Асуулт, хариулт
“Залбирах, судар судлахаас гадна гэрчлэлээ хүчирхэгжүүлэх хамгийн шилдэг арга юу байж болох вэ?”
Гэрчлэл нэг дор ирэхгүй байж болно. Гэрчлэл нь “шат шатаар, дүрэм дүрмээр” (2 Нифай 28:30) гэж сударт гардагчлан нэг нэг сүнслэг туршлагаар ирдэг. Та гэрчлэлтэй болсон бол яг л соёолж буй үр шиг гэрчлэлээ арчилж тордон, хүчирхэгжүүлэх хэрэгтэй (Алма 32:28–43-ыг үзнэ үү). Ургамал дан ганц усаар амьдардаггүйтэй адил гэрчлэлээ хүчирхэгжүүлэх цорын ганц “шилдэг арга” гэж байдаггүй. Танд хавсарсан аргууд хэрэгтэй.
Залбирах, судар судлах нь яах аргагүй гэрчлэлээ арчилж тордох сайн арга зам мөн. Таныг сайн мэдээг судалж, ямар нэгэн зүйл үнэн эсэхийг мэдэхээр чин сэтгэлээсээ залбирах үед Ариун Сүнс сайн мэдээ үнэн гэдгийг мэдэхэд тань тусална (Моронай 10:4–5-ыг үзнэ үү).
Та мөн зарлигуудыг сахиснаар гэрчлэлээ хүчирхэгжүүлж чадна. Та мацаг барих, Хүндэтгэлийн өдрийг ариун байлгах, ариун ёслолоос хүртэх зэрэг сайн мэдээний зарчмуудын дагуу амьдарснаар энэ нь үнэн гэдгээс гадна яаж мөн яагаад үнэн байдаг талаар гэрчлэлтэй болж эхэлнэ. Есүс биднийг “Түүний хүслийг үйлдэхийг” сонговол “сургаал[ыг] мэднэ” (Иохан 7:17) гэж хэлжээ.
Гэрчлэлээ хуваалцах нь гэрчлэлээ арчилж тордох өөр нэг арга билээ. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр (1924–2015) “Гэрчлэлийг хуваалцсанаар олж авдаг юм!” гэж хэлжээ. (“The Candle of the Lord,” Ensign, 1983 оны 1-р сар, 54; Tambuli, 1983 оны 7-р сар, 34). Та гэрчлэлээ сүм дээр болон семинар дээр мөн гэр орондоо, найз нөхдөдөө хуваалцаж болно. Таныг ийн хуваалцах үед Ариун Сүнс хуваалцаж буй зүйл тань үнэн гэдгийг танд гэрчилнэ.
Та олон олон арга замаар гэрчлэлээ хүчирхэгжүүлснээр гэрчлэлээ өсгөж, гүнзгийрүүлэн, амар амгалан, баяр баяслыг мэдрэх болно.
Гэрчлэлээ арчилж тордох нь
“Гэвч [гэрчлэл] чинь ургаж байгаа ургамал шиг тэжээгдэж байх ёстой эс бөгөөс хатаж хорчийх болно. … Зарлигуудад дуулгавартай байх нь гэрчлэлийг тань өсгөн хөгжүүлэх шим тэжээлийн чухал хэсэг мөн.”
Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “Амьд гэрчлэл,” 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 142.
Дараагийн асуулт
Хүмүүс зодолдож, хэрэлдэж байхад би гэр орондоо хэрхэн Сүнсийг урьж чадах вэ?
Хэрэв хүсвэл хариултаа өндөр нягтралтай зургийн хамт liahona.lds.org хаягаар (“Өгүүлэл оруулах” дээр дар), э-мэйл бичих бол liahona@ldschurch.org хаягаар 2017 оны 11-р сарын 15-ны дотор ирүүлнэ үү.
Дараах мэдээллийг хавсаргана уу. Үүнд: (1) овог нэр, (2) төрсөн огноо, (3) тойрог эсвэл салбар, (4) гадас эсвэл дүүрэг, (5) таны хариулт ба гэрэл зургийг нийтлэхийг зөвшөөрсөн өөрийн эсвэл 18 нас хүрээгүй бол эцэг эхийн бичсэн зөвшөөрөл (э-мэйл байж болно).
Хариултын хэмжээг тохируулах эсвэл тодорхой болгохын тулд хянан засварлах магадлалтай.