2017
Ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажлаар дамжуулан тэнгэрийг нээ
October 2017


Ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажлаар дамжуулан ТЭНГЭРИЙГ НЭЭ

2015 оны 2-р сарын 11-нд АНУ-ын Юта мужийн Солт Лэйк хотод болсон RootsTech Гэр бүлийн түүхийн чуулганы үеэр хэлсэн үгээс авав. Англи, португаль, испани хэл дээрх бичлэгийг үзэхийн тулд lds.org/go/1017Nelson руу орно уу.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, түүний эхнэр хоёр 2017 онд тавьсан RootsTech толилуулгынхаа үеэр хожмын үеийн гэгээнтнүүдийг залбиран, ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажлыг илүү сайн хийхийн тулд ямар золиослол хийж болох талаараа тунгаан бодоход урьсан юм.

Зураг
President and Sister Nelson

Ерөнхийлөгч Нэлсон: Өвөө А.К.Нэлсон маань дөнгөж 27 настай аав, нөхөр байхдаа аавыгаа алдсан юм. Түүнээс хойш гурван сарын дараа тэр нас барсан эцэг нь болох элэнц өвөөг нь зүүдэлжээ. Тийнхүү зүүдэнд нь зочилсон өдөр 1891 оны 4-р сарын 6-ны шөнө байсан юм. Аав нь ирсэнд сэтгэл нь ихэд хөдөлсөн Нэлсон өвөө энэ тухайгаа гэр бүл, найз нөхдөдөө зориулан тэмдэглэн бичиж үлдээжээ.

“Намайг орондоо байж байтал аав өрөөнд орж ирэв. Тэрээр орж ирээд, орны захад суун, “За, хүү минь, надад хэдхэн минутын зав гарсан болохоор чамтай хэдхэн хором уулзах зөвшөөрөл авсан юм. Би сайн байна аа, хүү минь. Нас барснаасаа хойш би маш их зүйл хийж байна” гэж хэлжээ.

Нэлсон өвөөг ааваасаа юу хийж байсныг асуухад тэрээр

“Хүү минь, чи сайн мэдээг хүлээн аваагүй хэчнээн олон сүнс сүнсний дэлхийд байдгийг төсөөлөх ч үгүй. Гэхдээ олон нь хүлээн авч байна. Агуу ажил гүйцэлдэж байна. Олон сүнс амьд байгаа найз нөхөд нь ариун сүмд тэдний өмнөөс ёслол гүйцэтгэхийг тэсэн ядан хүлээж байна” гээд сүнсний дэлхийд Есүс Христийн сайн мэдээг заагаад завгүй байсан гэж хариулсан аж.

Нэлсон өвөө аавдаа “Бид боломж гарангуут ариун сүм ороод, тантай лацдан холбуулах бодолтой байгаа” гэж хэлжээ.

Гэтэл элэнц өвөө маань “Энэ л яг миний чамтай уулзах гэсэн зорилго шүү дээ. Бид гэр бүл болж, мөнхөд амьдрах болно” хэмээн хариулжээ.

Тэгэхэд Нэлсон өвөөг “Аав аа, Сүмийн зааж байгаа сайн мэдээ үнэн үү?” гэж асуухад

аав нь унтлагын өрөөний ханан дээр байсан Тэргүүн Зөвлөлийн зураг руу заагаад,

“Миний хүү, чи энэ зургийг харж байгаатай адил сайн мэдээ үнэн гэдэг нь баттай. Есүс Христийн сайн мэдээ сайн мэдээг дагадаг эрэгтэй, эмэгтэй бүх хүнийг аврах хүчийг өөртөө агуулдаг бөгөөд өөр ямар ч арга замаар Бурханы хаант улс дахь авралыг хүлээн авч чадахгүй. Хүү минь, сайн мэдээнээс үргэлж зууран барь. Даруу бай. Залбирдаг бай. Санваарт дуулгавартай бай. Үнэнч бай. Бурхантай хийсэн гэрээндээ үнэнч бай. Бурханы таалалд нийцэхгүй зүйл хэзээ ч битгий хий. Сайн мэдээ ямар гайхалтай адислал гээч! Хүү минь, сайн хөвгүүн байгаарай” гэж хэлжээ.

Зураг
A.C. Nelson and father

А.К.Нэлсон, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны өвөг эцэг.

Зургийг Бион Торкэлсон; арын дэвсгэр, гар утас, таблетын дүрсийг Getty Images-аас авав

Нэлсон эгч: Би энэ бүх б-д их дуртай. “Даруу бай. Залбирдаг бай. Санваарт дуулгавартай бай. Үнэнч бай. Бурхантай хийсэн гэрээндээ үнэнч бай. … Сайн хөвгүүн бай.” Алсад одсон элэнц өвөөгөөс чинь ирсэн зургаан б. Түүнийх ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн (1910–2008) зургаан б-тэй1 яг адилхан сонсогдож байна.

Ерөнхийлөгч Нэлсон: Тийм шүү, адилхан байгаа биз? Өвөө маань бидэнд энэ цэдгийг үлдээсэн нь миний хувьд маш үнэ цэнтэй зүйл юм. Бид элэнц өвөг маань хүүхдүүдтэйгээ дараа нь лацдан холбуулсан гэдгийг олж мэдсэн. Түүний айлчлан ирсэн зорилго ийнхүү гүйцэлдсэн юм.

Елиагийн сүнс

Ерөнхийлөгч Нэлсон: Судрууд дахь агуу ач холбогдолтой нэгэн нэр гэр бүл яагаад тийм их ач холбогдолтой байгааг тайлбарладаг. Тэр нэр бол Елиа юм. Еврей хэлний ЕЛ-И-А гэсэн үг нь үгчилбэл “Жехова бол миний Бурхан юм”2 гэсэн утгатай. Үүнийг бодоод үз дээ! Елиагийн нэрүүдэд тусгасан еврей үгс Эцэгийг ч, Хүүг ч илэрхийлдэг.

Нэлсон эгч: Елиа бол Есүс Христийг ирэхээс өмнөх үед Мелкизедек санваарын лацдан холбох эрх мэдлийг атгаж байсан хамгийн сүүлчийн бошиглогч байсан. Елиагийн зорилго бол хүүхдүүдийн зүрх сэтгэлийг эцгүүд рүү нь, эцгүүдийн зүрх сэтгэлийг хүүхдүүд рүү нь эргүүлэх явдал байсан бөгөөд ингэснээр тэд холбогдох боломжтой болно, эс бөгөөс “түүний ирэлтээр бүх дэлхий бүрмөсөн устгагдах болно” (Иосеф Смит—Түүх 1:39; тодотгол нэмэгдсэн). Энэ бол маш хүчтэй үг юм.

Ерөнхийлөгч Нэлсон: Би Елиагийн сүнсийг “гэр бүлийн мөнхийн шинж чанарыг гэрчилдэг Ариун Сүнсний нотолгоо гэж бодох дуртай.”3 Библийн толь бичигт тодорхойлсончлон “Елиагийн хүч бол санваарын хүчээр газар дээр холбосон, цуцалсан зүйлийг тэнгэрт холбож, цуцалдаг хүч юм” (Елиа.)

Нэлсон эгч: Бид Елиагийн сүнс нас барсан өвөг дээдсээ хайж олоход урамшуулснаар хүмүүст нөлөөлдөг гэж хэлж байхдаа Ариун Сүнс гэр бүлүүдийг мөнхөд холбогдох боломж олгогч зүйлсийг хийхэд өдөөн урамшуулдаг гэж хэлж байгаа гэсэн үг.

Ерөнхийлөгч Нэлсон: Гэр бүлд тохиолдсон үйл явдал, түүхийг хүртээмжтэй бөгөөд дурсамжтай арга замаар ярьснаар хүүхдүүдийн зүрх сэтгэлийг эцгүүд рүү нь эргүүлэх нь гайхамшигтай хэрэг юм. Гэр бүлийн түүхийн холбогдолтой бичээс, түүх, гэрэл зураг, дурсгалт зүйлсээ нүдэн дээрээ үргэлж байлгах нь бидний гэрчлэлийг хүчирхэгжүүлэх боломжтой (Moзая 1:5-ыг үзнэ үү). Бид тэдгээрийг хана, ширээ, компьютер, Ipad, гар утсан дээрээ тавьж байрлуулснаар илүү сайн сонголт хийх, Их Эзэнд болон гэр бүлдээ илүү ойртох урам авч байх магадлалтай.

Хэрэв бид үүнээс илүү зүйлийг хийхгүй юм бол үнэхээр хангалттай зүйл хийгээгүй гэсэн үг. Сүмийн гишүүд бидний гэр бүлийн түүхийн ажлаа хийх хүсэл сонирхол бидэнгүйгээр өвөг дээдэс маань, тэдэнгүйгээр бид төгс болгогдохгүй гэсэн Их Эзэний заавраар өдөөгдөн гарсан (С ба Г 128:15-ыг үзнэ үү). Энэ нь бид ариун сүмийн ариун нандин лацдан холбох ёслолуудаар хамтдаа холбоотой байх боломжтой гэсэн үг. Бид өвөг дээдсээсээ хойч үе хүртэлх гинжин хэлхээсийн хүчтэй холбоо нь байх ёстой. Бид түүх, зураг цуглуулаад л ажил маань дууссан гэж бодох юм бол, хэрэв бид өвөг дээдсээ хэн байсныг нь болон тэдний тухай гайхамшигт зүйл мэддэг хэдий ч тэдний ёслолыг гүйцэтгэлгүй нөгөө талд хаягдсан хэвээр үлдээвэл ийм хобби нь сүнсний шоронд хоригдсон өвөг дээдэст маань ямар ч тус болохгүй.

Нэлсон эгч: Өвөг дээдсийнхээ түүхийг хадгалах нь чухал хэдий ч өвөг дээдсийнхээ ёслолын ажлыг дуусгалгүй орхиж болохгүй. Бид өвөг дээдсийнхээ ёслолыг гүйцэтгэхийн тулд зохих мэдээлэл цуглуулах цаг гаргах хэрэгтэй.

Зураг
couple looking at computer screen

Ерөнхийлөгч Нэлсон: Энэ нь бид ердийн үедээ бусад үйл ажиллагаанд зарцуулдаг цагаа золиосолно гэсэн үг юм. Бид ариун сүмд болон индексжүүлэлт гэх мэт гэр бүлийн түүхээ судлахад илүү цаг зарцуулдаг байх хэрэгтэй.

Нэлсон эгч: Золиослол үнэндээ тэнгэрийн адислалуудыг авчирдаг.4 Би Бурхантай гэрээ хийх, чухал ёслолуудаа хүлээн авахад бэлэн болсон гэж надад итгэлтэй санагдсан өвөг дээдсээсээ олон хүнийг олох боломжоор адислагдсан билээ. Дааж давшгүй төсөл дээр ажиллаж байхад маань цаг зав, эрч хүч байхгүй болж, санаа бодол огт төрдөггүй бөгөөд өвөг дээдсийнхээ ёслолд шаардлагатай мэдээлэл цуглуулах, тэднийг төлөөлөн ариун сүмд орох зэрэгт цаг зарцуулж, золиослох үед тэнгэр нээгдэж, эрч хүч болоод санаа бодол ундран гарч байсныг цаг хугацаа өнгөрөх тусам би ухаарсан. Ямар нэг байдлаар ажлаа товлосон хугацаандаа амжуулах хангалттай цаг надад байдаг байлаа. Огт боломжгүй байсан ч ийм зүйл ямагт тохиолдож байв. Ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажил энэ дэлхийнх бус тийм баяр баясгаланг надад авчирдаг.

Гэр бүлийн түүхийн болон номлолын ажил

Ерөнхийлөгч Нэлсон: Хэрэв би өнөөдөр номлол хийж байсан бол тойргийн номлолын удирдагч, тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөх хоёрыг хамгийн сайн найзаа болгох байсан.

Хүмүүст өвөг дээдсийнхээ талаар ямар нэг зүйл мэдэх төрөлхийн хүсэл эрмэлзэл байдаг. Энэ нь манай номлогчдод сайхан боломж болдог. Номлогчид заадаг хүмүүсээ хайрлахад суралцаж байх үедээ тэдний гэр бүлийн талаар асуулт тавьдаг. “Танай эцэг эх одоо байгаа юу? Эмээ, өвөө чинь байгаа юу? Чи эмээ, өвөөгийнхөө тухай мэдэх үү?” Номлогчидтой ярилцах эрмэлзэлтэй хүмүүсээс хайртай хүмүүсийнх нь талаар ярихыг хүсэхэд харилцан яриа хялбархан өрнөдөг.

Яг ийм үед номлогчдын хувьд “Та элэнц өвөө, эмээгийнхээ аль нэгийг мэдэх үү? Тэдний нэрийг мэдэх үү?” гэж асуух нь жирийн л хэрэг. Сүм сонирхож байгаа хүмүүс дөрвөн үеэ мэддэггүй байх магадлалтай.

Тэр үед номлогчид “Танд тусалж чадах нэг найз Сүмд бий. Хэрэв бид зарим нэгнийх нь нэрийг юм уу элэнц эцэг эхээ бүгдийг нь олж чадвал та тэдний хэн байсныг мэдэхэд хоёроос гурван цаг зарцуулах хэрэгтэй байх байсан даа?” гэж хэлж болох юм. Сүмийн тэр найз маань мэдээж тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөх юм шүү дээ.

Нэлсон эгч: Номлогчид Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний үнэнийг хүлээн авах хүмүүсийг олж заах үедээ хэзээ ч ганцаараа биш байдаг гэдгийг мэдэх нь тайвшруулах зүйл юм. Сүмийн ерөнхийлөгчийн зөвлөхөөр үйлчилж байсан ерөнхийлөгч Жорж К.Кэннон (1827-1901) энэ хожмын өдрүүдэд Сүмд нэгдэж буй хүмүүс өвөг дээдэс нь чухал ёслолуудаа итгэмжлэгдсэн нэгнээр хүлээн авах боломжтой байхын тулд үр удмаасаа хэн нэгнийг Сүмд нэгдээсэй гэж залбирдаг байсан учраас нэгдэж байдаг хэмээн заасан.5

Өргөмжлөл: Гэр бүлийн үйл хэрэг

Зураг
Family outside the Accra Ghana Temple

Ерөнхийлөгч Нэлсон: Өргөмжлөл бол гэр бүлийн үйл хэрэг юм. Зөвхөн Есүс Христийн сайн мэдээний авралын ёслолуудаар дамжуулан гэр бүлүүд өргөмжлөгдөх боломжтой. Бидний хичээж тэмүүлж буй эцсийн зорилго бол хувийн хишгээ хүртэн, лацдан холбуулж, Бурханы оршихуй дахь мөнх амьдралд бэлтгэгдсэн аз жаргалтай гэр бүлтэй байх явдал юм.

Нэлсон эгч: Бидний хамрагддаг Сүмийн анги, бидний хийдэг үйлчлэл, Бурхантай хийсэн бүх гэрээ, хүлээн авдаг санваарын ёслол болгон мөн Сүм дээр бидний хийдэг бүх зүйл биднийг Их Эзэний өргөө болох ариун сүм рүү хөтөлдөг. Гэр бүлийн хос болон тэдний хүүхдүүд гэрээгээ сахих юм бол лацдан холбох ёслолоор дамжуулан маш их хүч боломжтой болдог.

Ерөнхийлөгч Нэлсон: Бид өдөр болгон хэрхэн бодож сэтгэж, ярьж, үйлдэж байгаагаараа мөнхөд хаана амьдрахаа сонгож байдаг. Тэнгэрлэг Эцэг маань Түүний ажил болон алдар суу нь “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” явдал хэмээн тунхагласан (Мосе 1:39-ийг үзнэ үү). Гэхдээ Тэрээр биднийг Өөр дээр нь буцаж ирэх сонголтыг хийгээсэй хэмээн хүсэж байдаг. Тэрбээр биднийг ямар ч байдлаар хүчлэхгүй. Бид гэрээгээ хэр сайн сахиж байгаагаараа Түүнд буцаж очих хэр их хүсэлтэй байгаагаа харуулдаг. Өдөр бүр бид мөнх амьдралын алдар суут боломжинд илүү ойртож эсвэл илүү холдож байдаг. Бид гэрээгээ сахих, өдөр бүр наманчлах, Аврагчтайгаа илүү адил болохыг эрэлхийлэх хэрэгтэй байдаг. Зөвхөн үүнийг хийсэн үед л гэр бүлүүд мөнхөд хамтдаа байх болно.

Нэлсон эгч: Та нарын амьдрал одоо хэчнээн гайхамшигтай эсвэл урам хугарам, зүрх шимшрэм байгаа ч ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажилд оролцсоноор амьдрал чинь дээрдэх болно гэсэн гэрчлэл надад байна. Яг одоо та нарын амьдралд юу хэрэгтэй байна вэ? Илүү их хайр уу? Илүү баяр баясгалан уу? Илүү сайн өөрийгөө захирах чадвар уу? Илүү амар амгалан уу? Илүү утга учиртай цаг мөчүүд үү? Таны өөрчлөлт хийж байгаа гэсэн илүү хүчтэй мэдрэмж үү? Эсвэл илүү хөгжил хөөр үү? Бодгалийнхаа асуултууддаа илүү их хариулт авмаар байна уу? Бусадтай зүрх сэтгэлээрээ илүү холбоотой баймаар байна уу? Уншиж буй судраа илүү сайн ойлгомоор байна уу? Хайрлах, уучлах илүү сайн чадвар хэрэгтэй байна уу? Бурханы хүчээр илүү их залбирч чаддаг баймаар байна уу? Ажил төрөл, хийж байгаа бусад төсөл дээрээ илүү шинэ соргог бүтээлч санаа гаргах хэрэгтэй байна уу? Үнэхээр чухал гэсэн зүйлдээ илүү их цаг гаргах хэрэгтэй байна уу?

Ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажилд зарцуулах цагаа нэмэгдүүлж, Их Эзэнд цагаа золиослооч хэмээн би та нараас гуйж байна. Тэгээд юу тохиохыг хүлээ. Бид өвөг дээдэстээ туслахдаа нухацтай хандаж байгаа гэдгээ Их Эзэнд харуулах үед тэнгэр нээгдэн, хэрэгтэй зүйлээ хүлээн авах болно гэдгийг би гэрчилж байна.

Ерөнхийлөгч Нэлсон: Бид бусдын ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажлын талаарх туршлагаас бүхэл өдрийн турш сүнслэг урам авч болно. Гэхдээ бид өөрсдөө тэрхүү баяр баясгаланг бодитой мэдрэхийн тулд ямар нэг зүйл хийх ёстой. Энэхүү ажлыг мэдрэх гайхамшигтай мэдрэмжийг үргэлжлүүлэх, улмаар өсгөн нэмэгдүүлэх боломжтой гэсэн уриалгыг би та нарын хүн нэг бүрд өгөхийг хүсэж байна. Би та нарыг энэ жил ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажлыг илүү сайн хийхийн тулд тэр тусмаа цаг заваа зарцуулах гэх мэт ямар ямар золиослол гаргаж болох талаар залбирч, тунгаан бодоосой гэж урьж байна.

Бид Бүхнийг Чадагч Бурханы ажилд оролцдог. Тэр амьд. Есүс бол Христ. Энэ бол Түүний сүм бөгөөд бид Түүний сүнсэн хүүхдүүд. Тэр бидэнд үргэлж санаа тавьдаг.

Эшлэлүүд

  1. Гордон Б.Хинкли, “A Prophet’s Counsel and Prayer for Youth,” Лиахона, 2001 оны 4-р сар, 30-41.

  2. Bible Dictionary, “Elijah.”

  3. Рассэлл M.Нэлсон, “A New Harvest Time,” Ensign, 1998 оны 5-р сар, 34.

  4. “Тэр хүнийг магтъя,” Дуулал, х. 50

  5. Gospel Truth: Discourses and Writings of President George Q. Cannon, comp. Жэррэлд Л.Ньюкист, 2-р боть, (1974), 2:88–89-ийг үзнэ үү.