Дэлхийг эдгээхийн төлөө
Бид бүгдийг Бурхан Эцэгээ болон Түүний Хүү Есүс Христийг хүндлэн бишрэх үед бидний сэтгэлийн шарх болон ялгаатай байдал шийдвэрлэгдэж, бүр эдгэрч болдог.
Ах, эгч нар аа, энэ гайхалтай Христийн амилсны баярын үеэр бид Бурханы үйлчлэгчидтэй уулзаж, тэднээс зөвлөмж, чиглүүлэг хүлээн авч байгаа нь адислал билээ.
Тэнгэрлэг Эцэгийн маань ариун сургаал, удирдамж бидэнд энэ түгшүүртэй цаг үед амьдралаа удирдан жолоодоход тусалдаг. Бошиглолын дагуу “гал түймэр, мөн догшин шуурга,” “дайнууд, дайны цуурхлууд, мөн хаа сайгүй газар хөдлөлтүүд,” “бүх төрлийн жигшүүрт хэргүүд,”1 “тахал,”2 “өлсгөлөн хийгээд халдварт тахал”3 нь гэр бүл, нийгэм, бүр улс үндэстнүүдийг хүртэл сүйрүүлж байна.
Дэлхий дахинд нөлөөлж буй бас нэгэн гамшиг бол та бидний шашны эрх чөлөөнд халдаж байгаа явдал юм. Энэхүү өргөжин тэлж буй хандлага нь шашин шүтлэг, Бурханд итгэх итгэлийг олон нийтийн газар, сургуулиудаас мөн нийгмийн жишиг, ард иргэдийн үг хэллэг, ярианаас хасахыг эрэлхийлж байна. Шашны эрх чөлөөг эсэргүүцэгчид чин сэтгэлийн итгэл үнэмшлээ илэрхийлэхэд хориг тавиулахыг оролдож, түүгээр ч үл барам шашны уламжлалт ёс заншлыг шүүмжлэн, доромжилж байна.
Иймэрхүү хандлага нь хүмүүсийн хувьдаа баримталдаг зарчим, шударга ёс, хүндлэл, сүнслэг байдал, дотоод сэтгэлийн амар амгаланг хязгаарладаг.
Шашны эрх чөлөө гэж юу вэ?
Энэ бол бүхий л хэлбэрээр шүтэн бишрэх эрх чөлөө юм. Үүнд цуглан чуулах, үг хэлэх, хувийн итгэл үнэмшлийнхээ дагуу үйлдэх эрх чөлөө хамаарах бөгөөд бусад хүн ч мөн адил үйлдэх эрх чөлөөтэй. Шашны эрх чөлөө нь хүн бүрд юунд итгэхээ, итгэлийнхээ дагуу хэрхэн амьдарч, үйлдэхээ мөн Бурхан биднээс юу хүсэж байгааг өөрсдөө шийдэх боломжийг олгодог.
Иймэрхүү шашны эрх чөлөөг хязгаарлах оролдлого нь шинэ зүйл биш юм. Түүхийн туршид итгэл үнэмшилтэй хүмүүс бусдын гарт маш их зовж зүдэрч байсан. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд ч мөн ялгаагүй.
Манай Сүмийн эхлэлээс л Бурханыг эрэлхийлж буй олон хүн Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэл, наманчлал, аз жаргалын төлөвлөгөө, Их Эзэний Хоёр дахь ирэлт зэрэг бурханлаг сургаалын улмаас энэ Сүмд татагдсаар ирсэн.
Эсэргүүцэл, хавчлага, хүчирхийлэл манай хожмын үеийн анхны бошиглогч Иосеф Смитийг болон түүнийг дагагчдыг зовоож байсан.
1842 оны үймээн самуун дунд Иосеф өсөн хөгжиж буй Сүмийн 13 үндсэн зарчмыг хэвлэн гаргажээ. Үүнд: “Ухамсрынхаа шаардлагын дагуу Бүхнийг Чадагч Бурханыг шүтэн бишрэх онцгой боломжийг бид шаардаж байна, мөн энэхүү онцгой боломжийг бүх хүнд зөвшөөрч, хэрхэн, хаана, эсвээс юуг шүтэн бишрэх нь тэдний хэрэг гэдгийг хүлээн зөвшөөрдөг”4 гэсэн тунхаг багтдаг.
Түүний мэдэгдэл бусдыг хамруулж, эрх чөлөөг эрхэмлэсэн, хүндэтгэлтэй бөгөөд шашны эрх чөлөөний мөн чанарыг агуулдаг.
Түүнчлэн бошиглогч Иосеф Смит:
“Пресбитриен, баптист эсвэл бусад шашны аль нэг сайн хүн эрхээ хамгаалахын төлөө амь насаа зориулахад бэлэн байдгийн адилаар, миний бие … гэгээнтнүүдийн эрхүүдийг улан доороо дэвсэлж байгаа шиг Ромын католикчуудын эсвэл нэрд гараагүй бөгөөд өөрсдийгөө хамгаалахад хүчин мөхөс аливаа бусад шашны эрхүүдийг улан доороо дэвсэлж байгааг эсэргүүцэн, амь насаа өргөхөд бэлэн байна гэдгийг Тэнгэрийн өмнө зоригтойгоор тунхаглаж байна.
Бие сэтгэлд минь сүнслэгээр нөлөөлдөг зүйл бол эрх чөлөөг хайрлах хайр—бүх хүн төрөлхтний иргэний болон шүтлэг бишрэлийн эрх чөлөө юм”5 хэмээн мэдэгджээ.
Гэсэн ч эхэн үеийн Сүмийн гишүүд халдлагад өртөж, Нью-Йоркоос Огаио руу, тэндээс мужийн захирагч нь Сүмийн гишүүдийг “дайсан гэж үзэн, хүйс тэмтрэн устгах буюу муж улсаас хөөн гаргах ёстой”6 гэсэн тушаал гаргасан Миссури рүү хэдэн мянган километр газар хөөгдөн явсан. Тэд Иллиной руу зугтсан ч зовлон бэрхшээл үргэлжилсээр байв. Дээрэмчид бошиглогч Иосефыг хороовол Сүмийг устгаж, итгэгчдийг нь тараана гэсэн бодлоор түүнийг хөнөөсөн ч итгэлтэй хүмүүс бат бөх зогссоор байсан. Иосефын залгамжлагч Бригам Янг дүрвэн зугтсан мянга мянган гишүүдийг тэргүүлэн, өрнө зүгт 2100 километр замыг туулж, одоогийн Юта мужид иржээ.7 Миний өвөг дээдэс тэдгээр анхдагчийн дунд байсан юм.
Энэхүү хүнд хэцүү хавчлагын үеэс хойш Их Эзэний Сүм 17 орчим сая гишүүнтэй болтлоо тогтвортой өсөж хөгжсөөр байна.8 Нийт гишүүдийн талаас илүү нь Америкаас бусад улсад амьдардаг.
2020 оны 4-р сард манай Сүм сайн мэдээний Сэргээлтийн 200 жилийн ойгоо тэмдэглэсэн бөгөөд Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгаас дэлхий дахинд өргөх тунхаг гаргасан билээ. Энэ нь “Бурхан дэлхийн бүх улс оронд буй Өөрийн хүүхдүүдэд хайртай гэдгийг бид чанд тунхаглаж байна”9 гэж эхэлдэг.
Бидний хайрт бошиглогч Рассэлл М.Нэлсон
“Бид Бурханы бүх хүүхдийн төлөөх эрх чөлөө, сайхан сэтгэл, тэгш эрхэд итгэдэг.
Бид бүгдээрээ ах, эгч, дүүс бөгөөд хүн бүр хайртай Тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхэд нь билээ. Түүний Хүү Их Эзэн Есүс Христ ‘хар ба цагаан, боол ба чөлөөт, эр болон эм’ (2 Нифай 26:33) бүх хүнийг Өөр дээрээ ирэхэд урьдаг”10 хэмээн мэдэгдсэн.
Нийгэм, хувь хүмүүсийн шашны эрх чөлөөнөөс ач тус олдог дөрвөн арга замын талаар хамтдаа авч үзье.
Нэгдүгээрт. Шашны эрх чөлөө нь Бурханыг бидний амьдралын төвд байлгаснаар анхны болон хоёр дахь агуу тушаалыг эрхэмлэдэг. Бид Матайн номоос:
“Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла.”11
“Удаах нь ‘Чи хөршөө өөрийн адил хайрла’ гэсэнтэй адил юм”12 хэмээн уншдаг.
Ариун ёслолын танхим, синагог, мөргөлийн өргөө эсвэл оромж овоохой хаана ч бай Христийн шавь нар, тэдэнтэй адил итгэгчид Бурханыг шүтэн биширч, Түүний хүүхдүүдэд үйлчлэх хүсэлтэй байснаар Түүнд үнэнч гэдгээ илэрхийлж болно.
Есүс Христ ийм хайр, үйлчлэлийн төгс жишээ мөн. Тэрээр тохинууллынхаа үеэр ядуусыг халамжилж,13 өвчтэйг эдгээж,14 хараагүйд хараа оруулан,15 өлссөнийг хооллож,16 бяцхан хүүхдүүд рүү мутраа сунгадаг байсан17 бөгөөд Өөрийг нь буруутгасан, тэр бүү хэл цовдолсон хүмүүсийг хүртэл уучилсан.18
Судруудад Есүс “сайныг үйлдэж явсан”19 гэж дүрсэлдэг. Тиймээс бид ч мөн ингэх ёстой.
Хоёрдугаарт. Шашны эрх чөлөө итгэл, найдвар, амар амгалангийн илэрхийллийг дэмждэг.
Сүмийн хувьд бид бусад шашинтай нэгдэж, бүх шашны болон өөр өөр итгэл үнэмшилтэй хүмүүсийг мөн тэдний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалдаг. Энэ нь бид тэдний итгэдэг зүйлстэй эсвэл тэд биднийхтэй санал нийлдэг гэсэн үг биш ч бидний итгэл үнэмшлийг нам дарахыг хүсэж буй хүмүүсээс илүү бид хоорондоо олон талаараа ижил төстэй.
Би саяхан Италид болсон жил тутам зохиогддог G20 Interfaith Forum (Групп 20: шашин хоорондын хэлэлцүүлэг)-д Сүмээ төлөөлөн оролцоод ирлээ. Дэлхий дахины төр засаг, шашны удирдагчидтай уулзах үеэр тэд надад урам зориг өгч, бүр дэмжлэг үзүүлж байсан. Бид бүгдийг Бурхан Эцэгээ болон Түүний Хүү Есүс Христийг хүндлэн бишрэх үед бидний сэтгэлийн шарх болон ялгаатай байдал шийдвэрлэгдэж, бүр эдгэрч болдог гэдгийг би ойлгосон. Бүхний Агуу Эдгээгч бол бидний Их Эзэн, Аврагч Есүс Христ билээ.
Би үг хэлж дуусах үедээ нэгэн сонирхолтой зүйлийг анзаарсан. Өмнөх долоон илтгэгч хэлсэн үгээ ямар нэгэн шашны уламжлалаар буюу Бурханы нэрээр төгсгөөгүй. Би ярьж байхдаа, дотроо “Би зүгээр л баярлалаа гэж хэлээд суух уу эсвэл ‘Есүс Христийн нэрээр’ төгсгөх үү?” гэж бодсон ч хэн гэдгээ санаж, захиасныхаа төгсгөлд Өөрийнх нь нэрийг хэлээсэй гэж Их Эзэн хүсэж байгаа гэдгийг мэдсэн юм. Тэгээд би хэлсэн. Одоо эргэн санахад, энэ нь миний итгэлээ харуулах нэгэн боломж байсан бөгөөд би Түүний ариун нэрийг гэрчлэх шашны эрх чөлөөгөө эдэлсэн.
Гуравдугаарт. Шашин шүтлэг хүмүүст нэг нэгэндээ туслахыг урамшуулан дэмждэг.
Шашин шүтлэг нь өсөж хөгжих эрх чөлөө, орон зайг олгоно гэдэгт итгэгчид энгийн бөгөөд заримдаа баатарлаг үйлчлэл үзүүлдэг. Эртний иудейчүүдийн хэлдэг “тиккум олам” буюу “дэлхийг сэргээн засах, эдгээх” гэсэн хэллэг нь олон хүний хичээл зүтгэлээс харагдаж байна. Бид Caritas Internationalis нэртэй Католик Энэрлийн байгууллага, Исламын халамжийн байгууллагаас гадна Еврей, Хинду, Буддын, Сих болон Salvation Army, National Christian Foundation зэрэг Христийн олон байгууллагатай хамтран ажилласаар ирсэн. Бид хамтран, тусламж хэрэгтэй олон сая хүнд үйлчилдэг бөгөөд хамгийн сүүлд дайнаас дүрвэгчдэд майхан, аяны хөнжил, хүнс хэрэгсэл20 зэргээр дэмжлэг үзүүлж, халдварт саагийн21 болон КОВИД-ын22 вакцинаар хангах зэрэг тусламж үзүүлээд байна.
Итгэл үнэмшилтэй хүмүүс хамтран ажиллаж, бодитой оролцдог нь ямар ч эргэлзээгүй. Үүний зэрэгцээ ганц ганцаараа үйлчлэх нь голдуу гэнэтийн байдаг ч бусдын амьдралыг чимээгүйхэн өөрчилж байдаг.
Лукийн номд гардаг, Есүс Христийн Найны эмэгтэйд тусалсан жишээний талаар би боддог. Есүс Өөрийг нь дагаж явсан хэсэг хүний хамт бэлэвсэн эмэгтэйн цорын ганц хүүгийн оршуулгын ёслолтой таарчээ. Тэр эмэгтэй хүүгээ өнгөрөхөд сэтгэл санаа, сүнслэг байдлын хувьд, бүр цаашлаад санхүүгийн асуудалтай тулгарч байв. Есүс түүний нулимстай царайг хараад, “Бүү уйл”23 гэв. Түүнийг авс руу очоод гараа хүргэтэл, өргөөд явж байсан хүмүүс зогслоо.
Тэгээд Есүс “Би чамд хэлж байна. Залуу минь, бос!” гэхэд
үхсэн хүн босоод ярьж эхлэв. Ингэж [Есүс] түүнийг эхэд нь эргүүлэн өгөв.”24
Үхсэнийг босгох нь гайхамшиг ч гэлээ, зовж зүдэрч буй хэн нэгэнд анхаарал тавин, сайхан сэтгэл гаргах нь хүн бүр “сайныг үйлдэн [явж],” “Бурхан [бидэнтэй] хамт [байдаг]”25 гэдгийг мэдэх гэрээний зам юм.
Дөрөвдүгээрт. Шашны эрх чөлөө үнэт чанар, ёс суртахууныг тодорхойлоход нэгдэн дэмжих хүч болдог.
Бид Шинэ Гэрээнээс олон хүн Есүс Христээс урвасан мөн Түүний сургаалын талаар “Энэ чинь хэцүү үг байна. Хэн үүнийг сонсож чадах вэ?”26 хэмээн гомдоллосон тухай уншдаг.
Тиймэрхүү гомдол шашныг яриа хөөрөө, нөлөөллөөс шахан зайлуулахыг эрэлхийлэгч хүмүүсээс одоо ч сонсогддог. Гэвч ёс суртахууныг тодорхойлж, хүнд хэцүү цаг үеэс гарах шийдлийг олоход шашин шүтлэг туслахгүй юм бол өөр хэн туслах юм бэ? Шударга ёс, талархал, өршөөл, тэсвэр тэвчээрийг хэн заах вэ? Мартагдсан, сэтгэлийн дарамттай байгаа хүмүүст хэн хайр энэрэл, нигүүлсэл, сайхан сэтгэлээр туслах вэ? Бусдаас ялгаатай ч гэсэн, Бурханы бүх хүүхдийн хүртдэгтэй адил зүйлсийг хүртэх эрхтэй тэднийг хэн хүлээн авах вэ? Хэн тусламж хэрэгтэй хүмүүст хариу нэхэлгүйгээр тусламжийн гараа сунгах вэ? Хэн тухайн цаг үеийнхээ чиг хандлага болсон зүйлсээс илүүтэй хуулиа дуулгавартай дагаж, амар тайвныг эрхэмлэх вэ? Хэн Аврагчийн “Явж, үүний адил үйлдэгтүн”27 хэмээх гуйлтад хариу өгөх вэ?
Бид тэгнэ! Тийм ээ, ах эгч нар аа, бид тийн үйлдэнэ.
Би та бүхнийг шашны эрх чөлөөний төлөө тэмцэхийг уриалж байна. Энэ нь Бурханы өгсөн сонгох эрх чөлөөний зарчмын илэрхийлэл юм.
Шашны эрх чөлөө нь өрсөлдөгч гүн ухааны эсрэг тэнцвэртэй байдлыг бий болгодог. Шашны сайн тал, хамрах хүрээ, урамшуулан дэмждэг өдөр тутмын хайрлах үйл хэрэг нь биднийг гол итгэл үнэмшлээ илэрхийлж, үүний дагуу үйлдэх эрх чөлөөгөө хамгаалах үед нэмэгддэг.
Рассэлл М.Нэлсон бол Бурханы амьд бошиглогч гэдгийг би гэрчилж байна. Есүс Христ энэ Сүмийг удирдан чиглүүлдэг гэдгийг гэрчилж байна. Тэр бидний гэм нүглийг цагаатгахаар загалмай дээр цовдлогдоод, гурав дахь өдрөө амилсан билээ.28 Түүний ачаар бид мөнхөд дахин амьдарч чадах бөгөөд Тэнгэр дэх Эцэгтэйгээ хамт байхыг хүсэж буй хүмүүс мөн тэгж чадна. Энэхүү үнэнийг би дэлхий даяар тунхаглаж байна. Ийнхүү үйлдэх эрх чөлөөнийхөө төлөө би талархаж байна. Есүс Христийн нэрээр, амен.