2022
Шуурганаар ч ажрахгүй
2022 оны 5-р сар


Шуурганаар ч ажрахгүй

Амьдралын шуурга дэгдэхэд, та Есүс Христэд итгэх итгэлийнхээ хадан дээр зогсож байгаа учраас гуйвшгүй хэвээр байж чадна.

Хүндэт ах, эгч нар минь, өнөөдөр бид Бурханы сүнслэг үйлчлэгчдийн зөвлөгөө, урамшууллыг сонсохоор адислагдаад байна. Бид бүгдээрээ хаана ч байсан бай, улам хэцүү болж буй цаг үед амьдарч байгаагаа мэднэ. Шуурганаар ажрахгүй, амар тайван байхад тань энэ үг туслах болтугай хэмээн би залбирч байна.1

Юуны өмнө бид бүгдээрээ Бурханы хайртай хүүхдүүд бөгөөд Түүнд сүнслэг үйлчлэгчид бий гэдгийг санацгаая. Бурханд үйлчилдэг энэ хүмүүс бидний амьдарч буй цаг үеийг үзэгдлээр харж байсан. Төлөөлөгч Паул “Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав”2 гэж Тимотод хандан бичиж байв.

Цаг үеийн шинжийг харах нүдтэй, бошиглогчдын үгсийг сонсох чихтэй хэн боловч үүнийг үнэн гэдгийг мэднэ. Хамгийн том аюул ёсон бусын хүчнүүдээс бидэнд ирдэг. Эдгээр хүч улам бүр гаарч байна. Тиймээс Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрахын тулд байгуулж, дагавал зохих гэрээнүүдээ хүндэтгэх нь амар биш, харин илүү хэцүү байх болно.

Өөртөө болон хайртай хүмүүстээ сэтгэл зовниж буй хүмүүс ирж буй шуурганаас хоргодох аюулгүй газрын талаарх Бурханы амлалтаас итгэл найдвар олж болно.

Энэ газрыг үгээр дүрсэлсэн байдаг ба амьд бошиглогчид олонтоо дүрслэн өгүүлсэн байдаг. Жишээлбэл: Мормоны Номд цэдэглэснээр, нэгэн сүнсээр өдөөгдсөн, хайраар дүүрэн эцэг хөвгүүддээ өөрсөд рүү нь чиглэн ирж байгаа шуурганд ажрахгүй байхын тулд өөрсдийгөө хүчирхэгжүүлэх талаар хэлсэн байдаг. Тэрээр: “Мөн эдүгээ, хөвгүүд минь, санагтун, Бурханы Хүү, Христ болох, бидний Гэтэлгэгчийн хадан дээр та нар сууриа тавих ёстойг санагтун; иймээс чөтгөр хүчит салхиа, тийм ээ, хуй салхин дахь дайралтаа илгээхэд, тийм ээ, түүний бүхий л мөндөр мөн хүчит шуурга та нар дээр нүдэхэд, энэ нь та нарыг зовлонгийн хийгээд төгсгөлгүй халаглалын ангал тийш доош чирж дийлэх хүчгүй байх болно, та нар дээр нь босгогдсон, бат бөх суурь дээр, хүмүүн нь үүний дээр баривал унах аргагүй суурь болох хадны учир болой.”3

Түүний ярьсан зовлон, төгсгөлгүй халаглал нь тэднийг нүглээ бүрэн наманчлаагүй тохиолдолд ирэх нүглийн аймшигт үр дагаврууд байсан. Улам ширүүсэж буй шуурга нь Сатаны уруу таталт, улам нэмэгдэж буй дайралтууд юм. Бат бөх суурин дээр хэрхэн барихаа ойлгодог байх нь хэзээ хэзээнээс илүү чухал болоод байна. Миний хувьд, Мормоны Номд цэдэглэгдсэн Бенжамин хааны сүүлийн номлолоос өөр энэ талаар эрэлхийлэх газар үгүй.

Бенжамин хааны бошиглолын үгс өнөөгийн бидэнд ч хамаатай. Тэр дайн дажингийн гай түйтгэрийг сайн мэддэг байсан. Тэрээр Бурханы хүчинд найдаж, дайн тулаанд ард түмнээ хамгаалсан юм. Бурханы хүүхдүүдийг уруу татах, ялан дийлэх гэж оролдох, урам зоригийг нь мохоох гэсэн Люсиферийн аймшигт хүчнүүдийг тэр харсан.

Тэр өөрийн хүмүүсийг төдийгүй биднийг аюулгүй байдлын цорын ганц найдвартай хад болох Аврагч дээр сууриа тавихад урьсан билээ. Бид зөв, бурууг сонгох эрх чөлөөтэй бөгөөд сонголтынхоо үр дагавраас зайлсхийх боломжгүй гэдгийг тэрээр тодорхой хэлсэн. Түүний сэрэмжлүүлгийг анхаарахгүй, сонсохгүй байгаа хүмүүст ямар уй гашуу тохиолдохыг тэр мэдэж байсан тул шулуун бөгөөд ширүүхэн ярьсан байдаг.

Сүнсний өдөөлтийг дагах аль эсвэл биднийг уруу татах, устгах зорилготой Сатанаас ирэх хилэнцэт захиаснуудыг дагах гэсэн хоёр сонголтын үр дагаврыг тэр дараах байдлаар дүрсэлжээ.

“Учир нь болгоогтун, тэр [хилэнцэт] сүнсийг дагахаар сонгосон түүний дээр халаг зарлагдсан; учир нь хэрэв тэрээр түүнийг дагахаар сонгож мөн нүглүүддээ үлдэж мөн үхвээс, түүнчлэн тэрбээр өөрийн бодгальд ял уулгах болой; учир нь тэрээр өөртөө хөлс болгон үүрдийн шийтгэлийг хүлээн авна, тэрээр өөрийн мэдлэгийн эсрэг Бурханы хуулийг зөрчсөн буюу. …

Тиймийн тул хэрэв тэр хүмүүн эс наманчилбаас, мөн Бурханы дайсан хэвээр үлдэн мөн үхвээс, тэнгэрлэг шударга ёсны шаардлага түүний үхэшгүй сүнсийг өөрийнх нь гэмийн амьд мэдрэмжинд сэрээж, түүнийг Их Эзэний дэргэдээс зайлсхийх болгосон тэр, мөн түүний цээжийг гэм, шаналал хийгээд тарчлалаар дүүргэх бөлгөө, түүнчлэн дөл нь үүрд мөн үргэлж дүрэлзэх тэр, унтаршгүй гал лугаа адил байх тэр бөлгөө.”

Бенжамин хаан цааш нь “Ай, настай эрчүүд та нар, мөн түүнчлэн залуу эрчүүд та нар, мөн миний үгсийг ойлгож чадах бяцхан хүүхдүүд та нар, учир нь та нар ойлгож болохын тулд би та нарт тодорхой ярьсан, зөрчилд унасан тэдний аймшигт байдлыг санахаар та нарыг сэрээсэй хэмээн залбирнам би”4 гэж хэлжээ.

Миний хувьд, наманчлахыг сэрэмжлүүлэх уг сэрэмжлүүлгийн хүч нь энэ амьдралын дараа Аврагчийн өмнө та бидний зогсох нь гарцаагүй тэр үеийн дүр зургийг оюун санаанд минь буулгадаг. Бид Түүн рүү далдичилгүй хараад, “Сайн байна, итгэмжит сайн зарц минь! … [дотогшоо] ор”5 хэмээн Түүний инээмсэглэн хэлж байгааг сонсохыг бүх зүрх сэтгэлээсээ хүсэж байна.

Энэ амьдралдаа Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан төрөлх чанараа өөрчлөх арга замыг олж чадсан тохиолдолд эдгээр үгийг сонсох найдварыг хэрхэн хүлээн авч болохыг Бенжамин хаан тодорхой хэлсэн байдаг. Энэ бол бидэнд тохиолдох уруу таталт, зовлон зүдгүүрийн шуурганд тэсэж үлдэхүйц найдвартай сууриа тавих мөн үүн дээрээ үлдэж болох цорын ганц арга зам юм. Бенжамин хаан бидний төрөлх чанарын өөрчлөлтийг сэтгэлд хүрэм сайхан зүйрлэлээр дүрсэлжээ. “Бяцхан хүүхэд мэт болох ёстой” гэсэн хэллэгийг Их Эзэн Өөрөө төдийгүй мянган жилийн турш бошиглогчид ашигласан юм.

Зарим хүнд үүнийг хүлээн зөвшөөрөхөд амаргүй байх болно. Бидний ихэнх нь хүчтэй байхыг хүсдэг. Бид хүүхэд шиг байхыг сул дорой гэж харж болно. Ихэнх эцэг, эх хүүхдээ хүүхэд шиг аашлахгүй болохыг нь хүлээдэг. Харин хүчтэй, зоригтой хүн байх гэдэг нь ямар утгатайг мөнх бус ямар ч хүний адил ойлгосон Бенжамин хаан хүүхэд шиг байна гэдгийг хүүхэд шиг аашлах гэсэн үг биш гэдгийг онцолжээ. Энэ нь Эцэгийнхээ хүслийг биелүүлж, бүх хүүхдийнх нь нүглийг цагаатгахын тулд Эцэгээс хүч гуйн залбирч, дараа нь үүнчлэн үйлдсэн Аврагчтай адил байх явдал юм. Хүнд бэрх цаг үед ажрахгүй, амар тайван байхад хэрэгтэй хүчийг олж авахын тулд бид төрөлх чанараа хүүхэд шиг болгон өөрчлөх ёстой.

Энэ өөрчлөлт хэрхэн ирдэг талаар хэлсэн Бенжамин хааны сэтгэл хөдөлгөм тайлбарыг үзье. “Учир нь эгэл хүн бол Бурханы дайсан, мөн Адамын уналтаас тийм байсаар ирсэн, мөн тэрээр Ариун Сүнсний таталтанд автагдан, эгэл хүмүүнээ орхиж мөн Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн болж, хүүхэд шиг хүлцэнгүй, номхон, даруухан, тэвчээртэй, хайраар дүүрэн, бүр хүүхэд эцэгтээ захирагддаг шиг Их Эзэн түүн дээр ноогдуулах бүх зүйлийг хүлцэхэд бэлэн бус аваас үүрд мөн үргэлж тийм байх болно.”6

Бид Бурхантай гэрээ байгуулж мөн шинэчлэх үедээ энэ өөрчлөлтийг хүлээн авдаг. Ингэснээр бидний зүрх сэтгэлд өөрчлөлтийг бий болгогч Христийн Цагаатгалын хүч ирдэг. Бид ариун ёслолоос хүртэх, нас барсан өвөг дээдсийнхээ төлөө ариун сүмийн ёслол үйлдэх, Аврагчийг гэрчлэх эсвэл тусламж хэрэгтэй нэгнийг Христийн шавийн хувьд халамжлах бүрдээ үүнийг мэдэрч чадна.

Бид эдгээр туршлагаар дамжуулан цаг хугацаа өнгөрөх тусам хайрлаж, дуулгавартай дагах чадавхаараа хүүхэд шиг болдог. Ийн бид бат бөх суурин дээр зогсохоор ирцгээдэг. Есүс Христэд итгэх итгэл маань биднийг наманчилж, Түүний зарлигуудыг дагахад хүргэдэг. Бид дуулгавартай байж, уруу таталтыг эсэргүүцэх хүчийг олж авдаг ба амласных нь дагуу Ариун Сүнстэй нөхөрлөж чаддаг.

Бидний төрөлх чанар бяцхан хүүхэд мэт, Бурханд дуулгавартай, илүү хайраар дүүрэн болж өөрчлөгдөх учиртай. Ийн өөрчлөгдөх нь биднийг Ариун Сүнсээр дамжин ирдэг бэлгүүдийг хүлээн авахуйц зохистой болгодог. Сүнстэй нөхөрлөх нь биднийг тайвшруулж, удирдан чиглүүлж, хүчирхэгжүүлэх болно.

Бид Бурханы өмнө бяцхан хүүхэд шиг болж чадна хэмээн Бенжамин хааны хэлсэн үгсийн зарим учрыг би мэдэж авсан. Ариун Сүнс ихэнхдээ хэн нэгний зүрх сэтгэл хүүхдийнхтэй адил даруухан, хүлцэнгүй байх үед намуухан, зөөлөн дуу хоолойгоор ярьдаг бөгөөд илүү амархан сонсогддог гэдгийг би өөрийн туршлагаас мэдэж авсан. Үнэндээ “Би Таны хүсэж байгаа зүйлийг л хүснэ. Надад юу хийхийг маань хэлж өгөөч. Би хийх болно” гэсэн залбирал үр дүнтэй залбирал байдаг.

Амьдралын шуурга дэгдэхэд та Есүс Христэд итгэх итгэлийнхээ хадан дээр зогсож байгаа учраас гуйвшгүй хэвээр байж чадна. Энэ итгэл таныг өдөр бүр наманчилж, гэрээгээ тууштай дагахад чиглүүлнэ. Ингэснээр та Түүнийг үргэлж санах болно. Мөн үзэн ядалт, ёсон бусын шуургыг та ажрахгүй туулж, итгэл найдварыг мэдрэх боломжтой.

Үүнээс илүү нь, та зогсож буй хадан дээрээ бусдыг аюулгүй гаргахын тулд гараа сунгаж байгаагаа олж харах болно. Есүс Христэд итгэх итгэл үргэлж илүү агуу найдвар тээхэд мөн бусдад Христийн жинхэнэ хайраар буюу энэрч хандахад хүргэдэг.

Их Эзэн Есүс Христ таныг “Над руу ирэгтүн”7 хэмээн урьсан гэдгийг би та бүхэнд баттай гэрчилж байна. Тэр таныг болон таны хайртай хүмүүсийг хайрладаг болохоор энэ амьдралд амар амгалан, ирэх дэлхийд мөнх амьдралыг авахаар Өөрт нь ирэхэд урьж байна. Тэрээр аз жаргалын төлөвлөгөөний нэг хэсэг болох сорилтын шуургануудыг сайн мэддэг.

Би та бүхнээс Аврагчийн урилгыг хүлээн авахыг гуйж байна. Номхон даруу, хайраар дүүрэн хүүхэд адил байж, Түүний тусламжийг хүлээн ав. Түүний Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд санал болгосон гэрээнүүдийг байгуулж мөн сахигтун. Эдгээр нь таныг хүчирхэгжүүлэх болно. Аврагч Өөр дээр нь ирэх мөн Тэнгэрлэг Эцэгтээ гэртээ харих замд таарах шуургануудыг болон аюулгүй газруудыг мэддэг. Тэр замыг мэднэ. Есүс бол тэр Зам мөн. Би үүнийг Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.