2010–2019
Сүнслэг байдал болоод хамгаалалтынхаа төлөө цайз босго
2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Сүнслэг байдал болоод хамгаалалтынхаа төлөө цайз босго

Бид Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарч, Аврагчийн Цагаатгалаас зууран барьж, итгэлтэйгээр урагшлах үедээ чөтгөрийн башир арга, заль мэхийн эсрэг хамгаалагддаг.

Хайрт ах, эгч нар аа, чуулган өндөрлөх дөхөж байгаа энэхүү агшинд би өнгөрсөн хоёр өдрийн турш индэр дээрээс өгөгдсөн зөвлөгөө, үнэн, илчлэлтийн төлөө Тэнгэрлэг Эцэгтээ талархал өргөж байна. Бурханы ариун үгийг ярихаар дуудагдсан Бурханы үйлчлэгчид бидэнд заалаа. Их Эзэн хожмын үеийн илчлэлтээр бидэнд “миний өөрийн дуу хоолой байна уу, эсвэл миний үйлчлэгчдийн дуу хоолой байна уу, энэ нь яг адил”1 хэмээн сануулсан билээ.

Гэгээнтнүүдээс бүрдсэн энэхүү нүсэр цугларалтыг харахдаа мөн дэлхий даяар Ерөнхий чуулганыг үзэж буй гишүүдийг төсөөлөн бодохдоо би Есүс Христийн цовдлогдсоныхоо дараа нифайчууд дээр айлчилсан Мормоны Номон дахь цугларалтын тухай бодлоо. Тэрээр тэдэнд сайн мэдээг заан, дараа нь “та нар гэр гэртээ харьцгаа, мөн миний хэлсэн зүйлсийг эргэцүүлж, мөн, та нар ойлгож … болохын тулд миний нэрээр Эцэгээс асуу”2 хэмээн тэднийг урамшуулсан.

“Та нар гэр гэртээ харьцгаа, мөн … эргэцүүл” гэдэг нь энэхүү ариун нандин орчинд бошиглогчдын болон Сүмийн удирдагчдын хэлсэн үгсийг зүрх сэтгэлдээ оруулах дараагийн алхам юм. Чөтгөр “хүмүүний үрсийн зүрхэнд улангасч, мөн сайн болох түүний эсрэг тэднийг уурлуулан өдөөх”3 болно хэмээн бошиглогдсон энэ цагт Христэд төвлөрсөн гэр орон нь дэлхий дээрх Бурханы хаант улсын цайз юм.

Хүн төрөлхтөн түүхийн туршид дайснаасаа хамгаалагдахын тулд цайз барьж ирсэн түүхтэй. Ихэнхдээ тэдгээр цайз нь отож буй дайралт, заналхийллээс сэрэмжлүүлдэг бошиглогчтой адил харуулыг байрлуулдаг манааны цамхагтай байдаг.

Зураг
Томас Расбанд

Юта дахь анхдагчдын үед миний элэнц эцэг Томас Расбанд болон түүний гэр бүл Ютагийн үзэсгэлэнтэй Васатч уулан дахь Хибэр Валлэй рүү ирсэн анхны оршин суугчдын дунд байсан юм.

1859 онд элэнц эцэг маань Хибер бэхлэлтийг барихад тусалсан. Энэ нь улиас модноос гарган авсан дүнзийг нэг нэгэнд нь налуулан байрлуулж, бэхлэлтийн гадна талыг босгосон энгийн бүтэцтэй байв. Мөн тэрхүү том ханан дотор дүнзэн байшингуудыг барьсан байлаа. Энэхүү бэхлэлт нь анхдагч гэр бүлүүдийг суурьшиж, Их Эзэнийг шүтэн бишрэх үед нь аюулгүй байдлаар хангаж байв.

Зураг
Анхдагчдын бэхлэлт

Бидний хувьд ч мөн адил юм. Бидний гэр орон бол дэлхийн хилэнцийн эсрэг цайз билээ. Бид гэр орондоо Христийн зарлигуудыг дагаж суран, судруудыг судалж, хамтдаа залбиран, нэг нэгэндээ гэрээний зам дээр үлдэхэд нь тусалснаар Христэд ирдэг. Ирээд, Намайг дага хөтөлбөрөөр дамжуулан гэр орондоо хувиараа болон гэр бүлээрээ суралцахад төвлөрч байгаа нь “хөрвөлтөө гүнзгийрүүлэн, Есүс Христтэй илүү адил болоход туслах”4 зорилготой. Үүнийг хийснээр бид зүрх сэтгэл хийгээд бодгалиа Бурхантай нийцүүлж, Паулын нэрлэснээр “шинэ бүтээл”5 болох болно. Дайсны дайралтыг сөрөн зогсож, үүнээс зайлсхийхийн тулд бидэнд тэрхүү хүч чадал хэрэгтэй.

Бид Есүс Христэд итгэх итгэлээс урган гардаг үнэн сүсэг бишрэлээр амьдарснаар биднийг үнэн рүү хөтөлж, Их Эзэний адислалуудыг авах зохистой байхад урамшуулан, Бурхан амьд бөгөөд биднийг хайрладаг гэдгийг гэрчилдэг Ариун Сүнсний амар тайван оршихуйг мэдрэх болно. Эдгээр бүхий л зүйл гэр орны маань цайзан дотор өрнөдөг юм. Гэхдээ бидний гэр орон дахь хүч чадал нь үүний доторх хүн нэг бүрийн сүнслэг хүч чадлаас хамааралтай байдаг гэдгийг санаарай.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Ирэх өдрүүдэд Ариун Сүнсний заан чиглүүлж, удирдаж, тайтгаруулах, байнга хамт байх нөлөөгүйгээр сүнслэгээр оршин тогтнох боломжгүй байх болно”6 хэмээн заасан. Тэрээр өнөө үеийн Их Эзэний амьд бошиглогч, үзмэрч, илчлэгчийн хувьд мөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэмээх цайзны цамхаг дээрх харуулын хувьд дайсны довтолгоог урьдчилан хардаг.

Ах, эгч нар аа, бид хүмүүний бодгалийн төлөө Сатантай дайтаж байна. Фронтын шугам нь энэ дэлхийн өмнөх амьдралд тавигдсан. Сатан бас түүнчлэн Тэнгэр дэх Эцэгийн маань хүүхдүүдийн гуравны нэг нь Түүний өргөмжлөлийн амлалтаас татгалзсан билээ. Тэр цагаас хойш дайсны үйлчлэгчид Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг сонгодог итгэлт сүнснүүдийн эсрэг дайтсаар байна.

Сатан өөрийнх нь өдрүүд тоотойг мөн өөрт нь хугацаа бага үлдсэнийг мэддэг. Тэр зальжин, арга мэхтэй ч ялагдах болно. Гэхдээ бидний нэг бүрийн бодгалийг хүсэх түүний дайн ширүүсэж байна.

Бид өөрсдийгөө хамгаалахын тулд өөрсдийн бодгалийн төлөө сүнслэг байдлын болоод хамгаалалтын цайз буюу хилэнцэт нэгний нэвтэрч үл чадах цайзыг барих ёстой.

Сатан биднийг хамгаалалтаа бууруулж, сэтгэлээр унан, найдвараа алдах үед оюун санаа, зүрх сэтгэл рүү гэтэн ордог зальжин хорт могой юм. Тэр зусардалтаар, амар хялбар, тайван байдлын амлалтаар эсвээс сэтгэлээр унасан үед түр зуурын аз жаргалыг мэдрүүлэх зэргээр биднийг уруу татдаг. Тэр бардамнал, эелдэг бус байдал, шударга бус байдал, зөрчилдөөн, ёс бус байдлыг зөвтгөдөг бөгөөд бид яваандаа “мэдрэхээс өнгөрсөн”7 байдалд орж болдог ба Сүнс биднийг орхин явдаг. “Мөн чөтгөр тийн тэдний бодгалийг хуурч, мөн тэднийг болгоомжтойгоор там уруу удирдах болно.”8

Харин үүний эсрэгээр, бид дараахтай адил үгсээр Бурханыг магтан дуулах үедээ Сүнсийг маш хүчтэйгээр мэдэрдэг:

Халдашгүй бат цайз Бурхан маань

Хазайшгүй цамхаг билээ.

Хүнд бэрхийг чадагч Бурхан юм.

Хэцүү үед туслагч билээ.9

Бид сүнслэг хүч чадлын цайз барих үедээ дайсны довтолгооноос зайлсхийж, түүн рүү нуруугаа харуулан, Сүнсний амар тайванг мэдэрч чадна. Цөлд уруу татагдахдаа “Миний араас зайл, Сатан аа!”10 хэмээн хэлсэн Их Эзэн Аврагчийнхаа үлгэр жишээг бид дагаж чадна. Бид үүнийг хэрхэн хийхээ амьдралын туршлагаар олж мэдэх ёстой.

Ийм зөв шударга зорилго нь Мормоны Номон дахь нэгэн түүх дээр тодорхой дүрслэгдсэн. Ахмад Моронай зальжин, цусанд дурладаг, хүч эрх мэдлийн төлөө үхэн хатан гүйдэг Амаликаягийн эсрэг дайралтад нифайчуудыг бэлтгэж байв. Моронай нифайчуудыг “Их Эзэн Бурханыхаа төлөө амьдарч болохын тулд, мөн тэд дайснуудаар нь Христийнхний хөдөлгөөн гэж нэрлэгдсэн түүнийгээ хадгалж болохын тулд”11 тэднийг хамгаалахаар бэхлэлт босгожээ. Моронай “Христийн итгэлд гуйвшгүй хүн байв,”12 мөн “Бурханы зарлигуудыг дагахад, … мөн алдсыг эсэргүүцэхэд”13 үнэнч байв.

Леменчүүд байлдахаар ирээд, нифайчуудын бэлтгэлтэй байдалд гайхаж цочирдон, ялагдсан байдаг. Нифайчууд “Их Эзэн Бурхандаа, тэднийг дайснуудынх нь гараас чөлөөлсөн түүний зүйрлэшгүй хүчний учир” талархал илэрхийлэв.”14 Тэд гадна талдаа хамгаалалтын цайз босгосон ба дотор талдаа бодгалийнхаа гүнд Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлийг бий болгосон байлаа.

Бид “энэ агуу ажлыг гүйцэлдүүлэхэд Бурханы мутар дахь зэмсгүүд”15 болж болохын тулд энэ хэцүү цагт ямар ямар арга замаар өөрсдийгөө бэхжүүлэх вэ? Судруудад хандацгаая.

Бид дуулгавартай. Их Эзэн эцэг Лихайд хөвгүүдээ Иерусалим руу буцаан, “ялтсуудыг эрэлхийлж, мөн аглаг буйд уруу нааш авчирвал зохино”16 хэмээн зарлигласан. Лихай асуулт асуугаагүй. Яагаад эсвэл яаж гэж эргэлзээгүй. Нифай ч мөн адил эргэлзээгүй бөгөөд “би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно”17 хэмээн хариулсан.

Бид Нифайн адил дуулгавартай байх хүслээр үйлддэг үү? Аль эсвэл итгэлгүй байдал нь эцэстээ Их Эзэнээс нүүр буруулахад хүргэсэн Нифайн ах нартай адил Бурханы зарлигуудад эргэлзэх хандлагатай байдаг уу? “Зүрх сэтгэлийн … цэвэр ариун байдалд”18 суурилсан дуулгавартай байдал нь Их Эзэний биднээс хүсдэг тэр л зүйл юм.

Израилчуудыг амлагдсан нутаг руу удирдахаар бэлтгэж байх үед нь Иошуад “Тууштай бөгөөд зоригтой бай! Бүү цочирд, бүү шантар. Хаа явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх болно”19 хэмээн хэлсэн Их Эзэнд бид итгэдэг. Иошуа эдгээр үгэнд итгэн, хүмүүст “Өөрсдийгөө ариусгацгаа. Учир нь маргааш ЭЗЭН та нарын дунд гайхамшигт зүйлсийг хийх болно”20 гэж зөвлөжээ. Их Эзэн Иордан голыг хувааж, израилчуудын цөлд 40 жил хэрэн тэнүүчилсэн нь ийн өндөрлөсөн.

Бид Мормоны Номын бошиглогч Абинадайн адил үнэний төлөө зогсдог. Баривчлагдаад, Хаан Ноа, түүний ёс бус санваартнуудын өмнө авчрагдсан Абинадай Арван Зарлигийг зааж, Христ “хүмүүний үрсийн дунд доош ирэх болно, мөн өөрийн хүмүүсийг гэтэлгэх болно”21 хэмээн хүчирхэгээр тунхагласан. Абинадай тийн гүн гүнзгий итгэлээр “Ай Бурхан минь, бодгалийг минь хүлээн аваач”22 хэмээн тунхаглан, “шатаагдаж үхэхийн зовлонг амссан.”23

Зураг
Италийн Ромын ариун сүм

Бид ариун ёслолоос хүртэн, ариун сүмд шүтэн биширснээр гэрээнүүд байгуулж, гэрээнүүдээ шинэчилдэг. Ариун ёслол нь ням гаргийн шүтлэг бишрэлийн хамгийн чухал хэсэг бөгөөд тэнд бид “түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгах”24 амлалтыг хүлээн авдаг. Энэхүү ариун нандин ёслолоор дамжуулан бид Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авах мөн Түүнийг дагах, энэхүү бурханлаг ажилд Түүнтэй адил үүрэг хариуцлагаа гүйцэтгэх амлалт өгдөг. Ариун сүмд бид “дэлхийн зүйлүүдийг хойш тавьж”25 Их Эзэний оршихуйг мөн Түүний ер бусын амар амгаланг мэдэрдэг. Бид өвөг дээдэс, гэр бүлийнхэндээ мөн Эцэгийн оршихуй дахь мөнх амьдралд санаа сэтгэлээ төвлөрүүлж чадна. Ерөнхийлөгч Нэлсон саяхан Ромд байхдаа “энэ ариун сүмээс ирэх сайн сайхан нь тоолж баршгүй арвин байх болно”26 хэмээн хэлсэнд гайхах зүйл үгүй билээ.

Бид хийж буй бүхий л зүйлдээ шударга байх ёстой. Бид ялган таних чадвар, сахилга батыг хөгжүүлэх шаардлагатай ба ингэснээр аль нь зөв, аль нь буруу болох тухайд байнга эргэлзэх шаардлагагүй. Бид эртний Сүмийн Төлөөлөгч Петрийн “Эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох чөтгөр нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг”27 гэх үгсийг зүрх сэтгэлдээ хүлээн авах хэрэгтэй.

Бид цайз бэхлэлтээ хичээнгүйлэн хүчирхэгжүүлснээр Есүс Христтэй адил болж, өөрсдийн бодгалийг Түүгээр хамгаалуулсан, Түүний үнэнч шавь нар болдог.

Есүс Христийн тухай гэрчлэл тань таны хувийн цайз мөн бодгалийн хамгаалалт юм. Элэнц эцэг маань бусад анхдагчийн хамт “холбогдох”28 хүртэл нь мөн хамгаалагдах хүртлээ дүнз моднуудыг нэг нэгээр нь суурилуулснаар Хибер бэхлэлтийг босгосон. Бидний гэрчлэл ч үүнтэй адил. Ариун Сүнс “сэтгэлийн гүнд үнэнийг”29 заан, бодгальтай маань ярих үед бид Түүнээс гэрчийг нэг нэгээр нь хүлээн авдаг. Бид Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарч, Аврагчийн Цагаатгалаас зууран барьж, айдастайгаар бус итгэлтэйгээр урагшлах үедээ чөтгөрийн башир арга, заль мэхийн эсрэг хамгаалагддаг. Гэрчлэл маань биднийг тэнгэртэй холбодог ба бид “бүх зүйлийн үнэнээр”30 адислагддаг. Мөн цайз анхдагчдыг хамгаалсны адил бид Аврагчийн хайрын мутраар аюулгүй хүрээлэгддэг.

Бошиглогч Ифер “Иймийн тул, Бурханд итгэдэг хэн боловч, илүү сайн дэлхийд, тийм ээ, Бурханы баруун гар талд байх нэгэн байрны төлөө лавтайяа найдаж болох, уг найдвар нь итгэлээр ирж, хүмүүсийн бодгальд зангуу болдог, тэр нь тэднийг тууштай мөн хөдөлшгүй сайн үйлээр үргэлж дүүрэн, бас Бурханыг алдаршуулахад удирдагдах болгодог”31 хэмээн заажээ.

Хайрт ах, эгч нар аа, Их Эзэнд болон Түүний сайн мэдээнд итгэх итгэлээр урагшлах адислалыг би та бүхний дээр үлдээж байна. Бүдчиж яваа нэгнийг түшиж дэмжин, өөрсдөдөө байгаа Сүнсний хүч чадлаар тэднийг сүнслэг байдлын болоод аюулгүй байдлын цайз руу халуун дулаанаар удирдаарай. Бүхий л үйлдээ “Есүс шиг байхыг”32 хичээн, хилэнц, уруу таталтаас зайлсхийн, хайртай бошиглогчийнхоо өчигдөр зөвлөсөнчлөн наманчлан, зүрх сэтгэлдээ чин шударга, цэвэр ариун байж, өрөвч нигүүлсэнгүй сэтгэл, энэрлийг үзүүлж, Их Эзэн Бурханаа жинхэнэ шавийн сүсэг бишрэлээр хайрлаарай.

Есүс Христийн тухай бидний гэрчлэл, гэр орон, гэр бүл, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм дэх гишүүнчлэл маань биднийг хүрээлэн авч, хилэнцэт нэгний хүчнээс хамгаалах хувийн цайз болдог. Үүнийг би Их Эзэн, Аврагч, бүр Есүс Христийн нэр дээр чанд гэрчилж байна, амен.