2022
Тэр эдгээх туяагаар гийгүүлнэ. Бид даван дийлж чадна.
2022 оны 5-р сар


“Тэр жигүүрэндээ анагаах чадлыг эзэмдэн … босох болно”

Бид даван дийлж чадна

Есүс танд тэсэж гарахаас гадна Өөрөөр нь дамжуулан нэгэн цагт ялж, даван дийлэх хүч өгөхийн төлөө энэ дэлхийн хүчирхийллийг ялсан.

Марин аа, би ахлагч Холланд байна. Одоо ч байдал бишдэх нь дээ.

Бид даван дийлдэг

Бидэнд хүмүүсийн амьд үлдсэн түүхүүд сонирхолтой санагддаг. Бид бүх саад, бэрхшээлийг даван гарч амьд үлдэж чадсан эрэлхэг судлаачид, эгэл жирийн хүмүүсийн түүхийг сонсоод, “Би ингэж чадах байсан болов уу?” гэж өөрөөсөө асуухад хүрдэг.

Антарктидын мөсөнд осолдож, үржил шимгүй газар хоёр жил орчим хаягдсан Британийн аялагч Эрнэст Шаклтон болон түүний Тэсвэр хэмээх хөлгийн багийнхан миний санаанд шууд орж ирдэг! Шаклтоны ер бусын манлайлал, няцашгүй шийдэмгий байдал хамгийн хүнд нөхцөлд байсан ч эрчүүдийнхээ амийг аварсан.

Дараа нь би сансарт хөөрч, саран дээр газардах ёстой байсан Аполло 13 хөлгийн багийнхныг бас боддог. Тэдний хүчилтөрөгчийн баллон дэлбэрч, аюулд нэрвэгдэхэд, зорьсон зорилгоо цуцлах хэрэгтэй болсон. Хүчилтөрөгчийн дутагдалд орсон гурван сансрын нисэгч сансрын нислэгийн удирдлагатайгаа хамтран авхаалжтай ажиллаж, эх дэлхийдээ эсэн мэнд ирсэн юм.

Цаашилбал, дайны хохирогч болсон, хорих лагерьт хоригдсон, дүрвэсэн, элэг нэгтнүүдийнхээ итгэл найдварын дөлийг эрэлхэг, зоригтойгоор бадрааж, харгислалын эсрэг сайн сайхныг түгээж, бусдад ганц өдөр боловч тэсэж үлдэхэд нь тусалдаг байсан хувь хүн, гэр бүлүүдийн гайхалтай тэмцлийн тухай би бодон гайхширдаг.

Та бид эдгээр хүнд нөхцөлийн аль нэгэнд амьд үлдэж чадах байсан болов уу?

Та нарын заримыг тэсэж гарсан хүмүүсийн түүхийг эргэцүүлэн бодож байхад, дотроос тань чи өөрөө яг одоо хүчирхийлэх, үл ойшоох, дээрэлхэх явдлын болон гэр бүлийн хүчирхийлэл эсвэл иймэрхүү зовлонгийн хохирогч болж, амь тэмцсэн түүхээ бүтээж байгаа шүү дээ гэсэн дуу хоолой хашхирч байж мэднэ. Та онгоцны аймшигт сүйрэлтэй эсвэл гэнэт осолд өртсөн сансрын нисэгчдийнхтэй адил санагдах нөхцөл байдалтайгаа арай ядан тэмцэж байж болох юм. Та хэзээ нэгэн цагт чөлөөлөгдөх болов уу; та тэсэж үлдэх болов уу?

Тийм ээ, та чадна. Та тэсэж үлдэж чадна. Үнэн хэрэгтээ таны одоо амсаж буй зовлонг амсаж, тэвчиж буй шаналлыг тэвчсэн Нэгэн аль хэдийн таныг чөлөөлж, аварсан билээ.1 Танд зөвхөн тэсэж үлдэх хүчийг өгөөд зогсохгүй, хэзээ нэг өдөр Түүгээр дамжин даван туулах, бүр ялан дийлэх буюу өвдөлт, шаналал, зовлон зүдгүүрээс бүрэн өндийж, тэдгээрийг амар амгалангаар солигдохыг харах хүчийг өгөхийн тулд Есүс энэ дэлхийн хүчирхийллийг даван туулсан.2

Төлөөлөгч Паул ийн асуусан.

“Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ? Гамшиг уу, шахалт уу, хавчлага уу, өлсгөлөн үү, нүцгэрэл үү, аюул уу, илд үү? …

Харин бид энэ бүхний дотор биднийг хайрладаг Түүгээр дамжин давуулан дийлдэг.”3

Гэрээт Израилд өгсөн амлалт

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Ерөнхий чуулганы үеэр дараах урилгыг өгснийг та нар санах болно. Тэрээр “Таныг … судраас судлахдаа, Их Эзэний гэрээт Израилын төлөө юу хийхээр амласныг жагсаан бичихэд уриалж байна. Та нар гайхах болно!”4 хэмээн хэлсэн.

Манай гэр бүлийнхний олсон хүчирхэг хийгээд тайтгаруулах амлалтуудаас цөөн хэдийг би энд дурдъя. Эдгээр үг та нарт хамаатай учир Их Эзэн тэсэж буй та нарт хандаж ярьж байна гэж төсөөлөөрэй.

Битгий ай.5

Би та нарын зовлон зүдүүрийг мэднэ. Тиймээс та нарыг чөлөөлөхөөр Би бууж ирлээ.6

Би та нарыг орхихгүй.7

Миний нэр та нарын дээр байж болохын тулд миний тэнгэр элчүүд та нарын дээр захирсан.8

Би та нарын дунд гайхамшигт зүйлсийг үйлдэх болно.9

Надтай алхагтун. Надаас сурагтун. Би та нарыг амраая.10

Би та нарын дунд байна.11

Та нар Минийх.12

Тэсэж тэвчиж буй хүмүүст

Бусдын харгис хэрцгий үйлдлээс үүдэлтэй сэтгэлийн шархнаасаа болж өөрийн тэсэж буй нөхцөл байдлаас гарах аргагүй мэт санагдаж буй хүмүүст хандан би хэдэн баталгаа өгч, шулуухан ярихыг хүсэж байна. Хэрэв танд ийм асуудал тулгарч байгаа бол бид тантай хамт гашуудаж байна. Бид та нарыг төөрөгдөл, ичгүүр, айдсаа даван туулж, Есүс Христээр дамжуулан ялан дийлээсэй гэж хүсэж байна.

Тэсэж тэвчих хохирогчоос ялан дийлэгч болох

Хэрэв та ямар нэгэн хүчирхийлэл, доромжлол, дарангуйллыг амсаж байгаа бол энэ бүхэнд өөрийгөө буруутгаж, ичгүүр, гэм бурууг үүрэх ёстой гэж бодож байж магадгүй. Танд дараах бодлууд төрсөн байж болно.

  • Би үүнээс сэргийлж болох л байсан.

  • Бурхан намайг хайрлахаа больсон.

  • Хэн ч намайг хайрлахгүй.

  • Би засрахаасаа өнгөрсөн.

  • Аврагчийн Цагаатгал надаас бусдад нь хамаатай.

Ийм буруу бодол, мэдрэмж нь гэр бүл, найз нөхөд, удирдагчдаасаа эсвэл мэргэжлийн хүмүүсээс тусламж эрэлхийлэхэд саад болж мэдэх бөгөөд таныг энэ бүгдийг ганцаараа туулахад хүргэсэн байж болно. Та итгэж, найддаг хүмүүсээсээ тусламж хүссэн ч ичгүүртэй, өөрийгөө гутаасан бодолтойгоо зууралдсаар байж болно. Эдгээр үйл явдлын нөлөө олон жилээр үргэлжилж болно. Нэг л өдөр та дээрдэнэ гэж найдсан ч тэр өдөр ирээгүй л байна.

Хэдийгээр хүчирхийлэл үйлдэгч эсвэл өөр хэн нэгэн таныг хүчирхийллийн хохирогч болсонд буруутгаж болох ч энэ нь таны буруу биш бөгөөд хэзээ ч тийм байх боломжгүй. Хэрэв та харгислал, цус ойртолт эсвэл бусад ямар ч гажуудлын золиос болсон бол та наманчлах ёстой хүн нь биш бөгөөд энэ бүхэнд та хариуцлага хүлээхгүй.

Хэн нэгний танд үйлдсэн зүйлээс болж та хүнийхээ хувьд эсвэл Бурханы охин болон хүүгийн хувьд үнэ цэнгүй эсвэл бага хайрлуулах ёстой гэсэн үг биш.

Бурхан таныг хэзээ ч жигшиж байгаагүй бөгөөд одоо ч жигшихгүй. Танд юу ч тохиолдсон байлаа гэсэн Тэр танаас ичих юм уу танд урам хугарах нь үгүй. Тэр таны хараахан олж мэдээгүй арга замаар таныг хайрладаг юм шүү. Та Түүний амлалтуудад итгэж, чи “[Миний] нүдэнд үнэтэй, хүндтэй хэмээн хэлсэнд итгэж сурвал үүнийг олж мэдэх болно.”13

Бусдын өөрт тань үйлдсэн аймшигт зүйлс таныг тодорхойлохгүй. Алдар суут үнэний дагуу Бурханы хүү эсвэл охин гэдэг мөнхөд оршин тогтнох мөн чанар, Бүтээгчийн төгс, хязгааргүй хайр, бүрэн дүүрэн эдгэрэх урилга таныг тодорхойлно.

Хэдийгээр эдгэрэх боломжгүй мэт санагдаж, мэдрэгдэж болох ч “эдгээх туяагаар гийгүүлэгдсэн”14 Есүс Христийн Цагаатгалын гэтэлгэгч хүчийн гайхамшгаар эдгэрч болно.

Харанхуй болон завхралыг ялан дийлэгч, бидний нигүүлсэнгүй Аврагчид бүхий л бурууг засах хүч, доромжлогдсон тэдэнд амьдрал бэлэглэгч үнэн бий.15

Аврагч бүхнээс доогуурх зүйлийг, бүр танд тохиолдсон зүйлийг хүртэл туулсан гэдгийг санаарай. Тийм учраас Тэрээр жинхэнэ аймшиг, ичгэвтэр байдал гэж юу байдгийг; хаягдсан, эмтэрсэн мэдрэмж ямар байдгийг яг таг мэддэг.16 Аврагч цагаатгагч зовлонгийнхоо гүнээс таны үүрд алдсан гэж бодож байсан найдвар, хэзээ ч тээж явж чадахгүй гэж бодож байсан хүч тэнхээ, боломжгүй гэж бодож байсан эдгэрлийг танд авчирдаг.

Хүчирхийллийн зан авирыг Их Эзэн болон Түүний бошиглогчид илт буруушаадаг

Ямар ч гэр бүл, улс орон, соёлд бие махбодын болон бэлгийн мөн сэтгэл санааны болон үгийн хүчирхийлэл орших зай байж болохгүй. Эхнэр, хүүхэд, нөхрийн тань хэлсэн, үйлдсэн ямар ч зүйл тэднийг зодуулахад “хүргэх” ёсгүй. Ямар ч улс орон, соёл иргэншлийн хүн өөрөөсөө эрх мэдэлтэй эсвэл том, хүчтэй хүнээс түрэмгийлэл, хүчирхийлэл “хүсэх нь” үгүй.

Хүчирхийлэл үйлдэж, ноцтой нүглүүдээ нуухыг эрэлхийлдэг хүмүүс шүүмжлэл, шийтгэлээс хэсэгхэн хугацаанд зугтаж болох ч Бүхнийг харагч Их Эзэн бүх үйл, бодол, санааг мэддэг.17 Тэр бол зөв шударгын Бурхан бөгөөд Түүний бурханлаг шударга ёс үйлчлэх нь дамжиггүй.18

Хамгийн гайхалтай нь, Их Эзэн бол үнэнчээр наманчлах тэдний хувьд нигүүлсэнгүй Бурхан юм. Хүчирхийлэгчид, тэр дундаа өмнө нь өөрөө хүчирхийлэлд өртөж байсан, гэмээ хүлээж, нүглээ орхиж, нөхөн төлөх, сэргээн засахын тулд чадах бүхнээ хийж буй тэд Христийн Цагаатгалын гайхамшгаар өршөөл хүртэх боломжтой.

Хилсээр гүтгэгдсэн хүмүүс ийм буруутгалаас болж сэтгэл нь үгээр илэрхийлэхийн аргагүй их шаналдаг ч Аврагчийн тэдний төлөө зовж шаналсан тухай болон эцсийн эцэст үнэн ялна гэсэн мэдлэгээр мөн адил адислагддаг.

Гэвч наманчлаагүй хүчирхийлэл үйлдэгчид жигшүүрт гэмт хэргийнхээ улмаас Их Эзэний өмнө зогсох болно.

Их Эзэн Өөрөө бүхий л төрлийн хүчирхийллийг илт буруушаадаг. Тэрээр “Надад итгэгч энэ балчруудаас нэгийг нь хэн бүдрүүлнэ, тэр нь хүзүүндээ тээрмийн чулуу зүүгээд, тэнгисийн гүнд живсэн нь дээр”19 хэмээн хэлсэн.

Дүгнэлт

Хүндээр шархдаж, үүнийхээ улмаас амьдралын шударга бусыг үүрч яваа эрхэм найзууд минь, та нар шинээр эхэлж чадна. Гетсемани болон Калварид Есүс “та нарын төдийгүй миний … бүх зовлон зүдгүүр, шаналлыг Өөртөө авсан20 бөгөөд энэ бүхнийг ялан дийлсэн. Аврагч мутраа сунган, танд эдгэрлийн бэлгийг санал болгож байна. Зоригтой, тэвчээртэй байж, Түүнд үнэнчээр анхаарлаа хандуулснаар та энэ бэлгийг тун удалгүй бүрэн дүүрэн хүлээн авч чадна. Та сэтгэлийн шаналлаасаа салж, Түүний хөлд үлдээж чадна.

Таны эелдэг зөөлөн Аврагч “Хулгайч зөвхөн хулгайлан, алж, сүйтгэхээр ирдэг. Би [та нарыг] амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн билээ”21 хэмээн тунхагласан. Та тэсэн гарсан, эдгэрч чадна, мөн Есүс Христийн хүч, ач ивээлээр та даван туулж, ялан дийлэгч болж чадна гэдэгтээ итгэлтэй байж болно.

Есүс боломжгүй мэт санагдах зүйлсийг гүйцэтгэхдээ гарамгай сайн билээ. Тэр боломжгүйг боломжтой болгохоор, гэтэлгэгдэх боломжгүйг гэтэлгэхээр, эдгэршгүйг эдгээхээр, шударга бусыг засахаар, амлалт хүртэх эрхгүйд амлалт өгөхөөр ирсэн.22 Тэр энэ бүхэнд гаргуун сайн, үнэндээ төгс төгөлдөр юм. Бидний Эдгээгч Есүс Христийн нэрээр, амен.

For more information and resources, see “Abuse” in the Life Help section at ChurchofJesusChrist.org and in the Gospel Library app.