2018
Аврагчийн эцсийн бөгөөд ганцаараа хийсэн аялал
April 2018


Аврагчийн эцсийн бөгөөд ганцаараа хийсэн аялал

Зураг
the saviors final lonely journey PDF 1
Зураг
the saviors final lonely journey PDF 2
Зураг
the saviors final lonely journey PDF 3

Аврагч мөнх бус амьдралынхаа туршид, тухайлбал нялх байхдаа Бетлехемээс Египет улс руу хийсэн аялал, цөл дэх 40 өдрийн аялал, тохинуулах үеэрээ заах, эдгээх, адислахаар хот, тосгон, орон гэрүүдэд хийсэн аялал гэх мэт олон аялал хийсэн. Гэвч нэг л аяллыг Аврагч ганцаараа хийх ёстой байсан ба зөвхөн Тэр л тэсэж гарч чадах байв.

“Бид Христийн амилсны баярын ням гарагт дэлхийн түүхэн дэх хамгийн удаан хүсэн хүлээсэн агуу үйл явдлыг тэмдэглэдэг.

Энэ бол бүхнийг өөрчилсөн өдөр.

Энэ өдөр миний амьдралыг өөрчилсөн.

Та нарын амьдрал ч мөн адил өөрчлөгдсөн.

Мөн Бурханы бүх хүүхдийн хувь тавилан өөрчлөгдсөн билээ.”

Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф, “Ач ивээлийн бэлэг,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 95.

Зүйрлэхийн аргагүй зовлон шаналал

Зураг
Jesus in Gethsemane

Симон Дювей, Ай Эцэг минь

“Христийн Гетсеманийн цэцэрлэгт хийсэн зүйлийн бүрэн дүүрэн утга учрыг мөнх бус хүмүүний оюун ухаан ойлгож чадахгүй.

Түүний сүв бүрээс үлэмж их цус шүүрэн, Эцэгийнхээ оноосон гашуун аяганы шаарыг шавхан уусан билээ.

Тэр бие, сүнс аль алинаар, ямар ч хүн үхэлгүй тэсэн гарах боломжгүй тийм байдлаар зовж шаналсныг бид мэднэ.

Түүний зовлон шударга ёсны шаардлагыг хангаж, бидний ойлгохын аргагүй арга замаар наманчлагч хүмүүсийг өвдөлт болон нүглийн шийтгэлээс аварч, Түүний ариун нэрэнд итгэдэг хүмүүст нигүүлслийг боломжтой болгосныг бид мэднэ.

Өвдөлт, сэтгэл санааны тарчлалын хэмжээлшгүй ачаа дарамт нь Түүнийг дагжин чичрэхэд хүргэж, тэрхүү гашуун аяганаас уухгүй байж болохгүй гэж үү гэж бодохдоо Түүнийг элгээрээ газарт унасныг бид мэднэ.”

Elder Bruce R. McConkie (1915–85) of the Quorum of the Twelve Apostles, “The Purifying Power of Gethsemane,” Ensign, May 1985, 9.

Амьдралдаа хэрэгжүүлэх нь: Аврагч Цагаатгалыг хийх үеэрээ бүх төрлийн өвчин зовлонг амссан гэдгийг бид сайн ойлгодоггүй байж магадгүй юм. Тэрээр хугарсан яснаас авхуулаад хамгийн хүнд архаг өвчин гээд бие махбодын бүхий л өвчин зовлонг ойлгодог. Тэрээр сэтгэл гутрал, түгшүүр, донтолт, ганцаардал, уй гашуу гэх мэт сэтгэлийн өвчин зовлон ямар хар бараан байдгийг, хэчнээн их цөхрөлд хүргэдгийг мэдэрсэн. Түүнчлэн Тэр хүн төрөлхтний бүх гэм нүглийг Өөр дээрээ авсан учраас бүхий л сүнслэг шархыг мэдэрсэн билээ.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар: “Бид сул дорой байдлаасаа болж, ‘Ийм хүнд ачааг хэн ч мэдэхгүй, хэн ч ойлгохгүй шүү дээ’ хэмээн дуу алдан хашгирч мэднэ. Харин Бурханы Хүү төгс мэддэг ба төгс ойлгодог, учир нь Тэрээр бидний хүн нэг бүрийн ачааг мэдэрч, үүрсэн юм” гэж заасан (“Тэд ачаагаа амархан дааж чадахын тулд,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108).

Үүнийг хийж чадах Цорын Ганц Хүн нь Тэр байв

Зураг
carrying the cross

Бернардо Каваллино, Калвари руу явсан цуваа, Дүрслэх урлагийн Крайслер музей

“Түүний хийсэн зүйлийг зөвхөн Бурхан л хийж чадна. Эцэгийн бие махбодыг авсан Төрсөн Ганц Хүүгийн хувьд Есүс Христ тэнгэрлэг шинж чанаруудыг өвлөн авсан. Тэр энэхүү юу юунаас илүү чухал, тэнгэрлэг үйл хэргийг гүйцэтгэж чадах мөнх бус байдалд төрсөн цорын ганц хүн байсан билээ. Энэ дэлхий дээр амьдарсан цорын ганц нүгэлгүй Хүний хувьд Тэрээр сүнслэг үхэлд хамааралгүй байв. Тэр Өөрийн бурханлаг байдлын улмаас бие махбодын үхлийг ялан дийлэх хүчтэй байсан. Иймээс Тэр бидний өөрсдөө хийж чадахгүй зүйлийг бидний төлөө хийсэн. Тэрээр үхлийн цэвдэг хүлээсийг тасчсан. Тэр мөн бидэнд Ариун Сүнсний бэлгийн эрхэм дээд, амарлингуй тайтгарлыг хүртэх боломжийг олгосон билээ.

President James E. Faust (1920–2007), Second Counselor in the First Presidency, “The Atonement: Our Greatest Hope,” Лиахона, 2002 оны 1-р сар, 20.

Амьдралдаа хэрэгжүүлэх нь: Хүн бүрд мөнх амьдралыг өгөхийн тулд Аврагч Цагаатгалаараа дамжуулан үхлийн хүлээсийг тайлж, бид бүгдийг гэм нүглээс маань гэтэлгэсэн. Тэрээр ийм сүрдмээр, биелэгдэшгүй даалгаврыг биелүүлж чадах цорын ганц хүн байв. Аврагч үнэхээр боломжгүйг боломжтой болгож чаддаг гэдгийг мэдэх нь хүнд сорилт бэрхшээл тулгарах үед биднийг тайтгаруулдаг.

Тэр эргэж буцаагүй

Зураг
the burial

Карл Хэйнрих Блох, Оршуулга

“Калварийн толгой дээр өмнөөс нь юу ч хийж чадахгүй байгаа дагалдагчдынх нь нүдэн дээр, нэл шарх болсон Түүнийг загалмайд хадав. Түүнийг бүдүүлэг хэрцгийгээр дооглон тохуурхаж, хараан зүхэж байлаа. …

Тэр амьсгал хураах хүртлээ олон цаг зовсон юм. Түүний омголтсон уруулаас ‘Аав аа, Таны гарт Би сүнсээ даатгая гэсэн үгс гараад тэр амьсгалаа хураасан юм.’ …

Сүүлчийн агшинд Эзэн эргэн буцаж болох байв. Гэвч Тэр тэгээгүй. Тэрээр бүх зүйлийг аврахын тулд бүх зүйлээс доогуур орсон юм. Түүний амьгүй болсон цогцсыг хүнээс гуйж авсан булшинд яаруу боловч эвтэйхэн аваачиж тавьжээ.”

Ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018), “Тэр амилсан!” 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 98.

Амьдралдаа хэрэгжүүлэх нь: Аврагч тэсэхийн аргагүй өвдөлт, ганцаардал, цөхрөлөөс болж зовж шаналж байсан ч тэсвэрлэж, мөнх бус аяллаа сүр жавхлантайгаар, бүр Эцэгээсээ Өөрийг нь цовдолсон хүмүүсийг уучлахыг гуйсаар дуусгасан билээ. Түүний төгс үлгэр жишээний ачаар бид зовлон бэрхшээлтэй тулгарахдаа сүр жавхлантай байж, Түүний тусламжтайгаар бас эцсээ хүртэл тэвчиж чадна.

Түүний амилалтыг гэрчлэх олон гэрч

Зураг
Mary at the tomb

Марк Р.Пью, Эмэгтэй, чи юунд уйлна вэ?

“Би Шинэ Гэрээнд гардаг Аврагчийн амилсныг гэрчлэх гэрчүүд болох Петр, бусад төлөөлөгч, цэвэр ариун Магдалын Мариа болон бусад гэрчид итгэдэг. Би Мормоны Номонд гардаг Өгөөмөр нутаг дахь төлөөлөгч Нифайд болон цугласан олны гэрчлэлд итгэдэг. Мөн би Иосеф Смит, Сидней Ригдон хоёрын Түүний талаар өгсөн олон гэрчлэлийн дараа ‘Тэр амьд бөлгөө! Учир нь бид түүнийг харсан’ хэмээх энэхүү эцсийн эрин үеийн агуу гэрчлэлд итгэдэг. Бүхнийг харагч Түүний мэлмий дор би Назарын Есүс бол амилсан Гэтэлгэгч гэдгийг мөн Түүний амилалтын үнэн бодит байдлын бүх зүйлийг гэрчилж байна. Та нар мөн үүнтэй адил итгэл, тайтгарлыг олж авах болтугай.”

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Toдд Кристоффэрсон, “Есүс Христийн Амилалт,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 135.

Амьдралдаа хэрэгжүүлэх нь: Хэдийгээр бид Гэтэлгэгчийн амилсан, төгс бие махбодыг харсан хүмүүсийн дунд байгаагүй ч өнөөдөр Түүний гэрч болон зогсож чадна. Биднийг хэзээ ч мөн хаана ч байсан бай, Тэрээр амьдралын маань төвд үргэлж байсаар байх болно. Бид бусдыг өрөвдөж хайрлан, үйлчилж, бүгдэд номхон даруу зан ааш, нинжин сэтгэл, хүндлэл үзүүлж, сайн мэдээний гэрчлэлээ хуваалцах болгондоо Есүс Христийн жинхэнэ гэрч болон зогсдог билээ.

Бид орь ганцаар алхах шаардлагагүй

Зураг
Christ walking along the shores

Грэг Олсэны “НАДТАЙ ХАМТ АЛХ” ЗУРГААС АВАВ, ХУУЛБАРЛАХЫГ ХОРИГЛОНО

“Христийн амилсны баярын үеэр мэдэрч болох гайхалтай тайтгарлуудын нэг нь Есүс цор ганцаараа тийм урт замыг туулсан учраас бид туулах шаардлагагүй болсон явдал юм. Түүний ганцаар хийсэн аялал нь бидэнд өөрсдийн богинохон замд Тэнгэр дэх Эцэгийн энэрэнгүй анхаарал халамж, биднийг хэзээ ч орхихгүй хайрт Хүүгийнх нь нөхөрлөл, Ариун Сүнсний төгс бэлэг, тэнгэр дэх тэнгэр элчүүд, хөшигний хоёр талд байх гэр бүлийн гишүүд, бошиглогч төлөөлөгч, багш, удирдагчид болон найз нөхдийг бидэнд авчирсан билээ. Есүс Христийн Цагаатгал болон Түүний сайн мэдээний Сэргээлтийн ачаар мөнх бус амьдралын аялалд дээр дурдсанаас гадна өөр олон хамтрагчийг бидэнд өгсөн. Хэдийгээр заримдаа бидэнд ганцаар мэт санагдах үе байдаг ч Калварийн толгод дээрээс биднийг хэзээ ч ганцаар, тусламжгүй үлдээхгүй гэсэн үнэнийг бүрээн дуугаар мэдэгдсэн болно. …

… Бид ‘ямар ч цагт мөн бүх зүйлд мөн [өөрсдийн] байж болох хаана ч үхэлд хүртлээ’ Есүс Христийн дэргэд зогсох болтугай. Учир нь Тэр үхэн үхтлээ цор ганцаар зогсож байсан ч ийнхүү итгэлтэйгээр бидний хажууд зогсож байсан юм.”

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд, “Түүнтэй хамт хэн ч байсангүй,” 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 97–98.

Амьдралдаа хэрэгжүүлэх нь: Энэ жилийн Христийн амилсны баяраар Аврагчийн эцсийн бөгөөд ганцаараа хийсэн аяллыг дурсан сана. Тэр Өөртөө байсан бүхнийг золиосолсон болохоор та болон энэ дэлхий дээрх бүх хүн цэвэр ариун болж, мөнх амьдралтай байж чадах болсон. Түүний төгс жишээнээс суралц. Түүнийг бодол санаандаа болон зүрх сэтгэлдээ хадгал. Та хэзээ ч ганцаараа биш гэдгийг үргэлж сана. Тэр Өөрийн эцсийн аяллыг орь ганцаар хийсэн болохоор таныг орхихгүй. Таныг гэсэн Түүний хайр хэмжээлшгүй бөгөөд хувиршгүй. Мөн таныг аяллаа үргэлжлүүлэхэд Тэр танд амар амгалан, тайтгарал, найдварыг өгөхөд бэлэн байдаг. Түүний Цагаатгалын бэлэг үүрдийнх бөгөөд энэ нь танд өгөгдсөн.