2017
Ахин хийхэд оройтоогүй
October 2017


Бид Христийн тухай ярьдаг

Ахин хийхэд оройтоогүй

Зохиогч нь АНУ-ын Виржиниа мужид амьдардаг.

Манай нэг сурлагадаа тааруу сурагчийн аав охиндоо “Амжилт гаргахад оройтоогүй” гэж хэлж билээ. Их Эзэн бидэнд үүнтэй яг ижил захиасыг өгсөн.

Зураг
father and daughter at a parent teacher conference

Зургийг Кэлли Макморрис

Сандра миний заадаг англи хэлний гүнзгийрүүлсэн шатны ангийн сурагч байв. Хичээлийн жил дуусахаас хэдэн долоо хоногийн өмнө тэр ямар ч гэрийн даалгавар, төсөл хийгээгүй байлаа. Ширээн дээрээ ердөө мөрөөдөөд л суудаг байв. Гэрийн даалгавар хийгээгүйдээ ямар нэг шалтаг тоочиж, ийм шаардлага өндөртэй хичээлд амжилттай суралцах ямар ч хандлага хичээл зүтгэл гаргахгүй байлаа.

Түүний зөвлөх бид хоёр Сандраг гүнзгийрүүлсэн хичээлээ хасаж оронд нь жирийн хичээл авах хэрэгтэй эсэхийг шийдэхээр Сандра, түүний аав хоёртой болон хэд хэдэн багштай уулзах цаг тохиров. Хамгийн чухал асуудал бол Сандраг амжилттай суралцахад туслах арга замыг олж чадах болов уу, яах бол гэсэн хэлэлцэж ярилцаагүй асуулт л бид бүхний толгойд эргэлдэж байлаа.

Сандрад амжилттай байх олон боломж олгож байсан ч тэр уруудахыг л сонгодог гэсэн бодолдоо итгэсэн би маш урам хугарсан байдалтай уулзалтад очсон юм. Түүний төлөө дахин санаа зовохгүй байхын тулд би түүнийг ангиасаа гарах шийдвэр гаргаасай гэж дотроо найдаж байлаа. Би чадах бүх зүйлээ хийсэн, одоо бол дэндүү оройтсон гэж надад бодогдож байв.

Уулзалтын үеэр Сандрагийн байгаа байдал өөрийгөө амжилттай байна гэсэн чадвартаа их эргэлздэг гэдгийг харуулж байв. Англи хэлний хичээл дээр хэдэн удаа муу авсныг нь тоочиж гарахад тэрээр ширээ ширтэн сууж байлаа. Түүхийн хичээлийнх нь багш түүнийг бас л хичээл дээр нь тааруухан байгааг батлан өгүүлэх үед тэрээр сандалдаа шигдэн сууж, хацрыг нь даган нулимс урсаж байв.

Би өрөвдсөндөө Сандрад болон түүний эцэгт, хэрэв тэрээр энэ хичээлүүддээ амжилттай суралцахыг хүсэж байвал ийм хэцүү байдалд оруулсан зан байдлаа өөрчлөх хэрэгтэйгээс гадна энэ нэлээн амаргүй байх болно гэдгийг тайлбарлав.

Эцгийнх нь өгсөн захиас

Тэр зөвлөх боловсрол багатай, сургуулийн орчинд тав тухгүй, биеэ барьсан мэт байгаа Сандрагийн аав руу хараад, багш нараас асуух зүйл байгаа эсэхийг асуув. Аав нь асуух зүйл байхгүй гэж хэлээд, Сандрагийн төлөө хийсэн бүхэнд маань бидэнд талархлаа. Гэхдээ тэрээр охиндоо хэлэх зүйл байгаа гэж хэлэв.

Миний зүрх түг түг цохилж эхэллээ. Би эцэг эхчүүд хүүхдүүдээ багш нарын өмнө аашилж загнан, залхуу, анхааралгүй, урам зориггүйгээр нь дууддаг эцэг эх ба багш нарын хуралд урьд өмнө нь оролцож байсан л даа. Яг ийм юм болно гэдэгт би итгэлтэй байв.

Гэтэл сонссон зүйл маань намайг гайхшируулсан юм. Сандрагийн даруухан аав ичиж, харамссанаасаа болж гутран уйлж байсан 16-тай охин руугаа эргэж хараад, “Оройтоогүй ээ. Амжилттай суралцахад оройтоогүй байна. Үнэхээр оройтоогүй шүү” гэж хэлэв.

Би тэр уулзалтаас аавынх нь хайраар дүүрэн хандлагад талархсан байдалтай гарсан ч охин нь сурлагаа дээшлүүлэхийн тулд хэчнээн их мэрийх хэрэгтэй болж байгааг аав нь гадарлах ч үгүй байна даа хэмээн санаа зовниж байсан юм. Боломжгүй мэт санагдаж байв. Дараа нь түүнийг англи хэлний хичээлээ биш, харин түүхийн хичээлээ хасах шийдвэр гаргасан гэдгийг сонссон.

Би тэр өдөр өөрийнхөө сул талуудыг бодоод, Тэнгэрлэг Эцэгээсээ өршөөл гуйн, өвдөг сөгдөн залбирахдаа Сандрагийн ааваас ямар их зүйл сурч авснаа ухаарсан юм. Би амьдралдаа итгэлгүй, өөрийгөө голж байсан үеүдээ бодоод, ер нь хоёр дахь боломж эдлэх эрхтэй байсан эсэхээ эргэцүүлэн бодож байв. Тийм үед Их Эзэн загнахын оронд яг л Сандрагийн аав шиг “Охин минь, оройтоогүй ээ. Оройтоогүй шүү” гэж тайтгаруулдаг байсан.

Сайн мэдээний захиас

Бидэнд ямар ч найдвар байхгүй болсон гэсэн дайсны захиаст бид хэр олон удаа итгэж байсан бэ? Гэхдээ бошиглогчид үүний эсрэг зүйлийг бидэнд хэлдэг. Исаиа “ЭЗЭН уруу эргэх болтугай. Түүнийг Тэр өрөвдөнө. Бидний Бурхан уруу эргэгтүн. Учир нь Тэр өгөөмрөөр уучилна” (Исаиа 55:7) хэмээн тунхагласан. Мормон “Харин тэд үнэн сэтгэлээсээ наманчилж мөн өршөөлийг эрэлхийлэх болгондоо, тэд өршөөгддөг байлаа” (Моронай 6:8) хэмээн гэрчлэлээ нэмж хэлсэн. Сайн мэдээний баяр баясгалан бол хэзээ ч оройтдоггүй явдал юм. Биднийг өршөөл эрэх болгонд Их Эзэний гэтэлгэл бидэнд шинээр эхлэх боломж олгож байх болно.

Сандра шинээр эхлэх урам зоригтойгоор удаан ч гэсэн асар том өөрчлөлтийг хийсэн. Ийм өөрчлөлт хийхэд хялбар байгаагүй. Муу зуршлаа орхихын тулд тэр өдөр бүр хичээж чармайх хэрэгтэй болсон. Гэхдээ тэрээр хичээл зүтгэлийнхээ шагналд дүнгээ аажмаар сайжирч байгааг харсан юм.

Сайн мэдээний талаас харвал, бид яаж ч бүдчиж эсвэл өөрсдийгөө хэчнээн хүнд байдалд оруулсан ч бай, энэ нь бидний эцсийн дүнд тооцогдохгүй. Харин Их Эзэн бидний амьдрал хаашаа чиглэсэн, бид хэр наманчилсан, Их Эзэний Цагаатгалд хэр найдсан гэдгээр маань биднийг шүүх болно.

Миний өчүүхэн ойлголтоор, би Сандрагийн өнгөрсөн алдаагаа давж гарах чадварт эргэлзэж байжээ. Гэтэл төгс Тэнгэрлэг Эцэг маань Христээр төгөлдөржөөд, аврал хүртэх хүүхдүүдийнхээ чадавхад хэзээ ч итгэл найдвар алдаж байгаагүй. Бид хэр хол явсан нь хамаагүй бөгөөд Тэрээр үргэлж нэг нэгээр нь хайх болно. Их Эзэн биднийг харь хүн шиг нүгэлдээ хэрэн тэнэхгүй байгаасай, Өөрийг нь итгэл найдвараар эрэлхийлэн, төгсөшгүй Цагаатгалын адислалуудаас хүртээсэй хэмээн хүсэмжилж байдаг. Чухамдаа, оройтно гэж хэзээ ч байдаггүй.