2010–2019
Есүс Христийн Цагаатгал
2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Есүс Христийн Цагаатгал

Аврагчийн Цагаатгалын хамрах хүрээ хязгааргүй төдийгүй хувь хүнд хүрч ажилладаг.

Бид жилийн энэ үеэр Аврагчийн Цагаатгалын талаар онцгойлон тунгаан бодож, баясдаг. Энэ бол үнэхээр энэ дэлхий ертөнцөд урьд өмнө байгаагүй хамгийн тэнгэрлэг, оюун ухаан тэлсэн, сэтгэл догдлуулам сургаал юм. Энэ нь бидний амьдралд утга учир, итгэл найдварыг өгдөг.

Тэгвэл Есүс Христийн Цагаатгал гэж юу вэ? Нэг талаас энэ нь Гетсеманийн цэцэрлэгээс эхлэн, загалмай дээр үргэлжилж мөн Аврагч булшнаас амилснаар оргилдоо хүрсэн, дараалсан үйл явдлууд юм. Энэ бол бидний хүн нэг бүрийг гэсэн цаглашгүй их хайраар хөглөгдөн хийсэн зүйл. Үүнийг хийхэд нүгэлгүй нэгэн байх мөн элементүүдийг байтугай үхлийг захирах хязгааргүй хүчтэй, бидний бүх гэм нүгэл хийгээд өвчин шаналлын үр дагаврыг даван гарах дуусашгүй хүч чадавхтай, бүх зүйлийн доор бууж ирсэн нэгэн шаардлагатай байв.1 Энэ бол Есүс Христийн үйл хэрэг буюу Түүний Цагаатгал байсан.

Тэгвэл үүний зорилго юу байсан бэ? Энэ нь биднийг Бурханы оршихуйд эргүүлэн авчирч, Түүнтэй илүү адилхан болгох, баяр хөөрийн бүрэн байдлыг хүлээн авах боломжийг бидэнд олгох явдал байсан юм. Үүнийг дараах дөрвөн саадыг давснаар гүйцэтгэсэн. Үүнд:

  1. Бие махбодын үхэл

  2. Адам болон бидний гэм нүглийн улмаас ирэх сүнсний үхэл

  3. Бидний зовлон, сул дорой чанар

  4. Бидний сул тал ба төгс бус байдал

Гэхдээ Аврагч шударга ёсны хуулийг зөрчилгүйгээр үүнийг хэрхэн гүйцэтгэж чадах вэ?

Зураг
Онгоцноос буух чөлөөт уналт

Нэгэн хүнийг сэтгэл хөдлөм чөлөөт уналтыг төсөөлөн бодохдоо яаруу сандруу шийдвэр гаргаж, жижиг онгоцноос үсэрч байна гэж бод. Тэрээр дөнгөж үсрэнгүүтээ мунхаг үйлдэл хийснээ ухаарна. Тэрээр аюулгүй газардахыг хүссэн ч татах хүчний хууль саад болно. Тэрээр гараа чадлынхаа хэрээр дэвж, нисэх гэж оролдсон ч тус болсонгүй. Тэрээр уналтын хурдаа хасахын тулд биеэ хөвж эсвэл гулгаж байгаа мэтээр байрлалаа өөрчилсөн ч татах хүчний хууль өөрчлөгдөшгүй, өршөөлгүй хэвээр. Тэрээр байгалийн энэ үндсэн хуульд учирлах гэж оролдоно. “Энэ бол алдаа байлаа. Би үүнийг дахиж хэзээ ч хийхгүй” гэнэ. Гэвч түүний үгийг хэн ч сонсохгүй. Татах хүчний хуулинд энэрэл гэж үгүй. Энэ хуулиас хэн ч мултрахгүй. Аз болоход, нөгөө хүн нуруундаа нэг зүйл байгааг мэдэрдэг. Онгоцонд байсан түүний найз тэнэг үйлдэл хийх гэж байгааг нь мэдэрч, үсрэхийнх нь өмнө шүхэр зүүж өгсөн байлаа. Тэр шүхрийг задлах уяаг олж, татав. Сэтгэл нь тайвширч, тэрээр аюулгүй газардлаа. “Татах хүчний хууль зөрчигдсөн үү? Аль эсвэл аврах шүхэр хуулийн дагуу ажиллаж, аюулгүй газардуулсан уу?” гэж бид асууж болох юм.

Зураг
Аюулгүй газардуулах шүхэр

Бид нүгэл үйлдэх үедээ яг онгоцноос үсэрсэн тэр тэнэг хүн шиг байдаг. Өөрсдөө юу ч хийгээд нэмэргүй. Бидэнд газарт унахаас өөр сонголт байдаггүй. Бид татах хүчний хуультай адил өршөөлгүй, чанга хатуу шударга ёсны хуулинд захирагддаг. Бидэнд нигүүлсэнгүй хандаж, нэгэн төрлийн сүнслэг шүхрийг өгдөг Аврагч, Түүний Цагаатгалын ачаар л бид аврагдах боломжтой. Хэрэв бид Есүс Христэд итгэлтэй байж, нүглээ наманчлах (бид өөрсдийнхөө хийх ёстой зүйлийг хийж, шүхрийн задлах уяанаас татаж) юм бол Аврагчийн хамгаалах хүч бидний өмнөөс ажиллаж, бид сүнслэг байдлын хувьд бэртэж гэмтэлгүйгээр газардаж чадна.

Аврагч бидний сүнслэг өсөлт хөгжилд саад болдог дөрвөн саадыг даван гарсан учраас үүнийг хийх боломжтой болсон.

1. Үхэл. Тэрээр Өөрийн алдар суут Амилалтаар үхлийг ялан дийлсэн. Төлөөлөгч Паул “Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьдруулагдах болно”2 хэмээн заажээ.

2. Нүгэл. Аврагч наманчилсан бүх хүний өмнөөс нүгэл, гэм бурууг даван гарсан. Түүний цэвэршүүлэгч хүч маш хүчирхэг, энгүй их байсан тул Исаиа “Та нарын нүглүүд час улаан мэт боловч цас шиг цагаан болно”3хэмээн амласан байдаг.

Заримдаа би өөрсдийгөө уучлах тал дээр асуудалтай, өөрийн мэдэлгүй алдаа гарган, Аврагчийн гэтэлгэх хүч чадалд хязгаар тавьдаг сайн гэгээнтнүүдтэй уулзаж байсан. Тэд өөрийн мэдэлгүй хязгааргүй Цагаатгалыг өөрсдийнх нь яг тэр гэм нүгэл эсвэл сул талд ямар нэгэн байдлаар үйлчилдэггүй мэт болгож хязгаарлан өөрчилсөн байдаг. Гэвч хязгааргүй Цагаатгалд бүх гэм нүгэл, сул тал орохоос гадна энэ нь бусдын зовлон шаналал, хүчирхийлэл бүрийг хамарсан байдаг.

Труман Г.Мадсэн дараах тайвшрал өгөх зүйлийг ажиглажээ.

“Хэрэв та нарын дунд хэтэрхий хол явчихлаа гэсэн бодолд хууртан итгэж, … нүглийн хор уршгаас болж хүрч чадах байсан түвшиндээ дахин хэзээ ч хүрч чадахгүй гэж бодож байгаа хэн нэгэн байвал миний үгийг сонс.

Та нар Есүс Христийн гэрэл, оюун ухаан хүрэх боломжгүй газарт унах нь үгүй гэдгийг би танд гэрчилж байна. Нүглээ наманчлан, оролдоод үзэх өчүүхэн төдий хүсэл байхад л Тэрээр туслахад бэлэн байдгийг би гэрчилж байна. Тэрээр таны нөхцөлд байдалд бууж ирээд зогссонгүй. Тэрээр ‘бүхэнд мөн бүх зүйлээр, үнэний гэрэл байж болохын тулд бүх зүйлийн доор бууж ирсэн’ [Сургаал ба Гэрээ 88:6.]”4

Аврагчийн Цагаатгалын болон үүний хязгааргүй үр нөлөөг ойлгох нь ямар чухал гэдгийн нэг шалтгаан бол ойлголт тань өсөн нэмэгдэхийн хэрээр бусдыг болон өөрийгөө уучлах хүсэл өсөн нэмэгддэг явдал юм.

Хэдийгээр бид Христийн цэвэршүүлэгч хүчинд итгэдэг ч “Миний гэм нүглийг уучилсан гэдгийг би хэрхэн мэдэж болох вэ?” гэсэн асуулт гарч ирдэг. Хэрэв бид Сүнсийг мэдэрч байгаа бол энэ нь бид өршөөгдсөн эсвэл цэвэршүүлэх үйл явц явагдаж байна гэсэн үг юм. Ерөнхийлөгч Айринг “Хэрэв та өнөөдөр Ариун Сүнсний нөлөөг мэдэрсэн бол энэ нь Цагаатгал таны амьдралд биеллээ олж байгааг батлах баталгаа байж болно”5 хэмээн заасан.

Зураг
Мухар зам

Зарим нь “Хэрвээ намайг уучилсан юм бол гэм буруутай гэсэн мэдрэмж яагаад надаас салахгүй байна вэ?” гэж асуудаг. Бурханы авралаар тэрхүү гэмшлийн дурсамж бидний өмнө аливаа уруу таталт дахин гарч ирэх үед: “Тэр замаараа бүү яв. Ямар зовлон авчирдгийг чи мэднэ шүү дээ” гэж сануулдаг нэгэн төрлийн анхааруулагч, сүнслэг “зогс тэмдэг” болдог. Энэ утгаараа бол энэ нь шийтгэл биш, харин хамгаалалт болдог.

Тэгвэл гэм нүглээ мартахгүйгээр гэм буруутай гэсэн мэдрэмжээс салах боломжтой юу?

Алма нүглээ наманчилснаасаа хойш олон жил өнгөрсөн ч нүглээ санаж байсан. Тэрээр Есүст хандан, өршөөл эрэн залбирахдаа “Би өвчнөө цаашид санаж чадсангүй; тийм ээ, би нүглүүдийнхээ санамжинд цаашид тарчлагдахгүй болов”6хэмээн хэлсэн.

Тэр яагаад нүглээ санасан ч зовлон эсвэл гэм буруутай гэсэн мэдрэмж түүнд байгаагүй вэ? Яагаад гэвэл, бид наманчлахдаа “Бурханаас төрдөг.”7 Судруудад цэдэглэснээр, бид Христэд “шинэ бүтээлүүд”8 болдог. Бид одоо зүрх сэтгэлийнхээ угаас “Би одоо өмнө нь тэдгээр нүглийг үйлдсэн тэр хүн биш ээ. Би шинэ, өөрчлөгдсөн нэгэн” гэж хэлж болно.

3. Зовлон, сул дорой чанар. Алма Христ “бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно” хэмээн хэлсэн. Яагаад? “Мөн түүний зүрх сэтгэл бие махбодийн дагуу нигүүлслээр дүүргэгдэж болохын тулд, … тэрээр бие махбодийн дагуу өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд”9 болой.

Тэр үүнийг хэрхэн гүйцэлдүүлсэн бэ? Заримдаа Тэр бидний зовлонг арилгадаг, заримдаа биднийг тэвчиж өнгөрөөхөд хүчирхэгжүүлдэг, харин заримдаа мөнх бус мөн чанарын талаар илүү сайн ойлголттой болгохын тулд мөнхийн талаас харах чадварыг бидэнд өгдөг. Иосеф Смит хоёр сар орчим Либерти шоронд зовлон зүдгүүр туулсны эцэст “Ай, Бурхан минь, та хаана байна вэ?”10 хэмээн дуу алдсан. Бурхан шууд зовлонгоос нь гаргахын оронд “Хүү минь, сүнсэнд чинь амар амгалан байг; саад тотгор хийгээд зовлон зүдгүүрүүд чинь хэсэг хугацаанд байх болно; Мөн тэгээд, хэрэв чи үүнийг дажгүй давбал, Бурхан чамайг тэнгэрт өргөмжлөх болно; чи бүх дайснаа ялах болно”11хэмээн хариулсан.

Иосеф тэрхэн мөчид зовлон зүдгүүр нь мөнх байдлын хажууд хормын төдий зүйл гэдгийг ойлгожээ. Алсын хараа нь тэлсэн тэрээр шоронгийн өрөөнөөсөө гэгээнтнүүдэд хандан, “Эрхэм хайрт ах дүүс минь, өөрсдийн хүчинд байгаа бүх зүйлийг хөгжил хөөртэйгөөр хийцгээе; мөн тэгээд бид бат итгэлтэйгээр бат зогсож Бурханы авралыг харна”12 хэмээн бичсэн аж. Аврагчийн Цагаатгалын ачаар бид зовлон, бэрхшээлийнхээ утга учрыг ойлгож, болоод өнгөрнө гэсэн найдварыг төрүүлдэг мөнхийн талаас харах чадвартай болдог.

4. Сул тал ба төгс бус байдал Аврагч Өөрийн Цагаатгалын ачаар боломж олгогч хүч буюу зарим үед ач ивээл13 хэмээн нэрлэгддэг хүчтэй болсон бөгөөд энэ нь бидэнд сул тал, төгс бус байдлаа ялан дийлж, Түүнтэй илүү адилхан болох замд маань тусалдаг.

Моронай “Тийм ээ, Христэд ирэгтүн, мөн түүгээр төгөлдөржигтүн, … тэгвэл түүний ач ивээл та нарт хангалттайгаас түүний ач ивээлээр та нар Христээр төгс байж болно”14 хэмээн заасан. Биднийг цэвэршүүлж, бүр төгс болгож чадах тэдгээр боломж олгогч хүчээс хүртэх дор хаяж хоёр суваг буюу арга зам байдаг.

Нэгдүгээрт, авралын ёслолууд. Судрууд бидэнд “Тиймийн тул, үүний ёслолуудад бурханлиг чанарын хүч илэрхийлэгддэг”15 гэж хэлдэг. Заримдаа бид ёслолуудыг өргөмжлөгдөхөд шаардлагатай хийх ёстой зүйлсийн жагсаалт мэтээр боддог ч үнэндээ ёслол бүр биднийг Христтэй илүү адилхан болоход туслах бурханлаг хүч чадлыг өгдөг. Жишээлбэл:

  • Бид баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авснаар цэвэршигдэж, Бурхантай адил илүү ариун болдог.

  • Харин Ариун Сүнсээр дамжуулан оюун ухаан маань гэгээрч, зүрх сэтгэл маань зөөлөрч, Түүнтэй илүү адилхан мэдэрч, бодох чадвартай болдог.

  • Бид эхнэр, нөхрийн хувьд лацдан холбогдохдоо “хаан ширээнүүд, хаант улсууд, вант улсууд, мөн хүчнүүдийг”16 Бурханаас бэлэг болгон өвлөн авдаг.

Эдгээр боломж олгогч хүчийг олж авах хоёр дахь суваг бол Сүнсний бэлгүүд юм. Христийн Цагаатгалын ачаар бид Ариун Сүнсний бэлгийг дагалдан ирдэг сүнслэг бэлгүүдтэй нь хамт хүлээн авах эрхтэй болдог. Эдгээр бэлэг нь бурханлаг байдлын шинж чанарууд тул Сүнсний бэлгийг хүлээн авах бүрдээ бид Бурхантай илүү адилхан болж байдаг. Судрууд яагаад эдгээр бэлгийг эрэлхийлэхийг ахин дахин зөвлөдөгт гайхах хэрэггүй биз ээ.17

Ерөнхийлөгч Жорж К.Каннон “Ямар ч хүн ‘Өө, би угаасаа л ийм юм чинь, өөрчлөгдөхгүй’ гэж хэлэх ёсгүй. Бурхан бидэнд [сул талаасаа] салах бэлгүүдийг өгөхөөр амласан тул ингэж хэллээ гээд бид зөвтгөгдөхгүй. … Хэрэв бидний хэн нэг нь төгс биш бол төгс болгох бэлгийн төлөө залбирах нь бидний үүрэг юм”18 гэж заасан.

Хураангуйлан хэлэхэд, Аврагчийн Цагаатгал бидэнд үхлийн оронд амьдралыг, “үнсний оронд гоёл чимгийг,”19 өвдөлтийн оронд эдгээлтийг, сул дорой байдлын оронд төгс төгөлдөр байдлыг өгдөг. Энэ бол энэ дэлхийн саад бэрхшээл, зовлон зүдгүүрийг даван гарахад туслах тэнгэрлэг ерөндөг юм.

Мөнх бус амьдралынхаа сүүлийн долоо хоногт Аврагч “Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан”20 гэж айлджээ. Аврагч Өөрийн Цагаатгалыг гүйцэлдүүлсэн учраас Бурханы зарлигуудыг дагасан нөхцөлд өргөмжлөлд хүрэхэд саад болох ямар ч нүгэл, үхэл, салалт гэх мэт гаднын хүчин зүйл, үйл явдал, хүн гэж үгүй. Энэхүү мэдлэгийнхээ ачаар, Бурхан энэхүү тэнгэрлэг аяллын маань туршид бидэнтэй хамт байна гэдэгт бид баярлан, бат итгэлтэй урагшилж чадна.

Аврагчийн Цагаатгалын хамрах хүрээ хязгааргүй төдийгүй хувь хүнд хүрч ажилладаг бөгөөд энэ нь бидэнд Бурханы оршихуй руу эргэн очиход тусалдаг мөн бидэнд Христийн Цагаатгалын туйлын зорилго болох Бурхантай адилхан болох боломжийг олгодог гэдгийг би гэрчилж байна. Би үүний тухай талархалтай бөгөөд баттай гэрчлэлээ үлдээж байна. Есүс Христийн нэрээр, амен.