“Ж.Аннэтт Дэннис,” Лиахона, 2022 оны 5-р сар.
Ж.Аннэтт Дэннис
Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх
Хүүхэд насаа АНУ-ын өнцөг булан бүрд өөр өөр газар өнгөрөөсний дараа Жийнний Аннэтт Дэннис эгчийн гэр бүл Юта мужийн Коттонвүд Хайтс хот руу нүүхэд, мөрөөдөл нь биеллээ гэж тэрээр боджээ.
“Би Юта дахь бүх хүнийг Сүмийн гишүүн бөгөөд энд диваажинд байгаа мэт байх болно гэж бодсон” гэж тэр хэлэв.
Есдүгээр ангид орсон эхний хэдэн өдрөө үдэшлэгт уригдсан учир сэтгэл нь догдолж байв. Харин түүнд дотнын найз болсон нэг охин нь үдэшлэгт цугларсан хүмүүс хар тамхи хэрэглэнэ гэдгийг анхааруулжээ.
“Дэлхийн зүйлс хаа сайгүй байдаг гэдгийг би түргэн сурсан юм” гэж тэрээр хэлэв. Гэсэн хэдий ч гэрчлэл, сайн мэдээнд төвлөрсөн гэр орон нь ахлах сургуулийн он жилүүдийн туршид түүнийг хүчирхэг байлгажээ.
Жийнний Аннэт Хэррин 1960 оны 6-р сард Юта мужийн Прово хотод Ламар, Патриша Жоан Хэррин нарын долоон хүүхдийн ууган нь болж мэндэлсэн юм. Түүний аав ажлын шаардлагаар гэр бүлийнхээ хамт Миссиссиппи, Тэннэссий, Айова, Нэбраска, Юта мужууд руу нүүж байжээ.
Тэрээр Бригам Янгийн Их Сургуульд бага ангийн боловсролоор сурч, испани хэлээр давхар мэргэшсэн. Ангиараа Мексикт аялж байх үедээ тэрээр Хорхэ Дэннистэй танилцаж, тэд бие биедээ захидал бичиж эхлэн,
жилийн дараа англи хэл сурахаар Солт Лэйк Сити рүү нүүснээр тэд болзож эхэлжээ. Тэд хэдхэн сарын дараа сүй тавьж, 1980 оны 9-р сарын 4-нд Солт Лэйк ариун сүмд гэрлэсэн бөгөөд өдгөө дөрвөн хүүхэд, есөн ач, зээтэй. Тэд Юта мужийн Баунтифул хотод амьдардаг.
Дэннис эгч 4-р сарын 2-нд дэмжин батлагдсан бөгөөд 8-р сарын 1-ээс Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн нэгдүгээр зөвлөхөөр үйлчилж эхэлнэ. Тэрээр Хүүхдийн хэсгийн ерөнхий зөвлөлд үйлчилдэг төдийгүй нөхрийнхөө хамтаар Дэйвис гүнлэгийн харилцаа холбооны зөвлөлд мөн үйлчилдэг.
Тэрээр 2013-аас 2016 онд нөхөртэйгөө хамт Эквадорын Гуаякил Вэст номлолыг тэргүүлэн үйлчилж байсан. Тэрээр мөн Эквадорын Гуаякил ариун сүмийн ерөнхийлөгчийн эхнэрийн туслах, гадасны Халамжийн нийгэмлэгийн нарийн бичиг, тойргийн Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгч, Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөх, Халамжийн нийгэмлэгийн багш, ариун сүмийн ёслолын ажилтнаар тус тус үйлчилж байсан.