2017
Сара ба MRI
October 2017


Сара ба MRI

Зохиогч нь АНУ-ын Колорадод амьдардаг.

Ариун Сүнс Сарад тийм ч их айхгүй байхад тусалж чадна.

“Христ дэлхий дээр байхдаа бидний жинхэнэ, мөнхийн найз болох Ариун Сүнсийг биднийг тайтгаруулахаар илгээх болно гэж амлажээ” (Children’s Songbook, 105).

Зураг
Sarah and the MRI

“Сара MRI-д нурууны зургаа авахуулах хэрэгтэй болж байх шиг байна” гэж Франк эмч хэллээ. Тэр Сара руу инээмсэглээд, “Би маргаашийн цаг товлож өгье. Би удахгүй буцаж ирнэ” гэж хэлэв.

Сарагийн нуруу багагүй хугацаанд өвджээ. Түүнийг өглөө босоход нуруу нь маш их өвдөж байсан бөгөөд эгц зогсоод, алхахад хүндрэлтэй байв. Сара ээжтэйгээ хамт ямар асуудал байгааг олж мэдэхээр Франк эмч дээр иржээ.

“Дахиад MRI хийлгэх гэж үү?” гэж Сара ээж рүүгээ хараад, асуулаа. Тэр урьд нь бас MRI хийлгэж байжээ. Тэр биен доторх зургийг авдаг аварга том хоолой руу орохдоо маш их айснаа саналаа.

“Намайг уучлаарай, Сара” гэж ээж нь хэлэв. “Гэхдээ зурагнууд нуруунд чинь ямар асуудал байгааг олж мэдэхэд Франк эмчид тусална. Чи чадна аа. Би чамтай хамт байх болно” гэж хэлээд ээж нь Сарагийн гарыг атгав.

“Гэхдээ та надтай хамт орохгүй шүү дээ” гэж Сара хэлэв. Тэр толгойгоо гудайлган, уйлж эхлэв. Ээж нь өрөөнд хамт байж болох ч Сараг хоолой руу орох үед хамт байж чадахгүй.

Ээж нь Сараг тэврэв. “Тийм ээ, чиний зөв. Гэхдээ чамайг тайтгаруулахаар тэнд хэн байж чадахыг чи мэдэх үү?”

Тэр Ариун Сүнсний талаар сонсож байсан ба Тайтгаруулагч гэх нэг нэрийг санажээ. Ариун Сүнс түүнд тийм ч их айхгүй байхад тусалж чадна.

“Ариун Сүнс үү?” гэж Сара асуулаа.

Ээж нь толгой дохив. “Тийм ээ, зөв. Чамд туслах Ариун Сүнсний төлөө чи залбирч болно. Аав, ээж хоёр нь бас чиний төлөө залбирна.”

Сарад нэгэн гайхалтай санаа төрөв. “Би ааваасаа адислал авч болох уу?”

Ээж нь инээмсэглээд, “Мэдээж хэрэг. Тэр баяртайяа адислал өгөх болно” гэж хэллээ.

Тэр орой аав нь Сарагийн толгой дээр гараа тавиад, санваарын адислал өгөв. Ариун Сүнс түүнийг тайтгаруулахын төлөө адислал өгөхөд зөөлөн дулаан мэдрэмж түүнийг бүрхэн авлаа. Тэр мэдрэмж түүнтэй бүхэл шөнийн турш байв.

Маргааш нь Сара MRI машины том хоолой руу гулган орох орон дээр хэвтлээ. Тэр аавынхаа адислал өгөхдөө хэлсэн үгсийг дотроо ахин дахин хэлж байв. Ариун Сүнс тэнд чамтай хамт байж, чамайг тайтгаруулах болно. Сара ээжийнхээ гарыг атгав. Сувилагч түүнийг хоолой руу гулгууллаа.

MRI нурууных нь зургийг авахдаа инээдтэй дуу гаргав. Бүрсгэр зураг гаргуулахгүйн тулд Сара хөдөлгөөнгүй хэвтэх ёстой байлаа. Тэр хэдэн минут балмагдсан ч нөгөө халуун дулаан мэдрэмжээ дахин мэдрэв. Энэ нь яг л ээжийнх нь тэврэлт шиг эсвэл дулаахан хөнжилд байгаа мэт санагдлаа. Тэр бүх зүйл сайхан болно гэдгийг мэдэж байв. Түүнийг мэдээ ч үгүй байхад MRI дууссан байлаа.

Франк эмч өөрийнхөө өрөөнд Сара, түүний ээж хоёрт Сарагийн нурууны зургийг үзүүлэв. Франк эмч Сарагийн хажууд өвдөглөн суугаад, “Чи хөдөлгөөнгүй хэвтсэн байна. Үнэхээр сайн байна. Гэхдээ энэ зурагнууд илүү сайн алхдаг болохын тулд мэс засал хийлгэх хэрэгтэйг харуулж байна” гэж хэллээ.

Сарагийн амьсгаа давчдаж эхлэв.

“Бид мэс заслыг аль болох хурдан хийх хэрэгтэй” гэж Франк эмч Сарагийн ээжид хэллээ. Дараа нь тэр Сара руу хараад, “Мэс заслаас хойш хэдэн долоо хоногийн дараа чи хэвийн байдалдаа орох болно. Өнөөдөр чамайг харахад, чи үнэхээр сайн байх болно гэдгийг би мэдсэн” гэж хэллээ.

Тэр Франк эмч нурууг нь эмчилсний дараа хийж болох бүх зүйлийн тухай бодох гэж хичээв. Би гүйж, сэлж мөн овоолсон навч руу үсэрч орж болно. Тэр энэ бүх зүйлийг хийхийг хүсэж байв. Гэхдээ мэс засал чинь MRI шинжилгээнээс илүү аймаар шүү дээ. Сара залбирлаа мөн онцгой адислалаа саналаа. Тэнгэрлэг Эцэг түүн рүү Тайтгаруулагчийг илгээсэн бөгөөд Тэр түүнд дахиад туслах болно.

Тэр Франк эмч рүү хараад, “Би овоолсон навч руу үсэрч орж болох уу?” гэж асуув.

Тэр инээмсэглэн, “Чи овоолсон навч руу үсэрч орж болно” гэж хариуллаа.