2010–2019
Есүс Христ рүү харагтун
2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Есүс Христ рүү харагтун

Хэрэв бид Есүс Христ рүү харвал Тэрээр биднийг Израилын ахлагчдын хувиар гэрээнийхээ дагуу амьдарч, дуудлагаа эрхэмлэн биелүүлэхэд туслах болно.

Есүсийг Капернаумын ойролцоох1 хүн бужигнасан гудамжаар алхаж явтал хүнд өвчнөөр өвдөж, арван хоёр жил шаналсан эмэгтэй гараа сунган, Түүний хувцасны хормойд хүрчээ. Эмэгтэй тэр даруй эдгэв.2

Судруудад бичигдсэнчлэн Есүс “[Өөрөөс нь] хүч гарахыг”3 мэдрээд, “хурсан олны зүг эргэн харж”4 мөн “үүнийг үйлдэгчийг харах гэж эргэн тойрноо ажиглав.”5 “Өнөөх эмэгтэй анзаарагдаагүй өнгөрөөгүйгээ мэдээд,”6 “Есүсийн өмнө унав. Тэгээд бүх үнэнээ хэлжээ.”7

Есүс түүнд “Охин минь, итгэл чинь чамайг аврав. Амар тайван яв даа”8 гэв.

Есүс Христ уг эмэгтэйг аварсан. Тэр эмэгтэй бие махбодын хувьд эдгэрсэн боловч Есүсийг өөр рүү нь эргэн харахад Түүнд итгэх итгэлээ харуулснаар Тэр зүрх сэтгэлийг нь эдгээжээ.9 Есүс түүнд хандан хайраар ярьж, сайшааж буйгаа илэрхийлж, түүнийг Өөрийн амар амгалангаар адисалсан.10

Ах нар аа, ариун санваар атгагчдын хувьд бид авралын ажилд оролцдог хүмүүс юм. Өнгөрсөн жил Их Эзэн энэ ажлын удирдлагыг Израил дахь ахлагчдын нуруун дээр маш тодорхой үүрүүлсэн.11 Бид эгч нартайгаа хамт хөдөлмөрлөх Их Эзэнээс ирсэн сүнслэгээр өдөөгдсөн үүрэгтэй бөгөөд илүү ариун нандин арга замаар тохинуулан, Израилын цугларалтыг хөшигний хоёр талд яаравчлуулж, гэр орноо итгэлийн болон сайн мэдээнээс суралцах хоргодох газар болгон зохион байгуулж, дэлхийг Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэх ёстой.12

Бүхий л зүйл дээр Аврагч Өөрөө Эцэг рүүгээ харж, Түүнд үйлчилсний адил бид Есүс Христ рүү харж, Түүнд үйлчлэх хэрэгтэй гэсэн замыг үзүүлсэн.13 Аврагч үүнийг бошиглогч Иосеф Смитэд дараах байдлаар хэлжээ.

“Санаа бодол болгондоо над уруу харагтун; бүү эргэлз, бүү ай.

Миний хажуу талыг цоо хатгасан шархыг, мөн түүнчлэн миний гар мөн хөлөн дэх хадаасны ормуудыг болгоогтун; итгэлтэй байгтун, миний зарлигуудыг сахигтун, мөн та нар тэнгэрийн хаант улсыг өвлөх болно.”14

Мөнх бус байдлын өмнөх оршихуйд Есүс Эцэгийнхээ хүслийг биелүүлж, бидний Аврагч, Гэтэлгэгч болно гэдгээ Эцэгтээ амласан. Түүний Эцэгийг “Хэнийг илгээх вэ би?”15 хэмээн асуухад Есүс түүнд:

Есүс, “Би энд байна, намайг илгээгтүн.”16

“Аав аа, таны таалал хэрэгжих болно, мөн алдар суу үүрд таных байх болно”17 гэж хариулав.

Мөнх бус амьдралынхаа турш Есүс уг амлалтдаа үнэнч амьдарсан. Тэрээр даруу, номхон дөлгөөн байдалд болон хайраар Эцэгийнхээ сургаалыг зааж, Эцэгийнхээ өгсөн хүч, эрх мэдлээр Эцэгийнхээ ажлыг хийсэн.18

Есүс зүрх сэтгэлээ Эцэгтээ зориулсан. Тэрээр:

“Би Эцэгээ [хайрладаг].”19

“Би үргэлж Түүнд тааламжтай зүйлсийг үйлддэг.”20

“Би Өөрийнхөө хүслийг бус, харин Намайг илгээсэн [Эцэгийнхээ] хүслийг үйлдэхээр … ирсэн”21 хэмээн хэлсэн.

Тэрээр Гетсеманид зовж шаналж байхдаа “Гэвч Миний хүслээр бус, харин Таныхаар болог ”22 хэмээн залбирсан.

Их Эзэний Израилын ахлагчдад өгсөн “санаа бодол болгондоо над уруу харагтун,” Түүний амилсан биен дээрх “шархыг болгоогтун” хэмээх дуудлага нь нүгэл хилэнцээс болон дэлхийгээс холдож, Түүн рүү хандаж, Түүнийг хайрлаж, дуулгавартай дагах дуудлага юм. Энэ бол Их Эзэний сургаалыг зааж, Түүний ажлыг Өөрийнх нь арга замаар хийх дуудлага билээ. Тиймээс, энэ бол Түүнд бүрэн дүүрэн итгэж, өөрсдийн хүсэл, зүрх сэтгэлийг өргөж, гэтэлгэгч хүч чадлаар нь дамжуулан Түүнтэй илүү адил болох урилга юм.23

Ах нар аа, хэрэв бид Есүс Христ рүү харвал Тэр биднийг Өөрийнхөө Израил дахь даруу, номхон дөлгөөн, эелдэг зөөлөн ахлагчид болгож адислах болно.24 Бид Түүний сайн мэдээний болон Сүмийн баяр баясгалан, адислалуудыг хөшигний хоёр талд буй гэр бүл, ах эгч нартаа авчрах болно.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон биднийг яг энэ арга замаар Есүс Христ рүү хар хэмээн дуудахдаа “Ийм хүчирхэг шавь байх нь амар хялбар, аяндаа болдог зүйл биш. Бидний анхаарал Аврагчид болон Түүний сайн мэдээнд бат бэхлэгдсэн байх ёстой. Санаа бодол бүрдээ Түүн рүү харахын тулд оюун санаагаараа нэлээн хичээл зүтгэл гаргах ёстой байдаг. Гэхдээ ийнхүү үйлдсэн үед эргэлзээ, айдас маань арилдаг юм”25 гэв.

Бэхлэгдэх гэдэг нь маш сайхан үг. Энэ нь бат бэхлэх, бүрэн татаж мөн барих гэсэн утгатай.26 Бид гэрээнийхээ дагуу амьдарснаар Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд анхаарлаа бат бэхэлдэг.

Биднийг гэрээнүүдийнхээ дагуу амьдрах үед тэдгээр нь бидний хэлж, хийж байгаа бүхэнд нөлөөлдөг. Гэрээний дагуух амьдрал маань27 Есүс Христ дээр төвлөрсөн энгийн, өдөр тутмын итгэлийн үйлдлүүдээр дүүрэн байдаг ба үүнд зүрх сэтгэлээсээ Түүний нэрээр залбирах, Түүний үгэн дээр найрлах, нүглүүдээ наманчлахын тулд Түүн рүү эргэх, Түүний зарлигуудыг сахих, ариун ёслолоос хүртэж мөн Түүний Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих, Түүний ариун сүмд аль болох олон дахин орж шүтэн бишрэх, Бурханы хүүхдүүдэд үйлчлэхэд Түүний ариун санваарыг ашиглах зэрэг нь багтдаг.

Гэрээндээ үнэнч байх эдгээр үйлдэл нь бидний зүрх сэтгэл, оюун ухааныг Аврагчийн гэтэлгэгч хүчинд болон Ариун Сүнсний ариусгагч нөлөөнд нээж өгдөг. Аврагч бидний мөн чанарыг шат шатаар өөрчилдөг бөгөөд бид Түүнд илүү гүн хөрвүүлэгдэж, гэрээнүүд маань бидний зүрхэнд амь оруулдаг.28

Тэнгэрлэг Эцэгтээ өгдөг амлалтууд маань хад мэт баттай байж, бидний зүрхний нандин хүсэл болдог. Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгдөг амлалтууд нь биднийг талархал, баяр баяслаар дүүргэдэг.29 Гэрээнүүд маань дагаж мөрдөх дүрмүүд байхаа больж, биднийг урамшуулж мөн удирддаг, бидний анхаарлыг Есүс Христэд бэхэлдэг нандин зарчмууд болдог.30

Өөрсдийгөө зориулах эдгээр үйлдэл нь хөгшин, залуу бүх хүнд боломжтой. Энэ орой миний ярьсан бүх зүйл Аароны ариун санваар атгагч залуу эрэгтэйчүүд та нарт хамаатай. Та бүхний төлөө би Бурханд талархдаг. Та нар долоо хоног бүр олон сая хожмын үеийн гэгээнтэнд ариун нандин ёслол, гэрээнүүдийг боломжтой болгож өгдөг. Та нар ариун ёслолыг бэлтгэх, адислах, түгээх, тохинуулах, ариун сүмд баптисм хүртээх, найзыгаа үйл ажиллагаанд урих эсвэл чуулгынхаа нэг гишүүнийг аврах үедээ авралын ажлыг хийж байдаг. Та нар ч гэсэн өдөр бүр Есүс Христ рүү харж, гэрээнийхээ дагуу амьдарч чадна. Хэрэв үүнийг хийвэл та нар одоо Их Эзэний итгэлт үйлчлэгчид, ирээдүйн нэг өдөр Израилын хүчирхэг ахлагчид болох болно гэдгийг би амлаж байна.

Ах нар аа, энэ бүх зүйл сүрдмээр сонсогдож байгаа гэдгийг би мэднэ. Гэхдээ Аврагчийн “Би ганцаараа биш. Учир нь Эцэг Надтай хамт байдаг”31 гэсэн үгсийг санаарай. Энэ нь бидний хувьд ч үнэн юм. Бид ганцаараа биш. Их Эзэн Есүс Христ болон Тэнгэрлэг Эцэг маань бидэнд хайртай бөгөөд бидэнтэй хамт байдаг.32 Есүс Эцэг рүүгээ харж, агуу цагаатгагч золиосыг гүйцэлдүүлсэн учир бид Түүнийг бидэнд тусална гэсэн бат итгэлтэйгээр Түүн рүү харж болно.

Бидний хэн нь ч төгс биш. Заримдаа бид гацаанд ордог. Бидний анхаарал төвлөрөхөө болих юм уу сэтгэлээр унадаг. Бид бүдэрдэг. Гэвч бид наманчлагч зүрх сэтгэлтэйгээр Есүс Христ рүү харвал Тэр биднийг өргөж, нүглээс цэвэршүүлж, уучилж, зүрх сэтгэлийг маань эдгээх болно. Тэр тэвчээртэй, нинжин сэтгэлтэй ба Түүний гэтэлгэгч хайр хэзээ ч дуусдаггүй мөн хэзээ ч үл цөхөрнө.33 Тэр биднийг Израилын ахлагчдын хувиар гэрээнийхээ дагуу амьдарч, дуудлагаа эрхэмлэн биелүүлэхэд туслах болно.

Эцэг Өөрийнх нь зорилгуудыг биелүүлэхэд шаардлагатай бүх зүйлээр биднийг адислах болно, “учир нь Эцэгийн тааллаар түүний Хүү Есүс Христээр дамжуулан урагш илгээгдсэн тэнгэр хийгээд дэлхий аль алин дээрх амьдрал хийгээд гэрэл, Сүнс хийгээд сүр хүч бүх зүйл түүнд захирагддаг бөлгөө.”34

Тэнгэрлэг гэрэл, хүч чадал бидний амьдрал руу урсан орж ирэхэд гурван гайхамшигт зүйл тохиолддог:

Нэгд, бид харж чадна! Есүс өнөөх эмэгтэйг харсан шиг бид илчлэлтээр дамжуулан гадаад үзэмж бус зүрх сэтгэлийг нь харж эхлэх болно.35 Есүс шиг хардаг болох тусам Тэр биднийг үйлчилдэг хүмүүсээ Түүний хайраар хайрладаг болгож адисалдаг. Түүний тусламжтайгаар бидний үйлчилдэг хүмүүс Аврагчийг харж, Түүний хайрыг мэдрэх болно.36

Хоёрт, бидэнд санваарын хүч байгаа! Бидэнд Есүс Христийн нэрээр “бусдыг адислан, удирдаж, хамгаалан, хүчирхэгжүүлж, эдгээх … хайртай хүмүүстээ гайхамшгийг авчран, гэрлэлт, гэр бүлээ энэ цагт мөн үүрд мөнхөд хадгалах”37 эрх мэдэл, хүч чадал байгаа.

Гуравт, Есүс Христ бидэнтэй хамт явдаг! Биднийг хаашаа ч явсан Тэр хамт явдаг. Биднийг заах үед Тэр заадаг. Биднийг тайтгаруулах үед Тэр тайтгаруулдаг. Биднийг адислах үед Тэр адисалдаг.38

Ах нар аа, бидэнд баясах шалтгаан үгүй гэж үү? Бидэнд шалтгаан бий! Ах нар аа, бид Бурханы ариун санваарыг атгадаг. Бид Есүс Христ рүү харж, гэрээнийхээ дагуу амьдарч, анхаарлаа Түүнд баттай бэхэлбэл эгч нартайгаа хамт илүү ариун нандин арга замаар тохинуулж, тараагдсан Израилыг хөшигний хоёр талд цуглуулан, гэр бүлүүдээ хүчирхэгжүүлж мөн лацдан холбож, дэлхийг Их Эзэн Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэх болно. Энэ нь тохиох болно. Би үүнийг гэрчилж байна.

Бидний хүн нэг бүр санаа бодол болгондоо Есүс Христ рүү харах болтугай гэсэн чин сэтгэлийн залбирлаар би хэлэх үгээ дуусгая. Бүү эргэлз. Бүү ай. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Энэ эдгээлтийн үед Есүс “Капернаумын ойр хавьд” байсан гэж Жэймс Э.Талмэйж үздэг (Jesus the Christ [1916], 313-ыг үзнэ үү).

  2. Лук 8:43–44; мөн Mарк 9:20-21; Maтай 5:25-29-ийг үзнэ үү.

  3. Лук 8:46.

  4. Марк 5:30.

  5. Марк 5:32.

  6. Лук 8:47.

  7. Марк 5:33.

  8. Лук 8:48.

  9. Эмэгтэйн хувьд бие махбодын хувьд эдгэрэхээс илүү агуу үнэ цэнтэй зүйл нь Аврагч түүний зүрхний хүслийг биелүүлсэн төдийгүй итгэлийг нь үнэлсэн гэсэн баталгаа байсан хэмээн Жэймс Э.Талмэйж бичжээ (Jesus the Christ, 318-ыг үзнэ үү). Есүс түүнийг бие махбодын хувьд болон сүнслэг байдлаар нь эдгээсэн бөгөөд авралд хүрэх арга замыг түүнд нээж өгсөн.

  10. Энэ эдгээлт болох үед синагогийн ахлагч Иаир Есүстэй хамт байсан нь сургамжтай юм. Есүс Иаирын охиныг үхлээс босгохоор түүний гэрт очихоор явж байсан. Есүсийн эдгээсэн эмэгтэй зовлон бэрхшээлээсээ болоод синагогоос хөөгдсөн байх магадлалтай. Есүс түүнийг эдгээх үедээ тэр бол хайртай охин, итгэлтэй эмэгтэй, бие болон сүнсний хувьд бүрэн бүтэн гэдгийг Иаирт болон тэнд байсан бүх хүнд тодорхой ойлгуулжээ.

  11. Тойрог Мелкизедек санваарын нэг чуулгатай болох өөрчлөлттэй холбоотой ярилцлагыг үзэхийг хүсвэл Д.Тодд Кристоффэрсон, “Ахлагчдын чуулга” (2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 71–74)-ыг үзнэ үү. Уг өөрчлөлтийн зорилгыг Тохинуулал гэсэн вэб хуудасны түгээмэл асуудаг асуултууд хэсэгт “Тойрог Мелкизедек санваарын нэг чуулгатай болсноор, дээд пристүүдийн бүлгийн зохицуулдаг байсан ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг оролцуулаад авралын ажлыг бүх талаар нь хийж гүйцэтгэхэд тойргийн санваартнуудыг нэгтгэх юм” гэж тодорхойлсон байна (“This Is Ministering: Frequently Asked Questions,” question 8, ministering.ChurchofJesusChrist.org).

    Хэд хэдэн өөрчлөлт орсноор тойргийн номлолын удирдагч болон ариун сүм, гэр бүлийн түүхийн шинэ удирдагч нь ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлаган доор ажиллах болно. Гэр бүлүүдэд тохинуулах ажил нь тэдний удирдлаган доор хийгдэж байсан бөгөөд эдгээр өөрчлөлтийн улмаас авралын ажлын удирдлага Халамжийн нийгэмлэгийн туслалцаатайгаар ахлагчдын чуулганд хамаарч байна. Мэдээж бишоп тойрог дахь авралын ажлын түлхүүрүүдийг атгадаг боловч энэ ажлын үүрэг хариуцлага, эрх мэдлийг ахлагчдын чуулгын ерөнхийлөгчид даалган өгснөөр бишоп гэр бүлтэйгээ илүү их цагийг өнгөрөөж, өсвөр үеийнхнийг хүчирхэгжүүлж, Израилын шүүгчээр үйлчилж чадна.

  12. Рассэлл М.Нэлсон, “Хамтдаа үргэлжлүүлцгээе,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 147–148; Рассэлл М. Нэлсон, “Үлгэр жишээ хожмын үеийн гэгээнтнүүд болох нь,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 119–120; Квинтин Л. Күк, “Тэнгэрлэг Эцэгт болон Их Эзэн Есүс Христэд гүн гүнзгий, бат бөх хөрвөгдөх нь,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 5–10-ыг үзнэ үү.

  13. Эцэг Есүс Христийг дэлхий рүү илгээсэн (Иохан 17:18-ыг үзнэ үү).

  14. Сургаал ба Гэрээ 6:36–37.

  15. Aбрахам 3:27.

  16. Aбрахам 3:27.

  17. Moсе 4:2.

  18. Судруудад Есүс Эцэгийнхээ ажлыг хийж мөн Эцэгийнхээ сургаалыг зааж байгаа гэж хэлсэн олон эшлэл байдаг. Жишээ нь, Иохан 5:19 (Есүс Эцэгийнхээ хийхийг харсан зүйлийг хийдэг); Иохан 5:36 (Эцэг нь Хүүдээ хийх ажил өгсөн); Иохан 8:26 (Есүс Эцэгээсээ хүлээн авсан зүйлээ заасан); Иохан 14:28 (Есүс “Эцэг Надаас илүү аугаа” хэмээн тунхаглав); 3 Нифай 11:32 (Түүний сургаал бол Эцэгийнх нь Түүнд өгсөн сургаал)-ыг үзнэ үү.

  19. Иохан 14:31.

  20. Иохан 8:29.

  21. Иохан 6:38 мөн Иохан 5:30-ийг үзнэ үү.

  22. Лук 22:42.

  23. Энэ шүлэг дэх (Сургаал ба Гэрээ 6:36–37-г үзнэ үү) харагтун гэсэн үг нь Их Эзэний дуудлагатай холбогдох утгуудыг илтгэдэг. Тухайлбал: чиглэх (эсвэл эргэх); анхаарлаа хандуулах; найдах; эрж хайх; найдвартайгаар хүлээх; оюундаа төгсгөлийг нь харах; хүсэн хүлээх эсвэл харуулдах (“Look,” Merriam-Webster.com-ыг үзнэ үү).

  24. Сургаал ба Гэрээ 121:41-42-ыг үзнэ үү. Сударт дурдагддаг Христийнхтэй адил зан чанарууд нь Есүс Христийн нигүүлсэл, ач ивээлээр дамжуулан ирдэг Сүнсний бэлгүүд юм. Тэдгээр нь Изриалын ахлагчдыг Түүний ахлагч болгодог.

  25. Рассэлл М.Нэлсон, “Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 25.

  26. merriam-webster.com, “rivet”-ийг үзнэ үү.

  27. Гэрээт амьдралын ойлголтын талаар ярилцлага өрнүүлэхийг хүсвэл Donald L. Hallstrom, “Living a Covenant Life,” Ensign, June 2013, 46–49-ийг үзнэ үү. Энэ нийтлэлийг 2011 оны 5-р сард Айдахо дахь БЯИС дээр хэлсэн үг дээр үндэслэн бичсэн. Үгийг бүтнээр нь уншихыг хүсвэл Donald L. Hallstrom, “A Covenant Life” (Brigham Young University–Idaho devotional, May 10, 2011), byui.edu-ийг үзнэ үү.

  28. Их Эзэн Израилын гэртэй шинэ гэрээ байгуулж, тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ хэмээн тунхагласныг Иеремиа 31:31–33-аас үзнэ үү. Гэрээнүүд бидний зүрхэнд бичигдэж эсвэл зүрх сэтгэлд маань амилж байгаа энэ дүрслэл Паулын бичээсүүдэд ч байдаг (2 Коринт 3:3; Еврей 8:10-ыг үзнэ үү). Хөрвүүлэг болон зүрх сэтгэлийн талаар ярилцлага хийхийг хүсвэл Дэвид A.Бэднар, “Их Эзэнд хөрвүүлэгдэв,” 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 130–133-ыг үзнэ үү.

  29. Ариун ёслолын талхны залбирал нь Тэнгэрлэг Эцэг болон бидний хоорондын гэрээт харилцааг уран яруу илэрхийлдэг. Эцэгийн авралын төлөвлөгөөнд бид Тэнгэрлэг Эцэгтэйгээ гэрээ байгуулдаг боловч Их Эзэн Есүс Христээр дамжуулан гэрээний зорилгууд нь биелэгдэж, бид амлагдсан адислалуудаас хүртэх эрхтэй болдог. Есүс бол Зуучлагч юм. Ариун ёслол дээр бид Түүний Сүнсийг (Ариун Сүнс) өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгаж болохын тулд Есүс Христийн нэрийг авч, үргэлж Түүнийг санаж, зарлигуудыг нь дагахад бэлэн байгаа гэдгээ Эцэгт (чухамдаа, Түүнтэй шинээр гэрээ байгуулж) гэрчилдэг.

    Эцэгийн амлалтууд дахь бэлгүүд нь Есүс Христийн гэтэлгэгч хийгээд хүчирхэгжүүлэгч хүчээр дамжин ирдэг. Жишээ нь, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, Есүс Христ бол бүхий л баяр баясгалангийн эх үүсвэр юм” (“Joy and Spiritual Survival,” Liahona, Nov. 2016, 82-ыг үзнэ үү). Тиймээс анхаарлаа Есүс Христэд бат бэхлэх нь бидний нөхцөл байдлаас үл хамааран амьдралд маань баяр баясал авчирдаг.

  30. Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон хандлагад гардаг энэ өөрчлөлтийн нөлөөг дараах үгсээрээ илэрхийлсэн. “Дуулгавартай байдал яршиг төвөг мэт санагдахаа больж, бидний хүсэл болсон тэр мөчид Бурхан бидэнд хүч чадлыг өгөх болно” (in Donald L. Staheli, “Obedience—Life’s Great Challenge,” Ensign, May 1998, 82).

  31. Иохан 16:32.

  32. Эцэг,Хүү хоёрын бидний амьдралд үзүүлдэг халамж, сонирхол, хайрын талаар ярилцлага өрнүүлэхийг хүсвэл Jeffrey R. Holland, “The Grandeur of God,” Liahona, Nov. 2003, 70–73; Хэнри Б.Айринг, “Надтай хамт алхагтун,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 69–72-ыг үзнэ үү. Мөн Maтай 18:20; 28:20; Сургаал ба Гэрээ 6:32; 29:5; 38:7; 61:36; 84:88-ыг үзнэ үү.

  33. Ром 8:35–39; 1 Коринт 13:1–8; Mоронай 7:46–47-г үзнэ үү.

  34. Сургаал ба Гэрээ 50:27. Их Эзэн томилогдож, урагш илгээгддэг бүх хүнд өгөгдсөн даалгаварт нь хамаарах энэ амлалтыг өгдөг болохыг анзаараарай.

    Энэ бол “тэр нь хамгийн дорд хийгээд бүхний үйлчлэгч байлаа ч гэсэн хамгийн агуу нэгэн байхаар томилогддог мөнхүү тэр нь буюу.

    Иймийн тул, тэр нь бүх зүйлсийг эзэмшигч билээ; учир нь Эцэгийн тааллаар түүний Хүү Есүс Христээр дамжуулан урагш илгээгдсэн тэнгэр хийгээд дэлхий аль алин дээрх амьдрал хийгээд гэрэл, Сүнс хийгээд сүр хүч бүх зүйл түүнд захирагддаг бөлгөө.

    Гэвч бүх нүглээс үл ариусгагдаж мөн үл цэвэршигдэх аваас, хүмүүн бүх зүйлийн эзэмшигч байх нь үгүй.

    Мөн хэрэв та нар бүх нүглээс ариусгагдаж мөн цэвэршигдэх аваас, та нар Есүсийн нэрээр юуг ч хүсч асуулаа гэсэн мөн энэ нь хийгдэх болно” (Сургаал ба Гэрээ 50:26–29).

  35. 1 Самуел 16:7; 1 Коринт 2:14-ийг үзнэ үү. Есүсийн адил харахаас ирдэг адислалын жишээг ерөнхийлөгч Хэнри Б.Айринг гэмт хэрэг үйлдсэн залуугийн бишоп байсан тухай түүхээс харна уу. Их Эзэн тухайн үед бишоп байсан Айринг ахад “би чамд түүнийг миний нүдээр харах боломж олгож байна” хэмээн хэлжээ (“Надтай алхагтун,” 71).

  36. Энэ бол Өгөөмөр нутаг дахь ариун сүмийн эргэн тойронд байсан хүмүүст өгсөн Аврагчийн амлалт ба зарлиг юм. Тэрээр Өөрийнх нь гэрэл болон үлгэр жишээ тэднээс харагдаж болохын тулд мөн тэд өөрсдийн амьдрал дээр болон бусдыг Христэд ир хэмээн урихдаа Түүнийг дэлхийд гэрэл болгон барьж болох арга замаар амьдрахыг зарлигласан. Ийнхүү амьдарч, ийн урьснаар бусад хүн Их Эзэнийг үйлчлэгчдээс нь мэдэрч мөн харах болно. (3 Нифай 18:24-25-ыг үзнэ үү.)

  37. Рассэлл М.Нэлсон, “Санваарын үнэ цэн,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 55.

  38. Сургаал ба Гэрээ 84:88-ыг үзнэ үү.