэгт тавь. Нэг хүүхдийг урьж гаргаад, шошоор дүүргэсэн жижиг уут эсвэл базаж бөөрөнхийлсөн цаасыг дугаартай сав руу эсвэл савны ойролцоо шидэхийг хүс. Саван дээрх дугаарын дагуу дууны бадгийг хүүхдүүдээр дуулуул.

Зургийг дууны үгтэй тохируул. Дууны мөр тус бүрийг өөр өөр цаасан дээр бичээд, мөр тус бүрийг тодорхойлсон зургийг ол. Зургуудыг өрөөний нэг талд, харин цааснуудыг өрөөний нөгөө талд байрлуул. Дууг дуулж, зургуудыг цаастай тохируулахыг хүүхдүүдээс хүс.

Тайлбар: Тойрог, бишопын зөвлөл гэдэгт салбар, салбарын ерөнхийлөгчийн зөвлөлийг мөн хамааруулж ойлгоно.