2022
Худгийн дэргэдэх сургамж
2022 оны 5-р сар


Худгийн дэргэдэх сургамж

Биднээр энд хийлгүүлэхээр илгээсэн бүх зүйлийг гүйцэлдүүлэх боломжийг олгох хүч, эдгэрлийн төлөө бид Аврагч руу хандаж чадна.

Энэхүү Ерөнхий чуулганы эмэгтэйчүүдийн хуралдаанд та нартайгаа хамт байна гэдэг ямар их баяр баясал вэ!

Би Нью-Йоркийн баруун хэсэгт өссөн бөгөөд гэрээс маань 32 орчим километрийн зайд орших Сүмийн жижиг салбарт явдаг байлаа. Би найз Патти Жотойгоо сүмийн хуучин, түрээсийн байрны хонгил дахь Ням гаргийн ангид сууж байхдаа дэлхий даяарх сая сая эмэгтэйг нэгтгэсэн эгч дүүсийн нэгдлийн нэг хэсэг болно гэж хэзээ ч төсөөлж байгаагүй.

Таван жилийн өмнө, Зүүн Европын бүс нутагт өөрсдийгөө бүрэн зориулсан гэгээнтнүүдтэй хамт үйлчилж байх үед нөхөр Брюс маань маш хүндээр өвдсөн юм. Бид гэр лүүгээ буцаад, хэдхэн долоо хоногийн дараа тэр маань таалал төгссөн. Миний амьдрал ганц шөнийн дотор л өөрчлөгдсөн. Би уй гашууд автаж, сул дорой, эмзэг болсон байв. Би Их Эзэнд хандан, замыг минь чиглүүлж өгөхийг гуйж, “Та надаар юу хийлгэмээр байна?” хэмээн залбирлаа.

Хэдэн долоо хоногийн дараа, намайг шуудангаа шалгаж байхад каталог дээрх жижиг зураг анхаарлыг минь татсан юм. Ойроос харвал, энэ нь худгийн дэргэд Есүстэй хамт байгаа самари эмэгтэйг дүрсэлсэн зураачийн бүтээл байв. Тэрхэн мөчид Ариун Сүнс надад “Энэ чиний хийх ёстой зүйл” хэмээн тов тодорхой хэлсэн. Хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг маань намайг Аврагчид ирж, суралцахыг урьж байсан.

Би Түүний “амийн ус[ны]”1 худгаас үргэлжлүүлэн уух үедээ сурч мэдэж байгаа гурван сургамжаа та бүхэнтэй хуваалцмаар байна.

Нэгдүгээрт, бидний өнгөрсөн болон одоогийн нөхцөл байдал ирээдүйг маань тодорхойлохгүй

Эгч нар аа, та нарын олон нь надад ямар санагдаж байсны адилаар амьдрал тань найдаж, залбирч, төлөвлөсний дагуу эргэхгүй байгаа учраас хэцүү бэрх сорилт, хагацалтай хэрхэн нүүр тулахаа мэдэхгүй байгааг би мэднэ.

Нөхцөл байдал маань ямар ч байлаа гэсэн бидний амьдрал ариун бөгөөд утга учир, зорилго чиглэлтэй. Бидний хүн нэг бүр бурханлаг мөн чанартай төрсөн, Бурханы хайртай охин юм.

Аврагч Есүс Христ маань цагаатгагч золиосоороо дамжуулан бидэнд ариусан, эдгэрэх боломжийг олгосон нь гэр бүлийн гишүүдийн шийдвэр, гэрлэлтийн байдал, бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэнд эсвэл бусад нөхцөл байдлаас үл хамааран дэлхий дээрх зорилгоо биелүүлэх боломжийг бидэнд олгосон.

Худгийн дэргэдэх эмэгтэйн тухай бод. Түүний амьдрал ямар байсан бэ? Есүс түүнийг таван удаа хүнтэй сууж байсныг мөн тэр үед хамт амьдарч байсан хүнтэйгээ гэрлээгүй байгааг мэдэж байсан. Гэхдээ түүний амьдралын саад бэрхшээлээс үл хамааран тэр эмэгтэйн Мессиа гэж хүлээж байгаа хүн нь Аврагч Өөрийгөө хэмээн тунхагласан нь Түүний олонд анх удаагаа тунхагласан тунхаглалуудын нэг байсан юм. Есүс “Тэр чинь чамтай ярьж буй Би байгаа юм гэж айлдав.”2

Тэр эмэгтэй Есүс бол Христ гэдгийг хотынхоо хүмүүст тунхагласан хүчирхэг гэрч болсон билээ. “Өнөөх эмэгтэйн ‘Миний үйлдсэн бүхнийг Тэр надад хэлсэн’ гэж гэрчилсэн үгээс болж тэр хотын самаричууд олноороо Есүст итгэжээ.”3

Тэр эмэгтэйн өнгөрсөн болон одоогийн нөхцөл байдал ирээдүйг нь тодорхойлоогүй. Түүнтэй адил, биднээр энд хийлгүүлэхээр илгээсэн бүх зүйлийг гүйцэлдүүлэх боломжийг олгох хүч, эдгэрлийн төлөө бид өнөөдөр Аврагч руу хандахыг сонгож чадна.

Хоёрдугаарт, хүч бидэнд буй

Сургаал ба Гэрээн дэх бидний танил нэгэн шүлэг дээр Их Эзэн эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг “сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориулж, мөн чөлөөт хүсэл зоригоороо олон зүйлийг хийж, мөн туйлын зөв шударга байдлыг тохиолгохоор авчрах ёстой. Учир нь хүч тэдэнд буй4 хэмээн урамшуулсан байдаг.

Эгч нар аа, туйлын зөв шударга байдлыг тохиолгон авчрах хүч бидэнд бий!

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидэнд “Бурхантай гэрээнүүд байгуулж, сахидаг, санваарын ёслолуудад зохистой оролцдог эмэгтэй, эрэгтэй хүн бүр Бурханы хүч чадлыг шууд хүлээн авах боломжтой”5 хэмээн гэрчилсэн.

Баптисмын үеэр болон ариун сүмд хүлээн авсан ариун нандин гэрээнүүдээ сахихыг хичээх үед Их Эзэн биднийг “Өөрийн эдгээгч, хүчирхэгжүүлэгч хүч[ээр]” мөн “[бидний] урьд өмнө авч байгаагүй ухаарал, сүнслэг ойлголт[оор]”7 адисалдаг гэдгийг би мэдэж авсан.

Гуравдугаарт, “агуу болох тэрхүү зүйл жижиг зүйлүүдээс гарч ирдэг.”7

Уулан дээр номлож байхдаа Есүс Өөрийн шавь нарт “Та нар газрын давс8 бөгөөд “Та нар ертөнцийн гэрэл9 хэмээн заасан байдаг. Хожим нь Тэр тэнгэрийн хаанчлалын өсөлт хөгжлийг исгэгч хөрөнгөтэй харьцуулж, “эмэгтэй түүнийг авч, гурван хэмжүүр гурилд хийхэд энэ нь бүхэлдээ исдэг”10 хэмээсэн.

  • Давс

  • Хөрөнгө

  • Гэрэл

Эдгээр нь тус бүрдээ маш бага хэмжээгээр ч гэсэн эргэн тойрныхоо бүх зүйлд нөлөөлдөг. Аврагч биднийг Өөрийнх нь хүчийг давс, хөрөнгө, гэрэл байхаар ашиглахад урьсан.

Давс

Бидний иддэг хоолны амтыг чимх давс ямар их өөрчилдөг нь гайхмаар. Гэсэн хэдий ч давс бол хамгийн хямд бөгөөд хамгийн энгийн найрлага юм.

2 Хаад ном дээр бид сиричүүдэд олзлогдож, Сирийн цэргийн ахмад Нааманы эхнэрийн зарц болсон “бяцхан охин[ы]”11 талаар уншдаг. Тэр давс мэт байсан. Тэр залуухан, дэлхийнхний хувьд тийм ч чухал биш нэгэн байсан бөгөөд харь орон дахь боолын амьдрал нь түүний хүсэн хүлээсэн амьдрал байгаагүй нь тодорхой.

Гэвч тэрээр Бурханы хүчээр хоёр өгүүлбэр хэлж, Нааманы эхнэрт ийн гэрчилсэн. “Самари дахь эш үзүүлэгчтэй эзэн минь уулзаасай гэж би хүсэх юм! Тэгвэл түүний уяман өвчнийг тэр хүн эдгээнэ дээ гэв.”12

Түүний итгэлийн үгийг Нааманд уламжилснаар, энэ нь Нааманд түүний үгийн дагуу үйлдэх, бие махбодын болон сүнслэг байдлын аль алины хувьд эдгэрэх боломжийг олгожээ.

Бошиглогч Елишагийн хэлсэнчлэн, бид Нааманыг Иордан голын усанд угаахыг ятгасан зарц нарт гол анхаарлаа хандуулдаг ч тэр “бяцхан охин” байгаагүй бол Нааман Елишагийн үүдэнд ч байхгүй байх байсан.

Та залуухан эсвэл чухал биш нэгэн мэт санагдаж болох ч гэр бүл, сургууль, нийгэмдээ давс мэт байж чадна.

Хөрөнгө

Та исгээгүй талх идэж байсан уу? Үүнийг та хэрхэн дүрслэх вэ? Хэт нягтаршилтай Хүнд Хатуу Багахан хөрөнгөний ачаар л талх хөөж, илүү хөнгөн, зөөлөн болдог.

Бурханы хүчийг өөрсдийн амьдралд урих үедээ бид “гаслант сүнс[ийг]”13 бусдыг өргөж, зүрх сэтгэлийг эдгээх орон зайг үүсгэх сүнслэг нөлөө бүхий хандлагаар сольж чадна.

Саяхан Христийн мэндэлсний баярын өглөө миний нэг найз уй гашуудаа автан орондоо хэвтэж байжээ. Хүүхдүүд нь түүнээс босохыг гуйсан ч тэр удахгүй гэрлэлтээ цуцлуулах гэж буйн улмаас зовж шаналж байлаа. Орондоо уйлж хэвтэхдээ тэрээр Тэнгэрлэг Эцэгтээ чин сэтгэлээсээ залбирахдаа, цөхөрч буйгаа уудлан хэлэв.

Түүнийг залбирлаа дуусгах үед Бурхан зүрх сэтгэлийн шаналлыг нь мэдэж байгааг Сүнс шивнэн хэлжээ. Тэр Түүний хайр, энэрлээр дүүрсэн байв. Уг ариун нандин туршлага түүний сэтгэл хөдлөлийг баталж, тэр ганцаараа гашуудаж байгаа юм биш гэсэн итгэл найдварыг төрүүлсэн байна. Тэр орноосоо босоод, гадаа гарч, хүүхдүүдийнхээ хамт цасан хүн хийж, өглөөний цөхөрсөн хүнд мэдрэмжээ инээд баяслаар сольжээ.

Гэрэл

Өрөөн доторх харанхуйг нэвтлэхэд хэр их гэрэл хэрэгтэй вэ? Бага зэрэг туяа тусахад л болно. Харанхуй газар дахь тэрхүү гэрлийн туяа таны доторх Бурханы хүчнээс урган гарч ирж болно.

Амьдралын шуурга шуурч байгаа энэ үед танд ганцаардсан мэт санагдаж болох ч та үл ойлголцол, төөрөгдөл, үл итгэлцлийн харанхуйд гэрлээ гэрэлтүүлж чадна. Таны Христэд итгэх итгэлийн гэрэл тогтвортой бөгөөд баттай байж, эргэн тойрныхоо хүмүүсийг аюулгүй байдал, амар амгаланд хөтөлж чадна.

Эгч нар аа, бид чимх давс, халбага хөрөнгө, гэрлийн цацрагийг өргөл болгосноор зүрх сэтгэлийг өөрчилж, амьдралыг адисалж чадна.

Аврагч бол биднийг Өөрийнх нь баяр баясгалан, хайраас амтлахад урьж буй бидний амьдралын давс14 гэдгийг би гэрчилж байна. Тэр амьдрал маань хүнд хэцүү болох үед бидэнд найдвар төрүүлдэг хөрөнгө15 бөгөөд Өөрийн харьцуулшгүй хүч, гэтэлгэгч хайраар17 бидний ачааг өргөж өгдөг Нэгэн билээ.16 Тэр бол гэр лүүгээ буцах бидний замыг гийгүүлэгч гэрэл юм.18

Бид худгийн дэргэдэх эмэгтэйн адилаар Аврагч дээр ирж, Түүний амийн уснаас уух болтугай гэж би залбирч байна. Бид Самарийн хүмүүстэй хамт “Одоо бид ярьсанд чинь биш харин өөрсдөө сонсоод, Энэ бол үнэхээр ертөнцийн Аврагч мөн гэдгийг мэдлээ”19 гэж гэрчилж чадна. Есүс Христийн нэрээр, амен.