2022
Сэтгэлийнхээ угаас
2022 оны 5-р сар


Сэтгэлийнхээ угаас

Хэрэв бид Аврагч биднийг дээшээ тэнгэр өөд аваачаасай гэж хүсэж байгаа бол Түүнд болон Түүний сайн мэдээнд үнэнч байх амлалтдаа хөнгөн хуумгай, хааш яаш хандаж болохгүй гэсэн үг юм.

Түүнд өгөх өргөл

Есүс Христ бидний төлөө амиа өгөхөөсөө хэдхэн хоногийн өмнө Иерусалим дахь ариун сүмд хүмүүсийн ариун сүмийн эрдэнэсийн санд хандив өргөхийг харж байв. “Олон баячуул ихийг хийж бай[сан]” ч нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэй ирж, “хоёр жижиг зэс зоос хийжээ.” Энэ нь маш бага мөнгө байсан тул бараг бичиж тэмдэглэх ч хэрэггүй байв.

Зураг
Хоёр зоос өгч буй бэлэвсэн эмэгтэй

Гэсэн ч энэхүү шалихгүй мэт хандив Аврагчийн анхаарлыг татсан юм. Үнэндээ энэ явдал Түүний сэтгэл зүрхийг ихэд хөндсөн тул “Есүс шавь нараа дуудаад —Үнэнээр Би та нарт хэлье. Ядуу бэлэвсэн энэ эмэгтэй эрдэнэсийн санд өгсөн бүх хүнээс ихийг өглөө.

Учир нь бүгд илүүдлээсээ хийсэн атал энэ эмэгтэй ядуу хэрнээ өөрт байсан бүгдээ, амь зуулгадаа хэрэгтэй байсан бүхнээ өглөө гэв.”1

Аврагч энэхүү энгийн зүйлийг ажигласнаар Түүний хаант улсад өргөлийг хэрхэн хэмждэгийг заасан бөгөөд энэ нь гол төлөв бидний аливаа зүйлийг хэмждэг арга барилаас нэлээд өөр юм. Их Эзэний хувьд хандивын үнэ цэнийг сан хөмрөгт үзүүлсэн нөлөөгөөр бус, харин хандивлагчийн зүрх сэтгэлд үзүүлсэн нөлөөгөөр хэмждэг.

Аврагч энэ үнэнч бэлэвсэн эмэгтэйг магтсанаар, бидэнд шавь гэдгээ илэрхийлдэг олон арга замыг хэмжих жишгийг тогтоож өгсөн. Есүс бидний өргөл их эсвэл бага байж болох ч, ямар ч байсан энэ нь бидний бүх сэтгэлийн угаас гарсан байх ёстой гэж заасан.

Энэ зарчмыг Мормоны Номын бошиглогч Амаликайн “Мөн эдүгээ, хайрт ах дүүс минь, та нарыг Израилын Ариун Нэгэн болох Христэд ирж, мөн түүний авралаас мөн түүний гэтэлгэлийн хүчнээс хүртээсэй хэмээнэ би. Тийм ээ, түүнд ирэгтүн, мөн өөрийн бүхэл бодгалийг түүнд өргөл болгон өгөгтүн”2 хэмээх гуйлтаас сонсож болно.

Гэхдээ хэрхэн ийн өгч болох вэ? Бидний олонхын хувьд, бүх бодгалиа зориулах энэхүү жишгийг дагах боломжгүй мэт санагддаг. Бидэнд аль хэдийн анхаарлаа хандуулах хэрэгтэй, хүчин чармайлт гарган ажиллах ёстой маш олон зүйл байна. Бид амьдралын олон хэрэгцээ шаардлагаа бүх бодгалиа Их Эзэнд зориулах хүсэлтэйгээ хэрхэн тэнцвэртэй авч явж болох вэ?

Тэнцвэртэй байлгах гэдгийг олон чухал ашиг сонирхлынхоо дунд цаг заваа эн тэнцүү хуваах явдал гэж боддогт бидний асуудал оршиж байж болох юм. Энэ өнцгөөс харах юм бол, Есүс Христэд үнэнч байх амлалт нь зай завсаргүй цагийн хуваарьтаа багтааж оруулах хэрэгтэй олон зүйлийн нэг нь болох юм. Гэхдээ үүнийг өөр өнцгөөс харж болно.

Тэнцвэрээ олох: Унадаг дугуй унахтай адил

Би эхнэр Харриэттайгаа дугуй унах дуртай. Энэ нь хамтдаа цагийг өнгөрүүлэхийн зэрэгцээ дасгал хөдөлгөөн хийх гайхалтай арга зам юм. Дугуй унаж байхдаа би учиргүй их аахилж уухилаагүй л бол эргэн тойрныхоо үзэсгэлэнт байгаль дэлхийгээс таашаал авч, сайхан яриа өрнүүлж чаддаг. Бид дугуй унахдаа тэнцвэрээ олох тал дээр тэгтлээ их анхаараад байдаггүй. Унадаг дугуйг олон жил хангалттай унасан тул бид энэ талаар огтхон ч боддоггүй төдийгүй бидний хувьд амьсгалахтай л адил ердийн зүйл болсон.

Гэхдээ хэн нэгнийг анх дугуй унаж сурч байгааг харах бүрдээ би энэ хоёр нарийхан дугуйн дээр өөрийгөө тэнцвэртэй авч явна гэдэг амаргүй зүйл гэдгийг санадаг. Үүнд цаг хугацаа зарцуулах хэрэгтэй болдог. Дадлага сургуулилтаас гадна тэсвэр тэвчээр шаардлагатай. Тэр ч бүү хэл ганц хоёр удаа унах тал ч бий.

Хамгийн чухал нь, унадаг дугуйн дээр тэнцвэрээ олж чадсан хүмүүс дараах чухал мэдлэгийг олж авдаг. Тухайлбал:

Доошоо бүү хар.

Урагшаа хар.

Урдах замаасаа хараагаа бүү салга. Зорьсон газартаа анхаарлаа хандуул. Дөрөөгөө жий. Урагш явж байж л тэнцвэрээ хадгалж чадна.

Есүс Христийн шавийн хувьд амьдралаа тэнцвэртэй авч явахад үүнтэй адил зарчмыг мөрдөнө. Олон чухал ажил үүрэгтээ цаг зав, эрч хүчээ хуваарилах нь хүн бүрд мөн амьдралын нэг цаг үеэс өөр нэг цаг үед ч өөр өөр байх болно. Гэвч бидний нийтлэг, ерөнхий зорилго бол бидний Эзэн Есүс Христийн замыг дагаж, Тэнгэр дэх хайрт Эцэгийнхээ оршихуйд эргэн очих явдал юм. Бид хэн ч байсан, амьдралд маань юу ч тохиолдсон гэсэн энэ зорилго хувиршгүй бөгөөд өөрчлөгдөшгүй хэвээр үлдэх ёстой.3

Хөөрөх: Нисэх онгоцтой адил дүүлэн нисэх

Тэгэхлээр, дугуй унах дуртай хүмүүсийн хувьд шавь байхыг дугуй унахтай харьцуулах нь тустай зүйрлэл байж болох юм. Дугуй унах дургүй хүмүүс санаа зовох хэрэггүй. Надад эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхэд бүр ойлгох боломжтой өөр зүйрлэл бий.

Шавь байхыг амьдралын ихэнх зүйлийн нэгэн адил онгоц жолоодохтой адилтгаж болно.

Та зорчигчийн асар том тийрэлтэт онгоц газраас хөөрч агаарт нисдэг нь ямар гайхалтай зүйл болохыг түр амсхийн бодож байсан уу? Юу энэхүү нисдэг онгоцыг тэнгэр өөд эрхэмсгээр дүүлэн нисэж, тив, далайг алгасахад нөлөөлдөг вэ?

Энгийнээр хэлбэл, далавчийнх нь дээгүүр агаар урсан өнгөрч байж л онгоц нисдэг. Энэ хөдөлгөөн нь онгоцонд хөөрөх боломж олгодог агаарын даралтын зөрүүг бий болгодог. Хөөрөхөд хангалттай агаарын урсгалыг далавчнуудын дээгүүр хэрхэн үүсгэж болох вэ? Хариулт нь урагш хөдлөх явдал юм.

Онгоц нисэх зурвас дээр зогсож байхдаа дээш хөөрдөггүй. Салхитай өдөр ч гэсэн онгоц хойш нь барьж буй хүчийг сөрөх хангалттай тийрэлт өгч урагш хөдлөхгүй л бол хангалттай хөөрөлт үүсдэггүй.

Урагшлах тэр явц унадаг дугуйг тэнцвэртэй, цэх байлгадагтай адил урагшлах нь нисэх онгоцыг татах таталцлын хүчнээс салахад тусалдаг.

Энэ нь Есүс Христийн шавь болох бидний хувьд ямар утгатай вэ? Энэ нь хэрэв бид амьдралаа тэнцвэртэй авч явахыг мөн Аврагч биднийг дээшээ тэнгэр өөд аваачаасай гэж хүсэж байгаа бол Түүнд болон Түүний сайн мэдээнд үнэнч байх амлалтдаа хөнгөн хуумгай, хааш яаш хандаж болохгүй гэсэн үг юм. Иерусалим дахь бэлэвсэн эмэгтэйн адил бид Түүнд бүх бодгалиа өгөх ёстой. Бидний өргөл өчүүхэн жижиг байж болох ч зүрх сэтгэл, бодгалиас маань гарах ёстой.

Есүс Христийн шавь байх нь бидний зүгээр л хийдэг олон зүйлийн нэг нь биш юм. Аврагч бол бидний хийдэг бүх зүйлийн цаана түлхэц болж өгдөг хүч юм. Тэр бол бидний аялах замдаа саатан амардаг зогсоол биш. Тэр мөн байгалийн үзэсгэлэнт зам харгуй, томоохон дурсгалт газар ч биш юм. Тэрээр “зам, үнэн, амь” бөгөөд “хэн ч [Есүс Христээр] дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.”4 Энэ бол Зам бөгөөд бидний эцсийн хүрэх газар юм.

Бид “найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүл[снээр]”5 тэнцвэрээ олж, дээш хөөрдөг.

Золиослох ба бүхнээ зориулах

Тэгвэл бид амьдралыг маань завгүй болгодог олон ажил, үүрэг хариуцлагаа яах болж байна вэ? Хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлж, сургуульд явах эсвэл ямар нэгэн ажилд ороход бэлдэх, амьдралаа залгуулах мөнгө төгрөг олох, гэр бүлээ халамжлах, олон нийтэд үйлчлэх гэх мэт энэ бүх ажлыг яаж багтаах вэ? Аврагч биднийг ийн тайтгаруулсан:

“Учир нь тэнгэрлэг Эцэг тань та нарт эдгээр бүх зүйл хэрэгтэйг мэддэг.

Харин та нар эхлээд Бурханы хаант улсыг мөн түүний зөв шударгыг эрэлхийл, мөн эдгээр бүх зүйл та нарт нэмэгдэн өгөгдөх болно.”6

Гэхдээ энэ нь амархан байна гэсэн үг биш юм.7 Үүнд золиослох, бүхнээ зориулахын аль аль нь шаардагдана.

Энэ нь зарим зүйлээ орхиж, зарим зүйлээ хөгжүүлэхийг шаарддаг.

Золиослох, бүхнээ зориулах гэдэг нь дуулгавартай дагана хэмээн ариун сүмд гэрээлдэг тэнгэрлэг хоёр хууль юм. Энэ хоёр хууль ижил төстэй боловч хоорондоо адилгүй. Золиослох гэдэг нь илүү үнэ цэнтэй зүйлийн төлөө ямар нэг зүйлээ орхих гэсэн үг юм. Эрт дээр үед Бурханы хүмүүс удахгүй ирэх Мессиаг хүндлэн сүргийнхээ ууган төлийг тахил болгон өргөдөг байв. Түүхийн туршид итгэлтэй гэгээнтнүүд Аврагчийн төлөө өөрсдийн хүсэл эрмэлзэл, тав тухтай орчин, тэр ч байтугай амиа золиосолсон байдаг.

Бид бүхэнд Есүс Христийг илүү бүрэн дүүрэн дагахын тулд золиослох хэрэгтэй том, жижиг олон зүйл бий.8 Бидний золиос юуг үнэхээр эрхэмлэдгийг маань харуулдаг. Золиос нь ариун нандин бөгөөд Их Эзэн үүнийг сайшаан хүлээн авдаг.9

Бүхнээ зориулах нь дор хаяж нэг чухал талаараа золиосноос ялгаатай. Бид ямар нэг зүйлд бүхнээ зориулахдаа үүнийгээ тахилын ширээн дээр шатаж дуусгахаар үлдээдэггүй. Оронд нь бид үүнийг Их Эзэнд үйлчлэхэд ашигладаг. Бид үүнийг Түүнд болон Түүний ариун зорилгод зориулдаг.10 Бид бас Их Эзэний өгсөн авьяас чадварыг аваад, Их Эзэний хаант улсыг байгуулахад илүү их тус нэмэр болохын тулд тэдгээрийг хэд дахин хөгжүүлэхийг хичээдэг.11

Бидний дундаас өдрийн од шиг хэдхэн хүнээс Аврагчийн төлөө амиа золиослохыг хүссэн. Гэхдээ бид бүх хүнийг амьдралаа Түүнд бүхэлд нь зориулахад урьдаг.

Нэг ажил, нэг баяр баясгалан, нэг зорилго

Биднийг амьдралаа ариусгаж, санаа бодол бүрдээ Христ рүү харахыг эрэлхийлэх үед12 бусад нь бүгд болж бүтэж эхэлдэг. Амьдрал барьцгүй зүйлд баригдсан, өөр хоорондоо уялдаа холбоогүй ажил үүргийн урт жагсаалт байхаа болино.

Цаг хугацаа өнгөрөх тусам энэ бүхэн нэг ажил,

нэг баяр баясгалан,

нэг ариун зорилго болдог.

Энэ бол Бурханыг хайрлаж, Түүнд үйлчлэх, мөн Бурханы хүүхдүүдийг хайрлаж, тэдэнд үйлчлэх ажил юм.13

Бид амьдралаа бас хийх ёстой хэдэн зуун ажлаа хараад сэтгэлээр унадаг. Харин бид нэг зүйлийг буюу Бурханыг болон Түүний хүүхдүүдийг олон зуун арга замаар хайрлаж, тэдэнд үйлчлэхийг зорьсноор тэдгээрт баяр баясгалантай ажиллаж чадна.

Ийнхүү биднийг хойш татаж буй аливаа зүйлийг золиосолж, үлдсэнийг нь Их Эзэнд болон Түүний зорилгын төлөө зориулснаар бид бүх бодгалиа өргөдөг.

Урмын үг ба гэрчлэл

Хайрт ах, эгч нар минь, хайрт найзууд минь, илүү ихийг хийж чадсан ч болоосой гэж бодох үе та бүхэнд тохиолдоно. Таны Тэнгэр дэх хайрт Эцэг зүрх сэтгэлийг тань мэддэг. Зүрх сэтгэлийнхээ бүх хүслийг биелүүлж чадахгүй гэдгийг тань Тэр мэднэ. Гэхдээ та нар Бурханыг хайрлаж, Түүнд үйлчилж, мөн бүхий л чадлаараа Түүний зарлигуудыг сахихыг хичээж чадна. Та нар Түүний хүүхдүүдийг хайрлаж, тэдэнд үйлчилж чадна. Түүнчлэн та нарын хичээл зүтгэл зүрх сэтгэлийг тань ариусгаж, гайхамшигт ирээдүйд бэлдэж байна.

Ариун сүмийн эрдэнэсийн сангийн дэргэд зогсож байсан бэлэвсэн эмэгтэй үүнийг ойлгодог байсан бололтой. Түүний өргөл Израилын хувь заяаг өөрчлөхгүй ч бага ч болов өөртөө байсан бүхнийг өргөсөн болохоор өөрийг нь өөрчилнө мөн адисална гэдгийг тэр эмэгтэй гарцаагүй мэддэг байж.

Тиймээс, хайрт найз нөхөд, Есүс Христийн шавь нар аа, бүгдээрээ “сайныг үйлдэхэд шантрамтгай бүү бай,” учир нь бид “агуу ажлын суурийг тавьж байна.” Мөн “агуу болох тэрхүү зүйл”14 бидний өчүүхэн жижиг зүйлээс урган гарч ирэх болно.

Би энэ нь үнэн гэдгийг, түүнчлэн Есүс Христ бол бидний Эзэн, Гэтэлгэгч бөгөөд Тэнгэр дэх хайрт Эцэг рүүгээ буцах цорын ганц Зам гэдгийг гэрчилж байна. Есүс Христийн ариун нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Марк 12:41–44

  2. Oмнаи 1:26

  3. Бид хүүхэд, өсвөр үеийнхнийгээ бага залуудаа “мэргэн ухаан, бие бялдраа өсгөж, Бурханы болон хүмүүсийн таалал[д]” (Лук 2:52) нийцэн, тэнцвэртэй арга замаар өсөж хөгжин, Есүс Христийг дагахыг урьдаг.

  4. Иохан 14:6

  5. 2 Нифай 31:20

  6. 3 Нифай 13:32–33-ыг мөн Матай 6:32–33-ыг үзнэ үү. Иосеф Смитийн Орчуулга дахь Матай 6:38 нь “Энэ дэлхийн зүйлүүдийг бүү эрэлхийл, гагцхүү эхлээд Бурханы хаанчлалыг барьж байгуулан, Түүний зөв шударгыг тогтоохыг эрэлхийл” гэсэн нэмэлт ойлголтыг өгсөн байдаг (Матай 6:33, зүүлт тайлбар a).

  7. Бидний бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны жишээг энд эш татсан болно. Түүнийг зүрхний мэс засалчийн карьер нь оргилдоо хүрэх үед гадасны ерөнхийлөгчөөр дууджээ. Ахлагч Спэнсэр В.Кимбалл, Лэгранд Ричардс хоёр түүнд дуудлагыг нь өгчээ. Ажил мэргэжлийнх нь шаардлагыг ойлгож байсан тул тэд түүнд “Хэрэв чи ямар ч завгүй бөгөөд энэ дуудлагыг хүлээн авах боломжгүй гэж бодож байвал ийм шийдвэр гаргах эрхтэй” гэв. Харин тэр дуудагдах л юм бол үйлчлэх үү үгүй юү гэсэн шийдвэрээ аль эрт буюу эхнэртэйгээ хамт Их Эзэнтэй ариун сүмийн гэрээнд орохдоо гаргасан гэж хариулжээ. Тэрээр “Их Эзэн амласнаараа үүнээс өөр бүх зүйлийг бидэнд нэмж өгнө гэдэгт итгэж байсан тул яг тэр агшинд бид ‘эхлээд Бурханы хаанчлал болон зөвт байдлыг эрэлхийлэх[ээ]’ [Матай 6:33] амласан” гэж хэлсэн юм (Russell Marion Nelson, From Heart to Heart: An Autobiography [1979], 114).

  8. Ерөнхийлөгч Нэлсон саяхан “хүн бүр Аврагчийн тусламжтайгаар өөрсдийн амьдрал дахь тээглэх чулууг авч хаях хэрэгтэй” байгаа талаар дурдаад, “улам зөв зохистой болохын тулд амьдралаасаа авч хаях хэрэгтэй тээглэх чулууг олж тогтоохын төлөө залбирахад би та нарыг урьж байна” хэмээжээ (“Нээлтийн захиас,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 3).

  9. Сударт Бурханы хувьд бидний золиос бидний ололт амжилтаас илүү ариун нандин байх болно хэмээн хэлсэн байдаг (Сургаал ба Гэрээ 117:13-ыг үзнэ үү). Энэ шалтгаанаар Их Эзэн бэлэвсэн эмэгтэйн зоосыг баячуудын өргөлөөс илүү ихээр үнэлсэн байж болох юм. Бэлэвсэн эмэгтэйн өгсөн зүйл золиос байсан ба энэ нь өгч байгаа хүнээ ариусгах нөлөөтэй. Харин баячууд мөнгөн дүнгээр ихийг өгсөн байж болох ч тэдгээр нь золиос байгаагүй ба өгөгч хүн нь өөрчлөгдөлгүй үлддэг байна.

  10. Бидний дундаас өдрийн од шиг хэдхэн хүнээс Аврагчийн төлөө амиа золиослохыг хүсдэг. Гэхдээ бид бүх хүнийг амьдралаа Түүнд бүхэлд нь зориулахад урьдаг.

  11. Матай 25:14–30-ийг үзнэ үү.

  12. Сургаал ба Гэрээ 6:36-г үзнэ үү.

  13. Ийм арга замаар бид төлөөлөгч Паулын хэлсэн “Энэ нь цагийн дүүрлийг гүйцэлдүүлэхийн тулд [Бурханд] тэнгэр дэх юмс ба газар дээрх бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго байжээ” (Ефес 1:10) гэсэн бошиглол бидний амьдралд гүйцэлдэж байгааг олж хардаг.

  14. Сургаал ба Гэрээ 64:33