“Эйми А.Врайт,” Лиахона, 2022 оны 5-р сар.
Эйми А.Врайт
Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх
Эйми А.Врайт эгч хэдэн жилийн өмнө 4-р шатандаа орсон өндгөвчийн хорт хавдрын эмчилгээ хийлгэж байсан тэр нэгэн шөнийг эргэн дурсаж байна. Бурханаас холдсон мэт мэдрэмж төрж байсан нь түүнд маш хэцүү байлаа. Түүний гэрчлэлээс болон Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрт мөн авралын төлөвлөгөөнд итгэх итгэлээс үл хамааран түүнд тусламж хэрэгтэй байв.
Врайт эгчийг жаахан байхад түүний ээж болон Хүүхдийн хэсгийн удирдагчид айж, ганцаардан, Сүнсний тусламж хэрэгтэй болох юм бол Хүүхдийн хэсгийн дууллаас дуулж байхыг заасан байжээ.
“Гэхдээ энэ дууг хүүхдүүдэд зориулсан. Надад үйлчлэх болов уу?” гэж тэр бодсон байна.
Асуултын хариу нэг дууны хамт түүний толгойд орж ирэв.
“Би ч мөн Бурханы хүүхэд шүү дээ” гэж Врайт эгч санаад, “Тэгээд толгой дотроо би ‘Тэнгэрлэг Эцэг, Та тэнд байдаг уу?’1 гэж дуулж эхлэв.
Би ердөө энэ хэсгийг л дуулах тэнхэлтэй байлаа. Миний биеийн эд эс бүр Бурханы хайранд өлгийдүүлэв. Энэ нь мэдрэгдэхүйц бодит байсан нь хачирхалтай байлаа. Учир нь би өөр юу ч мэдрэхгүй байсан юм. Тэр тэнд байж, намайг юу туулж байгааг маш сайн мэдэж байсан. Тэр бол хайраар дүүрэн Бурхан гэдгийг би мэдсэн.”
Эйми Айлийн Андэрсон эгч 1972 оны 1-р сарын 6-нд АНУ-ын Юта мужийн Солт Лэйк Ситид Жои Бэйлий, Робэрт Андэрсон нарын гэр бүлд мэндэлжээ. Тэр Жэймс Макконки Врайттай 1994 оны 6-р сарын 24-нд Солт Лэйк ариун сүмд гэрлэсэн. Тэд гурван хүүтэй.
Тэрээр 1998 онд Ютагийн их сургуулийг хүний хөгжил, гэр бүл судлалын чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Нөхөр нь нүүр ам судлалын сургуульд суралцаж байх үед тэрээр Маркэттын их сургуулийн Харилцаа холбооны коллежийн оюутны хэвлэл мэдээллийн хэлтэст ажиллаж байв.
Врайт эгч өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр, түүнээс өмнө гурван жилийн турш Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий зөвлөлд ажиллаж байсан. Тэрээр өмнө нь гадас, тойргийн Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгч, тойргийн Халамжийн нийгэмлэгийн болон Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөх, Халамжийн нийгэмлэгийн багш, сайн мэдээний сургаалын багш, Каб Скаут удирдагчаар тус тус үйлчилж байсан.