2017
Будааны бялууны бизнесээ өргөжүүлсэн минь
October 2017


Будааны бялууны бизнесээ өргөжүүлсэн минь

Лордита Яагомём

Филиппиний Мисамис Оксидэнтал

Зураг
rice cakes

Зураг чимэглэлийг Кэролин Виббэрт

Би хүүгээ номлолд явуулахыг хүсэж байсан ч долоо хоногт нэг кг бибингка (будааны бялуу) борлуулж байсан маань хангалтгүй байлаа.

Хүү маань гэр бүлдээ санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр тусалж байсан бөгөөд номлолд гарах үедээ биднийг санхүүгийн хувьд санаа амар үлдэхгүй нь хэмээн санаа зовж байжээ. Манай гэр бүлийн хувьд мөнгө олох байнга л хэцүү байв. Их Эзэнд үйлчлэх зөв шударга хүсэлтэй хорин таван настай хүүгээрээ би бахархаж байсан ч номлолд үйлчлэх түүний мөрөөдөл биелэхэд ямар нэг гайхамшиг хэрэгтэй гэдгийг ойлгож байлаа.

Ингээд би Бие даах чадвар хөгжүүлэх бүлэгт нэгдсэн юм. Би идэвх санаачилгатай байж, итгэлээ хөгжүүлснээр гэр бүл маань адислагдана гэдгийг мэдэж байв. Нэгэн удаа Бие даах чадвар хөгжүүлэх бүлгийн сургалтын үеэр зах дээр гарах хэрэгтэй гэсэн мэдрэмж надад төрсөн юм. Тэнд би эмэгтэйчүүд нутгийнхны хийдэг хөнгөн зуушийг зарж байгааг хараад, нэг эмэгтэйтэй ярьж тохиров. Би түүнд бүтээгдэхүүнээ өглөөдөө авчирч өгөөд, оройдоо ирж орлогоо авах болно гэж хэлэв. Ингэж тохиролцсон нь бид хоёрын хэн хэнд ашигтай байлаа. Тун удалгүй би өөр олон борлуулагч олж авав. Би Бие даах чадвар хөгжүүлэх сургалтад хамрагдаж байхдаа л арван борлуулагчтай болж, бизнес маань өргөжиж билээ.

Би хувийн мөнгөө бизнесийн мөнгөнөөсөө тусад нь байлгах, өөртөө цалин өгөхөд суралцсан. Зарагддаггүй бүтээгдэхүүн хийн цагаа үрэхээ больж, ашигтай зүйлд гол анхаарлаа төвлөрүүлж сурав. Бас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр маркетинг хийхэд суралцав. Бие даах чадвар хөгжүүлэх бүлгийн маань хамтрагч надад фэйсбүүк дээр хаяг нээхэд тусалсан юм. Тэндээс бид бүтээгдэхүүнийг худалдааны тэмдэгттэй болгох тухай мөн баглаа боодлын талаар олж мэдсэн. Миний бизнес өргөжин, нөхөр минь биеийн хүчний ажлаасаа гарч надтай хамт ажиллах болов.

Саяхан нэг хүн надаас борлуулалт хэр байгааг асуусан. Би 12 кг будааны бялуу борлуулж байгаагаа бахархалтай нь аргагүй хэлэв.

Түүнийг “Долоо хоногт 12 кг гэдэг маш сайн байна шүү” гэж хэлэхэд,

би “Үгүй дээ, ах минь. Би өдөр бүр 12 кг-ийг борлуулдаг” гэж хариулсан.

Бизнес маань гэр бүлийнхээ хэрэгцээг хангаж байгаад баяртай байгаагаа хүү минь хожим дуулгаж билээ.

Тэрээр “Би одоо л бүрэн цагийн номлолд үйлчилж болох юм шиг байна” гэж хэлсэн юм.

Миний хүү одоо Филиппинийн Сан Пабло номлолд үйлчилж байна. Би Бие даах чадвар хөгжүүлэх хөтөлбөрт маш их талархдаг. “Өөрийн гэгээнтнүүдийг хангах нь миний зорилго болой” (С ба Г 104:15) хэмээн Их Эзэн үнэхээр хангана гэдгээ айлдсан.