2022
Хожмын үеийн эрэлхэг шавь байх
2022 оны 5-р сар


Хожмын үеийн эрэлхэг шавь байх

Энэхүү эцсийн өдрүүдэд Их Эзэний гэрлийг өргөхдөө өөртөө итгэлтэй байж, уучлал гуйсан байдалтай биш, эрэлхэг, зоригтой, итгэлтэй, айдасгүй байцгаая.

Ёс суртахууны сонгох эрх бол Бурханы хүүхдүүддээ өгсөн нандин бэлэг юм.1 Бид “бүх хүмүүний агуу их Зуучаар дамжуулан, эрх чөлөөг болон мөнх амьдралыг сонгох эсвэл чөтгөрийн хүч мөн боолчлолын дагуу боолчлол болон үхлийг сонгох эрхтэй.”2 Бурхан биднийг сайныг үйлдэхэд хүчлэхгүй, чөтгөр ч биднийг мууг үйлдэхэд хүчилж чадахгүй.3 Хэдийгээр зарим хүн мөнх бус байдлыг Бурхан, дайсан хоёрын хоорондох тэмцэл гэж бодож болох ч Аврагчийн ганц үгэнд “Сатан дуугүй болж, хөөгдсөн. … Бурханы бус, харин [бидний] хүч чадал соригдож байна.”4

Эцэст нь бид амьдралынхаа туршид сонгох эрхээ ашиглан юу тарина түүнчлэн хурааж авах болно.5 Тэгвэл бидний бодол, хүсэл, үг, үйлсийн нийлбэр Аврагчийг, Түүний сонгосон үйлчлэгчдийг мөн Түүний сэргээгдсэн Сүмийг хайрлах бидний хайрын талаар юу илэрхийлж байна вэ? Бидний хувьд баптисм, санваар, ариун сүмийн гэрээнүүд маань дэлхийн магтаал эсвэл олон нийтийн сүлжээн дээрх “лайк”-ын тооноос илүү ач холбогдолтой юу? Их Эзэнийг болон Түүний зарлигуудыг хайрлах бидний хайр энэ амьдрал дахь юу юунаас эсвэл хэн нэгнийг хайрлахаас илүү хүчтэй юү?

Дайсан болон түүний дагалдагчид үргэлж Христийн төдийгүй Түүний бошиглогчдын ажлыг устгахыг эрэлхийлсээр ирсэн. Өнөөгийн дэлхийд олон хүн Аврагчийн зарлигуудыг бүхэлд нь үл тоомсорлохгүй юмаа гэхэд эдгээрийг утга учиргүй зүйлс хэмээн логик шалтгаанаар тайлбарлах гэж оролддог. “Тохирохгүй” үнэнийг заадаг Бурханы элч нарыг ихэнхдээ анзаардаггүй. Аврагчийг хүртэл олон нийтийн сэтгэл санааг үймүүлж, хагалан бутаргасан хэмээн буруутгаж, “ховдог, архичин”6 гэж цоллож байсан. Сул дорой, зальтай сүнснүүд Түүнийг “хэлсэн үгэнд нь яаж унагахаа хамтдаа зөвлөлдөж,”7 Христэд итгэгчдийн эртний “бүлэглэл” Түүнийг “хаа сайгүй л … эсэргүүцэн ярьдаг”8 байв.

Аврагч анхны дагалдагчдынхаа хамт гадна, дотны ноцтой эсэргүүцэлтэй тулгарч байсан бөгөөд бидэнд ч мөн адил тийм зүйлс тохиолддог. Өнөөдөр дэлхийн хүмүүсийн доромжлолыг шууд болон онлайнаар хүлээн авалгүй итгэлийнхээ дагуу зоригтой амьдрах бараг л боломжгүй байна. Аврагчийг итгэлтэй дагах нь адислал авчирдаг ч заримдаа бид Бурхан биднийг маш их хайрладаг учраас бяцхан нүглийг зөвтгөх болно гэсэн хуурамч гүн ухаанаар Христэд итгэх итгэл, дуулгавартай байдал, наманчлалыг сольсон, “ид, уу, мөн баяс”9 гэж ухуулдаг хүмүүсийн шүүмжлэлд өртөж магадгүй юм.

“[Түүний] дуу хоолой байна уу, эсвэл [Түүний] үйлчлэгчдийн дуу хоолой байна уу”10 Аврагч бидний өдрүүдийн талаар “цаг нь ирэхэд хүмүүс эрүүл сургаалыг тэвчихгүй болж, харин хүслийнхээ дагуу, … багш нарыг өөрсдөдөө цуглуулах бөгөөд” олон хүний “чих нь үнэнээс эргэж, үлгэр домгуудад хандах болно”11 хэмээн хэлээгүй гэж үү? Тэрээр “тэд хүний тушаалыг сургаал мэт зааж, харин Надад дэмий мөргөдөг”12 хэмээн гашуудаагүй гэж үү? Мөн Тэрээр “та нарын дундаас ч дагалдагчдыг өөрсдөдөө татах гажууд зүйлсийг заах хүмүүс гарч ирнэ”13 хэмээн сэрэмжлүүлээгүй гэж үү? “Мууг сайн, сайныг муу гэж [нэрлэнэ]”14 гэдгийг мөн “хүний дайсан нь гэр бүлийнхэн нь болно”15 гэж Тэр бошиглоогүй гэж үү?

Тэгвэл бид яах вэ? Бид айх эсвэл эмээх ёстой юу? Эсвэл бид шашин шүтлэгээ далдын далд нууж амьдрах ёстой юу? Мэдээж, үгүй. Христэд итгэх итгэлээрээ бид хүнд зэмлүүлэх вий гэхээс эмээх эсвэл тэдний доромжлохоос16 айх шаардлагагүй болдог. Аврагч биднийг тэргүүлж, амьд бошиглогчид биднийг удирдан, чиглүүлж байхад “хэн биднийг эсэргүүцэх вэ?”17 Энэхүү эцсийн өдрүүдэд Их Эзэний гэрлийг өргөхдөө өөртөө итгэлтэй байж, уучлал гуйсан байдалтай биш, эрэлхэг, зоригтой, итгэлтэй, айдасгүй байцгаая.18

Аврагч “Намайг хүмүүсийн өмнө хүлээн зөвшөөрсөн хүн бүрийг Би тэнгэр дэх Эцэгийнхээ өмнө … хүлээн зөвшөөрнө. Харин хүмүүсийн өмнө Намайг үгүйсгэсэн хэнийг ч болов Би Эцэгийнхээ өмнө үгүйсгэнэ” хэмээн тодорхой хэлсэн.19

Зарим хүн зарлиг буулгадаггүй Бурханыг илүүд үздэг ч ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлснээр “юу ч хийхийг шаарддаггүй Бурхан нь оршдоггүй Бурхантай адил”20 гэдгийг зоригтой гэрчилцгээе.

Зарим хүн дагах зарлигаа сонгож дагахыг илүүд үздэг ч бүгдээрээ “Бурханы амнаас урагш гарах үг бүрээр амьдар21 гэсэн Аврагчийн урилгыг баяр хөөртэй хүлээн зөвшөөрцгөөе.

Олон хүн “[бидний] зүрх сэтгэлийн хүссэн юуг ч болов”22 хийхийг Их Эзэн, Түүний Сүм зөвшөөрдөг гэдэгт итгэдэг ч “ёрын муу үйлдэлд олныг дагалд[ах]”23 нь буруу гэдгийг зоригтой тунхаглацгаая. Учир нь “Бурханы буруу гэж тунхагласан зүйлийг олон түмэн зөв болгох боломжгүй”24 юм.

“Бурханы зарлигууд ямар чанд болохыг [мөн чөлөөлдгийг] … санагтун, санагтун.”25 Зарлигуудыг тодорхой заах нь заримдаа тэвчээр алдмаар санагдаж болох юм. Тиймээс биднээс өөр итгэл үнэмшилтэй Бурханы хүүхдийг хайрлах нь боломжтой төдийгүй зайлшгүй чухал гэдгийг хүндэтгэлтэйгээр харуулцгаая.

Их Эзэний таалалд нийцэхгүй итгэл, мөн үйлдлийг сайшаан дэмжилгүйгээр бид бусдыг хүлээн зөвшөөрч, хүндэлж чадна. Нийцтэй байдал, нийгмийн тааллын тахилын ширээн дээр үнэнийг золиослох хэрэггүй.

Сион, Вавилон хоёр хоорондоо таарахгүй. “Нэг ч хүн хоёр эзэнд зэрэг үйлчилж чадахгүй.”26 Аврагчийн “Та нар Намайг “Эзэн, Эзэн” гэж дууддаг хэрнээ юунд хэлсний минь дагуу үйлддэггүй юм бэ?” 27 гэсэн гүн гүнзгий асуултыг бүгдээрээ санацгаая.

Үнэн сэтгэлээсээ өөрсдийн хүслээр дуулгавартай байж, Их Эзэнийг хайрладаг гэдгээ харуулцгаая.

Хэрэв танд шавийн болон дэлхийн амьдралын хооронд гацсан мэт санагдаж байвал, хайраар дүүрэн Аврагч урилга илгээн, нигүүлслийн мутраа та нарын зүг сунгаж, “Наманчлагтун, мөн би та нарыг хүлээн авах болно”28 хэмээн хэлснийг санаарай.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Есүс Христ гайхамшигт үйлсийнхээ заримыг одоо төдийгүй Өөрөө дахин ирэх хүртлээ үйлдэх болно”29 мөн “Их Эзэний замыг сонгосон хүмүүс хавчлагыг тэвчих болно”30 гэж сургасан. “Түүний нэрийн төлөө доромжлогдон зовох нь”31 заримдаа “Түүний дуу хоолойг бусдаас чухалд тавихыг хүлээн зөвшөөрөх”32-ийн тулд бидний хийх ёстой зүйл байж магадгүй.

“Надаас болж үл бүдрэгч нь ерөөлтэй”33 хэмээн Аврагч айлджээ. Мөн бид “Таны хуулийг хайрлагчид агуу амар амгалан байдаг бөгөөд тэднийг бүдрүүлэх зүйл ч байдаггүй34 гэдгийг мэдэж авдаг. Тийм юу ч байдаггүй! Тиймээс өөрсдөөсөө “би түр зуур тэвчиж байна уу? Үгээс болж зовлон эсвэл хавчлага тохиолдоход бүдрэн унах уу?35 Би Есүс Христ, Түүний үйлчлэгчид дээр бат бөх суурилсан уу?” хэмээн асууцгаая.

Ёс суртахууны харьцангуй үзэлтнүүд үнэнийг ердөө л нийгмийг бүтээдэг зүйл бөгөөд ёс суртахууны хөдөлшгүй байдал гэж байдаггүй хэмээн ухуулдаг. Тэд түүнчлэн нүгэл гэж үгүй36 мөн “хүмүүний хийсэн юу боловч гэмт хэрэг бус”37 гэж хэлдэг бөгөөд зохиосон дайсан нь энэ ойлголтоо бахархалтайяа зарлаж байна! Тиймээс “[өөрсдийн] зан төлөвийн доголдлыг далдлахын тулд оюуны нөөцөө [ихэвчлэн ашигладаг]” 38 мөн бусдыг үргэлж элсүүлдэг хонины арьс нөмөрсөн чононуудаас болгоомжилцгооё.

Хэрэв бид үнэхээр Христийн эрэлхэг шавь байхыг хүсвэл, арга замаа олно. Үгүй бол дайсан сэтгэл татам өөр зүйлсийг гаргаж ирэх болно. Харин бид үнэнч шавийнхаа хувьд “итгэл үнэмшлийнхээ төлөө уучлал гуйх, үнэн гэж мэддэг зүйлээсээ ухрах хэрэггүй”39

Эцэст нь, миний ард сууж буй Бурханы 15 үйлчлэгчийн тухай нэг зүйл хэлье. Дэлхий үзмэрчдэд “Бүү үз,” Эш үзүүлэгчдэд “… бүү эш үзүүл”40 гэж хэлдэг бол итгэлтэй тэд “дээрээс ирэх адислалуудаар, тийм ээ, цөөн бус зарлигуудаар, мөн тохирох цагт өгөгдөх илчлэлтүүдээр титэм өмсгөгдөх болно”41 гэж хэлдэг.

Энэ хүмүүс бошиглогчдын тунхагласнаар, Бурханы үгэнд сэтгэл дундуур явдаг хүмүүсийг чиглүүлэх гэрэл болдог нь гайхмаар зүйл биш юм. Бошиглогчдыг үгүйсгэдэг тэдгээр хүн “бичвэрийн нэг ч эш үзүүллэг эш үзүүлэгчийн өөрийнх нь тайлбараар” эсвэл хүний хүслийн дагуу ирээгүй гэдгийг “харин Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс Бурханаас [одоо ярьдаг]42 гэдгийг ухаардаггүй.

Паулын нэгэн адил Бурханы энэ хүмүүс “Эзэний гэрчлэлээс ч, Түүний хоригдл[уудаас] ч … ич[дэггүй]” 43 бөгөөд тэдний зааж буй сургаал тэднийх биш, харин тэднийг дуудсан Бурханы сургаал юм. Петр шиг “[тэд] үзсэн, сонссоноо ярихаа зогсоож чадахгүй.”44 Би Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулга Бурханыг болон Түүний хүүхдүүдийг хайрладаг бөгөөд тэд бол Түүний хайрласан, шударга, сайн эрчүүд гэдгийг гэрчилж байна. Тэдний үгийг бид Их Эзэний амнаас гарсан мэтээр “бүхий л тэвчээр хийгээд итгэлд” хүлээн авах ёстой. Ийн үйлдсэнээр “тамын үүд [биднийг] дийлэх нь үгүй; … мөн Их Эзэн Бурхан харанхуйн хүчийг [бидний] өмнөөс сарниул[ах болно].”45

“Ямар ч цэвэр бус гар уг ажил урагшлахыг зогсоож чадахгүй”46 бөгөөд юунаас ч үл хамааран ялалтаар урагшлах болно. Тиймээс “хэнд нь үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрөө сонго.”47 Агуу хийгээд нүсэр барилгаас гарч буй дайсагнасан чанга дуу чимээнд бүү хуурт, бүү ай. Тэдний цөхрөнгөө барсан орилоон чарлаан шархалсан зүрх, гэмшсэн сүнснүүдэд үзүүлэх намуухан, хүнгэнэх дуу хоолойны тайвшруулах нөлөөг гүйцэх нь үгүй.

Христ амьд, Тэр бол бидний Аврагч мөн Гэтэлгэгч, Тэрээр Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгаар дамжуулан Өөрийн Сүмийг удирдан чиглүүлдэг бөгөөд ингэснээр бид “энд тэнд шидэгдэн, аливаа номлолын салхинд туугдахгүй”48 гэдгийг би гэрчилж байна.

“Есүс Христийн жинхэнэ шавь нар босож зогсоод, бодлоо хэлэн, дэлхийн хүмүүсээс өөр байхад бэлэн байдаг. Тэд мохошгүй, үнэнч, эр зоригтой хүмүүс байдаг”49 хэмээн ерөнхийлөгч Нэлсон заасан.

Ах, эгч нар аа, өнөөдөр бол сайн байхад тохирсон сайхан өдөр байна! Есүс Христийн ариун нэрээр, амен.