2010–2019
Христ бол харанхуйг гийгүүлэгч гэрэл
2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Христ бол харанхуйг гийгүүлэгч гэрэл

Хэрэв та гэрчлэлийн тань гэрэлт цамхаг сүүмэлзэж, харанхуйлж байгааг мэдэрвэл зоригтой бай. Бурханд амласан амлалтуудаа сахь.

Халамжийн нийгэмлэгийн байран дахь ажлын өрөөнөөс маань Солт Лэйкийн ариун сүм гайхалтай сайхан харагддаг. Орой бүр нар жаргах үед яг тогтсон цагт ариун сүмийн гаднах гэрлүүд асдаг. Ариун сүм цонхны маань гадна орших байнга гэрэлтэх, тайвшруулагч гэрэлт цамхаг юм.

Зураг
Солт Лэйк ариун сүм үдшийн бүрийд

Өнгөрсөн 2-р сарын нэгэн үдэш нар жаргасны дараа ажлын өрөө маань маш бүүдгэр болсон байв. Цонхоор хартал ариун сүм харанхуй мөн гэрэл нь асаагүй байлаа. Би гэнэт бодолд автав. Олон жилийн турш, орой бүр хардаг байсан ариун сүмийн шовх оройнууд надад харагдахгүй байв.

Зураг
Солт Лэйкийн ариун сүмийн шовх орой

Гэрлийг харна гэж боддог газраа харанхуйг харсан маань өсөж хөгжихийн тулд бидэнд байх ёстой үндсэн хэрэгцээнүүдийн нэг бол гэрлийн эх үүсвэр болох Есүс Христтэйгээ холбоотой байх явдал гэдгийг надад сануулсан. Тэрээр бидний хүч чадлын эх үүсвэр бөгөөд Дэлхийн Гэрэл, Амь билээ. Түүнтэй хүчирхэг холбоо тогтоохгүй бол бид сүнслэг байдлаараа мөхөж эхэлдэг. Сатан үүнийг мэддэг тул бидэнд тулгардаг дэлхийн шахалт дарамтыг ашигладаг. Тэр бидний гэрлийг бүдгэрүүлж, холбоог маань таслан, тэжээлийн үүсгүүрийг салгаж, харанхуйд ганцааранг минь үлдээхийг хичээж байна. Мөнх бус амьдралд эдгээр дарамт шахалт түгээмэл байдаг ч Сатан биднийг ганцаардуулахын тулд шаргуу ажиллаж, зөвхөн бидэнд л энэ зүйлс тохиолдож байгаа гэж хэлдэг.

Бидний заримд уй гашуугаасаа болж юу ч хийж чадахгүй мэт санагддаг.

Гай зовлон бидэнд тохиолдоход, түүнчлэн амьсгаа ч авч чадахааргүй зовж шаналахад мөн Иерихо орохоор явж байсан хүний адил зодуулж, амь голтой орхигдох үед маань Есүс ирж, бидний шархан дээр тос асгаж, зөөлнөөр өргөн босгоод, дэн буудалд авчран, асарч тойлдог.1 Тэрээр уй гашууд автсан хүмүүст хандан, “Та нарын мөрөн дээр тавигдах ачаануудыг, бүр тэдгээрийг нуруун дээрээ байгааг ч мэдрэхгүй болтол, … би түүнчлэн хөнгөлнө; Их Эзэн Бурхан би өөрийн хүмүүст тэдний зүдгүүрт үед зочилдгийг та нар гарцаагүй мэдэж болохын тулд би үүнийг хийх болно”2 гэж айлдсан. Христ шархыг эдгээдэг.

Бидний зарим нь зүгээр л эцэж ядарсан байдаг.

Ахлагч Холланд “Бид өөрсдөдөө буй хүчнээс илүү хурдан гүйх шаардлагагүй. … Гэхдээ та нарын дунд олон хүн маш хурдан гүйж, энерги болон сэтгэл санааны нөөц нь заримдаа бараг шавхагдсан байдаг”3гэж хэлсэн. Биднээс хүсэн хүлээж буй зүйлс биднийг цөхрөөх үед бид түр саатан, Тэнгэрлэг Эцэгээс юуг орхих вэ гэдгээ асууж болно. Юуг хийхгүй байхаа ойлгож мэдэх нь бидний амьдралаас олж авах туршлагын нэг хэсэг юм. Гэхдээ амьдрал заримдаа хэцүү бэрх байж болно. Есүс “Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая”4 хэмээн баталж хэлсэн юм.

Христ бидний ачааг хөнгөлөхөөр бидэнтэй нэгдэж, ачааг маань үүрэлцэж өгөхөд бэлэн байна. Христ биднийг амраадаг.

Бидний зарим нь өөрийгөө уламжлалт жишигт нийцэхгүй гэж боддог.

Янз бүрийн шалтгааны улмаас бид өөрсдийгөө хүлээн зөвшөөрөгддөг эсвэл зөвшөөрөгдөхүйц гэж боддоггүй. Есүс уяман өвчтэй хүмүүс, татвар хураагчид, хүүхдүүд, галилчууд, эмэгтэйчүүд, садар эмс, фарисайчууд, нүгэлтнүүд, самаричууд, бэлэвсэн эмэгтэйчүүд, Ромын цэргүүд, завхайрагчид, ёс жаягийн дагуу цэвэр бус гээд олон төрлийн хүмүүст хүрч туслахын тулд асар их хүчин чармайлт гаргасныг Шинэ Гэрээ харуулдаг. Тэр бараг бүх түүхэн дээр нийгэмд хүлээн зөвшөөрөгддөггүй байсан хэн нэгэнд хүрч тусалсан байдаг.

Лук 19 дээр Закхай хэмээх Иерихогийн татвар хураагчдын ахлагчийн түүх гардаг. Тэр Есүсийг явж өнгөрөхийг харах гэж модонд авиран гарчээ. Закхай Ромын засгийн газарт ажилладаг нэгэн байсан ба түүнийг авлигад автсан, нүгэлт хүн гэж үздэг байв. Есүс түүнийг модон дээр байгааг хараад, түүнийг дуудан “Закхай, хурдал, буугаад ир. Өнөөдөр Би танайд очих ёстой”5 гэж хэлжээ. Есүс Закхайн сайхан сэтгэлийг болон түүний бусдын төлөө хийсэн зүйлсийг хараад, “Өнөөдөр энэ айлд аврал ирлээ. Учир нь тэр ч гэсэн Абрахамын хүү мөн”6 хэмээгээд, түүний өргөлийг хүлээн авчээ.

Христ нифайчуудад “Би та нарын хэнийг нь ч зайлан явахыг та нарт зарлиг болгосонгүй”7 гэж хайрлангуй айлдсан байдаг. Петр Үйлс 10 дээр “Ямар ч хүнийг бузар хийгээд цэвэр бус гэж нэрлэх ёсгүйг Бурхан надад харууллаа”8 гэж тунхаглахдаа чухал ухаарлыг олж авсан юм. Христийн шашинтай шавь нар болон хожмын үеийн гэгээнтнүүд бие биедээ жинхэнэ хайрыг үзүүлэх нь үл хувирах шаардлага билээ.9 Есүс Закхайд өгсний адил дараах урилгаа бидэнд ч мөн өгсөн. “Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв [чи] дууг минь сонсоод үүдээ нээвэл, Би дотогш [танай] уруу орж, [чамтай] хамт, [чи] Надтай хамт хооллоно.”10 Христ биднийг Өөрт нь ойртох гэж хичээж байгааг хардаг.

Бидний зарим нь асуултуудаасаа болж сэтгэлийн зовуурьтай явдаг.

Хэдэн жилийн өмнө би хариулт олж чадахгүй байгаа асуултуудаасаа болж гутарч, бухимдаж байв. Нэгэн бямба гаргийн өглөө би богинохон зүүд зүүдэлсэн юм. Би зүүдэндээ нэгэн асрыг харсан бөгөөд түүн рүү орох ёстойгоо ойлгов. Асар нь нуман хэлбэрийн таван талтай боловч чулуун цонхтой байлаа. Тэнд давчуу харанхуй байсан тул дотор нь ормооргүй байна гэж би гомдоллов. Тэгтэл би Жаредын ах чулуунуудыг тэвчээртэй гэгч нь хайлуулан, тунгалаг шил болгосныг санав. Шил бол төлөв нь өөрчлөгдсөн чулуу юм. Их Эзэн Жаредын ахын чулуунуудад хүрэхэд тэдгээр нь хөлгүүд доторх харанхуйг гэрэлтүүлсэн.11 Гэнэт би өөр газарт байхаас илүү тэр асарт байх хүслээр дүүргэгдэв. Энэ нь миний үнэхээр “харах” ёстой газар яг мөн байлаа. Намайг зовоож байсан асуултууд унтаад сэрсний дараа алга болоогүй ч оюун ухаанд минь бүр илүү тод төрсөн нэг асуулт бол чи чулуунуудаа гэрэл болгохын тулд итгэлээ Жаредын ахын адил хэрхэн өсгөн нэмэгдүүлж байна вэ?12 гэсэн асуулт байв.

Бидний мөнх бус тархи ойлголт, утга учрыг бага багаар эрэлхийлэхээр бүтээгдсэн. Мөнх бус байдлын хөшиг их зузаан байдгийн бүх учрыг би мэдэхгүй. Мөнхийн хөгжил дэвшлийнхээ энэ үед бид бүх хариултыг олж авахгүй. Энэ үе бол бид хараагүй зүйлсийнхээ баталгаанд итгэх бат итгэлээ (буюу заримдаа найдвараа) хөгжүүлэх үе юм. Баталгаа нь судалж ойлгоход хялбар арга замаар үргэлж ирдэггүй ч бидэнд харанхуйг гэрэлтүүлэх гэрэл байдаг. Есүс “Би бол дэлхийн гэрэл ба амь, мөн үнэн болой”13 хэмээн хэлсэн. Үнэнийг эрэлхийлж буй хүмүүст хандаж хэлэхэд, эхэндээ чулуун цонхтой жижигхэн харанхуй өрөө мэт санагдаж, дэмий бачуурдаг байж магадгүй. Гэхдээ тэвчээр болон итгэлээр дүүрэн асуултуудаар Есүс бидний чулуун цонхыг шил мөн гэрэл болгон хувиргаж чадна. Христ бол харахад маань туслах гэрэл мөн.

Бидний зарим нь өөрсдийгөө хэзээ ч хангалттай сайн байж чадахгүй гэж боддог.

Хуучин Гэрээнд гардаг час улаан будаг өнгөлөг төдийгүй тогтоц сайтай байсан. Энэ нь үүний тод өнгө ноосонд орж, хэчнээн олон удаан угаасан ч өнгө нь гандахгүй гэсэн үг юм.14 Час улаан толботой цагаан ноос хэзээ ч дахин цагаан болж чадахгүй гэх энэ шалтгааныг Сатан шийдэм болгон ашигладаг. Гэхдээ Есүс Христ “Зам минь та нарын замаас өндөр [билээ]”15 хэмээн тунхагласан бөгөөд энэ нь биднийг гэм нүглээ наманчлахад Түүний ач ивээлийн гайхамшгийн ачаар Түүний час улаан цус биднийг эргээд цэвэр ариун болгодогт оршдог. Энэ нь логикийн алдаатай ч гэсэн үнэн билээ.

Зураг
Час улаан толботой ноос

Гэрэл зургийг iStock/Thinkstock

“Хилэнц нүгэл чинь час улаан мэт байвч цасан адил цагаан болно. Хүрэн лугаа улаан боловч ноос лугаа адил болно.”16 Их Эзэн “[нүглээ] наманчилсан тэрээр, мөнхүү тэр нь өршөөгддөг ажгуу, мөн Их Эзэн, бибээр тэдгээрийг нь цаашид санах нь үгүй”17 хэмээн шийдэмгий хэлдэг. Өөрөөр хэлбэл, Хүрээд ир, тэгээд хэлэлцье.18 Чи алдаа гаргасан; бүгд алддаг.19 Надад ирж, наманчил.20 Би нүглийг чинь цаашид санах нь үгүй.21 Чи дахин аврагдаж чадна.22 Чамаар хийлгэх ажил надад байгаа.23 Христ ноосыг цагаан болгодог.

Тэгэхээр бид ямар ямар алхам хийх хэрэгтэй вэ? Бид сүүмэлзэж, анивчих үедээ Есүс Христийн хүч чадалтай ямар түлхүүрээр эргэн холбогдох вэ? Ерөнхийлөгч Нэлсон “Ариун нандин гэрээнүүдийг байгуулж, сахих нь үүний түлхүүр юм. … Энэ бол ярвигтай арга зам биш”24 гэж тун энгийн хэлсэн байдаг. Христийг амьдралынхаа гол цөм болго.25

Хэрэв та гэрчлэлийн тань гэрэлт цамхаг сүүмэлзэж, харанхуйлж байгааг мэдэрвэл зоригтой бай. Бурханд амласан амлалтуудаа сахь. Асуултуудаа тавьж, тэвчээртэйгээр чулууг шил болгон хайлуул. Таныг үргэлж хайрлах Есүс Христ рүү эргэ.

Есүс “Би бол харанхуйд гялалзагч [тэр] гэрэл бөгөөд харанхуй нь үүнийг ойлгох нь үгүй”26 хэмээн хэлсэн. Энэ нь харанхуй яагаад ч уг гэрлийг унтрааж чадахгүй гэсэн үг. Хэзээ ч үгүй. Түүний гэрэл таныг дэмжиж тусална гэдэгт та итгэж болно.

Зураг
Дахин гэрэлтүүлэгтэй Солт Лэйк ариун сүм

Бид эсвэл хайртай хүмүүс маань хэсэг зуур харанхуйлагдаж болох юм. Солт Лэйк ариун сүмийн тухайд гэвэл, барилга хариуцсан менежер Вал Вайт ах бараг тэр даруй дуудлага хүлээн авсан юм. Хүмүүс ч анзаарсан байсан. Яагаад ариун сүмийн гэрэл асаагүй вэ? Эхлээд хариуцагч ажилтан ариун сүмийн цахилгааны бүх хуваарилагч самбар руу очиж, гэрлийг гараараа асаажээ. Дараа нь тэжээлийн үүсгүүрийн зайнуудыг сольж, юу нь ажиллагаагүй болсныг шалгасан байна.

Гэрлүүдийг ганцаараа асаах хэцүү. Бидэнд найз нөхөд хэрэгтэй. Бид нэг нэгэндээ хэрэгтэй. Ариун сүмийн барилгын ажилтны адил бид өөрийн биеэр очиж, сүнслэг зайнуудаа цэнэглэж, гаргасан алдаагаа засаж залруулснаар бие биендээ тусалж чадна.

Зураг
Солт Лэйк ариун сүм Христийн мэндэлсний баяраар

Бидний хувь хүн нэг бүрийн гэрэл гацуур модон дээрх гэрлийн чийдэнгийн нэг шилтэй төстэй байж болно. Гэхдээ бид өөрсдийн багахан гэрлийг асааж, хамтдаа сая сая хүнийг Христийн мэндэлсний баярын Ариун сүмийн талбай шиг Их Эзэний өргөө рүү татан авчирч чадна. Хамгийн сайхан нь, ерөнхийлөгч Нэлсоны урамшуулсанчлан, бид гэрээнүүдээ сахих энгийн үйлдлээрээ Аврагчийн гэрлийг өөрсдөдөө болон хайртай хүмүүстээ авчирч чадна. Их Эзэн итгэлт үйлдлийг олон арга замаар дамжуулан хүч ба баяр хөөрөөр шагнадаг.27

Та бол хайрлагдсан нэгэн гэдгийг би гэрчилж байна. Таныг ямар их хичээж байгааг Их Эзэн мэддэг. Та өсөж хөгжиж байгаа. Үргэлжлүүлэн үйлд. Тэрээр таны үл харагдах бүх золиосыг хардаг ба тэдгээрийн хариуд таныг болон хайрладаг хүмүүсийг тань шагнадаг. Таны ажил дэмий хоосон өнгөрдөггүй. Та ганцаараа биш. Иммануел гэдэг Түүний нэр хүртэл “Бурхан бидэнтэй хамт”28 гэсэн утгатай билээ. Тэр үнэхээр тантай хамт байдаг.

Холын бараа харагдахааргүй дэндүү харанхуй байсан ч гэрээний зам дээрээ дахиад хэд алх. Гэрэл дахин асах болно. Би энэ үнэнийг гэрлээр дүүрэн Есүсийн үгс болох “Надад ойр байгтун, мөн би та нарт ойр байх болно; намайг хичээнгүйлэн эрэлхийлэгтүн, мөн та нар намайг олох болно; асуу, тэгвэл та нар хүлээн авах болно; тогш, тэгвэл энэ нь та нарт нээгдэх болно”29 хэмээх үгсээр гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.