2017
Залуу төлөөлөгчдөөс залуучуудад зориулан өгсөн таван зөвлөмж
October 2017


Залуу төлөөлөгчдөөс залуучуудад зориулан өгсөн таван зөвлөмж

Бид Сэргээлтийн анхны төлөөлөгчдийн туршлагаас ямар ямар сургамж авч болох вэ?

Тэд 23-аас 25 настай байсан бөгөөд дэлхийг өөрчлөхөд тусалсан. Сэргээгдсэн Сүмийн анхны төлөөлөгчид залуу хүмүүс байсан. Тэдний зарим нь өөрсдийгөө хангалтгүй гэж голж байв. Зарим нь алдаа гаргаж байсан. Гэвч тэд бүгд ямар нэгэн өөрчлөлтийг авчирсан юм. Тэдний туршлагаас сурч болох таван сургамж байдаг.

1. Та нар хангалттай сайн байхын тулд хангалттай сайн байна гэж мэдрэх шаардлагагүй

Зураг
Heber C. Kimball

Зураг чимэглэлийг Элизабэт Тайэр

Хибэр С.Кимбалл 1835 оны 2-р сард Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад дуудагдахдаа өөрийгөө голж байжээ. Тэр Сүмд нэгдээд гурван жил болоогүй байсан бөгөөд 33 настай байлаа.

“Би үүнийг зүүдлээ ч үгүй” гэж Хибэр хожим нь дурссан байдаг.1 Гэвч тэр дуудлага хүлээн авахад бэлэн байсан бөгөөд томилох адислал дээрээ “сая сая хүн өөрийнх нь хүч нөлөөгөөр хөрвөгдөх болно” гэж хэлжээ.2

Тэр төлөөлөгчийн хувьд Англид хоёр ч удаа тун амжилттай номлол хийсэн билээ. Тэрээр маш олон хүнийг өөрчилсөн бөгөөд өнөөдөр тэдний үр удам тоогоороо хэдэн сая хүрсэн байх. Хибэр өөрийгөө голж байсан ч дуудлагыг хүлээн авсан нь түүнийг болон бусдыг адисалсан.

2. Нөхцөл байдал биш, гаргасан шийдвэр маань биднийг тодорхойлдог

Зураг
Thomas B. Marsh

Томас Б.Марш 14 настайдаа Нью-Хэмпшир дэх гэрээсээ зугтжээ. Тэрээр Вермонтод фермер, Нью-Йоркийн Албанид болон Нью-Йорк хотын зочид буудалд зөөгч, дараа нь Лонг-Айлендэд үйлчлэгчээр ажилладаг байжээ. Түүнийг Элизабэт Годкинтэй танилцаж, гэрлэх хүртэл амьдралынх нь нөхцөл байдал тогтворгүй байв.

Тэрээр Элизабэтийн хамт Сүнсээр удирдуулан, Нью-Йорк руу явжээ. Тэд тэнд байхдаа Мормоны Номын талаар сонссон байна. Томас эхний 16 хуудсыг хэвлэлээс гарч ирж байгааг харсан бөгөөд хэвлэгч түүнд хянан засварласан хуудсуудыг уншихыг зөвшөөрсөн юм. Томас уг номыг Бурханых гэдэгт итгэж, Сүмд нэгдэхээр шийдсэн байна. Тэрээр 1830 оны 9-р сарын 3-нд баптисм хүртжээ.3

Томас олон өөр газар сайн мэдээг тунхаглаж байв. Тэрээр гэгээнтнүүдийн хамт 1833 оны 11-р сард Миссуригийн Жаксон гүнлэгээс хөөгдөж, хүнд хэцүү бэрхшээлийг туулсан. Тэрээр 1834 оны 7-р сард дээд зөвлөл зохион байгуулагдах үед Миссуригийн дээд зөвлөлийн анхны гишүүн болов. Тэрээр 34 насандаа төлөөлөгчөөр дуудагдсаныхаа дараа Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчөөр үйлчилсэн юм. Хэдийгээр Томас эсэргүүцэгчдээс Иосеф Смитийг чин сэтгэлээсээ хамгаалж байсан ч эцэст нь өөрөө итгэл алдарчээ. 1838 онд тэр Сүмийг орхих сонголтыг хийсэн байна.4

Бид Томас Маршаас амьдралын тогтворгүй нөхцөл байдал сайн мэдээний адислалуудаас хүртэхэд мөн бусдын амьдралыг адислахад саад болохгүй гэдгийг мэдэж авч чадна.

3. Ямар ч сайн хүн унаж болзошгүй тул сэрэмжтэй бай

Зураг
Lyman Johnson

Тэр үед Лайман Жонсон дуудагдсан хүмүүсээс хамгийн залуу нь буюу 23 нас хүрээд 4 сар болж байлаа. Тэр 1831 онд 20 дөнгөж хүрмэгцээ дээд зөвлөхөөр томилогдсон бөгөөд тэр үедээ аль хэдийн Сүмийн хэд хэдэн номлолд үйлчилчихсэн байсан. Тэрээр эдгээр номлолоо хийж байхдаа “Иосеф Смитийн номлолын тухай мөн хожмын өдрүүдэд хийгдэх агуу ажлын тухай хамгийн хүчирхэг гэрчлэлүүдийн нэг”5 гэж дурсагддаг нэгэн номлолоо айлдсан юм.

Харамсалтай нь, Лайманы төлөөлөгчийн үйлчлэл тийм ч удаан үргэлжилсэнгүй. 1837 онд болсон Огайогийн Көртланд дахь эдийн засгийн тогтворгүй үед тэр Иосеф Смитийн эсрэг эргэжээ. Лайман 1838 онд гишүүнчлэлээс хасагдсан.

Лайман сайн номлодог байсан хэдий ч Сүмд ямар алба хашиж байснаасаа үл хамааран итгэл нь алдарч унасан юм. Хожим нь Лайман сайн мэдээнд итгэсэн хэвээр байсан ч болоосой гэж харамсаж явсныг Бригам Янг дурссан байдаг. “Би баяр баясал, аз жаргалаар дүүрэн байлаа. … Би өдөр, шөнийн алинд ч аз жаргалтай байсан. Харин одоо хэмжээлшгүй их харанхуй, гуниг харуусал, өвдөлт, зовлон намайг бүрхэн авчээ.”6

4. Дуулгавартай байдал амар хялбар амьдралыг амладаггүй ч сайн үр дүн авчирдаг

Зураг
Parley P. Pratt

Парлей П.Праттыг төлөөлөгчөөр томилогдсоны дараа, төлөөлөгчдийг сонгоход туслах үүрэг даалгавартай байсан Оливер Каудери түүнд “та энэ тохинууллыг гүйцэлдүүлэхдээ эртний төлөөлөгчдөд тулгарсантай адил зовлон бэрхшээлийг туулах болно” гэж хэлэн, онцгой үүрэг даалгавар өгчээ. Парлей “чанга дэглэмтэй гянданд болон дүнсгэр харанхуй шоронд” хоригдох боловч ийм нөхцөл байдлууд түүнийг мохоохгүй, учир нь эдгээр бэрхшээл түүнд Их Эзэний нөөцөлсөн “алдар сууг” хүлээн авах боломжийг өгнө гэж тэр хэлжээ.7

Парлейгийн амьдрал яг л тийм байв. Тэр заримдаа үгээгүй ядуу болдог байсан төдийгүй сайн мэдээг номлож байхдаа хүмүүсийн доромжлолыг амсаж байлаа. Тэрээр 1838-аас 1839 оны хооронд Сүмийн гишүүдийн Миссурид байхдаа туулсан зовлон бэрхшээлээс үүдэлтэй хэд хэдэн хэргээс болж шоронд хоригдов. Хэдий тийм ч Парлей Оливерийн амласан адислалуудыг хүлээн авсан байна. Тэрээр шоронгоос суллагдсаныхаа дараахан “Бид маш сайн байна. Бид бүхий л зовлон бэрхшээлийг туулсны эцэст Их Эзэн дотор агуу ихээр хөгжиж дэвшлээ” гэж бичжээ.8

5. Нас итгэлтэй адил чухал биш

Зураг
Orson Pratt

Парлейгийн дүү Оорсон Пратт хоёр дахь хамгийн залуу төлөөлөгч байлаа. 23 насандаа томилогдсон тэрээр Лайман Жонсонгоос хэдхэн долоо хоногоор ах байв. Оорсоны Сүмд үзүүлсэн үйлчлэл залуучууд хэрхэн сайн сайхны хөдөлгөгч хүч болж болох хамгийн гайхалтай жишээ юм.

Оорсон 1830 оны 9-р сарын 19-нд буюу 19 насны төрсөн өдрөөрөө баптисм хүртжээ. Иосеф Смит түүний өмнөөс нэгэн илчлэлт хүлээн авсан бөгөөд уг илчлэлтэд Оорсоныг Бурханы хүү, тэр итгэсэн учраас адислагдсан мөн түүний үүрэг хариуцлага бол сайн мэдээг номлох явдал хэмээн хэлжээ (С ба Г 34:3–6-г үзнэ үү). Иймээс Оорсон нэлээд хэдэн номлолд үйлчилсэн бөгөөд тэр дундаа 1832 онд Лайман Жонсонтой хамт бараг 100 хүнд баптисм хүртээж, хэд хэдэн ахлагчийг томилсон билээ.

Оорсон төлөөлөгчөөр дуудагдахдаа Көртландад байгаагүй. Тэрээр 1835 оны 4-р сарын 23-нд Колумбус хотод байхдаа 4-р сарын 26-нд Көртландад болох цуглаанд оролцох шаардлагатай гэдгээ мэджээ.

Цуглааны зорилгыг мэдэхгүй байсан ч тэр даруй аян замдаа гарсан байна. Өөрийгөө төлөөлөгчөөр дуудагдсан гэдгийг мэдээгүй ч тэр цугларагсдыг “өөрийг нь цуглаанд ирүүлэхийн төлөө залбиран гуйж байх үед” орж иржээ.9 Гэгээнтнүүдийн дэмжлэгийг мэдэрсэн Оорсон дуудлагаа хүлээн авсан юм.

Тэрээр төлөөлөгчийн хувьд Иосеф Смитийн Анхны үзэгдлийн тухай түүхийг агуулсан анхны хэвлэмэл товхимлыг бэлтгэжээ. 1847 онд тэрээр анхдагчийн хувьд өрнөд рүү хийсэн аяллын тухай нарийвчилсан тэмдэглэл бичсэн юм. Мөн номлогчийн олон товхимол бичсэнээс гадна Мормоны Номын хүчирхэг хамгаалагч байлаа.

Өнөөдөр цаг үе өөр болсон байна. Үнэхээр тийм гэж үү?

Өнөөдөр залуучууд 1835 оны залуучуудаас олон байдлаар өөр болжээ. Эдгээр зөвлөмж нь залуучуудыг чадавхдаа хүрэх хүртлээ хичээл зүтгэл гаргахад нь туслан дэмжиж чадна. Эдгээрийг хураангуйлбал:

  • Чи өөрийгөө хангалтгүй гэж үзэж байсан ч урагшилсаар бай.

  • Хүн бүрд асуудал байдаг. Чи асуудлаа шийдэж чадна.

  • Хэрэв чи Сүмд идэвхтэй явсаар байвал илүү аз жаргалтай байх болно.

  • Үзэл бодолдоо үнэнч хэвээр бай. Дуулгавартай, итгэлтэй бай. Адислал ирэх болно.

  • Чамд хийж чадах ямар нэг чухал зүйл бий. Их Эзэн чамд итгэж байгаа.

Эшлэлүүд

  1. “Х.С.Кимбаллын тэмдэглэлээс авав,” Times and Seasons, 1845 оны 4-р сарын 15, 868.

  2. “Minutes, Discourse, and Blessings, 1835 оны 2-р сарын 14–15,” in The Joseph Smith Papers, Documents, Volume 4: 1834 оны 4-р сар–1835 оны 9-р сар, ed. Matthew C. Godfrey and others (2016), 229.

  3. “History of Thos. Baldwin Marsh,” The Deseret News, 1858 оны 3-р сарын 24, 18-ыг үзнэ үү.

  4. “History of Thos. Baldwin Marsh,” The Deseret News, 1858 оны 3-р сарын 24, 18; Kay Darowski, “The Faith and Fall of Thomas Marsh,” in Revelations in Context: The Stories behind the Sections of the Doctrine and Covenants, Matthew McBride and James Goldberg, eds-ийг үзнэ үү. (2016), 57–59.

  5. Эдвард В.Туллиж, Tullidge’s Histories (1889), vol. 2 (supplement), 175.

  6. Бригам Янгийн яриа, 1877 оны 6-р сарын 17, in Journal of Discourses, 19:41.

  7. Оливер Каудери, in “Minutes and Blessings, 1835 оны 2-р сарын 21,” in Joseph Smith Papers, Documents, Volume 4: 1834 оны 4-р сар–1835 оны 9-р сар, 240–241.

  8. “Парлей П.Праттаас ирсэн захидал, 1839 оны 11-р сарын 22,” josephsmithpapers.org/paper-summary/letter-from-parley-p-pratt-22-november-1839/1.

  9. “Х.С.Кимбаллын тэмдэглэлээс авав,” Times and Seasons, 1845 оны 4-р сарын 15, 869.