2022
Хүн бүр өөрийн гэсэн түүхтэй
2022 оны 5-р сар


Хүн бүр өөрийн гэсэн түүхтэй

Ирж гэр бүлээ мөн өвөг дээдсээ олж гэртээ аваачна уу хэмээн бид таныг урьж байна.

Найзууд, ах, эгч нар аа, бид бүгд өөр өөрийн түүхтэй. Бид өөрсдийн түүхийг олж мэдсэнээр өөр хоорондоо холбогдож, нэгдэж, төлөвшдөг.

Намайг Гэррит Волтэр Гонг гэдэг. Гэррит гэдэг нь голланд нэр, Волтэр (аавын минь нэр) гэдэг нь америк нэр, тэгээд Гонг гэдэг нь мэдээж хятад нэр.

Мэргэжлийн судлаачид дэлхий дээр ойролцоогоор 70–110 тэрбум хүн амьдарч байсан гэж тооцоолдог. Тэдний дунд Гэррит Волтэр Гонг гэсэн нэртэй хүн цор ганц байж магадгүй.

Хүн бүр өөр өөрийн түүхтэй. Би “Хацар нүүрэн дээр дуслан буух бороог, хажуугаас үлээх салхийг мэдрэх”1 дуртай. Би Антарктидад оцон шувуудтай хамт паацганан алхаж байсан. Би Гватемалын өнчин хүүхдүүдэд, Камбожийн гудамжны хүүхдүүдэд, Африкийн Мара дахь маасаи эмэгтэйчүүдэд тэдний хамгийн анхных нь зургийг өгч байсан.

Би хүүхдүүдээ төрөхөд эмнэлэгт хүлээдэг байсан ба нэг удаа эмч намайг дуудаж туслуулж байсан.

Би Бурханд найддаг. “[Бид] баясгалантай байж болохын тул хүмүүн байх[ад]”2 мөн тэнгэрийн доорх бүх зүйлд тогтоогдсон цаг, үйл явдалд хугацаа буй гэдэгт3 би итгэдэг.

Та өөрийнхөө түүхийг мэддэг үү? Таны нэр ямар утга учиртай вэ? Дэлхийн хүн ам 1820 онд 1.1 тэрбум байсан бол 2020 онд бараг 7.8 тэрбум болж өссөн байна.4 1820 он түүхэн дэх эргэлтийн цэг болсон мэт харагддаг. 1820 оноос хойш төрсөн олон хүн амьд хамаатан саднаараа болон бүртгэлээр дамжуулан дээших хэд хэдэн үеэ мэддэг. Танд эмээ, өвөөтэйгөө эсвэл гэр бүлийнхээ өөр хэн нэгэнтэй өнгөрүүлсэн сайхан дурсамж байдаг уу?

Дэлхий дээр амьдарч байсан хүний тоо хэмжээ хязгааргүй биш, тэднийг нэг нэгээр нь тоолж болно. Та ч би ч, бид бүгдээрээ чухал.

Бид заримыг нь танихгүй байж болох ч бид бүгдээрээ аав, ээжээс төрсөн. Аав, ээж бүр өөр нэг аав, ээжээс төрсөн.5 Төрсөн эсвэл үрчлэгдсэн удам угсаагаараа дамжуулан бид бүгд Бурханы болон хүн төрөлхтний гэр бүлтэй холбогддог.

Миний 30-р үеийн элэнц өвөг Нэгдүгээр Драгон Гонг 837 онд төрсөн бөгөөд өмнөд Хятадад манай гэр бүлийн тосгоныг байгуулсан. Гонг тосгонд намайг анх удаа очиход хүмүүс “Вэнхан хуйлайлө” (“Гэррит эргэн ирлээ”) гэж хэлж байсан.

Миний ээжийн талын ургийн модонд мянга мянган нэр бий бөгөөд одоо ч эрж хайн нэмэх ажил хийгдэж байгаа.6 Бидэнд бүгдэд маань холбогдож болох ямар нэгэн гэр бүл байдаг. Хэрвээ та авга эгчийгээ гэр бүлийн түүхийг бүгдийг хийчихсэн гэж бодож байвал үеэлүүдээ, үеэлийнхээ үеэлүүдийг олоорой. Одоо мэдэж байгаа нэрсээ FamilySearch дээрээс хайж болох 10 тэрбум нэртэй, мөн Family Tree онлайн систем дээрх 1.3 тэрбум нэртэй холбоорой.7

Зураг
Үндэс, мөчиртэй амьд мод

Найз нөхөд, хамаатан садандаа амьд мод зур гэж хэл. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны заасанчлан, амьд мод үндэстэй бас мөчиртэй байдаг.8 Та бичигдсэн ургийн бичгийн нэг эсвэл арав дахь үеийн аль нь ч бай, өчигдрийг өнөөдөртэй холбохыг хичээ. Ургийн модныхоо үндэс, мөчрүүдийг холбоорой.9

“Та хаанахын хүн бэ?” гэх асуулт удам угсаа, төрсөн газар, эх орон эсвэл эх нутгийг асууж байгаа. Дэлхий даяарх хүмүүсийн 25 хувийг Хятад, 23 хувийг Энэтхэг, 17 хувийг Азийн бусад хэсэг болон Номхон далайн орноос мөн 18 хувийг Европ, 10 хувийг Африк, 7 хувийг Америкаас гаралтай гэж үздэг.10

Түүнчлэн “Та хаанахын хүн бэ?” гэх асуулт бурханлаг хувь заяа болон амьдрал дахь сүнслэг зорилгоо олоход биднийг чиглүүлдэг.

Хүн бүр өөрийн гэсэн түүхтэй.

Миний мэдэх нэгэн гэр бүл Канадын Виннипег дэх хуучин гэртээ буцаж очихдоо гэр бүлийнхээ таван үетэй холбогдсон байна. Тэнд өвөө нь ач хөвгүүддээ нэг өдөр гэрт нь хоёр номлогч (тэр тэднийг тэнгэрээс ирсэн элч нар гэдэг байв) Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг авч ирж, тэдний гэр бүлийн амьдралыг мөнхөд өөрчилсөн тухай ярьж өгчээ.

Миний таньдаг нэг ээж хүүхдүүдээ үеэлүүдтэй нь хамт цуглуулан, элэнц эмээгээс нь хүүхэд насныхаа тухай ярьж өгөхийг хүсжээ. Элэнц эмээгийн адал явдал, амьдралын сургамжууд одоо гэр бүлийн олон үеийг холбосон гэр бүлийн үнэлшгүй ном болсон.

Миний мэдэх нэг залуу “Аавын тухай тэмдэглэл” цуглуулж эхэлсэн байгаа. Олон жилийн өмнө аав нь машинд мөргүүлж өөд болсон юм. Одоо аавыгаа илүү сайн таньж болохын тулд энэ зоримог залуу хүүхэд насныхаа дурсамжуудыг төдийгүй гэр бүл, найз нөхдөөсөө түүхүүдийг цуглуулж хадгалж байна.

Амьдралын утга учрын талаар асуухад, ихэнх хүн гэр бүлийг нэгдүгээрт тавьдаг.11 Үүнд амьд байгаа болон өмнө нь одсон гэр бүл орно. Бид нас барсан ч оршин байхаа болихгүй. Бид хөшигний нөгөө талд үргэлжлүүлэн амьдардаг.

Одоо ч гэсэн өвөг дээдэс маань бидэнд санан дурсагдах эрхтэй.12 Бид өвөг дээдсээ аман түүх яриа, овгийн бүртгэл, гэр бүлийн дурсамж, бунхан, дурсамжийн газрууд болон гэрэл зураг, хоол, эсвэл хайртай хүмүүсийг сануулах эд өлгийн зүйлээр дамжуулан санан дурсдаг.

Одоо хаана амьдарч байгаагаа бодоод үз дээ. Танай улс орон, нутагт өвөг дээдэс, гэр бүлээ болон бидний төлөө үйлчилсэн, золиос гаргасан хүмүүсийг хэрхэн санан дурсдаг нь гайхалтай биш гэж үү? Жишээ нь, Английн Дэвоншайрын Өмнөд Молтонд болсон намрын ургацын баярын үеэр Гонг эгч бид хоёр манай Бодэн гэр бүлийн олон үеэрээ амьдарч байсан суурин газрыг мөн жижиг сүмийг олсондоо ихэд баярлаж билээ. Бид өвөг дээдэстээ зориулан ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг хийж13 мөн үе удмаа холбох15 гагнаас14 нь болсноор тэдэнд хүндэтгэл үзүүлж чадна.

“Би өөрөө өөрийгөө сонгоно” гэсэн энэ цаг үед үе удмууд учир утгатайгаар холбогдсоноор нийгэмд эерэг нөлөө гарна. Бидний үндэс угсаанд далавч хэрэгтэй байна, тухайлбал бодит харилцаа, ач холбогдолтой үйлчлэл, цахим орчин дахь хуурмаг дүрээс цааших амьдрал хэрэгтэй байна.

Өвөг дээдэстэйгээ нэгдэх нь бидний амьдралыг санаанд оромгүй байдлаар өөрчилж болно. Тэдний зовлон бэрхшээл, ололт амжилтаас бид итгэл, хүч чадал хүлээн авч чадна.16 Тэдний хайр, золиосыг хараад, бид бусдыг уучилж, урагшлах талаар суралцдаг. Бидний хүүхдүүд илүү дасан зохицох чадвартай болно. Бидэнд хамгаалалт, хүч чадал ирнэ. Өвөг дээдэстэйгээ холбогдох нь гэр бүлийн харилцаа, талархал, гайхамшгийг өсгөдөг. Ийн холбогдох нь хөшигний нөгөө талаас тусламж авчирч чаддаг.

Гэр бүлүүдээр дамжин аз жаргал ирдэг шиг зовлон шаналал ч бас ирнэ. Нэг ч хүн төгс биш, ямар ч гэр бүл мөн адил. Биднийг хайрлаж, тэтгэж, хамгаалах ёстой хүмүүс үүргээ гүйцэтгэхгүй байхад бидэнд хаягдсан, ичсэн, гомдсон мэдрэмж төрдөг. Гэр бүл хоосон хальс мэт болдог. Гэвч тэнгэрийн тусламжтайгаар бид гэр бүлтэйгээ ойлголцож, нэг нэгэнтэйгээ эвлэрч чадна.17

Хязгааргүй үргэлжлэх гэр бүлийн харилцаандаа тууштай байх амлалт нь заримдаа бидэнд хүнд хэцүү зүйлсийг биелүүлэхэд тусална. Заримдаа эргэн тойрны хүмүүс гэр бүл маань болох ч тохиолдол бий. Гэр бүл нь ойр ойрхон нүүдэг асуудалтай, ер бусын нэгэн залуу эмэгтэй хаа очсон газраа түүнийг хайрлаж дэмждэг Сүмийн гэр бүлүүдийг олж байсан. Ген болон гэр бүлийн байдал бидэнд нөлөөлдөг боловч тэдгээр нь биднийг тодорхойлдоггүй.

Бурхан бидний гэр бүлийг аз жаргалтай байж, мөнхөд үргэлжлээсэй хэмээн хүсдэг. Хэрэв бид бие биеэ гомдоодог бол үүрд мөнх гэдэг нь тун ч удаан хугацаа юм. Бидний аз жаргалтай харилцаа энэ амьдралаар төгсдөг бол энэ нь тун ч ахархан амьдрал байна. Есүс Христ биднийг өөрчилж18, бидний харилцааг эдгээхийн тулд ариун нандин гэрээнүүдээр дамжуулан Өөрийн хайр, хүч чадал, ач ивээлийг өгдөг. Дотнын хүмүүсийнхээ төлөө ариун сүмд амин хувиа үл хичээн үйлчилснээр Аврагчийн Цагаатгал бидэнд төдийгүй тэдэнд бодитой болж ирдэг. Ариусгагдсан бид Бурханы оршихуйд мөнхөд нэгдсэн гэр бүл болон эргэн очиж чадна.19

Бидний хүн нэг бүрийн түүх одоо ч бичигдэж байгаа бөгөөд шинээр нээж, бүтээж, төсөөлөөгүй боломжуудад ч хүрэх боломжтой.

Ерөнхийлөгч Иосеф Смит “Дэлхий дээр цэдэглэдэг буюу холбодог хүч нь тэнгэрт ч мөн холбодог хэмээн бид ярьдаг нь нэн зоримог номлол юм гэж заримд нь санагддаг байж болох юм”20 гэж хэлжээ. Бидний энд үүсгэдэг харилцаа тэнд агуу алдар сууд орших боломжтой.21 “Бид [өөрсдийн гэр бүлгүйгээр] төгс болгогдож чадах нь үгүй; мөн тэд ч бидэнгүйгээр төгс болгогдож чадах нь үгүй,” энэ нь “бүхэл хийгээд бүрэн дүүрэн мөн төгс нэгдэл.”22

Бид одоо юу хийж чадах вэ?

Нэгдүгээрт, та өөрийн тусгалыг үүрд мөнхийн хоёр толинд нааш цааш ойж байна гэж төсөөл. Нэг чиглэлд нь та өөрийгөө охин, ач охин, гуч гэж төсөөл, нөгөө чиглэлд авга эгч, ээж, эмээ болсон гээд инээмсэглэн төсөөл. Цаг хугацаа ямар хурдан өнгөрдөг гээч! Цаг хугацаа, үүрэг хариуцлага бүрд чинь хэн чамтай хамт байгааг анзаараарай. Тэдний гэрэл зураг, түүхийг цуглуулж, дурсамжуудыг нь бодит болгоорой. Тэдний нэр, тэдэнтэй өнгөрүүлсэн туршлага, чухал өдрүүдийг тэмдэглэж ав. Тэд бол таны гэр бүл буюу танд байгаа, таны хүсдэг гэр бүл юм.

Гэр бүлийн гишүүдийнхээ төлөө ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэснээр Елиагийн сүнс, гэр бүлийн тэнгэрлэг мөн чанарыг гэрчлэгч Ариун Сүнсний нотолгоо23 таны аав, ээжийн болон хүүхдүүдийн тань зүрх сэтгэлийг хайраар холбох болно.24

Хоёрдугаарт, адал явдалт гэр бүлийн түүхийн ажлыг зорин байж, сайн дураараа хийгээрэй. Эмээтэйгээ утсаар ярь. Шинэ төрсөн хүүхдийн нүд рүү гүн ширтэж хар. Амьдралынхаа шат бүрд цаг гаргаж, мөнхийн зүйлсийг олж байгаарай. Гэр бүлийнхээ удам угсааны талаар сурч мэдэж, тэдний түүхийг үнэнээр нь талархан хүлээн ав. Сайн зүйлсийг нь магтан дэлгэрүүлж, саар мууг нь даруухнаар тэвчин өнгөрүүлдэг бай. Танаас сайн зүйлс эхэлдэг байгаасай.

Гуравдугаарт, FamilySearch.org сайт руу орж үз. Боломжтой мобайл аппликэйшнуудыг татаж ав. Эдгээр нь үнэгүй бас хөгжилтэй. Хайж ол, холбогд, нэгд. Өрөөнд байгаа хүмүүстэй ямар хамааралтайгаа мөн үндэс, мөчрүүдийг олж, гэр бүлийн амьд модондоо нэр нэмэх нь хэчнээн хялбар бөгөөд сэтгэл ханамжтай байдгийг ирж үзээрэй.

Дөрөвдүгээрт, гэр бүлүүдийг мөнхөд холбогдоход тусал. Тэнгэрт хэдэн хүн байгааг сана. Хөшигний нөгөө талд хавьгүй олон хүн байгаа. Ариун сүмүүд бидэнд илүү ойртож байгаа энэ үед ариун сүмийн ёслолоо хүлээж буй тэдэнд ёслолыг нь үйлдэж өгөөрэй.

Есүс Христийн амилсны баяр нь бидэнд Есүс Христээр дамжуулан өөрсдийн хамгийн сайн түүхийг бичиж, гэр бүл маань аз жаргалтай болж, үүрд мөнхөд хамт байж чадна гэдгийг амладаг. Бидний бүх үе удамд Есүс Христ гашуудсаныг эдгээж, олзлогдогсдыг суллаж, гэмтсэнийг эрх чөлөөтэй болгодог.25 Бурхантай мөн нэг нэгэнтэйгээ байгуулсан гэрээний дагуу26 бидний сүнс, бие махбод амилуулалтаар дахин нэгдэж, бидний хамгийн үнэ цэнтэй харилцаа үхлээс цаашид баяр баяслаар дүүрэн үргэлжлэх боломжтой гэдгийг бид мэддэг.27

Хүн бүр өөрийн гэсэн түүхтэй. Ирж өөрийнхөө түүхийг олоорой. Ирж Түүнтэй хорших өөрийн дуу хоолой, дуу, хөгийг олоорой. Энэ нь Бурхан тэнгэр ба газрыг бүтээж, энэ нь сайн болсон гол шалтгаан мөн.28

Бурханы аз жаргалын төлөвлөгөө, Есүс Христийн Цагаатгал, Түүний сайн мэдээг болон Сүмийн үргэлжилсээр буй Сэргээлтийг магтъя. Ирж гэр бүлээ мөн бүх өвөг дээдсээ олж гэртээ аваачна уу хэмээн бид таныг урьж байна. Есүс Христийн ариун бөгөөд эрхэм нандин нэрээр, амен.

Эх сурвалж

  1. “Тэнгэрлэг Эцэг минь надад хайртай,” Хүүхдийн дууны ном, 16–17.

  2. 2 Нифай 2:25

  3. Номлогчийн үгс 3:1-ийг үзнэ үү.

  4. United Nations Secretariat, The World at Six Billion (1999), 5, table 1; “World Population by Year,” Worldometer, worldometers.info дээр үндэслэв.

  5. Олон хүн өөрийг нь төрүүлээгүй ч дотносон дасах, үрчлэн авах, лацдан холбох ариун гэрээнүүдээр дамжуулан нэг гэр бүл болсон эцэг эхээр адислагдсан байдаг.

  6. Маш олон гэр бүлийн нэрсийг гэр бүлийн модонд оруулах арга замыг нээж өгч байгаа хүмүүст би талархаж байгаагаа илэрхийлье.

  7. 2021 онд 99 сая гаруй нэрийг нийтийн гэр бүлийн модонд оруулжээ. 2.4 сая хуйлмал хальсан дээр буй 37 тэрбум нэрийг (зарим нь давхардсан) саяхан цахим болгож дуусгалаа. Эдгээр хувь хүний нэрийн бүртгэлүүдийг хайж олж, хүн төрөлхтний гэр бүлийн модонд нэмж оруулах боломжтой болсон.

  8. Russell M. Nelson, “Roots and Branches,” Liahona, May 2004, 27–29-ийг үзнэ үү.

  9. Үнэндээ бид гэр бүлийн амьд модоо томруулахын хэрээр мэдээллийн нууцлалд болон гэр бүлийн амьд, мөн нас барсан гишүүдийн зарцуулсан цаг хугацаанд 100 хувь хүндэтгэлтэй хандах ёстой.

  10. Дэвид Квиметт эдгээр тоог Ангус Мэддисон дээр үндэслэн гаргасан, The World Economy: A Millennial Perspective (2001), 241, table B-10.

  11. Laura Silver, et al., “What Makes Life Meaningful? Views from 17 Advanced Economies,” Pew Research Center, Nov. 18, 2021, pewresearch.org.

  12. 1 Нифай 9:5, 1 Нифай 19:3, Мормоны үгс 1:6–7-г мөн Алма 37:2 дээр “мэргэн зорилгын тулд” болон ирээдүй үеийнхнийг адислахын тулд цэдгүүдийг хөтлөх, дурсан санах тухай гардаг.

  13. Рассэлл М.Нэлсон ба Вэнди В.Нэлсон, “Ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажлаар дамжуулан тэнгэрийг нээ,” Лиахона, 2017 оны 10-р сарыг үзнэ үү. “RootsTech Family Discovery Day—Opening Session 2017” (video), ChurchofJesusChrist.org-ыг үзнэ үү.

  14. Сургаал ба Гэрээ 128:18-ыг үзнэ үү.

  15. Gordon B. Hinckley, “Keep the Chain Unbroken” (Brigham Young University devotional, Nov.30, 1999), 3, speeches.byu.edu. Гордон Б.Хинклигийн хэлсэн үгийг Дэвид А.Бэднар эш татав, “Гагнагч холбоос” (залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2017 оны 9-р сарын 10), broadcasts.ChurchofJesusChrist.org.

  16. Жишээлбэл, манай гэр бүлийн хувьд, Английн Дэвоншайрын Хэнри Бодэн нь Сара Ховардтай гэрлэсэн бөгөөд Сара гэр бүлтэйгээ Сүмд нэгдсэний дараа цагаачлан ирсэн юм. Сараг өсвөр насандаа Сэйнт Лүис хотод амьдарч байхад нь аав, ээж бас таван ах дүү нь нас баржээ. Хэнри, Сара хоёр 10 хүүхэдтэй байв. Түүнчлэн Сара Хэнригийн анхны эхнэр Анн Ирландыг нас барсны дараа 6 хүүхдийг нь өсгөсөн билээ. Сара бэрээ нас барсны дараа, үлдсэн хоёр ач охиноо мөн өсгөжээ. Амьдралд олон бэрхшээлтэй тулгарсан ч Сара сайхан сэтгэлтэй, хайр энэрлээр дүүрэн, маш хөдөлмөрч нэгэн байсан. Хүмүүс түүнийг хайрлан “Жаахан эмээ” гэж дууддаг байв.

  17. Хэдий хэцүү ч гэлээ, бид Христийн тусламжтайгаар өөрсдийгөө төдийгүй бусдыг уучилснаар “Бурханы хүүхдүүд” (Матай 5:9) болдог.

  18. Жишээ нь, Мозая 3:19-ийг үзнэ үү.

  19. Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

  20. Сургаал ба Гэрээ 128:9

  21. Сургаал ба Гэрээ 130:2-ыг үзнэ үү.

  22. Сургаал ба Гэрээ 128:18

  23. Russell M. Nelson, “A New Harvest Time,” Ensign, May 1998, 34; Russell M. Nelson and Wendy W. Nelson, “Open the Heavens through Temple and Family History Work,” 16–18-ыг үзнэ үү.

  24. Мозая 18:21-ийг үзнэ үү.

  25. Лук 4:18-ыг үзнэ үү.

  26. Гэр бүл гэдэг үгийг еврей хэлээр мишпача гэдэг бөгөөд үгийн үндэс нь (шафа) “нэгдэх эсвэл нийлүүлэн холбох” гэсэн утгатай гэж би сонссон. Гэр бүл доторх бүх хүн гэр бүлийн холбоог бат бэх болгох зорилготой.

  27. Сургаал ба Гэрээ 88:15–16, 34; 93:33; 138:17-г үзнэ үү.

  28. Эхлэл 1:4, 31-ийг үзнэ үү.