2022
Камилл Н.Жонсон
2022 оны 5-р сар


“Камилл Н.Жонсон,” Лиахона, 2022 оны 5-р сар.

Камилл Н.Жонсон

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч

Камилл Н.Жонсон Халамжийн нийгэмлэгт байхдаа “үргэлж гэртээ байгаа” мэт мэдрэмжийг авдаг.

“Надтай адилгүй эмэгтэйчүүдээс би эгч дүүсийн холбоог олсон. Би Халамжийн нийгэмлэгийн эмэгтэйчүүдийн эрч хүч, мэргэн ухаанд дуртай” гэж тэрээр Халамжийн нийгэмлэгт, тэр дундаа АНУ болон Перугийн гэр бүлийн тойрогт гуч гаруй жил ажилласан туршлагаасаа хуваалцав.

Тэрээр зөвлөгч, найз зэрэг өөрөөс нь насаар залуу болон ахмад хүмүүстэй Халамжийн нийгэмлэгт танилцсан.

“Бид бүгд тэнгэрлэг гэр лүүгээ буцах ижил хүсэл доор нэгдэн, туршлага хуримтлуулсан хэдий ч бие биедээ туслахын тулд өөр өөр зүйлсийг туулсан эгч дүүс юм” гэж Жонсон эгч хэлэв.

Жонсон эгч өнгөрсөн жилийн турш Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчөөр үйлчилсэн юм. Тэрээр Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчөөр 8-р сарын 1-ээс эхлэн үйлчилнэ.

Түүний дуртай дуудлагуудын нэг нь Халамжийн нийгэмлэгийн багшийн дуудлага.

“Би ариун ёслол болон Халамжийн нийгэмлэгийн хичээлийн ариун цаг дээр эгч нартайгаа ойр байж, Ариун Сүнсээр заалгуулж, нэг нэгнээсээ суралцах боломжтой байдагтаа дуртай. Тэнд бид Христийн тухай ярьж, Христэд баясаж, чин зүрхний асуудлуудаа ярилцдаг юм.”

Камилл Нэддо 1963 оны 9-р сард Хал, Дороти Нэддо нарын охин болж АНУ-ын Айдаход мэндэлсэн. Тэрээр 1987 оны 7-р сарын 31-нд Солт Лэйк ариун сүмд Даглас Р.Жонсонтой гэрлэжээ. Тэд гурван хүү, таван ач, зээтэй.

Тэрээр 1985 онд Ютагийн их сургуулийг англи хэл судлалаар мөн 1989 онд Ютагийн их сургуулийн С.Ж.Квиннигийн нэрэмжит хуулийн коллежийг тус тус дүүргэсэн. Тэрээр хуульчаар 30 гаруй жил ажилласан бөгөөд Снөү Кристэнсэн &Мартинэау (Snow Christensen Martineau) хуулийн фирмийн ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

Жонсон эгч тойргийн Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч, Халамжийн нийгэмлэгийн болон Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн, Сайн мэдээний сургаалын болон Халамжийн нийгэмлэгийн зааварлагч зэрэг дуудлагад тус тус үйлчилж байсан. Тэрээр нөхрийгөө 2016-аас 2019 оны хооронд Перугийн Арэкипа номлолыг тэргүүлэх үед хамт үйлчилсэн.