2022
Христ гэмтсэнийг эдгээдэг
2022 оны 5-р сар


Христ гэмтсэнийг эдгээдэг

Тэрээр Бурхантай төдийгүй бусадтай хагаралдаж муудсан харилцааг болон бидний бие махбод, сэтгэл санааны гэмтсэн хэсгүүдийг эдгээж чадна.

Хэдэн жилийн өмнө гэр бүлийн маань нэгэн цугларалт дээр тэр үед найман настай байсан зээ хүү Виллиам маань манай ууган хүү Бритоноос өөртэй нь бөмбөгөөр тогломоор байгаа эсэхийг асуув. “Тэгье. Би тогломоор байна” гэж Бритон урамтай хариулав. Тэднийг нэлээн удаан тоглосны дараа бөмбөг Бритоны гараас алдуурч, эмээ өвөөгийнх нь эртний вааруудын нэгийг санамсаргүй хагалж орхив.

Бритонд энэ нь их хэцүү санагджээ. Тэр хагарсан хэсгүүдийг түүж эхлэв. Бяцхан Виллиам үеэл рүүгээ дөхөж ирээд, нуруун дээр нь зөөлхөн алгадаж, тайвшруулаад, “Бритон, битгий санаа зов. Би нэг удаа эмээ, өвөөгийн гэрт нэг юм хагалчихсан юм. Эмээ намайг тэврээд, ‘зүгээр ээ, Виллиам аа. Чи дөнгөж тавтай шүү дээ’ гэж хэлсэн” гэжээ.

Бритон хариуд нь “Гэхдээ, Виллиам аа, би 23-тай шүү дээ!” гэж хэлсэн гэдэг.

Бидний Аврагч Есүс Христ биднийг хэдэн настай ч бай, амьдралынхаа хагарч гэмтсэн зүйлсийг амжилттай хайж эвлүүлэхэд хэрхэн тусалдаг талаар бид судруудаас мэдэж авах боломжтой. Тэрээр Бурхантай төдийгүй бусадтай хагаралдаж муудсан харилцааг болон бидний бие махбод, сэтгэл санааны гэмтсэн хэсгүүдийг эдгээж чадна.

Бурхантай хагаралдаж муудсан харилцаа

Аврагчийг ариун сүмд зааж байх үед бичээчид болон фарисайчууд Түүн дээр нэгэн эмэгтэйг авчирчээ. Бид тэр эмэгтэйн түүхийг бүгдийг нь бус, зөвхөн “завхайрч байгаад баригдсан”1 тухай л мэддэг. Судруудад ихэвчлэн хүний амьдралын багахан хэсгийг өгүүлдэг. Тэрхүү хэсэг дээр тулгуурлан бид заримдаа өргөмжилж, заримдаа буруушаах хандлага гаргадаг. Хэний ч амьдралыг ганцхан гайхамшигт үйл явдлаар эсвэл олон нийтийн урмыг хугалах харамсам тохиолдлоор ойлгох боломжгүй. Судрын ийм тохиолдлууд нь Есүс Христ бол тэр үед хариулт нь байсан, одоо ч хариулт нь юм гэдгийг олж харахад бидэнд туслах зорилготой. Тэрээр бидний бүрэн түүхийг болон бидний чадавх, эмзэг байдал, яг юунд шаналж зовдог зэргийг мэддэг.

Бурханы энэхүү эрхэм охинд Христ “Би ч чамайг шийтгэхгүй. Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд”2 гэсэн хариу өгсөн. “Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд” гэдгийг өөрөөр, “урагш яв, тэгээд өөрчлөгд” гэж хэлж болно. Аврагч тэр эмэгтэйг наманчлахад болон биеэ авч явах байдал, харилцаа холбоо, өөрийгөө мэдэрч байгаа байдал, зүрх сэтгэл зэргээ өөрчлөхөд урьж байсан.

Есүс Христийн ачаар бидний “урагш явж, өөрчлөгдөх” шийдвэр бидэнд “урагш явж, эдгэрэх” боломжийг олгож болно. Учир нь Тэрээр бидний амьдралын гэмтсэн бүхнийг эдгээх эх сурвалж юм. Агуу зууч хийгээд Эцэгийн өмнө биднийг өмгөөлөх Өмгөөлөгчийн хувьд, Христ хагаралдаж муудсан харилцаануудыг, хамгийн чухал нь Бурхантай харилцах бидний харилцааг ариусгаж, сэргээдэг.

Иосеф Смитийн Орчуулгад тэр эмэгтэйг Аврагчийн зөвлөгөөг дагаж, амьдралаа өөрчилсөн тухай “Мөн уг эмэгтэй тэр цагаас эхлэн Бурханыг алдаршуулан мөн түүний нэрэнд итгэв”3 хэмээн тов тодорхой хэлсэн. Бид түүний нэрийг, бас тэр мөчөөс хойших амьдралынх нь бусад нарийн ширийнийг мэддэггүй нь харамсалтай. Учир нь түүний хувьд наманчилж, өөрчлөгдөхөд агуу шийдвэр, даруу байдал, Есүс Христэд итгэх итгэл шаардлагатай байсан. Бид тэр эмэгтэйг Христийн төгсөшгүй, мөнхийн золиосноос ангид үлдээгүй гэдгээ ойлгож, “түүний нэрэнд итгэсэн” гэдгийг л мэдэж байгаа.

Бусадтай хагаралдаж муудсан харилцаа

Лук 15-р бүлгээс бид хоёр хүүтэй нэгэн хүний тухай сургаалт зүйрлэлийг уншдаг. Бага хүү нь эцгийнхээ өв хөрөнгөөс гуйж аваад, алс холын орныг зорин аялж, дур зоргоороо амьдарч, эд хөрөнгөө үрэн таран хийсэн.4

“Түүнийг бүх юмаа барж дуусахад тэрхүү нутагт нь ч сүрхий өлсгөлөн болж, тэр юм юмаар гачигдаж эхлэв.

Тэгээд тэр явж, уг нутгийн нэгэн иргэнийг бараадах болж, мөнөөх нь гахайгаа хариулуулахаар түүнийг явуулдаг байлаа.

Гахайн идэж байсан буурцгаар ходоодоо дүүргэхийг тэр хүсэмжлэвч хэн ч түүнд юу ч өгсөнгүй.

Тийнхүү тэр ухааран “Эцгийн минь хөлсөлсөн хүмүүсийн хичнээн нь ч талхаар элбэг дэлбэг байдаг билээ дээ. Гэтэл би энд өлсөж үхэх нь.

Би босоод эцэгтээ очъё. Тэгээд түүнд «Аав аа, би тэнгэрийн эсрэг, таны өмнө нүгэл үйлджээ.

Би цаашид таны хүү гэгдэх нь зохисгүй, харин намайг хөлснийхөө нэг хүн болгооч» гэж хэлье” гэв.

Тэгээд тэр босож, эцэг уруугаа явжээ. Харин эцэг нь түүнийг холоос харж ихэд өрөвдөн гүйж ирээд, тэвэрч үнсэв.”5

Миний итгэж байгаагаар, эцгийн хүү рүүгээ гүйж очсон явдал маш чухал. Хувь хүнийх нь хувьд эцэгтээ учруулсан шаналал нь үнэхээр гүн гүнзгий байсан. Үүний адилаар, эцэг хүүгийнхээ үйлдлээс болж санаа зовж байсан байх.

Ингэхэд эцэг яагаад хүүгээ өөр лүү нь хүрч ирээд, уучлал гуйхыг хүлээгээгүй юм бол? Яагаад тэр уучилж, хайрлахаасаа өмнө эвлэрэхийн тулд хүүгээ ямар нэгэн юм хийхийг хүлээгээгүй юм бол? Энэ бол миний байнга тунгаан боддог зүйл юм.

“Их Эзэн, бибээр өршөөх түүнийгээ би өршөөх болно, харин бүх хүмүүнийг уучлах нь та нараас шаардагдана”6 гэж Тэрээр айлдаад, бусдыг уучлах нь бүгдэд хамаатай зарлиг хэмээжээ. Уучлах нь асар их зориг, даруу байдлыг шаардаж болно. Бас цаг хугацаа ч орно. Бид зүрх сэтгэлийнхээ нөхцөл байдалд хариуцлагатай байх явдлыг авч үзэхдээ Их Эзэнд итгэж найдах шаардлагатай. Энд л бидний сонгох эрхийн ач холбогдол, хүч оршино.

Үрэлгэн хүүгийн сургаалт зүйрлэл дэх эцгийг дүрслэхдээ Аврагч уучлал бол бидний нэг нэгэндээ, хамгийн гол нь өөрсдөдөө өгч болох хамгийн эрхэм бэлгүүдийн нэг гэдгийг онцолсон. Уучлалаар дамжуулан зүрх сэтгэлийн ачаанаасаа салах нь үргэлж амар байдаггүй ч Есүс Христийн боломж олгогч хүчээр дамжуулан энэ нь боломжтой.

Бидэнд буй гэмтсэн хэсгүүд

Үйлс 3-аас “хүмүүс сүмийн Үзэсгэлэнт хэмээх дааман хаалганы дэргэд суулгаж, сүмд ирэгсдээс гуйлга гуйдаг”7 төрөлхийн суунги хүний талаар бид мэдэж авдаг.

Суунги гуйлгачин 40 гаруй настай байсан8 бөгөөд төгсөшгүй мэт санагдам хүсэн хүлээсэн байдалд бүх амьдралаа өнгөрүүлжээ. Учир нь тэрээр бусдын өгөөмөр зангаас хамааралтай амьдарч байв.

Нэг өдөр “Петр, Иохан нарыг сүмд очиход тэр тэднээс гуйлга гуйв.

Петр Иоханы хамт түүн уруу харц тогтоон, Нааш хар гэв.

Тэднийг юм өгөх нь гэж горьдон тэр тэднийг харав.

Харин Петр түүнд —Надад алт, мөнгө байхгүй. Харин өөрт байгаагаа л би чамд өгье —Назарын Есүс Христийн нэрээр босоод явагтун гэж хэлээд,

баруун гараас нь барьж өндийлгөсөнд түүний хөл, шагай тэр даруй хүч орж,

үсрэн цэх зогсоод, алхаж эхлэв. Тэр тэдэнтэй сүмд орж, цовхчин, Бурханыг магтав.”9

Заримдаа бид сүмийн хаалганы дэргэдэх суунги гуйлгачинтай адил тэвчээртэй эсвэл заримдаа тэвчээр алдан “Их Эзэнийг хүлээ[дэг].”10 Бид бие махбодын эсвэл сэтгэл санааны хувьд эдгэрэхээ хүлээдэг. Мөн зүрх сэтгэлийнхээ гүнд нэвтэрдэг хариултуудыг болон гайхамшгийг хүлээж байдаг.

Энэ нь Аврагчийг хувьдаа гүн гүнзгий арга замаар мэдэж авахын тулд бидний очиж болох өнгөлөн, цэвэршүүлэх орон зай юм. Их Эзэнийг хүлээх нь түүнчлэн бид заримдаа “Ай, Бурхан минь, Та хаана байна вэ?”11 гэж асуудаг орон зай байж болно. Энэ нь Есүс Христийг ахин дахин, бүр дахин зориуд сонгож, Түүнд итгэх итгэлээ хөгжүүлэх шаардлагатай сүнслэг шаргуу байдлын орон зай юм. Би энэ орон зайг мэддэг бөгөөд энэ төрлийн хүлээлтийг ойлгодог.

Би хавдрын эмчилгээний тасагт тоолж баршгүй олон цагийг өнгөрөөхдөө эдгэрэх гэж хүсэн тэмүүлсэн олон хүнтэй зовлон шаналлаараа нэгдсэн юм. Тэдний зарим нь амьд үлдсэн. Зарим нь чадаагүй. Зовлон бэрхшээлээсээ чөлөөлөгдөх зам бидний хүн болгоны хувьд өөр. Тиймээс бид тэрхүү гарах зам дээрээ багахан анхаарч, Чөлөөлөгч Түүн дээр илүү төвлөрөх ёстой гэдгийг гүн гүнзгий арга замаар ухаарч мэдсэн. Бид Есүс Христэд үргэлж онцгой анхаарлаа хандуулдаг байх ёстой!

Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх гэдэг нь зөвхөн Бурханд итгэх төдийгүй Түүний цаг хугацаанд найдах гэсэн утгатай. Учир нь Тэрээр бидэнд яг юу хэрэгтэй байгааг болон энэ нь бидэнд чухам хэзээ хэрэгтэй гэдгийг мэддэг. Бид Их Эзэний хүсэл таашаалд захирагдах үедээ өөрсдийн хүсэж байснаас эцэст нь хавьгүй илүүг хүлээн авах болно.

Эрхэм найзууд аа, бид бүхний амьдралд засах, засварлах эсвэл эдгээх шаардлагатай гэмтсэн ямар нэгэн зүйл байгаа. Биднийг Аврагчид хандах үед төдийгүй зүрх сэтгэл, оюунаа Түүнтэй нийцүүлэх үед мөн наманчлах үед Тэрээр “жигүүртээ анагаах чадлыг эзэмдэн,”12 бидний байгаа тэрхүү орон зайд ирж, хайрлах сэтгэлээр тэвэрч аваад, “Зүгээр ээ. Та ердөө л 5 эсвэл 16, 23, 48, 64, 91 настай. Бид хамтдаа үүнийг засаж чадна!” хэмээн хэлдэг.

Та нарын амьдрал дахь гэмтсэн юу ч бай Есүс Христийн эдгээх, гэтэлгэх, боломж олгох хүчнээс гадуур өнгөрөхгүй гэдгийг би гэрчилж байна. Бүхнийг эдгээх чадалтай Есүс Христийн эрхэм, ариун нэрээр, амен.