2010–2019
Яг Түүний хийсний адилаар
2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Яг Түүний хийсний адилаар

Бид Түүний хийсний адилаар тохинуулахыг эрэлхийлэх үедээ өөрсдийгөө мартаж, өрөөл бусдыг өргөн дэмжих боломжуудаар хангагдах болно.

Бараг 18 сарын өмнө 2017 оны намар 64 настай Майк ах минь надад нойр булчирхайн хорт хавдартай гэж оношлогдсоноо хэлсэн юм. Тэр гэрийн багшаасаа санваарын адислал авснаа мөн бишоптойгоо уулзсан гэдгээ хэлэв. Тэр бас эмчилгээ хийлгэж байгаа эмнэлгийнхээ цонхноос Өүклэнд Калифорни ариун сүмийн зургийг дарж, мессежээр явуулахдаа “Эмнэлгийн өрөөнөөс маань юу харагдаж байгааг хар даа” гэж бичсэн байв.1

Би хорт хавдрынх нь талаар сонсоод цочирдож гайхсаны адил гэрийн багш, санваарын адислал, бишоп, ариун сүмийн талаарх сэтгэгдлийг нь сонсоод ихэд гайхсан юм. Аароны санваар хүлээн авсан байсан Майк бараг 50 жил сүмд тогтмол яваагүй байсныг та бүгд ойлгоорой.

Түүний хорт хавдартай тэмцэх тэмцлийн үр дүнгийн зэрэгцээ манай гэр бүлийн хувьд түүний Мормоны Ном, лацдах хүч, үхлийн дараах амьдралын талаарх байнгын асуултад үндэслэсэн сүнслэг байдлынх нь өсөлт хөгжил сонирхлыг маань татаж байсан юм. Сараас сард хорт хавдар нь тархаж байсан бөгөөд Майк нэмэлт нарийн эмчилгээ хийлгэхээр Юта мужийн Хантсмэн хорт хавдрын институтэд эмчлүүлэх шаардлагатай болов.

Түүнийг ирсний дараахан амьдарч байсан асрамжийнх нь газарт байрладаг тойргийн номлолын удирдагч Жон Холбрүк гэдэг хүн түүн дээр айлчилж очжээ. Жон “Майк бол Бурханы хүү гэдэг нь надад илэрхий байсан” гэж хэлсэн бөгөөд тэд удалгүй найз нөхөд болж, энэ нь Жоныг Майкийн “албан бус” тохинуулагч ах болоход хүргэв. Номлогчдыг ирүүлэхээр тэр даруй өгсөн урилгаас ах маань найрсгаар татгалзсан ч найзалж нөхөрлөөд сар болсны дараа Жон “чи сайн мэдээний захиасыг дуртайяа сонсох байх” гэж Майкт хэлээд, түүнээс номлогчдыг ирүүлэх эсэх талаар дахин асуужээ.2 Тэр энэ удаад урилгыг хүлээн авч, номлогчидтой уулзсан бөгөөд бишоп Жон Шарп ч түүн дээр ирж уулздаг байв. Тэдний яриа яваандаа Майкийг баптисм хүртсэнээсээ хойш 57 жилийн дараа патриархын адислалаа хүлээн авахад хүргэсэн юм.

Өнгөрсөн жилийн 12-р сарын эхээр, Майк олон сар эмчилгээ хийлгэснийхээ дараа болох ёстой юм болдгоороо болог гээд, ноцтой гаж нөлөө үзүүлж байсан эмчилгээгээ зогсоохоор шийдэв. Түүний эмч Майкийг гурван сар орчим амьдрах байх гэж бидэнд хэлсэн. Энэ хооронд түүнд сайн мэдээний талаар асуух зүйлүүд гарсаар байсан бөгөөд орон нутгийн санваарын удирдагчид ч айлчлан ирж, дэмжлэг үзүүлсээр байсан юм. Бид Майкийг эргэж очих үедээ орных нь дэргэд Мормоны Ном нээлттэй байгааг олонтоо харж байсан бөгөөд сайн мэдээний Сэргээлт, санваарын түлхүүр, ариун сүмийн ёслолууд, хүний мөнхийн мөн чанарын талаар ярилцдаг байв.

12-р сарын дунд үе гэхэд Майк патриархын адислалаа авчихсан байсан ба түүний бие үнэхээр тэнхээ орж байгаа мэт санагдав. Түүнийг ядаж 3 сар амьдарна гэж хэлсэн нь үндэслэлтэй санагдаж эхэлсэн юм. Бид бүр Христийн мэндэлсний баяр, Шинэ жилийн баяр гэх мэтчилэн хойшдоо болох баяруудыг түүнтэй хамт тэмдэглэхээр төлөвлөсөн байсан. 12-р сарын 16-нд надад бишоп Шарпаас яаралтай дуудлага ирсэн ба тэр өөрөө мөн гадасны ерөнхийлөгч нь Майктай ярилцлага хийсний дүнд түүнийг Мелкизедек санваар хүлээн авах зохистой гэж үзсэн тул намайг үүнд хэзээ оролцох боломжтой эсэхийг асуув. Бид уг ёслолыг 12-р сарын 21-ний баасан гарагт хийхээр төлөвлөв.

Тэр өдөр болоход би эхнэр Кэролын хамт уг асрамжийн төвд ирж, өрөөнийх нь ойролцоох коридорт очоод, Майкийн судасны цохилт мэдэгдэхгүй болсон гэсэн мэдээг сонссон юм. Биднийг өрөөнд нь ороход патриарх, түүний бишоп болон гадасны ерөнхийлөгч нь аль хэдийн ирчихсэн хүлээж байсан бөгөөд Майк гэнэт нүдээ нээв. Тэр намайг таниад, намайг сонсож байгаа гэдгээ мөн санваар хүлээн авахад бэлэн гэдгээ мэдэгдлээ. Майкийг Аароны санваарт пристээр томилогдсоноос хойш 50 жилийн дараа, орон нутгийн удирдагчдын тусламжтайгаар ахыгаа ахлагчийн албанд томилон, Мелкизедек санваар хүртээх завшаан надад ийнхүү тохиосон юм. Майк 5 цагийн дараа таалал төгссөн бөгөөд Мелкизедек санваар атгагчийн хувиар эцэг эхтэй маань уулзахаар хөшгийг гаталсан билээ.

Нэг жилийн өмнө ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ах, эгч нарыгаа “илүү ариун нандин арга замаар”3 халамжлах дуудлагыг бид бүгдэд өгсөн. Ерөнхийлөгч Нэлсон Аврагчийн талаар “Энэ нь Түүний Сүм учраас бид Түүний үйлчлэгчдийн хувиар Түүнтэй адил хүмүүст тохинуулах болно. Бид Түүний нэрээр, Түүний хүч, эрх мэдэл, хайр, нинжин сэтгэлээр тохинуулах болно”4 хэмээн заасан.

Бурханы бошиглогчийн урилгын хариуд, тэрхүү тохинуулах гайхамшигт хичээл зүтгэл дэлхий даяар явагдаж эхэлсэн бөгөөд гишүүд өөрсдөд нь хуваарилагдсан тохинууллыг үнэнчээр гүйцэтгэхээс гадна маш олон гэнэтийн нөхцөл байдлын хариуд “гэнэтийн” тохинууллаар Христийн адил хайрыг үзүүлж байна. Бид өөрсдийн гэр бүлээс ийм үйлчлэлийг харсан.

Майкийн найз, тохинуулагч ах Жон номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байхдаа номлогчдодоо “хэрвээ хэн нэгэн хүн ‘сонирхоогүй’ гэдэг жагсаалтад орсон байвал битгий бууж өг. Хүмүүс өөрчлөгддөг” гэж хэлдэг байжээ. Тэгээд тэр бидэнд “Майк маш их өөрчлөгдсөн” гэж хэлж билээ.5 Жон эхлээд түүнтэй найз болж, хэрэгцээтэй байсан найз нөхөрлөлийн харилцаа, дэмжлэг туслалцааг өгсөн. Гэхдээ түүний тохинуулал нөхөрсөг айлчлалаар дуусаагүй юм. Жон тохинуулагч гэдэг нь найз байхаас илүү зүйл гэдгийг мөн биднийг тохинуулах үед нөхөрлөлийн харилцаа батаждаг болохыг мэдэж байсан.

Тохинуулах үйлчлэлийн хэрэгцээтэй болохын тулд манай ах шиг заавал аминд тулсан эмгэг өвчтэй байх шаардлагагүй. Ийм хэрэгцээ янз бүрийн хэлбэр, хэмжээ, нөхцөл байдалд гардаг. Ганц бие эцэг эх, идэвх султай хос, хэцүү байдалд байгаа өсвөр насны хүүхэд, ажилдаа дарагдсан ээж эсвэл итгэлийн шалгуур, санхүү, эрүүл мэнд юм уу гэрлэлтийн асуудалтай хэн нэгэн гэх мэтчилэн энэ жагсаалт дуусахгүй. Гэхдээ миний ах Майкийн адил, хэн ч дэндүү хол яваагүй бөгөөд Аврагчийн хайрын мутрыг хүлээн авахад хэзээ ч оройтоогүй билээ.

Сүмийн Тохинууллын вэбсайт дээр “Хэдийгээр олон янзын зорилгоор тохинуулдаг ч бидний хүчин чармайлт хувь хүний хувьд илүү гүн гүнзгий хөрвөгдөж, Аврагчтай илүү адилхан болоход нь бусдад туслах хүсэлд хөтлөгдсөн байх ёстой” хэмээн бидэнд заасан.6 Ахлагч Нийл Л. Андэрсэн үүнийг:

“Сайхан сэтгэлтэй хүн хэн нэгэнд дугуйгаа янзлахад нь тусалж, хөршөө эмчид аваачиж үзүүлэн, сэтгэлээр унасан хүнтэй өдрийн хоол хамт идэж эсвэл инээмсэглэн мэндчилснээр тухайн өдөр сэтгэлийг нь сэргээж чаддаг.

Гэхдээ хамгийн эхний тушаалыг дагадаг хүн аяндаа л үйлчлэлийн эдгээр чухал үйлдэл дээр нэмж өөр зүйл үйлддэг болно”7 гэж хэлсэн.

Есүс Христийн адил тохинуулахдаа Түүний хайрлах, өргөн дэмжих, үйлчлэх, адислах хүчин чармайлт түр зуурын хэрэгцээ шаардлагыг нь хангах төдий байгаагүй гэдгийг санах нь чухал. Тэрээр тэднийг эдгээж, хооллож, өршөөн мөн тэдэнд заахдаа өдөр тутмын хэрэгцээ шаардлагыг нь төдийгүй тухайн үед туулж байсан зовлон бэрхшээлийг нь ойлгож байсан нь лавтай. Гэвч Тэрээр өнөөдрийн халамжлах ажлаас илүү ихийг хийхийг хүссэн. Тэрээр эргэн тойрныхоо хүмүүсээс Өөрийг нь дагаасай, мэддэг болоосой мөн тэнгэрлэг чадавхдаа хүрээсэй хэмээн хүсдэг байсан.8

Бид “Түүний хийсний адилаар”9 тохинуулахыг эрэлхийлэх үедээ өөрсдийгөө мартаж, өрөөл бусдыг өргөн дэмжих боломжуудаар хангагдах болно. Эдгээр боломж нь бидний Эзэнтэй илүү адил болох хүслийг сорин, тохиромжгүй, таагүй цаг үед гарч ирж болно. Эзэний хамгийн агуу үйлчлэл болох хязгааргүй Цагаатгал нь амаргүй байсан. Олон хүн туулж байгаа хэдий ч олонтоо анхаарал таталгүй өнгөрч болох бэрхшээл, сорилт, асуудлуудад бид Их Эзэний адил хянамгай хандах үед Тэрээр бидний талаар ямар бодолтой байдаг тухай Матай номын 25-р бүлэгт сануулдаг.

“Эцэгээр минь ерөөгдөгсөд өө, нааш ир. Ертөнцийн сууриас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай.

Учир нь өлсөж байхад минь та нар Надад идэх юм өгсөн. Цангаж байхад минь уух юм өгсөн, Намайг харь хүн байхад минь урьж оруулсан. …

Зөвт хүмүүс Түүнд ‘Эзэн, бид хэзээ өлсөж байхыг тань хараад хооллож, цангахад тань уух юм өгсөн бэ?

Хэзээ бид харь хүн байсныг тань хараад, урьж оруул[сан] бэ?’ … гэх болно.

Тэгэхэд Хаан тэдэнд ‘Үнэнээр Би та нарт хэлье. Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийн үйлдсэн бол Надад хийсэн хэрэг’ гэж хэлнэ.”10

Бид тохинуулагч ах, эгчийн хувиар үйлчилж байна уу эсвэл хэрэгцээтэй байгаа хэн нэгний талаар олж мэдсэн байна уу хамаагүй биднийг Ариун Сүнсний удирдамж, чиглэл эрэлхийлэхэд мөн тэгээд үйлдэхэд урамшуулдаг. Бид хамгийн сайнаараа хэрхэн үйлчлэх билээ гэж боддог байж болох юм. Гэхдээ Их Эзэн үүнийг мэддэг бөгөөд Түүний Сүнсээр дамжуулан бид өөрсдийн хичээл зүтгэлд удирдамж авах болно. “Хийвэл зохих зүйлүүдийг урьдаас мэдэхгүй байсны учир Сүнсэнд хөтлөгдөн”11 байсан Нифайн адил бид Их Эзэний хүүхдүүдийг адислахаар Түүний мутарт зэмсэг болохыг хичээхдээ бас Сүнсээр удирдуулах болно. Бид Сүнсний удирдамжийг эрэлхийлж мөн Их Эзэнд найдах үедээ үйлдэж бас адисалж болох боломжийг, өөрөөр хэлбэл тохинуулах боломжийг олох болно.

Бид эргэн тойрныхоо тусламж хэрэгтэй хүмүүсийг харсан ч бидний хийж чадах зүйл хангалтгүй гэж үзэн, тэдэнд туслах хангалттай нөөц бололцоо байхгүй гэж бодож болно. Түүний хийсний адил12 хийх гэдэг нь чадахынхаа хэрээр өгснөөр тохинууллаа хийж, “энэхүү зуурдын амьдралын аянд хамтран аялагчдыг”13 адислах хичээл зүтгэлийг маань Их Эзэн нэмэгдүүлэх болно гэж найдахыг хэлдэг. Зарим хүний хувьд цаг зав, авьяас чадвараа зориулж, бусад хүний хувьд урмын үг хэлж, тусламж дэмжлэг өгч болно. Хичээл зүтгэл маань хангалтгүй гэж бид бодож болох ч ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “өчүүхэн бөгөөд энгийн” зүйлсийн талаарх чухал зарчмыг хуваалцсан юм. Тэрээр өчүүхэн бөгөөд энгийн үйлс нь “Ариун Сүнсний нөхөрлөлийг”14 буюу өгөгч, авагчийн аль алиныг нь адисалдаг хамтрагчийг урьдаг учраас хүч нөлөөтэй байдаг хэмээн заасан.

Майк ах маань удалгүй нас барна гэдгээ мэдэж байсан ба “нойр булчирхайн хорт хавдар хамгийн чухал зүйл дээр анхаарлаа төвлөрлүүлэхэд хүргэж чадаж байгаа нь гайхалтай”15 гэж хэлж билээ. Хэрэгцээ байгааг хараад, шүүлгүйгээр, Аврагчийн адил тохинуулсан гайхамшигтай эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн ачаар Майкийн хувьд дэндүү оройтоогүй юм. Зарим хүний хувьд өөрчлөлт илүү хурдан явагдаж болно. Бусад заримынх хувьд энэ нь хөшигний нөгөө талд ч явагдаж болно. Гэсэн хэдий ч бид хэзээ ч дэндүү оройтоогүй байдаг мөн хэн ч үргэлжлэх хугацаа, цар хүрээний хувьд хэмжээ хязгааргүй Есүс Христийн Цагаатгалын хүрээнээс гарч, замаасаа хэтэрхий холдоогүй байдаг гэдгийг санаж байх хэрэгтэй.

Өнгөрсөн 10-р сарын Ерөнхий чуулганаар ахлагч Дэйл Г.Рэнланд “Бид замаасаа гарч хэр их удсан … гэдгээс үл хамааран, өөрсдийгөө өөрчлөх шийдвэр гаргах тэр мөчөөс эхлэн Бурхан бидэнд буцаж ирэхэд маань тусалдаг”16 хэмээн заасан. Гэхдээ өөрчлөх уг шийдвэр нь “Чи сайн мэдээний захиасыг дуртайяа сонсох байх” гэх мэт урилгын үр дүнд ирэх нь олонтоо. Аврагчийн хувьд хэзээ ч дэндүү оройтоогүй байдаг шиг урилга өгөхөд хэзээ ч эртдэхгүй.

Аврагчийн амилсны энэхүү улирал нь Аврагч Есүс Христийн агуу цагаатгагч золиос дээр маш агуу үнэ төлж, бидний хүн нэг бүрийн төлөө Түүний хийсэн зүйл дээр төвлөрөх гайхамшигтай боломжийг олгодог бөгөөд Тэрээр Өөрөө уг үнийг төлөхийн тулд “бүхнээс хамгийн агуу [Түүнийг] өвдөхийн улмаас дагжин чичрэхэд хүргэсэн” хэмээн тунхагласан билээ. “Гэсэн хэдий ч, бибээр хүртэж мөн хүмүүний үрсийн төлөө өөрийн бэлтгэлүүдийг дуусгасан билээ”17 хэмээн Тэрээр өгүүлжээ.

Тэрбээр “дуусгасан” учраас найдвар үргэлж байдаг гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.