2018
Биднийг хамтдаа урагшлахад
April 2018


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

Биднийг хамтдаа урагшлахад

Зураг
new First Presidency

Хайрт ах, эгч нар аа, би энэ өглөө та нартай хамт байгаадаа зүрх сэтгэл минь даруусаж байна. Дөрвөн өдрийн өмнө бид агуу хүн болох Бурханы бошиглогч, ерөнхийлөгч Томас С.Монсонг амар тайван амьдралд нь үдсэн. Түүний амьдрал ямар агуу бөгөөд гайхамшигтай байсныг үгээр илэрхийлэх боломжгүй юм. Би түүний надад заасан зүйлд талархаж, өөрсдийн нөхөрлөлийг мөнхөд нандигнах болно. Одоо бид Их Эзэн Есүс Христэд, Түүний энэхүү сүмд бүрэн итгэх итгэлээр ирээдүйгээ харах хэрэгтэй.

Хоёр өдрийн өмнө одоо байгаа бүх амьд төлөөлөгч Солт Лэйкийн ариун сүмийн дээд өрөөнд уулзсан. Тэнд бид эхлээд Тэргүүн Зөвлөлийг дахин зохион байгуулахаар болж, намайг Сүмийн ерөнхийлөгчөөр үйлчлүүлэх шийдвэрийг санал нэгтэй гаргасан. Энэ эрин үед бошиглогч Иосеф Смитээр дамжуулан сэргээгдсэн санваарын бүх түлхүүрийг атгадаг ах нар маань миний толгой дээр гараа тавьж, намайг Сүмийн ерөнхийлөгчөөр томилон, онцгойлон адисалж байхад надад ямар санагдаж байсныг үгээр бүрэн илэрхийлэх аргагүй билээ. Энэ нь миний хувьд ариун нандин бөгөөд намайг даруусгасан тийм туршлага байсан.

Үүний дараа миний зөвлөх болгохоор Их Эзэний бэлдсэн хүмүүсийг ялган таних үүрэг хариуцлага над дээр ирсэн юм. Би өөрийн гүнээ хайрладаг үлдсэн арван хоёр төлөөлөгчөөс хэрхэн хоёрхон хүнийг сонгох вэ? Их Эзэн миний чин сэтгэлийн залбирлыг хариулсанд би гүнээ талархаж байна. Сүмийн ерөнхийлөгч Даллин Харрис Өүкс болон ерөнхийлөгч Хэнри Бэннион Айринг хоёр миний нэг, хоёрдугаар зөвлөхөөр надтай хамт үйлчлэх хүсэлтийг хүлээн авсанд би маш их талархаж байна. Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгадаа үргэлжлүүлэн үйлчлэх болно. Тэрээр гагцхүү түүний хийж чадах томоохон ажил үүргүүдийг аль хэдийн хүлээн авсан байгаа.

Би түүнд болон ерөнхийлөгч Айрингт ерөнхийлөгч Монсоны зөвлөхүүдийн хувиар хийж гүйцэтгэсэн гайхалтай үйлчлэлд нь талархаж байгаагаа илэрхийлье. Тэд бүхий л талаараа чадвартай, үнэнч, сүнслэгээр өдөөгдсөн байсан. Бид тэдэнд маш их талархаж байна. Одоо тэд хоёулаа өөр өөрийн хамгийн хэрэгтэй байгаа тэр газраа үйлчилж байгаа.

Түүнчлэн насны хувьд ахмадаасаа хоёрт ордог ерөнхийлөгч Өүкс Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч болж байгаа юм. Гэхдээ түүнийг Тэргүүн Зөвлөлд дуудсантай холбогдуулан мөн Сүмийн дэг жаягийн дагуу ерөнхийлөгч М.Рассэлл Баллард насны хувьд түүний дараа ордог тул, уг чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр үйлчилнэ. Тэргүүн Зөвлөл Их Эзэний хүслийг олж харан, Түүний ариун үйл хэргийг урагшлуулахад Арван хоёртой хамт мөр зэрэгцэн ажиллах болно.

Бид та нарын залбиралд талархдаг. Дэлхийн өнцөг булан бүрд бидний төлөө залбирч байсан. Ерөнхийлөгч Монсонг нас барсны дараах өглөө Бэнсон нэртэй 4 настай бяцхан хүү ийм нэгэн залбирлыг хийсэн байлаа. Эшлэлийг миний эхнэр Вэндийд бичсэн ээжийнх нь захидлаас авав. Бэнсон залбирахдаа: “Тэнгэрлэг Эцэг минь, ерөнхийлөгч Томас С.Монсонд эхнэртэйгээ дахин уулзах боломж олгосонд тань баярлалаа. Шинэ бошиглогчийн төлөө Танд баярлалаа. Түүнд зоригтой байж, шинэ бошиглогч болсондоо айхгүй байхад туслаарай. Түүнд эрүүл саруул, хүч чадалтай болж өсөж том болоход нь туслаарай. Түүнд санваар байгаа тул хүч чадалтай болоход нь туслаарай. Бас үргэлж эелдэг байхад минь туслаарай” гэжээ.

Түүн шиг ийм хүүхдүүдэд, зөв шударга байх өөрсдийн үүрэг хариуцлагад буурь суурьтай ханддаг эцэг эхчүүдэд мөн хүнд ачаа үүрч байгаа ч чин сэтгэлээсээ үйлчилдэг эцэг эх, багш, гишүүн бүрийн төлөө би Бурханд талархдаг. Өөрөөр хэлбэл, би та нарын хүн нэг бүрд гүнээ талархдаг.

Их Эзэн залуур дээрээ байгаа

Зураг
current Quorum of the Twelve Apostles

Бидний хамтдаа урагшлах энэ мөчид би та бүхнийг Их Эзэний Өөрийн Сүмийг удирдан залдаг тэрхүү гайхалтай арга замын талаар тунгаан бодоосой хэмээн урьж байна. Сүмийн ерөнхийлөгч нас барахад түүний оронд хэн үйлчлэхээр дуудагдах талаар нууцалж далдлах зүйл огт байдаггүй. Үүнд сонгууль хийх, сонгуулийн зар сурталчилгаа явуулах шаардлагагүй. Зөвхөн Их Эзэний мутраар өгөгдсөн бөгөөд халааг залгамжлан авах тэнгэрлэг төлөвлөгөө чимээгүй ажилладаг.

Төлөөлөгчийн үйлчлэлийн өдөр бүр нь суралцах, цаашид ирэх олон үүрэг хариуцлагыг хүлээн авахад бэлдэх өдөр байдаг. Төлөөлөгчийн хувьд доод албан тушаалын суудлаас дээд албан тушаалд очихын тулд хэдэн арван жил үйлчилдэг. Тухайн хугацаанд тэрээр Сүмийн ажил хэрэг бүрийн талаар шууд эх сурвалжаас нь арвин туршлага хуримтлуулсан байдаг билээ. Тэр мөн дэлхий даяар үүрэг даалгавраа гүйцэтгэхээр байн байн явах хугацаандаа дэлхийн хүмүүстэй, тэдний түүх, соёл, хэлтэй сайтар танилцсан байдаг. Сүмийн удирдлагын халааг залгамжлан авах энэхүү үйл явц өвөрмөц юм. Би ийм үйл явцыг өөр хаанаас ч харж байгаагүй. Энэ бол Их Эзэний Сүм учраас бид үүнд гайхах хэрэггүй. Тэр хүмүүний арга замаар ажилладаггүй.

Би Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад өмнөх таван ерөнхийлөгчийн удирдлаган доор үйлчилж байсан. Би ерөнхийлөгч бүрийг илчлэлт хүлээн авч, уг илчлэлтэд хэрхэн хариулж байсныг харж байсан. Их Эзэн Өөрийн бошиглогчдод үргэлж зааварчилж, тэднийг сүнслэгээр өдөөж байсан төдийгүй цаашид ч мөн зааварчилж, сүнслэгээр өдөөсөөр байх болно. Их Эзэн залуур дээрээ байгаа. Бид Түүний ариун нэрийг дэлхий даяар гэрчлэх үүрэгтэй бөгөөд цаашид ч Түүний хүслийг үргэлжлүүлэн эрэлхийлж, дагах болно.

Гэрээний зам дээрээ үлд

Зураг
taking the sacrament

Одоо би Сүмийн гишүүн бүрд гэрээний зам дээрээ үлд хэмээн хэлмээр байна. Та нар Аврагчийг дагах гэрээ байгуулж, уг гэрээгээ сахиснаар ямар ч эрэгтэй, эмэгтэй хүн болон хүүхэд бүр хүртэх боломжтой сүнслэг адислал, давуу эрхийн үүд хаалгыг нээх болно.

Шинэ ерөнхийлөгчийн зөвлөлийн хувьд бид үүний тулд ажлаа эхлүүлэхийг хүсэж байна. Чухам энэ л шалтгааны учир бид ариун сүмээс та бүхэнтэй ярьж байна. Бидний хүн нэг бүрийн хүсэн хүлээж буй төгсгөл бол Их Эзэний өргөөнд хүч чадлын хишиг хүртэж, гэр бүлээрээ лацдан холбуулж, ариун сүмд хийсэн гэрээнүүддээ үнэнч байснаар Бурханы хамгийн агуу бэлэг болох мөнх амьдралыг хүлээн авах шаардлагыг хангах явдал юм. Ариун сүмийн ёслол, тэнд хийдэг таны гэрээнүүд амьдрал, гэрлэлт, гэр бүл болон дайсны дайралтыг сөрөн зогсох чадварыг тань хүчирхэгжүүлдэг түлхүүрүүд юм. Ариун сүм дэх шүтлэг бишрэл, өвөг дээдсийнхээ төлөө хийдэг үйлчлэл тань та нарын хувийн илчлэлт, амар амгаланг өсгөн адисалж, гэрээний зам дээрээ үлдэх гэсэн та нарын хүслийг хүчирхэгжүүлнэ.

Хэрэв та нар замаасаа гарсан байгаа бол би та бүхнийг чин сэтгэлээсээ эргэн ирэхийг урьж байна. Та нарын асуудал, саад бэрхшээл ямар ч бай, та нарт зориулсан газар зөвхөн энд Их Эзэний Сүмд бий. Гэрээний зам дээр эргэн орохоор яг одоо та нарын хийх үйлдэл таныг төдийгүй хараахан төрөөгүй байгаа үр удмыг тань ч адислах болно. Бидний Тэнгэрлэг Эцэг үр хүүхдүүдээ нандигнан хайрладаг бөгөөд бидний хүн нэг бүрийг гэртээ, Өөр дээр нь эргэн ирээсэй хэмээн хүсдэг. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн агуу зорилго бол бидний хүн нэг бүрийг гэртээ эргэн очиход туслах явдал юм.

Би та бүхнийг гүнээ хайрладаг гэдгээ илэрхийлье. Энэхүү хайр минь та нартайгаа хэдэн арван жил уулзалдаж, хамтдаа шүтэн биширч, та нарт үйлчилснээр өсөн нэмэгдсэн билээ. Бидний тэнгэрлэг эрх мэдэл бол үндэстэн, ястан, хэлтэн мөн хүмүүс болгонд очиж, Их Эзэний Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлдэхэд туслах явдал юм. Бид үүнийг Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээр мөн Түүнийг удирдлагад байгаа гэдгийг мартахгүй байснаар хийнэ. Энэ бол Түүний ажил мөн Түүний Сүм. Бид Түүний үйлчлэгчид.

Би Мөнхийн Эцэг Бурхан, Түүний Хүү Есүс Христэд үнэнч гэдгээ тунхаглаж байна. Би Тэднийг мэддэг, хайрладаг бөгөөд Тэдэнд болон та нарт өөрийн эцсийн амьсгал хүртлээ үйлчилнэ гэдгээ амлаж байна. Есүс Христийн ариун нэрээр, амен.