2022
Зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлт: “Надад Танд өгөх үүнээс өөр зүйл байхгүй”
2022 оны 5-р сар


Зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлт:

“Надад Танд өгөх үүнээс өөр зүйл байхгүй”

Зүрх сэтгэлийн энэ өөрчлөлт нь зүгээр нэг үйл явдал биш юм. Үүнд хүрэхэд итгэлтэй байж, наманчилж, сүнслэг байдлын хувьд байнга ажиллах шаардлагатай.

Оршил

1588 оны 10-р сарын 28-ны баасан гарагт Испанийн Агуу Армадад харьяалагддаг Ла Жирона хөлөг онгоц жолоогоо алдан, зөвхөн сэлүүрээр залуурдагдаж байгаад Хойд Ирландын Лакада гэх эргийн хадтай мөргөлдсөн юм.1

Уг осол хөлөг онгоцыг хөмрүүлжээ. Амьд үлдэхийн төлөө тэмцэж байсан, осолд орсон хүмүүсийн нэг нь эхнэрийнхээ хэдхэн сарын өмнө өгсөн “Надад чамд өгөх үүнээс өөр зүйл байхгүй” гэсэн бичээстэй алтан бөгжийг зүүсэн байж.”2

“Надад чамд өгөх үүнээс өөр зүйл байхгүй” гэсэн үг бүхий зүрх барьсан гарын загвартай бөгжийг эхнэр нь нөхөртөө хайраа илэрхийлж өгсөн байв.

Судартай холбох

Энэ түүхийг унших үед надад гүн сэтгэгдэл төрсөн бөгөөд би “Мөн та нар харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийг надад өргөл болгон өргөх болно”3 гэсэн Аврагчийн тавьсан хүсэлтийн талаар бодсон.

Би мөн хаан Бенжамины “Тийм ээ, бидэнд ярьсан тэр бүх үгсэд тань бид итгэнэ … , бидэнд хилэнцийг үйлдэх хүслийг үгүй болгох, харин үргэлж сайныг хийх болгон, өөрөөр хэлбэл бидний зүрх сэтгэлд хүчирхэг өөрчлөлтийг үйлдсэн”4 хэмээх үгэнд хүмүүсийн үзүүлсэн хариу үйлдлийн талаар бодов.

Өөртэйгөө холбох

Намайг 12 настай байхад тохиолдсон, үр нөлөө нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа нэгэн үйл явдлын талаар би та нарт ярья.

Ээжийг “Эдуардо, хурдлаарай, бид сүмийн цуглаандаа хоцорлоо” гэхэд нь би

“Ээжээ, би өнөөдөр аавтай хамт үлдэнэ” гэж хариулав.

“Чи итгэлтэй байна уу? Чи санваарын чуулгын цуглаандаа оролцох хэрэгтэй шүү дээ” гэж ээжийг хэлэхэд нь,

“Хөөрхий аав минь! Тэр ганцаараа үлдэнэ шүү дээ. Би өнөөдөр түүнтэй үлдлээ” гэж хариулав.

Аав маань Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн биш байсан юм.

Ээж, эгч нар маань ням гаргийн цуглаандаа явав. Би ч аавынхаа ням гаргаа өнгөрүүлэх дуртай засварынх нь газар луу түүнтэй уулзахаар явлаа. Ээждээ хэлсэнчлэн би аавтайгаа хэсэгхэн буюу хэдэн минут хамт байсныхаа дараа түүнээс “Аав аа, та зүгээр үү?” гэж асуув.

Тэр радио, цаг засах дуртай ажлаа хийнгээ над руу харан инээмсэглэж билээ.

Тэгээд би түүнд “Би найзуудтайгаа тоглохоор явлаа” гэж хэлэв.

Аав дээш харалгүйгээр “Өнөөдөр чинь ням гараг шүү дээ. Чи сүм рүү явах ёстой биш бил үү?” гэлээ.

“Тийм ээ, гэхдээ би өнөөдөр явахгүй гэдгээ ээжид хэлсэн” гэж хариулав. Аав ч ажлаа цааш үргэлжлүүлсэн нь миний хувьд явж болно гэсэн дохио байлаа.

Тэр өглөө маш чухал хөл бөмбөгийн тоглолт болох байсан бөгөөд найзууд маань надад энэ тоглолтод бид хожих ёстой учраас чи тоглохгүй бол болохгүй гэсэн юм.

Би хөл бөмбөгийн талбай руу очихын тулд заавал Сүмийн байрны урдуур өнгөрөх ёстой байсан нь асуудал болж байлаа.

Би ч шийдэж, хөл бөмбөгийн талбай руу хар хурдаараа гүйсэн боловч замд байсан том тээглэх чулуу болох Сүмийн байр хүрэлгүй зогсов. Би том том модтой явган хүний замын эсрэг тал руу гүйсэн бөгөөд гишүүд цуглаандаа ирж байгаа цаг тул хэнд ч харагдахгүй гэсэндээ модны дундуур гүйхээр шийдлээ.

Би яг тоглолт эхлэхэд очиж чадсан төдийгүй тоглож дуусаад ээжийгээ гэртээ ирэхээс өмнө харьж амжсан юм.

Бүх зүйл төлөвлөснөөр болж, манай баг хожин, би маш их баяртай байлаа. Гэвч маш сайн тооцоолон байж, талбай руу хурдалж гүйсэн маань диконы чуулгын зөвлөхийн гярхай харцнаас мултарсангүй.

Фэликс Эспиноза ах намайг нэг модноос нөгөө рүү хурдлан гүйж, бусдад харагдахгүйг хичээж байхыг харсан байв.

Долоо хоногийн эхээр Эспиноза ах манай гэрт ирж надтай ярилцахыг хүслээ. Тэрээр ням гарагт юу харснаа огтхон ч дурдаагүй бөгөөд яагаад намайг цуглаанаа тасалсныг ч асуусангүй.

Тэр зүгээр л надад гарын авлага өгөөд, “Би чамайг ням гарагт санваарын ангид заахыг хүсэж байна. Заах хичээлийг чинь би тэмдэглэсэн байгаа. Тийм ч хэцүү биш ээ. Чамайг үүнийг уншаасай гэж хүсэж байна. Би хоёр өдрийн дараа ирж хичээлийн бэлтгэлд чинь тусална” гэж хэлсэн юм. Тэгээд тэр гарын авлагыг надад өгөөд, гараад явчхав.

Би хичээл заахыг хүсэхгүй байсан ч түүнд үгүй гэж хэлж зүрхэлсэнгүй. Тэр ням гарагт би аавтайгаа дахин хамт үлдэхээр төлөвлөж байсан нь дахиад л хөл бөмбөгийн чухал тоглолттой байсан гэсэн үг байлаа.

Эспиноза ах залуучуудын хүндлэн биширдэг хүн байсан юм.5 Тэрээр сэргээгдсэн сайн мэдээг олж, амьдралаа, өөрөөр хэлбэл зүрх сэтгэлээ өөрчилж чадсан нэгэн байв.

Бямба гаргийн үд ч боллоо. Би “За, маргааш өвдөөд сэрэх юм бол би Сүмд явах шаардлагагүй болох юм байна” гэж бодлоо. Миний санааг хөл бөмбөгийн тоглолт биш харин заах ёстой анги, ялангуяа Хүндэтгэлийн өдрийн тухай хичээл зовоож байсан юм.

Ням гараг болоход би цоо эрүүл сэрэх нь тэр. Надад зугтаж гарах ямар ч шалтаг үлдсэнгүй.

Би анх удаа хичээл заах гэж байсан ч Эспиноза ах миний хажууд байсан ба миний хувьд энэ нь зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийн өдөр байлаа.

Тэр мөчөөс эхлэн би Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахиж эхэлсэн бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэнчлэн, Хүндэтгэлийн өдөр баясгалант өдөр болсон юм.6

“Их Эзэн, би Танд бүх зүйлээ өгсөн. Надад Танд өгөх үүнээс өөр зүйл байхгүй.”

Олж авах

Бид зүрх сэтгэлийн тэр хүчит өөрчлөлтийг хэрхэн олж авах вэ? Дараах зүйлийг хийж эхлэхэд, эцэстээ энэ нь ирэх болно.

  1. Биднийг Есүс Христэд итгэх итгэлээ бэхжүүлэх мэдлэг олж авахаар судраас судлах үед. Энэ нь өөрчлөгдөх хүслийг төрүүлдэг.7

  2. Биднийг уг хүслээ залбирах, мацаг барих зэрэг арга замаар өсгөх үед8

  3. Биднийг судалсан эсвэл хүлээн авсан үгсийнхээ дагуу үйлдэж, хаан Бенжамины хүмүүсийн адил Түүнд зүрх сэтгэлээ даатгах гэрээ байгуулах үед.9

Хүлээн зөвшөөрөх ба гэрээ байгуулах

Зүрх сэтгэлээ өөрчлөгдөж байгааг бид хэрхэн мэдэх вэ?10

  1. Бүх зүйлд Бурханы тааллыг дагахыг хүсэх үед11

  2. Бусдыг хайрлаж, хүндэтгэж, анхаарч халамжлах үед12

  3. Христийн зан чанарууд бидний зан чанарын нэгэн хэсэг болж байгааг олж харах үед13

  4. Ариун Сүнсний удирдамжийг илүү ойр ойрхон мэдэрдэг болох үед14

  5. Дуулгавартай дагахад хэцүү байсан зарлигаа сахиж, үргэлжлүүлэн уг зарлигийнхаа дагуу амьдрах үед15

Удирдагчдынхаа зөвлөгөөг анхааралтай сонсож, тэднийг баяртайгаар дагахаар шийдэх үедээ бид зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг мэдрэхгүй гэж үү?

“Их Эзэн, би Танд бүх зүйлээ өгсөн. Надад Танд өгөх үүнээс өөр зүйл байхгүй.”

Хадгалж үлдэх ба ач тус

Бид хүчит өөрчлөлтөө хэрхэн хадгалан авч үлдэж болох вэ?

  1. Долоо хоног бүр ариун ёслолоос хүртэж, Христийн нэрийг өөрсөд дээрээ авах гэрээгээ шинэчилж, Түүнийг үргэлж санаж, зарлигуудыг нь дагах үед16

  2. Амьдралаа ариун сүм рүү чиглүүлэх үед17 Ариун сүмд тогтмол орж, ёслолуудад оролцох нь бидэнд шинэ, сэргээгдсэн зүрх сэтгэлээ хадгалан авч үлдэхэд тусална.

  3. Тохинуулах үйлчлэлүүд, номлогчийн ажлаар дамжуулан хөршөө хайрлаж үйлчлэх үед

Ийн үйлдэж чадвал тэрхүү дотоод өөрчлөлт маань бэхжиж, сайн үйлээр дүүрэх хүртэл тархдаг нь бидний хувьд баярлууштай.19

Энэ зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлт нь бидэнд эрх чөлөө, итгэл найдвар, амар амгаланг авчирдаг.20

Зүрх сэтгэлийн энэ өөрчлөлт нь зүгээр нэг үйл явдал биш юм. Үүнд хүрэхэд итгэлтэй байж, наманчилж, сүнслэг байдлын хувьд байнга ажиллах шаардлагатай. Энэ нь өөрсдийн хүслийг Их Эзэний таалалд нийцүүлэхийг хүсэх үед эхэлдэг бөгөөд Түүнтэй гэрээ байгуулж, сахих үед биеллээ олдог.

Хувь хүний энэхүү үйлдэл нь бидэнд болон бидний эргэн тойронд байгаа хүмүүст эергээр нөлөөлдөг.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлснээр “Бид бүгдээрээ Есүс Христийг болон Түүний сургаалыг дагахыг сонговол, дэлхий даяар хохирол сүйрэл дагуулдаг сөргөлдөөн болон хувь хүний амьдралын асуудлууд хурдан шийдэгдэж болохыг төсөөлөөд үз дээ.”21 Аврагчийн сургаалыг дагах энэ үйлдэл нь зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлт рүү хөтөлдөг.

Хайрт ах, эгч нар аа, залуучууд, хүүхдүүд ээ, биднийг энэ амралтын өдрүүдэд энэхүү чуулганд оролцох үед Их Эзэнээс ирэх бошиглогчдын үгс бидний зүрх сэтгэлд нэвтрэн орж, бид тэрхүү хүчит өөрчлөлтийг мэдрэх болтугай.

Их Эзэний сэргээгдсэн Сүмд хараахан нэгдээгүй байгаа хүмүүст хандан хэлэхэд, би та нарыг Бурханы та нараас юу хүсэн хүлээж байгааг мэдэх чин хүслээр номлогчдыг сонсон, тэрхүү дотоод сэтгэлийн өөрчлөлтийг мэдрээсэй хэмээн урьж байна.22

Өнөөдөр Их Эзэн Есүс Христийг дагахаа шийдэх өдөр. “Их Эзэн, би Танд зүрх сэтгэлээ өгсөн. Надад Танд өгөх үүнээс өөр зүйл байхгүй.”

Тэрхүү сүйрсэн хөлөг онгоцноос уг бөгжийг олсон шиг, зүрх сэтгэлээ Бурханд өгөх үедээ бид энэ амьдралын ширүүн давлагаалах далайгаас аврагдаж, энэ явцдаа Христийн Цагаатгалаар цэвэршигдэн, ариусгагдаж, сүнслэг байдлын хувьд “Түүнээс төрсөн” “Христийн хүүхдүүд” болдог юм.23 Энэ бүхнийг би Есүс Христийн нэрээр гэрчиллээ, амен.