2022
Кристин М.Еий
2022 оны 5-р сар


“Кристин М.Еий,” Лиахона, 2022 оны 5-р сар.

Кристин М.Еий

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх

Хагарал, салан тусгаарлалт улам бүр нэмэгдэж буй энэ ертөнцөд Кристин М.Еий эгч Есүс Христийн сайн мэдээ болон Халамжийн нийгэмлэгээр дамжуулан нийгмийн эдгээр өвчнийг эдгээх аргыг олж харсан.

“Халамжийн нийгэмлэг биднийг Түүн доор нэгтгэдэг. “Би дэлхийн хаана ч явсан Халамжийн нийгэмлэгийн эгч нараа хайдаг бөгөөд тэр даруйд тэд намайг анзаарч, хайрлаж байгааг мэдэрдэг. Христ болон Түүний талаарх бидний гэрчлэлд нийтлэг зүйл байдаг” гэж тэр хэлэв.

Еий эгч Хүүхдийн хэсгийн ерөнхий зөвлөлд үйлчилж байсан ба Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн хоёрдугаар зөвлөхийн шинэ дуудлагад ганцаараа үйлчлэхгүй гэдгээ баттай мэдэж байгаа.

Тэрээр “Их Эзэн бүх зүйлийн манлайд байгаа бөгөөд би Түүнд найддаг. Түүний ажилд хүн бүр хэрэгтэй гэдгийг би хүчтэй мэдэрч байна. Бид бүгдэд өөр өөрсдийн үүрэг хариуцлага бий, бид хамтдаа энэ ажилд оролцох боломжтой. Үйлчлэх боломж байдагт би маш их талархаж байна” гэж хэлсэн юм.

Кристин Мэй Еий 1981 оны 5-р сарын 5-нд АНУ-ын Калифорниа мужийн Сакрамэнто хотод Райан Р.Еий, Жэйдийн Фокс Маккэй нарын гэр бүлд мэндэлжээ. Дараа нь тэрээр АНУ-ын Айдахо, Юта зэрэг муж руу нүүсэн.

Бага наснаасаа урлагт дуртай байдал, авьяас чадвараа олж нээсэн нь түүнийг боловсрол, ажил мэргэжлийн замд нь чиглүүлсэн юм. Тэрээр Айдахо дахь Бригам Янгийн Их Сургуульд болон Бригам Янгийн Их Сургуульд дүрслэх урлагийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан. 2019 онд БЯИС-ийг төрийн удирдлагын магистр зэргээр дүүргэсэн.

Еий эгчийн уран сайхны ур чадвар болон төвлөрөл нь түүнийг Дисни интерактив студид зураач, продюсероор ажиллахад хүргэж, тэрээр тэнд 13 жил ажиллажээ. Тэрээр өдгөө Сүмийн хүүхэлдэйн киноны багийг удирддаг. Түүний сайн мэдээний сэдэвтэй зургуудад Аврагчийн мөнх бус амьдрал дахь үйлчлэлийг харуулсан хөрөг зургууд багтдаг.

Еий эгч гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөх ба багш, Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч, Сайн мэдээний сургаалын багш, тойргийн номлогч, ариун сүмийн ёслолын ажилтан зэрэг Сүмийн олон дуудлагад үйлчилсэн.