2018
Абуелогийн гутал засварын газар
April 2018


Абуелогийн гутал засварын газар

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

“Бид яг л энэ гутал шиг байх хэрэгтэй” гэж өвөө хэлэв.

“Намайг уучлаарай гэж хэлэх үргэлж амар байдаггүй” (Children’s Songbook, 98).

Зураг
Abuelos Shoe Shop

Мигель Абуелогийнхоо (өвөөгийнхөө) гутал засварын газрын хаалгыг онгойлгов. Түүнд Абуелогийн боловсруулж байсан арьсны үнэр үнэртлээ. Энэ нь түүний дуртай үнэрүүдийн нэг байв.

“Сайн уу, Абуело?”

Абуело өвдөглөж суугаад, үйлчлүүлэгчийн хөлийн хэвийг цаасан дээр буулгаж байлаа. Тэр өндийж харсан ч үгүй. Абуелогийн сонсгол тийм ч сайн биш л дээ.

Мигель ажлын ширээний дэргэд суулаа. Тэр давхарлан тавьсан зүссэн арьсыг хараад, Абуелог алх, бахь зэргээ ашиглан, арьс бүрээр юу хийхийг төсөөлөн бодов.

Багажнууд өөр нэгэн дуртай зүйлийг нь Мигельд санууллаа. Мигелийг цэвэрлэгээнд туслах бүрд Абуело түүнд чихэр өгдөг байв.

Харин Мигель яг одоо өлсөж байлаа. Тэр асуулгүйгээр амттанг авч болохгүй гэдгийг мэдэж байсан ч Абуело нэг хэсэгтээ л завгүй байх шинжтэй харагдсан тул “Би хүлээх хэрэггүй байхаа” гэж боджээ.

Мигель лангуун доор байсан чихрийн савыг авлаа. Чихрийн саванд түүний дуртай чихэрлэг, улаан чинжүүний нунтгаар амталсан дүүрэн чихэр байв. Тагийг нь онгойлгоход Мигельд бага зэргийн эвгүй мэдрэмж төржээ. Гэвч чихэр тун амттай харагдсан болохоор тэр яаран нэгийг авч, амандаа хийлээ.

Тун удалгүй үйлчлүүлэгч явав. Абуело арьсны өөдсийг авч, усанд хийв. Ингэх нь арьсыг зөөлрүүлж, боловсруулахад амар болгодог байлаа.

Мигель дутуу идсэн чихрээ хурдхан гэгч идчихээд, Абуело руу дөхөж очлоо.

“Сайн уу?” гэж Абуело инээмсэглээд, “Надтай уулзах гэж ирсэнд чинь би баяртай байна” гэлээ.

Мигель Абуелог тэврэв. Абуело түүнийг чихэр идсэнийг анзаарахгүй байгаасай гэж тэр дотроо найдаж байлаа. Мигель юу ч болоогүй мэт дүр үзүүлээд,

давхарлан тавьсан арьс шир руу заан, “Та өнөөдөр завгүй юм шиг байна. Танд тусламж хэрэгтэй юу?” гэж асуув.

Тэр “Тийм ээ! Надад тэр утсыг дөхүүлээд өгөөч?” гэв.

Мигель урт утсыг аваад, хоёр гараараа хоёр тийшээ угз татав. Утас харагдаж байгаагаасаа илүү бат бөх байлаа.

“Пөөх, ямар бөх юм бэ” гэхэд

Абуело инээд алдаж, “Тэгэлгүй яахав. Элэгдэл, нугалааг даахуйц бат бөх байх ёстой юм чинь” гэлээ. Абуело арьсан дундуур утсыг татан оруулав. Тэгтэл түүний царайд Мамагийн хааяа хэлдэгчлэн “цэцэн мэргэн Абуело”-гийн чухал төрх тодорч,

“Бид яг энэ гутал шиг байх хэрэгтэй” гэж толгой дохин хэллээ.

Мигель арьсыг ойртон харав. “Мм. Тийм гэж үү?” гэхэд

“Тийм ээ. Бид бат бөх, хүчтэй хэвээр байх хэрэгтэй. Тэгвэл Сатаны уруу таталт биднийг унагаахгүй” гэлээ.

Мигелийн толгойд улаан чихэр гэнэт орж ирэх нь тэр. Тэр энэ тухайгаа Абуелод хэлэх хэрэгтэй гэж мэдэж байв.

Абуело тавиураас хуучин гутлыг аваад, “Энэ том нүхийг харж байна уу?” гэв.

Тэр нүхээр Мигель гараа бараг бүхлээр нь оруулж болохоор байлаа. Тэр “Тийм ээ” гэв.

“Энэ нь нэгэн үед амархан засаж болох жижигхэн нүх байсан. Харин тэд засахгүй байзнасан тул одоо үүнийг засахад хэцүү болгосон байна. Муу зуршил, муу сонголтууд яг л энэ нүхтэй адил байдаг. Тэдгээрийг аль болох эрт засах нь зүйтэй” гэв.

Тэгснээ Абуело толгойгоо дахин дохиж, цэцэн мэргэн Абуело царай нь өөрчлөгдөн, инээмсэглэсэн юм. Абуелог ажиллаж байх зуур тэд хоорондоо ярьсаар л байв. Ийнхүү ярилцаж байх үед Мигель улаан чихрийн тухай бодсоор байлаа.

Абуелог ажлаа хийж дуусахад Мигель түүнд цэвэрлэгээ хийхэд нь туслав. Харин үүний дараа Абуело чихрийн саваа авлаа.

Сүүлдээ Мигель тэсэхээ байгаад, “Би таны чихрээс нэгийг авчихсан!” гэж хэлж орхив.

Абуело чихрийн саваа доош тавиад, “Чи юу гэсэн бэ?” гэлээ.

Мигель зөвшөөрөлгүйгээр чихэр авснаа түүнд хэлэв. “Абуело, намайг уучлаарай. Би дахиж тэгэхгүй, амлаж байна!” гэлээ.

Абуело Мигелийг чанга тэврэв. Мигельд хамаагүй дээр болох шиг санагдлаа.

“Шударга байсанд чинь баярлалаа. Энэ нь миний хувьд өөр бусад ямар ч зүйлээс илүү чухал зүйл юм” гэж хэлэв.

Гэр рүүгээ явж байхад нь Мигельд Абуелогийн шинэ гуталтай адил мэдрэмж төрсөн юм. Түүнд бат бөх бөгөөд амьдралд бэлэн байгаа мэт санагджээ.