2017
Жинхэнэ шавь болох нь
October 2017


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

Жинхэнэ шавь болох нь

Зураг
youth, woman, man silhouettes

Бидэнд Түүний Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгаж болохын тулд Аврагчийг үргэлж дурсан санаж, зарлигуудыг нь дагана хэмээн Тэнгэрлэг Эцэгт амлах онцгой боломж ариун ёслол болгон дээр тохиодог (Moронай 4:3; 5:2; С ба Г 20:77, 79-ийг үзнэ үү). Бид Аврагчийн нэрийг өөрсөд дээрээ авах үедээ Түүнийг үргэлж санах болно. Бид бусдад Түүний нэрээр үйлчлэх, ариун үгсийг нь унших, биднээр хийлгэхийг хүсэж буй зүйлийг нь мэдэхийн тулд залбирах зэрэг олон арга замаар үүнийг хийж болно.

Яг ийм зүйл нэгэн залуу эрэгтэйд баптисм хүртээх үеэр надад тохиолдсон юм. Аврагчийн томилсон үйлчлэгчид намайг Түүний сайн мэдээг заах, Их Эзэнийг болон Түүний үнэн Сүмийг гэрчлэх номлогчоор дуудсан гэдгийг би мэдэж байлаа. Номлолын маань хамтрагч бид хоёр тэр залууд Аврагчид итгэснээр наманчилж мөн Түүний эрх мэдэл олгогдсон үйлчлэгчдийн нэгээр баптисм хүртээлгэвэл Есүс Христийн Цагаатгалын хүчээр дамжуулан цэвэршүүлэгдэх болно гэдгийг амлачихсан байсан юм.

Залууг баптисмын усан сангийн уснаас өргөн гаргахад тэрээр “Би цэвэр. Би цэвэр” гэж чихэнд минь шивнэж билээ. Тэр үед би Иордан голд Иохан Баптистын Аврагчид хүртээсэн баптисмын тухай санасан. Тэр тусмаа Иоханы хийж байсны адил би Ариун Сүнсний оролцоотойгоор амилсан амьд Аврагчийн авралын ажлыг хийж байснаа санаж билээ.

Бидний хувьд Аврагчийг санах нь ой тойн дахь дурсамж болон Түүнийг мэдэрсэн өмнөх туршлагууддаа найдахаас илүү зүйл байх боломжтой. Бид одоо Аврагчид илүү ойртуулдаг сонголтуудыг өдөр бүр хийж чадна.

Хамгийн энгийн нэг сонголт бол судруудыг унших явдал байж болно. Бид судруудыг унших сонголт хийснээр Түүнд ойр байгаагаа мэдрэх мэдрэмжийг олж авч чадна. Миний хувьд ихэнх тохиолдолд Мормоны Номыг унших үедээ Аврагчид ойр байгаагаа мэдэрдэг. Намайг 2 Нифайн бүлгүүдийг уншиж эхлэх үед оюун санаанд минь Нифай, Лихай нарын Аврагчийг биечлэн мэддэг байсан мэт дүрслэн хэлж байгаа дуу хоолой сонсогдож, ойрхон байгаа мэт мэдрэмж төрдөг.

Таны хувьд судрын өөр хэсэг таныг Түүн рүү ойртуулдаг байж болно. Гэхдээ та Аврагчийг дурсан санахын тулд даруу бөгөөд үнэн хүсэлтэйгээр Бурханы үгийг хэзээ ч хаа ч уншвал өдөр тутмын амьдралдаа Түүний нэрийг өөр дээрээ хүлээн авах хүсэл тань нэмэгдэх болно.

Тэрхүү хүсэл Их Эзэний сүмд үйлчлэх арга замыг тань өөрчлөх болно. Та жижиг гэж санаж байсан дуудлагаа эрхэмлэн биелүүлэхийн тулд тусламж хүсэн, Тэнгэрлэг Эцэгт хандан залбирах болно. Таны гуйх тусламж бол өөрийгөө умартан, үйлчлүүлэхээр дуудсан бусдын төлөө Аврагчийн хийхийг хүссэн зүйл дээр илүү анхаарч төвлөрөх чадвар юм.

Би зөвхөн сайн мэдээний авчирч чадах амар амгаланг олоход нь хүүхдүүддээ хэрхэн туслахаа мэдэхийн тулд залбирах үедээ тэдэнд үйлчилснээр л Түүний мутарт болоод Түүнд ойр байдгаа мэдэрч байсан. Ийм цаг мөчид би өөрийнхөө амжилттай аав байх гэдгээс илүү хүүхдүүдийнхээ амжилт, сайн сайханд тун их анхаарч байсан юм.

Аврагчийн өгөх зүйлийг үйлчилдэг хүмүүстээ өгөх ийм хүсэл Тэнгэрлэг Эцэгээс Есүс Христийн нэрээр гуйн залбирахад хүргэдэг. Биднийг ийм байдлаар Аврагчийн нэрээр Түүнд итгэх итгэлээр залбирах үед Эцэг хариулдаг. Тэрээр чиглүүлэх, тайвшруулах, урамшуулан дэмжих Ариун Сүнсийг бидэнд илгээдэг. Ариун Сүнс үргэлж Аврагчийг гэрчилдэг учраас (3 Нифай 11:32, 36; 28:11; Ифер 12:41-ийг үзнэ үү) Их Эзэнийг бүхий л зүрх сэтгэл, оюун ухаан, хүч чадлаараа хайрлах чадавх маань өсөн нэмэгддэг (Maрк 12:30; Лук 10:27; С ба Г 59:5-ыг үзнэ үү).

Биднийг Их Эзэнд үйлчлэх, үгэн дээр нь найрлах, итгэлээрээ Түүний нэрээр залбирах үед Түүнийг өдөр тутам болоод одоо санах адислалууд аажимдаа байнга ирж байх болно. Мөн ийн санаж байх нь биднийг энэ газар дэлхий дээрх Их Эзэн Есүс Христийн хаант улс дахь үнэн шавь болгон, хожим ирэх алдар суут дэлхийд Түүний Эцэгтэй хамт байх боломж олгоно.