2017
Нэнсиг нас барсны дараа тусламж олж авсан нь
October 2017


Нэнсиг нас барсны дараа тусламж олж авсан нь

Зохиогч нь АНУ-ын Жоржиад амьдардаг.

Амьдралдаа Есүс Христийн эдгээх хүчийг идэвхжүүлэхийн тулд би юу хийх хэрэгтэй вэ?

Зураг
man sitting down

Зураг чимэглэлийг Икэр Айэрстаран

2016 оны 2-р сард эхнэр Нэнси минь хөхний хавдартайгаа 11 жил тэмцсэний эцэст хорвоог орхисон юм. Түүнийг нас барсны дараах эхний хэдэн сарын дааж давшгүй мэт санагдсан уй гашуу амьдралдаа ийм их зовлон туулаагүй хүнд үгээр хэлж боломгүй байв. Харуусал, шаналал, зовлон, өвдөлт гэсэн үгсийн аль нь ч энэ байдлыг бүрэн илэрхийлэхгүй. Үнэхээр тэвчишгүй байлаа.

Аврагчийн эдгээгч хүч

Би Есүс Христийг “өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд” (Aлма 7:12) “бүхнээс доош бууж ирсэн” (С ба Г 88:6) гэдгийг ухаарсан. Энэ нь Аврагчийн Цагаатгалын хүч амилалт, нүглийн гэтэлгэлээс илүү ихийг хийдэг. Тэрхүү хүчээр дамжуулан Тэрээр зовлон шаналал болон хэрэгтэй үед маань биднийг бас эдгээдэг. Би гашуудан шаналж байхдаа Аврагчийн хүчний энэхүү нөлөөг амьдралдаа идэвхжүүлэхийн тулд хийх хэрэгтэй зүйлийг олж мэдэхийг хичээж байлаа. Би хэдэн долоо хоногоор судар болон Сүмийн ерөнхий эрх мэдэлтнүүдийн үгсээс хайсан билээ. Би Аврагч өөрийн мэдэрсэн хэмжээлшгүй их шаналал, золиослолын үнэ цэнээр миний зовлон шаналлыг мэдэрсэн гэдэгт чин сэтгэлээсээ итгэсэн. Гэхдээ Түүний ийнхүү мэдэж байгаа нь надад хэрхэн тусалсан бэ? Тэр миний төлөө зовж шаналсан учраас хэрхэн үзүүлэхээ мэддэг хайр халамжийг нь хүлээн авахын тулд би юу хийх хэрэгтэй байсан бэ?

Би тун шаргуу хайж, судалж, залбирч, ариун сүмд шүтэн биширсний дараа ухаарч эхэлсэн юм. Юуны өмнө Их Эзэн аль хэдийн бидний гэр бүлийг, нэн ялангуяа Нэнсийг нас барахын өмнөх хэдэн долоо хоногийн туршид халамжилж, тайвшруулж, дэмжиж байсныг илүү сайн ойлгож эхэлсэн. Аврагчийн Цагаатгалын ачаар бид бүгдэд боломжтой байдаг эдгээгч бөгөөд хүчирхэгжүүлэгч хүчнээс ирдэг адислалууд байсан хэмээн миний одоо ухаарч байгаа сүнслэг туршлага гайхамшигтай байв. Аврагч биднийг хувь хүн бүрд зориулсан өвөрмөц арга замаар халамжилж байсан гэдгийг мэдсэн маань намайг маш их тайтгаруулж байсан. Тэрээр эрт цагийн Шадрах, Мешах, Абед-него нарын адил бидний хүнд цаг үеийн “дүрэлзсэн галтай зууханд” бидэнтэй хамт байсан (Даниел 3:17).

Их Эзэнд итгэх итгэл

Би мөн Их Эзэний тайвшрал хийгээд эдгээлтийг хүлээн авахын тулд бид зарим нэг зүйлийг хийх шаардлагатай гэдгийг мэдэж авсан юм. Хамгийн чухал нь, бид Түүнд итгэх хэрэгтэй. Үүнийг хийхэд хэцүү байж болно. Бурхан анхнаасаа Нэнсиг үхлээс хамгаалж болох байсан атал би яагаад Түүнд итгэх хэрэгтэй юм бэ? Энэ асуултад хариулт болгон, Их Эзэний бошиглогч Иосеф Смитэд

“Үүнээс хойш тохиох тэдгээр зүйлүүдийн талаарх Бурханыхаа төлөвлөгөөг, мөн их гай зовлонгийн дараа дагалдах алдар сууг энэ үед та нар эгэл нүдээрээ болгоож чадах нь үгүй” (С ба Г 58:3) хэмээн хэлснийг би үргэлжлүүлэн тунгаан бодсон.

Бид Нэнсигийн нас барсан байдал, цаг хугацаа Их Эзэний хүслийн дагуу байсан гэдгийг илтгэх олон шинж тэмдгийг харах боломжоор адислагдсан. Бүхнийг мэдэгч, биднийг хайрлагч Бурханы гэр бүлийг маань өргөмжлөх төгс төлөвлөгөөний дагуу бид ийм зовлонг туулах шаардлагатай байсан учраас Тэрээр эдгээр зүйлийг үзэж туулахыг маань хүлцсэн гэдгийг би ойлгож билээ. Үүнийг мэдсэнээр би Түүний төлөвлөгөөн дэх миний хэсэг бол зөвхөн давж туулах төдий биш харин “дажгүй давах” (С ба Г 121:8) явдал гэдгийг ойлгосон. Би туулж байгаа зовлон шаналлаа Түүнд өргөхийн хэрээр халамжлуулах төдийгүй бас ариусгагдана. Би үүнийг олон арга замаар мэдэрч байсан.

Би энэ явцад ойлгож ухаарсан зүйлийг минь хийхийг хүүхдүүддээ зөвлөсөн.

  • Хүнд хэцүүг мэдэрсэн шаналал тань таныг илүү агуу шавь болоход хөтлөх боломж олго.

  • Залбирч байхдаа зүрх сэтгэлээ уудал.

  • Хэрэв та ийм эмгэнэл тохиолдохыг зөвшөөрч байгаа Бурханд уурлаж байвал ийм уур уцаарыг итгэл, дуулгавартай байдлаар орлуулж өгөхийг Түүнээс хичээнгүйлэн гуй.

  • Та Түүнийг хайрлана, эцсээ хүртэл итгэлтэй байна гэсэн гэрээ байгуул.

  • Судар, орчин цагийн бошиглогчид, сүнслэгээр өдөөгдсөн багш нарынхаа хэлсэн үг зэргээс буюу Бурханы үгээс байнга зоогло.

  • Мөнхийн зүйлсэд суралцах их хүсэл тээн, ариун сүмд ор.

  • Зовлон бэрхшээлээсээ болж итгэлийн хямралд орсон хүмүүсийг олоод, эдгээр сургаалын гэрчлэлээр тэднийг хүчирхэгжүүл.

Төлөөлөгчийн гэрчлэл

Нэнсиг нас барснаас хойш бараг нэг сарын дараа нэгэн шөнө миний мэдэрсэн уй гашуу зүрхийг минь үнэхээр их эмтлэв. Би тэр өдөржин маш их шаналж, гашуудсан. Би Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн “авралын зам үргэлж Гетсеманиар дамжин өнгөрдөг”1 хэмээн зааж байсныг санасан. Хэдий миний амссан шаналлыг Аврагчийнхтай харьцуулах боломжгүй ч тэр шөнө би өөрөө “харанхуй бөгөөд гашуун зовлонд” унасан байсан юм.2

Хэсэг хугацаанд ийм зүйл мэдэрч, тусламж гуйн залбирсны дараа, хэдэн жилийн өмнө компьютер дээрээ уншиж, тэмдэглэж байсан зүйл маань санаанд орж ирэв. Би уншиж тэмдэглэж байсан зүйлээ хаана байгааг мэдээд, хайж байсан зүйлээ олсон. Энэ бол Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотттой (1928–2015) хийсэн ярилцлага байсан ба түүнээс 1995 онд эхнэр Жининээ хавдраар алдсан тухай асуужээ. Ахлагч Скотт “Юуны өмнө … би түүнийг алдаагүй. Тэр минь хөшигний нөгөө талд байгаа. Бид ариун сүмийн ариун ёслолоор лацдан холбуулсан бөгөөд бид мөнхөд хамтдаа байх болно”3 хэмээн хариулсан байв.

Зураг
Atlanta Georgia Temple

Жоржиагийн Атлантагийн ариун сүмийн зураг

Тэр шөнө эдгээр үг урьд өмнө миний мэдэрч байгаагүй тийм их хүчээр орж ирсэн юм. Энэ нь яг л харанхуй шөнөөр асаасан гэрэлт цамхгийн гэрэлтүүлэг мэт байв. Би хэзээ ч ийм гэнэтийн бөгөөд гүн гүнзгий нөлөөлсөн зүйлийг уншиж байгаагүй. Харанхуй сарниж, шаналал арилав. Энэ нь яг “өвчин[өө] цаашид санаж” чадсангүй хэмээн хэлсэн Алмагийн адил болж билээ (Aлмa 36:19). Энэхүү төлөөлөгчийн гэрчлэл миний сэтгэлийн гүн рүү нэвтрэн орсон юм. Миний хүүхэд байхаасаа ойлгосон ойлголт гэнэт ер бусын болсонд гайхан бахдаж байлаа. Би ахлагч Скотт ийм зүйлийг мэдэх боломжтой байсанд гайхаж байв. Яг тэр мөчид би ч бас мэддэг гэдгээ ухаарсан юм. Хэрэв би итгэлтэй байвал ахлагч Скоттод байсан найдварыг ч бас авч чадна. Тэр үеэс хойш гуниглах, гашуудах үе байсан нь мэдээжийн хэрэг ч тэр шөнийнх шиг их уй гашуу, шаналлыг дахин мэдрээгүй билээ.

Энэ бол зовлон бэрхшээлтэй үед маань биднийг халамжлахаар гараа сунгасан Аврагчийн хүч юм. Гэр бүлд маань тохиолдсон уй гашуу оргүй алга болохгүй ч энэ нь Аврагчийн Цагаатгалын “хүчирхэгжүүлэгч” хийгээд “төгөлдөржүүлэгч” адислалуудаар солигддог4 гэдгийг би мэднэ. Бид Аврагчид илүү ойртон, Түүний баттай нотолгоог мэдэрч, гэрээнүүдийнхээ тодорхой үндэс суурийн улмаас тусламж дэмжлэг авсан билээ.

Эшлэлүүд

  1. Жэффри Р.Холланд, “Lessons from Liberty Jail” (Бригам Янгийн Их Сургууль дээр болсон онцгой цугларалт дээр хэлсэн үг, 2008 оны 9-р сарын 7), 6, speeches.byu.edu.

  2. Дийтр Ф.Угдорф, “Encircled in His Gentle Arms,” Liahona, 2015 оны 3-р сар, 5.

  3. “A Sure Witness of Jesus Christ: Elder Richard G. Scott,” lds.org/prophets-and-apostles.

  4. Брүс К.Хафэн, Мариэ К.Хафэн, The Contrite Spirit: How the Temple Helps Us Apply Christ’s Atonement (2015), 34–52-ыг үзнэ үү.