2022
Гэрээний зам мөнх амьдрал өөд хөтөлдөг
2022 оны 5-р сар


Гэрээний зам мөнх амьдрал өөд хөтөлдөг

Төгөлдөржилтөд хүрэх зам бол гэрээний зам бөгөөд Христ бүх ёслол хийгээд гэрээний төв юм.

Нэгэн хүчирхэг хаан өөрийн хүүг хаант улсуудынх нь нэгийг засаглаасай хэмээн хүсжээ. Хаан ширээнд суухын тулд ханхүү сурч боловсорч, өсөж хөгжих хэрэгтэй байв. Нэг өдөр хаан ханхүүтэй уулзан, өөрийн төлөвлөгөөг танилцуулав. Ханхүү өөр хот руу явж, туршлага хуримтлуулахаар тэд тохиролцжээ. Тэр очсон газраа бэрхшээлүүдтэй нүүр тулж үзэн, хажуугаар нь олон сайхан зүйлийг мэдрэх ёстой байв. Хаан хүүгээ итгэлтэй байдлаа өөрт нь батлан үзүүлэх, түүнд бэлтгэсэн үүрэг хариуцлага, онцгой эрхийг хүлээн авахад тохирно гэдгээ үйлсээрээ батлан харуулах тэр нэгэн хот руу илгээжээ. Ханхүүд өөрийн хүсэл эрмэлзэл, итгэлтэй байдлаас шалтгаалан эдгээр онцгой эрх, үүрэг хариуцлагыг хүлээн авах эсвэл эс хүлээн авахыг сонгох эрх чөлөөг өгсөн байв. Та бүхэн ханхүүд юу тохиолдсоныг мэдэхийг хүсэж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Тэр хаант улсыг өвлөн авахаар буцаж ирсэн болов уу?

Хүндэт ах, эгч нар аа, бидний хүн нэг бүр ханхүү мөн гүнж билээ. Бид Есүс Христийн Амилалт мөн Цагаатгалаар дамжуулан үхэшгүй байдлыг хүлээн авах бие махбодын адислалыг мэдрэхээр хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгээр энэ мөнх бус амьдрал руу илгээгдсэн. Бид “Их Эзэн [бидний] Бурхан [бидэнд] зарлигдах бүх зүйл юу ч байсан хийнэ” (Абрахам 3:25) гэдгээ баталж, Бурханы оршихуй руу эргэн очиход бэлтгэх үүрэгтэй.

Бидэнд туслахын тулд Аврагч биднийг гэтэлгэж, бидэнд Бурхан руу эргэн очих замыг үзүүлэхээр ирсэн юм. Аврагчид ирж, Түүгээр төгөлдөржих урилгыг Бурханы хүүхдүүдэд өгсөн билээ. Судруудад биднийг Их Эзэнд ирэхийг урьсан урилга 90 гаруй удаа давтагддаг ба үүний хагасаас илүү нь Их Эзэнээс Өөрөөс нь ирсэн хувийн урилга байдаг. Бид Аврагчийн урилгыг хүлээн авна гэдэг нь Түүний ёслолуудаас хүртэж, Түүнтэй байгуулсан гэрээнүүдээ сахина гэсэн үг юм. Есүс Христ бол “зам, үнэн, амь” (Иохайн 14:6) бөгөөд Тэрээр бид “бүгдийг өөрт нь ирж мөн өөрийнх нь сайн сайхныг хүртэхийг урьдаг; мөн түүнд ирэх хэнээс боловч үл татгалздаг” (2 Нифай 26:33).

Сайн мэдээнээс суралцаж, заах нь Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд хөрвөх бидний хөрвөлтийг гүнзгийрүүлж, Тэдэнтэй илүү адил болоход тусалдаг. Хэдийгээр өргөмжлөлийн адислалуудыг хүлээн авах тодорхой цаг хугацаа, арга замын талаар бүх зүйл илчлэгдээгүй ч тэдгээр нь бидэнд амлагдсан (М.Рассэлл Баллард, “Христэд найдах нь,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган).

Дээд прист Алма Зарахемлагийн нутагт зааж байхдаа, Есүс Христийн агуу урилгын тухай ийн өгүүлжээ.

“Болгоогтун, тэрээр бүх хүмүүнд урилга илгээдэг, учир нь нигүүлслийн мутар тэдний зүг сунгагдаж, мөн тэрээр: Наманчлагтун, мөн би та нарыг хүлээн авах болно хэмээн хэлэх болно.

Тийм ээ, тэрээр хэлэв: Надад ирэгтүн мөн та нар амьдралын модны үр жимснээс хүртэх болно” (Алма 5:33–34).

Аврагч Өөрөө биднийг Түүн дээр ирэхийг мөн энэ үймээн самуунтай ертөнцөд бид амсхийж болохын тулд Түүний буулгыг өөрсдөд дээрээ авахад урьдаг (Матай 11:28–29-ийг үзнэ үү). Бид Есүс Христэд итгэж, өдөр бүр наманчилж мөн аврал, өргөмжлөлийн ёслолуудыг хүлээн авснаар Бурхантай гэрээнүүд байгуулж, тэдгээрийг сахин, эцсээ хүртэл тэвчсэнээр Христэд ирдэг (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 1.2.1, ChurchofJesusChrist.org). Төгөлдөржилтөд хүрэх зам бол гэрээний зам бөгөөд Христ бүх ёслол хийгээд гэрээний төв юм.

Хаан Бенжамин бид гэрээнүүд байгуулснаар биднийг оюун санаагаар төрүүлсэн Христийн охид, хөвгүүд болдог бөгөөд Түүний нэрэн доор чөлөөтэй болгогдсон, учир нь “үүнээс өөр чөлөөт болгогдож чадах нэр бид нарт үгүй билээ” гэж заасан (Мозая 5:7–8-ыг үзнэ үү). Бид “амьд Бурханы Хүүгийн жишээг дагахдаа” (2 Нифай 31:16) эцсээ хүртэл тэвчсэнээр аврагдах болно. Нифай энэ бүх зүйл зөвхөн нарийн бөгөөд шулуун зам дээр гарснаар гүйцэлдэхгүй бөгөөд бид “Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан, найдварын төгс гэрэлтэйгээр, Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх ёстой” (2 Нифай 31:19–20-ийг үзнэ үү) гэж зөвлөжээ.

Христийн сургаал бидэнд гэрээний замыг олж, үүн дээр үлдэхэд тусалж, харин сайн мэдээ нь ариун ёслол, гэрээнүүдээр дамжуулан Их Эзэний амласан адислалуудыг хүлээн авч болохоор зохицуулагджээ. Бурханы бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон 2018 оны 1-р сарын 16-ны нэвтрүүлгээр бидэнд “Гэрээний зам дээрээ үлд. Та нар Аврагчийг дагах гэрээ байгуулж, уг гэрээгээ сахиснаар ямар ч эрэгтэй, эмэгтэй хүн болон хүүхэд бүр хүртэх боломжтой сүнслэг адис лал, давуу эрхийн үүд хаалгыг нээх болно. … Бидний хүн нэг бүрийн хүсэн хүлээж буй төгсгөл бол Их Эзэний өргөөнд хүч чадлын хишиг хүртэж, гэр бүлээрээ лацдан холбуулж, ариун сүмд хийсэн гэрээнүүддээ үнэнч байснаар Бурханы хамгийн агуу бэлэг болох мөнх амьдралыг хүлээн авах шаардлагыг хангах явдал юм.” хэмээн сануулсан билээ (“Биднийг хамтдаа урагшлахад,” Лиахона, 2018 оны 4-р сар, 7).

Бурхан гэрээгээ итгэлтэй сахигчдаас мөнх амьдралын амлагдсан адислалуудыг хойшлуулж, тэднээс харилцаагаа таслахгүй. Бид ариун гэрээнүүдээ хүндлэхийн хэрээр Аврагчид ойртдог. Ахлагч Дэвид A.Бэднар өчигдөр сайн мэдээний гэрээ болон ёслолууд бидний амьдралд луужин мэт ажиллаж, Христэд ирж, Түүнтэй илүү адил болох үндсэн чиглэлийг бидэнд өгдөг хэмээн заасан.

Гэрээнүүд Бурхан руу буцаж очих замыг үзүүлдэг. Баптисм болон Ариун Сүнсний бэлэг хүлээн авах ёслолууд, санваарын томилгоо, ариун ёслол зэрэг нь биднийг Их Эзэний өргөмжлөлийн ёслолуудыг хүртэх Түүний ариун сүм рүү хөтөлдөг.

Бидэнд гэрээнүүдээ итгэлтэй сахихад туслах Аврагчийн онцолсон хоёр зүйлийг би дурдахыг хүсэж байна. Үүнд:

  1. Ариун Сүнс бидэнд зааж, Аврагчийн сургаалыг сануулж, бидэнтэй хамт үүрд оршдог (Иохан 14:16, 26 -г үзнэ үү). Тэр бидний байнгын хамтрагч байж, биднийг гэрээний зам дээр чиглүүлж чадна. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “ирэх өдрүүдэд Ариун Сүнсний заан чиглүүлж, удирдан, тайтгаруулах мөн байнга хамт байх нөлөөгүйгээр сүнслэгээр оршин тогтнох боломжгүй байх болно” хэмээн заасан (“Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 119).

  2. Аврагч ариун ёслолын ёслолуудыг бий болгосноор бид Түүнийг үргэлж санан дурсаж, Түүний Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгах боломжтой болсон. Баптисм бидэнд мөнх амьдрал өөд хүргэх замыг нээдэг бол ариун ёслол бидэнд гэрээний замаар урагш тууштай тэмүүлэхэд тусалдаг. Бид ариун ёслолоос хүртсэнээр Түүний Хүүг үргэлж дурсан санана хэмээх гэрчлэлийг Эцэгт өгдөг. Бид Түүнийг үргэлж дурсан санаж, зарлигуудыг нь сахиснаар Бурханы Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгах болно. Энэ амлалтын хажуугаар бид нүглүүдээ даруухнаар наманчлах аваас Их Эзэн бидэнд нүглийн ангижралыг амласан юм.

Гэрээнүүдээ итгэлтэйгээр сахиж байхдаа бид Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгахын тулд ариун ёслолоос хүртдэгийн адил, ариун ёслолоос зохистойгоор хүртэхээр өөрсдийгөө бэлтгэхийн тулд Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгахаар хичээх ёстой.

Манай охин 5 настай байхдаа, зайгаар ажилладаг тоглоомон машинтай болсон бөгөөд түүнийгээ байшиндаа хаа сайгүй удирдаж тоглох дуртай байв. Нэг орой тэр над дээр ирээд, “Аав аа, миний машин ажиллахгүй байна. Бид таны машины түлшнээс жаахныг аваад, машиндаа хийж ажиллуулаад тоглож болох уу? Таны машинд хийдэг шиг түлш машинд маань хэрэгтэй байх” гэж хэлж билээ.

Тэгээд би түүний машины зай суусан байсныг мэдээд, цагийн дараа ажилладаг болгож өгье гэж хэлэв. Миний охин сэтгэл нь ихэд хөдлөн, “Тийм ээ! Миний машиныг шатахуун түгээх газар луу авч явъя” гэж хэлсэн юм. Би тэр машины зайг цахилгааны эх үүсвэр залган, хялбархан цэнэглэсэн бөгөөд охин минь 1 цагийн дараа цэнэглэгдсэн зайтай машинаа дахин удирдаж тоглох боломжтой болж билээ. Үүнээс хойш тэрээр зайгаа цахилгааны эх үүсвэрт залгаж, үргэлж цэнэглэж байх ёстой юм байна гэдгийг мэдэж авсан.

Охин маань тоглоомон машинаараа тоглохын тулд эрчим хүч, зай хоёрын холбоо хамаарлыг сурсны адил бид ч бас Есүс Христ, ариун ёслол, Сүнсний талаар суралцдаг. Мөнх бус амьдралын турш гэрээнүүдээ итгэлтэйгээр сахихад биднийг чиглүүлэх Сүнс хэрэгтэй мөн сүнслэг биеэ цэнэглэхэд ариун ёслол бидэнд хэрэгтэй. Баптисмынхаа гэрээг шинэчилж, ариун ёслолоос хүртэх нь бусад бүх гэрээндээ итгэлтэй байхад чиглүүлдэг. Бид залбиралтайгаар суралцаж, Аврагчийн урилгыг дээдлэн хүндэлж, Түүний амласан адислалуудыг хүлээн авснаар аз жаргалтай төгсгөл тохиох болно гэдэгт найдаж болно. Тэрээр “Мөн чи өөрийгөө дэлхийгээс илүү бүрэн дүүрэн толбогүй байлгаж болгохын тулд, чи залбирлын өргөөнд очиж мөн миний ариун өдөрт ариун ёслолуудаа өргөх ёстой” (Сургаал ба Гэрээ 59:9) хэмээн хэлсэн.

Гэрээгээ сахигчдад “энэ дэлхийд амар амгалан мөн ирэх дэлхийд мөнх амьдрал” (Сургаал ба Гэрээ 59:23) амлагдсан гэдгийг би гэрчилж байна. Та ариун ёслолоор дамжуулан Аврагчийн бэлгэдлүүдээс тогтмол хүртсэнээр Түүний Сүнс таныг гэрээний тань зам дээр, гэрээнүүддээ үнэнч үлдэхэд чиглүүлэх болно гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.