2022
Ахлагч Раин К.Олсэн
2022 оны 5-р сар


“Ахлагч Раин К.Олсэн,” Лиахона, 2022 оны 5-р сар.

Ахлагч Раин К.Олсэн

Далын ерөнхий эрх мэдэлтэн

Ахлагч Раин К.Олсэн АНУ-ын Юта мужийн Сэнди хотод өсөж торнисон ба эцэг эх нь түүнийг гэрээсээ гарах болгонд “Хэн гэдгээ сана” гэдэг сануулах үгсийг хэлэлгүйгээр гарахыг зөвшөөрдөггүй байжээ.

Тэрээр “Энэ нь уурыг маань их хүргэдэг байсан” гэж хэлэн, инээгээд, “Гэхдээ эдгээр үг бурханлаг мөн чанараа санахад надад тусалсан. Эдгээр нь намайг хайрладаг Тэнгэрлэг Эцэг бий бөгөөд Аврагч бол миний хамгийн сайн найз гэдгийг санахад тусалсан. Бидний хийх эсвэл гүйцэлдүүлэхээр найдаж болох бүх зүйл зөвхөн Түүгээр л дамждаг” гэж тэр үргэлжлүүлэн хэлсэн юм.

Өөрийн мөн чанарын талаарх тэрхүү баталгааг болон түүний эцэг эх, хамтран зүтгэгч номлогчид, Сүмийн хамтрагчид, бизнесийн мэргэн зөвлөгчдийн үзүүлдэг үлгэр жишээ бол ахлагч Олсэны хувьд Далын ерөнхий эрх мэдэлтнээр үйлчилж эхлэхдээ ашиглах нандин хэрэгсэл юм.

Тэрээр 1974 оны 10-р сарын 11-нд Райн Көрк Олсэн, Кэти Олсэн нарын хүү болон мэндэлсэн бөгөөд Ютагийн Солт Лэйк Валлид өссөн.

Ахлагч Олсэн Аргентины Рэсистэнсиа номлолд бүрэн цагийн номлогчоор үйлчлэх үедээ Латин Америкийг хайрлаж, испани хэлэнд улам бүр дурлах болсон байна. Дараа нь тэрээр 2016-аас 2019 онд Уругвайн Монтэвидэо Вэст номлолыг тэргүүлж, эхнэр Жюли Доррингтон Олсэнтэй хамт үйлчилжээ.

Тэд 1998 оны 11-р сарын 20-нд Солт Лэйк ариун сүмд гэрлэсэн бөгөөд дөрвөн хүүхдийн эцэг эх билээ.

Далын ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдах үедээ ахлагч Олсэн Бүсийн далын гишүүнээр үйлчилж байсан юм. Тэрээр мөн гадасны ерөнхийлөгч, гадасны номлолын ерөнхийлөгч, дээд зөвлөлийн гишүүн, бишоп, бишопын зөвлөх, тойргийн Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөхөөр тус тус үйлчилсэн.

Ахлагч Олсэн Ютагийн их сургуулийг олон нийтийн харилцааны чиглэлээр төгсөж, бизнесийн төрөл бүрийн салбарт ажиллаж байжээ. Тэрээр номлолын ерөнхийлөгчөөр дуудагдах хүртлээ дэлхийн хэмжээний даатгалын компани болох Артур Ж.Галлагэр &Ко (Arthur J. Gallagher Co)-ийн бүс хариуцсан ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Далын гишүүнээр дуудагдах үедээ тэрээр энэхүү фирмийн бүсийн ахлах дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.