Цаг нь ирлээ
Одоо л бид суралцаж чадна. Одоо л бид наманчилж чадна. Одоо л бид бусдыг адисалж чадна.
Хүндэт ах, эгч нар аа, энэ гайхалтай чуулган олон талаараа түүхэн үйл явдал болж өндөрлөлөө. Бид залбирал, захиас, дуу хөгжмөөр адислагдлаа. Бидэнд Их Эзэний үйлчлэгчид сүнслэгээр нөлөөллөө.
Бид ирээдүйнхээ төлөө чухал чиглүүлэг авлаа. Их Эзэний та нараар хийлгэхийг хүссэн зүйлсийг Сүнс та нарт шууд ярьсан байгаасай хэмээн би залбирч байна.
Ирээдүй үргэлж тодорхой бус байдаг. Цаг уур өөрчлөгддөг. Эдийн засгийн мөчлөгийг ч урьдчилан таашгүй. Байгалийн гамшиг, осол аваар, өвчин эмгэг хүмүүсийн амьдралыг маш хурдан өөрчилж чадна. Эдгээр үйл явдлыг бид бүрэн хянаж чаддаггүй ч өдөр болгон цаг заваа хэрхэн зарцуулах зэргээр бидний хянаж чадах зарим зүйл бий.
Нью-Йоркийн Вэллс коллежийн нарны цаг дээр сийлсэн Хэнри Ван Дайкийн шүлэгт би дуртай. Энэ шүлэгт:
Хурууны минь сүүдэр
Ирээдүйг өнгөрснөөс зааглана.
Ирээгүй цаг хугацаанд
Юуг ч бид эс хийж чадна.
Өнгөрсөн цаг хугацааг
Яавч бид эргүүлж үл чадна.
Сүүдэр тусаж буй ОДОО цагт л
Хүссэнээрээ үйлдэж бид чадна1 гэжээ.
Тийм ээ, бид өнгөрснөөсөө суралцаж чадна, суралцах ч хэрэгтэй. Тийм ээ, бид ирээдүйдээ бэлдэж чадна, бэлдэх ч хэрэгтэй. Гэхдээ зөвхөн одоо л бид хийж чадна. Одоо л бид суралцаж чадна. Одоо л бид наманчилж чадна. Одоо л бид бусдыг адисалж, “сульдсан гарыг тэнхрүүлж”2 чадна. Мормон хүү Моронайдаа “хичээнгүйгээр хөдөлмөрлөцгөөе; … учир нь бид бүх зөв шударгын дайсныг ялж, мөн өөрсдийн бодгалийг Бурханы хаант улсад амрааж болохын тулд энэ махбодийн асарт байхдаа гүйцэтгэх хөдөлмөр бидэнд байна”3 гэж зөвлөжээ.
Дайсан хэзээ ч унтдаггүй. Иймээс үнэн үргэлж эсэргүүцэлтэй тулгарна. Ахлагч Угдорфын хэлснээр мөн та бүхнийг ямар ч бэрхшээл, боломж тохиосон үргэлжлүүлэн урагш түлхэх зүйлсийг буюу сүнслэг эерэг инерцийг тань нэмэгдүүлэх зүйлсийг хийж эхлээрэй хэмээн би өнөө өглөө хэлсэн үгээ давтан хэлье.
Бид ариун сүмд шүтэн биширч, тэндээс хүлээн авдаг адислалуудынхаа хэчнээн өргөн хийгээд гүн агуулгатайг ойлгох үедээ сүнслэг эерэг инерцээ нэмэгдүүлдэг. Би та нараас ариун сүмийн мөнхийн адислалууд дээр анхаарал хандуулснаар дэлхийн арга замуудыг сөрөн зогсохыг гуйж байна. Тэнд та нарын өнгөрүүлсэн цаг хугацаа мөнхөд үргэлжлэх адислалыг авчирдаг.
Сүм өсөж хөгжихийн хэрээр үүнтэй нийцүүлэн бид улам илүү олон ариун сүм барьж байна. Одоогоор 44 ариун сүм шинээр баригдаж байна. Мөн олон ариун сүмд засвар хийгдэж байна. Би дэлхий даяарх эдгээр төсөл дээр ажиллаж буй ур чадвартай хүмүүсийн төлөө залбирч байна.
Залбирал, талархлын сүнсээр дараах байрлалуудад ариун сүм барихаар төлөвлөж байгаагаа би дуулгахад таатай байна. Үүнд: Шинэ Зеландын Вэллингтон ариун сүм, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Бразавиллэ ариун сүм, Испанийн Барселон ариун сүм, Их Британий Бирмингам ариун сүм, Перугийн Куско ариун сүм, Бразилийн Масейо ариун сүм, Бразилийн Сантус ариун сүм, Мексикийн Сан Луис Потоси ариун сүм, Мексикийн Мехико Сити Бенемерито ариун сүм, Флоридагийн Тампа ариун сүм, Теннессигийн Ноксвилл ариун сүм, Охайогийн Клийвлэнд ариун сүм, Канзасын Вичита ариун сүм, Техасын Аустин ариун сүм, Монтанагийн Миссоула ариун сүм, Айдахогийн Монтпэлиэр ариун сүм, Калифорниагийн Модэсто ариун сүм
Эдгээр 17 ариун сүм хөшигний хоёр талд буй тоо томшгүй олон хүний амьдралыг адислах болно. Хайрт ах, эгч нар аа, би та нарт хайртай. Үүнээс чухал нь Их Эзэн та нарыг хайрладаг. Тэр бол та бүхний Аврагч бөгөөд Гэтэлгэгч. Тэр Сүмээ удирдан чиглүүлдэг. Бид “Та нар ард түмэн минь, Би та нарын Бурхан болно”4 хэмээн хэлсэн Их Эзэний зохистой хүмүүс байх болтугай.
Энэ бүхнийг би Есүс Христийн ариун нэрээр залбирлаа, амен.