2010–2019
Ерөөл олшрох нь
2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Ерөөл олшрох нь

Бурханы бидэнд өгөхийг хүсдэг ихэнх адислал Есүс Христэд итгэх итгэл дээрээ суурилсан үйлдэл хийхийг биднээс шаарддаг.

Хүндэт ах эгч нар аа, бидний Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидний хүн нэг бүрийг адислахыг хүсдэг.1 Тэдгээр адислалыг хэрхэн хүлээн авч, ашиглах тухай асуулт олон зууны турш шашны мэтгэлцээн, хэлэлцүүлгийн сэдэв байсаар ирсэн.2 Адислалуудыг бүгдийг нь бид өөрсдөө хүртдэг буюу зөвхөн өөрсдөө хөдөлмөрлөснөөр хүлээн авдаг гэж зарим хүн маргадаг. Харин зарим нь Бурхан хэнийг, хэрхэн адислахаа аль хэдийн шийдсэн байдаг ба тэр шийдвэрүүд нь өөрчлөгдөшгүй гэж мэтгэлцдэг. Энэ хоёр үзэл бодол хоёулаа үндсэндээ буруу юм. Тэнгэрийн адислалуудыг “сайн үйлийн талон”-ыг ухаан жолоогүй цуглуулснаар эсвэл адислалын хонжворт сугалаанд хожихоо хий дэмий хүлээн сууснаар хүртдэггүй. Тийм биш шүү. Үнэн нь гэвэл хавьгүй илүү нарийн ялгаатай ч хайрт Тэнгэрлэг Эцэг болон Түүний ирээдүйн өв залгамжлагч болох бидний хоорондын харилцааны хувьд илүү тохиромжтой юм. Адислалыг хүчин чармайлт гаргаснаар хүртдэггүй, харин бид өөрсдөө итгэлээр өдөөгдсөн үйлдлүүдийг эхлээд, цааш үргэлжлүүлэн хийх нь чухал байдгийг сэргээгдсэн үнэн илчилдэг.3

Зураг
Овоолсон мод

Бид Бурханаас адислалуудыг хэрхэн хүлээн авах талаар бодож үзэхдээ тэнгэрийн адислалуудыг их хэмжээний овоолсон модтой зүйрлэцгээе. Tэр овоолсон модны дунд хэсэгт эхлээд гал асаах зомголыг бөөгнүүлэн, дараа нь дээр нь цавчдас холтос зэргийг тавьсан байна гэж төсөөлөөд үз. Тэгээд жижиг хэмжээний тайрдас, түлээний мод зэргийг, сүүлд нь том хэмжээтэй тайрдаснуудаа тавьдаг. Энэ овоолсон мод нэлээн их түлш бөгөөд хэдэн өдрийн турш гэрэл, дулаанаар хангаж чадна. Үүний хажууд үзүүртээ фосфортой ганц чүдэнз4 байгааг төсөөл.

Зураг
Овоолсон модны дэргэдэх чүдэнз

Овоолсон модноос илч дулаан гаргахын тулд чүдэнз зурж, галыг асаах хэрэгтэй. Зомголд гал хурдан авалцаж, том хэмжээний моднуудыг шатахад хүргэдэг. Гал ийнхүү ноцож эхлээд, бүх модыг шатаж дуустал эсвэл хүчилтөрөгчгүй болтлоо шатдаг.

Зураг
Шатаж буй мод

Чүдэнз зурах, зомголд гал асаах зэрэг нь модноос гарч болох энерги, илчийг ялгарах боломжтой болгох жижиг үйлдлүүд юм.5 Хэчнээн их мод овоолсон ч чүдэнз зурахаас нааш юу ч болохгүй. Чүдэнз зурсан хэрнээ зомголд хүргэхгүй бол зөвхөн чүдэнзнээс гарч буй гэрэл, энергийн хэмжээ өчүүхэн бага байх төдийгүй модны галд шатсанаас үүсэх энерги гарахгүй хэвээр л байна. Бас ямар ч үед хангалттай хүчилтөрөгч байхгүй бол гал асахгүй.

Үүний адил, Бурханы бидэнд өгөхийг хүсдэг ихэнх адислал Есүс Христэд итгэх итгэл дээрээ суурилсан үйлдэл хийхийг биднээс шаарддаг. Аврагчид итгэх итгэл бол үйлдэл ба хүчний зарчим мөн.6 Эхлээд биднийг итгэлээр үйлдсэний дараа Бурханы хүслийн дагуу болон Түүний тогтоосон цагт хүч ирдэг. Энэ дараалал маш чухал.7 Гэсэн ч шаардлагатай үйлдэл нь эцсийн дүнд бидний хүлээн авах адислалуудтай харьцуулахад ямагт өчүүхэн байдаг.8

Эртний израилчуудыг амлагдсан нутаг руу явах замд харвагч хорт могойнууд ирэхэд юу болсныг авч үзье. Хорт могойн хатгалт аминд аюултай байв. Гэхдээ хатгуулсан хүн Мосегийн хийж, шураг дээр байрлуулсан хүрэл могойг хараад эдгэрч байлаа.9 Ямар нэг зүйл рүү харахад хэр зэрэг энерги шаардагддаг вэ? Хүрэл могойг харсан бүх хүн тэнгэрийн хүчийг авч, эдгэрсэн. Хорт могойд хатгуулаад, хүрэл могой руу хараагүй бусад израил хүн үхжээ. Магадгүй харах итгэл тэдэнд байгаагүй байж болох юм.10 Тэд ийм энгийн үйлдэл амлагдсан эдгэрлийг авчирна гэдэгт итгээгүй байж магадгүй. Эсвэл тэд зүрх сэтгэлээ санаатайгаар хатууруулж, Бурханы бошиглогчийн зөвлөгөөг эсэргүүцсэн байх.11

Бурханаас ирэх адислалуудыг идэвхжүүлэх зарчим мөнхийнх юм. Адислагдахын тулд бид ч бас эртний израилчуудын адил Есүс Христэд итгэх итгэлийнхээ дагуу үйлдэх ёстой. Бурхан “Энэ дэлхийн сууринаас өмнө дээр нь бүх адислал тулгуурлагдсан хууль тэнгэрт эргэлт буцалтгүйгээр тогтоогдсон болой—мөн бид ямар ч адислалыг Бурханаас авлаа гэхэд, энэ нь тулгуурлагдсан тэрхүү хуульд дуулгавартай байснаар буюу”12 хэмээн илчилжээ. Хэдий тийм ч та адислалыг хүчин чармайлт гаргаснаар хүртдэггүй бөгөөд энэ ойлголт бол буруу юм. Харин та адислалыг авах эрхтэй болох ёстой. Бидний аврал зөвхөн Есүс Христийн сайн үйлсээр болон ач ивээлээр ирдэг.13 Түүний цагаатгагч золиосын хэр хэмжээ нь уг овоолсон мод дуусашгүй, мөн бидний шалихгүй жижиг үйлдлүүд Түүний агуу золиостой харьцуулшгүй гэсэн утгатай. Гэхдээ жижиг үйлдлүүд маань хэнд ч хэрэггүй, бас учир утгагүй биш бөгөөд асаасан ганц чүдэнз харанхуйд хаа холоос харагддаг. Үнэндээ, энэ нь тэнгэрээс ч харагдана. Яагаад гэвэл Бурханы амлалтуудыг идэвхжүүлэхэд итгэлийн жижиг үйлдлүүд шаардлагатай байдаг.14

Хүссэн адислалаа Бурханаас хүлээн авахын тулд тэнгэрлэг адислалд хамаатай зүйлд тэрхүү зүйрлэсэн чүдэнзийг зурж, итгэлээр үйлд. Жишээ нь, залбирлын нэг зорилго бол Бурхан өгөхийг хүссэн, харин бид эдгээрийг гуйсан байх тийм нөхцөлд л өгөгддөг адислалуудыг авах явдал юм.15 Алма нигүүлслийн төлөө залбирсан ба улмаар тэр шаналахаа болж, нүглүүдийнхээ санамжинд цаашид тарчлахаа больсон билээ. Тэрээр Есүс Христэд итгэх итгэлээр залбирсан учраас түүний баясал шаналлаас нь илүү агуу байсан.16 Бурханаас чин сэтгэлээсээ залбирч гуйн, Түүний тааллыг болон хариулах цаг хугацааг нь хүлээн зөвшөөрөхөд Христэд итгэх хангалттай итгэлтэй байх идэвхжлийн энерги бидэнд хэрэгтэй.

Адислалд хэрэгтэй идэвхжлийн энергид ихэнхдээ зүгээр л эрж хайх болон гуйхаас илүүтэй байнгын, давтагддаг, итгэлээр дүүрэн үйлдлүүд шаардлагатай байдаг. XIX зууны дундуур Бригам Янг хожмын үеийн хэсэг гэгээнтэнг Хойд Америкийн үржил шимгүй, хуурай бүс болох Аризонаг судалж, тэнд суурьшуулахаар илгээжээ. Аризонад очсоны дараа тэр хүмүүсийн ундны ус дуусаж, амь үрэгдэхээс айцгаан, Бурханаас тусламж гуйв. Удалгүй цас бороо орж, тэдэнд торхоо усаар дүүргэж, мал сүргээ услах боломжийг олгосон байна. Талархаж, сэрүүцсэн тэр хүмүүс Бурханы сайн сайханд баярласаар Солт Лэйк Ситид эргэн ирэв. Тэд ирэнгүүтээ аяллынхаа талаар Бригам Янгад мэдээлсэн бөгөөд Аризонад амьдрах боломжгүй гэсэн дүгнэлтээ хэлжээ.

Зураг
Бригам Янг

Бригам Янг тэдний түүхийг сонсоод, өрөөнд байсан нэгэн эрээс аяллынх нь тухай болон гайхамшгийн талаарх бодлыг нь асуув. Тэр эрэгтэй нь Даниэл В.Жонс байсан ба “Би саваа дүүргээд, цааш явж, дахин залбирах байсан” хэмээн товчхон хариулжээ. Бригам ах Жонс ахын мөрөн дээр гараа тавиад, “Аризона руу хийх дараагийн аяллыг энэ хүн удирдана” гэж хэлсэн байна.17

Зураг
Даниел В.Жонс

Бид бүгд хүнд хэцүү байсан ч үргэлжлүүлэн, дахин залбирахад адислалууд ирсэн тохиолдлуудыг дурсан санаж чадна. Майкл болон Мариан Холмсын туршлагууд эдгээр зарчмыг харуулдаг. Би Майклтай хамт Бүсийн Далаар үйлчилсэн юм. Уулзалтууд дээр түүнийг залбирахад би үргэлж баяртай байдаг байсан бөгөөд түүний гүн гүнзгий сүнслэг байдал илт харагддагаас гадна тэр Бурхантай хэрхэн ярихаа мэддэг байв. Би түүний залбирахыг сонсох дуртай байлаа. Гэхдээ гэрлэснийхээ эхний жилүүдэд Майкл, Мариан хоёр залбирдаггүй бас сүмд явдаггүй байжээ. Тэднийг гурван жаахан хүүхэд нь болон амжилттай ажиллаж байгаа барилгын компани нь завгүй байлгадаг байв. Майкл өөрийгөө шашин шүтлэгтэй хүн гэж боддоггүй байлаа. Нэгэн үдэш бишоп нь тэдний гэрт очиж, тэднийг залбирч эхлэхэд урамшуулжээ.

Бишопыг явсны дараа Майкл, Мариан хоёр залбирч үзэхээр шийдэв. Тэд унтахынхаа өмнө орныхоо дэргэд өвдөг сөхрөн суугаад, Майкл дуртай дургүй залбирч эхэлжээ. Эв хавгүй хэдэн үг хэлж залбирч байснаа Майкл гэнэт зогтусан, “Мариан, би үүнийг хийж чадахгүй нь ээ” гэж хэлээд, босож явах гэхэд нь Мариан түүний гараас зуурч, буцааж сөхрүүлэн, “Майк, чи үүнийг хийж чадна. Дахин оролдоод үз!” гэжээ. Ийм дэмжлэгтэйгээр Майкл товч залбирлаа хэлж дуусгажээ.

Холмсынхон тогтмол залбирч эхэлсэн. Сүмд явахыг урьсан хөршийнхөө урилгыг тэд хүлээн авав. Ариун ёслолын танхим руу орж ирэхдээ нээлтийн дууг сонсоход Сүнс тэдэнд “Энэ бол үнэн” хэмээн шивнэжээ. Дараа нь Майкл хүмүүст анзаарагдалгүйгээр, хэнээр ч хэлүүлэлгүй цуглааны байрын хогнуудыг гаргаж хаяв. Түүнийг хог хаях үед “Энэ бол Миний өргөө” гэсэн хүчтэй сэтгэгдэл төржээ.

Зураг
Залуу Майкл ба Мариан Холмс хоёр

Майкл, Мариан хоёр Сүмийн дуудлага авч, гадас, тойрогтоо үйлчлэв. Тэр хоёр нэг нэгэнтэйгээ, гурван хүүхэд нь тэдэнтэй лацдан холбуулсан. Хүүхдийн тоо нь ч өсөж, нийт 12 болов. Холмс ах, Холмс эгч хоёр номлолын ерөнхийлөгч бас хамтрагчаар хоёр удаа үйлчилсэн юм.

Зураг
Майкл ба Мариан Холмс хоёр өнөөдөр

Анхны эв хавгүй залбирал нь тэнгэрийн адислалуудыг авчирсан жижиг боловч итгэлээр дүүрэн үйлдэл байсан. Тэд сүмдээ явж, үйлчилснээр итгэлээ хүчирхэг хэвээр байлгажээ. Олон жилийн турш үнэнч шавь байсан явдал нь одоог хүртэл дүрэлзэн шатах галыг бий болгосон.

Зураг
Холмсын өнөр гэр бүл

Гэхдээ модыг бүрэн шатаахын тулд галыг хүчилтөрөгчөөр байнга хангах хэрэгтэй. Майкл болон Мариан Холмсын харуулсны адил, Христэд итгэх итгэл нь галыг үргэлжлүүлэн асаах байнгын үйлдлийг шаарддаг. Жижиг үйлдлүүд нь гэрээний зам дээр алхах чадварыг маань тэтгэн дэмжиж, Бурханы өгч болох хамгийн агуу адислалууд руу хөтөлдөг. Бид хөлөө хөдөлгөсөөр байвал хүчилтөрөгчөөр хангагдсаар байдаг. Заримдаа бид хоол хүнсээ хаанаас хайх талаар илчлэлт авахаасаа өмнө нум сумаа хийх хэрэгтэй.18 Заримдаа бид усан онгоц хэрхэн барих талаар илчлэлт авахын тулд багажаа түрүүлээд хийчихсэн байх хэрэгтэй.19 Бид вааран доторх тос, хул аяган дахь гурилаар байнга хангуулахын тулд заримдаа Их Эзэний бошиглогчийн удирдамжийн дагуу жаахан тос, гурилаар жижиг гурилан боов хийх хэрэгтэй байдаг.20 Мөн заримдаа бид “хөдөлгөөнгүй байж мөн [Бурхан бол] Бурхан гэдгийг мэдэж,” Түүний тогтоосон цагт найдах хэрэгтэй.21

Та Бурханаас ямар нэгэн адислал хүлээн авахдаа өөрийгөө тэрхүү адислалыг авах зохицуулалтыг хийдэг мөнхийн хуулийн дагуу үйлдсэн хэмээн дүгнэж болно.22 Хэдий тийм боловч “буцалтгүйгээр тогтоогдсон” хууль нь дэлхийн цагаас хамааралгүй бөгөөд адислалууд нь Бурханы цагийн хуваарийн дагуу ирдэг гэдгийг санаарай. Эрт цагийн бошиглогчид хүртэл өөрсдийн тэнгэрлэг гэр орныг хайхдаа23 “амлалтуудыг авалгүйгээр, харин холоос тэдгээрийг харж, [мөн] батлан хэлж, … зөвшөөрөн, итгэл дотор нас барсан билээ.”24 Хүссэн адислалаа Бурханаас хараахан аваагүй байгаа бол та өөр юу хийх хэрэгтэйгээ бодон, санаа зовох хэрэггүй. Харин “[өөрийн] хүчинд байгаа бүх зүйлийг хөгжил хөөртэйгөөр хийцгээе; мөн тэгээд … бат итгэлтэйгээр бат зогсож … [Бурханы] гар … илчлэгдэхийг [харна]”25гэсэн Иосеф Смитийн зөвлөгөөг анхаар. Зарим адислал хожим өгөгдөхөөр хадгалагддаг бөгөөд Бурханы хамгийн итгэлтэй хүүхдүүдийн хувьд ч тийм байдаг.26

Сургаалаас суралцан, итгэлийг хүчирхэгжүүлж, хувь хүн, гэр бүлүүдийг хамгаалах гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн төлөвлөгөөг зургаан сарын өмнө танилцуулсан. Эдгээр өөрчлөлт бидэнд сүнслэг байдлын хувьд даван гарч, сайн мэдээний баяр хөөрөө нэмэгдүүлж, Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд хөрвөгдөх хөрвөлтөө гүнзгийрүүлэхэд маань тусалж чадна хэмээн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон амласан билээ.27 Гэхдээ эдгээр адислалыг авах эсэх нь биднээс шалтгаална. Бидний хүн нэг бүр Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав хэмээх гарын авлагыг нээж, судруудыг бусад Ирээд, Намайг дага материалын хамт судлах үүрэг хариуцлагатай.28 Бид эдгээрийн талаар гэрийнхэн болон найз нөхөдтэйгөө ярилцаж, зүйрлэн хэлсэн галыг асаахын тулд Хүндэтгэлийн өдөртөө бэлтгэх хэрэгтэй. Эсвэл бид дотроо энергээ нуун далдалсан уг эх сурвалжуудыг гэр орондоо овоолж хураан, орхиж болно.

Би таныг Бурханаас тодорхой адислал хүлээн авахын тулд тэнгэрлэг хүчийг итгэлтэйгээр идэвхжүүлэхэд урьж байна. Чүдэнз зурж, гал асаахаар итгэлээ хөгжүүлэгтүн. Та Их Эзэнийг тэвчээртэй хүлээх зуураа шаардагдах хүчилтөрөгчөөр ханга. Эдгээр урилгыг өгөхийн зэрэгцээ Ариун Сүнс таныг хөтлөн удирдаж, тэгснээр танд Сургаалт үгс дээр гардаг итгэлтэй хүний адилаар “ерөөл олшрох”29болтугай хэмээн би залбирч байна. Тэнгэрлэг Эцэг тань болон Түүний Хайрт Хүү Есүс Христ амьд бөгөөд таны сайн сайханд санаа тавьдаг мөн таныг адислахдаа баяртай байдаг гэдгийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.