2010–2019
Христийн үгэн дээр найрлах


Христийн үгэн дээр найрлах

Хэрэв бид зүрх сэтгэлээ бэлэн байлгах юм бол Христийн үгэн дээр найрлах боломж хэзээ ч ямар ч үед тохиолдож болно.

Тэнгэрлэг Эцэг маань бидэнд хайртай. Тэр бидэнд Өөрийнх нь адислалуудаас хүртэх төгс төлөвлөгөөг өгсөн. Энэ амьдралд бид бүгдийг Христэд ирэн, баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах замаар Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авч, сайн мэдээний дагуу итгэлтэй амьдрахад урьдаг. Нифай баптисм хүртэх бидний амлалтыг “давчуу бөгөөд нарийн замд” орох хэмээн дүрслэн хэлсэн бөгөөд Тэнгэрлэг Эцэгийн бидэнд бэлтгэсэн бүхий л адислалыг хүлээн авахын тулд үргэлжлүүлэн “Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэн, Христийн үгнээс зооглон, мөн эцсээ хүртэл тэвчихийг” бидэнд сануулсан байдаг (2 Нифай 31:19–20).

Цааш нь Нифай хэрэв “Христийн үгэн дээр найрлах” юм бол тэдгээр нь “[бидний] хийвэл зохих бүх зүйлийг [бидэнд] хэлэх болно” (2 Нифай 32:3) мөн бид “хортны галт сумнуудыг” (1 Нифай 15:24) даван гарах хүч чадалтай байх болно гэдгийг бидэнд сануулсан.

Найрлах гэж юу вэ?

Би жаахан байхдаа найрлах гэдэг нь зүгээр л будаа, суши, шар буурцгийн шүүстэй элбэг дэлбэг хоолыг их идэхийг хэлдэг гэж боддог байлаа. Харин би одоо найрлах гэдэг нь үнэндээ амттай хоол тамшаалан идэхээс илүү зүйл гэдгийг мэддэг болсон. Энэ бол баяр баясгалангаа хуваалцах, хүчээ сэлбэх, баяр ёслол тэмдэглэх, гэр бүлийнхэндээ болон хайртай хүмүүстээ хайраа илэрхийлэх, Бурханд талархах, арвин, амтат хоолыг идэх зуураа харилцаа холбоо тогтоох боломж олгодог үйл явдал юм. Бид Христийн үгэн дээр найрлахдаа үүнтэй адил туршлагыг олж авна гэж бодох ёстой гэж итгэдэг. Судрууд дээр найрлах нь тэдгээрийг зүгээр л унших явдал биш юм. Энэ нь бидэнд жинхэнэ баяр баясгаланг авчирч, Аврагчтай харилцах харилцааг маань сайжруулж байх ёстой.

Үүнийг Мормоны Номд тодорхой заасан байдаг. Лихайн зүүдэндээ “хүртсэн нэгнийг жаргалтай болгох дур булаам жимстэй” нэгэн модыг харсан тухай сана даа. Энэ жимс Бурханы хайрыг төлөөлдөг бөгөөд Лихай жимснээс хүртээд, “энэ нь урьд өмнө миний амсаж асан бүхнээс дээгүүр тэргүүн амтат байсан.” Энэ нь “[түүний] сэтгэлийг үлэмж агуу баяраар дүүргэ[сэн]” ба тэр гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахыг хүссэн (1 Нифай 8:10–12).

Найрлаж байхдаа бидний зүрх сэтгэл талархлаар дүүрэн байвал хоолны хэмжээ эсвэл төрөл зүйл бидэнд огтхон ч хамаагүй байна. Лихайн гэр бүл аглаг буйдад байхдаа түүхий махаар амь зогоож байсан ч Нифай энэ сорилт бэрхшээлийг “Их Эзэний адислалууд тийм агуу байв,” иймээс “манай эмэгтэйчүүд ... хүч тамиртай бай[ж]” мөн “дургүйцэлгүйгээр” хүүхдүүдээ төрүүлэв хэмээн дүрслэн хэлсэн (1 Нифай 17:1–2).

Найрлахад заримдаа туршиж үзэх мөн амтлах ордог. Алма зүрх сэтгэлд тарьсан сайн үрийн тухай ярьдаг. Бид үүнийг туршиж үзэх үедээ үр “амтат”(Aлма 32:28–33-ыг үзнэ үү) болж эхлэхийг ухаарах болно.

Христийн үгэн дээр найрлах

Христийн үгэн дээр найрласнаас ирэх адислалууд хүчирхэг байдаг бөгөөд амьдрал өөрчилдөг. Би та нарыг амьдралдаа хэрэгжүүлээсэй хэмээн хүсэх гурван зүйл байна.

Нэгдүгээрт, Христийн үгс бидэнд “илчлэлт хүлээн авах сүнслэг чадвараа нэмэгдүүлэхэд” (Рассэлл М.Нэлсон, “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 119) мөн биднийг амьдралын туршид аюулгүй удирдан залахад тусалдаг. Христийн үгс нь “шударга түүнийг хийхэд хүмүүсийг удирдахад их нөлөө болж байсан” ба тэдгээр нь “илднээс” илүү зүйлийг хийх хүчтэй болохыг Мормон заадаг (Aлмa 31:5). Би сорилт бэрхшээлтэй тулгарахдаа Бурханы мэргэн ухааныг эрэлхийлэхээр “Бурханы үгийн нөлөөлөх хүчийг” (Алма 31:5) туршиж үзэх үед үргэлж сүнсээр өдөөгдөж байсан ба ухаалаг шийдвэр гаргаж, уруу таталтыг даван туулж, амьдралыг минь Христэд итгэх илүү их итгэл, эргэн тойрныхноо хайрлах илүү их хайраар адислах боломжийг олгож байсан. Бидний бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “ирэх өдрүүдэд Ариун Сүнсний заан чиглүүлж, удирдан, тайтгаруулж мөн Түүний байнга хамт байх нөлөөгүйгээр сүнслэгээр оршин тогтнох боломжгүй байх болно” хэмээн бидэнд заасан (“Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 119). Биднийг “үгийн нөлөөлөх хүчийг” туршиж үзэх үед хэрэгтэй илчлэлт ирэх ба үг нь бидний туршиж эсвэл төсөөлж байснаас илүү хүчирхэг байх болно.

Хоёрдугаарт, биднийг хэн бэ гэдгээ мэдэхгүй, өөртөө итгэх итгэлгүй зовох үед судрууд дахь “Бурханы таалалт үгс” (Иаков 2:8) бидний хэн бэ гэдгийг мэдүүлж, өөрсдөд маань байгаагаас илүү хүч чадлыг өгөх болно. Бурханы хүүхэд гэдгээ мэдэх нь миний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг байсан. Өсвөр насандаа би Аврагчийн сургаалын талаар юу ч мэддэггүй байлаа. Анх удаа Шинэ Гэрээг уншихад Христийн үгс миний шархалсан зүрх сэтгэлийг үнэхээр эдгээсэн. Би ганцаараа биш бөгөөд Бурханы хүүхэд гэдгээ ойлгож ухаарсан. Бурханы өмнө өөрийн жинхэнэ мөн чанарыг хүлээн зөвшөөрөх тэр мөчид Христийн Цагаатгалын ачаар миний чадавхад эцэс төгсгөл гэж үгүй болохыг би олж харж билээ.

Инос ч мөн адил Христийн үгсийг тунгаан бодсоноор ирдэг гэгээрлийн талаарх хувийн туршлагаа хуваалцсан. Иносыг эцэгийнхээ “мөнх амьдрал, бас гэгээнтнүүдийн баясл[ын]” талаар заасан үгсийг “зүрх сэтгэлд[ээ] гүнзгий шингээ[хэд]” түүний бодгаль “өлссөн байв; мөн Бий Болгогчийн өмнө [тэр] сөхөрсөн, мөн хүчит залбирлаар” залбирсан (Инос 1:3–4). Энэ залбирлын ачаар тэр Аврагчаа таньж мэдэн мөн бид асар их үнэ цэнтэй бөгөөд биднийг хайрладаг, алдаа дутагдлыг маань өршөөдөг гэдгийг мөн үнэхээр Бурханы хүүхдүүд гэдгээ ойлгож авсан.

Гуравдугаарт, бид Христийн үгсээр дамжуулан бусдын амьдралыг дээшлүүлж чадна. Христийн үгс Иносын зүрх сэтгэлд хүрэхэд тодорхой газар, цаг хугацаа орсны адил, сайн мэдээг хуваалцахыг хүсэж байгаа хүмүүсийнхээ зүрх сэтгэлд хүрэхэд маань Их Эзэн Өөрийн хийх ёстой хэсгийг хийх болно. Бидний дунд олон хүн хэн нэгнийг сайн мэдээг сонсоход уриад, хүсэн хүлээсэн үр дүндээ хүрээгүйн улмаас урам хугардаг. Үр дүн ямар байхаас үл хамааран, Их Эзэн биднийг амаа нээж, бусадтай сайн мэдээний захиасыг хуваалцахыг урьдаг.

Хоёр жилийн өмнө Их Эзэн хайрт ээжийн минь зүрх сэтгэлд хүрсэн бөгөөд энэ нь түүнд баптисм хүртэх ёслолыг хийлгэх эсэх талаар шийдвэр гаргахад нь тусалсан юм. Би тэр өдрийг бараг 35 жилийн турш хүлээсэн. Түүнийг энэ шийдвэрийг гаргахад Сүмийн олон гишүүний түүнд Христийн адилаар чин сэтгэлээсээ тохинуулж байсан явдал тусалсан билээ. Нэгэн ням гарагт ээж сүмд очих ёстой гэдгээ мэдэрчээ. Тэгээд тэр мэдрэмжээ дагаж явсан юм. Түүнийг ариун ёслолын цуглаан эхлэхийг хүлээн эхний эгнээнд сууж байхад дөрвөн настай нэгэн хүү урд нь зогсоод, түүн рүү харжээ. Ээж ч түүн рүү инээмсэглэн харсан байна. Бяцхан хүү гэнэт түүнийг орхин явж, ээжийн сууж байсан эгнээний нөгөө талд байсан өөрийнхөө суудалд буцаж очжээ. Тэр хүү суудлаасаа нэг зүйл аваад, эргэж ирэн, ээжид сүмийн дууллын ном өгөөд, суудал руугаа буцав. Сүмийн дууллын номыг цуглааны байрын хоёр сандал тутмын нэг дээр тавьсан байхыг ээж минь анзаарчээ. Тэр хажуу талынхаа сандал дээрээс нэгийг шууд авч болох байсан. Гэсэн хэдий ч хүүгийн гэртээ болон сүм дээрээс сурсан гэнэн цайлган сэтгэлийн үйлдэл түүнд хүчтэй сэтгэгдэл төрүүлжээ. Түүний хувьд энэ нь нандин сайхан мөч байлаа. Ээжид минь Бурхан түүнийг Аврагч дээр ирж, Өөрийг нь дагахад урьж байна гэсэн хүчтэй мэдрэмж төрсөн байв. Тэрээр баптисм хүртэх ёстой гэдгээ мэдэрсэн юм. Тэр бяцхан хүү хийсэн зүйлийнхээ төлөө сайшаал магтаал хүртэхийг хүсээгүй. Тэр зүгээр л Бурханы үгийн дагуу амьдарч, хөршөө хайрлахын тулд чадах бүхнээ хийсэн байлаа. Түүний сайхан сэтгэл ээжийн маань зүрх сэтгэлд чухал өөрчлөлтийг авчирсан.

Христийг хараахан олж хараагүй хүмүүсийн зүрх сэтгэлд Христийн үгс гүн гүнзгий нөлөөлөх болно. Еммау руу хүрэх замд Есүстэй хамт хоёр шавь нь алхсан. Тэд гунигтай байсан бөгөөд Аврагч үхлийг ялан дийлсэн гэдгийг ухаараагүй байв. Тэд уй гашууд автсандаа амьд Христ тэдэнтэй цуг алхаж байгааг таниагүй. Хэдийгээр Есүс “бүх Бичвэрт Өөрийнх нь тухай юу хэлснийг тэдэнд тайлбарла[сан]” ч гэлээ тэд Түүнтэй сууж, талх идэх хүртлээ амилсан Аврагч гэдгийг нь таниагүй. Гэнэт тэдний “нүд” нээгдсэн. Биднийг өөрсдөө эсвэл найз нөхөд, цуг ажилладаг хүмүүс мөн хөршүүдийг маань Түүнтэй хамт талх хуваан идэх үед ойлголтын мэлмий нээгдэх болно. Еммау орох замд байсан шавь нар амилсан Аврагчтай өнгөрөөсөн цаг мөчөө эргэцүүлэн бодохдоо Түүнийг судар нээх үед зүрх нь шатаж байсан хэмээн хэлдэг (Лук 24:27–32). Ийм зүйл бидэнд ч мөн адил мэдрэгдэнэ.

Дүгнэлт

Эцэст нь хэлэхэд, хэрэв бид зүрх сэтгэлээ тэдгээрийг хүлээн авахад бэлэн байлгах юм бол Христийн үгэн дээр найрлах боломж хэзээ ч ямар ч үед тохиолдож болно гэдгийг би гэрчилж байна. Христийн үгэн дээр найрлах нь амьдралыг тэтгэх илчлэлтийг урин авчирч, Бурханы хүүхдийн хувьд Түүний өмнө бидний жинхэнэ мөн чанар, үнэ цэнийг дахин бататгаж, найз нөхдийг маань Христ рүү болон мөнх амьдрал руу хөтлөх болно. Нифайн “Та нар найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан, Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх ёстой. Иймийн тул, хэрэв та нар урагш тэмүүлэн, Христийн үгнээс зооглон, мөн эцсээ хүртэл тэвчих аваас, болгоогтун, Эцэгийн ийн хэлсэнчлэн: Та нарт мөнх амьдрал байх болно” (2 Нифай 31:20) хэмээн өгсөн урилгыг давтан хэлж, үгээ өндөрлөхийг зөвшөөрнө үү. Есүс Христийн нэрээр, амен.