2022
Бидний Бурхантай харилцах харилцаа
2022 оны 5-р сар


Бидний Бурхантай харилцах харилцаа

Бид мөнх бус амьдралын туршлагаасаа үл хамааран Бурханд итгэж, Түүн дотор баяр баясгаланг олж чадна.

Хуучин Гэрээний Иовын нэгэн адил зарим хүн зовлон зүдгүүртэй үед Бурхан өөрсдийг нь орхисон мэтээр боддог байж болох юм. Бид аливаа зовлон зүдгүүрээс сэргийлэх эсвэл зайлуулах хүч Бурханд байдгийг мэддэг учраас Түүнийг ийн үйлдээгүй үед магадгүй “Бурхан миний залбирсны дагуу туслаагүй болохоор би Түүнд хэрхэн итгэх вэ?” гэж эргэлзэж, гомдоллон уруу татагддаг байж болно. Ид соригдох үедээ зөв шударга Иов ийн хэлсэн.

“Бурхан намайг буруутгасныг, Бурханы тор эргэн тойронд минь татагдсаныг мэдтүгэй.

Харагтун, би ‘Хүчирхийлэл!’ гэж ориловч Ямар ч хариу үгүй. Би чангаар дуудавч, ямар ч шударга ёс алга.”1

Бурхан Иовд хариулахдаа “Өөрөө зөвтгөгдөхийн тулд Намайг чи буруутгах уу?2 Өөрөөр хэлбэл, “Чи буруугаа Над дээр тохох уу? Чи зөвтгөгдөхийн тулд Намайг буруутгах уу?”3 гэжээ. Иехова Өөрийн бүхнийг чадах, бүхнийг мэдэх чадвараа Иовд хүчээр сануулсан ба Иов гүнээ даруусаж, Бурханы мэдлэг, хүч чадал, зөвт бодолд дөхөж очих юуг ч эзэмшдэггүй гэдгээ мөн Бүхнийг Чадагч шиг шүүж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Тэр,“Та бүхнийг үйлдэж чаддаг, зорьсонд тань боломжгүй нь үгүй гэдгийг би мэднэ.

… Миний хувьд үл мэдэх дэндүү гайхалтай, ойлгоогүй зүйлээ би ярьж дээ. …

Харин би хэлснээсээ буцаж байна. Үнс шороон дунд гэмшье гэв.”4

Эцэст нь Иовд Их Эзэнийг харах завшаан тохиож, “ЭЗЭН, Иовын төгсгөлийг эхлэлээс нь илүүгээр ерөөжээ.”5

“Миний аз жаргалгүй байгаад Бурхан буруутай” гэх мэтээр Бурханыг харалган байдлаар шүүмжилж бодох нь бидний хувьд үнэхээр мунхаглал юм. Унасан дэлхийд амьдарч буй өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар өчүүхэн мэдлэгтэй мөнх бус хүүхдүүд бидэндээ Тэрээр “Бүх зүйл надтай хамт буй, учир нь би тэдгээрийг бүгдийг нь мэддэг”6 хэмээн тунхагладаг. Иаков “Их Эзэнд зөвлөхөөр бус, харин түүний мутраас зөвлөгөөг авахаар эрэлхийл. Учир нь болгоогтун, тэрбээр мэргэн ухаанд, мөн шударга ёсонд, мөн агуу их нигүүлсэлд, өөрийн бүх ажлыг хамруулан зөвлөдгийг та нар өөрсдөө мэддэг шүү дээ”7 гэсэн ухаалаг зөвлөгөөг өгчээ.

Зарим хүн Бурханд дуулгавартай байх нь тогтсон цаг хугацаанд тодорхой үр дүнд хүргэдэг хэмээн Түүний амлалтуудыг андуурч ойлгодог. “Бүрэн цагийн номлолд хичээнгүйлэн үйлчилбэл Бурхан намайг аз жаргалтай гэрлэлт, үр хүүхдээр адисална.” “Хүндэтгэлийн өдөр хичээл хийхгүй бол Бурхан намайг сайн дүнгээр адисална.” Эсвэл “аравны нэгээ төлбөл Бурхан намайг хүссэн ажлаар минь адисална” гэж тэд боддог байж болно. Амьдрал яг ийм байдлаар эсвэл хүсэж байсан цаг хугацаанд нь өрнөхгүй бол Бурхан өөрөөс нь нүүр буруулсан мэт санагддаг байж магадгүй. Гэвч бурханлаг ёсонд бүх зүйл ийм тогтсон журмаар явагддаггүй. Бид Бурханы төлөвлөгөөг эхлээд (1) хүссэн адислалаа сонгоод, дараа нь (2) шаардлагатай сайн үйлсийн нийлбэр дүнг оруулан, эцэст нь (3) захиалгыг нэн даруй хүргэдэг автомат машин гэж бодож болохгүй.8

Бурхан үнэхээр бидний хүн нэг бүртэй байгуулсан гэрээ, амлалтууддаа хүндэтгэлтэй хандах болно. Үүнд бид санаа зовох шаардлагагүй.9 Тэнгэрт дээш гарсан мөн бүх зүйлийн доор бууж ирсэн10 мөн тэнгэрт болон газарт бүх хүчийг эзэмшдэг11 Есүс Христийн цагаатгагч хүч нь Бурхан амлалтуудаа биелүүлдэг бөгөөд биелүүлэх ч болно гэдгийг батлан харуулдаг. Түүний хуулиудыг хүндэлж, дагах нь чухал ч тэдгээрт дуулгавартай байхад тулгуурлагдсан адислал бүхэн12 бидний хүлээлтийн дагуу бүтээгдэж, бидний хүссэн цаг хугацаанд багтах боломжгүй. Бид хамгийн сайнаараа үйлдээд, материаллаг болон сүнслэг адислалуудын зохицуулалтыг Түүнд даатгах учиртай.

Ерөнхийлөгч Бригам Янг өөрийн итгэлийг ямарваа адислал, үр дүнд бус, харин Есүс Христийн тухай гэрчлэл дээр болон Түүнтэй харилцах харилцаанд тулгуурласан хэмээн тайлбарлажээ. Тэрээр, “Их Эзэний далайн арлуудад хийгдэж буй ажил, хүмүүсийг энд авчирсан явдал, энэ хүмүүст үзүүлсэн Түүний ээл хишиг, бид адислагдсан эсвэл адислагдаагүй байдалд миний итгэл тулгуурлаагүй, харин Их Эзэн Есүс Христэд болон Түүнээс хүлээн авсан мэдлэгт маань миний итгэл тулгуурласан”13 гэжээ.

Бидний наманчлал, дуулгавартай байдал, үйлчлэл, золиос бүхэн чухал үүрэгтэй. Бид “сайн үйлээр үргэлж дүүрэн”14 хэмээн Иферийн тодорхойлсон хүмүүсийн дунд байхыг хүсдэг ч энэ бүхэн селестиел дансны дэвтэрт тэмдэглэгдсэн шиг нийтлэг тохиох нь үгүй. Эдгээр нь биднийг Бурханы ажилд оролцуулж мөн эгэл хүнээс гэгээнтэн болох өөрчлөлтөд маань Түүнтэй нэгдэх хэрэгсэл болдог учраас чухал үүрэг гүйцэтгэдэг.15 Тэнгэрлэг Эцэг бидэнд Өөрийгөө болон Өөрийн Хүүг санал болгодог бөгөөд бидний Гэтэлгэгч Есүс Христийн ач ивээл, зуучлалаар дамжуулан Өөрсөдтэй нь ойр байхыг мөн байнгын харилцаа холбоог санал болгодог.

Бид бол үхэшгүй байдал, мөнх амийг өвлөх Бурханы хүүхдүүд билээ. Бид Түүний өв залгамжлагчид бөгөөд “Христийн хамтран залгамжлагчид”16 байх хувь тавилантай. Эцэг маань бид бүгдийг хувийн хэрэгцээнд маань нийцсэн, эцэст нь Түүнтэй хамт аз жаргалтай байлгах төлөвлөгөөндөө тохируулан бүтээсэн алхмууд бүхий гэрээнийхээ замаар хөтлөн чиглүүлэхэд бэлэн байдаг. Бид Эцэгт мөн Хүүд итгэх итгэлээ өсгөж, Тэдний хайрыг улам бүр мэдэрч, Ариун Сүнсний байнгын тайтгарал, удирдамжийг авч чадна.

Гэвч энэ зам бидний хэнд ч амар хялбар байдаггүй. Үүнийг хялбар болгохын тулд ихээхэн цэвэршүүлэлт хэрэгтэй. Есүс:

“Би бол усан үзмийн жинхэнэ мод, Эцэг минь усан үзэм тариалагч билээ.

Миний дотор байгч, жимс ургуулдаггүй мөчир бүрийг Тэр авч хаяна. Жимс ургуулдаг мөчир бүрийг их жимстэй болгохын тулд Тэр тайрч арчилдаг”17 хэмээн хэлжээ.

Бурханы удирдсан цэвэрлэх, ариусгах үйл явц нь заримдаа төвөгтэй, өвдөлттэй байх зайлшгүй шаардлагатай болно. Паулын хэлснийг дахин дурдахад, бид “Христтэй хамт алдаршуулагдахын тулд хэрэв бид үнэхээр Түүнтэй хамт зовдог юм бол, бид Христийн хамтран залгамжлагчид мөн”18 гэжээ.

Тиймээс, энэ цэвэршүүлэгчийн гал дунд Бурханд уурлахын оронд Түүнд ойрт. Хүүгийн нэрээр Эцэгийг дууд. Өдөр бүр Тэдэнтэй хамт Сүнсэнд алх. Цаг хугацаа өнгөрөх тутам Өөрсдийн үнэн мөн чанарыг танд гэрчлэх боломжийг Тэдэнд олго. Тэднийг танихаар мөн өөрийгөө мэдэхээр ирэгтүн.19 Бурханыг ялан дийлэх боломж олго.20 Аврагч биднийг дараах байдлаар тайтгаруулсан.

“Эцэгийн өмнө өмгөөлөгч болох намайг, түүний өмнө та нарын өмнөөс гуйх намайг анхаарагтун—

Өгүүлрүүн: Эцэг минь, нүгэл үйлдээгүй, таны таалалд нийцсэн түүний зовлон хийгээд үхлийг болгоогтун; мөн Хүүгийнхээ асгарсан цусыг, мөн та өөрөө алдаршихын тулд таны өгсөн, бас түүний цусыг болгоогтун;

Иймийн тул, Эцэг минь, тэд надад ирж бас мөнх амьдралыг авч болохын тулд миний нэрэнд итгэх эдгээр ах дүүсийг [мөн эгч нарыг] минь өршөөгөөч.”21

Үхэл, амьдралын алинд нь ч Бурханы амлагдсан адислалууд ирнэ гэдэгт итгэлтэй байсан, Түүнд найддаг эрэгтэй, эмэгтэйчүүдийн зарим жишээнд анхаарлаа хандуулья. Тухайн нөхцөл байдал, цаг хугацаанд Бурхан юу хийсэн эсвэл хийгээгүй гэдэгт тэдний итгэл тулгуурлаагүй байсан. Харин тэдэнд туслах Тэнгэрлэг Эцэг, Гэтэлгэгч Есүс Христийн тухай мэдлэгт итгэл нь тулгуурласан байв.

Египетийн Элкенагийн санваартан Абрахамаар тахил өргөхөөр завдах үед нь тэрээр өөрийг нь аврахыг Бурханаас гуйхад Бурхан түүнийг аварчээ.22 Абрахам үр удмаар нь дамжуулан дэлхийн бүх гэр бүл адислагдах итгэлтэй эцэг болж амьдарчээ.23 Өмнө нь яг энэ тахилын ширээн дээр Елкенагийн санваартан “өөрсдийнхөө шударга журмын учир … модон буюу чулуун бурхдыг шүтэн бишрэхийн тулд бөхийгөөгүй”24 гурван онгон охиныг тахил болгон өргөсөн байв. Тэд тэнд тамлагдаж, амиа алджээ.

Эртний Иосефыг өсвөр насанд нь боол болгохоор ах нар нь худалдсан ч зовлон шаналалдаа тэрээр Бурхан руу эргэсэн. Тэрээр аажмаар Египет дэх эзнийхээ гэрт даамал болсон ч Потифарын эхнэрийн хуурамч буруутгалаас болж, бүх байр сууриа алдав. Иосеф “ариун явдлын хуулийг дагавал шоронд ордог байх нь ээ” гэж бодож болох байсан ч дахин Бурхан руу эргэж, шоронд хүртэл өсөн дэвжиж эхэлсэн. Иосефын шоронд нөхөрлөсөн найз нь Фараоны өргөөнд хуучин байрандаа эргэж очсон ч Иосефыг болон түүнд туслах амлалтаа мартаж, Иосефын урмыг хугалжээ. Эцэст нь та бүхний мэддэгчлэн, Их Эзэн Иосефыг Фараоны дэргэдэх хамгийн өндөр албан тушаалд томилогдож, Израилын угсааг аврах боломжтой болгосон. Мэдээж Иосеф “Бурханыг хайрладаг … хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг”25 гэдгийг гэрчлэх байх.

Абинадай тэнгэрлэг даалгавраа биелүүлэхээр шийдсэн байв. Тэр “Би хэлэхээ дуусгая, мөн тэгээд, хэрэв би аврагдах аваас [надад юу тохиолдох нь] хамаагүй бөлгөө”26 хэмээн хэлсэн. Тэр зовлонт үхлээс чөлөөлөгдөөгүй ч Бурханы хаант улсад аврагдсан нь гарцаагүй бөгөөд түүний эрхэм ганц хөрвөгч Алма нифайчуудын түүхэн замналыг Христийн ирэлт рүү чиглүүлж өөрчилсөн билээ.

Алма, Амюлек хоёр гуйлтынхаа хариуд Аммонайхагийн шоронгоос чөлөөлөгдсөн ба тэднийг хавчигчид алагдсан.27 Гэхдээ уг хавчигчид өмнө нь итгэгч эмэгтэйчүүд, тэдний хүүхдүүдийг дүрэлзсэн галд хаясан байв. Алма тэрхүү аймшигт үйл явдлыг нүдээр үзэж, шаналан байхдаа Бурхан тэднийг Өөртөө алдар суугаар хүлээн авч болохын тулд29 “тэднийг дөлнөөс аврахаар”28 Бурханы хүчийг ашиглахгүй байхад Сүнсээр албадуулагдсан байв.

Бошиглогч Иосеф Смит Миссуригийн Либертид шоронд хоригдож байхдаа гэгээнтнүүдийг өвлийн тэсгим хүйтэнд дээрэмдүүлж, гэрээсээ хөөгдөж байх үед тэдэнд туслах хүчгүй байгаадаа шаналж байв. “Ай Бурхан минь, Та хаана байна вэ?” хэмээн Иосеф хашхиран, “Таны гар хичнээн удаан хүлцэн тэвчих юм бэ?”30 гэхэд Их Эзэн хариуд нь, “Саад тотгор хийгээд зовлон зүдгүүрүүд чинь хэсэг хугацаанд байх болно; Мөн тэгээд, хэрэв чи үүнийг дажгүй давбал, Бурхан чамайг тэнгэрт өргөмжлөх болно. … Чи Иов шиг хараахан биш байгаа шүү дээ”31 хэмээн амлажээ.

Эцэст нь Иосеф Иов шиг “[Бурхан] намайг алсан ч, би Түүнд итгэх болно”32 хэмээн тунхаглаж чадсан.

Төрөхдөө хэвийн хараатай байсан ч 11 настайдаа хараагүй болсон Патриша Паркинсон эгчийн түүхийг ахлагч Брүк П.Хэйлс ярьсан билээ.

“Би Патыг олон жилийн өмнөөс мэдэх бөгөөд түүний үргэлж аз жаргалтай эерэг байдгийг нь биширдэг гэдгээ саяхан түүнд хэлэхэд тэр ‘Тэгэхээр, та надтай хамт манай гэрт байж үзээгүй, тийм үү? Надад янз бүрийн л зүйл тохиолддог. Надад хүнд хэцүү сэтгэл гутралд орж байсан үеүд бий; уйлах үе ч олон удаа тохиолдож байсан’ гэж хэлж билээ. Гэсэн хэдий ч тэр ‘хачирхалтай байсан ч гэлээ хараагаа алдаж эхэлсэн мөчөөс эхлэн Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёр надтай болон гэр бүлийнхэнтэй маань хамт байгааг би мэддэг байсан. … Хараагүй болсондоо уурладаг уу гэж асуусан хүмүүст ‘Хэнд би уурлана гэж? Үүнийг даван туулахад Тэнгэрлэг Эцэг надтай хамт байгаа. Би ганцаараа биш. Тэр үргэлж надтай хамт байдаг гэж хариулдаг’33 гэсэн юм” хэмээн ахлагч Хэйлс ярьсан байна.

Эцсийн эцэст, энэ нь бидний эрэлхийлдэг Эцэг, Хүү хоёртой ойр дотно, байнгын харилцаатай байх адислал бөгөөд бүх зүйлийг өөрчилдөг, мөнхийн үнэ цэнтэй юм. Бид Паултай хамт “энэ [мөнх бус] цагийн зовлонгууд бидэнд илчлэгдэх тэрхүү алдрын дэргэд юу ч биш”34 хэмээн гэрчлэх болно. Бид мөнх бус амьдралын туршлагаасаа үл хамааран Бурханд итгэж, Түүн дотор баяр баясгаланг олж чадна гэдгийг би гэрчилж байна.

“Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Бүү түшиглэ, өөрийнхөө ойлголтод.

Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэрээр зам харгуйг чинь шулуутгана.”35

Есүс Христийн нэрээр, амен.