2010–2019
Бурханы Хургыг харагтун
2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Бурханы Хургыг харагтун

Манай өөрчлөлт оруулсан ням гаргийн цуглаан нь Их Эзэний зоогон дээрх ариун ёслолыг бидний долоо хоног тутмын шүтлэг бишрэлийн ариун нандин, хүлээн зөвшөөрөгдсөн гол хэсэг гэдгийг онцолдог.

Найрал дуучдын дунд байгаа эдгээр залуу хүмүүсийн нүдэнд нулимс цийлэгнэхийг харахаас өмнө би ихэд дажгүй байлаа. Энэ нулимс миний өгч чадах хамгийн уран яруу сургаалаас ч илүү билээ.

Усны захад байхдаа баптисч Иохан өөрөөс нь баптисм хүртэхийг хүссэн хүмүүсийн цаахна талд өөрийнх нь үеэл Назарын Есүс өөрөөс нь мөн тэр ёслолыг хүртэхийг хүсэн, шийдэмгий ирж байгааг харав. Хоёр мянган жилийн дараа ч бидний сэтгэлийг хөдөлгөсөөр буй “Бурханы Хургыг харагтун!”1 хэмээх бишрэм үгсийг Иохан хүндэтгэлтэй хэрнээ дэргэдэх хүмүүстээ сонсогдохуйц чанга хэлжээ.

Есүсээс өмнө ирнэ хэмээн эртнээс бошиглож байсан энэ хүн Түүнийг “Иехова,” “Аврагч” эсвэл “Гэтэлгэгч,” бүр “Бурханы Хүү” зэрэг тохирох нэрийн алинаар нь ч дуудаагүй нь сургамжтай юм. Харин Иохан хүмүүсийнхээ шашны уламжлалд хамгийн эртний, магадгүй хамгийн түгээмэл мэдэх бэлгэдлийг сонгожээ. Тэрээр унасан дэлхийн болон үүн дээрх бүх унасан хүний гэм нүгэл, уй гашуудлын төлөө цагаатгал болгон өргөдөг тахилын хурганы бэлгэдлийг ашигласан билээ.

Энэ талаарх түүх, уламжлалаас эргэн санах боломжийг надад олгоно уу.

Адам, Ева хоёр Еденийн цэцэрлэгээс хөөгдсөнийхөө дараа аймшигт ирээдүйтэй учирсан. Тэд мөнх бус байдлын болон зуурдын амьдралын үүдийг бидэнд нээн өгснөөр өөрсдийн үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралын хаалгыг хаасан юм. Бидний өмнөөс санаатай үйлдсэн зөрчлийнхөө улмаас тэд одоо бие махбодын үхэл, сүнслэг байдлын цөллөг болох Бурханы оршихуйгаас үүрд тусгаарлагдах явдалтай тулгарав.2 Тэд юу хийх ёстой байсан бэ? Энэ хүнд нөхцөл байдлаас гарах арга зам байсан болов уу? Тэр хоёр Еденийн цэцэрлэгт байхдаа хүлээн авсан заавраасаа хэр ихийг санах боломжтой байсныг бид сайн мэдэхгүй. Гэхдээ тэд сүргийнхээ цэвэр ариун, согоггүй, ууган эр төлийг Бурханд тахил болгон байнга өргөх3 ёстойгоо санаж байсан.

Хожим нь тэнгэр элч ирж, уг золиос нь ирэх ёстой дэлхийн Аврагчийн тэдний өмнөөс ирээдүйд хийх өргөлийн хэлбэр, бэлгэдэл болохыг тайлбарлажээ. “Энэ зүйл бол ... Эцэгийн Төрсөн Ганцын золиослолтой төстэй бөлгөө. Иймийн тул, … чи наманчилж, үүрд мөнхөд Хүүгийн нэрээр Бурханыг дуудах ёстой”4 гэж тэнгэр элч хэлсэн. Аз болоход тэдэнд энэ нөхцлөөс гарах болон өргөмжлөлийг хүлээн авах арга зам байсан юм.

Мөнх бус оршихуйн өмнөх амьдралд тэнгэрийн зөвлөл дээр Адам, Ева хоёрт (мөн бид бүгдэд) Бурхан Өөрийн цэвэр ариун, согоггүй, Ууган Хүү, хожим нь төлөөлөгч Иоханы дүрсэлсэнчлэн “ертөнцийн сууриас хойш алагдсан”5 Бурханы Хурганаас тусламж ирэх болно хэмээн амласан. Мөнх бус амьдралд Адам болон түүний үр удам өөрсдийн бэлгэдэл болох жижиг хургануудыг өргөл болгосноор Тослогдсон Нэгэн болох Есүсийн цагаатгагч золиосыг ойлгож мөн найдаж байгаагаа илэрхийлдэг байв.6 Хожим нь энэхүү ёслол аглаг буйд дахь асарт, дараа нь Соломоны барьсан ариун сүмд хийгддэг байжээ.

Харамсалтай нь, согоггүй бяцхан хурга өргөх энэ зан үйл жинхэнэ наманчлал, итгэлт амьдралын сайн бэлгэдэл төдийлөн болж чадаагүйг Хуучин Гэрээнд олонтоо дурдсан байдаг. Тэдгээр тахилыг дагалдаж байх ёстой ёс суртахууны шийдэмгий хандлага заримдаа чулуун дээр дуссан цусыг хатах хүртэл үргэлжилдэггүй байв. Ямар ч байсан энэ нь ах нь дүүгээ хөнөөхөөс сэргийлэхээр удаан үргэлжлээгүй бөгөөд анхны үе удамд Каин дүү Абелыгаа алсан билээ.7

Ийм зовлон зүдгүүр олон зууны турш үргэлжилсний эцэст Есүс болох эртнээс амлагдсан Мессиаг төрөхөд тэнгэр элчүүд баярлан дуулсанд гайхах зүйлгүй юм. Тэгээд Алгасал баярын бүх хониноос хамгийн цэвэр ариун болох Тэрээр мөнх бус амьдрал дахь богинохон тохинууллынхаа дараа Их Эзэний зоогон дээр ариун ёслолыг буюу Еденийн гадна танилцуулагдсан илүү хувийн шинж чанартай ёслолыг танилцуулж, шавь нараа Өөрийн үхэлд бэлдсэн билээ. Өргөл өргөгдсөөр байх төдийгүй золиосыг шаардсаар байх болно. Гэхдээ өргөл нь ууган хурганы цусыг гаргахаас илүү өөрийгөө дүгнэж цэгнэсэн, хувийн шинжтэй, илүү гүн утгатай бэлгэдэл бүхий байх болно. Аврагч амилсныхаа дараа нифайчуудад хандан үүний тухай ийн айлджээ.

“Та нар цаашид цус урсган надад өргөл өргөхгүй. …

… Та нар харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийг надад өргөл болгон өргөх болно. Мөн харууссан зүрх гэмшсэн сэтгэлтэйгээр надад ирэх хэнд боловч, түүнд би галаар мөн Ариун Сүнсээр баптисм хүртээнэ. …

Тиймийн тул наманчил, … мөн аврагдагтун.”8

Хайрт ах, эгч нар аа, гэртээ сайн мэдээнээс илүү их суралцахад шинээр онцгойлон ач холбогдол өгч байгаа энэ үед “чи залбирлын өргөөнд очиж мөн миний ариун өдөрт ариун ёслолуудаа өргөх ёстой”9 хэмээн бидэнд зарлигласныг санах нь туйлын чухал. Гэр оронд илүү төвлөрсөн сайн мэдээний зааварчилгаанд цаг гаргахын зэрэгцээ манай өөрчлөлт оруулсан ням гаргийн цуглаан нь Их Эзэний зоогон дээрх ариун ёслолыг бидний долоо хоног тутмын шүтлэг бишрэлийн ариун нандин, хүлээн зөвшөөрөгдсөн гол хэсэг гэдгийг зохих ёсоор онцлохын тулд цуглааны хуваарийн нарийн төвөгтэй байдлыг багасгасан юм. Христ бүх хүн төрөлхтний гэм нүгэл, уй гашууг ганцаараа үүрснээр зүрх нь эмтэрч, нас барсан гэдгийг бид аль болох хувьдаа, дор бүрнээ санах ёстой.

Бид тэрхүү аминд хүрэхүйц ачаа дарамтад хувь нэмэр оруулсны хувьд ийм цаг мөчийг хүндлэх ёстой. Тиймээс бид ариун нандин ёслолд оролцохдоо зохистой хувцаслан, цагаасаа эрт, бишрэл хүндэтгэлтэй ирэхийг урамшуулж байна. “Хүндэтгэлийн өдөр өмсдөг хувцас” гэдэг ойлголт өнөө үед утгаа бага зэрэг алдсан. Гэвч бид оршихуйд нь байхаар ирэхдээ Түүнийг хүндэтгэдгээ харуулахын тулд хаана хэзээ ямар хувцаслалт, үс засалттай байвал зохих уламжлалаа сэргээх нь зүйтэй.

Цаг баримтлах тухайд хэлэхэд, хүүхдүүдээ болон тэдний хоол, живхний цүнх зэргийг яаруу сандруу ч гэсэн хам хум авч сүмд ирсэндээ баяртай байгаа адислагдсан эхчүүдэд хоцрох эрхийг үргэлж хайрлах сэтгэлээр олгож байх болно. Түүнчлэн Хүндэтгэлийн өдрийн өглөө үхрээ шаварт шигдсэн байхыг гарцаагүй хардаг хүмүүс байдаг. Гэхдээ энэ хүмүүсийн хааяа нэг хоцрохыг бид ойлгож байгаа боловч хэрэв үхэр нь ням гараг бүр шаварт шигддэг бол үхрээ зарах юм уу шавраа хатаахыг бид онцгойлон зөвлөж байна.

Үүнтэй адил, сүмийн барилгын ариун орчинд чимээ шуугианаа багасгахыг бид төлөөлөгчийн хувиар гуйж байна. Бид бие биентэйгээ уулзан ярилцах дуртай бөгөөд тэгэх ч хэрэгтэй. Мөн энэ нь Сүмд баяр хөөртэй очих нэг шалтгаан байдаг хэдий ч бишрэл хүндэтгэлд зориулан адисалсан орчинд ийм чанга байх ёсгүй. Залбирал, гэрчлэл, илчлэлт, амар амгалан байх ёстой газар заримдаа чанга чимээтэй, бишрэл хүндэтгэлгүй байдалтай байх нь манай шашныг шүтдэггүй зочдыг цочролд оруулдаг байх вий гэдгээс би эмээж байна. Тэнгэр ч гэсэн жаахан цочирддог л байх.

Ариун ёслолын цуглаан эхлэхээс өмнө тэргүүлэх албан тушаалтнууд индэрт суудлаа эзэлж, удиртгал хөгжим сонсон, бусад хүний дагавал зохих үлгэр дуурайлыг хүндэтгэлтэй үзүүлэх юм бол ариун ёслолын цуглааны сүнслэг байдлыг нэмэгдүүлнэ. Дэмий яриа индэр дээр өрнөж байвал энэ нь цугларагсдын дунд өрнөхөд гайхах зүйлгүй юм. Бишрэл хүндэтгэлийн сүнсийг сарниулах зарлалуудыг зарлахаа больсон бишопын зөвлөлийнхөнд бид баяр хүргэмээр байна. Их Эзэний эртний ариун сүмд Захариа шиг санваартан амьдралд нь олдсон санваарын цорын ганц боломжоо эдлэх гээд тахилын ширээний өмнө зогсохдоо түр азнан, модон машины уралдаан зургаахан долоо хоногийн дараа болох ба бүртгэл удахгүй хаагдана гэж сануулан хэлж байхыг би л хувьдаа төсөөлж чадахгүй нь.

Ах, эгч нар аа, Их Эзэний томилсон энэ цаг бол долоо хоногийн маань хамгийн ариун нандин цаг юм. Зарлигласны дагуу, бид Сүмд хамгийн түгээмэл явагддаг ёслолд оролцохоор цуглардаг. Уух гэж буй аягыг Өөрөөс нь алгасуулж болох эсэхийг асуугаад, бидний төлөө алгасуулж болохгүйгээ ухаарч, зориг гарган уусан Аврагчийн дурсгалд зориулан энэ ёслол явагддаг. Тэрхүү аяга 11, 12 настай диконуудын гараас эгнээ хооронд бидэн рүү алгуурхан ойртон, түгээгдэж байх яг тэр мөчид энэ бэлгэдлийг дурсан санах нь бидэнд тустай байх болно.

Их Эзэнд золиосын бэлгээ өгөх ариун нандин цаг болоход шийдвэрлэх ёстой гэм нүгэл, сул талууд бидэнд бий. Ийм учир шалтгаанаар бид энд байгаа. Биднийг хүрээлсэн бусад харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийг анхаарч халамжилбал тэрхүү наманчлалдаа илүү амжилт олох болно. Холгүйхэн суух зарим хүн ариун ёслолын дууллын турш, эдгээр пристийн залбирлын туршид гаднаа эсвэл дотроо уйлдаг байж болох юм. Энэ байдлыг бид чимээгүйхэн анзаарч, тэр хүмүүст эсвэл цуглаанд ирээгүй бөгөөд гэтэлгэлд нь туслахын тулд биднийг тохинуулал хийхээс нааш ирэх долоо хоногт ч ирэхгүй хэцүү байдалд байгаа гишүүнд эсвэл Сүмийн гишүүн биш ч бидний ах эгч болох хүмүүст хэрчим тайтгарал, балгахан нинжин сэтгэлээ бид санал болгож болохгүй гэж үү? Энэ дэлхийд, Сүмийн дотор бас гадна их зовлон зүдгүүр байдаг учраас та хаашаа ч харсан хэт хүнд зовлон үүрсэн, хэзээ ч үл дуусах сэтгэлийн шаналалтай хэн нэгнийг олох л болно. “Үргэлж түүнийг санах”10 нэг арга зам бол ачаагаа дийлэхгүй байгаа хүмүүсийн ачаанаас өргөлцөж, сэтгэлээр унасан хүмүүсийн зовлон шаналлыг илаарьшуулах хэзээ ч үл төгсөх үүрэг даалгавартай Агуу Эмчид туслах явдал юм.

Хайрт найзууд аа, Христийн бүх хүн төрөлхтөнд өгсөн сүр жавхлант цагаатгагч золиосыг улам их нандигнаж, хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаанд долоо хоног бүр дэлхий даяар нэгдэхдээ бид тахилын ширээ рүү “Түүний зовлонгийн төлөөх илүү их нулимсыг [болон] Түүний шаналлыг илүү их мэдрэх мэдрэмжийг” авчрах болтугай. Тэгээд бид эргэцүүлж, залбирч, гэрээгээ шинэчлэхдээ тэрхүү ариун нандин цаг мөчөөс “Зовлон шаналлаа тэвчих илүү их тэвчээр, … тусламжинд нь талархах илүү их талархлыг”11 авах болтугай. Тийм тэвчээр, тусламж, ариун байдал, найдварын төлөө би өршөөлийн үнэ цэнтэй талхыг хувааж, гэтэлгэлийн ариун дарсыг аягалсан Есүс Христ, Бурханы агуу бөгөөд нигүүлсэнгүй хийгээд ариун Хурга болох Түүний нэрээр бид бүгдийн төлөө залбирч байна, амен.

Эшлэлүүд

  1. Иохан 1:29.

  2. 2 Нифай 9:8-9-ыг үзнэ үү.

  3. Moсе 5:5; мөн Гэтлэл 12:3–10-ыг үзнэ үү.

  4. Мосе 5:7–8; мөн Мосе 5:9-ийг үзнэ үү.

  5. Илчлэл 13:8.

  6. See Bible Dictionary, “Anointed One”; мөн Судруудын удирдамж, “Тослогдсон Нэгэн,” scriptures.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

  7. Сонирхолтой нь, Каин Абелыг хөнөөсөн явдал бол эцсийн эцэст Сатаны удирдсан үйл хэрэг бөгөөд Каин Их Эзэн өөрийнхийг нь биш харин Абелын тахилын өргөлийг хүлээн авсанд уурласнаас үүдэлтэй байх магадлалтай юм.

    “Бурхан … Их Эзэний оршихуйд эргэн очих үүд хаалгыг [нээх] … Хүүгээ … бэлэг [болгон] барих золиосыг бэлтгэсэн билээ.

    Абел энэхүү цагаатгал буюу гэтэлгэлийн төлөвлөгөөнд итгэх итгэлээр Бурханд хүлээн авагдсан тахил өргөдөг байлаа. Энэ бол сүргийнх нь ууган төл байв. Каин газрын үр жимсийг өргөл болгоход үүнийг нь хүлээн аваагүй. … [Тэр тахилдаа] цус урсгах ёстой байсан” (Сүмийн ерөнхийлөгчдийн заасан зүйлс: Иосеф Смит [2007], 57; мөн 122–123-ыг үзнэ үү).

  8. 3 Нифай 9:19–20, 22.

  9. Сургаал ба Гэрээ 59:9.

  10. Моронай 4:3; 5:2.

  11. “More Holiness Give Me,” Hymns, no. 131.